- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ. Түүгээрээ УИХ-ын түүхэнд үлдэнэ. Харин тэд ганц ганцаараа явахаар шүүмжлэлийн бай болдог гэмтэй. Базаахгүй түүхтэй гишүүн цөөнгүйтэй нь холбоотой биз.

Энэ УИХ тийм хуулиудаас гадна далд эдийн засгийг ил болгох, том хулгайг илчлэхэд нэмэр тус өндөртэй ерөнхий хяналтын хэд хэдэн сонсгол хийсэн. Хөгжлийн банк, нүүрсний хулгайгаар хийсэн сонсголын дүнд монголчууд эрх мэдэл, улс төрийн нөлөө хөшигний ард хэрхэн туйлдгийг мэдэж авсан. Отгон чуулганаараа ч хэд хэдэн ерөнхий хяналтын сонсгол хийхээр төлөвлөөд байна.

Ер нь бол эдгээр “хүнд сэдэв” бүхий хуулиудыг баталж, сонсголууд зохион байгуулахад УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө идэвхтэй, нөлөөлтэй оролцсон л доо. Ганц жишээ л гэхэд өнгөрсөн зун нүүрсний сонсгол нам гацчихаад байв. Тэгэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар “Ажлын хэсэг байгуулах тухай” уг захирамжийг гаргаж гацаанаас гаргаж байлаа. Тэрээр “…Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн захирамж гаргасан. Тэр дагуу байгуулагдсан шинэ ажлын хэсэг ажиллаж явсаар нүүрсний сонсголын ард гарсан түүхтэй. Одоо энэ хаврын чуулганаар газар олголт, ашигт малтмалын лицензийн “наймаа”-тай холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийхээр төлөвлөөд байна.

Энэ хоёрын араас ихээхэн хэмжээний авлигын хэргүүд босож ирнэ. Улстөрчид, улс төрд нөлөө бүхий хүмүүс гарч ирнэ МАН-аас ч, АН-аас ч, тэр байтугай одоогийн УИХ, Засгийн газраас энэхүү газар, лицензийн асуудалтай холбоотой гишүүд тодорно. Тэр агуулгаараа, энэ бас л УИХ-ын хувьд хэцүү "даалгавар" болж буй аж. Гэхдээ энэ сонсголуудыг хийхгүй бол Баялгийн сан, Газрын багц хуулиудын “хий” гарахгүйгээр байгаа юм. 

Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар 2024 оны хоёрдугаар сарын 19-нд “…Газар, газрын хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийнэ” гээд зарлачихсан. Тэгэхдээ “… Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан” гэсэн байдаг. Улмаар 2024 оны хоёрдугаар сарын 21-нд хэвлэлийн бага хурал зарлаж, түүн дээрээ “…Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэгт хяналт шалгалт хийсний үндсэн дээр Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон Газрын тухай багц хуулиа судалгаа тооцоотой хэлэлцэх бололцоотой юм. Газартай холбоотой асуудлаар иргэдээс олон санал, гомдол гарч байна. Өнгөрсөн нүүрсний хяналт, шалгалтын сонсголоор Өмнөговь аймагт хуулийн зөрчилтэй холбоотой газар олголтын асуудлыг илрүүлж гаргасан. Үүний дараа АТГ-аас газар олголт болон хуулийн хэрэгжилтийн талаар шалгалт явуулж, тодорхой мэдээллийг Засгийн газарт хүргүүлсэн. Иймээс УИХ, Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, Хянан шалгах Түр хороо байгуулах бэлтгэлийг хангах, дээр дурдсан асуудлаар хянан шалгах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ” гэсэн.

Дараа нь 2024 оны гуравдугаар сарын 15-нд УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр “…Ашигт малтмалын лиценз, газар олголтын байдалд хяналт шалгалт хийх Түр хороо ойрын хугацаанд нээлттэй сонсгол зохион байгуулж, Монголын баялаг, ард түмний өмчийн хулгай луйврыг илчлэх ёстой. Ашигт малтмалын том, жижиг ордууд, тэдгээрийн ашиглалт, лиценз, татвар төлөлтийг тойрсон элдэв хэлбэрийн булхай луйврыг илчлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна” гэж мэдэгдсэн. 

Үүнээс хойш хоёр долоо хоног өнгөрөв. Гэтэл ажлын хэсгүүд нь хуралдсангүй. “…Ирц нь бүрдэхгүй байна” гэжээ. Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар нэлээд бухимдаж, уурссан байна. Тэрээр ажлын хэсгүүдийг яаралтай хуралдуулахыг шахсаар байгаа аж. Харин ойрын үед ажлын хэсгүүд хуралдаж, ажлаа урагшлуулахгүй бол УИХ-ын дарга сонсголын бэлтгэлийг хангуулах талаар зохих арга хэмжээг авах бололтой. Гэвч УИХ-ын ажлын хэсгүүд юу юугүй хуралдаж сонсголд бэлдээд унах нь юу л бол доо. Яагаад гэвэл газар олголт, ашигт малтмалын лицензийн асуудал бол өмнө “сонссон” Хөгжлийн банкийг тоносон хэрэг, магадгүй нүүрсний хулгайгаас ч хэд дахин том хийгээд өргөн хүрээг хамарч мэдэх юм. Тэгэхээр сонсголоор суга татуулчих гээд байгаа нөхдүүд УИХ-ын ажлын хэсгүүдийг нам дарамталж байж мэдэх л юм. Тийм ч биз?!

Б.Гарьд 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Базарбямбын Нямсүрэн

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна. Мөн Монголын Ерөнхий сайд асан С.Батболд хууль бус уул уурхайгаас олсон орлогоороо Нью-Йорк хотноо тансаг байрнууд авсан тухай мэдээлэл цацагдсан нь олон улсын хэвлэлээр багагүй шуугиан тарьсан юм. “Google”, “Apple” зэрэг дэлхийн томоохон технологийн компаниудыг монополийн асуудлаар Европын холбоо шалгаж эхэлжээ. Энэ долоо хоногийн томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэе.

 

НҮБ: Газын зурваст гал зогсох ёстой

Зургаа дахь сардаа өрнөж байгаа Израил-Хамасын мөргөлдөөнийг зогсооход чухал нөлөөтэй Аюулгүйн зөвлөлийн тогтоол даваа гарагт батлагдлаа. Газын зурваст гал намжаах тухай санал хураалтад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 14 гишүүн орон дэмжсэн бол АНУ түдгэлзсэн хариу өгсөн юм. Өмнө нь гурван удаагийн санал хураалтад АНУ татгалзсан санал өгч байсан бол энэ удаад тус улс түдгэлзсэнээр гал зогсоох шийдвэр батлагдсан билээ. Үүний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Х платформ дээр “Удаан хүлээсэн энэ тогтоол заавал хэрэгжих ёстой. Аюулгүйн зөвлөл тогтоолыг баталж чадахгүй байх нь уучилшгүй алдаа юм” хэмээн мэдэгдсэн. Тогтоолын дагуу барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй, ямар ч болзолгүйгээр суллах ёстой. Гэвч одоогоор тодорхой алхам бүрэн хийгдээгүй хэвээр байна.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ долоо хоногт Вашингтонд айлчлахаар төлөвлөж байсан ч бүх уулзалтуудаа цуцалсан юм. Израилын Батлан хамгаалахын сайд “Газын зурваст барьцаалагдсан хүмүүс байсаар байхад Израил дайнаа зогсоохгүй “хэмээн мэдэгджээ.

 

Москва руу зорчихгүй байхыг анхааруулсаар байна

Москва хотын "Crocus city hall" концертын танхимд гарсан халдлагын улмаас амь насаа алдагсдын тоо 150-д хүрч нэмэгдсээр байгаа бөгөөд энэхүү хэрэгт 11 хүнийг сэжиглэн баривчлаад буй. Тэгвэл халдлагыг болж болзошгүй гэдэг мэдээллийг АНУ-ын талаас ОХУ-д анхааруулж байсан уу гэсэн асуудал аль хэдий нь яригдаад эхэлсэн. Тухайлбал, "Лалын улс" бүлэглэл Орост террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байгааг Америкийн тагнуулын алба Оросын талд анхааруулж байсан гэж CNN телевиз зарим эх сурвалжуудаас эш татан мэдээлж байсан юм. Ялангуяа Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас "террорист халдлага үйлдэж болзошгүй" талаар гуравдугаар сарын 7-нд сэрэмжлүүлэг өгсөн нь дээрх үйл явдал байсан уу гэдэг асуулт яригдсаар байна. Энэ талаар Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби “ЭСЯ-наас өгсөн сэрэмжлүүлэг ба “Crocus City hall”-д үйлдсэн халдлага хоёр хоорондоо ямар холбоотой болохыг хэлэх боломжгүй” гэлээ. Харин дээрх үйл явдлын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Украиныг ард нь байгаа хэмээн буруутгасан бол Киев “Бид энэ үйл явдалд холбоогүй” гэж мэдэгдсэн юм. Ямартай ч ОХУ-ын нийслэлд болсон дээрх харамсалтай үйл явдал хоёр улсын хооронд өрнөж буй мөргөлдөөнийг улам хурцадмал байдалд орууллаа хэмээн хэвлэлүүд бичсээр байна.
Харин Москвад болсон халдлагын дараа ч  улс орнууд ард иргэддээ сэрэмжлүүлэг гаргасан хэвээр байна. БНФУ-аас эхлээд Европын хэд хэдэн улс иргэдээ ОХУ руу шаардлагагүй тохиолдолд аялахгүй байхыг зөвлөж байна. Мөн Францын Засгийн газар терроризмын сэрэмжлүүлгийг дээд түвшинд хүргэснээ Ерөнхий сайд Габриэль Атталь мэдэгдсэн. Энэ жил Олимпын наадам зохион байгуулах тус улс аюулгүйн байдлыг онцгой анхаарч Олимпын наадмын нээлтийг үзэх хүмүүсийн тоог цөөрүүлэх шийдвэрийг гаргаад байгаа билээ.

 

АНУ Монголын экс Ерөнхий сайдын мөнгө угаалтыг зарлав

Энэ долоо хоногт дэлхий дахинаа багагүй шуугиан дэгдээсэн мэдээлэл бол экс Ерөнхий сайд Сү.Батболдын Нью-Йорк дахь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал байлаа. АНУ-ын бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын экс Ерөнхий сайдын авлигын байрны талаарх мэдээллүүд цацагдсан юм. Энэ талаар “Ройтерс” агентлаг ингэж мэдээлэв:
“Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдыг уул уурхайгаас хулгайлсан мөнгөөрөө Нью-Йорк хотод хоёр байр худалдан авсныг албаныхан мэдэгдлээ. Бруклиний прокуроруудын мэдээлснээр Ерөнхий сайд асан Сү.Батболд болон түүний гэр бүлийнхэн 2012, 2015 онд Манхэттэний төвд хоёр орон сууцыг нийт 14 сая ам.доллараар худалдаж авсан. Энэ мөнгө нь 2011 онд Хонгконгод бүртгэлтэй "Catrison Limited" компанитай байгуулсан 68 сая ам.долларын уул уурхайн гэрээнээс орж ирсэн. Тус компани нь Азидаа дээгүүрт ордог Монголын Эрдэнэтийн зэсийн баяжмалыг худалдан авах гэрээ байгуулж байсан юм. Энэ гэрээг байгуулахад тухайн үед Ерөнхий сайд байсан Сү.Батболд нөлөө үзүүлсэн байх боломжтой.
Бруклин дахь нөлөө бүхий прокурор Бреон Пийс “Батболд хууль бус авлигын схемээсээ олсон мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь АНУ-ын холбооны хуулийг зөрчсөн үйлдэл” гэв.
Энэ асуудлыг АНУ-ын Сангийн яам Америкийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлээр дамжих хууль бус хөрөнгийн урсгалыг хязгаарлах зорилготой урт хугацааны төлөвлөгөөнийхөө үеэр олж илрүүлсэн байна.
Дээрх байруудын нэгийг 2012 онд Catrison Limited-ийн Удирдах зөвлөлийн гишүүний хувь эзэмшдэг нэгэн компани 3.9 сая ам.доллараар худалдаж авсан бөгөөд С. Батболдын хүү АНУ-ын банкинд данс нээлгэхдээ уг байрыг шуудангийн хаяг болгон ашиглаж байжээ. Мөн Catrison компанийн Удирдах зөвлөлийн гишүүний эзэмшлийн компани 9.9 сая ам.долларын өртөг бүхий өөр нэг байрыг худалдан авах үед С.Батболдын хүү хамтран худалдан авагчаар оролцож  байсан тухай прокурорууд мэдээлжээ.

 

Технологийн акулууд Европын холбоонд шалгуулна

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгресс “Apple” компанийг монопольдож байна хэмээн хурцаар шүүмжилж байсан бол технологийн томоохон компаниудын асуудал энэ долоо хоногт ч үргэлжиллээ. Европын холбоо АНУ-ын технологийн томоохон компаниуд болох “Apple”, “Google”, “Meta”- компаниудыг шалгаж эхэлсэн бөгөөд холбооны зүгээс Дижитал зах зээлийн тухай хууль зөрчсөн үйлдлүүдийг мөрдөн шалгах ажиллагааг анх удаа эхлүүлсний хүрээнд энэ шалгалтыг эхлүүлжээ. ЕХ-ны Дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Тьерри Бретон хэлэхдээ, “Google”-ийн толгой компани “Alphabet” болон “Apple”, “Meta компаниудын шийдлүүд нь Европын иргэд, бизнес эрхлэгчдэд илүү шударга, нээлттэй дижитал орон зайг бий болгож байгаа гэсэн итгэл төрөхгүй байна” хэмээжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 62 (7306)

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх  сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна
Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа.

Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл түүнийг дагалдууж боловсруулсан хууль, тогтоомжийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Төсөлд мал аж ахуйн салбар байгаль, цаг уурын хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг тодорхойлж, харилцан хамтрах, хоршоолох санаачилгыг дэмжин малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг тусгажээ.
Мөн малчны хоршоонд нэгдсэн иргэнд арилжааны банкны эх үүсвэрээр зээл олгох, түүнийг зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даах, анхан шатны болон дундын хоршооны загварыг бүс нутгийн онцлогт нийцүүлж тодорхойлох, малын тэжээл тарих нөхцөлийг бүрдүүлэх, хуулийн дагуу үзүүлж буй дэмжлэгт хамрагдсан малчин, малчны хоршооны хүлээх үүргийг тусгасан байна.

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.            Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.

Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна
Гепатитийн D вирусийн  халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.
Монгол Улсад гепатит вирусийн халдварын тархалт өндөр.  Халдвартай иргэдийн дунд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд, үүний улмаас нас баралтын тоогоор дэлхийд дээгүүр орж байна. Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг байна.
Гепатитийн D вирусийн халдвар дангаар байдаггүй, В вирусийн халдвартай хүний таван хувь нь D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Олон улсад хийдэг нэгдсэн аргачлалаар (мета-анализ) судалж үзэхэд, манай улсад гепатитийн D вирусийн халдвартай 66.000 хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан.
Эрүүл мэндийн яамнаас 2023 онд гепатитийн D вирусийн халдварын эмчилгээнд иргэдийг хамруулах асуудалд түлхүү анхаарч ажилласан. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд төсөвлөсөн нийт 13,5 тэрбум төгрөгийн  9,7 тэрбумыг эмчилгээнд, оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд 2,3 тэрбум, орон нутагт эрт илрүүлэг, оношилгоог сайжруулахад 1,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ.

Товч мэдээ
·      Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.
·      Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо.
·      Төрийн байгууллагуудыг нийслэл Улаанбаатар хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогод нийцүүлэн Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд, зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
·      “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа.

Монголын далбаатай 245 хөлөг онгоц дэлхийн аль ч боомт руу орох эрхтэй байдаг

Posted By Алсын Хараа On In Улс төр | No Comments

“Боомтын сэргэлт” үндэсний форумын хүрээнд ГХЯ-нд өнөөдөр “Далайн эрх зүйн конвенц ба Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж, хуурай боомтын хөгжил” симпозиум боллоо.

Симпозиумын нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар үг хэлж, “Боомтын сэргэлт”-ийн чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа. Симпозиумыг НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буйг тэмдэглэв.

Симпозиумын зочноор Парисын Их сургуулийн профессор, НҮБ-ын Олон улсын эрх зүйн хорооны гишүүн Матиас Форто оролцож, “НҮБ-ын далайн эрх зүйн конвенц ба Далайд гарцгүй хөгжиж буй орнууд” сэдвээр, мөн Парисын Их сургуулийн профессор, НҮБ-ын Олон улсын эрх зүйн хорооны гишүүн Луис Савадого “Далайд гарцгүй Монгол Улсын Далайн захиргаа” сэдвээр илтгэл тавилаа.

Мөн Монгол Улсын Далайн захиргааны Олон улсын харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Түвшинтөгс “Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэл” сэдвээр, Монгол Улсын Далайн захиргааны Усан онгоцны бүртгэл, хяналтын газрын ахлах мэргэжилтэн О.Анужин “Монгол Улсын гадаад худалдаа” сэдвээр, Монгол Улсын Далайн захиргааны Далайн тээвэр, хуурай боомтын газрын мэргэжилтэн Д.Байгалмаа нар илтгэл тавив.

Монгол Улсын Далайн захиргааны Далайн тээвэр, хуурай боомтын газрын мэргэжилтэн Д.Байгалмаа, Монгол Улс далайд гарцгүй ч манай улсын төрийн далбаан дор 245 хөлөг онгоц бүртгэгдэн, дэлхийн аль ч боомт руу орох эрхтэй байдаг.

Сингапур улстай хамтарсан компани байгуулах замаар Монгол Улсын төрийн далбаан дор гаднын худалдаанд оролцож буй хөлөг онгоцуудыг бүртгэж эхэлснээр 20 жил болж байна. Энэ хугацаанд бид хангалттай туршлага судаллаа. Монгол залуус өөрсдөө хөлөг онгоцны бүртгэлээ хийж байгаа. Нэг ёсондоо монголчууд Сингапурын ноу-хаугаас суралцаж байна гэсэн юм.

Шинэ зүтгүүр туршилтын анхны аяллаа эхлүүлжээ

Posted By Алсын Хараа On In Улс төр | No Comments

Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлсэн зүтгүүрийн туршилтын анхны аяллыг эхлүүллээ.

Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын чиглэлд SD70ACe/LW-4102 зүтгүүртэй 1052-р галт тэрэг 4963 тонн 228 гол 57 вагонтойгоор хөдлөв. Аяллыг Тавантолгой зүтгүүрийн депогийн машинч А.Уранбаатар, туслах машинч Б.Бат-Эрдэнэ нар амжилттай эхлүүлж, зааварлагч машинч Э.Батжаргал шалган зааварчлах аялал хийн дагалдан явж байгааг “Тавантолгой төмөр зам” ХХК мэдээлсэн юм.

АНУ-аас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн 2 зүтгүүр энэ сарын 7-нд Монгол Улсад ирсэн билээ. ”Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх зүтгүүрийг турших, ашиглалтад оруулах бэлтгэл ажлуудыг хийж, зүтгүүрийн бригадууд, засварын инженер, техникийн ажилчдад сургалтад хамрагдаж дуусжээ.

Ачааны хүндийг үүрэх хөгжлийн үүд буюу Замын-Үүд боомт

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Төмөрбаатарын Батсайхан

 

“Дорнын говиос Монгол эхэлдэг” хэмээн дорноговьчууд бахархан дуулах дуртай хүмүүс. Нээрээ л яруу найраг, хөгжим, уран бүтээлчийн авьяас мэдрэмж хосолсон сайхан уран бүтээл.  Дорнын говиос Монгол эхэлдэг нь ч лавтай.  Тэгвэл Дорнын говиос Монгол Улсын хөгжлийн дараагийн шат эхлэх цаг нь иржээ.  Ялангуяа Зам-Үүд Монгол Улсын хөгжлийн үүд хаалга болж, ачааны хүндийг ажралгүй үүрэхэд бэлэн болсон харагдана.
Замын-Үүд бол Монгол Улсын хэмжээнд хамгийн том боомт.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга,  Монгол Улсын сайд Б.Тулга тэргүүтэй төр засгийн удирдлагууд Замын-Үүд боомтод ажиллаж, бүтээн байгуулалтын ажилтай танилцав.  Тэд Монгол Улсын хөгжлийн үүд хаалга бол Замын үүд гэдэгтэй санал нэгдэж хэдэн хэдэн түүхэн үйл явдлыг гэрчлэн, зарим бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэв. Замын-Үүд боомт хэдийнээ өнгө засжээ.  Хэдэн жилийн өмнөхөөс лав өөрчлөгдөж, олон улсын стандарт руу нэлээд дөхсөн харагдана.  Бид саяхан л Замын-Үүд, Эрээн хот хоёрыг харьцуулан, манай хилийн боомтод хөгжил гэж алга хэмээн халаглаж суусан бол нөхцөл байдал, өнгө төрх ч сайжирсан нь сайшаалтай.

Тэгвэл энэ хөгжил дээр хүч нэмж, 2024 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд 24 цагийн үйл ажиллагаатай боомттой боллоо.  Гурван 24 давхацсан үйл явдлын гэрч болж байгаадаа Засгийн газрын тэргүүн нэлээд бэлгэшээв. 24 цагийн үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс нэвтрүүлэхээр боомтынхон зохион байгуулалт хийж, ёстой л түм түжигнэж бум бужигнаж байна. Үүнтэй зэрэгцэн Замын-Үүдэд дахин нэг бүтээн байгуулалт ашиглалтад орж байгаа нь ачаа тээврийн терминал юм.

 

Цар тахлын хүнд үед хаалттай хил, хатуу хөл хорио, хаагдсан бизнес, боомилогдсон боомт, амны хаалт, гарын ариутгал, хүн хоорондын зай, цахим уулзалтууд, вакцины тун, өглөө бүхэн сонсдог нас баралтын тоо гээд олон зүйл ард үлджээ.  Цар тахлын энэ хүндрэлийн үед  “Шинэ сэргэлтийн бодлого” төрж, боомтуудаа илүү олон болгох, боомуудынхаа боомийг тайлах томоохон зорилтыг дэвшүүлж, өмнө нь хэрэгжиж байсан төслүүдээ илүү хурдтай өрнүүлэх, дуусгах, ашиглалтад оруулах ийм зорилтуудыг тавьсан.  Энэ цаг үед Монгол Улсыг дэмжиж байсан уул усаар холбогдсон мөнхийн хөрш БНХАУ-ын Засгийн газарт талархал илэрхийлье хэмээн Засгийн газрын тэргүүн боомтын бүтээн байгуулалттай танилцах үеэрээ онцолсон юм.  Өөрөөр хэлбэл, тус бүтээн байгуулалтыг БНХАУ-ын Засгийн газрын 233.5 сая юанийн буцалтгүй тусламж, улсын төсвийн 30.35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төсөл хэрэгжүүлж, ийн ашиглалтад орууллаа. Энэ хүрээнд зорчигч тээврийн хэсэгт шинээр шалган нэвтрүүлэх 9500 ам.метр цогцолбор бүхий барилга байгууламж 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, инженерийн дэд бүтцийн 2.2 км шугам сүлжээ, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.Мөн “Ухаалаг гарц” систем нэвтрүүлж, хилийн мэргэжлийн хяналтыг гаалийн байгууллагатай нэгтгэж давхардлыг багасгаж, хяналт шалгалтыг хялбарчилсан байна.

 

Ингэснээр эдийн засгийн эргэлтэд гол үүрэг гүйцэтгэж байгаа боомтын хүчин чадал дунджаар бүтэн тав дахин нэмэгдэж, Замын-Үүд боомтын боомилогдсон, зангилаа тайлагдаж байна.  Энэ боомтоор өмнө нь нэг цагт дунджаар цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдээд байгаа нь Монголын эдийн засагт сайн мэдээ.  Цаашид Монгол Улс төмөр замын экспортын  дөрвөн боомттой зорилго тавьжээ.   Боомтын сэргэлт өдрөөс өдөрт эрчимжиж байна.  Үүнийг олон улс үнэлж, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, Дэлхийн банкны гүйцэтгэлийн индексээр Монгол Улс өнгөрсөн гурван жилийн хугацаанд 33 байраар урагшилсан.  Энэ нь эдийн засаг эрчимтэй тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нь гарцаагүй.

2020 онд манай Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засгийн багтаамж буюу чадавх 37 их наяд байсан бол 2023 онд 68.9 их наяд болж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5678 ам.долларт хүрсэн.  2024 онд энэ өсөлтийг 74 их наядад хүрч, эдийн засгийн өсөлт 7-8 хувь, нэг хүнд ногдох өсөлт 6200 ам.долларт хүрэх төсөөлөлтэй байна.   Жилд тутамд нэг хүнд ногдох өсөлт мянган ам.долларт хүрнэ гэдэг эдийн засаг хурдтай өсөж байгаа тоон үзүүлэлт юм. 2023 онд Монгол Улс анх удаа 70 сая тонн нүүрс экспортолсон энэ бол монголчуудын олон жилийн турш ярьсан мөрөөдлийн тоо. Монгол Улсын валюын нөөц таван тэрбум ам.долларт хүрч, Монгол Улсын төлбөрийн тэнцэл анх удаа таван тэрбум ам.долларын ашигтай гарсан.  Энэ бүх эдийн засгийн сэргэлтүүд нь боомтын сэргэлттэй салшгүй холбоотой юм.

 

Барилга байгууламж бүтээн байгуулалт ашиглалтад орсон ч даатгал болон цахим мэдээлэл, гааль дээр хүндрэл учирч байгааг зарим иргэд ярьж байлаа. Дөрөвдүгээр сарын эхээр асуудал хүндрэлүүд нэг талдаа шийдвэрлэгдэж, асуудал жигдэрнэ хэмээн албаныхан тооцжээ.  Бүтээн байгуулалтын давуу талууд хамгийн гол нь  иргэд болон хувийн хэвшлийнхэнд бодитоор мэдрэгдэх нь чухал юм гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр онцолж байв.
2024 оныг Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан.  УИХ-ын сонгуулийн тойрог бас бүсчлэгдсэн.   Энэ хөгжлийн гол бодлогууд боомтууд дээр ирэх нь тодорхой.  Засгийн газраас боомтуудыг автозамаар холбохоос гадна аймгийн төвүүдийг хооронд нь хатуу хучилттай автозамаар холбох ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн бүсчилсэн хөгжлийн бодлогоос хамгийн үр дүнтэй хэрэгжсэн нь Мянганы замын бүтээн байгуулалт болж, өнгөрсөн онд бүрэн хэрэгжиж дууссан билээ.  Үүний үргэлжлэл болж, Хилийн бүх боомтыг аймгийн төвүүдтэй холбох таван тойрог замын их бүтээн байгуулалт энэ жил эхлэх юм байна.   Энэ нь ачаа тээврийн эргэлт, эдийн засгийн эргэлт, хүртээмжид нөлөөлнө гэж Засгийн тэргүүн үзжээ.  Мөн говийн бүс нутгийг аж үйлдвэр, байгальд ээлтэй дэвшилтэт технологид тулгуурласан, уул уурхайн, цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн эдийн засгийг тусгайлан хөгжүүлэх бүс болгохоор Засгийн газрын бодлого гарсан.   Тэгэхээр говийн бүс дээр Монгол Улсын хөгжлийн томоохон ачаа ирж байна.  Ялангуяа Замын-Үүд боомт ачааны хүндийг үүрэх нь.  Монголын хөгжил Замын-Үүдээс эхлэх цаг айсуй.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Чөлөөт бүсийн ажил гацаанаас гарлаа

-Замын-Үүд бол манай гол боомт. Худалдаа, эргэлтийн хүчин чадал тав дахин нэмэгдэж байна. Яг ийм шинэчлэл бусад боомт дээр ч хийгдэж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэхүйц шийдвэр мөн гаргасан байна. Ингэснээр чөлөөт бүсийн ажил гацаанаас гарч байна. Монгол Улсын хөгжилд чухал үүрэгтэй томоохон төслүүдийн талаар Бээжингийн олимп болон БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр ярьж ирсэн. Үр дүн нь гарч байна. Засгийн газар бүсчилсэн хөгжил, эдийн засгийн тусгаар тогтнолыг бий болгох "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Эдгээр том төслүүд үүнд маш чухал нөлөө үзүүлэх юм.

 

Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга,  Монгол Улсын сайд Б.Тулга: Ачааллын үеэр нэвтрэлтийг эрчимжүүлэхэд анхаарна

 

-Замын-Үүд боомтын бүтээн байгуулалт дуусаж, өнөөдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байна.  Засгийн газрын тэргүүн  цаашид боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх үүрэг өглөө.   Үүнтэй зэрэгцэн  БНХАУ-ын талаас Замын-Үүд боомтын авто тээврийн терминалыг 24 цагаар ажиллуулах шийдвэрийг гаргаж, нэлээд хугацаанд яригдсан энэ асуудал ажил хэрэг болж байна.  Өнөөдрөөс Орос, Монгол, БНХАУ гэсэн гурван улсын эдийн засаг, худалдаа гурван улсын эдийн засгийн коридор болох Эрээн-Замын-Үүдийн боомтоор явагдахаар болж байна.  Боомтын хүчин чадал дунджаар тооцоход 5-8 дахин өссөн. Үүнийг долоо хоногт нэг өдөр 10 цаг орчим ажиллаж байж нэвтрүүлж байгаа.  Харин 24 цагийн үйл ажиллагаатай болсноор энэ хугацаа 14 цаг болж уртсаж байна.  Замын-Үүдийн  маань дэд бүтэц тав дахин өссөн. Одоо ид ачааллын үеэр нэвтрэлтийг эрчимжүүлэх, иргэд, аж ахуй нэгжид оочир дараалал үүсгэхгүй, хурдан шуурхай ажиллахад холбогдох байгууллагынхан анхаарч ажиллана.

 

Дорноговь аймгийн Хилийн боомтын захиргааны дарга Б.Баярням: Нэг зорчигч хилээр нэвтрэхэд 30-40 секунд болдог

 

-Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг чухал асуудал бол боомтын сэргэлт байсан.  Энэ хүрээнд үндэсний хороо байгуулагдсанаар олон жил яригдсан ч шийдэгдэхгүй байсан Замын-Үүдтэй холбоотой олон асуудал шийдлээ олж байна.  Үүний нэг нь  24 цагийн үйл ажиллагаа юм. Ялангуяа зуны улиралд манай боомтын ачаалал эрс нэмэгддэг.  24 цагийн үйл ажиллагаатай болсноор иргэдийг ачаалал багатайгаар  түргэн шуурхай нэвтрүүлэх боломжтой болсон.   Цаашид бид боловсон хүчний асуудалдаа анхаарч байна.  Эхний ээлжид ажилчдын 36 айлын орон сууцыг шийдэж чадсан.  Цаашид ч ажилчдаа орон сууцанд, тавтай тухтай орчинд амьдруулахад анхаарч ажиллана.   Мөн хөрш орныхоо боомтын асуудал хариуцсан газартай нягт нямбай хамтран ажиллахад анхаарч байна.  Боомтын үйл ажиллагаанд энэ бол маш чухал асуудал.   Тэр ч утгаараа зорчигч болон ачаа тээврийн терминалын бүтээн байгуулалт ашиглалтад орж байна.  Энэ бол манай улсын эдийн засагт маш их ач холбогдолтой. Ачаа тээврийн нэвтрэлт 3-4 дахин нэмэгдэж байна. 28 барилга байгууламж, даацын зам, инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдсэн. Энэ нь хил хяналтын байгууллагын ажиллах орчин нөхцөл болон боомтоор үйлчлүүлж байгаа иргэд, аж ахуй нэгжид үр өгөөжтэй бүтээн байгуулалт болж байна.  Мөн цахим боомт болж байна.  Нэг зорчигч хилээр нэвтрэхэд 30-40 секунд болдог.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 58 (7302)

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийллээ

Posted By Алсын Хараа On In Улс төр | No Comments

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзлаа.

Элчин сайд М.Игавахара Япон Улсын Засгийн газар Монгол Улсад зудын гамшгийг даван туулахад зориулж хүмүүнлэгийн нэн шаардлагатай эд материалын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай мэдэгдэж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн захидлыг гардууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар, ард иргэд манай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирснийг онцолж, зудын гамшгийг даван туулахад зориулан  хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй Япон Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, ард иргэдэд Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар зудын гамшгийг богино хугацаанд даван туулахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж буйг тэмдэглэв.

Элчин сайд М.Игавахара бидний өгсөн тусламж ашиг тусаа өгч, малчид зудын эрсдэлийг хохирол багатай даван туулж, энгийн амьдралын хэмнэлдээ шилжин орохыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.
Уулзалтаар талууд Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бэхжүүлж, бүхий л түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалыг улам бүр эрчимжүүлэх, эдийн засгийн харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж,  бүс нутаг, олон улсын талбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.
Мөн Монгол Улс, Япон Улсын хооронд соёлын харилцааны 50 жилийн ой тохиож буй 2024 онд манай хоёр улсын “хүн төвтэй” харилцаа, ард иргэдийн солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.

КАНАД УЛС ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Posted By Алсын Хараа On In Улс төр | No Comments

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Сандра Шуфани Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаа тул зудын гамшгийг даван туулахад зориулан Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон тухай мэдэгдэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд тохиосон Монгол, Канад Улсын хооронд дипломат харилцааны 50 жилийн ойгоор хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэнд баяртай буйгаа илэрхийлээд хоёр улсын харилцааны шинэ эрин эхэлж буй энэ үед Канад Улс ийнхүү Монгол Улсад тусламж үзүүлж буйд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Элчин сайд Сандра Шуфани цаг зав гарган уулзсан Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.
Тусламжийн хандивыг Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан хүргүүлнэ.

МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Б.Гарьд 

Улс төр их л хачин, ажин түжин байна. Уг нь сонгууль ойртчихсон. Ердөө гурван сарын дараа сонгуулийн санал хураалт болно. Урьд нь, өдийд өрсөлдөөд хэдийнэ эхэлчихсэн байдаг үе л дээ.
Гэхдээ удахгүй далд байсан “улс төр”-үүд ил гарч ирэх бололтой. Учир нь, намууд сая ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн. Энэ үеэр том намуудтай холбоотой хэд хэдэн зүйл ажиглагдав. Далд “эвсэл”-үүд ил болох шиг боллоо. Өөрөөр хэлбэл, МАН дахь, АН дахь “салалт, нэгдэлт”-үүд олны өмнө гарч ирэв. Улмаар, энэ нь “...Хаврын улс төр одоо л эхэлж, халуурах нь” гэсэн  дүгнэлтийг хийхэд хүргэв.

Ер нь бол МАН-ынхан хэдийнээсээ дотоод зөрчлөө савандаа барьдаг зуршилтай. Яригдаад л байдаг. Тэр нь ил гардаггүй юм. Харин саяын арга хэмжээний үеэр МАН-д томоохон “салалт” болсныг олон нийт хараад авлаа. Тодруулбал, Н.Номтойбаярыг эвслийнхээ мөрийн хөтөлбөрийг ҮАГ-т өгөхөд МАН дахь Хотын фракцад нэр нь багтаж явдаг зарим хүн үзэгдэв. УИХ-ын гишүүнээр 2016-2020 онд сонгогдож ажилласан А.Ундраа хамт гарч ирэв. Түүнийг Хотын фракцын удирдлага М.Энхболдоос салдаггүй, садан төрлийн холбоотой ч гэгддэг. Дээрээс нь, нэлээд хэдийнээс Хотын орлогч байсан П.Баярхүү, 60 тэрбумын А.Ганбаатар зэргийн хүмүүс ажил төрлийг нь нугалаад зүтгэж эхэлжээ. УИХ-ын гишүүн асан, сүүлд “Эрдэнэс Монгол”-ын захирал байсан, Хотын фракцын нөлөө бүхий гишүүдийн нэг Д.Хаянхярваа Үндэсний эвслийн орон нутаг дахь үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дагалдан явах болсон. Эдгээрээс М.Энхболд Н.Номтойбаяртай хамт байгааг тодорхой харж болох юм. Энэ нь “...М.Энхболдынхон МАН-аас явжээ” гэх яриа гараад байгаагийн шалтгаан бололтой.

АН-д бол “эргэн нэгдэлт” явагдаж, тус намынхан улам зузаарч буй бололтой. Бололтой ч гэж, “...АН-д Х.Баттулга нөлөөгөө тогтоосон” гэдгийг улс төрийн хүрээнд, ер нь хаа сайгүй л ярьж байна. Тэгж яриад удаж байна. Энэ ч аргагүй юм. АН-ын хэд хэдэн бүтцийн байгууллага МоАх буюу Х.Баттулгын хүмүүсийн удирдлагад очсон. Тэгэхээр Х.Баттулга АН-д нөлөөтэй гээд тус намын удирдлагын үйл ажиллагаанд шууд оролцохгүй ч АН-ын одоогийн дарга нар түүнтэй зохих түвшинд “ярих” хэрэгцээ үүссэн гэсэн үг. Тиймээс ч намаасаа салж одсон олон гишүүн нь буцаж очиж байгаа аж.

Түүнчлэн АН ч юм шиг, бие даагч ч юм шиг олонд ойлгомжгүй явж ирсэн Н.Алтанхуяг намдаа эргэж нэгджээ. Цагтаа АН-ыг удирдаж, ялалтад хүргэж, Ерөнхий сайдаар ажиллаж явсан энэ эрхэм тус нам дахь “Алтангадас” фракцыг толгойлдог байв. Хэдийгээр “Алтангадас” нь албан ёсны үйл ажиллагаа явуулахгүй ч улс төрд олон жил бараандаа явсан хүмүүс нь АН-аа бараадаад эхэлсэн байна. Энэ нь “хүргэн” Г.Дэнзэнгийн АН дахь улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа зэргээс тодорхой л харагдаж байна. АН-ын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга тэрбээр намынхаа УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалжээ. Тус ажлын хэсэг дээр хэлсэнчлэн мөрийн хөтөлбөрөө Х.Баттулга нарын боловсруулсан хөтөлбөр дээр суурилуулсан. Түүний­гээ “Бүтэн Монгол Бүрэн Ард­чилал” хэмээн нэрийдсэн. Г.Дэнзэн мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийг ахалж, мөрийн хөтөлбөр нь “Бүтэн Монгол” нэртэй болсон зэрэг нь АН-ынхны “эргэн нэгдэлт”-ийн хүрээнд хийгдсэн бололтой юм. Түүнээс гадна, улстөрчийн хувьд ам нь болдоггүй Н.Алтанхуяг “ах” намынхны дургүйг хүргэсээр Хөгж­лийн банкны хэрэгт уягдсан. Гэсэн ч хоёр шатны шүүх түүнийг цагаатгаж, “..Намайг хэлмэгдүүлэхийг оролдож байна” гэснийг нь нотолж өглөө. Ямартай ч улс төрийн хүрээнд “…АН-д Н.Алтанхуягийнхан эргэж иржээ” гэж яригдаад байгааг дээрх үйл явд­лууд­тай холбож ойлгож болохоор байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 58 (7302)

“ШИЛЭН” ажиллагаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн “2023-2024 оныг авилгатай тэмцэх жил болгон задлах тухай” 49 дүгээр тогтоолын хүрээнд Ерөнхий сайдын 2023 оны “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар батлагдсан билээ.

Тус албан даалгаврын хүрээнд “Шил” ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж яам агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 123 мэдээлэл хариуцагч байгууллагатай холбогдож, цахим шуудангаар 604 багц мэдээллийг хүлээн авч, нээлттэй мэдээллийн нэгдсэн системд байршуулжээ. 2023 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын тусгай сангуудаас авсан мэдээллээр эргэн төлөлтийн нийт дүн 91.6 тэрбум төгрөг байна.

Үүнд:

Боловсролын зээлийн сан 3.9 тэрбум төгрөг

Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан 290 сая төгрөг

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 55.9 тэрбум төгрөг

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 20.1 тэрбум төгрөг

Шинжлэх ухаан, технологийн сан 26.7 сая төгрөг

Хөдөө аж, ахуйн корпорац 11.2 тэрбум төгрөг тус тус байна.

Өнөөдөр нээлттэй мэдээллийн нэгдсэн систем буюу shilen.gov.mn-ийн 2.0 хувилбарыг хөгжүүлж, хувийн хэвшилтэй хамтран хиймэл оюуны сүүлийн үеийн технологийг нэврүүлжээ. Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санг хиймэл оюун ухаан GPT-д сургажээ.

Технологи нь хүн шиг асуултаас булзах, нуух, худал хэлэх, бүрхэгдүүлэхийг мэдэхгүй бөгөөд баримтыг баримтаар нь хариулж 24 цагаар үйлчлэх аж. Дараагийн удаад хиймэл оюун ухааныг газар олголт, Засгийн газрын тусгай сангуудын талаарх асуултад хариулдаг байдлаар сургахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.