Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг Засгийн газрын гишүүд болон холбогдох албаныхан нийтэд танилцууллаа.
Бүх шатны сургалтын байгууллагын танхимын сургалтыг ирэх сарын 1-нээс амрах хүртэл нь цахим болон теле хэлбэрээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, ЕБС, цэцэрлэг 12 сарын 18-ныг хүртэл, их, дээд сургууль нэгдүгээр сарын 5 хүртэл теле, цахим хичээлээ үзсэнээр амарна. ЕБС-ийн хувьд хоёрдугаар сарын 1, их, дээд сургууль хоёрдугаар сарын 15 хүртэл амрах юм.
Мөн Засгийн газрын хуралдаанаар зарим төсвийн ерөнхийлөн захирагч нарт хэмнэж буй төсвийн хөрөнгийг COVID-19 цар тахалтай тэмцэх ажилд захиран зарцуулах эрхийг олголоо.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусний 640 тохиолдол бүртгэгдсэний 204 нь дотоодын халдвар байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 51, Сэлэнгэ аймагт 98, Дархан-Уул аймагт 20, Орхон аймагт 17, Дорноговь аймагт 17 тохиолдол бүртгээд байна.
Мэдээллийн үеэр Шадар сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ирэх сарын 1-нээс танхимын бүх хичээлийг зогсоож байна. Тэгэхээр Улаанбаатарт байгаа оюутнууд буцна. Мөн нийслэлд гацсан байгаа орон нутгийн иргэд бий. Энэ хүмүүсийн асуудлыг хэзээ шийдэх вэ?
-Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт гацсан иргэдийн судалгааг гаргаж дуусаж байна. Эдгээр иргэдийг бүртгэх аппликейшн бэлэн болгосон. Мөн иргэдийг хөдөө орон нутаг руу явуулах түр журмыг баталсан байгаа. Эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн байгууллагын тархвар судлалын судалгаагаар иргэдийг өнөө, маргаашдаа гаргаж чадахгүй, маш их эрсдэлтэй гэж үзэж байгаа.
Монгол Улсад төмөр зам дагасан халдвар 5 аймагт бий. Хэрэв иргэдийг гаргавал 21 аймагт энэ өвчнийг алдах магадлалтай гэдгийг эрсдэлийн үнэлгээгээр гаргасан. Улаанбаатар хотод орон нутгаас ирээд гацсан 27 мянга 169 хүн байна гэсэн судалгаа байна. Улаанбаатарт ирэх хүсэлт гаргасан 11 мянга гаруй иргэн байна. Яг цаг нь тулахаар энэ тоо нэмэгдэх байх. Аймаг хооронд зорчих хүмүүсийн тоо ч өндөр гарч байна. Зөвхөн албан ажлаар Улаанбаатар хотод ирсэн төрийн албан хаагч 1907 байна. Удахгүй шийдвэр гарахаар бүртгэлийн аппликейшныг танилцуулна. Ингээд уг аппликейшнд бүртгүүлснээр хаана шинжилгээ өгөх, хаана очихоос эхлээд бүх зүйл тодорхой болох юм. Нийслэлээс гарахад нь аймгийн цагдаа, орон нутгийн байгууллагуудын хяналтан дор зөөнө. Үүнтэй холбоотой бүртгэл, судалгааны зэрэг ажил бэлэн болж байна. Хот хоорондын автобусаар явахад нэг автобусанд хамгийн ихдээ 12-15 хүн л явна. Энэ мэт судалгааг хийгээд, ариутгал халдваргүйжүүлж байна. Бид ч иргэдээ явуулахын төлөө байгаа. Тухайлбал, Өвөрхангай аймгийн 4247 иргэн хотод байна. Энэ иргэд очиход Өвөрхангайн 120 мянган иргэн эрсдэлд орох учраас нухацтай хандаж байгааг иргэд зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна.
-Коронавирусний ямар вакциныг хаанаас авахаар төлөвлөж байна вэ?
Я.Содбаатар: Вакцины асуудлыг лхагва гарагийн ээлжит хуралдаанаар албан ёсоор ярина. Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын баг вакциныг хэрхэн авах, аль орноос авахад зардал их, бага байх зэргийг судлаж байгаа. Үүний дүнг Засгийн газрын хуралдаанаар сонссоны дараа тодорхой шийдвэр гарна.
-Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
З.Мэндсайхан: Хүний бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан бид хангамжид түлхүү анхаарсан. Хүнсний нөөцийн дутагдалд оруулахгүй байх, хангамжийг тасалдуулахгүй байхад анхаарч байна. Өндөгний хувьд л дотоодын хоёр том компани өдөрт 520-550 мянган ширхэг өндөг зах зээлд нийлүүлдэг. Бэлэн байдалд шилжсэний дараа иргэд худалдан авах, нөөцлөх нь нэмэгдсэн тул тасалдсан тохиолдол бий. Гэхдээ энэ хоёр компани бүтээгдэхүүний үнээ нэмээгүй. Үнийн асуудалд ШӨХТГ хяналт тавьж байгаа. Коронавирусний улмаас гадаадын ургамлын тосны зарим үйлдвэр хаагдсан. Тиймээс гадаад зах зээлд ургамлын тосны үнэ өссөн. Энэ сарын 18-нд л гэхэд ОХУ-д нэг литр ургамлын тос 1.21 ам.доллар болж өссөн байгаа юм. Түүнээс биш бэлэн байдал зарласантай холбоотойгоор үнэ өссөн асуудал байхгүй. Өнөөдрөөс эхлээд нөөцийн махыг Улаанбаатар хотод борлуулахаа больж байна. Учир нь 494 тонн мах зах зээлд нийлүүлсэн. Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан эхний өдрүүдэд 80-90 тонн нөөцийн мах борлуулж байсан бол сүүлийн 2 өдөрт 20-15 тонн болж буурсан. Тиймээс иргэдийн махны нөөц боломжийн түвшинд байгаа гэж үзэж байна. Түүнчлэн орон нутгаас ирж байгаа махны судалгааг нийслэлд нэвтрэх постууд дээр тооцож гаргахад, өдөрт 550-60 тонн мах орж ирж байна. Тэгэхээр мах нийлүүлэлт хангалттай гэж үзэж байгаа.
Үйлдвэрүүд өдөрт 450-600 тонн гурил хүнсний дэлгүүрүүдэд нийлүүлж байна. Тэгэхээр үнийн өсөлтийн асуудал гараагүй.
-Нутаг буцах оюутнуудын дотуур байрных нь төлбөрийг буцааж олгох уу?
Л.Цэдэвсүрэн: Их дээд, сургуулиудын дотуур байран 11.2 мянган хүүхэд бий. Эдгээр хүүхдүүдээс Дотуур байрандаа үргэлжлүүлэн амьдрах бол амжиргааных нь эх үүсвэр хаанаас бий болох, аав, ээж нь хүүхдээ хоол хүнсээр хангах боломж байна уу зэрэг асуумж, судалгаа авч байгаа. Учир нь бүх нийтийн бэлэн байдлыг хугацааг сунгаснаар дотуур байрны хүүхдүүд хоол хүнсний дутагдалд орсон учраас өнгөрсөн Засгийн газрын хурлаар цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн хоол хүнсний зардлаас хэмнэсэн мөнгөөр дэмжлэг олгосон. Өнгөрсөн долоо хоногт хэмнэсэн мөнгөнийнхөө 70 хувийг их дээд сургуульд шилжүүлсэн.
-44 мянга гаруй хүүхэд хүнсний дутагдалд орох эрсдэлтэй гэсэн судалгаа байна. Эдгээр хүүхдүүдэд ямар дэмжлэг олгох вэ?
Л.Цэдэвсүрэн: Эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдүүдийн судалгааг энэ сарын 15-18-нд хийсэн бөгөөд улсын хэмжээнд 44 мянга 282 хүүхэд байна гэсэн дүн гарсан. Үүнээс 11 мянга гаруй нь цэцэрлэгийн, ерөнхий боловсролын сургуульд 25 мянга гаруй хүүхэд бий. Өнөөдөр энэ асуудлын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, цэцэрлэг, сургууль болон дотуур байрны хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэхээр бэлтгэсэн байсан нөөцөөс эрсдэлт бүлэгт байгаа өрхөд тодорхой дэмжлэг олгох чиглэл өгсөн.
-Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалт ямар шатандаа явна вэ?
Л.Халтар: Дарханы замын хөдөлгөөнийг энэ сарын 6-нд нээсэн. Хөдөлгөөн нээх, ашиглалтад оруулах гэдэг бол хоёр өөр ойлголт. Ашиглалтад оруулна гэдэг бол бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссаны дараа улсын комисс хүлээж авахыг хэлдэг. Харин хөдөлгөөн нээнэ гэдэг бол хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан бүтээн байгуулалтын ажлыг түр зогсоогоод, ирэх оны гуравдугаар сарын 15 хүртэл нээсэн. Өнгөрсөн оны үе шиг энхэл донхол болсон замаар иргэдийг зорчуулахгүй гэдэг амлалтадаа бид хүрсэн.
-"Энхсаран" сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсантай холбогдуулан хуулийн байгууллага шалгаж байгаа юу?
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Өргөдөл гомдол шалгах хүрээнд өнөөдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар прокурорын байгууллагад материал хүргүүлсэн. Ерөнхийдөө хувийн сектор, онцгой байдал, эрүүл мэндийн зэрэг 10 гаруй хүний халдвар хамгааллын дүрэм журам зөрчсөн байж болзошгүй гэсэн байдлаар шалгаж байна. Маргааш хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар өгсний дараа дээр дурдсан хүмүүсийг хуулийн байгууллага нэг бүрчилж дуудаж тайлбар авна. Одоогоор, Энхсаран сувилалд гаднаас эд зүйл худалдан авч зөөж оруулдаг, бөөнөөрөө нийлж "лайв" хийсэн, нийтийн ариун цэврийн байртай гэх зэрэг олон асуудал тодорхой болж байна. Хуульд заасан үндэслэл журмын хүрээнд шалгаж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах ажил хуулийн дагуу явна. Миний хувьд, Энхсаран гэж сувилал байтугай түрээслэх нэг өрөө ч байхгүй.
-Хүүхдийн мөнгө олгосон ч бусад зээл рүү шууд татан авсан асуудал гарсан талаар иргэдээс гомдол мэдүүлж байна. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Шадар сайд Я.Содбаатар:Хүүхдийн мөнгө бусад зээл рүү татаж байна гэсэн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч, Хаан банк, Төрийн банкны удирдлагыг дуудаж чиглэл өгсөн. Тодруулбал, автоматаар шууд холбосон цөөн тооны дансанд ийм асуудал гарсныг үгүйсгэхгүй. Өнөөдрөөс халамжийн мөнгийг бусад зээл рүү татан авч байгаа асуудлыг зогсоохыг Монголбанкнаас чиглэл өгөөд байна.
-Халдварыг хэдэн хувьтай хумьсан гэж үзэж байна вэ?
-Шадар сайд Я.Содбаатар:Улаанбаатар хотод жолооч Д-гээс гаралтай болон Сэлэнгэ аймагт төмөр замаас гаралтай голомтыг хумихаар ажиллаж байна. Тоо зарлах хараахан болоогүй. Зохион байгуулах ёстой бүх арга хэмжээгээ төлөвлөгөө ёсоор авсан. Тухайлбал, Сэлэнгэ, Алтанбулаг, Сүхбаатар аймгийн 27 мянган хүнийг шинжилгээнд хамруулах ажил 70 хувьтай байна. Мөн төмөр замын сүлжээ дагасан таван аймгаас 15900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулахаас 315 нь үлдсэн. Дархан-Уул аймагт түүврээр 20 мянган хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжиллээ. Мөн тус аймгийн 28 300 өрхийн нэг гишүүн бүрийг шинжилгээнд хамруулах ажил өнөөдрөөс эхэлж байна. Эрдэнэт үйлдвэрийн 6600 ажилчдыг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй.
-Засгийн газрын одоогийн байр суурь цаашид хөл хориог үргэлжлүүлэхээр байгаа юу?
-Шадар сайд Я.Содбаатар:Засгийн газар энэ долоо хоногт цаашид хэрхэх асуудлаар шийдвэр гаргана. Одоогоор оноглогоо, шинжилгээний явцаас хамаарч шийдвэр гаргах боломжгүй. Гэхдээ Засгийн газар, УОК-оос хэд хэдэн хувилбарыг тооцоолж байна. Хөл хориог цаашид сунгах, эсхүл хэсэгчлэн үргэлжлүүлэх зэргээр хэвийн байдалд хэрхэн шилжих олон улсын арга туршлагыг нарийвчлан тооцоолно. Энэ долоо хоногийн дунд үеэр мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж гарах учиртай. Тухайлбал, эрүүл мэндийн салбараас тархвар судлалын зураглалаа гаргаж хөл хориог цаашид хэрхэн явуулах бодлогын зөвлөмж гаргана. Мөн УОК-ын дэргэдэх мэргэжлийн эрдэмтдийн зөвлөлөөс дөрөвдэх өдөр зөвлөмж гаргах юм. Тиймээс мэргэжлийн байгууллагын зөвлөмжид үндэслэж шийдвэр гарах тул 12 дугаар сарын 1-нээс хэрхэхийг одоогоор хэлэх боломжгүй байна. Цаашид ерөнхийдөө тусгаарласан ойрын хавьтлуудаас халдвар илрэх өнгөтэй байна.