Коронавируст халдварын 32 тохиолдол бүртгэгджээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр хийсэн PCR шинжилгээгээр 32 хүнд коронавирусний халдвар илэрчээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ  13 318 хүнд шинжилгээ хийсэн байна.

Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Баянгол дүүргийн 12 хорооны  19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүс халдварт өртсөн. Тухайн орцонд тохиолдол бүртгэгдсэн учраас НЭМГ-аас нэгдсэн шинжилгээ хийх явцад 13 хүнээс коронавирус илэрсэн. Орцонд нь халдвар илэрсэн учраас оршин суугчдын ажилладаг газруудад тандалт хийж байгаа. Тэдний дотор ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч байсан учраас тус төвд тандалт хийж байна. Өчигдөр ЭХЭМҮТ-ийн 900 гаруй хүнд PCR шинжилгээ хийхэд эхний байдлаар 600 гаруй хүнд халдвар илрээгүй. "Монос" эмийн сантай холбоотой тусгаарлагдаж байсан гэр бүлийн хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрсэн. Нэгдүгээр амаржих газарт төрсөн эмэгтэйн гэр бүл таван хүнд коронавирус илэрсэн. Тус амаржих газарт тандалт судалгаа хийж, төрсөн ээж, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгч нийт 357 хүнийг шинжилгээнд хамруулахад урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй. Мөн БЗД-ийн тохижилт үйлчилгээний компанийн зургаан хүнд коронавирус илэрсэн. Үүнд АТГ-ын нэг ажилтан байгаа. Гэр бүлийн хүнд нь коронавирус илэрсэн. Тандалт, судалгаа үргэлжилж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол нийт 1568 болжээ. Үүнээс 1033 хүн эдгэрсэн бол 523 хүн эмчлүүлж байна.

Нийслэл хотод халдварын голомт идэвхтэй байгаа учир ЭМЯ цахим сургалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна.

Энэ тухай тус яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, "ЕБС-ийн хичээлийг гуравдугаар сарын нэгнээс эхлүүлэх тухай саналыг цахим сүлжээгээр харсан. ЭМЯ, ХӨСҮТ шийдвэр гаргахдаа эрсдэлийн үнэлгээнд үндэслэдэг. Мөн өвчлөлийн тархвар зүйн байдлаар дүгнэлт гаргадаг. Өнөөдрийн байдлаар, өвчний тархвар зүйн байдлыг харахад нийслэлд халдварын голомт идэвхтэй байна. Харин өвчлөл бүртгэгдсэн зургаан аймагт 26-50 хоногт өвчлөл гараагүй. Тиймээс улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн үе, нийслэл хотод өндөр эрчтэй тархалттай байна гэж үзэж байгаа. Нийт өвчлөл бүртгэгдээгүй болон өвчлөл бүртгэгдээд хэвийн голомтоо бүрэн хяналтад авсан аймгууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сайн сахин, коронавирусээс сэргийлэх эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг сайтар баримтлан танхимаар хичээллэх боломжтой. Харин нийслэл хотод голомт идэвхтэй байгаа учир цахим сургалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Гэхдээ цаашид тархвар зүйн байдал, эрсдэлийн үнэлгээнд суурилан саналаа хүргүүлнэ” гэв.

Монгол Улс сүүлийн 15 жилд БНЭУ-д үйлдвэрлэсэн олон төрлийн вакциныг хэрэглэж байна

БНЭУ манай улсад "Ковид-19" цар тахлын вакцин нийлүүлэхээ мэдэгдээд байгаа. Дэлхийд эм, вакцины үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг Энэтхэг улсаас Монгол Улс сүүлийн 15 жилд олон төрлийн дархлаажуулалтын вакцин авч хэрэглэж байгаа аж.

Өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр, "Энэтхэг улсын хувьд эм, вакцины үйлдвэрээр дэлхий дахинд тэргүүлэх түвшинд байдаг. Манай улс сүүлийн 15 жилд тус улсад үйлдвэрлэсэн, гуравт, тавт вакцин болон улаанбурхны вакциныг хэрэглэж тодорхой үр дүнтэй болох нь батлагдсан. Энэтхэгийн Ковакс хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэсэн 2 вакцин нь клиникийн туршилтыг даваад гарчихсан. ЭМЯ-наас ДЭМБ-тай хамтран 140 эмч, мэргэжилтнийг энэ вакцины үйлдвэрлэл болон түүнийг хэрэглэх заавартай танилцуулах 2 өдрийн цахим сургалтад хамруулж эхэлсэн" гэж мэдээллээ.

Мөн хэвлэлийн хурлын үеэр, “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тээвэрлэх тусгай журмын талаар мэдээлэл өгөв. Энэ ажлыг Эрүүл мэндийн сайд болон ХӨСҮТ-ийн захирлын тушаалаар баталсан журмаар гүйцэтгэдэг байна. Зөөвөрлөгч эмч, эмнэлгийн ажилтнууд иж бүрэн хамгаалалтын тусгай хувцас өмсдөг.  Харин халдварын эрсдэлтэй тухайн хүнд маск, бээлий өмсгөн тээвэрлээд ХӨСҮТ-ийн клиникийн ажиглан тусгаарлах байранд тусгаарладаг ажээ.

Сэтгэгдэл бичих