Covid-19-тэй холбоотойгоор гаднын улс орон, донор байгууллагуудаас авсан зээл, тусламжийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Засгийн газар нийт 299 сая ам.долларын гэрээ байгуулж, 199 сая ам.долларын зээл авснаас бүгдийг нь "COVID-19-ийн цар тахлыг нөлөөг бууруулах зорилгоор төсвийн дэмжлэг хэлбэрээр, мөн эрүүл мэндийн салбарт техник, тоног төхөөрөмж авахад зарцуулж буйг мэдэгдэв.
Тэрбээр АХБ-наас хамгийн их буюу нийт 160 сая ам.долларын зээл авахаас одоогийн байдлаар 128 сая ам.долларыг аваад байна. Энэ бол хөнгөлттэй зээл. 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр авсан. Энэ мөнгийг хүүхдийн мөнгө олгоход зарцуулсан. Дараагийн 30 сая ам.доллараар тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, 21 аймагт түргэн тусламжийн машин авна. Гэрээний шатанд байгаа тул бодит гүйцэтгэл хийгээгүй байна гэлээ.
Цаашлаад 50.6 сая ам.долларын Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улс вакцин авах хүсэлтээ олон улсад өгсөн байгаа. Вакцины зах зээл өнөөдөр хэн мөнгөө төлнө тэр нь түрүүлж авах ийм нөхцөл байдалтай байгаа. Нэг ёсондоо эхний ээлжинд дэлхийн том, нөлөө бүхий улс орнуудын захиалгаар, эхлээд үйлдвэрлэж буй бүх вакциныг авах магадлалтай байгаа.
Тиймээс ДЭМБ-наас энэ оны 4 дүгээр сард зарласан "Ковакс" гэсэн хөтөлбөрт манай улс хамрагдсан. Энэ нь хөгжиж буй, буурай, нөлөө багатай улс орнуудад олгож, ард иргэдийг вакцинаар хангах зорилготой хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийг 4 байгууллага санаачилсны нэг Дэлхийн банкнаас буюу санаачлагчаас нь бид санхүүжилт аваад хийвэл Монгол Улсад илүү, хурдан вакцин нийлүүлэгдэж орж ирэх болов уу гэсэн агуулгаар явж байгааг мэдээллээ.
Түүний өгсөн мэдээллийг багцлан хүргэе.
Азийн хөгжлийн банк
Тус банкнаас 160.1 сая долларыг авах бол өнөөдөр аваад байгаа нь 128.1 сая долларыг маш хөнгөлөлттэй нөхцөлөөр аваад байна.
- 100 сая долларыг нь төсвийн дэмжлэг болгож авч байгаа. Төсвийн орлого буурч байгаа үед Хүүхдийн мөнгө олгох, НДШ тэглэсэн зэрэг арга хэмжээнд зориулж уг мөнгийг авсан.
- 160 сая долларын дараагийн хэсэг нь 30 сая доллар байгаа ба гүйцэтгэл нь 0% байгаа. Үүгээр
- КОВИД-19 өвчин болон амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн өвчнийг оношлох, эмчлэх зорилгоор 2,923 ширхэг тоног төхөөрөмж, 68,128 ширхэг хувийн хамгаалах хэрэгсэл
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах барьж, тоноглох
- 7 аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийг шинэчлэх
- Түргэн тусламжийн машин 21 аймагт
ЭМЯ худалдан авалт, төслийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж байгаа.
- 1.2 сая долларын зээл.
Энэ нь өмнө авсан зээлийн зориулалтыг өөрчилсөн.
572 нэр төрлийн тоног төхөөрөмжийг худалдаж аваад нийслэл, орон нутагт тараасан. Үүнд
- Зөөврийн рентгэн аппарат гэхэд 16
- хяналтын монитор 43 ширхэг
- амьсгалын аппарат 32 ширхэг
- тариа дуслын автомат шахуурга 105 ширхэг
- 60 ширхэг утлагын аппарат, 70 хүчилтөрөгч өтгөрүүлэгч
- 141 ширхэг халуун хэмжигч зэрэг тоног төхөөрөмж авсан.
Гүйцэтгэл 100%
- Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл гээд 26.4 сая долларыг 100% авсан.
Үүнийг Хүүхдийн мөнгө, хүнсний талоны таван сарын санхүүжилтэд ашигласан.
- Буцалтгүй тусламжаар 2.5 сая доллар авсан.
$1 саяар ХӨСҮТ-д сити томографын төхөөрөмж авсан. Эмнэлгийн ажилчдын илүү цагийн цалинг олгосон. 100% гүйцэтгэлтэй байна.
- 1.5 сая доллароор PCR шинжилгээний лабораторид шаардлагатай 19 ширхэг тоног төхөөрөмж, 5,000 ширхэг шинжилгээний урвалж, оношлуур, хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахад шаардлагатай 4,804 ширхэг тоног төхөөрөмж, иж бүрэн хэрэгслийг худалдаж авах ажлыг ЭМЯ зохион байгуулна. Гүйцэтгэл 0%.
БНХАУ-аас 700 мянган долларын тусламж авсан
- Эхний удаад 5,000 оношлуур, 5,000 ш эмнэлгийн зориулалттай N95 маск, 5,000 ширхэг мэс заслын зориулалттай амны хаалть, 1,000 ширхэг хамгаалалтын хувцас УОК-т
- II ээлжинд 8,000 ш оношлуур, 490 мянган ширхэг мэс заслын амны хаалт УОК-т
- III ээлжинд 100 мянган ширхэг KN95 маск ЭМЯ-нд тус тус шилжүүлсэн.