Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11.00 цагт мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Тэрбээр "11 дүгээр сарын 22-нд улсын хэмжээнд нийт 3,011 хүнд PCR шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймагт өчигдрийн 17:00 цагаас хойш халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй, 20 тохиолдолтой байгаа. Мөн Дорноговь, Орхон аймагт нэмж тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тус тус 17 тохиолдолтой байгаа. Говьсүмбэр аймагт шинээр халдвар нэмэгдээгүй, 1 тохиолдолтой байгаа. Сэлэнгэд нийт 98 тохиолдол байна. Тус аймагт шинжилгээ, судалгаа үргэлжилж байна" гэв.
Харин Улаанбаатар хотод 11 хүнд коронавирусийн халдвар шинээр илэрсэн байна. Эдгээр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мөн мэдээлэв. Тэрбээр "Гурван хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байгаа. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээг хийсэн байна" гэв.
"Улаанбаатар хот болон таван аймагт үндсэндээ хоёр том голомт бий. Эхнийх нь иргэний голомт, нөгөөх нь төмөр зам дагуух хот суурин газрын кластер халдвар. Хоёр голомтоос нийт 204 тохиолдол байна".
Дотоодод бүртгэгдсэн 204 халдвар: /2020.11.23/
- Улаанбаатарт 51
- Дархан-Уул 20
- Дорноговь 17
- Орхон 17
- Говьсүмбэр 1
- Сэлэнгэ аймагт 98 байна. Одоогийн байдлаар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн болон дотоодын халдвар нийлээд 640 тохиолдол боллоо. Үүнээс 340 хүн нь буюу 53 хувь нь эдгэрээд байна".
Цэргийн төв эмнэлэгт өчигдрөөс эхлэн коронавирусийн батлагдсан халдварын хөнгөн өвчтөнүүдийг эмчилж эхэлсэн тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр “ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт өчигдрөөс эхлэн коронавируст халдварын хөнгөн өвчтөнүүдийг эмчилж эхэлсэн.
Тухайн хоёр эмнэлэгт одоогоор нийт 293 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээрээс биеийн байдал хөнгөн 245, хүндэвтэр 48 хүн байгаа" хэмээн онцлов.
Үргэлжлүүлэн "Бид өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлын хоёрдугаар хавьтлын 7,787 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Үүний зэрэгцээгээр төмөр замын хэсэгт болон Улаанбаатар хотод нийлээд түргэвчилсэн тестийн шинжилгээг 30,000 орчим хүнд хийхэд коронавирус илрээгүй. Гэхдээ хавьтлыг илрүүлэх, тандах судлах ажиллагаа үргэлжилнэ.
Мөн бид хүн ардынхаа дунд халдвар илрүүлэх ажлыг өргөн хүрээтэйгээр түргэвчилсэн тестээр хийж буй.
Түүнээс гадна томуугийн тандалтын ажлаа идэвхжүүлэх зорилгоор бүх дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд амьсгалын замын халдвараар эмнэлэгт хэвтсэн хүн бүрд коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ч амьсгалын замын ханиад шуухинаагийн шинж тэмдэгтэй ирсэн хүмүүст коронавирус илрүүлэх шинжилгээг давхар хийж байна" хэмээв.
Улсын хэмжээнд "COVID-19"-ээс урьдчилан сэргийлж нийт 2299 хүнийг тусгаарлаад байгааг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдэгдлээ.
Өчигдөр Цэргийн төв эмнэлэг болон бусад газраас 146 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлжээ. Тухайн иргэдийг НОК-оос хаягаар нь гэрт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Гэрийн ажиглалтад шилжиж буй иргэдийн гар утсанд апплекейшн суулган давхар хянаж, 14 хоног дэглэм сахих баталгааг нь гарын үсэг зуруулан авч байгааг хэллээ.
ХӨСҮТ-өөс клиникийн чиглэлээр эмч, ажилтнуудын баг орон нутагт буюу 4 аймаг болон холбогдох суманд ажиллаж байна. Багт 4 эмч, тус бүр нэг сувилагч, асрагчтай ажиллаж байна. Тухайлбал, Сэлэнгэд аймаг эмч нар нэг нэгээрээ, Дархан-Уул болон Орхон аймаг мөн тус бүр нэг эмч, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Мандал суманд мөн нэг эмч газар дээр нь ажиллаж байна.
Тусгаарлан ажиглах байранд Улаанбаатар хотод 48 эмч, 58 резидент, онцгой болон цагдаагийн 88, нийт 194 алба хаагч аюулгүй байдлыг хангах, тусгаарлагдаад буй иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилгоор ажиллаж байна гэв.
"COVID-19"-ийн тохиолдол илэрсэн аймгууд дээр ажиллаж буй хүн хүчийг товч танилцуулвал:
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд суурин болон хөдөлгөөнт 25 цэгт 60 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж шинжилгээ авч байна. Тус аймагт нийтдээ 279 иргэнийг тусгаарлажээ.
- Говь-Сүмбэр аймагт 11 цэгт, 31 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж шинжилгээ авч байна. Хорио цээрийн дэглэмийг сахиулахаар төрийн 343 алба хаагч, 58 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.
- Орхон аймагт 12 цэгт, 42 эмч, эмнэлгийн ажилтан шинжилгээ аван ажиллаж байна. 1029 алба хаагч ажиллаж байна. Өдөрт дунджаар 29 хүн ээлжлэн алба хааж байна.
- Дорноговь 11 суурин болон хөдөлгөөн цэгт 97 эмч, эмнэлгийн ажилтан, төрийн 152 алба хаагч, 27 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
- Дархан-Уул аймагт 9 цэгт 63 эмч, эмнэлгийн ажилтан шинжилгээ авах ажлыг зохион байгуулж, 900 төрийн алба хаагч бэлэн байдлын дэглэмийг сахиулан 32 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна гэв.
Нийтдээ нийслэл хотыг оролцуулаад 327 цэгт 10899 хүн, 7368 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэн ажиллаж буйг тэрээр мэдээллээ.