Монгол Улсын хэмжээнд өчигдөр нийт 11 929 хүнд PCR шинжилгээ хийснээс 22 хүнд коронавирусний халдвар илэрсэн талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.
Тодруулбал, Улаанбаатар хотод 5, Сэлэнгэ аймагт 10, Дархан-Уул аймагт 2, Дорноговь аймагт 1 бүртгэгдсэн бол Орхон, Говьсүмбэр аймагт нэмж бүртгэгдээгүй байна. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол илэрчээ. Дотоодод илэрсэн бүх халдвар ойрын болон дам хавьталд тусгаарласан хүмүүс байсныг онцлов.
Ингэснээр улсын хэмжээнд дотоодод илэрсэн тохиолдол 318, нийт 760 болж байна. Эдгэрсэн 347, ажиглалтад 24, гэрийн ажиглалтад 1 шилжсэн бол 322 хүний ажиглах хугацаа дууссан байна. ХӨСҮТ-д хоёр хүний биеийн байдал маш хүнд байгааг мэдээлэлдээ тэмдэглэлээ.
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр, "Манай оронд одоо хүйтний улирал эхэллээ. Энэ үед халдвар буурах уу" гэсэн асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хариулав.
Тэрээр, "Хүйтэн болж байгаа, хүйтэнд халдвар багасна гэж манай иргэд буруу ойлгоод байна. Агааргүй битүү орчинд коронавирусний халдвар илүү халдварлаж үржинэ, өөрөөр хэлбэл, агаар дуслаар буюу шүлсээр дамжин халдана.
Харин ч хүйтэнд илүү тэсвэртэй, тухайлбал, гадаад оронд хөлдөөсөн бүтээгдэхүүнд, барааны агуулахад гарч байна. Яг энэ өвлийн цагт агаар дуслын замаар дамждаг томуу, томуу төст өвчин, интер вируст өвчин, улаан бурхан, гар хөл амны өвчин гээд вируст өвчлөлүүд нэмэгддэг.
Тэгэхээр гэр орноо тогтмол агааржуулж байх хэрэгтэй. Хоёрт, коронавирус гадаргуу дээр байдаг учраас гадаргуугийн халваргүйжүүлэлтийг байнга хийж, хүн гар хүрэх бүх газрыг спирт, сод, давсны уусмал, белизна зэргээр ариутгаж цэвэрлэх шаардлагатай гэв.
Тус хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчийн асуултад хариуллаа.
-Эрдэмтэн судлаачид хөл хорионы дэглэмийн сунгах санал гаргасан. Энэ нь ямар үндэслэлтэй юм бэ?
-Хөл хорио сунгах эсэхийг УОК шийднэ. ЭМЯ-наас халдварын нөхцөл байдлыг өдөр бүр танилцуулж байна. Халдварын нууц үе 14 хоног бөгөөд энэ хугацаанд ойр байсан хүмүүсийг олох гинжин хэлхээ үргэлжилж байгаа. Хөл хорио тогтоосноос хойш нэг нууц үе дуусаж байгаа ч өвчлөл араасаа нэмэгдэж байна. Тиймээс хяналтын 14 хоногийн хугацаанд хөл хорьж, авч буй хариу арга хэмжээг сулруулахгүй байх нь чухал болохыг олон улсын туршлага харуулж байна.
Эмч, мэргэжилтнүүд нууц үеийн хугацаа, сүүлд бүртгэсэн тохиолдол, түүнээс хойших хяналтын 14 хоног зэргийг тооцож мэргэжлийнхээ дагуу саналаа өгсөн. Эрсдэлийн үнэлгээг өнөөдөр дахин хийнэ. Орон нутгийнх нь байдлаас хамаарч эрсдэлийн үнэлгээг гаргана. Халдварыг улсын хэмжээнд тархаахгүй байхын тулд авсан арга хэмжээгээ суруулахгүй байж халдварыг барьж авах нь манай гол зорилго. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт, төр засгийн шийдвэрээ дагаж мөрдөх нь чухал юм.
-Биеийн байдал маш муу 2, хүнд 8 хүн байна гэлээ. Эдгээр хүмүүст амьсгалын аппаратад орсон уу, ямар эмчилгээ хийж байна вэ?
-Маш хүнд байгаа хоёр иргэний нэг нь ХӨСҮТ-д эмчлүүлж буй 57 настай хүн бий. Мөн ЦНТЭ-д 80 настай өвчтөн амьсгалын аппаратад орсон. Уг өвчтөн зүрх судасны архаг хууч өвчтэй. Гэхдээ дээрх хоёр хүний биеийн байдал тогтвортой байгаа.
-Вакцин авах ажлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд судалж байна. Та бүхэн монгол хүний бие, эрүүл мэндэд тохирсон вакцины саналаа хүргүүлсэн үү?
-Коронавирусний 140 гаруй вакцины туршилт эхлэх үеэс л ЭМЯ анхаарал хандуулж байгаа. Бид долоодугаар сард хүсэлтээ өгч олон улсын хамтарсан КОВАКС хөтөлбөрт нэгдсэн. Энэ хөтөлбөрийг хөгжил буурай орнууд хөгжингүй орнуудтай ижил тэгш вакцин хүртэх зорилгоор байгуулсан. Манай улсыг вакцин авах эхний орнуудын жагсаалтад бүртгэсэн. Бид эхлээд хүн амынхаа 20 хувь буюу эрсдэлт бүлгийг вакцинд хамруулна. Тухайлбал, эмч, цагдаа, онцгой байдал, сургууль цэцэрлэгийн багш нарыг үе шаттай хамруулахаар төлөвлөж УОК-т санал хүргүүлсэн.
КОВАКС хөтөлбөрийн хүрээнд сулруулсан вирусгүй Модерна вакцин болон вируст суурилсан Адино вакциныг хөгжүүлж байна. Бид хамгийн түрүүнд вирус агуулаагүй Модерна вакциныг нэвтрүүлэхээр төслөө боловсруулан хүргүүлсэн. Өчигдөр Женев хотноо болсон хуралд Монголын цагаар 21.00 цагт цахим хэлбэрээр оролцож саналаа илэрхийлсэн. Ингэхдээ бид ДЭМБ-аар баталгаажиж, зөвшөөрсөн, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжид хадгалж болох зэрэг 12 шаардлага тавьж байгаа.
-Уламжлалт эмчилгээг хослуулж байгаа юу Халдвар авсан 11 эмч нар ямар замаар халдвар авсан гэдгийг илрүүлсэн үү?
-Эмчилгээний хувьд, бид ДЭМБ-ын Удирдамжийн дагуу стандарт эмчилгээг хийж байгаа. Харин ганц нэг уламжлалтын эм, эмчилгээг туршилтын журмаар хийж байна. Үүний үр дүн гарсны дараа Клиникийн зөвлөх баг зөвлөлдөж байж ард иргэдэд танилцуулна. ХӨСҮТ-ийн эмч нар өвдсөн тухайлбал, дэлхийн улс орнуудад ч мөн адил ийм эрсдэл байдаг. Манай хүмүүс эхнээсээ эмчлэгдээд эдгэж байгаа. Цаашдаа бид эмч, эмнэлгийн ажилтнуудаа халдварын эрсдэлээс хамгаалах талаар онцгой анхаарч ажиллаж байгаа гэдгээ ард түмэндээ хэлье.
-Хөл хориог сунгах уу?
-Хөл хорионы хугацааг сунгах эсэх асуудлыг Улсын онцгой комисс шийдвэрлэнэ. Өнөөгийн халдварын нөхцөл байдлын хувьд амаргүй хүнд байгаа. Манай улсын хувьд халдварын нууц үеийн хугацаа 14 хоног, бид өнөөдөр өдөр бүр халдварын талаар мэдээлж байгаа. Голомтоос өвчлөлүүд араас нь гарч бүртгэгдэж, гинжин хэлхээ үргэлжилж байна. Дөнгөж нэг үеийн хугацаа л дуусаж байна. Одоо дараагийн хяналтын 14 хоногт аль болох хөл хөдөлгөөн хязгаарлагдмал байх шаардлагатай. Хариу авч байгаа арга хэмжээнийхээ эрч хүчийг сулруулахгүй байх хэрэгтэй гэдгийг дэлхий нийтийн жишгээс тодорхой харагдаж байна. Бид бас мэргэжлийнхээ дагуу судалгаа, тандалтаа үндэслэж өөрсдийн саналаа өгнө. Эрсдлийн үнэлгээг дахиж хийнэ. Аймаг, орон нутагт бүртгэгдэж байгаа халдваруудаа онцлоод орон нутгийн байдлаар дахиж үнэлгээ хийнэ. Улс орны хэмжээнд энэ халдварыг нийт иргэдэд халдааж тараахгүй байлгахын төлөө арга хэмжээ авч ажиллаж байгааг ард иргэд та бүхэн анхаарч ойлгоорой. Халдварыг тогтоон барьж хяналтдаа авах асуудал УОК, ЭМЯ, төр засгийн эн тэргүүний зорилт юм.