Гадаад улс орноос татан авч байгаа иргэдийн дийлэнх нь УОК-оос тавьсан таван шалгуураас бусад шалтгаантай байгааг ЭМЯ-ны өнөөдрийн 17.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар, мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэй 106 тусгай нислэгээр 20 582 иргэнийг эх оронд нь татан аваад байна. Мөн ОХУ, БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар 6599 хүнийг татан авчээ. Нийт 27 181 иргэнийг татан авч тусгаарлан ажигласан тухай УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллийн үеэр тэмдэглэв.
Энэ сарын байдлаар нийт 4 удаагийн тусгай нислэгээр 602 иргэнийг эх оронд нь татан аваад байна. Тэдгээр иргэдийг ангилбал, 46 нь бага насны хүүхэдтэй, 24 нь эрүүл мэндийн шалтгаантай, 20 нь өндөр настай байгаа бол 512 буюу 85 хувь нь бусад гэсэн шалтгаантай байгаа аж. Өөрөөр хэлбэл, УОК-оос анх тавьж байсан таван шалгуураас гадна бусад гэсэн шалтгаантай иргэний эзлэх хувь хэмжээ ихэссэн гэдгийг мэдээлэлдээ тодотгов.
Манай улсад өнөөдрийн байдлаар тусгаарлах 18 байр байгаагаас нийслэлд 1416, орон нутагт 206, нийт 1622 иргэн ажиглалтад байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан УОК-ын бүх шатны штаб, орон нутгийн онцгой комисс хуралдаж Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангахаар ажиллаж буйг онцоллоо. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ, зохион байгуулалтын төлөвлөгөөг Шадар сайдаар өнөөдөр батлуулсан, шат шатандаа хэрэгжүүлэх нь тулгамдаж буй асуудал хэмээлээ.
Хөл хорио тогтоосон үед мэргэжлийн байгууллага, ХӨСҮТ-ээс тандалт судалгаа хийх бөгөөд, иргэдийн хамгийн том дэмжлэг нь хөдөлгөөнөө хязгаарлах гэдгийг тодотголоо.