Хорьж болдоггүй хорин настнаас авхуулаад хорио саадгүй наян настан хүртэл, хоногийн хоолоо залгуулахаар үүрээр бэдэрдэг ядуусаас хорвоогоор дүүлэн хэсүүлчилдэг хосгүй баячууд хүртэл энэ жилийн цар тахлын төмөр хорионы эрхшээлд дамар мэт хоригдов. Дэлхийн спортын түүхэнд анх удаа олимпын наадам нь олиггүй коронагийн шахаанд автаж, “Токио-2020” маань нэгэн жилээр хойшлогдон, арга буюу “Tokyo2020NE” чимэг сэтэр зүүлээ.
Өмнө нь зуны VI олимпын наадам 1916 онд Германы эзэнт гүрний нийслэл Берлин хотноо “хөшгөө нээх” байсан ч дэлхийн I дайн 1918 он хүртэл үргэлжилж, дайнч немцүүд өөрсдөө ч дарийн утаанд шүлэнгэтсэн тул тэдэнд нээгээгүй хөшгөө хаах ч сөхөө гараагүй юм. Германы тал 1916 оны олимпын эрхийн төлөө зад “байлдаж”, Александрия, Амстердам, Брюссель, Будапешт, Кливленд хотыг ардаа орхисон ч будаг нь ханхалсан “Дойче штадион” хоосон цэнгэлдэх хүрээлэнтэй л үлдсэн ажээ. Оргүйд орвол охинтой нь дээрээ гэж.
Харин 1940 оны наадмыг барууны том гүрнүүд биш, Азийн Япон улс бүр өвөл, зуны хоёр олимптой нь хамт базаж, цуг зохион байгуулан, сүр алдраа дэлхийд гайхуулахаар шийдэж, умард мужийн Саппоро, улсын нийслэл Токио хотоо улаан нүүрэндээ барив. Гэтэл Наран улс 1937 онд Хятад руу түрэмгийлэн, олимпын бүтээн байгуулалтад хөрш зэргэлдээ орны ой модыг өргөнөөр цөлмөн ашиглаж, харин өөрсдөө төмөр металаа дайн дажны зориулалттай буу зэвсэгт зарцуулах нууц төлөвлөгөөтэй байсан нь илт тодорхой. Удаж төдөлгүй 1939 онд Японы самурай нар Монгол Улсын халдашгүй нутаг дэвсгэр Номунхан, Халхын гол руу “олимпын бус” зорилгоор буудлага үйлдэн, германчууд Польш руу халдан түрэмгийлснээр дэлхийн II дайн дэгдэж, хөөрхий “Токио-1940” олимпын бамбар нь зандалчдын хар утаанд үүрд замхарчээ.
ОУОХ нь аймшигт дайны үед ч олимпоо огт огоорсонгүй, нүдний цэцгий мэт энхрийлсээр 1944 оны наадамд албан сонирхлоо илэрхийлсэн Лондон, Афин, Будапешт, Детройт, Хельсинки, Лозанн, Монреаль, Ром хотыг бүртгэж амжлаа. ЗХУ-ын зузаан холбоотон Будант Альбион буюу Английн Лондон хотноо дайны дараах энх цагийн олимпын наадмын үүр цайх горьдлого мөрөөдөл мөн л талаар өнгөрлөө. Бас Финландын нийслэл Хельсинки хотод ч ацаглаад үзсэн ч бүтсэнгүй. Уршигт дайн сунжирсаар 1944 оныг дамжин, 1945 онд л арайхийн шувтрав. Тэр үед олимп зохиох байтугай олигтой бүтэн тоосготой байшин ховор байсан аймшигт үе шүү дээ.
Гэхдээ л ОУОХ нь хар дайн түйвээний харгайгаар тасарсан VI (1916 ) , XII ( 1940 ) , XIII ( 1944 ) гурван олимпын албан эрэмбэ дугаарыг нь үл шилжүүлэн , одоо болтол тэр чигээр нь хадгалан тоолохоор алсын хараатай мэргэн шийдвэр гаргасан юм.
Энх амгалангийн наран мандаж, 1916 онд далд болон дам утгаараа том “шатсан” Япон улс 1964 онд зуны XVIII олимпын наадмын бамбарыг Ази тивдээ анх удаа бадрааж, Монгол Улс мөн анх удаа олимпын наадамд оролцсон гэгээн түүхтэй. Үүний дараа ч Наран улс хүчирхэгжин, ааг нь амтагдаж, ахин олимпын наадамд 5 удаа санаархан, сүүлд гэхэд л 2007 оны ОУОХ-ны чуулганы санал хураалтаар үзүүр түрүүнд Бразилийн Рио хотод “хандаа хага даруулсан”. Гэвч тэд самурай маягын гандан бууршгүй сэтгэхүйгээр дахин эрслэн босч, 2013 оны ОУОХ-ны чуулганаар "даагаа нэхэн", Туркийн Истанбулыг финалд 60:36 ялж, “зовлон жаргалаар мэлмэрч, зорголын нүд шиг ус гүйсэн” Токио хотод 2020 оны олимпыг хүн төрөлхтөнтэй учруулах алтан боломж нээгдсэн юм.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Т.Бах, ОУОХ-ны Зохицуулах комиссын дарга Ж.Коутс, Токио-2020 олимпын Зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Ё.Мори нар 2021 онд “галав юүлсэн” ч зуны XXXIII олимпын наадмын бамбар Японы тэнгэрт бадамлан асна гэж нэгэн дуугаар чанга мэдэгдэж буй нь сайшаалтай.
Энэ жил “Токио-2020” олимп гэнэт хойшлогдсоноос гадна манай цэнхэр гаригийн өч төчнөөн том тэмцээн уралдаан цуцлагдаж, хойшилж, мартагдаж, арчигдаж, үй олон тасалбар “үхэж”, хогийн сав руу “цөлөгдөж”, өчнөөн олон хүний урам хугаран гонсойж, түүний сацуу “өргөсгүй торны” ард, өдөн орны дээр олон хоног хоригдон, үйлээ үзэж буй нь гашуун боловч үнэн. Тэгвэл бид энэ жил олимпын ямар ямар тэмдэглэлт үйл явдлын хажуугаараа алгасч, нүдээ тас аньсан юм болоо?
Парис-1900, Зуны II олимпын наадмын 120 жилийн ой
Орчин үеийн олимпизмийн хөдөлгөөний загалмайлсан эцэг, соён гэгээрүүлэгч Пьер Де-Кубертен нь ОУОХ-ны Ерөнхийлөгчийн албыг хаших үедээ эх орноо гийгүүлсэн анхны олимп гэдгээрээ парисчууд бахархадаг онцлогтой. П.Кубертэн нь ОУОХ-ны хамгийн анхны Ерөнхийлөгч биш бөгөөд 1896-1925 онд уг сэнтийд заларсан юм. Гэхдээ энэхүү наадам нь Парист зохиогдсон Дэлхийн асар том яармаг худалдааны нэгэн хавчуурга хэсэг нь болон далбаанд нь хавчуулагдсан бөгөөд V сарын 14-нөөс X сарын 28 хүртэл лаг удаан үргэлжилсэн гэдэг. Дэлхийн 28 орны 997 тамирчин (Үүнээс 22 нь эмэгтэй) спортын 19 төрөлд өрсөлдсөн байна. Гэхдээ Франц, Европын язгууртнууд хөлс ханхалсан хүндийг өргөлт, бөхийн спортыг албан хөтөлбөрөөс хассан. Чин үнэнийг хэлэхэд, тэдний одоогийн удмын ихэмсэгүүд ч гэсэн олимпын наадмын үеэр дээрх 2 спортын танхимд огт харагддаггүй юм шүү.
Харин 1900 оны төмөр хулгана жил Бадаргуулт төр хаан ноёрхож, Монгол орон Манж-Хятадын дарлалд нухлагдаж байсан ч долоон хошуу даншиг наадмаараа баясч, Их Ш.Намхай аварга түрүүлэхэд хотлоороо хөөрч, уухай хадуулсан гэнэм. Харин “буудуулсан элээ шиг нэлмийсэн хувцастай” агаад морь цочиж үргэм нялуун сүрчиг ханхлуулсан иргэдтэй харийн Франц гэдэг улс руу ид айраг цагааны цагаар очих сонирхолтой монгол хүн нэг ч олдсонгүй гэдэг.
Антверпен-1920, зуны VII олимпын наадмын 100 жилийн ой
Уг нь бол хүн төрөлхтөн олимп хэмээх баяр цэнгэлийн дээд манлай наадмыг зохион байгуулсны бүхэл бүтэн 100 жилийн ойг ёслол төгөлдөр, нүсэр тэмдэглэх ёстой. Гэвч ОУОХ-ны хоёр ч Ерөнхийлөгч К.Лато , Ж.Рогге нарын эх орон Бельги улс коронавирустэй яс зууралдаад ойн баярын хурал зарлахтай манатай л байх шиг. Дэлхийн I дайны дараа тайван цагийг билгэдсэн aнглиар Антверп, нутгийн фламанд хэлээр Антверпен гэдэг Бельги улсын энэ хотод 1920 оны VIII сарын 14-нөөс IX сарын 12-ны өдрүүдэд хорвоогийн 29 орны 2626 тамирчин тал талаас цугларч, 22 спортоор өрсөлджээ. Олимпын наадмын түүхэнд анх удаа П.Кубертэний зүрх сэтгэлээсээ зохион туурвисан олимпын таван цагариг бүхий туг тэнгэрт намирч, анх удаа тамирчид тангараг өргөн, анх удаа энхийн цагаан тагтаа цэнгэлдэх хүрээлэнд хөөргөсөн олон онцлог үйл явдлаар дүүрэн наадам болсон.
Лондон-1908 зуны олимпын хөтөлбөрт мөсөн дээрх хоккей багтсан бол Антверпенд уран гулгагчид халуун дулаан спортынхны дунд хээвнэг шургалаад амжжээ. Сониноос Бельги улс дэлхийн I дайнд ялагдсан Герман, Австри, Унгар, Болгар, Оттаманы эзэнт улсад урилга заллага огтхон ч халгаасангүй. Өдгөө Бельги нь коронавируст хоргоолгон, 571000 хүн өвчилж, зуун жилийн түүхт ойгоо тэмдэглэн, зууш ч амтлах боломжгүй, зөвхөн 2,5 евроны үнэтэй 50.000 ширхэг дурсгалын зоос гаргаж, голоо зогоов, хөөрхий.
Зуун жилийн настай Антверпен-1920 олимпын наадам нь VIII сарын 14-нд нээлтийн ёслолоо үйлдсэнээс 88 жилийн дараах яг энэ өдөр Монголын хүү Н.Түвшинбаяр олимпын анхны алтаа хүртжээ. Тэгэхээр VIII сарын 14 нь нэг л олимпын учир жанцантай өлзий дэлгэр өдөр ажгуу. Афин-2004 олимпын энэ өдөр Х.Цагаанбаатар жүдоч бас цорын ганц хүрэл хүртсэнийг санаж байгаа буй заа. Мөн олимпын анхны тангарагийг туялзуур сэлэмчин Виктор Бойн (Бельги) өргөснийг ч тогтоогоорой.
Ром-1960 , Зуны XVII олимпын наадмын 60 жилийн ой
2600 жилийн өмнө Ромын эзэнт гүрэн Грекийг эзэлсэн бол 1960 онд Итали улс Олимпия уулнаас бамбар залж, Апениний хойгт анхны зуны олимпийн наадмаа үүсгэвэй. Нийт 83 орны 5338 тамирчин 17 спортын 150 цогц медалийн төлөө өрсөлдөн, ЗХУ-ын баг 103 медалиар заналт АНУ-ыг ардаа орхин, “Гэрийн нохойны сүүл өөдөө, Ром хотын билэг тэмдэг чоно хөхдөг Ромулус, Ремус хөвгүүдийн зовхи өөдөө" гэгчээр италичууд 36 медальтай “айргийн гуравт” давхив. Боксын домог Мухаммед Али алдар суугаа мандуулж, Данийн дугуйчин К.Энемарк олимпийн наадмын түүхэнд "рониакол" хэмээх допинг хэрэглэснээс анх удаа нөгөө ертөнц рүү одсон тамирчин болcoн нь туйлын харамсалтай .
1960 онд Монгол улсад олимпын хороо байгуулагдаад 4 жилийн нүүрийг үзэж, Д.Ядамсүрэн Ерөнхийлөгчөөр нь ажиллан, ОУОХ-нд элсэх бичиг баримтаа ид бүрдүүлж, сар довтолгон хүрэх захиа илгээн, телеграмм хэмээх цахилгаан мэдээ цохиж байсан хуучны үе. Жаран оны улсын наадамд дархан аварга Дарийн Дамдин түрүүлж, улсын начин Ц.Гомбодорж (Архангай) үзүүрлэсэн байх юм. Бас Монголд волейбол, ширээний теннис, дугуй, хөнгөн атлетик гээд нэлээд ууган холбоод үндэс сууриа тавьсан он жилүүд байлаа.
Москва-1980, зуны XXII олимпийн наадмын 40 жилийн ой
(1980.VII.19-VIII.3 , наян орон , 5179 тамирчин, 21 спорт, 203 цогц медаль)
Тэр үеийн социалист орон, Зүүн Европод зохиогдсон анхны олимп. Гэвч хүсэн хүлээсэн олимпын наадмын өмнөх жил нь ЗСБНХУ-ын удирдагч Л.И.Брежнев гуай 1979 оны XII сарын 25-ны шинэ жилийн өвөл Афганистан улсын Бабрак Кармалийн коммунизмийн чиг баримталсан Засгийн газрыг шууд дэмжихээр цэрэг, танк оруулсныг нь далимдуулж, тэртээ тэргүй өө сэв хайж байсан Ж.Картер тэргүүтэй АНУ ба барууны сүлбээтнүүд нь 1980 оны I сарын 20-нд мэдэгдэл гарган, “Москва-1980” олимпыг хавсайдан бойкотолж , олимпизмийн түүхэнд хар сүүдэр тусгах нь тэр ээ. Ингээд “Их санасан газар есөн шөнө” гэдэг шиг “Москва-1980” олимпод 80 орон оролцсон бөгөөд Англи, Франц, Итали зэрэг орны хувь тамирчид ОУОХ-ны туган доор өрсөлдсөн юм.
Хэдийгээр 50 гаруй орон бойкотолсон ч “Москва-80” олимпын үеэр дэлхийн 36, олимпийн 74 рекорд амжилт шинэчлэн тогтоосон билээ. Картер гуай ч 1980 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намын Рональд Рейганд цэвэр ялагдан, улс төрийн тавцнаас бүр мөсөн арчигдав. Энэ жилийн эхээр бүр АНУ-ын олимпийн хороо ( USOPC ) нь “Москва-1980” олимпод оролцохоор бэлтгэж байсан ч улс төрийн золиос болсон баг тамирчдаасаа албан ёсоор уучлал гуйж, олимпод оролцогчийн батламж гардуулсан гээд бод л доо.
Монголын баг тамирчид том бүрэлдэхүүнтэй оролцож, “Мехико-1968” олимпын 4 медалийн амжилтыг чанаржуулж, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн бөлгөө. Алтан Москва хотоос анхны алтан медаль хүртэхээ дөхсөн Д.Даваажав (чөлөөт бөх), мөнгөн медальт Ц.Дамдин (жүдо), чөлөөтийн хүрэлт Д.Оюунболд нар маань олимпийн тэнгэрт үүрд мөнхөрч, өдгөө жүдогийн хүрэл медаль зүүсэн Р.Даваадалай ах маань энх тунх гялалзаж явна даа. МҮОХ-ны тэргүүнээр Гомбын Дамдин ажиллаж байлаа.
Нээрээ, энэ олимпын наадмаас Ирландын Лорд Килланины үе шувтарч, ОУОХ-г Испани улсын маркиз хэргэмт Х.А.Самаранч тэргүүлэн , олимпизмийн ялгуусан дэвшил хөгжлийн шинэ үсрэлтийн хорин жил эхэлсэн билээ.
Сидней-2000, Зуны XXVII олимпийн наадмын 20 жилийн ой
(2000.IX.15-X.1, нэг зуун ерин есөн орон, 10651 тамирчин, 28 спорт, 300 цогц медаль)
Ногоон тивийн Мельбурн хотод 1956 онд олимп зохиогдсоноос хойш 44 жилийн дараа Сидней 199 орныг урьлаа. Олимпын эрхийн төлөө Өмнөд Уэльс мужийн Сидней хотынхон 1993 онд Монте Карло хотноо Манчестер, Берлин , Истанбул хоттой өрсөлдөн, ялангуяа Бээжинтэй яс үзэлцэж, санал хураалтын эхний 3 тойрогт 32:30, 37:30, 40:37 хятадуудаас дутуу явсан ч финалын халз тулаанд шийдсэн дархан мэхээ хийж, 45:43 Жүнгүо улсыг дөнгөсөн удаатай. Тянь Aнь Мэний талбайд цугларсан хятадууд бараг бослого гаргах дөхөв.
“Сидней-2000” зохион байгуулах хорооныхон наадмын билгэдэл сахиусаар Австралийн нүүр царай кэнгеруг “жийж”, харин шоргоолжин тэжээлт, кукабура шувуу, нугасан хошуутын гурвалыг сонгосон нь дэлхийн гайхашралыг төрүүлсэн. Хоёр Солонгос нээлтийн марш ёслолд анх удаа Солонгосын хойгийн далбаа бүхий туган доор эвлэлдэн жагсаж, Зүүн Тиморийн хувь тамирчдын оролцуулахаар зөвшөөрсөн ч Талибаны нөлөөнд автсан Афганистаны ҮОХ-нд ОУОХ ба Сидней үүд хаалгаа тасхийтэл хаасан юм.
Мөн олимпын үеэр “Samsung Home stay” хөтөлбөр хэрэгжин, дэлхийн хошой аварга З.Ойдов, нийслэлийн Биеийн тамир спортын хорооны дарга Д.Содномзундуй гээд л манай спортын олон зүтгэлтэн Австрали аав, ээжийн “оззи” “хүүхдүүд” нь болж, наадмыг тухлан үзэж, австрали айлын халамжинд умбасныг санаж байна. Харин Сидней-2000 олимп нь TEAM MONGOLIA хувьд их хатуу тусч, “Мехико-1968”-аас хойш анх удаа медальгүй хоцроход бэрхийн бэрх шаналал байлаа. Одоо санахад ч бүр бэрх. ГОК-ийн захирал Ш.Отгонбилэг нь НОК-ийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан цаг үе. Гэвч үүнээс хэдхэн сарын дараа “ШО” маань баруун аймагт нүүрлэсэн их зудны үеэр тусламжийн бараа хүргэх сайхан үйлсийг удирдах үедээ нисдэг тэрэгний ослоор золгүй амь үрэгдсэнд одоо болтол харамсаад баршгүй.
Сингапур-2010 Залуучуудын зуны олимпын анхдугаар наадмын 10 жилийн ой
(Сингапур, 2010.VIII.4-26, 204 орон, 3524 тамирчин, 26 спорт, 201 цогц медаль)
Гватемалд өндөрлөсөн ОУОХ-ны 119 дүгээр чуулганаас Жак Рогге Ерөнхийлөгчийн санаачилсан “Залуучуудын олимпын наадам” төслийг дэмжиж, анхны “алтан хараацай” нь 2010 онд Сингапурт “ниссэн” юм. Энэ анхдагч наадмын төлөө өчүүхэн Сингапур нь өргөн Москва хотыг 53:44 өвдөг шороодуулсан гээд бод л доо. ОХУ анх 1998 онд Дэлхийн хүүхдийн наадмыг нийслэлдээ зохиосон анхдагч шүү , бас .
Ингээд 14-18 насны ирээдүйн оддын их наадамд Монголын 11 тамирчин оролцож чөлөөтийн нядхан Б.Батцэцэг, спортын гимнастикийн Г.Эрдэнэболд нар анхны хос алтан медалиар энгэрээ мялааж, эх орныхоо спортын түүхэнд бас нэгэн алтан хуудас нээсэн. Өдгөө “Баавгай” Б.Батцэцэг нь Налайх хотноо дасгалжуулагчийн алба хашиж, харин модон морин дээгүүр үсрэгч хөвгүүн маань АНУ-ын зүүн эрэг рүү харайн, Сэм авгынд номын дуу сонсож байна. Багийн ахлагч (Шеф-де-Миссион)-аар одоогийн ГОК-ийн босс Х.Бадамсүрэн тохоон томилогдож, НОК ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн, БТСУХ-ны даргаар Ч.Наранбаатар нар мөр зэрэгцэн ажиллаж байжээ.
Сингапур-2010 олимпын олон улсын холимог багийн жүдо бөхийн тэмцээнээс О.Дөлгөөн мөнгөн медаль хүртсэн. Энэ бол их дурсамж дүүрэн дэлхийн нандин хөөрхөн баг шүү. Бас ширээний теннисний финалыг Монгол шүүгч Э.Мөнхбилэг шүүж, “Сөүл-1988” олимпын “Алтан шүгэл” дээд шагналын эзэн А.Басхүү ахынхаа шийрийг хатаав. Бас л энэ ковидын лай ланчигаар “Дакар-2022” хүүхдийн олимп хойшлогдсон нь харамсалтай.
Энэ “хорь-хорь” тэгш хулгана жилийн ийм л олон олимпын тэмдэглэлт ой, тэмдэглэмээр баярууд маань хориг хорионд зүүрмэглэсээр, хорин нэгэн онтой золгож, нэг нас нэмэх нь ээ.
Үүнээс гадна тамирчдын тосгоныг шоронгийн зориулалттай барьсан Лейк-Плейсид-1980 өвлийн олимпын наадмын 40 жилийн ой тохиож буй. Энэ цагаан олимпод цанын гүйлтийн цуцашгүй гавъяат Л.Дорж, эцэшгүй тэшүүрчин Б.Цэнддоо (Одоо“Кингс кидс” сургуулийн дэд захирал ), Т.Нямдаваа (өдгөө төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал) нар эх орноо төлөөлөн цас мөсөн замаар уралдаж, Монгол улс ОУОХ-ны өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн юмдаг. "Ялан дийлэхдээ бус оролцох нь л хaмгийн чухал" гэж их гүүш Кубертэн гуай айлдсаныг санагтун .
Бас 60 жилийн тэртээ Америкийн Скво-Велли хотноо өвлийн олимпын наадам зохиогдсоныг Калифорни мужийнхан энэ өвөл бяцхан тэмдэглэсэн тухай мэдээ АНУ-д байхдаа уншсан. Анх дэлхийн биатлончид тэндээс олимпын гараагаа эхэлжээ. Хамгийн том шуугиан дуулиан нь АНУ-ын хоккейчид ЗХУ-ын багийг 3:2 ялж, олимпын аварга цол хүртсэн байх юм. Энэ амжилт 20 жилийн дараа Лейк-Плэсид мөн давтагдсан нь жигтэй сонин боловч Оросыг дэмждэг, арван жилийн сурагч бидэнд бөөн нулимс дагуулсан, гол гонсойлгосон тоглолт гэхээс өөр аргагүй. Дөрвөн нойморын хаалгач С.Стариковын алдаанаас л болсон хэрэг.
Түүнчлэн өмнөд их хөрш БНХАУ-д анх удаа зохиогдсон Бээжин-1990 Азийн XI наадмын 30 жилийн ой, Гуанжоу-2010 Азийн XVI наадмын 10 жилийн ойг тэмдэглэх том төлөвлөгөөг Үхань хотын сарьсан багваахай иддэг хужаанууд нь коронавирус цар тахлын өгөр халдвараар гутааж, Нанхиад гүрнийг хиар цохилтоор сөгдүүлж, дэлхий хорвоог дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлсэнд жигшил зэвцүүцэл ч багадам.
Одоо ч тив ба дэлхийн ихэнх наадам урд хөршид бууриа засдаг “уламжлал” тогтож дээ. Ханжоу-2022 Азийн XIX наадам, Сань-Яа-2021 Азийн элсний VII наадам, Шаньтоу-2021 Азийн залуучуудын IV наадам, Бээжин-2022 өвлийн XXIV олимпын наадам гээд бүгд шахуу л цагаан хэрэмний цаана шүү.Бээжин-2022 цагаан олимпын цасны төрлүүд нь 75 жилийн тэртээ Зөвлөлт-Монголын дайчдын чөлөөлсөн Жанчхүү хот буюу Жан Зя Коуд болно гээд бод доо. Бидний ач тус орсон л байгаа биз дээ , олимпын энэ хотод.
Олимпын хүрд тасралтгүй эргэлдсээр он цагийн түүхэн тоолол урагшилсаар. Олон олон дурсгалт үйл явдлыг хорьсон “Хорь-Хорь” он минь “нохойгоо хорь-хорь” гэсээр халаагаа өгөх цаг нь ашгүй айсуй.
Хамгийн гол нь энэ хүнд бэрх цаг үед олимпын бамбар маань харанхуй хонгилыг гэрэлтүүлсээр, ирэх олимпын 2021 шинэ онд "Токyo2020ONE" маань хүн төрөлхтөн хамгийн аюултай цар тахлыг ялан дийлэхийг батлан харуулж , бүх хорио цээр, хориг заригийг зад татсан OLYMPIC GAMES болох нь дамжиггүй. Хорь хорь цаашаа, ХҮР ХҮР наашаа !
Спортын сэтгүүлч Жүгдэрийн Отгонцагаан "ОТО"