Коронавируст халдварын тоо 32-оор нэмэгдэж 672 болжээ

оруулсан Алсын Хараа

ЭМЯ-наас 11 дүгээр сарын 24-ны 11.00 цагт халдварын нөхцөл байдлыг мэдээллээ. Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 23-нд улсын хэмжээнд нийт 4,330 хүнд PCR шинжилгээ хийсэн. Ингэхэд 32 сорьцод коронавирус илэрсэн бөгөөд Сэлэнгэд 26, Улаанбаатарт 3, Говьсүмбэр аймагт 2 тохиолдол нэмэгдлээ. Харин нэг нь Алтанбулагийн боомтоор 11 дүгээр сарын 10-нд ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрсэн буюу зөөвөрлөгдсөн тохиолдол юм.

Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдлуудын хоёр нь Буянт-Ухаа хороололд хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон байна. Тиймээс 46 хүнийг тусгаарлаад байсан бөгөөд тэдгээр хүмүүсийн давтан шинжилгээгээр нэг хүнээс халдвар илэрлээ. Хоёр дахь хүн нь Төмөр замын өрхийн эмнэлгийн сувилагч байна. Гурав дахь хүн мөн өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Буян-Ухаа хорооллын оршин суугч байгаа.

Сэлэнгэ аймагт батлагдсан 26 тохиолдол нь бүгд ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан иргэд бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Дархан-Уул, Дорноговь, Орхон аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.

Нийслэлд гарсан өвчлөлүүдийг дүүрэг тус бүрээр нь танилцуулав. Өнөөдөр 11:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод нийт 54 халдварын тохиолдол батлагдаад байгаа.

Халдвартай нь  батлагдсан иргэдийн гэрийн байршил өөр, өөр дүүрэгт байгаа хэдий ч янз бүрийн арга хэмжээнд батлагдсан тохиолдлуудтай хамт оролцсон байгааг А.Амбасэлмаа дарга хэлсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр “Үзвэр үзсэн, караокед орсон, батлагдсан тохиолдолтой хамт хооллосон, мөн мэргэжлийн ажлаа буюу бариа засал хийсэн гэх мэт хүмүүс халдвар авсан байна. Халдвар гарсан дүүрэг, хороодыг танилцуулбал,

  • БЗД-ийн 4, 10 дугаар хороо /17 тохиолдол/
  • СБД-ийн 13, 16, 18  дугаар хороо /11 тохиолдол/
  • БГД-ийн 1, 4, 6, 18 дугаар хороо
  • СХД-ийн 7, 19 дүгээр хороо /11 тохиолдол/
  • ХУД-ийн 10, 16, 21 дүгээр хороо /5 тохиолдол/
  • Багануур дүүргийн 4 дүгээр хороо /1/
  • ЧД-ийн 19 дүгээр хороонд /9 тохиолдол/ амьдардаг, ажилладаг иргэд коронавирусийн халдварт өртсөн байна” хэмээн хэллээ.                                                                                                                                                                              Банкны болон бусад үйлчилгээний ажилчид тусгай зориулалтын хувцас заавал өмсөх шаардлагагүй гэдгийг
    ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл зөвлөв. Тэрбээр “Иргэдийг нийтийн тээврээр зорчихгүй, аль болох гэртээ байх хэрэгтэйг анхааруулж байна. Хэрвээ зайлшгүй тохиолдолд нийтийн тээврийн хэрэгсэлд суувал хүн хоорондын зайг сайн барьж, заавал суудал алгасаж суугаарай.Мөн бэлэн мөнгөөр тооцоо хийхээс татгалзаж, картыг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Ингэхдээ мэдээж заавал бээлий өмсөх ёстой. Түүнээс гадна өчигдрөөс эхлэн зарим банк ажиллаж эхэлсэн. Банк, хүргэлтийн үйлчилгээний ажилчид зайлшгүй амны хаалт зүүж, бээлий өмсөх шаардлагатайг бид өмнө нь хэлж байсан. Түүнээс биш үйлчилгээний ажилчтнууд тусгай зориулалтын хамгаалалтын хувцас өмсөх шаардлагагүй.Зарим худалдаа, үйлчилгээний газар ажиллаж, үйлчилж байгаа хүмүүс зөвхөн коронавирусийн сэжигтэй тохиолдлуудтай харьцдаг эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын байгууллагын ажилчдын өмсдөг тусгай дэглэмийн хувцсыг өмсөх шаардлага байхгүй.Нэлээдгүй газар банкны ажилчид өмссөн байсан. Тэд ийм хувцас өмсөх шаардлагагүй бөгөөд зөвхөн бээлий өмсөж, амны хаалт зүүж, хүмүүстэй алсын зайнаас л харьцахад болно гэдгийг дахин хэлье” гэсэн юм.

    "Сорьц авах цэгүүдээр нийт 70,512 хүн коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгэжээ"

    Үргэлжлүүлэн "Улсын хэмжээнд коронавирус илрүүлэх шинжилгээ авах цэгт 70,512 хүн очиж, шинжилгээ хийлгэсэн байна. Нийслэл хотод гарсан голомттой холбоотойгоор ЗӨСҮТ-ийн хоёр баг 3,500 метр квадрат талбайд халдваргүйтгэл хийжээ" хэмээн хэллээ. 

Сэтгэгдэл бичих