2262 хуудас бүхий "Монголын нууц товчоон: Иж судалгаа" номын нээлт боллоо

оруулсан Алсын Хараа

Улс үндэстэн бүрт аж ахуй ба соёлын хөгжилт дэвшил, үүх түүх, гарал угсааг нь сийрүүлэн өгүүлсэн дурсгалт бичиг байдаг. Хойд хөрш болох Орос улсад л гэхэд “Игорийн хорооны үг” гэх арав дугаар зууны үеийн бүтээл буй бол Францад “Роланд баатрын дуулал”, Гүржид Руставелийн “Барсан хэвнэгт баатар”, харин эртний Грек “Илиада”, “Одиссэй” зэрэг зохиол, баатар туульс бий. Харин манай орны хувьд соёлын анханд тооцогдох бичгийн дурсгал нь “Монголын нууц товчоон” юм.

Тэгвэл өнөөдөр тохиож буй “Монгол бахархлын өдөр” Эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ойг бэлэгшээн бүтээсэн эрдэмтэн судлаач, профессор Б.Сумьяабаатарын “Монголын нууц товчоон: Иж судалгаа” номын нээлт цахим хэлбэрээр болов. Номын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байгын хорооны дарга Х.Болорчулуун болон номын ерөнхий редактор судлаач, яруу найрагч О.Содномпил, техник редактор, Хэл бичгийн ухааны доктор Д.Ганболд нар оролцжээ.

Профессор Б.Сумьяабаатар 1960-аад оноос эхлэн “Монголын нууц товчоон”-ыг судалж хөрвүүлэг болон, орчуулгын талаарх эртнээс эдүгээ хүртэлх ээдрээтэй олон асуудлыг нэгэн мөр болгоход чиглэхийн сацуу шинэ нээлт, ховор баримт, иж бүрэн судалгааг хамруулсан энэхүү цогц бүтээлийг хийхийн тулд нэгэн жарны хөдөлмөрөө шингээжээ. 2262 хуудастай тус номыг “Утга зохиолын судлал шинжлэл” редакц, “Их цуврал”-ын тэргүүн ботиор нэрлэсэн бөгөөд “Жи ком” пресс хэвлэлийн газарт хэвлүүлжээ.

Номын нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголчуудын эх түүх, бичиг соёл, мэдлэг оюуны далай мэт үлэмж сурвалж нь болох “Монголын нууц товчоон”-ы нууцсыг тайлсан бүтээлийг зохиогчид бас нэгэн “Монгол бахархал”-ыг бүтээжээ. Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр  монгол ном, соёлын бахархал болохуйц энэхүү номыг туурвисан та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээв.

Тус бүтээлд уйгаржин монгол бичгийн язгуур хэлбэр, уугаль санааг хадгалж шинээр буулгасан хөрвүүлэг багтсан нь “Монголын нууц товчоон”-ы бүрэн тайлбар толь гэдгээрээ онцлогтой. Мөнхүү хэмжээний хувьд хамгийн том ном гэгдэх буюу “Нууц товчоо судлал”-ыг шинэ шатанд гаргаснаар агуулгын хувьд ч өргөн цар хүрээтэй бүтээл хэмээн судлаачид үзэж буй билээ. Ийнхүү тус номыг бүтээхэд оролцсон эрдэмтэн зохиолч, судлаачдын сэтгэгдлийг уншигчидтайгаа хуваалцаж байна.


Номын ерөнхий редактор О.Содномпил:
Номын ерөнхий редактор, "Алтан Өд"-ийн эзэн О.Содномпил, техник редактор, Р.Чойномын өвийг хамгаалах "Өд" сангийн тэргүүн, Хэл бичгийн ухааны доктор Д.Ганболд. “Утга зохиолын судлал шинжлэл” цуврал хэдийнээ 40 ном хэвлэгдээд буй билээ. Редакц маань судалгаа, шинжилгээний Их цуврал, мөн оюутан, ерөнхий боловсролын сурагчдад зориулсан Бага цувралыг нийтлэхээр шийдвэрлэсэн юм. “Утга зохиолын судлал шинжлэл”-ийн “Их цуврал”-ын анхдугаарыг эрдэмт мэргэд, эгэл хүмүүний өмнө дэлгэн барьж байна. Их цувралаа “Монголын Нууц Товчоон”-ны цогц бүтээлээр эхэлж байгаадаа бид ихэд бэлэгшээж буй билээ. Бидний хэвлүүлэн буй “Монголын Нууц Товчоон” бол энэ цаг үеийн тулхтай эрдэмтэн, профессор Б.Сумьяабаатарын хагас зуун судалж шинжилсэн цогц бүтээл юм. “Монголын Нууц Товчоон”-ы нууцыг нээх эрдэм судлалын хөгжлийнх нь нэгэн шинэ үе шат эхэлж байна гэж хэлэхийг хүсэж байна.


Номын техник редактор, доктор Д.Ганболд:

Эрдэмтэн Б.Сумьяабаатарын энэхүү бүтээл нь 2262 хуудастай бөгөөд Эзэн Чингис хааны мэндэлсний 1100 жилийн ойг бэлгэшээн бүтээжээ. Монгол бахархлын өдрийн нэгэн тод түүх энэ буюу. Профессор Б.Сумьяабаатар 1960-аад оноос эхлэн “Монголын нууц товчоон”-ыг уйгагүй судалснаа ийн эмхэтгэн уншигч танд хүргэж байна. Нэгэн жарны хөдөлмөр шингэсэн бүтээл ажээ. Эл бүтээл нууц товчоо судлал болоод хөрвүүлэг, орчуулгын талаарх эртнээс эдүгээ хүртэлх ээдрээтэй асуудлыг нэгэн мөр болгоход чиглэхийн сацуу шинэ нээлт, ховор баримт, иж судалгааг хамруулсан цогц бүтээл хэмээн маш товчоор хэлье.


Номын техник редактор, судлаач Х.Чойдогжамц:

Эрдэмтэн Б.Сумьяабаатар абугай “Монголын нууц товчоон”-ы нэвтэрхий унших бичгийг бүтээсэн юм. “Монголын нууц товчоон”-ы үгийн уугал хэлбэр, язгуур санааг тусган шинэ хөрвүүлж:

Е Дэхүйн нангиад галиг эхийг гол болгож,
Ханз үсгийн нангиад дуудлага,
Мөр дагасан хадмал ба бөлгийн тус орчуулга,
Ром галиг,
Худам монгол сийрүүлэг,
Нангиад үсгийг компьютерт оруулах тоон товчлол,
Шинэ үсгийн буулгал 
зэргийг нэгэн дор оруулж судлагч болоод уншигч түмэнд “Монголын нууц товчоон”-ын голчлон барих унших бичгийг бий болгосон юм.

Сэтгэгдэл бичих