БШУЯ-наас зургаа дахь жилдээ хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад бакалавр, доктор, судлаач, оюутан хөтөлбөрт 2020 оноос суралцах эрх авсан хоёр дахь ээлжийн 59 оюутан батламжаа өнөөдөр гардлаа.
Болзол хангасан оюутнууд жил бүрийн 4 дүгээр сараас эхлэн тус улсад суралцдаг уламжлалтай. Энэ онд дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай холбоотой тогтоосон хөл хорионы улмаас төслийн оюутнууд Япон улс руу явах хугацаа хойшлогдож 4 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл цахимаар хичээллэж буй. Төслийн Коосэн хөтөлбөрийн 34, бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 16, нийт 50 оюутан өнгөрсөн сард Япон улсад суралцах батламжаа авч тус орныг зорьж одоогоор тус тусын сургуулиудад мэргэжлийн чиглэлээр суралцаж эхлээд байна.
Харин өнөөдөр бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 49, докторын 6, судлаач оюутнаар суралцах 4, нийт 59 оюутан, багш судлаач Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 11-нд тусгай нислэгээр арлын орныг зорих юм.
2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт 670 оюутан, судлаач багш төслийн хөтөлбөрүүдэд хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 67 хувийг эзэлж байна.
Уг төслийн зохицуулагч Д.Намсрай хэлэхдээ, “2014 оноос гурван үндсэн хөтөлбөрөөр 1000 орчим инженерийг Япон улсад сургаж, эрдмийн цол зэрэгтэй болгох, сургалтын тоног төхөөрөмж баазыг шинэчлэх зэргээр энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Эхний 368 төгсөгч эх орондоо ирээд өөрийн мэргэжлийн дагуу тус тусын байгууллагадаа ажиллаж байна. Үүнээс 247 нь МУТИС, ШУТИС-иас явсан үндсэн багш бөгөөд өөрийн ажлын байртай судлаачид гэсэн үг. Коосэн хөтөлбөрийн эхний ээлжийн 25 оюутан өнгөрсөн жил төгсөж ирээд бүгдээрээ ажлын байранд суралцаж байна. Энэ жил 69 оюутан төгсөж ирснээс 46 хувийн ажлын байрны үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт ажлын байрны өдөрлөг зохион байгуулж Монгол Улсын 100 топ аж ахуйн нэгжид танилцуулсан. Харин өнөөдрийн оюутнууд Япон улсын 10 сургуульд суралцах юм” хэмээв.
Батламжаа гардсан оюутнууд бүгд инженерийн мэргэжлээр 2-3 жил суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ таван жил ажиллах болзолтой Япон улсыг зорьж буй юм.
Барилгын инженерийн мэргэжлээр суралцах батламж гардсан оюутан Б.Алзахгүй, “Япон орон бол техник технологиор дэлхийд дээгүүрт үнэлэгддэг. Тиймээс тэрхүү технологиос сурч эх орондоо хэрэгтэй мэргэжилтэн болохыг зорьсон” гэв.
Батламж гардуулах ёслолд БШУЯ-ны дээд боловсролын газрын дарга бөгөөд төслийн захирал Г.Батнэмэх, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико, Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн захирал, удирдлагууд болон эцэг эхчүүд оролцож, багш, оюутнуудад баяр хүргэж, амжилт хүссэн юм.