Б.Жавхлан: Сүүлийн 4 жилд 13.3 их наядын гадаад төлбөрийг барагдууллаа

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Сангийн сайд Б.Жавхлан нар өнөөдөр /2023.12.25/ Монгол Улсын Засгийн газраас гаргасан бондын эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наядын гадаад зээлийн өр төлбөрийг барагдууллаа. Үүнээс 2.6 их наяд нь хүүгийн төлбөр юм.

Ирэх жилүүдэд бондын хугацаа өр төлбөр байхгүй учраас Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх суурь нөхцөл бүрдсэн. Энэ нь хувийн хэвшлүүд гадаад зах зээлээс бонд босгоход хүү багатай байх таатай орчин бүрдээд байна” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар 2012 онд Чингис бонд гаргаснаас хойш 12 бонд гаргасан байна. Эдгээр бондуудын нөхцөл нь 3-10 хувийн хүүтэй, 3-10 жилийн хугацаатай.

Ингэхдээ 380 саяас 1 тэрбум төгрөг төлөх хуваарьтай. Хөгжлийн зээлээс илүүтэй бондын төлбөрүүд нь дефольт үүсгэх өндөр эрсдэл үүсгэж байсан аж. Тиймээс Засгийн газар бондын өр төлбөрийн эргэн төлөлтөд анхаарч ажиллажээ.

2012 -2016 оны хооронд нийтдээ 5 бонд гаргахад 3.2 тэрбум ам.долларын өр үүссэн. Эдгээр өрөөр төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, мөн тухайн үеийн Засгийн газрын төсвийн алдагдал нөхөх зорилгоор шинэ өр үүссэн байсан.

Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар,Самурай 200 сая ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.долларын өр үүссэн. 2017 оноос эхний төлбөр төлөх хугацаа таарсан. Энэнээс хойш 7 бонд гаргасан. Өрийн зохицуулалт хийсэн. Өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нийт 6 тэрбум ам.долларын өр төлсөн бол үүн дээр нэмж 2,1 тэрбум долларын хүү төлсөн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр Самурай бондын 30 тэрбум төгрөгийн өр буюу 200 сая ам.долларыг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлснөөр шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадлаа.

Өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банкны евро бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсан.

Энэ нь Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн нотолгоо юм.

Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж монголчууд бид ярьдаг. Манай Засгийн газрын хувьд цар тахлын үе, мөн дайны цаг үед авлигатай тэмцэж гадаад бондуудын өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь энэ цаг хугацааны түүхэн үүрэг байлаа.

Гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох уу, эсвэл эрс шийдэмгий хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсвэрээ дайчлах уу гэдэг хоёр сонголт байсан. Хөгжлийн банк болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-д авч хэрэгжүүлсэн багц арга хэмжээний үр дүнд монголчууд та бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс өнөөдөр гарч чадлаа.

Оны эцэст анх удаа Монгол Улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарах чиг хандлагатай байна.

Өнөөдөр валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Бондын өнөөдрийн төлбөрийг хийсэн ч валютын нөөц зорилтот түвшиндээ хадгалагдаж байгааг хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэндээ дуулгахад таатай байна.

Цаашид эдийн засгийг нээлттэй ил тод болгох бодлогоо тогтвортой хадгалж чадвал валютын албан нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх боломж, төлөвлөгөө байгаа. Өнөөдрөөс эхэлж эдийн засгийн өсөлт өрх, иргэн бүрд хүрэх суурь нөхцөл бүрдэж байгааг дуулгахад таатай байна" гэв.

Сэтгэгдэл бичих