Нийслэлд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 100 хувь шинжилгээнд хамруулсан

оруулсан Алсын Хараа

УОК-ын шуурхай штаб өнөөдөр хуралдсан. Уг хуралдааны талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж байна.

-Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудын хэдэн хувь нь шинжилгээ өгсөн бэ?

А.Амбасэлмаа: Улаанбаатар хотын батлагдсан тохиолдлын ойрын болон дам, хавтлын шинжилгээг хийж байгаа. Ойрын хавьтлыг 100 хувь шинжилгээнд хамруулсан бол дам хавьтлуудын 80 хувийг шинжилгээнд хамруулсан. Ойрын хавьтлыг бол хамгийн багадаа 3-4 удаа, шаардлагатай бол түүнээс олон удаа шинжилгээнд хамруулна.

-Тусгай нислэг цуцалсны улмаас гадаадад байгаа иргэд очих газаргүй болж нисэх буудалд хоноглохоос эхлээд хүнд нөхцөлд байгаа тухай мэдээлэл бий. Эдгээр иргэдэд хэрхэн тусалж байна вэ?

Г.Ариунбуян: Гадаадаас эх орондоо ирэх хүсэлт ирүүлсэн 3800 гаруй хүн байгаагаас 3000 нь БНСУ-д байна. 250 нь Европын холбооноос үлдсэн нь бусад орноос байна. Тусгай нислэг цуцалсны дараа ГХЯ-наас тасалбар худалдаж авсан, өөр улсаар дамжиж ирэхдээ тухайн орны нисэх буудалд саатсан иргэдийн судалгааг нэгтгэж байгаа. Нэгтгэсний дараа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тодорхой шийдвэр гаргана.

-Хүүхдийн мөнгөө картаар авдаггүй, e-mongolia-г ашиглаж мэддэггүй олон хүн бий. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Ц.Ганзориг: Арилжааны банкуудын орон нутаг дахь салбарууд ажиллаж байгаа. Улсын хэмжээнд 1.2 сая хүүхэд хүүхдийн 100 мянган төгрөгөө дансаар авдаг.

-Иргэд зуслан руугаа явах боломжтой юу?

Ц.Ганзориг: Анх 5 хоногийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг зарлаж байх үед бол УОК-оос иргэд зусландаа гарах боломжийг нээлттэй үлдээсэн. Гэвч нөхцөл байдал цаг минут тутамд өөрчлөгдөж байгаа бөгөөд зуслан нээлттэй байх нь хөл хөдөлгөөнийг нэмж байна. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргээс Тэрэлж, Шарга морьт, Гачуурт явах нь эрсдэлтэй тул хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Харин зуслан байрладаг дүүрэгтээ амьдардаг хүн зуслан руугаа орж гарах нь нээлттэй.

-Оюутнуудыг коронавирусний шинжилгээ өг гэсэн шаардлагыг их дээд сургуулиуд тавьсан тухай мэдээлэл байна. Зарим оюутан шинжилгээ өгөхөөр 3 хоног дугаарлаж зогссон тохиолдол байна?

А.Амбасэлмаа: Коронавирусний шинжилгээ өгөхөд бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулж байна. Нийслэлд шинжилгээ авах 18 цэг бий. Иргэд хоорондын зайгаа бариад шинжилгээ өгч болно.

-Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдол ааанаас халдвар авсан байх магадлалтай вэ. Тухайн иргэний явсан замыг тодорхой хэлэх боломжтой юу?

А.Амбасэлмаа: Сэлэнгэ, Дархан-Уул аймагт төмөр зам дагасан голомтот халдвар гэж үзэж байгаа. Түүнийг явсан маршрут, ойрын болон дам хавьтлуудыг судалж байгаа.

-Сэлэнгэ аймагт коронавирусний нөхцөл байдал ямар байна вэ?

А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт эхний 3 тохиолдол бүртгэгдсэний дараа УОК, ХӨСҮТ-ийн ажлын баг ажиллаж эхэлсэн. Тус аймгийн ихэнх хүмүүс хоорондоо хамааралтай, бөөгнөрсөн байгаа тул багц өвчлөл байх магадлалтай. Голомтот ойрын болон дам хавьтлын бүх хүнд түргэн оношлуураар шинжилж байгаа. Хариу эерэг гарвал PCR-аар шинжилж байгаа. Түргэн оношлуураар шинжилгээ авах нь халдвар тээгчийг шуурхай илрүүлж, тусгаарлах зорилготой юм.

Сэтгэгдэл бичих