А.Амбасэлмаа: Улаанбаатар хот болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийтдээ 72 боллоо

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11-р сарын 19-ны 11.00 цагаас мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд 24 цагийн хугацаанд 536 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь өнгөрсөн өдөртэй харьцуулбал 79 мянган тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин манай улсын хувьд, COVID-19-ийн батлагдсан 505 тохиолдол бүртгэгдлээ. Өвчлөл Улаанбаатар хот болон таван аймагт багц хэлбэрээр гарч байна. Сүүлийн 24 цагт 1800-0119 утсанд 3,269 хүн хандаж, коронавируст халдварын болон эмнэлгийн үзлэг үйлчилгээтэй холбоотой зөвлөмж, зөвлөгөө авлаа” гэлээ.

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрбээр, "Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр 1,390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний сорьцод коронавирус илэрлээ. Улаанбаатар хот болон таван аймагт халдвар бүртгэгдэж, голомтлон гарч байна.

  • Улаанбаатарт 18
  • Сэлэнгэ аймагт 28
  • Орхон аймагт 13
  • Дархан-Уул аймагт 11
  • Дорноговь аймагт 1
  • Говьсүмбэр аймагт 1

Улаанбаатар хотод УБТЗ-ын харьяаллын хавьтлуудын дундаас 4 хүн халдвар авсан нь тогтоогдоод байна. Улаанбаатар болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийтдээ 72 боллоо. Алтанбулагаар энэ сарын 16-нд орж ирсэн 30 жолоочид давтан шинжилгээ хийхэд 7-оос нь халдвар илэрсэн. Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 505, эдгэрсэн 329 байгаа бол ХӨСҮТ-д 169 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл нэг хүн хүнд, 35 хүн хүндэвтэр, 126 хөнгөн байна" гэдгийг хэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны баг халдварын нөхцөл байдалд урьдчилсан байдлаар тооцоо хийж, халдвар тээгч нэг хүн хэчнээн хүнд халдвар тараах эрсдэлтэй байгааг тодорхойлжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэг хүн 2.5-3 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна. Хоёр хүнтэй ойрын хавьтал бол тэдгээрийн хавьтал 26-117 хүнд халдвар тараах эрсдэлтэй. Тийм учраас хөл хорионы арга хэмжээг эрт авснаар халдварын тохиолдлын тоог цөөрүүлж чадсан гэж үзэж байгаа.

Олон улсын жишгийг харвал хөл хорионы дэглэм халдварын тархалтыг 55 хувь хүртэл бууруулдаг гэх статистик байна. Манай улсад халдварын тархалтыг 60-70 хувь бууруулсан байна. Тиймээс иргэддээ амны хаалтаа зүүх, гадуур явахгүй, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад онцгой анхаарахыг зөвлөе. Хөл хорионы дэглэмтэй өдрүүдэд олон гэр бүл нэгнийдээ цуглаж, тоглож наадах явдал гаргахгүй байхыг ард иргэдээсээ хүсье. Төмөр зам дагуух аймаг, суурин газруудын төмөр замд ажилладаг иргэд коронавируст халдварын шинжилгээ өгч, өөрийнхөө биед ажиглалт тандалт хийхийг зөвлөж байна" гэлээ. Коронавирусийн халдвар нийслэл хот болон таван аймагт голомтлон гарсан энэ үед хүн бүхэн халдвар авах эрсдэлтэй гэдгийг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл санууллаа.

"Шатны бариулаас аль болох барихгүй байхыг хичээгээрэй"

Тэрбээр "Коронавирусийн халдвар нийслэл хот болон таван аймагт голомтлон гарч байгаа энэ үед хүн бүхэн халдвар авах эрсдэлтэй. Тиймээс гэртээ байх нь халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга юм. Иргэд зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдол л хүнс, эм, эмнэлгийн тусламж авахаар гэрээсээ гарах хэрэгтэй. Ингэхдээ заавал ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх нь чухал байна. Тухайлбал, иргэн Та гэрээсээ гарах тохиолдолд цахилгаан шатаар явахгүйг хичээгээрэй. Учир нь цахилгаан шат агаар муутай, амархан бохирддог орчин. Мөн шатаар буухдаа шатны бариулыг гараараа барихгүй бөгөөд бээлий өмсөх шаардлагатай. Дараа нь бээлийгээ сайн угааж цэвэрлэх дүрмийг сахихыг зөвлөж байна" гэсэн юм.

"Гэртээ ороод гадуур хувцсаа тайлахдаа сэгсрэхгүй байх, тусгай уутанд хийж өлгөхийг зөвлөж байна"

Үргэлжлүүлэн "Иргэд гэртээ ороод гадуур хувцсаа тайлахдаа сэгсрэхгүй байх, боломжтой бол тусгай уут саванд хийж өлгөх хэрэгтэй. Гадуур хувцсаа тайлаад, гараа хөөсөртөл угаасны дараа л хүүхэдтэйгээ харьцаарай.

Түүнчлэн хаалга зэргийг тохойгоороо онгойлгох нь зөв. Бохирдсон гарыг олон зүйлд хүргэхгүй байх нь хамгийн чухал. Эцэст нь, гадагш гарахдаа хүн бүр амны хаалт зүүх, бээлий өмсөх, нүдний шил зүүх нь халдвараас сэргийлэх үр дүнтэй арга юм. Гар утас, хэтэвч, нүдний шил зэрэг амархан бохирддог зүйлсийг спиртэн суурьтай халдваргүйжүүлэгчээр арчиж цэвэрлэх, гэртээ халуун бүлээн шингэн зүйлийг уух шаардлагатай" хэмээн зөвлөлөө. Мөн "Томуугаар өвчилсөн болон уушгины архаг хууч өвчтэй хүн түргэвчилсэн оношлуураар шинжлүүлэхэд хариу эерэг гарах боломжтой юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.

Тэрбээр "Манай улс БНСУ-д үйлдвэрлэгдсэн ДЭМБ-ын баталгаатай коронавирус илрүүлэх хурдавчилсан оношлуурыг хэрэглэж байгаа. Уг хурдавчилсан оношлуур нь зөвхөн коронавирусийг л илрүүлнэ. Тийм учраас томуутай болон уушгины ямар нэг архаг өвчтэй хүмүүсээс авсан сорьц эерэг гарах үндэслэл байхгүй" гэсэн юм.

Сэтгэгдэл бичих