Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 26-гаар нэмэгдэж, 608 боллоо

оруулсан Алсын Хараа

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 21-нд 1305 хүнд шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр 26 хүнд коронавирус илэрчээ.

Дотоодод голомтлон гарсан халдварыг байршлаар нь танилцуулбал, Улаанбаатарт  2 тохиолдол нэмэгдэж 40, Сэлэнгэ аймагт  19 тохиолдол нэмэгдэж 77, Дархан-Уул аймагт  4 тохиолдол нэмэгдэж 20, Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдэж 17, Орхон аймагт  шинээр тохиолдол бүртгэгдээгүй 17 байгаа бол Говьсүмбэр аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй нэг хэвээр байна. Дотоодын халдварын тоо  ийнхүү 172 боллоо.

Ингэснээр манай улсад коронавирусний халдварын тохиолдол 608 болж байна. Үүнээс 337 хүн буюу 58 хувь нь эдгэрчээ.

ХӨСҮТ-д коронавирусний улмаас 264 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хүнд, 41 нь хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

Дэлхийд сүүлийн 24 цагийн хугацаанд 640 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авлаа. Энэ нь коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн олон хүний халдвар авсан өдөр болсон. Өнгөрсөн өдрөөс 20 гаруй мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 26-гаар нэмэгдэж, 608 боллоо. Тодруулбал,

  • Эдгэрэлсэн- 337
  • Эмчлэгдэж байгаа- 264
  • Нутаг буцсан- 7 хүн байна.

Нийслэл хот болон таван аймагт кластер хэлбэрээр бүртгэгдэн гарч байгаа. Хариу арга хэмжээг хурдан аваагүй бол коронавирусийн халдварын тохиолдол 4-5 дахин нэмэгдэх байлаа" гэв.

ЭМЯ-ны 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Монгол Улс коронавирусний халдвартай иргэдээ амжилттай эмчилж байгаа. Цаашид нийт хүн амынаа дархлааг хэрхэн тогтоох вэ. Аль улсаас вакцин авахаар яриа хийж байгаа вэ?

-Дархлаа тогтоох хоёр арга бий. Нэгдүгээрт, энгийн буюу хүн сайн унтаж амрах, агаарт гарах, биеийн тамирын дасгал хийх зэрэг. Хоёрдугаарт, вакцин. Дэлхий нийтэд 140 гаруй вакцин хөгжүүлж  байгаа. Үүнээс 10-ыг нь амжилттай хөгжүүлж байна. Тухайлбал, АНУ-д 3, БНХАУ-д нэг вакциныг хийж байгаа. ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран коронавирусний вакциныг жигд түгээх “Ковакс” хөтөлбөр баталсан. Монгол Улс энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээсэн бөгөөд анхны орнуудын нэг болсон. Вакцин аваад эхний ээлжинд хүн амын 20 хувь буюу эмнэлгийн ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүсээ хамруулна. Мөн Засгийн газар олон улсын байгууллагуудын дэмжлэгээр хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахаар төлөвлөж байна.

-Дотоодын эрдэмтэд Монгол хүний уургийн бүтцийг таних чадвар бүхий оношлуур зохион бүтээсэн тухай мэдээлэл бий. Энэ оношлуураа ашиглаж байгаа юу?
-Бид ДЭМБ-ын баталгаатай оношлуурыг хэрэглэж байгаа. Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурын талаар тусгай ажлын баг гарсан.
-Дотоодын халдварын анхны тохиолдол Улаанбаатарт илэрснээс хойш олон газар голомт гарлаа. Энэ голомтууд бүгд Улаанбаатарынхаас үүдэлтэй юу?
-Улсын хэмжээнд 2 том кластер буюу багц өвчлөл байгаа. Нийслэлд коронавирусний дотоодын халдварын 40 тохиолдол байгаагаас 34 нь анхны тохиолдлын ойрын 433 хавьтал бий. Харин 6 нь төмөр замын ажилтнууд. Төмөр замын ажилтнуудын дунд энэ сарын 6-8-нд спортын тэмцээн болсон. Энэ тэмцээнд Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх төмөр замын 16 цэг, төв суурин газрын 150 гаруй ажилтан орсон байна. Үүнтэй холбоотойгоор төмөр замыг дагасан кластер бүртгэгдэж байгаа юм. Бүх голомтоос ойрын болон дам хавьтлын 10 мянга гаруй хүнийг илрүүлж, шинжилгээнд хамруулж байна.

-Ням гарагт  түргэн болон  PCR шинжилгээ хийж буй төвүүд амарч байгаа. Үүнтэй холбоотой хүнс ачсан жолооч нараас шинжилгээний хариу шаардаж байгаа учраас нийслэлээс гарах боломжгүй байна. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Хөдөө орон нутгаас ажил, амины шугамаар ирсэн хүмүүсийг нийслэлэс гаргах ажлыг УОК, УОК-ын дэргэдэх Шуурхай штаб хариуцан ажиллаж байгаа. Нэгэнт Улаанбаатар хотод багц өвчлөл байгаа учир тархалтын гинжин хэлхээг таслах зорилготой ажиллаж байна. Хүн амын хөдөлгөөнийг багасгах нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ учраас иргэд хүлээцтэй хандах хэрэгтэй. Нийтийн эрх ашгийн төлөө хэрвээ тухайн иргэн өөрийн аймаг, орон нутагтаа халдвар аваачвал түүнээс илүү гарз хохирол учирна гэдгийг ойлгож хүлээцтэй, тэвчээртэй хандахыг хүсэж байна.

-Халдвартай нь батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-ийн нэг өрөөнд гурав, гурваар нь хэвтүүлж байна гэсэн мэдээлэл ирж байна. Энэ талаар тодруулна уу?

-Нэг цаг үед, нэг нууц үеийн хугацаанд, ижил шинж тэмдэгтэй оношлогдож батлагдсан тохиолдлыг нэг өрөөнд эмчилж болно гэсэн олон улсын жишиг заавартай. Тиймээс  бид ор хоорондын зайг нь бариад ижил цаг хугацаанд вирус нь илэрсэн, ижил шинж тэмдэгтэй иргэдийг нэг өрөөнд эмчилнэ. Халдварын голомтод авч хэрэгжүүлж буй арга хэмжээ бол нэгдүгээрт илрүүлэг. Илрүүлэхийн тулд шинжилгээ хийх, хяналтад байх, хяналтаас гарах иргэдээ илрүүлж ялгана. Хоёрдугаарт, эрэмбэлэн ангилалт хийнэ. Үүгээр хэнийг, хаана хэвтүүлэх вэ гэж ангилна. Хүнд, хөнгөний ялгаанаас шалтгаалан эрчимт болон хүчилтөрөгчийн эмчилгээнд орох хүмүүсийг тусгайлан эмчилнэ. Мөн тусгаарлах арга хэмжээ авна. Халдварын голомтод орсон, ойрын хавьтал, өвдөх эрсдэлтэй гээд тусгаарлан хөл хорионд  авах, бусад тусгаарлах байруудад авч буй арга хэмжээ юм. Түүнчлэн нийт иргэдэд зориулсан гар угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ авна.

Эхний батлагдсан тохиолдлууд нэг гэр бүлийн халуун голомтоос гарч буй учир хөл хорионд байгаа иргэд айл хунараараа нийлж аль болох бөөгнөрөхгүй байх, гэртээ хувийн ариун цэвэр сахих хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.

Сэтгэгдэл бичих