Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2020.11.29/ 11.00 цагийн ээлжит хэвлэлийн бага хурлаар "COVID-19" халдварын шинэ 24 тохиолдол илэрлээ гэж мэдэгдлээ.
Улсын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 28-нд 9513 хүнд "COVID-19" халдварын PSR шинжилгээ хийсэн байна. Улаанбаатарт 5 тохиолдол нэмэгдсэн бөгөөд тэд бүгд ойрын хавьтлын хүмүүс байв. Улмаар нийслэлд нийтдээ 75 тохиолдол болжээ.
Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 28-нд 9 513 хүнд шинжилгээ хийснээс 24 хүнд коронавирус илэрчээ.
Тодруулбал, Улаанбаатарт 5, Сэлэнгэ аймагт 7, Дархан-Уул аймагт 9, Арханхайг аймагт 2 тохиолдол бүртгэсэн бол Орхон аймаг, Дорноговь, Говьсүмбэр аймагт тохиолдол нэмэгдээгүй байна. Нэг тохиолдол нь энэ сарын 16-нд ирсэн ТИР-машины жолооч байна.
Ингэснээр манай улсад коронавирусний дотоодын халдвар 341, нийт 784 болж байна. Үүнээс эдгэрсэн 54, ажиглатад 34, гэрийн ажиглалтад 1 шилжсэн бол 322 хүний ажиглах хугацаа дуусжээ. ХӨСҮТ болон ЦНТЭ-т 421 хүн эмчилгээнд байгаагаас ХӨСҮТ-д эмчлүүлж буй 254 хүний 2 нь маш хүнд, 4 нь хүнд, 26 нь хүндэвтэр, 222 хөнгөн биеийн байдалтай байна. ЦНТЭ-т эмчлүүлж буй 254 хүнээс маш хүнд 4, хүндэвтэр 45, хөнгөн 117 хүн байна.
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, дотоодод бүртгэсэн халдварууд бүгд ойрын болон дам хавьтлуудын шинжилгээнээс илэрсэн гэдгийг тодотгов. Тэрбээр, “Архангай аймагт 2 тохиолдол бүртгэсэн. Голомтын судалгаа хийж эмнэлэг, бариа заслын үйлчилгээтэй холбоотой ойрын хавьтал илэсрнийг тандан хөөснөөр тус аймгийн Батцэнгэл сумаас илрүүлсэн. Улаанбаатар хотоос эхтэй халдварын голомтод ирж үйлчлүүлсэн хүн байсан. Тухайн хоёр тохиолдлын ойрын хавьтлын 50 гаруй, хоёрдахь хавьтлын 100 гауй нийт 200 хүнийг тусгаарлаж Батцэнгэл суманд онцгой хөл хорио тогтоосон" гэдгийг тодотгов.
Дүүргүүдээр авч үзвэл, Баянгол дүүрэгт 21, Сонгонохйархан 10 , Баянзүрх 23 , Сүхбаатар 12 , Хан-Уул 7, Багануур 1, Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол тус тус бүртгэгдэж нийт Улаанбаатарын 23 хороонд 75 тохиолдол бүртгэгджээ.
Дэлхий дахинд коронавирусний халдварын тархалтын индекс дээд тал нь 6 байхад манай улсынх 6-23, зарим тохиолдолд 30-66 байгааг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлстийн дарга Д.Нарангэрэл тодотгов.
Тэрбээр, "Манай улсад тархалтын эрч маш өндөр, ихэвчлэн голомтын хавьтлуудыг өвчлүүлэх магадлал их байна. Энэ нь манай иргэд гэртээ зочин урьдаг, айлд зочилдог, өндөр настай хүмүүстээ очдог зэрэг зан үйлтэй холбоотой байна. Тиймээс эрсдэлт бүлэгт орж байгаа өндөр настай хүмүүстэй алсын зайнаас харьцах, гэртээ хүн урихгүй байх, шаардлагатай тохиолдолд гар утас болон цахимаар холбогдох шаардлагатай байна" хэмээв.
Улсын хэмжээнд нийт 8 голомт үүссэнээс ойрын хавьтлын 4100 гаруй хүнийг илрүүлжээ. Тандан судалгаагаар нэг хүн 60-149 хүнтэй ойрын хавьтал болж байгаа аж. Ихэнх нь өвдөх магадлалтай байгаа ч амны хаалт зүүгээд 15-аас дээш минут харьцсан хүн өвдөөгүй тохиолдол олон байгаа юм. Тиймээс амны хаалтаа зүүх нь халдвараас сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллийн үеэр тэмдэглэв.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 9560 хүн гэрийн ажиглалтад байна. Улсын Онцгой Комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр танилцуулахдаа, "Өнгөрсөн 48 цагт 143 иргэн гэрийн ажиглалтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 9560 хүн гэрийн ажиглалтад байгаа бөгөөд энэ хүмүүс ажиглалтын 14 хоногтоо халдвар хамгааллын дэглэм, зааврыг ягштал биелүүлэх үүрэгтэйг дахин дахин сануулъя. Улаанбаатарын 26 тусгаарлан ажиглах байранд 1403 иргэн байна. Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говь-Сүмбэр 953, нийтдээ 2356 хүн тусгаарлан ажиглах байранд хяналтад байгаа юм. Мөн ойрын хавьтлын 217 хүнийг нэмж тусгаарлах ажиллагааг хэрэгжүүллээ.
Улаанбаатар хот болон 6 аймагт голомтлон гарсан дотоодын багц халдварын тохиолдлын тоо 341 боллоо. Урьд шөнө нийслэлээс 12 дугаар сарын 1-нээс орон нутгийн иргэдийг гаргахдаа тэдэнд халдварын шинжилгээ хийх 20 цэгийг бэлтгэх ажлыг УОК-оос хийж хэрэгжүүллээ. Энэ 20 цэгт 3 ээлжээр ажиллах 60 улсын байцаагчийг томилсон. Мөн тэнд ажиллах эмч, эрүүл мэндийн ажилтныг ЭМЯ-наас хангаж ажиллаж байгаа.
Энэ мөчид Дорноговь аймгийн Сайншанд сумаас төмөр замын албан хаагч 60 гаруй иргэн төмөр замаар тээвэрлэгдэн ирж байгаа. Тэд PSR шинжилгээ нь бүгд сөрөг гарсан, Улаанбаатарт гэртээ тусгаарлагдан ажиглалтанд 14 хоног байхдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг энэ хүмүүст сануулж байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 202 төрийн албан хаагч, шалган нэвтрүүлэх товчоодод 301 төрийн албан хаагч, авто зам, гудамж талбайд хөдөлгөөний хязгаарлалт, хяналт тавьж явган эргүүл хийж байгаа 4241 төрийн албан хаагч ажиллаж байна. Мөн явган эргүүлд 223 техник хэрэгсэл ашиглаж байгаа, 351 авто тээврийн хэрэгслээр авто эргүүлийн үйл ажиллагаанд оролцож байна. Халдварын шинжилгээ авч ажиллаж буй 1162 эмч, эмнэлгийн ажилтан байгаа юм. Нийтдээ нэг өдөрт 7207 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна" гэв.
ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хариуллаа.
-ДЭМБ-аас иргэдийг томуугийн вакцинд хамрагдах зөвлөмж өгч байгаа. Томуугийн улирлын вакцинд хамрагдсанаар коронавирусээр хөнгөн өвддөг гэсэн судалгаа байна. Томуугийн вакцинд манай улс иргэдээ хэрхэн хамруулсан бэ?
-Манай улс есдүгээр сарын сүүлээс эхэлж 10 дугаар сарыг дуустал улсын хэмжээнд иргэдээ улирлын томуугийн вакцинд хамруулсан. Засгийн газар, ДЭМБ-ын дэмжлэгтэй нийт 525 мянган хүний вакцины тун авч эрсдэлт бүлэг буюу жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг хууч өвчтэй хүн, эмч, эмнэлгийн ажилчин, онцгой байлын алба хаагчдыг хамруулж дархлаажуулсан. Иргэд сайн дураараа ч хамрагдсан. Энэ вакцин коронавирусээс хамгаалж чадахгүй ч хүндрэлээс сэргийлэхэд ач холбогдолтой гэдгийг олон эрдэмтэн судлаач зөвлөж байсан. Тиймээс өмнөх жилүүдээс 2-3 дахин их хүнийг хамруулж чадсан.
-Орон нутагт илэрсэн халдвартай хүнийг Улаанбаатар хотод төвлөрүүлж эмчилж байна. Тухайн орон нутагтаа эмчлүүлэх боломж бүрдүүлсэн үү?
-Аймаг, орон нутагт өвчлөл анх гарч байх үед ХӨСҮТ-д тээвэрлэн авчраад эмчилж байсан. Өвчлөлийн голомт нэмэгдэж байгаа тул Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн халдвартын эмнэлгийг халдвар хамгааллын дэглэмд бэлтгэж тэндээ эмчлэх арга хэмжээ авч байна.
-Архангайд илэрсэн тохиолдлыг Улаанбаатар хотоос яагаад гаргасан бэ. Хяналт шалгалтын пост хайхрамжгүй хандсан уу?
-Тухайн батлагдсан тохиолдол нь хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байсан. Тухайн үед онцгой комиссын шийдвэрээр хүнсний машин явуулж байсан тул постоор зохих шалгалтыг хийсэн.
-Иргэд архи, согтууруулах ундааг борлуулах хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа. Эрүүл мэндийн байгууллага ямар байр суурьтай байна вэ?
-Мэдээж дархлаа муутай хүн халдвар авбал хүндээр тусна. Агаар дуслын замаар халдварладаг тул амны хаалт зүүгээгүй дархлаатай хүн ч халдвар авна. Гэхдээ биеийн эсэргүүцэл, дархлаа сайтай бол хүндрэхгүй богино хугацаанд эмчлэгдэнэ. Архи, согтууруулах ундаа нь хүний дархлааг сулруулдаг тул халдвараар өвчилж амь нас эрсдэх аюултай. Тамхи татдаг хүнд ч ялгаагүй. Тиймээс залуусыг архи, тамхинаас татгалзах нь халдвараас сэргийлэх хамгийн чухал арга хэмжээ гэдгийг уриалж байгаа.