ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр /2020.11.25/ ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.
Тэрбээр "Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 3,801 хүнд шинжилгээ хийхэд 27 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт 6, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол шинээр нэмэгдсэн.
Улаанбаатарт бүртгэгдсэн 6 тохиолдлын нэг нь ойрын хавьтлын хүн бөгөөд давтан шинжилгээгээр илэрлээ. Харин бусад таван тохиолдол нь гэр бүлийн хавьтал, караокеноос эхтэй батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүс юм. Энэ 6 хүн бүгдээрээ ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан. Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 350 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаа. Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн 699 тохиолдлоос одоогоор 342 нь эдгэрээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-т 350 хүн эмчлүүлж байна.
Үүнээс:
- Биеийн байдал маш хүнд нэг
- Хүнд-3
- Хүндэвтэр-56
- Хөнгөн-291 хүн байна.
Биеийн байдал маш хүнд нэг хүн амьсгалын аппаратад орсон. Мөн эмчилгээнд буй 350 хүнээс 95 нь Цэргийн төв эмнэлэгт байгаа. Монгол Улсад бүртгэгдээд байгаа халдварын төлөв байдлаас харахад ойрын хавьтал болсон хүмүүс өвчилж байна. Иймд коронавируст халдвараар өвчилсөн хүнтэй ойр байсан, хамт үзвэр үйлчилгээ үзсэн хүмүүс өөрсдийнхөө биеийн байдалд хяналт тавих хэрэгтэй. Аймгуудад түргэвчилсэн оношлуураар сорил тавьж байгаа. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан сорьцыг PCR шинжилгээгээр баталгаажуулдаг. Тэгэхээр энэ тохиолдолд PCR шинжилгээний хариу сөрөг гарсан.
Бид батлагдсан тохиолдлыг нууж болохгүй. Нуух эрх байхгүй. Халдварт өвчний цар хүрээг тогтоон, голомтыг хумьж, цааш тараахгүйн тулд тухайн голомтын ард иргэдэд маш түргэн зарлах ёстой. Энэ зарчим бол халдварт өвчинтэй тэмцдэг хүмүүсийн хамгийн эхэнд баримтлах зүйл. Бид хэзээ ч батлагдсан тохиолдлыг нуухгүй. Нуусан тохиолдолд дараагийн хүн өвдөөд гараад ирдэг.
Тиймээс ард иргэд маань хардаж сэрдэхгүй харин бидэнд мэдэгдэхгүй хавьтал болсон хүн байгаа бол бидэнтэй хамтарч ажиллаач ээ гэж уриалмаар байна.” хэмээн хэллээ. Мөн улсын хэмжээнд халдварын тохиолдол 699 болсон. Өнөөдрийн байдлаар 350 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдлыг үнэлбэл нэг хүн маш хүнд буюу амьсгалын аппаратанд орсон, 3 хүн хүнд, 56 хүн хүндэвтэр, 291 хүн хөнгөн байна.
ХӨСҮТ-ийн Халдвартын клиникээс гадна Цэргийн төв эмнэлэгт халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаа. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт 95 хүн эмчилгээ хийлгэж байна" гэв.
Коронавирусийн халдвараар өвдсөн нэг өвчтөнд нийт 8,000,000 төгрөгийн өртөг зардал зарцуулж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэв. Тэрбээр "Коронавирусээр өвдсөн хүмүүсийн эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн сайд найман сая төгрөг гэж хэлсэн. Харин ЭМЯ-наас 205-800 мянга гэж мэдээлж байгаа. Аль нь үнэн бэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.
Д.Нарангэрэл хэлэхдээ "Эмчилгээний зардлыг хоёр утгаар ойлгох хэрэгтэй. Бидний өмнө нь хэлж байсан 250-800 мянган төгрөг бол зөвхөн тухайн өвчтөнд зарцуулсан эмийн зардал юм. Энэ эмийн зардал тухайн өвчтөний биеийн байдлаас шалтгаалж тус бүр өөр, өөр байна. Зарим өвчтөн 300 мянган төгрөгийн эм хэрэглэж байгаа бол зарим нь 800 мянган төгрөгийн эм хэрэглэж байгаа.
Харин 8,000,000 төгрөг бол нэг өвчтөнд зарцуулсан өртгийн тооцоолол. Үүнд, тухайн өвчтөнд хэрэглэсэн эмийн зардал, лабораторийн шинжилгээний урвалж оношлуурын зардал, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хоол, ундны зардал ч багтаж байгаа юм.
Тухайлбал, нэг өвчтөнд дунджаар 4-5 удаа лабораторийн шинжилгээ хийхээс гадна нэг өвчтөнд эмчилгээ хийж буй эмч, сувилагч орох бүрдээ хамгаалах хувцас сольдог. Тэнд 4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж буй. Энэ нь ерөнхийдөө эрүүл мэндийн байгууллагаас гарч буй нэг өвчтөнд зарцуулж буй өртгийн зардлын тооцоолол гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.
Мөн энэ үеэр Ууланд самар түүсэн иргэдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар өчигдөр шөнө Улаанбаатарт оруулж ирсэн талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэллээ. Тэрбээр “ЗТХЯ болон Цагдаагийн байгууллага, УОК-ын Шуурхай штаб, НЭМГ, нийслэлийн Онцгой комисс хамтран ууланд самар түүсэн иргэдийг Улаанбаатар хот руу нэгдсэн зохион байгуулалттайгаар татах ажиллагааг өчигдөр орой төмөр замаар зохион байгууллаа.
Зүүнхараа буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын өртөөнөөс нийт 433 иргэн Улаанбаатар хотод ирсэн. Тухайн иргэдээс шөнөдөө PCR шинжилгээний сорьц авсан бөгөөд өнөөдөр өглөө нэгдсэн зохион байгуулалттайгаар гэрт нь хүргэн ажиллаж байгаа. Тэдгээр иргэнд гэрийн дэглэм сахиж, шинжилгээний хариу гартал шилжих хөдөлгөөн үйлдэлгүй байхыг сануулъя. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тусгаарлах байруудад 102 алба хаагч, шалган нэвтрүүлэх товчоодод 549, явган эргүүлд 4,327 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Оношилгоо, эмчилгээний чиглэлд 1,092 албан хаагч ажиллаж буй. Нийт 7,304 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа" гэдгийг хэллээ.
Мөн тэрбээр "Сүүлийн 24 цагт Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт шинээр өвчлөл бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод зургаан тохиолдол бүртгэгдсэн" гэдгийг хэлэв.
Цахим орчин дахь дутуу боловсруулсан болон худал мэдээллүүдийг шалгаж 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлах, 590 гаруй хүн, хуулийн этгээдийг 200 гаруй сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсныг ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан мэдээллээ.
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тэрээр хэлэхдээ, "Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийнхээ дагуу “COVID-19” халдварын цар тахлын үед урьдчилан сэргийлэх, халдвар авсан хүмүүстэй ойрын болон нэг, хоёр, дам хавьтагчийг тусгаарлах, хяналт тавих, тэднийг олж тогтоох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.
Нийт иргэддээ онцгойлон анхааруулахад, халдвар авсан иргэдтэй ойр байсан нэг болон дам хавьтагч гэдгийг Тагнуул, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн иргэд онцгойлон дэг сахих хэрэгтэй байна. Ингэснээр иргэн таны эрүүл мэндийг хамгаалах боломж бүрдэх юм. Халдварын хавьтагч иргэд явсан газар орноо санадаггүй, баримжаалдаггүй, зориудаар хэлдэггүй, нуудаг тохиолдол цөөнгүй гаргаж байгаа. Ойрын болон дам хавьтлын хүмүүс үнэн зөв мэдээлэл өгөөгүйгээс болж энэ халдвар нутагших аюултай учир иргэн бүр хариуцлагаа ухамсарлах шаардлагатай" гэдгийг онцоллоо.
Хэрвээ буруу, зөрүү мэдээлэл өгөх болон санаатай мэдээллээ хэлэхгүй бол Монгол Улсын /Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар заалт, Эрүүгийн хуулийн 15. 6 дугаар заалт/ хуулийн дагуу ял, шийтгэлтэй. Тухайн иргэн явсан газар орноо зориудаар хэлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 15. 6 дугаар заалтад 3 жил хүртэл хорих ялтай, харин бусдад санаатайгаар өвчин халдаасан тохиолдолд 1-5 жил хүртэл хорих ял эдлүүлэх хууль байдаг.
ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан мөн "COVID-19” цар тахлаас үүдэн улс оронд учруулах аюул эрсдэл нь нэгд, эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлнө. Хоёрт, Та болон ойр дотны хүмүүс цаашлаад нийт ард иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулна. Гуравт, тухайн иргэн хуулийн хариуцлага хүлээнэ" гэдгийг дурдаад "Цахим орчин дахв дутуу боловсруулсан болон худал мэдээллүүдийг шалгаж байна. Одоогоор 730 гаруй мэдээллийг шалгаж 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлах, 590 гаруй хүн, хуулийн этгээдийг 200 гаруй сая төгрөгөөр торгох арга хэмжээ аваад байна. “COVID-19” халдварын цар тахлын үеийн онцгой дэглэм, журмыг чанд сахин биелүүлэхийг нийт ард иргэддээ сонордуулж байна" гэсэн юм.