Коронавирусний нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 19-нд нийт 3625 шинжилгээ хийхэд 37 хүнд коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, Сэлэнгэ аймагт ажиллаж буй ЗӨСҮТ-ийн авто лабораторид 466 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Дорнод аймгийн лабораторид тандалтын зорилгоор хийсэн 3 сорьцод коронавирус илрээгүй. Өмнөд Судан улсаас 10 дугаар сарын 31-нд ирсэн 214 энхийг сахиулагчийн гурав дахь шинжилгээгээр нэг хүнд халдвар илэрчээ. Алтанбулагийн боомтоор 11 дүгээр сарын 16-нд ирсэн Тир машины нэг жолоочоос халдвар илэрчээ. Франкфурт-Улаанбаатрын онгоцоор 10 дугаар сарын 24-нд ирсэн 65 хүн, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа 16 эмч, ажилтны шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Өчигдрийн 17.00 цагаас хойш 37 хүнд коронавирус илэрсэн байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн лабораторид 63 хүний сорьцод шинжилгээ хийхэд 5 хүнд халдвар илэрчээ. Тус аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 16 болж байна. Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж тус аймагт нийт 51 тохиолдол болжээ. Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Замын-Үүд суманд 4 тохиолдол бүртгэгдэж тус аймагт нийт 6 тохиолдол батлагдаж байна. Улаанбаатар хотод шинээр 15 тохиолдол илэрснээр 33 тохиолдол бүртгэгдлээ. Улсын хэмжээнд багц өвчлөлийн тоо 120 болж байна.
Ингэснээр, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 555 бүртгэгдэж буй юм. Үүнээс 335 нь эдгэрчээ. ХӨСҮТ-д коронавирусний халдварын улмаас 213 хүн эмчлүүлж байна.
-Багц өвчлөл хэдэн газар гарсан бэ?
-Нийслэл хот болон 5 аймагт өвчин коронавирус бүртгэгдсэн. Нийт 120 тохиолдол бүртгэгдээд байна.
-Халдвар хүнсээр дамжих уу?
-Дэлхий нийтэд хүнээр дамжсан тохиолдол бүртгэгдээгүй. Харин хүнсний гадуурх сав, баглаа, боодлоор коронавирус дамжсан тохиолдол Сингапур, Австрали, БНХАУ-д бүртгэгдсэн байна. Тэр дундаа БНХАУ-ын хүнсний захын кластер бол хүнсний сав, баглаа, боодлоос тархсан байх магадлалтай гэсэн судалгаанууд бий.
-Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбоотой зөвлөмж өгнө үү?
-ЭМЯ-ны “COVID-19” хуудсанд энэ талаар зөвлөмж гарсан. Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой гурван зөвлөмж бий. Байгууллага бол ажилтнуудынхаа халууныг үзэж, тэмдэглэл хөтлөх бөгөөд амны хаалт зүүлгэх үүрэгтэй. Мөн үйлчлүүлэгч зайгаа барих 1.5-3 метрийн тэмдэглэгээг зайлшгүй хийсэн байх ёстой. Гуравдугаарт, лангуу, тэрэг, сагс зэргийг 25 мл близна хийсэн 1 литр усаар өдөрт 2 удаа арчиж ариутгах ёстой. Мөн карт уншигч машиныг спиртэн суурьтай хөвөнгөөр арчих, бэлэн мөнгөөр тооцоо хийх бол үйлчлэгч болон үйлчлүүлэгч бээлий өмссөн байх шаардлагатай. Жимс жимсгэнэ, цагаан идээ зэргийг ил задгай байрлуулахыг хориглох бөгөөд амталгаат худалдаа хийж болохгүй. Улмаар иргэнд хүнсний хавчаараар авч өгөх ёстой юм.
Түүнчлэн ширээ сандал, тавцан, хаалганы бариулыг зориулалтын шүршигчээр шүрших эсхүл хлортой усаар арчих, бие ззасах газрыг өдөрт 2-3 удаа ариутгах ёстой. Харин албан хаагчид амны болон нүүрсний хаалт зүүж, бээлий өмсөх, гараа угаах ёстой. 38 хэмээс дээш халуунтай, үнэр амт мэдрэхээ болих, бие арзайх зэрэг шинж тэмдэг илэрвэл ЭМЯ-ны 1800-0119, 119 дугаарын утсанд хандаж, зөвлөгөө авах ёстой. Мөн ийм шинж тэмдэгтэй ажилтнаа нэн даруй тусгаарлах ёстой тул үйлчилгээний байгууллага заавал тусгаарлах өрөөтэй байх шаардлагатай.
Харин худалдан авагч нар амны хаалт зүүх, нойтон сальфетка эсхүл гар ариутгагчтай явах ёстой. Мөн хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй байх, амталгаа хийхгүй байх, зай барих хэрэгтэй. Түүнчлэн гэртээ ороод бүтээгдэхүүний сав, баглаа, боодлыг сод, давстай усаар арчсаны дараа хэрэглэх ёстой. Ингэсний дараа гараа сайтар угааж хэвших хэрэгтэй.
Өчигдөр дэлхий дахинд 594 мянган хүн коронавирус шинээр халдварлаж, өмнөх өдрийнхөөс өвчлөл 52 мянган тохиолдлоор нэмэгджээ. Түүнчлэн нас барсан хүний тоо 769-өөр өссөн байна.
ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Олон нииттэй харилцах, Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ, “Дэлхийн хэмжээнд 218 улс, нутаг дэвсгэрт бүртгэгдэж 55.9 сая хүн коронавирусний халдвараар өвчилсөн. Нийт 1.3 сая хүн эндэж, 39.6 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Монгол Улсын хувьд, коронавирусний 555 тохиолдол шинээр бүртгэгдээд байна. Нийслэл хот болон таван аймагт өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна. Ийм учраас иргэд халдвараас хамгаалж гэртээ байх шаардлагатай байна" гэлээ.
ЗӨСҮТ-ийн баг голомтын хоёр обьектын 1299 мкв талбайд эцсийн халдваргүйтгэл хийжээ. Тусгай дугаарын 119, 1800-0119, 1800-2000 гэсэн гурван утсанд 4600 хүн холбогдож, коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, шинжилгээ өгөх талаар зөвлөгөө авсан байна. Мөн ЭМЯ-ны 32300 утас руу 275 хүн холбогдож, эмнэлгийн үйлчилгээ, коронавирусээс сэргийлэх зөвлөмж зөвлөгөө авчээ.