Г.Занданшатар: Хуваагдахгүйгээр хүчээ нэгтэн, нийслэл хотын таван “Т”-г арилгая

оруулсан Алсын Хараа

УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн 9 дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд өнөөдөр нийслэлийн удирдлагуудтай уулзаж Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, бодлогын хэлэлцүүлэг хийлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ удаагийн Парламент эрх зүйн хувьсгал хийхээр зорьж байна. Энэ зорилгын хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг амжилттай баталж, сайн хууль гарсан. Энэ хуулиар орон нутаг, нийслэлийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн харин одоо хэрэгжүүлэх асуудал Нийслэлийн эрхзүйн байдлын хуулиар тодорхой болгох ёстой" гэлээ.

Мөн 2019 онд Үндсэн Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өмчийн эрх зүйн зөв суурийг тавьсан. Тодруулбал “59.2-р зүйлд Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээгш тогтоох эрхтэй” гэж заасан.

Энэ заалтыг амилуулах хэрэгтэйг илтгэлдээ онцолсон юм. Тэрбээр илтгэлийн төгсгөлд хуваагдахгүйгээр хүчээ нэгтэн нийслэл хотод таван “Т”-г арилгая хэмээлээ. Төвлөрлийг сааруулъя, түгжрэлийг арилгая, төсвийн бие даасан байдлыг хангая, татварын эрхтэй болгоё, талцал хуваагдлыг эцэс болгоё хэмээн уриалсан юм.

parliament.mn

Хотын дарга 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөр болон эрх зүйн орчин өөрчлөгдсөнтэй холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарч буй асуудлын талаар гишүүдэд танилцуулаа. УИХ-ы гишүүд таницуулгатай холбогдуулан асуулт, асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ирэх долоо хоногт яамдуудаас Нийслэлийн эрх зүйн байдлын хууль дээр санал авна. Түүнээс өмнө нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд мөн танилцуулга хийх санал гаргав.

parliament.mn

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар иргэд олон нийтийг мэдээллээр хангах шаардлага байгааг, УИХ-ын гишүүн П.Анужин ирэх намраас ЕБС-ийн сурагчдыг Үдийн хоолоор хангах хууль хэрэгжиж эхлэхэд шаардлагатай төсвийг нийслэлээс шийдэх гарц байгаа эсэх, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нийслэлийн иргэд яаралтай түргэн тусламж авч чадахгүй байгаа талаар зэрэг саналууд хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл бичих