Коронавирусний нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр /2020.11.21/ 11.00 цагт боллоо.
ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 20-нд 3071 хүнд шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр 21 хүнд коронавирус илэрчээ.
Тодруулбал, Улаанбаатарт хотод тав, Сэлэнгэ аймагт тав, Дорноговь аймагт зургаа, Орхон аймагт дөрвөн тохиолдол шинээр бүртгэгджээ.
Улсын хэмжээнд гарч буй кластер буюу багц тохиолдлыг танилцуулбал, Улаанбаатар хотод 38, Сэлэнгэ аймагт 58, Дорноговь аймагт 12, Орхон аймагт 16, Говьсүмбэр аймагт 1, Дархан-уул аймагт 16, нийт 142 тохиолдол бүртгэгдэж байна.
Ингэснээр, манай улсад коронавирусний халдварын тохиолдол 578 бүртгэгдэж байна. Үүнээс 337 хүн эдгэрчээ. ХӨСҮТ-д 234 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд, 42 нь хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.
Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагт 620 мянган хүн шинээр коронавирусний халдвар авсан нь уг вирус анх тархаж эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Энэ нь коронавирусний эрсдэл улам бүр ихсэж байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харицах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. Тэрбээр, “Дэлхийн хэмжээнд 218 улсад 56.6 сая хүн коронавирусээр халдварлаад байна” гэлээ.
Монгол Улсын хувьд коронавирусний эрсдэлээс сэргийлэхээр ажиллаж байгаа бөгөөд ЗӨСҮТ хоёр баг ариутгал хийж буй юм. Коронавирусний эрсдэлээс сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгөх ЭМЯ-ны 3 тусгай дугаарт өнгөрсөн 24 цагт 3228 иргэн хандаж, зөвлөгөө авчээ.
Өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Манай улсын хувьд коронавирусээр халдварласан 337 хүн эдгэрсэн. Коронавируст халдвартай хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Коронавирусний зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлоос эхлэн Олон улсын жишгээр ДЭМБ-ын зөвлөмжөөр эмчилгээний удирдамжийн дагуу эмчилгээг хийж байгаа. Эмчилгээний үр дүн гарч эхэлсэн. Коронавирусээр батлагдсан тохиолдлыг эхний үед вирусний эсрэг эмчилгээ хийнэ. Вирусийн эсрэг аргетол, аваген, ланевел, ремдезивир зэрэг дөрвөн төрлийн эмийг өвчнийх нь явц, эмнэл зүйн байдлаас шалтгаалан хэрэглэж байгаа. Түүнээс гадна дархлаа дэмжих эмчилгээг хийж байна. Хүндэрсэн, уушгиндаа хатгаатай, нэвчистэй бол антибиотик эмчилгээг хэрэглэж байгаа.
-Эмчлүүлж буй хүмүүсийн дунд архаг хууч өвчтэй хэдэн хүн байгаа вэ. Архаг хууч өвчтэй хүмүүс илүү өвчилж байгааг та бүхэн мэдээлж байгаа. Мөн өвчтөн ямар хугацаанд эдгэрч байна вэ?
-Эмнэлгийн ор хоног дунджаар 14-64 хоног байгаа. Дунджаар 28 хоног эмчлүүлж байна.
-ЭМЯ-ны мэдээллээр халдвартай хүмүүсийн тухай тоон мэдээлэл нь зөрөөтэй явж байна. Нэгтгээд системтэй өгч болох уу?
-Өдөрт гурван удаа мэдээлэл шинэчлэгдэж өссөн дүнгээр явж байгаа. Өглөө 10.00 цаг гэхэд Нийслэлийн Шуурхай штаб, УОК, ЭМЯ-нд мэдээлэл явж байгаа. Дараа нь 10.00-15.00 цагийн хооронд шинээр илэрсэн тохиолдлыг 17.00 цагт мэлээлж байгаа. Дараагийн өдөр нь 17.00 цагаас хойш илэрсэн тохиолдлыг мэдээлж байгаа. Энэ тоон дотор хүмүүс төөрөлдөж магадгүй. Эцсийн нэгдсэн дүнг хамруулан ЭМЯ-ны 11.00 цагт мэдээлж байгаа.
-Халдвартай байх эрсдэлтэй хүмүүсийн маршратыг танилцуулж болох уу?
-Нийслэлийн хэмжээнд коронавирусний шинжилгээ авах 18 цэг ажиллаж байгаа. Тухайн цэгт шинж тэмдэг илэрсэн, эсвэл бидний мэдээлж буй караоке, цайны газраар үйлчлүүлсэн, тоглолт үзсэн гэх мэт халдвар авсан байх эрсдэлтэй иргэдийг дүүрэг бүртээ байгуулагдсан төвөөр үйлчлүүлж болно.
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг бид маш богино хугацаанд 24 цагийн дотор цаашлаад 48 цагийн дотор тусгаарлаж байгаа. Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан ойрын хавьтлаас энэ халдварууд гарсан. Тиймээс гадуур хоёрдогч, хаа хамаагүй улсуудаас халдвар илрээгүй гэж ойлгох хэрэгтэй.