Урьд нь: Юмны үнэ аажим алгуураар өсдөг байснаа эдүгээ цүл пал хийдэг болж. Саяны наадмаар яав? Уул уурхайн сайд Г.Дамдинням: “Та нар маань санаа зоволтгүй аял, зугаал” гэснээ араар нь АИ-92 бензиний үнийг 250 төгрөгөөр огцом нэмлээ. 250 төгрөг бол албан тоо. Энэхүү албан тоогоор АИ-92 бензинийг 2840, дизелийн түлшийг 4185 төгрөг гэж зарласан. Амьдрал дээр 280, тэрнээс дээш төгрөгөөр нэмэгдлээ. Урвуугаараа дизелийн түлш 150 төгрөгөөр хямдарсан гэдэг нь яаж туссан юм бол? Албан тооноос ахиу л харагдсан, сая хөдөөгүүр явахад.
Гол нь махны үнэ бүр хаданд гарлаа. Бензин, мах хоёр нэмэгдэхэд л инфляци үүсэж, улс даяараа үнээ дийлэхээ байдаг байсан бол саяны наадмаар хэрэглээний уснаас эхлээд төлбөр тэнгэрт хадлаа. Хэдхэн хоногийн дараа аялал, зугаалгаа өндөрлүүлнэ. Шороо тоостой хотдоо цуглана. Хүүхдийн сургууль, соёл, өөрсдийнхөө ажил, бизнес гээд ороод ирнэ. Яана даа, бүгдээрээ?
Статистикаас харахад 2026 оны эхний зургаан сар, нэмээд сүүлийн долоо хоногийг тооцоход инфляци 12 хувьд хүрчээ. Энэ дотроос хүнсний инфляци 24.8 хувь болж, хүнсний бүтээгдэхүүн дотроо махны үнэ 51.6 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, энэхүү хугацаанд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин тасралтгүй өсөж, төгрөгийн худалдан авах чадвар буурч, улам үнэгүй болох үзэгдэл үргэлжилжээ. Эдүгээ ч үргэлжилсээр...
Нарийсгаж хэлбэл, наадмын хэдэн өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ 0.5 хувиар өссөн байна. Жишээ нь хонины мах 27,800, үхрийн мах 38,500 төгрөг гэсэн албан тоо гарчээ. Төмс ч сүүлийн 14 хоногт 15 хувиар нэмэгдсэн байх шиг. Энэ жишгээр 2026 оны эхний зургаан сарын сүүлч гэхэд 12 хувь байсан инфляци наадмын өдрүүдэд 0.4 хувиар нэмэгдэж 12.4 хувьд хүрчээ.
Басхүү байрны үнэ сүүлийн нэг жилд 7.1 хувиар өсөж, нэг ам метрийн дундаж үнэ 4.74 сая төгрөг болжээ. Үүнээс гадна тариаланчид үр тариа тариалдаг талбайгаа 16.6 хувь, тэжээлийн ургамлын тариалалтаа 28.4 хувиар нэмэгдүүлсэн бол төмсний тариалалтыг 3.3 хувь, нийт хүнсний ногооны тариалалтын талбайг 6.4 хувиар бууруулжээ.
Нэмээд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2026 оны эхний хагаст 14.6 их наяд төгрөг болж, 1.4 их наядаар өссөн байна. Энэ өсөлтийг нийгмийн даатгал, НӨАТ, ХХОАТ, АМНАТ-ын орлого бүрдүүлжээ. Харин төсвийн зарлага 16.8 их наяд төгрөг болж, 2.8 их наядаар нэмэгдсэн байна. Зарлага өссөн нь цалингийн зардлыг 973 тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлгийг 507 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлыг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэнтэй холбоотой. Ингээд тооцоход төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.
Эдгээрээс харахад юмны үнийн өсөлт хэрээс хэтэрч, хазаар хязгааргүй нэмэгдсэн нь төсвийн асар их тэлэлттэй холбоотой гэсэн дүгнэлт гарч байна. Цаашид ч энэ өсөлт үргэлжлэх төлөвтэй. Гэхдээ Н.Учрал нар энэ дээр нэгэн арга хэрэглэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна. Яриагаар бол ирээдүйн орлогод найдаж Ирээдүйн өв сангийн хөрөнгийг ашиглахаар болжээ. Ирээдүйн өв санд санхүүгийн бичилт хийгдэх ч бодит мөнгө нь Засгийн газрын хэрэглээ рүү, тэр дундаа цалин руу шилжих схем боловсруулсан гэх яриа байна. Энэ нь зөв шийдэл биш бөгөөд олон нийтийн бухимдлыг улам өдөөж байгаа юм.
Одоохондоо хүмүүс мах, бензиний үнийг мэдэрч байна. Харин сарын дараа бараг бүх бараа, үйлчилгээний үнээс энэ өсөлт мэдрэгдэнэ. Ард нийтийн бухимдлыг Ерөнхий сайд Н.Учрал хариуцна. Уг нь төсвөө зөв удирдах үүрэг Ерөнхий сайдад байдаг. Гэвч тэр үүнийг хийж чадсангүй. Г.Занданшатарын үед тооцоололгүйгээр нэмсэн багш нарын цалинг засалгүй улам нэмсэн. Эмч, цагдаа нарын цалин ч мөн адил. Цалин нэмэх нь өөрөө буруу биш ч төсвийн боломждоо нийцүүлж шийдэх ёстой. Популизм хийхгүй байх нь Ерөнхий сайдын үүрэг. Энэ дээр алдсан учраас Н.Учрал наймдугаар сарын сүүлээс эхлээд хүнд сорилтуудтай нүүр тулах төлөвтэй.
Дээр дурдсан тоонуудаас харахад төсвийн зарлагын өсөлтийн хамгийн том хэсгийг цалингийн зардлын 973 тэрбум төгрөгийн нэмэгдэл эзэлж байна. Шулуухан хэлбэл, энэ бол санхүүгийн сахилга алдагдсаны илрэл. Улстөрчид үүнд анхаарах биз.
Базах нь ээ: Н.Учрал үнийн хязгааргүй өсөлт, тооцоогүй цалингийн нэмэгдлээс болж унах нь цаг хугацааны асуудал болсон бололтой. Уг нь тэр хаврын чуулганы үеэр огцрох нөхцөл бүрдсэн. Оюутолгойн асуудлаар хаалт хийж үлдсэн. Харин намрын чуулган эхэлмэгц суудал нь дахин хөндөгдөх нөхцөл бүрджээ.
Улс төрийн хувьд АН-ын бүлэг гадаадад эмчилгээнд яваа Ж.Баясгалан гишүүнээс бусад нь Н.Учралыг огцруулж, улс төрийн хариуцлага тооцох шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлж, О.Цогтгэрэл даргынхаа бланк дээр гарын үсгээ зурсан байна. Эдүгээ 41 гишүүний гарын үсэгтэй тэрхүү бичиг АН-ын даргын албан ширээний шургуулганд намрын чуулганыг хүлээж байна.
Ө.БАТБИЛЭГ
"Өдрийн сонин"
/2026.07.24/
Н.Номтойбаяр МАН-даа буцаж Үндэсний эвсэл гурваар “үржих” үү
Posted By
Алсын Хараа
On
In
Улс төр |
No Comments
Б.Баяр
Энэ УИХ-д суудалтай таван нам бий. Эдгээрээс Үндэсний эвсэл МНН /Монголын ногоон нам/, МҮАН /Монголын үндэсний ардчилсан нам/, МЛАН /Монголын либерал ардчилсан нам/ гурвын нийлбэр болж 2024 оны сонгуульд орсон. Тус эвслээс тойрогт дэвшсэн хүмүүсээс сонгогдоогүй, харин эвслийн авсан саналын хувиар тооцогдож жагсаалтын эхний дөрөв нь УИХ-ын гишүүн болсон. Н.Номтойбаяр, А.Ундраа, Д.Пүрэвдаваа, М.Сарнай нар УИХ-д орсон.
Өнгөрсөн 2025 онд МАН-д улс төрийн дотоод зөрчил нь хурцадсанаас хойш Н.Номтойбаярыг нам руугаа буцах нь гэдэг яриа улс төрийн хүрээнд түгсэн. Тэгэхтэй зэрэгцээд Н.Номтойбаярыг дагаж Үндэсний эвслийг бараадсан МАН угшилтай гишүүд нь намдаа буцаж очсон. Улмаар 2025 оны намар өвлийн заагаар болсон МАН-ын Их хурлын үеэр Н.Номтойбаярын гишүүнчлэлийг сэргээж, тэр талаар олон нийтэд мэдээлэх тухай яригдаад өнгөрсөн.
Үүнийг батлах мэт энэ оны дөрөвдүгээр сард МНН-ын даргаар А.Ундрааг томилж, О.Бум-Ялагч тамгыг нь олны өмнө гардуулсан. Гэхдээ Н.Номтойбаяр 2024 оны сонгуулийн өмнө Үндэсний эвслийг байгуулахдаа өөрөө МНН-ыг түшиглэж байв. Тэрээр сонгуулийн дараа тус намын дарга болохоор хүсэлт гаргасан ч Дээд шүүх хүлээж аваагүй байдаг. Үүний дараа улс төрийн нөхцөл ч өөрчлөгдөж Н.Номтойбаяр МАН-дха буцах нь нээгдэж МНН-аас холбоо тасрах шаардлага үүссэн байж магадгүй юм. Учир нь түүнийг МАН-ын гишүүнчлэлээ сэргээх нь цаг хугацааны асуудал гэх улс төрийн хүрээнийхний дүгнэлт байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх намрын улс төрийн нэг “чимэг” энэ эвсэл, өөрөөр хэлбэл Н.Номтойбаяртай холбоотой байх магадлалтай.
Ер нь бол Н.Номтойбаярын улс төр ийн бусдын анхаарлыг татаад байгаа нь түүний байгуулсан Үндэсний эвсэлтэй холбоотой. Дээрх мэдээллүүдээс харахад тэрээр аль нэг намын гишүүн бус болж таарлаа. Дээрээс нь хуучин бууриндаа очиж магадгүй гэж байна. Хэрэв тэр МАН-даа очвол УИХ дахь Үндэсний эвсэл тарна. Тарвал нөгөөх гурван гишүүн нь хаачих вэ. А.Ундраа нь МНН-ын дарга, Д.Пүрэвдаваа нь МЛАН-ын даргаар Дээд шүүхэд бүртгэлтэй. Энэ хоёр нам УИХ-д суудалтай болно. Ийм нөхцөлд Үндэсний эвслийг хүч нэмж бүрдүүлсэн МҮАН нь оргүй хоцорно. Учир нь 2024 оны сонгуулиар МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл жагсаалтын ес дээр бичүүлээд гишүүний тоонд багталгүй үлдсэн. Гэсэн ч эрсдэл хүлээж эвсэлд багтсаныхаа төлөө задрал дээр ч “юм” харж таарна. Энэ нөхцөлд Б.Цогтгэрэл жагсаалтын дөрвөөс гишүүн болсон М.Сарнайг МҮАН болгох тохироо хийгээд намаа УИХ-д суудалтай болгох боломжтой. М.Сарнай нь Дарханы АН-ын Б.Мягмардашийн охин учраас тэд ойлголцох бололцоотой. Ингэвэл Үндэсний эвсэл гурваар үржиж УИХ долоон намтай болно. Гэвч энэ бүхэн Н.Номтойбаярыг эргүүлэн авах эрх баригч МАН-ынхан хэрхэн шийдэхээс хамаарна.
С.Эрдэнэбат: Цөөн хэдэн хүмүүст маш том хуулийн гарц, гаргалгааг гаргаж өгөөд байна
Posted By
Алсын Хараа
On
In
Онцлох,Улс төр |
No Comments
Улсын Их хурлын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Хаврын чуулганы хугацаанд парламент хэр ажилласан гэж та харж байгаа вэ?
-Нэлээд ачаалалтай ажиллаа. Шинэ парламент нэгдүгээрт олуулаа болсон. Хоёрдугаарт, нэг хуулийг батлахын тулд салбараа мэддэг хүмүүс олон байгаа учраас нэлээн нухацтай хандаж байгаа тал бий. Тийм учраас зарим хууль хойшилж байгаа асуудал байна. Мөн Гэр бүлийн тухай, Донорын тухай гээд нэлээд том суурь хуулиуд орж ирсэн. Хуучин хуулиудыг засаж янзлах зүйл байгаад байна. Нэг сарын хугацаанд 200 хууль хүртэл баталж байсан зүйл байгаа шүү дээ. Мэдээж хаврын чуулганы төгсгөлд ачаалалтай байлаа.
-Татварын багц хуулийг энэ чуулганаар баталлаа. Гол өөрчлөлт юу байна вэ?
-Бараг дөрөв орчим их наяд төгрөгийн татварыг аж ахуйн нэгж, ард иргэдэд үлдээх хуулийг баталсан. Гэхдээ татварын хөнгөлөлтүүдийн хэрэгжих хугацаа нь ирэх оны нэгдүгээр сарын нэгэн, 2028 оны нэгдүгээр сарын 1 гээд үе шаттайгаар хэрэгжээд явна. Тухайлбал, гурван сая төгрөгийн цалинтай хүн хоёр саяасаа л татвар төлөхөөр болж байгаа. Нөгөө талаар зарим нэг асуудал дутуу үлдсэн. Тийм ч болохоор миний бие түүнийг нь санаачилна гэж бодож байна.
-Яг ямар зүйлс үлдчихсэн хэрэг вэ?
-Орон сууцны буцаалт, татварын хөнгөлөлт, хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэг зэргийг нэмэх хэрэгтэй байна. Ямар ч байсан энэ удаад суурь хөнгөлөлтүүдийг дэмжээд батлаад өгсөн. Миний хувьд ямар ч байсан багш, эмч нарынхаа цалингийн асуудлыг нэг тийш нь шийдүүлсэн. Магадгүй түүхэндээ багш, эмч нарын цалинг жилийн дотор 70-90 хувь нэмж байсан тохиолдол байхгүй. Энэ бол боловсрол, эрүүл мэнддээ оруулж байгаа хамгийн том шийдвэр. Миний хувьд үүн дээр лобби бүлэг байгуулж, манлайлж ажилласан. Өнгөрсөн жил төсөв хэлэлцэж байхад энэ асуудлыг дэмжиж өгсөн гишүүддээ баярлалаа гэж хэлье. Мөн дээрээс нь Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гээд том хууль бий. Үүгээр нэлээд реформын шинжтэй өөрчлөлтүүд орж байгаа. Ер нь бид цаашдаа жилд хоёр салбарыг өөд нь татаад байх хэрэгтэй. Одоо эрчим хүчний салбарын асуудал босож ирж байна. Анхаарал татахаас өөр аргагүй салбар. Хэдийгээр салбарын дундаж цалин нь гурван сая төгрөг байгаа ч цалингийн өрсөлдөх чадвараараа эрчим хүчний салбар нэн хүнд байгаа. Нийт ажиллагсдын дийлэнх нь хүнд нөхцөлд ажилладаг. Цалингийн асуудал байгаа учраас мэргэжилтэй боловсон хүчнүүд маань гадагшаа яваад эргээд энэ салбар хүний нөөцийн дутагдал орж байна. Мянган шинэ станц бариад түүнд ажиллах хүчээ нэгэнт алдчихвал том аюултай. Боловсролын салбар хүний нөөцөө бараг алдах шахаад буцааж нэг тогтоож авлаа. Эрүүл мэнд ч гэсэн хүлээлттэй байна. Сувилагчаа бид чинь үндсэндээ алдчихсан. Тэгэхээр эрчим хүчний салбарын боловсон хүчнээ тогтоож авч үлдэнэ гэдэг чинь 20, 30 жилийн хугацаа шаардана. Намайг III станц дээр очиход мэргэжлийн олон ажилчин ажлаасаа гарсан гэдгийг хэлж байсан. Одоогоос 10 жилийн өмнө эрчим хүчний салбарын цалингийн өрсөлдөх чадвар өндөр байсан. Харамсалтай нь одоо ажилтнуудаа уул уурхай, барилгын салбарт алдаад эхэлсэн. Тиймээс эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулах ёстой гэж үзэж байгаа. Тэгж ч хичээж ажиллаж байна.
-Татварын багц хуульд өөрчлөлт оруулж татварын хөнгөлөлтүүд бий болгосон ч нөгөө талдаа автомашины татвар нэмэгдсэн. Дулаан зогсоолоос үл хөдлөхийн татвар авдаг болчихлоо гэдэг шүүмжлэл байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Уг нь тэр үл хөдлөхийн зүйлийг анх удаа, хоёр дахь удаагаа авч байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх ёстой л гэж хардаг. Түүнээс биш нийтээрээ байраа зараад байдаг зүйл байхгүй. Яг ухаалаг зарчмаар аваад үзэхэд бид цөөн хэдэн хүмүүст маш том хуулийн гарц гаргалгааг гаргаж өгөөд байна. Тийм лобби нь ч сайн явж байгаа. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуулиар найм, есөн сая төгрөгийн цалин өгдөг ажил олгогчийн төлдөг шимтгэлийг бууруулъя гээд зарим гишүүд оруулаад ирж байна. Би үүнийг шууд ашиг сонирхол гэж хэлнэ. Уг нь жирийн бага, дунд орлоготой иргэд рүүгээ л анхаарал хандуулах ёстой. Гэтэл өөрийнхөө компанийн татварыг бууруулахын тулд өөрөө хууль санаачилж оруулж ирээд байж болохгүй. Энэ бол арай дэндэж байгаа. Тийм ч учраас УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Д.Ганмаа, Г.Лувсанжамц гишүүн бид дөрөв УИХ-ын гишүүн өөрийн хамаарал бүхий зүйлтэй холбоотой хуулийн төслийг санаачилж болохгүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Харин жижиг, дунд үйлдвэрлэлийн нийгмийн даатгалын хөнгөлөлт гэдэг бол зөв. Би үүнийг дэмжсэн. Зарим гишүүд маань гэвч дэмжихгүй байна лээ. Томуудаа л дэмжье гээд байгаа юм. Намайг зарим нь бизнесийг дэмждэггүй гэж хараад байх шиг байгаа юм. Үгүй, яг шударгаар яваа, ажилтнуудаа дэмждэг бизнесийг бол дэмждэг. Яагаад ажилтнуудаа байр өгсөн компанийн татвар ногдох орлогоос нь хасаж болохгүй юм.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу
Posted By
Алсын Хараа
On
In
Онцлох,Улс төр |
No Comments
Улсын Их хурлын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Энэ оны хаврын чуулган өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийлээ. Парламентыг энэ хугацаанд хэр ажилласан гэж дүгнэж байна вэ?
-Парламент маш их санаачилгатай байна лээ. Гишүүдийн өргөн барьсан хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийг харж байхад л анзаарагдаж байна. Тодорхой мэргэжлийн мэргэшсэн хүмүүс арай анги харж байна. Өмнөх парламентуудыг бодоход дэвшилттэй, мэдлэгтэй харагдаад байгаа юм. Мэдээж хэрэг эцэслэн батлагдах түвшиндээ янз бүр л байгаа. Энэ чуулганаар бид татварын асуудлын цогц шинэчлэлийг хийчих юм байна гэж харсан. Гэвч төсвийн орлогоо хараад жаахан дутуу хийчих шиг болсон. Хоёрдугаарт, эдийн засгийг чөлөөлөх, чөлөөт эдийн засгийн горим руу шилжих зохицуулалтыг нэлээд гүнзгий хийчих болов уу гэж харж байлаа. Ямар ч байсан нэг алхсан. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль гээд нэг сав бэлдээд авлаа. Цаашдаа энэ сав руугаа юмаа нэмээд, аль болох бизнес эрхэлж, баялаг бүтээж байгаа хүнээ хамгаалах бодлогууд хийгдээд явах болов уу. Гуравдугаарт, мэдээж УИХ-ын гишүүд сахилга, хариуцлагын асуудал бий. Учир нь сүүлийн найман жилийн парламентад ирцийн асуудал байнга хөндөгдсөөр ирсэн. Үүнтэй уялдуулаад Дэгийн хуулиа нэлээд өөрчилсөн. Эдгээр нь намрын чуулганаар тодорхой болоод батлагдана гэсэн хүлээлттэй байна.
-Хаврын чуулганы эхэн үед Ерөнхий сайд, УИХ-ын даргыг солих гээд жаахан хугацаа алдсан тал бий юу?
-Цаг алдахаас илүү олонхын дарга нь УИХ-ын дарга болчихоор нам нь төрийнхөө дээр гарчихаад байгаа байхгүй юу. Тиймээс төр, нам, засаг гээд бүгдийг удирддаг. Ерөнхий сайд нь хүүхэлдэй болсон. Томилгоо, бодлогын эрх байхгүй. Бараг л намын дарга, Ерөнхийлөгч хоёрын чиглэлээр яваад байгаа ч юм шиг байсан. Тийм учраас УИХ-ын даргаас МАН-ын даргыг буулгах санал гарсан. МАН ч үүнийг хүлээж аваад намын дарга нь Ерөнхий сайдаа хийх нь зөв юм байна гэсэн шийдвэрт хүрсэн. Үүний дагуу төр, засаг эмхлэгдэн байгуулагдсан. Үүнд хоёр долоо хоног орчмын л хугацаа орсон.
Дараа нь УИХ-ын даргыг намаас нь түдгэлзүүлье яриа хүчтэй явагдсан. Үүн дээр С.Бямбацогт би үүнийг хүлээн зөвшөөрье гэсэн хандлагатай байсан. Гэвч яг одоо тийм байгаа үгүйг сайн мэдэхгүй л байна. Тэгэхгүй бол УИХ-ын дарга нам талдаа хазайгаад байхаар УИХ-ын шийдвэр эрүүл биш. Заавал нэг намын улс төр, үзэл суртал орчихоод байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын шийдвэр биш МАН-ын УИХ, Засгийн газрын шийдвэр болчихоод ард түмний 80 хувь нь гарч байгаа хууль шийдвэрийн гадна талд үлдчихээд байна. Энэ ирээдүйд олон нам дээр яригдаж таарна. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж байж олон намын оролцоог бий болгосон. Өмнө нь УИХ-ын гадаа үлдээд гудамжинд жагсаал болдог байсан. Харин одоо нэгэнт УИХ дотор ороод ирсэн учраас тодорхой хэмжээнд үүнийгээ хадгалж, хамгаалж, олон ургалч үзлийн дундаас Монгол хождог парламенттай болохын тулд УИХ-ын даргаа нам гэдэг давхар дээлнээс нь салгах ажлыг хийх шаардлагатай. Гэвч одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй л байна. Бид нэг юм эхлүүлчихээд орхидог, хийсэн гэж хэлээд дутуу хийдэг. Үүнээсээ болоод хугацаа алддаг зүйл одоогоор арилаагүй байна.
-АН Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байсан ч хаврын чуулганы үед амжиж чадсангүй. Энэ асуудал юу болсон бэ?
-Н.Учралын Засгийн газрын сайд нарын ашиг сонирхолын зөрчил их өндөр гараад байгаа юм. Сайд нартайгаа хариуцлага тооцдоггүй. Тийм учраас Ерөнхий сайдад хариуцлага тооцно гэдэг зүйл яригдсан. Их олон сайдын асуудал хөндөгдсөн. МАН-ын байрны төлбөрийг улсаас авсан байна. Түүнийгээ хувааж идсэн байна. Дээр нь паспортыг яг ямар компани хэвлээд байгаа, хэн, яаж авсан нь тодорхойгүй болсон. Эзэн холбогдогч нь үгүйсгэдэг. Нэмээд цэрэг, цагдаа гээд бөөн асуудал үүссэн. Гэтэл тэнд хариуцлага огт яригддаггүй. Хоёрдугаарт, мах бэлтгэх ажлаа хийгээгүй, Г.Занданшатар, Н.Учрал хоёрын хооронд орхичихсон. Хэн нь хариуцлага хүлээх нь ойлгомжгүй. Үр дүнд нь улаанбаатарчууд үнэтэй мах идэж, үнийн өсөлтөд нэрвэгдэж байна. Өвөл, намар шатахуун тасалдуулсан хүмүүстээ ч хариуцлага тооцоогүй. Эрчим хүч тасарсан явдалд Б.Чойжилсүрэн сайддаа хариуцлага тооцсон байх. Бусад дээр нь огт хөдөлдөггүй. Тийм учраас АН Ерөнхий сайдыг ажлаа хийж чадахгүй бол та ажлаа өг гэдэг шаардлага тавиад байгаа юм. Утсан хүүхэлдэй юм уу, намын дарга юм уу гэдгээ харуулах хэрэгтэй. Гэвч энэ чуулганаар асуудлыг хөндсөнгүй.
-Тэгэхээр намрын чуулган хүртэл хойшлуулж байгаа хэрэг үү?
-Энэ асуудал намрын чуулган хүртэл хойшлогдсон байна. Тэгээд намын Улс төрийн зөвлөл шийдвэрээ гаргаад явах болов уу гэж харж байгаа.
-Хаврын чуулганаар уг асуудлыг тавиагүй нь саяны Рио тинтотой хийсэн хэлэлцээрийн үр дүнтэй холбоотой юу?
-Нэгдүгээрт, Рио тинто биднийг бүр маллаад сурчихсан байна. Аргалаад сурчихсан. Хоёрдугаарт, Рио тинто өөрийн охин компанидаа зээл өгч маш их ашиг олж байгаа. Гуравдугаарт, бид жижигхэн мөнгөнд маш их хууртагдаж байна. Жишээлбэл, зээл биш хөрөнгө оруулалт болго гэдэг шахалт үзүүлэх ёстой. Харин нэг ахиц нь гурван жил тутамд үүнийгээ ярьдаг болсон явдал. Хүүгийн хэмжээг бага багаар бууруулаад явах нь бидэнд олигтой ашиггүй. Үүн дээр хөөрцөглөж хэрэггүй. Бидний ингэж хөөрцөглөж байгааг хараад эд нар үнэхээр ухаан муу хүмүүс юм гэсэн улам их итгэл үнэмшилтэй болж байгаа. Засаг өөрсдөө дотроо баярлаж болно. Гэхдээ тогтмол гэрээ хэлэлцээр явдаг гэдгийг мартчихаад байна. Зөвхөн би гэдэг сэтгэлгээний доройтолд автчихсан. Би чадлаа гээд л орилоод байдаг. Онгирвол орон дотроо онгир. Гадна талдаа болохоор зээлийг хөрөнгө оруулалт болгож чадаагүйдээ ард түмнээсээ уучлалт гуйж байна гээд хэлчих хэрэгтэй. Жаахан том хүн шиг байж болдоггүй юм уу. Том хүмүүс чинь жижиг амжилтад хөөрцөглөдөггүй биз дээ. Хүүхдүүд л шалгалтад гайгүй дүн авах, тэмцээнд ялахаараа онгироод байдаг шүү дээ. Төсөөллөө өндөр тавьмаар байна. Яг 66 хувь эзэмшиж байгаа баг охин компанидаа зээл өгснийг төслийн санхүүжилт гэж ойлгож болохгүй. Энэ бол цэвэр залилан. Үүнийг бид мэддэг ард түмэн шүү гэдэг маягтай байхгүй юм уу. Би үүнийг л гайхаад байгаа юм. Бид наймаанд хатуу байж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол хоёр том хөрштэй улс дороо залгигдана. Н.Алтанхуяг дарга шүүмжлэхээр, Г.Уянга тэнд очиж жагсаал хийхээр Засгийн газар баярлах ёстой шүү дээ. Гэтэл нөгөө хүн рүүгээ дайраад байх юм.
-АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ тодруулах ажил юу болж байна. Эрх баригч намынхан болохоор ард түмэндээ эргэж ирнэ гээд тойроод яваа нь нэг ёсны сурталчилгааны ажил болж байна гэж үзэх хүмүүс байна шүү дээ?
-МАН 10 жилийн дараа ард түмэн дээрээ очих юм гээд яриа гараад байгаа. Тэгэхээр хаашаа явчихсан байсан юм. Яагаад холдчихсон юм бэ. Яах гэж буцаж ирж байгаа вэ гэдэг гурван асуулт гарч ирээд байгаа юм. Үүнд хариулах байх л даа. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ажлыг нам дотор хийх ёстой. Харамсалтай нь энэ ажил хойшлоод байгаа. Учир шалтгааныг нь бид сайн ойлгохгүй л байна. Ямар нэгэн гаднын нөлөө байна уу. Ардчилсан намынхан маань хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэр бүр гарч чадахгүй байна. Тэгэхээр Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй хүмүүс нь эртхэн нэрээ гаргаад, бодлогоо ойлгуулаад явах хэрэгтэй. Тэгээд бодлогын дэмжлэг авах хүн нь цаашаа явах ажлыг эртхэн хийх л шаардлагатай. Уг нь намын дарга энэ ажлыг маш хурдан эхэлнэ гэж намын Их хурал төдийгүй олон газар зарласан. Харамсалтай нь өнөөдөртөө эхлээгүй байна.
-Танай намаас Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлсэн, сонирхолтой хүмүүсийг цахим орчинд харлуулах ажлыг их хийж байна гэдэг зүйлийг зарим нь яриад байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?
-МАН-ын ганц сайн арга л энэ шүү дээ. Өрсөлдөгчөө намнахдаа их сурцтай. Хүн байвал хэрэг олдоно гэдэг. Хоёрдугаарт, хүн тойруулж муу домог зохиодог. Гуравдугаарт, маш олон сувгаар довтлох өөрийн гэсэн сувагтай. Үүндээ үнэхээр гаршсан. Зуун жилийн үзэл суртал гэдэг чинь түүний өөдөөс ард түмэн босоход их хүнд юм байна. Тэгэхээр энэ нам оршиж байгаа тохиолдолд өрсөлдөгчөө намнадаг байдал мөнхөд үргэлжлэхээр юм билээ. Тийм болохоор бид чадах чинээгээрээ сөрөх хэрэгтэй. Ер нь тулаан бол дандаа том хүчний эсрэг явдаг. Ингээд л явна.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
"Өдрийн сонин"
/2026.07.07/
УИХ-ын гишүүд шударга царайлж Монгол төрийн нэр хүндийг гутаахаа болих хэрэгтэй
Posted By
Алсын Хараа
On
In
Онцлох,Улс төр |
No Comments
Монголчууд бид эртнээс төрөө дээдэлж, төрийн түшээдээ хүндэтгэн ирсэн ард түмэн. Монголын төр хүчирхэг, нэр хүндтэй байх үедээ улс орны тусгаар тогтонол улам баталгаажиж, төрөөс гарсан шийдвэр, бодлого бүр нийгэмдээ бодитой тусдаг, нийтээрээ хуулиа чандлан сахидаг тэр чинээгээрээ шударга ёс мөн чанараараа оршдог байв. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд Монгол төрийн нэр хүнд унаж, хэн хүнгүй хууль биелүүлэх, хэрэгжүүлэх, тэгш боломж нэхэх, шударга ёс шаардах асуудлаар ярьдаг боллоо. Нийтээрээ “Төрийн минь сүлд өршөө” хэмээн цай, сүүнийхээ дээжийг өргөдөг байсан монголчууд өнөөдөр “Төрийн сэнтий зайдагнасан 126 хулгайч” гэж хараан зүхдэг болж. Төрийн нэр хүнд унаж байгаа учраас хуулийн хэрэгжилт суларч, парламент, Засгийн газрын шийдвэр, бодлого бүр нь нийгэмд байгаа онохгүй, иргэдийн бухимдлыг улам төрүүлэх болсон.
Хамгийн ноцтой нь Монгол төрийн нэр хүндийг унагаж байгаа нөлөөлөгч нь ихэнхдээ УИХ-ын гишүүд өөрсдөө байгаа нь харамсалтай. Үүнээс болоод тэнэг болоод хулгайч бол УИХ-ын гишүүн болдог гэсэн ойлголт нийгэмд төрж эхэллээ. Угтаа парламентад сонгогдсон 126 гишүүн бол тухайн бүс, орон нутгийнхаа, намынхаа улс төрийн лидер, салбар бүрийнхээ манлайлагч нь байдаг. Манай бүсээс, манай тойргоос, тэр намаас энэ нь арай дээр, илүү гэж үзээд ард түмэн бидний өгсөн сонголтоор хамгийн олон санал авсан хүн нь төрд гаргадаг. Луйвар булхай байдаг л даа. Гэхдээ дандаа луйвраар сонгогддог гэх бол худал. Энэ утгаараа төрөө байгуулж байгаа бидний тогтолцоо, процесс нь ардчилсан орнуудад явагддаг хамгийн зөв систем учраас энэ дагуу сонгогдон гарч ирсэн хүн нь яагаад ч тэнэг, муу хүн байх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл зарим хүмүүсийн хардаг шиг 126 “үхэр” лав гарч ирэх боломжгүй гэсэн үг.
Тэднийг бид сонгож гаргасан. Бидний өмнөөс хэн ч сонгоогүй, бид өөрсдөө л сонгосон. Тэд тэнэг бол сонгож гаргаж ирсэн бид ч бас тэнэг байх учиртай. Монгол бол парламентын засаглалтай ардчилсан орон. Энэ утгаараа парламент буюу төрийн нэр хүнд эрхэмсэг байх ёстой. Түрүүн хэлсэн шиг энэ эрхэмсэг байдлыг алдагдуулагч нь УИХ-ын гишүүд өөрсдөө байгаад л асуудал байна. Монгол Улсын Үндсэн хуульд "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хэлсэн үг, гаргасан саналынхаа төлөө хариуцлага хүлээхгүй" хэмээн заасан байдаг. Энэхүү зохицуулалт нь хувь гишүүнийг тусгайлан хамгаалах бус, парламентын үйл ажиллагааг хараат бус, чөлөөтэй явуулахад чиглэсэн ардчилсан парламентын дархан эрхийн үндсэн зарчим. Гэвч бодит байдал дээр энэхүү зарчмын утга агуулгыг буруугаар ойлгох, эсвэл өөрийн улс төрийн ашиг сонирхолд нийцүүлэн тайлбарлах хандлага зарим гишүүдийн үйл ажиллагаанд олонтаа ажиглагдах болсон. Үүний улмаас парламентын индрээс улс төрийн зорилготой ч бай, санаандгүй ч бай, хангалттай нотолгоогүй, хэт туйлширсан, эсвэл төрийн байгууллага, үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц мэдэгдэл хийх тохиолдол олон гарч байна. Аль ч парламентын үед гишүүд хэт улс төржиж нэгнийгээ хулгайч, луйварчин, тендерчин, идэж, уудгаар нь дууддаг атлаа гишүүний хэлсэн үг, мэдэгдсэнээр нэг ч гишүүнд хариуцлага тооцож байгаагүй. Ердөө л нэгнийгээ хардаж, сэрдсэн, уурлаж бухимдахдаа улс төржүүлж хэлсэн хоосон маргаанууд л байдаг. Гэвч эцэстээ ард түмний оюун санаанд парламентын гишүүд өөрсдийгөө хамгийн муу муухай хүмүүс болгон үлдээдэг нь төрийн нэр хүнд унах шалтгаан болоод байгаа юм. Удахгүй төрт ёсны уламжлалт Үндэсний их баяр наадам болох гэж байна. Монгол төрийн түшээд хичнээн сайн, муу нэртэй ч төрт ёсны их баяраа наадмын төв асрын хоймроос наадамчин олонтойгоо үзэж, сонирхдог байлаа. Гэвч сүүлдээ төрт ёсны их баяр наадмаа төрийн түшээд нь үзэх ёсгүй болтлоо төрийн нэр хүнд унасан нь эмгэнэлтэй санагдаж байна. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг үгтэй. Улс, аймаг битгий хэл сум, баг, овооны наадмын хойморт хүртэл төр, түмний төлөөлөл, тухайн орон нутгийн удирдлагууд тухлан сууж, наадмаа эхлүүлдэг юм шүү дээ. Монголчууд бид чинь төртэй улс. Төртэй байгаа учраас туурга тусгаар байгаа юм.
Тэгэхээр наадмын асрын хоймортоо төрийн түшээдээ суулгахгүй өөр хэнийг суулгах ёстой вэ, эрхэм сошиалчдаа. Ядаж байхад сошиалаар хэсэг хүмүүс “Наадмын асрын хойморт УИХ-ын гишүүдийг суулгахгүй” гэж сэтгэгдлээ илэрхийлснийг нь манай төрийн сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга нь хүлээж авч, ажил хэрэг болгоод УИХ-ын гишүүдэд урилга өгөхгүй гэж мэдэгдсэн. Үүнийг заавал хэвлэлээр мэдэгдэх, мэдээлэх шаардлага байсан уу, эрхэм сайд аа. Үүнээс өөр хийх ажил, шийдэх асуудал байхгүй юу. Тэртээ тэргүй сүүлийн үед улс төрд залуучууд их болсон. Тэдгээр залуучуудын хандлагаас харахад төрт ёсны их баяраа ойлгож, очиж үзэх сонирхолтой нь ч ховор болсон байна.
Харин ч төрт ёсны их баяр наадмаа хүндэтгэн хүрэлцэн ирж үзэж байгаа УИХ-ын гишүүд, сайд нартаа талархах ёстой юм биш үү. Бүр эсрэгээрээ Үндэсний их баяр наадмаа үзэхгүй байгаа төрийн түшээдээ бид шүүмжилж баймаар санагдах юм. Гэтэл ард түмэн үзэж чадахгүй байгаа наадмыг УИХ-ын гишүүд эрх дархтайгаараа түрий барьж урилга заллагаар очиж үзэх гэлээ гэсэн хоосон үгэнд ороод төрийн сайд нь үүнийгээ төрийн ажил болгож шийдэж л байдаг. Үүнээс болоод УИХ-ын гишүүд нь олон нийтийн дунд элэг доог болж байна. Энэ чинь л Монгол төрийн эрхэмсэг нэр хүндийг эмтэлж байгаа үйлдэл. Нийгэмд өвсний чинээ асуудлыг бухлын чинээ болгочихоор долоон буудлын Должин эмээ хүртэл УИХ-ын гишүүдтэй барьцаж наадмын төв асрын хойморт сууна гэж бухимдана. Гэхдээ суух эрхгүй гэж байгаа юм биш.
Төлбөр юмыг нь төлөөд сууж болно,харин өнөөгийн энэ үнхэлцэг шиг жижиг саванд эрх биш улс удирдаж байгаа хүмүүсээ суулгах нь зөв биз дээ. Хүний нийгэм одоохондоо ийм л байна,өөр арга алга. Эцэст нь боломжгүй зүйлийн төлөө бухимдсан Должин эмгэнд Монголын төр шударга бус санагдах нь ойлгомжтой биш үү. Нэг муу наадам үзэх асуудал дээр хүртэл УИХ-ын гишүүд нь төрийн нэр барьж оролцдог гэдэг буруу ойлголт нийгэмд түгж байна. Бид үнэхээр ийм тэнэг баймааргүй байна. Энэ галзуурлаас чинь болоод Монголын төр муухай харагдаад байна. Монголчууд тэнэг болоод байна. Дээрээс нь Монгол төрийн эрхэмсэг чанар нэр хүнд хүн бүрийн улны гишгүүр болж дууслаа.
Э.МӨНХТҮВШИН
"Өдрийн сонин"
/2026.07.07/
И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна
Posted By
Алсын Хараа
On
In
Онцлох,Улс төр |
No Comments
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён долоодугаар сарын 7-8-ны өдрүүдэд Туркийн Анкара хотноо болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон Лак өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, Ерөнхийлөгч И Жэ Мён БНСУ болон НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн байна.
И Жэ Мён Анкара хотноо НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзахаас гадна, Япон, Шинэ Зеланд, Австрали зэрэг Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Ви зөвлөх тэмдэглэлээ. Тэрбээр мөн НАТО-гийн батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийн асуудлаарх форумд оролцож, салбар хуралдаануудын нэгд үг хэлэх аж.
"Геополитикийн байдал улам тогтворгүй болж байгаа энэ үед НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлж, дотоодын цэргийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа бэхжүүлэхэд анхаарч байна. НАТО-гийн гишүүн бус БНСУ-ын хувьд батлан хамгаалахын бүтээгдэхүүний экспортыг хөнгөвчлөхийн тулд тус эвслийн стандартад суурилсан түншлэлийг ахиулах шаардлагатай" хэмээн Ви Сон Лак хэлсэн байна.
Украины дайн эхэлснээс хойш НАТО болон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа тасралтгүй бэхжиж байгааг тэрбээр нэмж дурджээ. "Европын аюулгүй байдал Азийнхтай салшгүй холбоотой. Украинд ОХУ-ын талд тулалдаж буй Умард Солонгосын цэргүүд үүний тод жишээ юм" гэж тэрбээр хэлээд, БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар батлан хамгаалах салбарт хамтран ажиллах асуудлаар бусад орны удирдагчидтай дээд хэмжээний уулзалтууд зохион байгуулахаар ажиллаж байгааг дурдсан хэдий ч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
Туркт хоёр өдөр айлчилсныхаа дараа И Жэ Мён Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар долоодугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, гурван өдрийн төрийн айлчлал хийнэ гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мөн мэдээлжээ.
Айлчлалын эхний өдөр хоёр улсын төрийн тэргүүн нар дээд хэмжээний уулзалт хийж, хамтарсан мэдэгдэл гаргахаас гадна, харилцан ойлголцлын хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурна гэж Ви зөвлөх мэдээлэв.
БНСУ нь Монгол Улсыг нэн чухал ашигт малтмалын нөөцтэй орны хувиар гол түнш, мөн Умард Солонгостой тогтоосон нягт харилцаагаараа дамжуулан Солонгосын хойгт энх тайван тогтоох үйл хэрэгт хувь нэмэр оруулж чадах чухал түнш гэж үздэг болохыг Ви Сон Лак онцолжээ.
Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуураа тушаасан гэсэн. Манайхаар үйлчлүүлээрэй” гэж иргэдээс гуйдаг болсон байна
Posted By
Алсын Хараа
On
In
Улс төр |
No Comments
УИХ-ын гишүүн Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын хаврын чуулган өндөрлөж байна. Энэ удаагийн чуулганаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэрэгтэй, бодит үр өгөөжтэй хуулиуд батлагдаж чадсан гэж та үзэж байна уу?
-Энэ парламент нийт найман чуулган хуралдахаас дөрөв дэх чуулганаа өндөрлөж байна. Эхний гурван чуулганы үр дүнд миний хувьд төдийлөн сэтгэл хангалуун байгаагүй. Учир нь Засгийн газар огцруулах, томилох, төсвийн тодотгол хэлэлцэх зэрэг асуудалд ихээхэн цаг зарцуулсан. Харин иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодитоор хэрэгтэй хуулиуд харьцангуй цөөн батлагдсан. Харин энэ хаврын чуулган илүү ачаалалтай болж өнгөрлөө. Татварын багц хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, олон хүүхэдтэй эхийг шагнахтай холбоотой хууль, хүүхэд, гэр бүлийн асуудал, тамхины хэрэглээтэй холбоотой зохицуулалт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг олон хууль хэлэлцэгдлээ. Эдгээр хууль батлагдсанаар өнөөдөр зохицуулалтгүй байсан олон харилцаа эрх зүйн хүрээнд шийдэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Энэ дундаас онцолж хэлэхэд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд орсон өөрчлөлтөөр сарын 792 мянган төгрөг хүртэлх орлоготой иргэдийн татварыг тэг хувь болгож, хоёр сая төгрөг хүртэлх цалинтай иргэдийн татварт 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт батлагдсан. Энэ нь ялангуяа бага орлоготой иргэдэд бодит дэмжлэг болохоор шийдвэр болсон. Мөн үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос хоёр хувийн татвар авдаг байсан зохицуулалтыг хүчингүй болгож чадсан. Өөрийн өмчөө зарсан хэрнээ ойлгомжгүй татвар төлдөг байсан иргэдийн бухимдлыг арилгасан эерэг өөрчлөлт гэж харж байна.
-Таны хувьд энэ хаврын чуулганы хугацаанд ямар асуудалд голлон анхаарч ажиллав?
-Миний хувьд Малчны тухай хуулийн хэрэгжилт байлаа. Энэ хүрээнд Малчны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой Ерөнхий сонсголын ажлын хэсэгт ажиллаж, хоёр өдөр үргэлжилсэн сонсголд оролцлоо. Сонсголын үеэр малчдаас маш олон санал ирсэн. 2024 онд батлагдсан Малчны тухай хуульд Засгийн газар 9-10 орчим журмыг боловсруулж батлан хэрэгжүүлэхээр заасан байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар эдгээр журмын дийлэнх нь хэрэгжээгүй гэж хэлж болно. Монгол Улс парламентын засаглалтай орны хувьд УИХ хууль баталдаг, харин түүнийг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар хүлээдэг. Гэтэл Засгийн газар шаардлагатай журмуудаа баталж, хэрэгжилтийг хангаж чадаагүйгээс болж малчдын дунд “Сонгуулийн өмнө малчдыг хуурсан хууль болсон”, “Энэ хууль хэрэгжихгүй байна”, “Зөвхөн пиарын шинжтэй хууль баталсан байна” гэсэн бухимдал маш их үүссэн байна.
-Малчны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд малчид ямар асуудлыг хамгийн их хөндөж байсан бэ?
-Малчны тухай хуульд хэрэгжих ёстой олон чухал зохицуулалт бий. Тухайлбал, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн тооцох, малчдын хүүхэд хөдөө аж ахуйн чиглэлээр суралцвал сургалтын төлбөрийг нь төрөөс хариуцах, малчдыг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, мал маллаж яваад байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас амь насаа алдсан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, мөн малчдыг хөнгөлөлттэй зээл, ипотекийн зээлд хамруулах зэрэг олон чухал заалт хуульд туссан байдаг. Гэвч эдгээр зохицуулалт бодит ажил болоогүй байгаа нь малчдын хамгийн их шүүмжилсэн асуудал байлаа. Энэ удаагийн ерөнхий сонсголын мөрөөр УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах юм. Тэр тогтоолоор Засгийн газарт шаардлагатай журмуудаа яаралтай баталж, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэл өгнө гэж үзэж байгаа. Үүнээс гадна Татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Боловсролын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгох урамшууллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг олон хуулийн төсөл, ажлын хэсгүүдэд ажилласан.
-Та тойргоороо байнга явж, иргэдтэй уулзалт хийдэг гишүүдийн нэг. Иргэдийн амьжиргаа, тэдний хэлж байгаа санал, шүүмжлэл ямар байна вэ. Батлагдаж байгаа татварын болон бизнесийн орчныг дэмжих хуулиуд иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчирч чадах болов уу?
-Маш чухал асуулт байна. Бид орон нутагт ажиллахдаа хүн амын бараг бүх бүлгийн төлөөлөлтэй уулзаж байна. Хөдөө аж ахуйн салбарынхан буюу тариаланчид, малчид, ногоочид, хүнсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулздаг. Мөн сумын төвийн иргэд, ахмад настан, төсөвт байгууллагын ажилтан, жижиг, дунд бизнес эрхлэгчид, ажилгүй, орлогогүй иргэдтэй уулзаж байна. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрүүл мэндийн хүндрэлтэй, хавдрын хүнд шатанд байгаа иргэдтэй ч тогтмол уулзаж, санал бодлыг нь сонсдог. Ер нь 15 орчим өөр өөр бүлгийн төлөөлөлтэй уулзаж ажиллаж байна. Энэ бүх уулзалтаас харахад гэгээтэй зүйл тун бага байна. Иргэдийн орлого буурч байна, ажил хөдөлмөр эрхлэх боломж хумигдаж байна, ахмадын тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна. Өнөөдөр сумын төвийн дэлгүүрүүд хүртэл “Танай хөдөө байдаг хамаатан сая ноолуураа тушаасан юм байна, манай дэлгүүрээр үйлчлүүлээрэй гэж хэлээд өгөөрэй” гэж гуйдаг болсон байна. Энэ нь худалдааны эргэлт эрс муудаж, иргэдийн худалдан авах чадвар ямар хэмжээнд буурсныг харуулж байгаа юм.
-Ахмадууд мэдээж тэтгэврийн асуудлаа хэлж байгаа байх...?
-Ер нь хамгийн хүнд асуудал нь ахмадын тэтгэвэр байна. Өнөөдөр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг байгаа. Хэрэв нэг килограмм махыг 30 мянган төгрөгөөр тооцвол нэг эр хонины гулууз худалдаж аваад л тэр мөнгө нь бараг дуусч байна. Үүнээс цааш хоол хүнс, эм тариа, бусад хэрэгцээгээ юугаар хангах вэ гэдэг асуудал ахмадуудын өмнө бодитоор тулгарсан. Тиймээс ахмадын амьжиргааг сайжруулах асуудал дээр төр бодитой шийдвэр гаргахгүйгээр өөр гарц байхгүй гэж үзэж байна. Мөн бүх сумын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ажилтнуудад улсын төсөвт батлагдсан цалингийн нэмэгдлийг оны эхний дөрвөн сард олгоогүй. Хууль нь батлагдаж, төсөв нь батлагдсан байхад эдгээр хүмүүс дөрвөн сарын нэмэгдлээ авч чадаагүй. Зөвхөн тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдлээ авч эхэлсэн. Энэ бол тухайн өрхүүдэд очих ёстой байсан орлого дөрвөн сарын турш тасалдсан гэсэн үг. Маш хариуцлагагүй үйлдэл болсон. Энэ асуудал дээр иргэд маш их бухимдалтай байна. Нөгөө талаар бараг айл өрх бүрд хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл хүнд өвчтэй нэг хүн байдаг болсон. Ийм өрхүүдэд нэг гэр бүлийн гишүүн нь заавал асран хамгаалагч болж ажил хөдөлмөрөөс хөндийрөхөөс өөр аргагүй болж байна. Ингэснээр тухайн айлын санхүү, эдийн засаг, цаг зав гээд бүх боломж нь нэг хүний өвчин, асаргаанд төвлөрдөг. Эдгээр өрхийн орлого өмнөхөөсөө улам буурч, инфляци, үнийн өсөлтөд идэгдэж байна. Дээрээс нь дизель түлшний үнийн өсөлт орон нутгийн бүх бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж байгаа учраас иргэдийн бухимдал маш өндөр түвшинд хүрсэн байна гэдгийг хэлье.
-Удахгүй наадам болох гэж байна. Наадмын дараа намар гэдэг. Таны хувьд ирэх намын чуулганаар ямар чиглэлд анхаарч ажиллахаар байгаа вэ?
-Ард түмэн бидэнд сөрөг хүчний үүргийг хүлээлгэсэн. Бид парламентад цөөнх учраас иргэдтэйгээ тогтмол уулзаж, тэдний санал, шүүмжлэлийг сонсдог. Нөгөөтэйгүүр тойрогтоо ажиллаж байгаа нь өөрөө хэд хэдэн ач холбогдолтой. Нэгдүгээрт, иргэдийн бодит амьдрал ямар байгааг газар дээр нь харж, санал хүсэлтийг нь сонсож байна. Хоёрдугаарт, батлагдсан хуулиуд бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг хянаж байна. Гуравдугаарт, Засгийн газрын бодлого, шийдвэрт иргэд ямар үнэлэлт өгч байгааг судалж, өөрсдийн ажлын тайлангаа танилцуулж явдаг. Цаашид энэ ажлаа улам эрчимжүүлнэ. Ялангуяа иргэдийн амьжиргааг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, батлагдсан хууль бодитоор хэрэгждэг тогтолцоог бий болгохын төлөө дуу хоолойгоо хүргэж ажиллана. Үүний хамгийн тод жишээ нь Малчны тухай хууль байна. Сайн хууль баталсан мөртлөө хэрэгжилтийг нь хангахгүй байгаа асуудалд бид онцгой анхаарна. Түүнчлэн иргэдийн орлогоос авч байгаа татварын хэмжээ, тэтгэвэр, тэтгэмжийн бодлогыг сайжруулах чиглэлээр иргэдийнхээ талд байр сууриа илэрхийлж ажиллах болно.
Э.МӨНХТҮВШИН
Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ташчих шиг боллоо...
Posted By
Алсын Хараа
On
In
Улс төр |
No Comments
Уржигдар Монголд юу болов? Урхагт муу Оюутолгойн гэрээ засарлаа гэдэг бүдүүн тойм ойлголт бүх Монголыг бүрхэв. Сошиал нь нийгэм гэж үзэгддэг болсон учир ийнхүү хэлэхэд хужир нь яг таарна. Гэхнээ: Энэ их сонин. Эхлээд: Тэмцэгчид Оюутолгойн баяжмалын цувааг хааж шуугиан дэгдээв. Энэнээс хоёр хоногийн дараа Аюулгүйн зөвлөл хоёр өдөр дараалж хуралдав. Үүнтэй зэрэгцээд зарим улстөрчид: Оюу толгой төслийг зогсоож байгаад ч гэсэн гэрээг өөрчлөх хэрэгтэй гэж мэдэгдэцгээв. Тэгмэгц нь: Рио Тинтогийн ТУЗ-ийн дарга, Зэсийн группийн захирал хоёр нь Монголд ирэв. Хэлэлцээр гурван цаг үргэлжлэв. Тэгээд хоёр тал тохирч. Энэхүү цаг хугацааны дараалал болоод субьектүүдийн холбоог тогтож бод... Хэлэлцээрийн дараа Засгийн газрынхан: Бид яллаа гэж ээлжлэн мэдэгдэл хийцгээв. Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээс ажил хэрэгчийг нь түүвэл: Наадмын өмнө Ерөнхий сайдын хувьд монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Оюу толгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж чадлаа. Нэгдүгээрт: Манай Засгийн газар эхний 100 хоногийнхоо босгон дээр Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулснаар Оюутолгойн баялгаас өр зээлэнд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж, 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломж бүрдэж байна. Хоёрдугаарт: Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг долоон жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг гурван жил тутамд эргэж харж хэлэлцдэг болгож чадлаа. Гуравдугаарт: Энэ жил бид Оюу толгойгоос ногдол ашиг авна. Энэ асуудлаар “Рио тинто”-той ажиллахаар тохиролцож чадлаа. Хэлэлцээрүүдийн үр дүнд Оюу толгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум ам.долларын зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг дөрвөн тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Оюу толгойн бүлэг ордын нэг хэсэг Онтрэгийн хэлэлцээрийг өнөөдөр албан ёсоор эхлүүлж, Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж, УИХ-д танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өгч байна гэлээ. Сэтгэл татам пиарын үгнүүдээ Н.Учрал мартсангүй. Доозыг нь ялим ихдүүлж. Г.Дамдинням ч яаж дутахав: Хэлэлцээний үр дүнд Оюу толгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум ам.долларын зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг дөрвөн тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломж бүрдлээ гэж Ерөнхий сайдтайгаа давхцуулж. Энийгээ хийцэлсэн агуу эх оронч үг зөндөө оруулж. Гэтэл нь: Энэхүү хэлэлцээрийн талаар Төрийн ордны гаднаас тэс өөр тайлбаруудыг эдийн засагч, судлаач хүмүүс гаргаж тавьж. Тэд нар: Оюу толгой шиг том төслийн хэлэлцээрийг гурав хүрэхгүй цагт хийх боломжгүй. Тэгснээ эцэслэсэн шийдвэртэй. Тиймийн учраас энэхүү хэлэлцээрийг нууц байдлаар олон сар хийсэн байна. Тэрүүгээр гол тоо болон чанарын үзүүлэлтүүдийг эцэслэн тохирсон байна. Харин тэрийгээ хэлэлцээрийн далбаа дор манай ард нийтэд танилцуулах пиар, реклам хийлээ гэж. Нэмээд: Рио тинто Оюу толгойн далд уурхайг графикт хугацаанаас 2.5 жилээр хоцруулсан. Оюу толгойн төсвийг 1.9 тэрбум ам.доллараар хэтрүүлснээ нуун дарагдуулсан. Эдгээр нь манай улсын өр асар их нэмэгдэхэд нөлөөлсөн. Гадаадын хувьцаа эзэмшигчид яг энэ шалтгаанаар заргалдаж байгаад “Рио Тинто”-гоос мөнгөн төлбөр авч байхад Монголын Засгийн газар огт ярьдаггүй гэнэ ээ ч гэж. Мөнхүү: Хэлэлцээрийн талаар эдийн засагч Р.Даваадорж машид голтой дүгнэлт өгч. Дүгнэснээс түүвэрлэвэл: Оюу толгойн хэлэлцээний гол асуулт нь Рио тинто хэдийг буулгав гэдэгт биш. Харин Монгол Улс стратегийн ордоо цаашид ямар дүрмээр, ямар институцийн чадамжаар, ямар өгөөжийн бүтэцтэй удирдах вэ гэдэгт оршино. Сая өнгөрсөн хэлэлцээгээр Монголын тал тодорхой ахиц гаргасан нь үнэн. Гэхдээ эдгээр нь өнөөдөр улсын төсөвт орж ирсэн бэлэн мөнгө биш. Энэ бол шинэ нөхцөл бүрэн хэрэгжиж, олборлолт төлөвлөсөн хэмжээнд хүрч, зэсийн үнэ болон зах зээлийн нөхцөл тогтвортой хадгалагдсан тохиолдолд уурхайн ашиглалтын хугацаанд бий болох боломжит мөнгөн урсгалын тооцоо юм. Тиймээс дараагийн шатанд Монголын тал гурван зүйлийг хатуу барих ёстой. Нэгдүгээрт: Өгөөжийг пиараар биш, мөнгөн урсгалаар хэмжих. Хэдэн тэрбум ам.доллар хэмнэсэн гэхээс илүү тэр мөнгө Монголын төсөвт хэдийд, ямар сувгаар, ямар баталгаатай орж ирэх вэ гэдгийг ил тод тооцох ёстой. Хоёрдугаарт: Онтрэ, Жавхлант, Шивээ олгой, АМНАТ-ын асуудлыг хаалганы цаана орхихгүй байх. Ирээдүйн зэсийн хамгийн үнэ цэнэтэй хэсэг дээр Монголын эзэмшил, татвар, гэрээний горим тодорхойгүй үлдвэл энэ хэлэлцээ бүтэн биш болно. Гуравдугаарт: Оюу толгойг сонгуулийн ялалт биш, үндэсний санхүүгийн стратеги болгох. Ил тод гэрээ, хараат бус санхүүгийн загвар, парламентын хяналт, олон нийтэд нээлттэй өгөөжийн тооцоо байхгүй бол ямар ч том ялалт удаан наслахгүй. Ингэж чадвал энэ хэлэлцээ Оюу толгойн түүхэнд Монголын эдийн засгийн байр суурийг сайжруулсан бодит өөрчлөлт болж үлдэнэ. Харин ингэж чадахгүй бол энэ нь том тоотой мэдэгдэл, дараагийн маргааны өмнөх түр завсарлага төдий болох эрсдэлтэй. Эцэст нь хэлэхэд, Оюутолгойн хэлэлцээний жинхэнэ үнэлгээг өнөөдрийн улс төр биш, 2030, 2040 оны санхүүгийн тайлан өгнө гэж. Энийг уншаад эргүүлж бодох нь зөв байх. Энэнээс гадна: Эхэнд дурдсанчлан Рио тинтогийн томчууд болоод Засгийн газрын хэлэлцээр цаанаас тавилттай байсан шиг. Үйл явдлын эхлэл, өрнөл, төгсгөл нэг л итгэл төрүүлэмгүй. Ядах нь ээ: Н.Учрал нарыг хэлэлцээрийн талаар мэдэгдэл хийж дуусаагүй байхад л пиарынхан нь: Н.Учрал улс төр талаасаа огцрохгүй боллоо. АН-д өөр шалтгаан олох хэрэгтэй болсон сонин өдөр болов оо гэж бичээд эхэлж. Байж болох үр дүн. Гэлээ гэхдээ АН-ын тавьсан шаардлага өөр. Амьдралыг ч хар. Махаа яая, бензинээ яах вэ гэдэг анхан шатны асуудалд шийдэлгүй л сууж буй. Нэмээд: Энэний жинхэнэ гавьяатан нь Г.Занданшатар. Тэрээр Ерөнхий сайд байхдаа Рио Тинтод: Эзэн нь юмаа мэддэг гээд хэлчихсэн юм. Тэр тэгж хэлээгүй бол, тэгээд басхүү: Ерөнхийлөгч Аюулгүйн зөвлөлийг хуралдуулаагүй бол… гээд олны тус дэмийг мартаад хэрэггүй байх. Энэ бүгдээс гол юм нь: Рио тинтотой хамтарсан Н.Учралыг аврах үзүүлбэрт улсаараа алга ташчих шиг болох юм. Сүүдэрт нь: Н.Учралыг намар хүртэл тэсгээхийн төлөө Онтрэ, АМНАТ хоёроороо наймаалцчихаагүй байгаа даа гэх сэрдлэг сэрж байна. Бодох л ёстой өнцөг…
Ө.БАТБИЛЭГ
"Өдрийн сонин"
/2026.07.02/
Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой!
Posted By
Алсын Хараа
On
In
Улс төр |
No Comments
УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдтой ярилцлаа.
Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!
-Та энэ хэргийн талаар юу хэлэх вэ. Байхгүй зүйл дээр ял оноодог анхны жишиг боллоо гэж хэлж байсан...?
-1937 онд “тэр японы тагнуул гэнэ ээ...” гэсэн гэрчийн мэдүүлгээр 30 мянган монгол хүн, голдуу лам нарыг цаазаар авсан. Тэрэнтэй яг адилхан, “Энхболдын компани юм билээ” гэсэн гэрчийн мэдүүлгээр ял өгөөд анхан шат, давж заалдах шатны шүүх шийдвэр гаргаж байна. Хорих ялыг торгох болгож сольсон ч энэ бол хийгээгүй хэрэг учраас би Улсын Дээд Шүүхэд хянуулах гомдол гаргана, энэний ард гарна. Ер нь 1937 оны сургамжаас Монгол улс сураагүй байна. Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой. ардын нам засгийн эрх аваад 10 жил болж байгаа. 2016 оны сонгууль зургадугаар сарын 28-нд болсон, өнөөдөр зургадугаар сарын 30. 10 жилд Монгол улсад хууль үйлчлэхээ больсон, шүүгчид хуульд захирагдахаа больсон, хийгээгүй хэрэгт хүнийг хэлмэгдүүлдэг болсон гэдгийг би өөрийн биеэр мэдэрч, баталгаажууллаа.
-Одоо Улсын Дээд шүүхэд хандана гэж байна. Дээд шүүхээс гарах шийдвэрт итгэж байна уу?
-Улсын дээд шүүхэд найдаж байна. “хамтрагч, хамжигч” гэдэг дээр шүүхийн тогтоолд тодорхой шалгуур байдаг. заавал танил харилцаа, тодорхой үйлдэл шаарддаг. гэтэл тэр нь тогтоогдоогүй байхад хоёр шатны шүүх ял өгсөн. Манай өмгөөлөгч хууль зүйн үндэслэлээр ньтайлбарлаж ингэж хэлсэн. Бид анхан шатны шийдвэрийг зөвшөөрөөгүй, давж заалдах шатанд гомдол гаргасан. Гомдлын гол агуулга хоёр зүйл дээр тулгуурласан. нэгдүгээрт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх ёстой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон байх ёстой. Гэтэл “хатгагч, хамжигч” гэдэг ойлголтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Хатгагч гэдэг нь нөгөө хүнийг үйлдлээрээ, эс үйлдлээрээ гэмт хэрэг хийхэд хүргэсэн гэм буруутай санаа зорилготой байх ёстой. Энэ нь тогтоогдоогүй байхад зөвхөн нэг гэрчийн мэдүүлгээр, нөгөө гэрчийн мэдүүлгээр баталгаажуулж шийдсэн. Гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болдоггүй. Гэтэл одоо шинэ маягийн ойлголт гаргаж ирж байна. өмнө нь нэг гэрчийн мэдүүлгийг бусад нотлох баримтаар дэмжиж үнэлдэг байсан бол одоо гурван хүнийг хөтөлж ирээд “ингэсэн, тэгсэн” гэж хэлүүлээд хүнийг яллаж байна. Энэ бол 1937 оны хэлмэгдүүлэлтийн шинэ хэлбэр рүү орж байгаа хэрэг.
Энийг хууль тогтоогчид анхаарах ёстой. Ардчилсан нийгэмд гэрчийн дамжмал мэдүүлгээр хүнийг яллах боломжгүй гэж хэлсэн. өмнө нь ч би хэлж байсан, тэр байр суурь хэвээрээ.
-Шүүх хурлын үеэр та өөрийнхөө түүхийг ярьсан. Энэ талаараа мөн тодруулахгүй юу?
-Шүүх дээр би өөрийн түүхээ ярьсан. би бол зандаахүүгийн энхболд. Манай аав галсандонойн зандаахүү. өвөөгийн эмээ содномпил. эмээгийн аав нь түдэвваанчиг гээд 1937 онд цаазлуулсан хүн байгаа юм. Улмаар 1998 онд хэлмэгдлийнх нь нэг сая төгрөгийг манай аавын төрсөн дүү нь авч байсан түүхтэй. Би шүүх дээр энэ түүхийг яагаад яриад байгаа юм гэхээр 1991 онд өмнө нь 1937 онд цаазлуулсан манай Түдэвваанчиг өвөөг цагаатгахдаа дан ганц гэрчийн мэдүүлгээс өөр нотлох баримтгүй байсан учраас 54 жилийн дараа цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн. Тэр үед ямар нэгэн “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү” мэдээж байгаагүй. Ёнзон хамба гэж Гандантэгчинлин хийдийн хамбаар Монголын бүх лам нарыг “Эсэргүү бүлгийн гишүүн” гэж хэлүүлээд 30 мянган ламыг цаазаар авсан гашуун түүх бий. Манай эмээгийн аав лам байгаагүй, тайж хүн байсан. Сайн ноён аймгийн захиргаанд ажиллаж байгаад 1921 оны хувьсгалын дараа малаа маллаад Баруунбаян-Уул суманд амьдарч байсан хүн. 1937 оны сургамжаас Монгол Улс сураагүй байна. Социализмын үед ч, 1992 оны Үндсэн хуулиар тогтсон ардчилсан Монголд ч дан ганц гэрчийн мэдүүлгээр хүнийг хэлмэгдүүлдэг байж болохгүй. 30 мянган гэм зэмгүй иргэнийг буудаж алсан гашуун түүх бий.
-Манай Эрүүгийн хууль, Үндсэн хуульд хүртэл дан ганц гэрчийн мэдүүлгээр хүнийг яллах ёсгүй. Заавал бодит эх сурвалж, нотлох баримттай байх ёстой гэж заасан. гэтэл энэ зарчмуудыг уландаа гишгэж байна гэж ойлгох уу?
-Тэгж байна. Анхан шат, давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр нэг гэрчийн мэдүүлгийг үндэслэж шийдвэр гаргасан. Тухайн гэрч Доржханд гэдэг хүн мэдүүлгээсээ буцсан ч тооцоогүй, хэрэг үргэлжилж байна. Би Дээд шүүхийг анхан болон давж заалдах шатны шийдвэртэй нийлэх үү, эсвэл хууль ёсны зарчим барих уу гэдгийг туршиж үзэх гэж байна. Гол нь Үндсэн хууль бодитоор ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг шалгах гэж байгаа юм. Энэ хэрэг дээр намайг “хамжигч”, “хатгагч” гэж үзээд 40 гаруй сая төгрөгийн ял оноосон. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Монголын ард түмэн энэ шүүхийн систем ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг дүгнэх шаардлагатай. Сүүлийн 10 жилд МАН засаг барих хугацаанд улс орон туйлдаж, шүүхийн тогтолцоо дампуурсан гэдгийг энэ хоёр шатны шийдвэр харуулж байна гэж би үзэж байгаа. Гэхдээ би цөхрөхгүй, Дээд шүүхэд хандана.
-Таны хувьд эрүүл мэндийн байдал ямархуу байна. Шүүхийн танхимд хүзүүндээ хамгаалт зүүсэн харагдсан?
-Миний эрүүл мэндийн асуудал бий. Хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон. Үүнээс болж миний хөдөлгөөн хязгаарлагдаж, дөрвөн жилийн өмнө хийлгэсэн хүзүү нурууны дискний мэс заслын байдал хүндэрсэн. Одоо удахгүй дахин хагалгаанд орох шаардлагатай болсон. Энэ зардлыг би Засгийн газраас нэхэмжлэх гэж байгаа. Энэ бол хүний эрүүл мэндэд нөлөөлсөн асуудал. Ер нь Монголын ард түмэн шүүхийн энэ дампуурсан тогтолцоог засах шаардлагатай. Ирэх Ерөнхийлөгчийн сонгууль, дараагийн УИХ-ын сонгуулиас эхлээд энэ өөрчлөлтийг хийх ёстой. Яагаад шүүхийн систем ингэж доголдож байгааг би бараг ойлгосон. Гэхдээ Дээд шүүхийн шийдвэрийг туршиж үзээд дараа нь тодорхой хэлнэ. Би хийгээгүй хэргийнхээ төлөө ял авсан үйл явдлаараа ном бичиж байгаа. Хуулийн ангийн оюутнуудад гарын авлага болж үлдэг.
Э.МӨНХТҮВШИН
"Өдрийн сонин"
/2026.07.02/
Оюу толгойн зээлийн хүүг 7.9 хувь болгон бууруулж, хүртэх өгөөжөө энэ жилээс авахаар болов
Posted By
Алсын Хараа
On
In
Онцлох,Улс төр |
No Comments
Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" групптэй амжилттай хэлэлцээр хийж, үр дүнд хүрсэн талаар Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр мэдээлэл өгөв. Энэ удаад нийт гурван асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Нэгдүгээрт, Оюу толгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу найм орчим их наяд төгрөгөөр бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу тав орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан байна. Мөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 10.5 хувь байсныг 7.9 хувь болгон бууруулахаар талууд тохиролцжээ. Зээлийн хүүг бууруулснаар Оюу толгойн баялгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэх боломж бүрдэж байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлэв.
Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу найм орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломжтой аж. Хоёрдугаарт, Оюу толгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жил тутам бууруулах боломж үүсдэг байсныг гурван жил болгон бууруулжээ. Гуравдугаарт, Оюу толгой төслөөс хүртэх ногдол ашгаа энэ оноос авч эхлэх зарчмын тохиролцоонд хүрсэн байна.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал хэлэлцээрүүдийн үр дүнд Оюу толгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг дөрвөн тэрбум ам.доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Оюу толгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашдаа ч хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд итгэлтэй байгаа. Бид Ардчилсан, эрх чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж, хамтран ажиллах болно. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа нотлон харуулж, үр дүнд хүрч чадсан Рио тинто компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.
Оюу толгойн бүлэг ордын нэг хэсэг болох Онтрэгийн хэлэлцээрийг эхлүүлж монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж, УИХ-д танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өглөө. Энэ бол Монголчууд бид эвлэлдэн нэгдэж, улс орныхоо эрх ашгийн төлөө шударгаар зүтгэж чадвал ямар үр дүн гаргаж чаддагийн нэгэн жишээ болон үлдэх болно гэдэгт итгэж байна. Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой хэмээн онцлон тэмдэглэв.
Т.ДАРХАН