- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа

Энэ оны зургадугаар сарын 5-ны өдрөөс эхлэн цахилгаан болон дулааны үнийг таван хувиар нэмсэн журам хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан иргэдийн зүгээс гомдол санал илэрхийлэх болсон. Энэ талаар иргэд болон холбогдох албан газруудаас мэдээлэл авлаа.

“Төрийн банк”-ны Хүүхдийн-100 салбараар орж, хэрэглээний төлбөрөө төлж буй хоёр гурван хүнээс цахилгаан, дулааны төлбөр нэмэгдсэн эсэх талаар асуухад “Нэмэгдсэн байна, одоо төлөхөөс яах вэ дээ. Манай төр засаг иргэдээ боломжийн амьдруулах биш, иргэдийнхээ халаас руу тэмтрэхээс хэтрэхгүй юм даа” гэх мэтээр бухимдалтай байгаагаа илэрхийлж байв. Иргэн Г.Мөнхзул “Цахилгааны үнэ айхтар нэмэгджээ, сая ирээд бүр шоконд орлоо. Манайх хуучны гурван өрөө орон сууцанд амьдардаг. Урьд нь өвөл 110-130 мянган төгрөг төлдөг, зундаа 60-80 мянган төгрөгнөөс хэтэрдэггүй байсан. Гэтэл сая зургадугаар сарын төлбөр 153.957 төгрөг гарсан байна. Өвөл халаалт ирэхээр яах билээ, бүх юмны үнэ өсч байдаг, цалин нэмэгдэх биш, үнэхээр хэцүү байна” хэмээн төлбөр төлсөн баримтаа харуулав. Тэрбээр үргэлжлүүлэн “Наадамлаж яваад ирэхэд сюрпризтай угтах юм аа, цахилгаан дулаанаа төлөхдөө хүмүүс сэтгэл зүйгээ бэлдэж ирмээр юм байна” гэж үглэсээр гарч одлоо.

Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар тогтоол, 2026 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 71 дүгээр тогтоол шийдвэрийн дагуу цэвэр бохир усны үнэ

тарифт өөрчлөлт орж 2026 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн усны суурь хураамж-3750, цэвэр ус-2000, бохир ус-1820, халуун ус-1714 төгрөгөөр тооцохоор үнийг шинэчлэн тогтоосон аж. Энэ талаар, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны дарга Г.Цогтсайханаас тодруулахад “Манай байгууллага зохицуулагч байгууллага. Хэрэглэгч болон ус дулаанаар хангагч байгууллага, төр гурвын

дунд зохицуулан тэнцвэржүүлэгч үүрэгтэй. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаас хоёр төлөөлөл, хангагч байгууллагуудын талаас хоёр төлөөлөл, үлдсэн нэг нь төрийн төлөөлөл гэсэн хараат бус таван салбар гишүүн байгууллагын нэгдсэн шийдвэрээр үнэ тариф тогтоодог. Түүний дараа Хууль зүйн яамаар батлуулдаг. Хэрэглэгчийн эрх ашиг талаасаа, НҮБ, ХЭҮК-оос гарсан зөвлөмжид нэг өрхийн хэрэглээний зардлын төлбөр өрхийн орлогын таван хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байдаг. Манай улсын хувьд цалин, орлогын түвшинд үндэслэн хэрэглээний төлбөрийг одоогийн нэмэгдсэн байдлаар өрхийн орлогын нэг хувь хүргэхгүй байхад анхаарч ажиллаж байна

Гэхдээ олон жил үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүй хэмжээнд алдагдалтай ажиллаж, өртгөөс доогуур үнэ барьж ирсэн боловч хэрэглэгчдийн эрх ашгийг хангах, цаашдын хэрэглээний үе шатад доголдол үүсэхгүйн тулд зарим шат дараатай ажлуудыг хийх шаардлага үүссэн. Ус, дулааны үнэ нэмэгдэх болсон хоёр гол шалтгааны нэгдүгээрт, цахилгааны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь ус болон дулаан ашиглалтыг цахилгааны тусламжгүйгээр үйлчилгээ явуулах ямар ч боломжгүй. Хоёрдугаарт, хэрэглэгчдийг ус дулаанаар хангах үйлчилгээг тасалдал хүндрэл учруулахгүйгээр хүргэж байхын тулд тодорхой хэмжээнд шинэчлэл, сайжруулалтын ажлыг хийх шаардлагатай болсон. Улаанбаатар хотын усан хангамж 1930 он гэхэд доголдоно гэсэн эдийн засгийн судалгаанд үндэслэн, шинэчлэлтийн ажлын хүрээнд Засгийн газар АНУ-аас 350 сая ам.долларын зээл авч, шинэ эх үүсвэр бий болгосон, Хятад улсын 300 сая ам.долларын зээлээр цэвэрлэх байгууламж барьсан гэх мэт бодит зардлууд нэмэгдсэн учраас одоогоор хэрэглээний усны тухайд нэг л тутамд 0.66 төгрөг нэмэгдэж хоёр төгрөг болсон байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

ХУД-ийн 12 дугаар хорооны өндөр настан, хувиараа хөдөлмөр эрхлэгч М.Энхтуяа “Эгч нь өрхийн хэрэгцээнээс гадна, өвөл зуны хүлэмжид ногоо тарьж амьдрал ахуйдаа нэмэрлэдэг. Бас өвөл гал түлж агаарын бохирдол нэмэхгүй гэж бодож цахилгаанаар халаалтаа шийдсэн байдаг. Гэтэл цахилгааны үнэ нэмэгдээд байхад тэтгэврийн хэдэн цаас хаана ч хүрэхгүй. Зундаа санхүүд нэмэр болохоор эрхэлж байгаа ногоогоо усалдаг мотороо цахилгаанаар ажиллуулдаг юм. Ногоогоор ашиг олох биш, хөдөлмөрлөж цахилгаандаа зарцуулах болох гээд байна шүү” гэсэн юм.

Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 345 дугаар тогтоол шийдвэрийн дагуу халаалт дулааны үнэ тарифт өөрчлөлт орсон нь зургадугаар сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа юм. Энэ талаар ЭХЗХ-ны ажилтан н. Энхтүвшин “Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, үнийг бодит өртөгт ойртуулах зорилгоор дулаан, цахилгааны суурь үнийг үе шаттай нэмэх асуудал олон жил яригдаж байсан. Үйлдвэрлэлийн өртгөөс доогуур үнээр алдагдалтай байдалтай олон жил явсны үндсэн дээр таван хувиар нэмэх шийдвэр гаргаад, нэмэгдлийг зургадугаар 5-наас хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсад дулааны эрчим хүчний борлуулалтын үнэ болон бодит өртгийн хооронд 80 хувийн зөрүү үүссэн байдалтай. Уг зөрүүг улсын төсвөөс болон салбар байгууллагууд өөрсдөө алдагдал хүлээх байдлаар нөхөж ирсэн бөгөөд цаашид иргэдийн амьдралд дарамт нэмэхгүйгээр үе шаттайгаар нэмэгдүүлэхээс аргагүй. Бодит тооцоо судалгаа хийхгүй, дураараа нэмэх асуудал байхгүй” гэлээ.

Сүхбаатар дүүргийн Бага тойрогт байрлах ОСНААГ-ын ажилтнаас энэ асуудлын талаар иргэд санал гомдол ирүүлж буй талаар тодруулахад “Нэмэгдсэнээс хойших хэрэглээний төлбөрүүд хуулийн хугацаагаараа одоо нэхэмжилж эхэлж байгаа болохоор, манайд ирсэн санал гомдол байхгүй” гэсэн юм.

Баяр наадам өндөрлөж, цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэнийг иргэд төлбөрөө төлөхдөө одоо л мэдэрч эхлэх байх даа.

Б.ДАРИЙМ

Цэцэрлэгийн бүртгэл ирэх сарын 10-наас эхэлнэ

Posted By Алсын Хараа On In Боловсрол | No Comments

Боловсролын ерөнхий газраас 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Нийслэлийн цэцэрлэгт суралцах хүүхдүүдийн бүртгэлийг наймдугаар сарын 10-23-ны хооронд Emongolia системээр зохион байгуулна. Хамран сургах тойргийн дагуу хүүхдүүдийг хуваарилна. Хуваарилалтын мэдээллийг эцэг, эхчүүдэд утасны дугаар, имэйл зэргээр дамжуулан хуваалцана.

Цэцэрлэгийн дунд болон ахлах, бэлтгэл бүлэгт суралцах хүүхдүүдийн мэдээлэл автоматаар баталгаажна. Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол наймдугаар сарын 7-ноос өмнө хаяг, байршлын мэдээллээ эцэслэх шаардлагатай.

Харин нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдийн бүртгэл наймдугаар сарын 17-28-нд болно. Иймд эцэг, эхчүүд наймдугаар сарын 14-ний өдрөөс өмнө шилжилт хөдөлгөөний мэдээллээ системд баталгаажуулсан байх шаардлагатайг санууллаа.

Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу?

Posted By Алсын Хараа On In Нийгэм,Онцлох | No Comments

Шинэ “Цэнгэлдэх хүрээлэн” барина гэдэг мэдээ сайхан л сонсогдож байна. Гэхдээ хотод биш, “Хүй долоон хутаг”-т барих юм байх. “Хүй долоон худаг” нь Улаанбаатар хотын баруун хойд талд, Хүй мандалын дэнжид оршдог, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан болдог гол төв юм.

Энэ жил тэнд “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны арга хэмжээ болсон. Бичлэг, рийлүүдээр бол сүрлэг сайхан арга хэмжээ харагдсан ч очиж үзсэн иргэдийн ам төдийлөн сайнгүй байлаа. Анхны юм алдаа мадаг гарсан л байх. Ерөнхийдөө Монголын гоё сурталчилгаа болсон. Болж өнгөрсөн үйл явдлууд, олны сэтгэгдлүүдийг харахад тэнд шинээр Цэнгэлдэх хүрээлэн барина гэдэг сэтгэлийн хөөрлөөр хийх ажил биш. Үнэндээ эдийн засаг сайнгүй ийм үед үзэл сурталд зориулсан хурдан хуумгай юм хийж, мөнгө үрмээргүй байна. Манай эрх баригчид сонгууль ойртохоор юм хийсэн болж харагдах шахаанд орчихоод үйлээ үзэж байна. Аргаа бараад болсон болоогүй баахан жижиг сажиг төсөл барьж авах гээд ядаж байгаа. Арван жил засаг барьчихаад “...одоо л МАН нь та нар дээрээ очиж байгаа шүү” гэж намын их хурлаараа мэдэгдсэн болохоор өөрөөр харах үндэслэл тун бага байна л даа. Өнгөрсөн намар хуралдсан намын их хурлынх нь гол уриа “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэдэг уриа байсныг арай мартчихаагүй биз дээ. Энэ мессэжийг би хувьдаа өнөөдрийг хүртэл ойлгох гээд чадаагүй юм. Нэг талаас аймшигтай муухай тохуурхал, доромжлол юм шиг... Юутай ч “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэх уриа нь улс төрийн гүн ухааны хувьд тун сонирхолтой парадокс үүсгээд байгаа юм.

Арван жилийн турш засаг барьж, төрийн бүх шатны эрх мэдлийг хэрэгжүүлчихээд “Одоо л та нар дээрээ бид эргэн очиж байна” хэмээн тунхаглах нь “Бид өдийг хүртэл өөр хаа нэгтээ, ард түмнээс ангид оршиж байжээ” гэдгээ өөрсдөө өмнөх үггүйгээр хүлээн зөвшөөрсөн хөгжилтэй хэрэг биш гэж үү?

Ард түмэн нь байрандаа л байсан, харин эрх баригчид хаашаа явчихаад, 2028 оны сонгуулийн сургаар ийнхүү “эргэн ирэлт” зарлаж буйг ойлгоход улс төрийн гүнзгий ухаан ч дутах шиг.

Үнэн хэрэгтээ бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд олигтой том өөрчлөлт хийхгүй, иймэрхүү популист мессэжээр хий эргэх нь нэгэнт тодорхой болсон тул одоо татвар төлөгчид өөрсдийн мөнгөөр улс төрийн намын оноо цуглуулах башир төслүүдийг санхүүжүүлэхээс татгалзаж, “үгүй” гэж хэлэх цаг болсон. Тиймээс “Төв Цэнгэлдэх Хүрээлэн” -гээ тордож, илүү гоё болгож өөрчилье. Манай “Төв Цэнгэлдэх Хүрээлэн” бол 1958 онд байгуулагдсан, 68 жилийн турш үүргээ гүйцэтгэж ирсэн газар. Одоо 12500 суудалтай, үүнийг 25000- 40000 хүртэлх үзэгчийг хүлээн авах орчин үеийн цогцолбор болон өөрчлөх боломжтой гэж үздэг. Тив дэлхийн тэмцээн уралдааны эрх авч зохион байгуулдаг, жилийн дөрвөн улирал үйл ажиллагаагаар хангагддаг ийм болгож өөрчилье л дөө.

“Хүй долоон худаг” явахдаа таван цаг, ирэхдээ таван цаг болдог газар хэн тийшээ очиж, аятай тухтай наадаж чадах юм. Дохио хангинуулсан дарга нар л хурдан ирж очдог байх. Үүнийг нь ч бүгд харлаа шүү дээ. Нөгөө талаас яг өнөөдөр “Хүй долоон худаг”-т аварга байгууламж барих нь сэтгэлийн хөөрлөөр, эсвэл сонгууль угтсан үзэл суртлын шахалтаар хийх ажил биш юм. Манай улсын эдийн засаг уул уурхайн экспорт болон Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэлийн өсөлтөөр тэтгэгдэн, Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь 2026 онд 5.0-6.5 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Хэдийгээр макро тоонууд эерэг харагдаж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа ч дотоодод инфляцийн дарамт 7.5-8.0 хувь орчимд хадгалагдаж, иргэдийн амьжиргаа, худалдан авах чадварт мэдэгдэхүйц нөлөөлсөөр байна. Иймээс төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй, үзэл суртал хөөцөлдсөн төслүүдэд зориулж “хий үрэх” эрх бидэнд байхгүй. Ийм нөхцөлд манай эрх баригчид энэ шийдвэрээ баталгаажуулбал сонгуулийн мөчлөг угтсан “Үзүүлэнгийн төсөл”-ийн сонгодог жишээ л болно.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бол Цэнгэлдэх хүрээлэнг хотын захад “Тусгаарлагдсан сансрын хөлөг” шиг юм барихаас татгалзаж, хотынхоо төвд, дэд бүтцийг нь түшиглэн хөгжүүлдэг орчин үеийн спорт- энтертайнмент дүүргийн загварыг түлхүү баримталж байна.

Мексикийн Мехикод “Esta­dio Azteca” гэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авдаг гоё цэнгэлдэх бий. Энэ бол Цэнгэлдэх хүрээлэнг шинээр барихаас илүү хуучин түүхт байгууламжаа үе шаттайгаар, орчин үеийн техникийн стандартад нийцүүлэн шинэчилж, олон арван жилийн турш үнэ цэнээ алдахгүй ашиглаж болдгийн тод жишээ гэгддэг юм байна. Бас Шинэ Зеландын Оклендад “Eden Park” гэж бий. Хотынхоо төвд орших тус үндэсний цэнгэлдэх хүрээлэн нь зөвхөн спорт гэлтгүй олон улсын хурал зөвлөгөөн, томоохон соёл урлагийн арга хэмжээнүүдийг тогтмол хүлээн авдаг. Жишээ нь, ердөө гурван өдрийн чуулга уулзалтаар 20000 гаруй төлөөлөгч хүлээн авч, хотын зочид буудал, нийтийн тээвэр, хоол ундны салбарт хэдэн сая ам.долларын бодит ашиг орлого оруулж байдаг.

“Төв Цэнгэлдэх хүрээлэн”-г шинэчилснээр гарах давуу талууд гэвэл нэгдүгээрт, төсвийн асар их хэмнэлт гарна. Хан-Уул дүүрэгт байрлах “Төв цэнгэлдэх хүрээлэн” нь цахилгаан, дулаан, усан хангамжийн нэгдсэн сүлжээнд аль хэдийнэ холбогдсон. Шинэ газарт дэд бүтэц татах гэж тэрбум тэрбумаар нь үрэх шаардлагагүй. Хотын иргэд 10 цагийг зам дээр үрэх шаардлагагүй болно. Жилийн дөрвөн улирлын орлоготой болно. Битүү дээвэртэй, халаалтын ухаалаг шийдэлтэй болгосноор өвлийн улиралд ч тив дэлхийн тэмцээн уралдаан, соёлын арга хэмжээ зохион байгуулж, улсын төсөвт дарамт болохгүйгээр өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг эдийн засгийн өгөөжтэй объект болно. Сонгуулийн амлалт дагаж, хотоос алслагдсан “Хүй долоон худаг” руу татвар төлөгчдийн мөнгийг цацах нь урт хугацаандаа эдийн засгийн дарамт, ашиглалтгүй хоосон барилга л үлдээх эрсдэлтэй. Харин хуучин “Төв Цэнгэлдэх Хүрээлэн”-гээ дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх нь хотын өнгө үзэмжийг засаад зогсохгүй, Монгол Улсын спорт, аялал жуулчлалын салбарт хийх хамгийн ухаалаг, үр ашигтай хөрөнгө оруулалт байх болно. Мэдээж “Хүй долоон худаг” аа ч хурдан морины уралдаандаа зориулсан илүү гоё орчин болгох шаардлагатай биз.

Бид юм болгоныг эсэргүүцдэг, улсаа хөгжүүлэхийн эсрэг хүмүүс биш. Гагцхүү өнөөдөр бодит хөрсөө зөв тооцож, татвар төлөгчдийнхөө мөнгийг үр ашиггүй төсөлд зориулахаа больцгооё гэж уриалж байгаа юм. Хэдий болтол бид уул уурхайн ганц хотынхоо 50 жилийн ой болоход 50 жилийн ухамсарт амьдралаа тэр үйлдвэрийн цехэд өнгөрүүлсэн мастер биш, бэлэн байгууллагыг улс төрийн томилгоогоор ирж удирдсан дарга Хөдөлмөрийн баатар болдог гунигийн орон байх юм бэ...

СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ

"Өдрийн сонин"

/2026.07.27/

БИРЖЭЭР 684.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

Posted By Алсын Хараа On In Нийгэм | No Comments
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 24-ний өдрүүдэд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 15 удаагийн амжилттай арилжаагаар 684.8 мянган тонн нүүрсийг нийт 72.76 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа.
Үүнд:
✅ 1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 72.6 ам.доллароор арилжаалж нийт 2.32 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
✅ Баяжуулсан сул коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 130.9 ам.доллароор арилжаалж нийт 8.38 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
✅ 1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 144.7 ам.доллароор арилжаалж нийт 4.63 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 8 оролцогч оролцож, үнэ 17.0 ам.доллар буюу 13.3% өссөн.
✅ Баяжуулсан сул коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 131.9 ам.доллароор арилжаалж нийт 4.22 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож, үнэ 7.0 ам.доллар буюу 5.6% өссөн.
✅ Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс – 64.0 мянган тонн, 66.5 ам.доллароор арилжаалж нийт 4.26 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож, үнэ 3.0 ам.доллар буюу 4.7% өссөн.
✅ 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 120.0 ам.доллароор арилжаалж нийт 3.84 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 10 оролцогч оролцож, үнэ 32.5 ам.доллар буюу 37.1% өссөн.
✅ Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ – 64.0 мянган тонн, $64.6 ам.доллароор арилжаалж нийт 4.13 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
✅ Баяжуулсан сул коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 132.4 ам.доллароор арилжаалж нийт 8.47 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож, үнэ 9.5 ам.доллар буюу 7.7% өссөн.
✅ 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 145.2 ам.доллароор арилжаалж нийт 4.65 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 10 оролцогч оролцож, үнэ 17.5 ам.доллар буюу 13.7% өссөн.
✅ 1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 82.6 ам.доллароор арилжаалж нийт 5.29 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож, үнэ 10.0 ам.доллар буюу 13.8% өссөн.
✅ Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс – 32.0 мянган тонн, 70.3 ам.доллароор арилжаалж нийт 2.25 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож, үнэ 5.7 ам.доллар буюу 8.8% өссөн.
✅ 1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 118.0 ам.доллароор арилжаалж нийт 7.55 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 10 оролцогч оролцож, үнэ 30.5 ам.доллар буюу 34.9% өссөн.
✅ Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ – 32.0 мянган тонн, 65.6 ам.доллароор арилжаалж нийт 2.10 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож, үнэ 2.1 ам.доллар буюу 3.3% өссөн.
✅ Баяжуулсан сул коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 135.4 ам.доллароор арилжаалж нийт 8.67 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож, үнэ 12.5 ам.доллар буюу 10.2% өссөн.
✅ Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 12.8 мянган тонн, 155.9 ам.доллароор арилжаалж нийт 2.00 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 9 оролцогч оролцож, үнэ 19.0 ам.доллар буюу 13.9% өссөн.

“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг

Posted By Алсын Хараа On In Нийгэм | No Comments

Б.Баяр

Монгол Улсын Өмнөговь аймагт орших Оюу толгой орд алт, зэсийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог. Оюу толгойн 66 хувийг “Рио Тинто” групп, 34 хувийг Монголын Улсын Засгийн газар эзэмшдэг. Энэ ордын ил уурхайг 2011 оноос, далд уурхайг 2023 оноос ашиглаж эхэлсэн.

Уг нь аливаа төсөлд хамтарч ажиллах нь харилцан ашигтай байх зарчимтай. Аль нэг тал нь давуу байдалтай байх нь хамтын ажиллагаа бус мөлжлөг болж хувирдаг. Гэвч анх 2009 онд байгуулсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, бусад гэрээний үр дүнгээс тус ордын төслөөс 34 хувийг эзэмшиж буй Монгол Улсад ашиггүй, тэр бүү хэл алдаатай гэрээ гэдгийг харуулсаар байна. Монголын ард түмэн бараг нийтээрээ “Оюу толгойн гэрээ алдаатай, муу болсон” гэж үздэг. Хөрөнгө оруулалтын гэрээг муу болсон гэдгийг Монгол Улсаа төлөөлж байгуулсан Засгийн газрын тэргүүн С.Баяр ч хүлээн зөвшөөрсөн. Тэрээр цахим сүлжээнд “Оюу толгой төслөөс 34 хувийг ав гэдэг нь нийт зардлын 34 хувийг даа гэсэн үг. Тийм мөнгө бидэнд тэр үед ч байгаагүй, одоо ч байхгүй. Тиймээс зээл, хүүгийн зовлонд ороогдож эхлэв. Оюу толгой тойрсон олон асуудлын суурь үүнд л буй юм. Тэр 34 хувийн оронд АМНАТ-ийг таван хувь биш 10 хувиар тогтоосон бол… гэж 17 жил шаналав. Оюу толгойн гайт 34 хувь болж, хэчнээн мөнгө бид алдав, дотроо хэчнээн хямрав даа” гэж байр сууриа илэрхийлдэг болсон.
Хамгийн чухал нь Монгол Улс Оюу толгой төслөөс ногдох 34 хувьдаа хэзээнээс, ямар хэмжээний ашиг хүртэх вэ гэдгээ мэдэлгүй өнөөдрийг хүрсэн. Энэ тухайд “Рио Тинто” групп болон Монголын зарим улстөрчид иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллийг байнга өгдөг.

Учир нь Монгол Улсын иргэд Оюу толгой төслийн орлого зарлага, төслийн хөрөнгө оруулалтын талаарх нарийн мэдэх боломжгүй юм. Тийм мэдээлэл нь нууц байдаг. Товчхондоо, “Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг. Ямар нэг хяналт байдаггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” компани нь бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулан ихээхэн орлого олдог. Гэсэн ч уг орлого, түүний гүйлгээ Монгол Улсын банкаар дамждаггүй учраас экспортолсон бүтээгдэхүүний биет хэмжээ, орлого бүрэн эсэхэд монголчууд эргэлздэг. Тиймээс Оюу толгой төслийн төлбөр тооцоог Монголын банкуудаар дамжуулах санаачилга үе үе зарим улстөрчид, эдийн засагчдын зүгээс гардаг. Тэр бүрт хөрөнгө оруулагч талаас “Танай арилжааны банкууд энэ их хэмжээний мөнгийг эргэлтэд гаргах чадвар байхгүй” гэдэг тайлбар тавьдаг байв. Гэхдээ энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараахан өгч байсан тайлбар юм. Өөрөөр хэлбэл, Монголын банкуудыг чадваргүй гэдэг дөрөөлөөд Монголд ашигтай төлбөр тооцоо дамжуулахаас татгалздаг байв. Харин одоо Монголын арилжааны банкууд тэр үеийнхээс чадваржиж, эрсдэл даах чадвар нь нэмэгдсэн. Гэсэн ч 7-8 жилийн өмнө энэ санаачилга дахин гарсан ч ажил хэрэг бололгүй нам дарагдсан. Үүнд монголчууд гайхдаг. Хэрэв Оюу толгойн төлбөр тооцоо Монголын банкуудаар дамжвал хамгийн эхлээд хяналт сайжирна. Мөн манай улсын банк санхүүгийн хувьд хүчирхэг болох боломжтой. Нөгөөтэйгүүр, Оюу толгой шиг ийм том төсөл эхэлсэн л бол Монголын үнэт цаасны зах, арилжааны банкууд ямар нэг хэлбэрээр заавал оролцох ёстой. Ийм нөхцөл шаардлагыг манай улсаас заавал тавих ёстой байдаг. Гэвч ажил хэрэг бололгүй өнөөдрийг хүрсэн. Оюу толгойн төлбөр тооцоо гадаадын банкуудаар дамжиж, үр дүнд нь Монгол Улс санхүүгийн мөлжлөгт өртсөөр байна.

Ер нь бол Оюу толгойн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг Монголын банкуудаар заавал дамжуулж, дотоодод бүрэн хянах боломжийг хаасан тодорхой гурван гол эрх зүйн баримт бичиг, олон улсын практик бий. Анх 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюу толгой компани нь гадаад улсад хууль ёсоор банкны данс нээх, түүнийгээ эзэмших, гадаад валютаарх борлуулалтын орлогоо гадаадын банкуудад байршуулах, зарцуулах эрхийг хуульчлан баталгаажуулж өгсөн. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадуур мөнгөн урсгал чөлөөтэй шилжих үндсэн суурь болсон. Цаашлаад 2015 онд байгуулсан Дубайн гэрээ буюу Далд уурхайн төлөвлөгөөгөөр “Оюу толгой” компани гадаадын 15 орчим банк, санхүүгийн байгууллагаас 4.4 тэрбум ам.долларын хамтрагчдын зээл авахдаа Олон улсын банкуудын синдикатын тавьсан шаардлагаар орлогын болон зээлийн дансаа Сингапур, Нидерланд зэрэг хилийн чанадад байршуулахаар тохиролцсон. Олон улсын банкууд зээлээ эргэн төлөгдөх баталгаа гэж үзэн дансыг өөрсдийн хяналтад байлгахыг шаардсан тул Монголын тал үүнийг зөвшөөрсөн байдаг. Үүнээс гадна, Оюу толгойн дансыг Монголбанканд заавал байршуулж хянах хуулийн төсөл яригдаж байсан ч “Төв банкны тухай хуулиар Монголбанк нь аж ахуйн нэгжийн данс хөтөлж, өдөр тутмын арилжааны гүйлгээг дур мэдэн шалгах нь олон улсын банкны стандартад нийцэхгүй, Төв банкны чиг үүргийг зөрчих эрсдэлтэй” гэж үзэн тухайн үед буцааж байв. Түүнчлэн, Оюу толгойн гол толгой компани болох “Рио Тинто” нь Нидерланд зэрэг улсуудтай байгуулсан Давхар татвар төлөхөөс зайлсхийх гэрээг ашиглан санхүүгийн менежментийн зардлаа гадаадад шилжүүлдэг. Энэ нь Монгол Улсын Сангийн яам зэрэг манай улсын зүгээс шууд хяналт тавихад хамгийн том саад болдог.

Түүнээс биш монголчуудад гадаадын хөрөнгө оруулагч, “Оюу толгой” компанийн борлуулалтын орлогыг хураах, хязгаарлах, тэдний орлогоо эзэмших эрхийг нь зөрчих, багасгах, хасах, хаах санаархал огт байхгүй. Зөвхөн бүтээгдэхүүний борлуулалтын орлого нь бүрэн бүртгэгдэж, “Оюу толгой” компанид бүрэн ордог, данс тайланд тусгагддаг байх, “Оюу толгой” компанийн орлого, өртөг зардал ил тод байх, зардлаас илүү орлогоо зохих журам, хууль, бүртгэл тооцооны дагуу гадаад, дотоодод чөлөөтэй эзэмших, зарцуулахыг хэзээ ч хориглоогүй, хязгаарлахгүй, зөвхөн ил тод, бүртгэл тооцоонд хамрагдаж, орлого, өртөг зардал, ашиг, ногдол ашиг бүрэн тооцоотой байхыг л хүсээд байгаа хэрэг.

Ингэж, талууд нэг нь давуу байдал эдэлж, нөгөө нь санхүүгийн мөлжлөгт өртсөөр байгааг зогсоохын тулд наад зах нь Хөрөнгө оруулалтын гэрээний 9.10-д заасан хөрөнгө оруулагчийн хөрөнгө, валют, бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг эзэмших, зарцуулах, төлбөр тооцоо хийхтэй холбогдсон заалтыг өөрчилж чадвал монголчуудын эргэлзээ тайлагдаж, хоёр тал итгэлцэх үүд нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” ХХК нь бүтээгдэхүүнээ гадаадад ачуулах, хилийн боомтоор бүтээгдэхүүн гарах үед заавал аккредитив нээсэн, эсвэл компанийн дансанд мөнгө нь орсон байх, тэр нь компанийн болон Монгол Улсын экспортын орлого болон бүртгэгдэж байх шаардлагатай. Ингэж байж “Оюу толгой” компанийн экспортын бүтээгдэхүүний биет хэмжээ, орлого бүрэн бүртгэгдэж, ил тод байх нөхцөл бүрдэнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 136 (7878)

Хийморийн овоо-Ар Зайсан чиглэлийн шинэ авто замыг өргөтгөх ажил өнөөдрөөс эхэлж байна

Posted By Алсын Хараа On In Нийгэм | No Comments

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Соёмботой уулын урдуур, Хийморийн овооноос Ар Зайсангийн гудамж хүртэлх шинэ авто замын өргөтгөлийн ажил өнөөдрөөс эхэллээ.

Нийслэлийн 2026 оны төсвөөс 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэж буй уг бүтээн байгуулалттай холбогдуулан иргэд, жолооч нарыг түр зохицуулалт болон замын тэмдэг, тэмдэглэгээг чанд мөрдөхийг Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна. Мөн цахим орчин дахь худал мэдээлэлд төөрөгдөхгүй байж, зөвхөн албан ёсны эх сурвалжид хандахыг зөвлөлөө.

Ж.Цэвээнжав: “Монголд хамгийн сайн занар байдаг, нөөц ч ихтэй” гэж америк эрдэмтэн хэлж байсан

Posted By Алсын Хараа On In Нийгэм | No Comments

Монгол Улсын Гавьяат багш, техникийн ухааны доктор Ж.Цэвээнжавтай ярилцлаа.


-Монгол Улс занараар бүтээгдэхүүн гаргаж байсан гэх юм. Энэ хэр бодит вэ?

-Занарын судалгаа явж байснаас занар олборлож байгаагүй. Хамгийн сүүлд миний мэдэхээр Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт занар байдаг гээд би тэнд очиж байлаа. Хятадууд хайгуул хийж байсан. Тэнд яг олборлолт явагдаагүй. Та нар дуулж байсан байх. Төв аймгийн Эрдэнэсант сумаас урагшаа Дундговь аймгийн Дэрэн сумын хойд талд Өвөржаргалант гэж хамгийн их занартай газар байдаг. Тэнд америкчууд хөрөнгө оруулаад хайгуул хийж байсан. Занарынх нь давхарга 40 метр зузаантай тийм том хайгуул хийсэн. Тухайн үед занарын үе нэлээн гүнд байгаа гэж Монголын шатдаг занарын судалгаа хийж судалдаг докторууд болох Д.Бат-Эрдэнэ, Л.Жаргал нар тогтоосон. Энэ нь геологийн судалгааны хувьд маш чухал ач холбогдолтой. Монголын шатдаг занар нь нуурын гаралтай, органик материал нь нэг төрлийн керогенээс тогтдог. Шатдаг занарын зузаан маш их, зарим ордууд дээр 300 м хүрдэг. Занарын хамгийн гол юм зүйл нь нэгдүгээрт, нөөц нь байх ёстой. Хоёрдугаарт, давирхайн агуулга гэж байгаа. Энэ нь занарыг халааж давирхай гарган нэрээд бензин, дизелийн түлш болгодог. Тэгэхээр энэ утгаараа манай улсын Өвөржаргалантад тухайн үед америкчууд хөрөнгө оруулалт хийгээд, гүйцэтгэгчээр нь Монголоос хүмүүс тавигдаад ажиллаж байсан. МУИС-ийн захирал, физикийн багш Ганцог багш хүртэл ажиллаж байв. Би ч бас зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан юм. Ерөнхийдөө тэнд занар байгааг тогтоочихсон байсан. Гэтэл тухайн орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тухайн үед америкчууд занар газрын гүнд байгаа учраас газар доороос нь халаана гэж байв. Гэтэл хуучин ЗХУ-ын Эстонд занар нь гадаргууд ойрхон учраас шиг ил уурхай шиг олборлож байгаад, занараа гаргаж авчраад хөрз шиг юмыг зууханд хийж халаагаад давирхайг гарган бензин тосоо гаргаж байсан туршлага байдаг. Тэр үед занар гаргах технологи, мэдээ мэдээлэл, бизнесийн нууцаа хадгалж чадаагүй гэх юм уу, орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Уг нь дэлхий дээр байдаг арга технологи байсан. Ингээд тэр компанийг хөөж гаргаад, үйл ажиллагааг эхлүүлж чадаагүй. Америкчууд оруулсан хөрөнгө оруулалтаа Монголын Засгийн газраас нэхэмжилсэн эсэхийг мэдэхгүй байна. Том улс орон нэхэмжлээгүй ч байж магад. Ингээд занар төгсгөл болсон. Төгсгөл болоогүй бол тэнд занар их бий.

Монгол Улсын 2014 оны “Газрын тосны тухай” хуулиар Занарын тос нь газрын тосны уламжлалт бус эх үүсвэр гэж тооцогддог болсон бөгөөд түлш шатахуун хомсдож, газрын шингэн тосны нөөц ч багасаж байгаа өнөөгийн нөхцөлд шатдаг занар, нүүрсний давхаргын метан хий зэрэг эх үүсвэрүүдийг авч үзэх нь эдийн засаг-бизнес, нийгмийн чухал ач холбогдолтой гэж заасан. Тийм учраас энэ чиглэлээр төр засаг дэмжих, ард түмнийг соён гэгээрүүлж мэдлэгжүүлэх хэрэгтэй ажлууд хийх хэрэгтэй байгаа юм. Тэгэхдээ судлаачид бидний үзсэнээр манай улсын занар бол нэлээн гүн рүүгээ байдаг.

-Монгол занар дэлхийд өндөр чанартайд тооцогддог гэдэг юм билээ. Манай орны занарын нөөц хэр байгаа вэ?

-Миний таньдаг америк найз Өвөржаргалант хавьд явж байгаад монголчууд өмнө нь тогтоосныг мэдэхгүй үзээд Америкийн Колорадад байдаг шиг занар байна. Занар хүний гар дээр байхдаа яг аргал шиг, хөрз шиг байдаг юм. Их хатажсан том аргал шиг байдаг. Тэр үед америк найз энэ ямар учиртай юм бэ гээд асуухад “Монголын геологийн судлаач эрдэмтдийн бүтээлийг унш” гэж би хэлж байв. Занарын нөөц бол манай улсад 793 тэрбум гэсэн тоо байдаг. Энэ нь геологийн байж болох нийт нөөц нь. Тийм учраас хангалттай нөөц гэсэн үг. Хамгийн гол нь Монголд занарын тосыг ашиглая гэвэл арай өөрөөр буюу Америк, Канад зэрэг өндөр хөгжилтэй орон шиг газар доор халаах аргыг хэрэглэх нь зөв байх гэж бодож байгаа.

-Энэхүү арга нь тохиромжтой гэж та үзэж байна уу. Яагаад?

-Дэлхий дахинд ашиглаж олборлож байгаа өндөр хөгжилтэй орнууд энэ арга нь хамгийн чанартай гэдгийг тогтоочихсон. Чанартай гэдэг нь давирхайн агуулга нь 17, 18 хувь бил үү байдаг. Өөрөөр хэлбэл, чулууны тос гэсэн үгтэй болоод байна шүү дээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч агсан П.Очирбат гуай бид ярьж байлаа. Оросууд бумажный сладж гэдэг. Монголчууд цаасан занар гэж хэлсэн.Олон хаягдал цаас шиг, нимгэн үетэй байхгүй юу. Гадны америк эрдэмтэн Монголд л хамгийн сайн нь байна. Нөөц нь ч их байна гэж хэлж байсан.

-Та түрүүн хэлсэн. Монгол Улсын 2014 оны “Газрын тосны тухай” хуульд занарын талаар заалт бий гэж. Бас Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлд анхаарч Дорноговь аймагт газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулах гээд том төсөл эхлүүлээд ажиллаж байна. Гэвч удаашралтай байх шиг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Би Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэг, олон улсын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гишүүн.Энэ утгаараа хамгийн их мэдээлэлтэй байдаг. Монголд байдал хэцүү болж дэлхий дахинд бензин тос хэцүүдээд байна. Гэтэл яагаад энэ газрын тосны үйлдвэрийн ажил урагш явахгүй байна вэ. Ингээд бодохоор төр засгийнхны хийж байгаа энэ газрын тосны үйлдвэр шал худлаа. Би нэг жил Энэтхэг улсад өвөлжсөн. Тэднийх 19 үйлдвэртэй. Энэтхэг улс яагаад тэрбум ам.доллар өгсөн бэ. ОХУ, БНХАУ хоёрын дургүйг хүргэх гэж тийм их мөнгө өгсөн ч байж магадгүй. Тэрнийг олзолсон хүмүүс байна. Энэтхэгчүүдээр үйлдвэр бариулна гэдэг өөрөө сонин. Монгол мэргэжилтнүүдээсээ асуу. Үйлдвэрийг барихыг хэн ч барина. Хамгийн гол нь менежментийн асуудал. Монголд тийм 1.500.000 үйлдвэр бариад хэрэггүй. Түүхий тосоо тарааж, цуглуулснаасаа хэцүү юм болно. Миний бодлоор Монгол Улсын газрын тосны нөөцийн 98 хувь байдаг Дорнодод яагаад үйлдвэрээ бариагүй юм. Тэр эзгүй газар, тос нь дууссан, газар яагаад барих болсон юм? Баруун аймгууд яасан юм? гэсэн асуултууд байгаад байна. Миний хэлсэн үг яаман дээр болсон хурал дээр байгаа байх. 500-600 мянган үйлдвэр л барих ёстой. Нэгдүгээрт, технологи нь их өөр байх ёстой. Нэрлэгээс өөр технологи байх хэрэгтэй, Хоёрдугаарт, газар зүйн байршлын хувьд хамгийн эхэнд Дорнодод байх. Эсвэл Монголын төв хэсэг Алтан ширээд байж болох юм. Гуравдугаарт, баруун аймгуудад буюу Говь-Алтай, Ховд хавьцаа байвал зүгээр байсан. Цаанаасаа Казахстанаас нефть, тос орж ирж магадгүй. Яагаад улайран зүтгээд байна. Яагаад тэр энэтхэгчүүдэд хамаг менежментээ өгөөд байна вэ гэхээр эндээс цавчаа хийж байна. Гэхдээ нүүрс шиг их цавчаа бол байхгүй. Төрийн бодлого бол 100 хувь буруу. Одоо наад занарын чинь тосыг гаргаад Дорноговийн Алтанширээд аваачна гэвэл үлгэр шүү. Би бас үнэн юм хэлье. Тийм учраас миний хэлсэн тэр газрын тосны үйлдвэрийн талаар, газрын тосны хангамжийн талаар асуувал би олон зүйл хэлнэ.

-Хүний нөөцийн тал дээр та юу хэлэх вэ?

-Хүний нөөцийн хувьд хангалттай. Ганцхан сонголт хэрэгтэй. Ялангуяа унаган мэргэжил нь МУИС, ШУТИС-иудад суралцаж төгссөн тэр улсууд бүх технологи мэдэж, мэргэшсэн байгаа. Энэтхэг рүү хүүхдүүд явуулж байгаа чинь дарга нарын болон таньдаг хүмүүсийн хүүхдүүд байгаад байна. Тэгж битгий мөнгө үрээч ээ. Хамгийн гол нь хуучин бэлтгэгдсэн, одоо ид ажиллаж байгаа улсуудаасаа явуул. Ахмадууд хэрэггүй, ялангуяа идэр насны инженер залуусаа явуулах хэрэгтэй. Тэр дундаа газрын тосны олборлолтоор төгссөн 10, 20 инженер байгаа. Тэднийг одоо улс орондоо ашиглах хэрэгтэй. Яагаад тэднийг ашиглах ёстой вэ гэхээр юу ч мэдэхгүй хүүхдүүд явуулж болохгүй байхгүй юу. Боловсон хүчин манай улсад хангалттай, хүний нөөц хангалттай. Өмнөд Монголын хоньчин ирээд оператор хийдэг, манай улсын эрдэмтэн очоод оператор хийдэг байж огт болохгүй. Монголчуудаа сайн ажиллуулах хэрэгтэй.

Б.Нандинцэцэг

Б.Гантулга: Жолооч нар “Цаг хэмнэнэ” гээд өдөржин, шөнөжин давхидаг. Энэ нь аюул тулгарсан үед самбаачлах чадваргүй, хяналтгүйгээр нойрмоглох зэрэг эрсдэлтэй

Posted By Алсын Хараа On In Хууль эрхзүй | No Comments

Баяр наадмын амралтын үеэр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт зам тээврийн ноцтой осол гарч гурван хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Мөн энэ үеэр орон нутгийн замын хөдөлгөөн ихэсч, осол аваар бүртгэгдсэн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантулгаас тодрууллаа.


-Улсын баяр наадмын үеэр орон нутгийн замд гарсан ноцтой хэрэг, зөрчлүүдэд ямар шалтгаан давамгайлж байна гэж үзэж байгаа вэ?

-Энэ жил улсын баяр наадмын амралт урт болсонтой холбоотойгоор хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн нэлээд их байлаа. Орон нутгийн замд гарсан ослын ихэнх шалтгаан нөхцөл нь хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх гэх мэт зөрчил давамгайлж байна.

Долдугаар сарын 9-18-ны өдрүүдэд орон нутагт зам тээврийн ослын улмаас 18 хүн нас барж, 29 хүн гэмтсэн харамсалтай мэдээтэй байна. Эдгээр шалтгаан нөхцөл дээр жолооч нар маань зорчигчийн аюулгүй байдлыг хангадаггүй. Нэг ёсондоо хамгаалалтын бүс зүүлгэдэггүй, хүүхдийг зориулалтын бусаар тээвэрлэдэг зөрчлүүдээс үүдэж зам тээврийн ослын улмаас зорчигч хүнд гэмтэх, цаашлаад амь насаа алдах харамсалтай тохиолдлууд гарч байна.

-Зам тээврийн хөдөлгөөнд тулгарч байсан бэрхшээл юу байв?

-Жолооч нар маань анхааруулсаар байтал хэт ядарсан буюу сайн амраагүй үедээ хөдөлгөөнд оролцдог. Мөн хэт олон цагаар жолоо барьдаг. Нэг газар очихдоо цаг хэмнэж байна гээд өдөржин шөнөжин давхидаг. Энэ нь аюул тулгарсан үед самбаачлах чадваргүй байх, хяналтгүйгээр нойрмоглох зэрэг эрсдэлтэй. Түүнчлэн шөнийн цагт явахдаа гэрлээ шилжүүлдэггүй тохиолдол маш их байна. Энэ жил "Амраад аюулгүй аялъя" нэртэй аяныг зохион байгуулсан. Мөн жолооч нар маань тээврийн хэрэгслээ хол замд явахын өмнө шалгадаггүй. Ялангуяа запас дугуйн хий, бүрэн бүтэн байдлыг шалгахгүй гарах, эсвэл өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцдог. Энэ нь өөрөө эргээд дугуй буудах, осол гарах гол шалтгаан болдог. Мөн орон нутгийн замд зорчихдоо замын нөхцөл байдалд хурдаа тохируулж явах хэрэгтэй байна.

-Баяр наадам дууссан ч долоо, наймдугаар сар амралтын үе байдаг болохоор орон нутгийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Цаашид иргэд юун дээр анхаарах шаардлагатай байна?

-Улсын баяр наадам дууссан ч гэсэн аймгуудын ой, ургийн баяр гэх мэтчилэн баярууд зохион байгуулагдаж орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн үргэлжилсээр байдаг. Хол замд явж байгаа учраас та бүхэн маань тээврийн хэрэгслийн гэрэл, дугуй, хамгаалах бүс, тос масло, дагалдах хэрэгсэл зэрэг зүйлсийг сайтар шалгах хэрэгтэй. Бүрэн бус тээврийн хэрэгсэл гэдэг ганцхан өөрт биш, бусдад аюул учруулах хамгийн том хүчин зүйл юм шүү. Зөвхөн жолооч гэлтгүй зорчигч нар хамгаалах бүсээ зүүж хэвших хэрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцохдоо нэгдүгээрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн л бол огт тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Хоёрдугаарт, заагдсан дээд хурдыг хэтрүүлэхгүй байх. Ер нь “Сайн яваад ирэв үү” гэж асуудгаас “Хурдан яваад ирэв үү” гэж асуудаггүй шүү дээ. Дараагийн дугаарт, бидний хэлээд байгаа гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газруудад огт хийхгүй байх. Жолооч та аялал, амралтдаа хамгийн хайртай хүмүүсээ хажуудаа суулгаад тээвэрлэж яваа учраас өөрөөс гадна зорчигчийнхоо аюулгүй байдлыг сайтар хангах үүрэгтэй. Зам тээврийн осол бол санамсар болгоомжгүйгээс үүдэлтэй учраас эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа сайтар хангаарай гэж зөвлөмөөр байна.

-Иргэд хурдны хэм хэмжээний талаар орон нутгийн замын хөдөлгөөнд 60-70км/ц -аас бага хурдтай явж байгаа машинуудаас болж гүйцэж түрүүлэх шаардлага үүсдгээс хэрэг зөрчил гарч байгаа гэх мэт сошиал орчинд маргаан үүсгэсэн байсан. Мэргэжлийн байгууллагаас энэ тал дээр ямар зөвлөмж өгөх вэ?

-Тухайн зам дагуу байршсан тэмдгийн заалтыг сайтар мөрдөж явах нь хамгийн чухал. Замын тэмдэг тэмдэглэгээнд заасан хурдаар хөдөлгөөнд оролцох, бусад үед замын нөхцөл байдалд хурдаа тохируулах хэрэгтэй. Жишээ нь, өгсүүр болон уруу, огцом эргэлттэй замд, үзэгдэх орчин хязгаарлагдмал, гүүр болон төмөр замын гарам зэрэг газруудад гүйцэж түрүүлэхийг хориглодог. Энэ тэмдгүүд байршсан газруудад гүйцэж түрүүлэхгүй байх. Мөн урд яваа тээврийн хэрэгслийн жолооч хойно байгаа тээврийн хэрэгсэлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байвал боломжоор хангах, хурдаа дагаж нэмэхгүй байх, боломжтой бол өөдөөс тээврийн хэрэгсэл байхгүй гэдгийг гэрлээрээ дохио өгөх зэрэг нь тухайн тээврийн хэрэгслийн жолоочид маш хэрэгтэй байдаг. Хамгийн гол зүйл бол зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулах нь нэн чухал. Нэг ёсондоо зөвшөөрөгдсөн дээд хурдыг хэтрүүлэхгүй байх, жолооны ард суусан л бол сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Дээрээс нь замын нөхцөл байдал зарим газруудад засвартай, эвдрэлтэй байгаа учраас тэдгээр замд хурдаа тохируулж өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангах нь хамгийн зөв.

Б.ДАРИЙМ

Н.Номтойбаяр: Улсын наадмаар цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй

Posted By Алсын Хараа On In Нийгэм | No Comments

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг олон нийтэд танилцууллаа. Мэдээллийн эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний хариутай холбоотой мэдээллийг өгсөн юм.

Тэрээр "Энэ жилийн улсын баяр наадмаар цолноос цолонд ахисан болон шинээр цол хүртсэн бөхчүүдийн шинжилгээнээс допинг илрээгүй. Тодруулбал, Даян аварга Б.Орхонбаяр, Улсын арслан Б.Бат-Өлзий тэргүүтэй цолтон бөхчүүдийн шинжилгээний хариу цэвэр гарсан" хэмээн онцоллоо.

Харин аймгийн цолтой нэг бөхөөс авсан шинжилгээний хариуг дахин нарийвчлан нягтлах шаардлага үүссэн талаар тэрээр нэмж мэдээлэв.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа

Posted By Алсын Хараа On In Нийгэм | No Comments

“Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд нийт 113 блок бүхий орон сууцны барилга барихаар төлөвлөсөн. Үүнээс 20 блок барилга нь 12 давхар байх бөгөөд эдгээр 20 блокын хамгийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ болон төмөр бетон цутгалтын ажил бүрэн дуусаж, бүтээн байгуулалтын дараагийн үе шат болох өрлөг, инженерийн шугам сүлжээний угсралт, дотор заслын бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна. Тус 12 давхар барилгуудыг ирэх жилийн II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар төслийн талбайд 1474 инженер, техникийн ажилтан, 60 орчим техниктэйгээр ажиллаж, суурийн болон төмөр бетон хийцийн угсралт, карказ босголт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Зарим блок барилгууд нь суурийн шатандаа хэрэгжиж байгаа бол хэд хэдэн барилгын давхрын хийцийн цутгалт, карказын ажил төлөвлөгөөний дагуу урагшилж байна.

“Сэлбэ 20 минутын хот” төсөл нь зөвхөн орон сууцны хороолол бус, иргэдийн өдөр тутмын хэрэгцээт бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн, явганаар болон нийтийн тээврээр богино хугацаанд хүрэх боломжтой иж бүрэн хот төлөвлөлтийн шинэ жишгийг бий болгох зорилготой юм. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллага, худалдаа үйлчилгээ, оффисын бүс, спорт, соёл, амралт, чөлөөт цагийн талбай, ногоон байгууламжийг цогцоор нь төлөвлөсөн бөгөөд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн орчин үеийн хот байгуулалтын шийдлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС