Монгол хүний дундаж наслалт ба тэтгэвэр тогтоох зохицуулалтын талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-аас мэдээлэл өглөө.
Энэ талаар ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр "Нийгмийн даатгалын багц хуулийг 1995 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс хойш 29 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд Монгол хүний дундаж наслалт жилээс жилд гурван сараар нэмэгддэг.
Өнгөрсөн 29 жилийн хугацаанд Монгол хүний дундаж наслалт
- эрэгтэй хүн гурван жил
- эмэгтэй хүнийх есөн жилээр нэмэгдсэн.
Дундаж наслалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулсан.
Нөгөө талаас иргэдийн зүгээс тэтгэврийн насыг гурван сараар нэмэгдүүлж байгаа нь буруу гэж үздэг. Гэтэл дэлхийн 120 гаруй улс оронтой харьцуулж үзэхэд манай иргэдийн дундаж наслалт 63 дугаар байрт эрэмбэлэгджээ" гэлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Монголчууд дунджаар 25 жил Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ) төлж байна.
Үүнээс
- Эмэгтэй хүн дунджаар 22 жил
- Эрэгтэй хүн 16 жил тэтгэвэр авч байна.
Монгол хүний дундаж наслалт жил болгон гурван сар орчмоор нэмэгдэж байгаа юм.
Тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн 45 орчим хувь нь ямар нэгэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгодог. Түүнчлэн нэг хүүхэд гаргах тоолонд 1.6 жилээр тэтгэвэрт гарах насыг нь нааш татаж байгаа" гэв.