ЭМЯ-наас өнөөдөр /2020.11.14-ны 11.00 цаг/ хийсэн ээлжит мэдээллээр өчигдөр 11 дүгээр сарын 13-нд нийт 820 хүнд шинжилгээ хийснээс 3 хүнээс халдвар илрээд байна. Ингэснээр манай улсад "COVID-19"-ийн 416 тохиолдолд бүртгэгдээд байгаа.
Коронавируст халдварын талаарх ХӨСҮТ-ийн мэдээллийг тус төвийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. 11 дүгээр сарын 13-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Зооноз өвчин судлалын Үндэсний төвийн лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийтдээ 820 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 3 хүнийн шинжилгээнд "COVID-19" илэрч, 817 хүний шинжилгээнд илрээгүй байна гэв.
Тусгай үүргийн онгоцоор Өмнөд Судан улсаас энэ сарын 2-нд ирсэн 121 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд ажиллаж буй 3 хүний шинжилгээ, мөн тандалтын зорилгоор хийсэн 22 хүний шинжилгээ, Орхон аймагт тусгаарласан 3 хүний шинжилгээ, батлан хамгаалахын 64 алба хаагч болон ХӨСҮТ-ийн 45 эмч, ажилтны шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
Харин ХӨСҮТ-ийн тусгаарлалтад буй 2 эмч, ажилтны шинжилгээгээр "COVID-19" илрээд байна. Нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа өвчлөлийн голомтод ойрын хавьтлын 140 хүнийг шинжлэхэд энд давтан шинжилгээгээр нэг хүнд коронавирус илрээд байна. Энэ нь 4 настай хүүхэд байна. Хоёрдогч хавьтлын 2700 хүнийг илрүүлж, 646 хүнийг шинжлэхэд бүгдэд нь халдвар илрээгүй байна. Тухайн буюу нийслэл дэх голомт дахь батлагдсан тохиолдол 7 боллоо. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжлэн хийж байгааг мэдээллээ.
Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 416 болсноос эдгэрсэн 328 хүн байна. Өнөөдөр ХӨСҮТ-ээс 11 хүн гарч, ажиглалт руу шилжсэн. ХӨСҮТ-д 83 хүн эмчлэгдэж, нэг хүн хүнд, 16 хүн хүндэвтэр, 66 хүн хөнгөн байгааг мэдээллээ.
Цар тахалтай холбоотой бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед МХЕГ торгох шийтгэх бус зөвлөн тусалж, анхааруулах, зөрчлийг газар дээр нь арилгахад анхаарч байгааг МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Энэ үед МХЕГ-ын 2200 албан хаагч ажиллаж, хорио цээрийн дэглэм тогтоосон 771, цагийн хязгаар тогтоосон 3425 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. ХӨСҮТ, бусад эмнэлэгт давхар ачаалал үүсгэхгүйн тулд эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдалд дэмжлэгт хяналтыг 114 эмнэлэгт хийхэд 14 нь нөхцөл байдлаа хангаагүйд албан шаардлага, зөвлөмж хүргүүлжээ.
Мөн аймгийн удирдлагууд орон нутагтаа ариутгал халдваргүйтлийг онцгой анхаарч, дотоод нөөцөө тооцон, тодорхой төлөвлөгөөтэй ажиллахыг МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат анхаарууллаа.
Махны худалдаа эрхэлж байгаа захуудад иргэд бөөгнөж, халдвар хамгаалалтын дэглэм сахиулахад хүндрэлтэй байна. Өнөөдрөөс иргэдийн хүнсээ нөөцлөх нь харьцангуй багаслаа. Гол нь махны худалдаа эрхэлж байгаа захуудын дотоод хяналт, иргэдийн халдвар хамгааллын дэглэм сахиулахад анхаарах хэрэгтэйг тэрбээр онцолсон юм.
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, ХӨСҮТ-ийн ус орох гарах хэсэг, бохирын ус хүлээн авах, лаг усжуулах байгууламжийн хэсгээс механик цэвэрлэгээ хийсний дараа дээж авч лабораториор шинжлэхэд стандартын бохирдол хэмжээнд гарсан.
МХЕГ иргэд олон нийтэд зөвлөмж, сэрэмжлүүлэг байнга хүргэж, 1671 аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл зөвлөмж өгч, хэрэгжилтийг нь эргэж хянаж байна.