УИХ 2021 оны төсвийн тухай хуулийг хялбаршуулсан дэгээр хэлэлцэж баталжээ

оруулсан Алсын Хараа

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (2020-11-13)-аар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн 3 болон эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан “Бүх нийтээр бэлэн байдал”-д орон даяар шилжсэнтэй холбогдуулан цахимаар хуралдаж, гишүүд гэрээсээ болон байгаа газраасаа оролцож дээрх хуулийн төсвийн хуулийг баталлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д. Ганбат “Төсөвт тодотгол хийх үү, хийвэл хэзээ хийхээр тооцож байна вэ гээд “Бүх нийтээр бэлэн байдал” зарласантай холбогдуулан хялбаршуулсан дэгээр хэлэлцэж төсвийн хуулийг батлах” санал гаргасан юм.

УИХ 2021 оны төсвийн тухай хуулийг энэ удаа хялбаршуулсан дэгээр хэлэлцэж баталлаа. Хялбаршуулсан дэг гэдэг нь гишүүд асуулт асууж, хариулт авдаг. Харин үг хэлэхгүйгээр хэлэлцэж шийдвэр гаргахыг хэлдэг юм байна. Сангийн сайд Ч. Хүрэлбаатар Д. Ганбат гишүүний гаргасан саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ асуултад нь “Орон даяар үүсээд байгаа нөхцөл байдлаас өмнө төсвийн хуулийн эхний хоёр хэлэлцүүлэг хийгдсэн. Харин одоо өөр нөхцөл байдал үүслээ. Ийм учраас 2021 оны төсөвт тодотгол хийнэ. Гэхдээ одоо яг тэдэнд хийнэ гэсэн тодорхой он сар өдөр хэлэх боломжгүй” гэсэн хариулт өглөө. Энэ хариултын дараа гишүүний гаргасан саналаар санал хураахад цахим хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Улсын төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн төслийг өргөн барьсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар  төсвийн тухай хууль, түүнтэй хамт өргөн барьсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулах үед “Малын тоо толгойн албан татварын тухай”  хуулийн төслийг гүйцээн боловсруулж,  малын тоо толгойн албан татварын орлогыг мал хамгаалах сан, малын бэлчээр хамгаалахад зарцуулах эрх зүйн бусад зохицуулалттай уялдуулах талаар чиглэл өгсөн аж. Төсвийн байнгын хороо " Төсвийн тухай” хууль, түүнтэй  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 3, 4 дүгээр хэлэлцүүлэгт хэрхэн бэлтгэж, хэлэлцсэн талаарх танилцуулгыг гишүүн  Б. Жавхлан хийлээ.  Тэрбээр  “Нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулаагүй. Харин гүйцээн боловсруулж, хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг уялдуулах, малын тоо толгойн албан татварын орлогыг мал хамгаалах сан, малын бэлчээр хамгаалахад зарцуулах эрх зүйн бусад зохицуулалттай уялдуулах үндсэн дээр Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг явуулахдаа Монгол Улсын УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-д заасны дагуу санал хураалт явуулсан бөгөөд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 60.2.8 дахь заалтад “Малын тоо толгойн албан татварын орлогыг бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн” гэж онцолжээ. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй энэ саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 58 нь буюу 84.1 хувь нь дэмжжээ.

Төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагыг 13 их наяд 951,6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 153,7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцүү байхаар тооцжээ.

Ирээдүйн өв санд 2021 оны төсвийн жилд 1 их наяд 180.1 тэрбум төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд 156.0 тэрбум төгрөг хуримтлуулахаар тооцсон байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний талаар ажлын хэсэг болон УИХ-ын нэр бүхий гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд нэмж тусгаснаар нийт 1100 төсөл, арга хэмжээг 1,390,921.0 сая төгрөгөөр санхүүжүүлж хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн “Барих- шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн 5 төсөл, арга хэмжээний эргэн төлөлтөд 266,268.7 сая төгрөг төлөхөөр тусгасан байна.Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед төсвийн ерөнхийлөн захирагч нарын төвлөрүүлэх орлого, зарцуулах зардал, орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого, орон нутагт улсын төсвөөс өгөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг зарчмын зөрүүтэй саналтай уялдуулан тооцоолол хийж, хуулийн дагуу холбогдох өөрчлөлтийг хийх эрх авсны дагуу олонхийн дэмжпэг авсан саналуудыг бүрэн тусгах болон хуулийн төслийн зүйл, заалтын дугаар, төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа, эдийн засгийн ангилал, сайдын багц дахь өөрчлөлтүүдийг хийхдээ төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төвшинд барих зарчимд тулгуурлан тооцоолол хийж, холбогдох өөрчлөлтүүдийг тусган төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Дараа нь хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нийт гишүүдийн олонх нь дэмжиж, төслүүд эцэслэн батлагдсан юм.

Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 8,737,771.7 сая төгрөг байх юм байна. Монгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлага 10.676.615.3 сая төгрөг байхаар баталжээ.

Төсвийн тогтворжуулалтын санд 2021 оны төсвийн жилд 156,016.9 сая төгрөг, Ирээдүйн өв санд  1.180.143.1 сая төгрөгийг  тус тус хуримтлуулахаар шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы цахим хуралдаанд оролцсон 68 гишүүний 59 нь буюу 86.8 хувь дэмжжээ. Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Мөн 2021 оны нийгмийн даатгалын сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулиудыг парламент баталсан байна.

“Улсын төсөвт ирэх онд цаг үетэй нь уялдуулан тодотгол хийнэ. Гэхдээ эхлээд хэрэгжиж байгаа төслүүд, эхэлчихсэн барилга обьектийн хөрөнгө оруулалтыг зогсоохгүй. Шинээр эхлэх төсөл барилга обьектийн хөрөнгө оруулалтын хүрээнд зохицуулалт хийх чиглэл баримтална” гэж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар чуулганы цахим хуралдаан дээр гишүүдийн асуусан асуултад хариулт өгөхдөө хэлж байсан юм. Энэ нь ирэх оны төсвийг тодотгоход баримтлах бодлого байх бололтой.

Сэтгэгдэл бичих