Ц.Чинбаяр: Гурван тун вакцин тариулсан бол хүндрэлээс хамгаалагдах боломжтой

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдварын эсрэг вакцин хийлгээгүй бол омикрон хувилбараар өвдөх магадлал 100, хоёр тунг тариулаад 3-6 сараас дээш хугацаа өнгөрсөн бол 75 хувь нь өвдөх магадлалтайг ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр тэмдэглэлээ.

Өмнө халдвар аваад эдгэсэн хүн омикрон хувилбараар дахин өвдөх боломжтой. Харин вакцины 3 тун тариулаад 2 долоо хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол 75 хувь нь хамгаалагдаж, эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүйг тэрбээр хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.

Шинж тэмдэг илрээгүй ч вирусний халдвартай хүний хувьд оношлогдсоноос хойш 5 хоногийн дотор халдварыг хамгийн их тараах боломжтой. Шинж тэмдэг илэрсэн хүний хувьд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн эхний 3 хоногт хамгийн их халдварлуулах магадлалтай. Энэ үед өөрийгөө гэрийн нөхцөлд тусгаарлан, амны хаалтаа сайн зүүж, олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж байна.

Хүйтний улиралд томуугийн 3-4 төрлийн вирус намраас хойш нэлээн урт хугацаанд иргэдэд дунд халдварлаж байна. Улирлын томуу, коронагаас гадна томуугийн AH3N2 вирус оны эцсээр их халдварлалаа. ХӨСҮТ-өөс хүүхдүүдийг томуугийн вакцин тарьсан тул харьцангуй гайгүй байгааг гавьяат эмч А.Амбасэлмаа дурдсан юм.

Омикрон хувилбарын үед хамар битүүрэх, хоолой аргаж хөндүүрлэх, хуурай ханиалгах, хөнгөн халуурах зовуурь илэрч байна

Манай улсад омикрон хувилбар дэгдсэнээс хойш буюу он гарсаар халдварласан иргэдийн 45 хувь нь хөнгөн оноштой эмчлүүлж байна. Эмнэл зүйн байдлыг авч үзэхэд, 55 хувь нь хүндэвтэр, 10 хувь нь хүнд,0.7 хувь нь нэн хүнд гэсэн оноштой байгаа аж.

ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэхдээ, “ХӨСҮТ-д хүнд болон хүндрэх эрсдэл өндөртэй, хатгаатай хүмүүсийг хэвтүүлэн эмчилж байгаа. Үүнтэй холбоотой одоогоор эмчлүүлж буй нийт өвчтөний 60 орчим хувь нь эмнэл зүйн хувьд хүндэвтэр, 35 хувь нь хүнд, 10 хувь нь хөнгөн, 2.5 хувь нь нэн хүнд ангилалд байна. Эмчилгээний хувьд, өмнөх хувилбаруудын үед авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ, эмчилгээ ижил үйлчилж  байгаа. Гэхдээ эрсдэлт бүлгийн хүмүүс хүндрэх эрсдэл өндөр гэдгийг анхаарч, халдвараас сэргийлэх, халдвар авсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаж эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх, хүндрэлийн шинж илэрвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна” гэв.

Хөнгөн болон хүндэвтэр оноштой хүнд амьсгалын дээд замын халдварын үед илэрдэг хамар битүүрэх, хоолой аргаж хөндүүрлэх, хуурай ханиалгах, хөнгөн халуурах зовуурь илэрч байна. Харин хүнд болон нэн хүнд өвдөж буй хүмүүст амьсгаадах, ханиалгах, цустай цэр гарах шинж тэмдэг давамгай илэрч байгаа аж.

Шинээр илрэх халдварын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд болон нэн хүнд  хүмүүсийн тоо бага багаар нэмэгдсээр байгаа. Биеийн байдал нэн хүнд байгаа хүмүүсийн ихэнх нь өндөр настай, хавсарсан өвчтэй байгаа учраас заавал эмчийн хяналтад эмчилгээгээг үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг тэрбээр санууллаа.

Сэтгэгдэл бичих