Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.04) мэдээллээ хийлээ.
Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 613 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс Covid-19 илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 20-нд Энэтхэг улсаас ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс Covid-19 илэрсэн байна. Насны хувьд 21 настай эрчүүд ажээ. Мөн арваннэгдүгээр сарын 2-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 настай, ОХУ-ын тээврийн жолоочийн шинжилгээнээс Covid-19 илэрсэн байна.
Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 352 болж, үүнээс 314 буюу 89.2 хувь нь эдгэрчээ. ХӨСҮТ-д одоогоор 38 хүн эмчлүүлж байгаагаас 30 хүний биеийн байдал хөнгөн, 8 нь хүндэвтэр байна. Харин 68 хүн ажиглалт тандалт, эмчилгээнд байгаа аж.Нийт 309 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад гурван хүн, сувилалд хоёр хүн байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж буйгаас 30 нь хөнгөн, найман хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Одоо ХӨСҮТ-д 68 хүн ажиглалт тандалтад байгаа бол халдвар авч, эмчлүүлж буй 16 тээврийн жолоочийн 12 нь гадаадын иргэн юм байна.
Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээллийг задалбал,
- Арваннэгдүгээр сарын 2-нд Өмнөд Судан улсаас ирсэн 220 энхийг сахиулагч,
- Аравдугаар сарын 15-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 145 хүний давтан шинжилгээ
- Аравдугаар сарын 21-нд Замын-Үүдээр орж ирсэн 74 хүний давтан шинжилгээ,
- Ажиглах байранд тусгаарлагдсан 21 хүний давтан шинжилгээ,
- Үүрэг гүйцэтгэн ажилласан 27 хүний шинжилгээ
- Тандалтын зорилгоор цуглуулсан 31 сорьцод шинжилгээ
- ХӨСҮТ-д тусгаалагдсан 10 хүний шинжилгээ,
- Алтанбулаг боомтоор ирсэн 64 жолооч, төмөр замын дөрвөн машинистын шинжилгээ,
- Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод 13 хүнд хийсэн шинжилгээ,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс Covid-19 илрээгүй талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
УЛСЫН ХЭМЖЭЭНД ВАКЦИНЖУУЛАЛТ 98 ХУВЬТАЙ БАЙНА
ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.УРТНАСАН:
-Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд өвчилж хүндрэн, эмнэлэгт хандаж байна. Сүүлийн мэдээгээр нийт амбулаторийн үзлэгийн 4.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Өмнөх долоо хоног болон сүүлийн гурван жилийн дунджаас 0.3 хувиар нэмэгдсэн. Насны бүлгээр авч үзвэл, 15 хүртэлх насныхан 90 орчим хувьтай байгаа бол 70 орчим хувийг дөрөв хүртэлх насныхан эзэлж байна. Сүүлийн долоо хоногийн мэдээгээр өвчлөл бага зэрэг нэмэгдэх хандлагатай байна. Нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор томуугийн хүндрэлийн улмаас 7.4 хувь нь эмчлүүлж байна. Насны хувьд 64 хувийг дөрөв хүртэлх насныхан, 30 орчим хувийг нэг хүртэлх насныхан тус тус эзэлж байна. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн шинжилгээгээр арваннэгдүгээр сараас эхлэн энтеровирус, боковирус, адиновирус нэмэлтээр орчилд орж ирсэн. Томуугийн вирус одоогоор орчилд орж ирээгүй байна. Эдгээр нь хоолой өвдөх, нус гоожих, нүд улайх шинж тэмдгээр илэрдэг. Улсын хэмжээнд вакцинжуулалт 98 хувьтай байна. Нэмэлтээр 100 мянган хүн тун вакцин захиалсан. Эдгээрийг байгууллагуудын ажилтнуудад хийхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор 80 мянга орчим хүний захиалга хүлээн аваад байна.
ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.ОЮУНСҮРЭН:
-Дэлхий дахинаа Covid-19-ийн талаар 119.200 эрдэм шинжилгээний ажил хэвлэгдсэн. Үүнээс 3807 эмнэл зүйн туршилт, судалгаа явагдаж байна. Одоогоор 449 эмнэл зүйн туршилт, судалгаа дуусаад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэлтэй 204 вакцин бүтээх судалгааны ажил эрчимтэй үргэлжилж байна.
“Сүүлийн үед ачааны машины жолооч нараас коронавирусний халдвар илрэх нь ихсэж байгаа нь бидний анхаарлыг татаж байгаа. ХӨСҮТ-д ачаа тээврийн 16 жолооч эмчлүүлж байгаагаас 12 нь гадаад иргэн байна" гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдэгдлээ.