- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Улсын заан Д.Анар Монголын багийн эхний алтан медалийг авлаа

Дэлхийн нүүдэлчдийн VI наадам Киргизстаны Бишкек, Чолпон-Ата хотод үргэлжилж байна.

Энэхүү наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй 20-иод орны төрийн тэргүүн, ерөнхий сайд оролцсон бол өчигдөр тэмцээн уралдаан албан ёсоор эхэллээ. Наадмын хөтөлбөрт бөхийн 16 төрөл багтсан бөгөөд үүний нэг нь монгол үндэсний бөх юм. Тэгвэл өчигдөр үндэсний бөхийн барилдаан болж, медальтнууд тодров. Барилдаанд Монгол, Казахстан, Тажикистан, Узбекистан, БНХАУ, Киргиз, Пакистан, Туркменистан, Иран, Хорват, Малайз, ОХУ, Итали, АНУ зэрэг 16 орны бөх зодогложээ. Улмаар Монголын тамирчин, улсын заан Д.Анар алт, ОХУ-ын бөх Мөнгэ Эртинэ Күүлэр мөнгө, Хятадын Сүрилигэ, Киргизийн Орозбек Аширов нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Улсын заан Д.Анарын хувьд дэлхийн нүүдэлчдийн наадмаас тав дахь алтан медаль хүртэж байгаа нь энэ. Түүний хувьд Монголын баг тамирчдын төдийгүй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хамгийн анхны алтан медальтан болов.

Улсын заан Д.Анар алтан медаль хүртсэнийхээ дараа “Дэлхийн нүүдэлчдийн наадамд эх орноо төлөөлж оролцоод алтан медаль хүртсэндээ баяртай байна. Тэр тусмаа үндэсний бөхийнхөө өв соёлыг сурталчилж, тэмцээнд оролцох нь сайхан хувь тохиол байлаа. Надад итгэл хүлээлгэж сонгосон Монголын үндэсний бөхийн холбоо болон бусад байгууллагадаа баярлалаа. Энэхүү наадмаас манай баг тамирчид олон медаль авч спорт сонирхогчдоо баярлуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Ташрамд дурдахад, үндэсний бөхийн барилдааны тэмцээнээс өмнө МҮБХ-ноос томилогдсон барилдаан зохион байгуулах баг барилдааны өмнө засуулууд болон оролцогчдод зориулж монгол бөхийн дүрмийг танилцуулж, сургалт зохион байгуулсан байна.

Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээрээс барилдана

Posted By Алсын Хараа On In Онцлох,Спорт | No Comments

Японы жүдоч Косүкэ Машияама Монголын шигшээд барилдахаар болжээ.

Өдгөө 27 настай япон эр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд барилддаг. Бүх Японы дүрэмд тухайн тамирчин өөр улсын нэр дээр барилдахын тулд гурван жилийн хугацаанд ямар нэгэн тэмцээнд оролцоогүй байхаар тусгасан. Энэ дүрмээр Косүкэ Машияама 2027 оны дөрөвдүгээр сараас Монголын нэр дээр олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхтэй болно гэсэн үг. Тиймээс энэ жилийн тухайд ДАШТ-д манай улсын нэрийн өмнөөс барилдах боломжгүй ажээ. Косүкэ Машияама нь иргэншлээ сольсон Японы анхны жүдоч болж байгаа юм.

Judo cam нэртэй цахим хуудсанд “Тийм ээ, Японы жүдо бөхийн тамирчин Косүкэ Машияма одооноос Монголын шигшээ багийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцохоор болжээ. Тэрээр Ази болон Японы аварга, мөн Баку, Токиогийн Grand Slam тэмцээний аварга юм. Энэ нь анхны тохиолдол биш. Машиямагаас өмнө Кайхан Такаги мөн Японы шигшээ багаас гарч байсан. Гэхдээ Японы жүдо бөхийн сүүлийн үеийн түүхэнд ийм шилжилт хөдөлгөөн цаашдаа шинэ тамирчдыг өөр улсын шигшээ багт нэгдэхэд хүргэж магадгүй. Учир нь аль ч улсын шигшээ баг Японы шилдэг тамирчныг өөрийн бүрэлдэхүүндээ авахыг хүсэх нь ойлгомжтой. Эндээс харахад жүдо бөхийг үндэслэгчдийн тогтоосон сэтгэлгээ, зарчим өмнөх шигээ хатуу биш болсон бололтой” гэж мэдээлжээ

Косүкэ Машияма 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн,  2021 оны Бакугийн “Их дуулга”, 2022 оны Токиогийн “Их дуулга”-д түрүүлж байсан юм. Түүнчлэн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж байв. Хамгийн сүүлд 2024 онд Хонконгт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноос хойш татамид гараагүй тэрбээр өдгөө Монголд бэлтгэлээ хийж байна.

Селин Дион тайзнаа эргэн ирлээ

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

Канадын дуучин Селин Дион өчигдөр Парис хотноо хүрэлцэн ирж, 16 концертоос бүрдэх цуврал тоглолтынхоо бэлтгэлийг хийж эхэлжээ.

Эрүүл мэндийн асуудлын улмаас уран бүтээлээ 6 жилийн турш толилуулаагүй дуучин бүсгүй ийнхүү тайзнаа эргэн ирж байна.

Түүний эхний концертууд 9 дүгээр сарын 12-ноос 10 дугаар сарын 17-нд болно. Ингэхдээ тэрбээр долоо хоногт гурван удаа буюу лхагва, баасан, бямба гаргуудад уран бүтээлээ толилуулахаар төлөвлөж байна.  Нэг концертыг 30 гаруй мянган хүн үзэх боломжтой бөгөөд тасалбарууд нь хэдийн зарагджээ. Бусад 10 концертыг ирэх оны тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Парис хотноо ирсэн Селин Дионыг фэнүүд нь Royal Monceau зочид буудлын үүдэнд угтан авчээ. Тэрбээр 2024 оны Олимпын наадмын нээлтэнд Эдит Пиафын Hymne à l’amour гэдэг дууг дуулсныг эс тооцвол Францад бараг 10 жилийн хугацаанд тоглолт хийгээгүй юм. Түүний 27 цомгоос 15 нь франц хэлээр дуулсан дуунуудын цомог бөгөөд "Парис бол миний хоёр дахь гэр орон" хэмээн дуучин бүсгүй ярьдаг.

С.Дион 6 жилийн турш уран бүтээлээ туурвиагүй нь төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг Мерш-Вольтманы хамшинж хэмээх маш ховор тохиолддог өвчин туссантай холбоотой.

Роналду 978 дахь гоолоо оруулжээ

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

Саудын Арабын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний IV тойргийн тоглолтод К.Роналдугийн "Аль-Наср" баг өөрийн талбайд "Аль-Таавун" багийг 2:1-ээр хожжээ.

Талбайн эзэн багийн Саму Кошта нэгдүгээр үеийн нэмэлт цагийн 5 дахь минутанд эхний гоолыг оруулсан бол зочин багийн Бассам Аль-Хурайжи 11 дэх минутанд хариу гоол хийлээ. Тоглолтын 50 минутанд Криштиану Роналду хожлын гоолыг оруулсан байна.

Ингэснээр Роналду энэ улирлын хоёр дахь гоолоо оруулсан бол түүний хөлбөмбөгчний замналдаа оруулсан гоолын тоо 978 боллоо. Үүнээс 146 гоолыг Португалын шигшээ багт тоглохдоо, 832 гоолыг клубүүдэд тоглохдоо оруулсан байна.

"Аль-Наср" баг дөрвөн тоглолтод дараалан хожсоноор 12 оноотой болж, Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний хүснэгтийг тэргүүлж байна.

"Аль-Таавун" баг 2 онооотойгоор хүснэгтийн 15 дугаарт бичигдэж байгаа бөгөөд 9 дүгээр сарын 5-нд өөрийн талбайд "Аль-Фатех" багтай, “Аль-Наср” баг мөн өдөр "Аль-Иттихад” багтай талбайд нь тус тус тоглоно.

“Бурханы гараар” оруулсан гоолын бөмбөгийг 3.3 сая доллароор заржээ

Posted By Алсын Хараа On In Спорт,Энтертайнмент | No Comments

Аргентины шигшээ багийн ахлагч Диего Марадонагийн гараараа Английн хаалганд оруулсан гоолын бөмбөг Heritage Auctions дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулах үеэр 3 сая 300 мянган доллароор зарагджээ. Анхандаа бөмбөг 10 саяар зарагдана гэж тооцож байв.

Уг гоолыг Марадона 1986 оны ДАШТ-ий шөвгийн 8-ын тоглолтын үеэр оруулсан бөгөөд тэрбээр дубль хийснээр аргентинчууд 2:1-ээр хожсон юм.

Тоглолтыг шүүсэн Тунисын шүүгч Али Бин Нассер уг бөмбөгийг 30 гаруй жилийн турш гэртээ хадгалсан бөгөөд тоглолтод ашигласан цорын ганц бөмбөг мөн гэдгийг баталсныг хожим нь шинжээчид баталгаажуулсан байна.

Тэрбээр 2022 онд бөмбөгийг 2.3 сая доллароор зарсан бөгөөд худалдан авсан хүн 2023 онд дахиад дуудлага худалдаанд тавьсан боловч зарагдаагүй ажээ. Харин дээрх тоглолтонд Марадонагийн өмсөж байсан футболк 2022 онд болсон дуудлага худалдаагаар 9.6 сая долларын үнэд хүрсэн байна.

Ташрамд дурдахад, 1986 оны ДАШТ-ий үеэр Марадонагийн зүүж байсан багийн ахлагчийн тууз дуудлага худалдаагаар 512 мянган доллароор зарагджээ.

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын бөхчүүд тодорлоо

Posted By Алсын Хараа On In Онцлох,Спорт | No Comments

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн боллоо.

Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан Улсын нийслэл Астана хотноо 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд болно. Сорил тэмцээний дүнгээр эрэгтэйчүүдийн 61 кг-ын Г.Батнасан, 65 кг-ын Б.Зэнээмэдэр, 74 кг-ын Б.Ган-Эрдэнэ, 92 кг-ын Ц.Ганбат, 125 кг-ын Б.Намбардагва нар насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцох эрхээ авлаа. Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ын Б.Отгонтуяа анх удаагаа Дэлхийн аваргын дэвжээнд хүч сорихоор шалгарсан байна.

Мөн тус сорил тэмцээнд МУГТ Э.Бэхбаяр АНУ-аас ирж оролцон, залуу тамирчдадаа урам зориг өгч, туршлагаасаа хуваалцсан нь тэмцээний онцлох үйл явдлын нэг байлаа. Ийнхүү Монголын чөлөөт бөхийн шинэ үеийн шилдэг тамирчид Дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдөх бэлтгэлээ базааж байна.

"Арсенал" баг 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

Кардифф хотод болсон Английн Супер цомын төлөөх тоглолтод Лондоны “Арсенал” баг “Манчестер Сити”-г 3:0 харьцаагаар хожлоо.

Арсеналчуудаас Риккардо Калафьори (1 дэх минут), Кай Хаверц (28), Мартин Эдегор (48) нар гоол оруулсан байна. Английн Супер цомын тэмцээний түүхэн дэх хамгийн хурдан гоолыг Калафьори оруулжээ. Тэрбээр 58 жилийн “МанСити”-гийн Бобби Оуэний тогтоосон хурдан гоолын дээд амжилтыг эвдсэн байна.

Итали дасгалжуулагч Энцо Марески-гийн хувьд “Манчестер Сити”-г удирдан анхны тоглолтоо хийлээ. Тус багийн мэдүүлэгт ДАШТ-2026-гийн шилдэг тоглогч, Испанийн шигшээгийн хагас хамгаалагч Родри-гийн нэр байгаагүй бөгөөд тэрбээр “Барселона”-д очно гэсэн мэдээлэл цацагджээ.

“Арсенал” баг Английн аваргын хувиар Супер цомын төлөө тоглосон бөгөөд өнгөрсөн улиралд лондончууд сүүлийн 22 жилийн хугацаанд анх удаагаа Английн Премьер лигт түрүүлсэн юм. Харин “Манчестер Сити” баг Английн цомын эзний хувиар Супер цомын төлөө өрсөлдлөө.

Ийнхүү арсеналчууд 18 дахь удаагаа Супер цомыг хүртсэн бол уг цомыг “Манчестер Юнайтед” баг хамгийн олон буюу 21 удаа өргөсөн байна.

Монголын сагсан бөмбөгийн шигшээ Японы багийг нэг хожиж, нэг хожигдлоо

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

Японы нийслэл Токио хотын “Сага” спортын ордонд “Nippon life cup-2026” нөхөрсөг тоглолт болж өндөрлөлөө.

Энэ хүрээнд Монгол, Японы шигшээ баг хоёр удаагийн нөхөрсөг тоглолт зохион байгуулсан юм. Эхний тоглолтод Монголын шигшээ баг Японыг 67:65-аар талбайд нь хожиж шуугиан тарив. Ш.Энхийн-Од 33 оноо, 14 самбар, 7 оновчтой дамжуулалтаар багаа манлайлсан бол Х.Оргил түүнд 16 оноогоор тусалжээ. Ингэснээр монголчууд Японы багийг анх удаа хожсон юм.

Тэгвэл өчигдөр болсон хоёр дахь тоглолтод манай баг 57:75-аар хожигдлоо. Гурван үеийн турш тэргүүлж явсан Монголын баг дөрөвдүгээр үед ердөө гуравхан оноо авсан нь хожигдолд нөлөөлөв. ФИБА-гийн чансааны 22 дугаарт эрэмбэлэгддэг, Ази тивийн шилдэг багуудын нэг Японы шигшээ багтай хийсэн хоёр тоглолтод Монголын баг хожил, хожигдолтой байсан нь чансааны 108 дугаарт эрэмбэтэй манай шигшээгийн хувьд чамгүй амжилт байлаа.

Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од Японы шигшээ багийн эсрэг хоёр тоглолтод 51 оноо авчээ. Эхний тоглолтод 33 оноо, 14 самбар, 7 оновчтой дамжуулалт өгсөн. Харин өчигдөр 18 оноо, 10 самбар, 9 оновчтой дамжуулалт бүртгүүлэв. Хоёр тоглолтын нийлбэр 51 оноо, 24 самбар, 16 оновчтой дамжуулалт гэсэн статистик үзүүлсэн байна. Харин өчигдрийн тоглолтод Б.Барсболд 13 оноо, 6 самбар, Х.Оргил 12 оноо, 1 дамжуулалт, С.Ган-Эрдэнэ 2 оноо, 9 самбар, 4 хаалт гэсэн статистикийг үзүүллээ.

Монголын шигшээ баг энэ сарын 28-нд Улаанбаатар хотын “М Банк арена” болох 2029 оны ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө. Энэ хүрээнд  Монголын шигшээ Таиланд, Вьетнам, Фижигийн багийг талбайдаа хүлээн авах юм.

Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий

Posted By Алсын Хараа On In Түүх | No Comments

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт монголч эрдэмтний XIII их хурал өнөөдөр хоёр дахь өдрөө салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Тус хурлын Монголын түүх судлал салбар хуралдаанд “Чингис хаан ба монголчуудын дайтах урлагийг дахин авч үзэх нь: 1221 оны 11 дүгээр сарын 24-ний Энэтхэг мөрний тулалдаан” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл тавьсан  АНУ-ын Хойд Жоржиагийн их сургуулийн профессор Тимоти Мэйтэй товчхон ярилцав.

Тэрбээр хэлэхдээ, “Миний судалгаа бүхэлдээ Монголын эзэнт гүрэнтэй холбоотой. Би “Монголчуудын дайтах урлаг” хэмээх ном бичсэн. Үүнээс гадна Монголын Эзэнт гүрний тухай ерөнхий сэдэвтэй олон ном бичсэн. Миний бодлоор нийтдээ арав гаруй, магадгүй 10–13 орчим ном бий.

Мөн Тамма буюу Монголын цэргийн нэгтгэлийн талаар би нэлээд түлхүү судалсан. Тэд эзэнт гүрний хилийн бүс нутгуудад очиж, Монголын хяналт, ноёрхлыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэж байжээ.

Үүний зэрэгцээ Монголын Эзэнт гүрэн даяар өрнөж байсан соёлын болон бусад төрлийн харилцаа, солилцоог нэлээд судалж байна. Одоогоор, миний хийж байгаа судалгаа Монголын Эзэнт гүрний хэмжээнд болон түүний бүрэлдэхүүнд байсан бусад бүс нутагт хоол хүнс, ундааны хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байсан тухай юм.

-Монголын Эзэнт гүрний үеийн монголчуудын дайтах урлагийн талаар судалгаа хийж ном гаргажээ. Тэгвэл түүнийг өнөөгийн бодит амьдрал, бизнесийн ухаанд хэрхэн хэрэглэдэг тухай хөндөн ярих болсон байна. Харин та энэ талаар юу гэж хэлэх вэ?

 -Миний бодлоор хүмүүс өөрсдөө үүнийг хэрхэн ухамсарлаж байгаа эсэхээс үл хамааран, ялангуяа Украинд болж буй үйл явдлаас монголчуудын дайтах арга барилын зарим шинжийг орчин үеийн нөхцөл байдалд дасан зохицуулан хэрэглэж байгааг харж болно. Тухайлбал, хөдөлгөөнт байдал, алсын бай руу дроноор довтлох арга барилыг нь харахад тэд хаа сайгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Үнэндээ дэлхийн нэгдүгээр дайнаас хойш цэрэг дайны үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлтүүд гарч, дайтаж буй армиуд илүү хөдөлгөөнт, үйл ажиллагааны хувьд илүү уян хатан байхыг эрмэлзэх болсон байна.

Харин одоо дроны хэрэглээ нэмэгдсэнээр энэ нь цоо шинэ түвшинд хүрнэ гэж би бодож байна. Бусад улс орны цэрэг армиуд нүүдэлчдийн тактик, нүүдэлчдийн дайтах арга барил, мөн тэд дайныг хэрхэн ойлгож, төсөөлж байсныг илүү анхаарч судлах хэрэгтэй гэж би үздэг. Мэдээж шинэ технологи болон бусад өөрчлөлттэй уялдуулан эдгээр арга барилыг өөрөөр дасан зохицуулах шаардлагатай. Гэхдээ өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактик Монголын Эзэнт гүрний  дайтах урлагт нэлээд их бий гэж би боддог.

“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

Монголын уламжлалт хөгжим, хөөмийг дэлхийн рок урсгалтай хослуулсан The HU хамтлагийг өнөөдөр танихгүй хүн ховор. Тус хамтлаг эх орныхоо том тайзан дээр энэ сарын 08-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд бут авсан.  Дэлхийн томоохон тайзнаа Монголын нэрийг дуурсгасан энэ хамтлагийн амжилтын ард олон жилийн судалгаа, нарийн төлөвлөлт, олон хүний нэгдсэн хөдөлмөр бий. Тайзан дээр эгшиглэх морин хуур, товшуур, цуур хөгжмийн өвөрмөц өнгө аяс, Хүннүгийн үеийн бэлгэдлийг шингээсэн  уран бүтээлийн өнгө төрхийг тодорхойлсон продюсер Б.Дашдондогийн үзэл санаа зэрэг нь The HU-г бусад рок хамтлагаас ялгаруулдаг гол онцлог юм. Энэхүү нийтлэлээр дэлхийн хөгжмийн тавцанд Монголын өв соёлыг шинэ өнгөөр таниулж буй The HU хамтлагийн тайзны ар дахь  ертөнцийг онцлон хүргэж байна.

Продюсер Б.Дашдондог – "Хүннү рок" урсгалыг үндэслэгч

The HU хамтлагийг зөвхөн дөрвөн уран бүтээлчийн нэгдэл гэж ойлгох нь өрөөсгөл. Энэхүү хамтлагийн ард найман жилийн судалгаа, олон арван хүний уйгагүй хөдөлмөр, Монголын өв соёлыг дэлхийн хөгжмийн хэлээр илэрхийлэх зорилго бий.

Хамтлагийн үүсгэн байгуулагч, продюсер Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог "Хүннү рок" урсгалын үзэл баримтлал, хөгжмийн өнгө аяс, дүр төрхийг бий болгохын тулд судалгаагаа долоон жилийн өмнөөс эхлүүлжээ. Тэрээр хамтлагийн бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд бүтэн нэг жилийг зориулж, улмаар 2016 онд The HU хамтлагийг байгуулсан байна.

Уран бүтээлдээ бүхнээ зориулсан түүний тухай урлагийнхан "Эгэл даруухан хэр нь эгэлгүй их авьяасын уурхай" хэмээн үнэлдэг. Тэрээр нэгэн цагт амьдарч байсан орон байраа хүртэл зарж, өөрийн студийг байгуулсан нь Монголын хөгжмийн урлагийн төлөөх чин сэтгэлийн илэрхийлэл болсон юм.

Өнгө бүр өөрийн бэлгэдэлтэй

The HU хамтлагийн тайзнаа эгшиглэх хөгжмийн зэмсэг бүр зөвхөн аялгуу төдийгүй Монголын өв соёл, бэлгэдлийг өөртөө шингээсэн байдаг. Тайзны өнгө төрхийг бүрдүүлдэг морин хуур, товшуурын өнгө бүр өөр өөрийн утга санааг илэрхийлнэ. Тухайлбал, улаан морин хуур нь эр зориг, хүч чадлыг, хөх морин хуур нь мөнх хөх тэнгэр, оюун санааг, харин ногоон товшуур нь байгаль дэлхий, амьдралын эх ундаргыг бэлгэддэг. Эдгээр өвөрмөц хөгжмийн зэмсгийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжим урлаач П.Байгальжав урласан юм. Тэрээр хөгжмийн урлалын салбарт 35 гаруй жил ажиллахдаа 400 гаруй морин хуур болон үндэсний олон төрлийн хөгжмийн зэмсгийг урлан бүтээжээ.The HU хамтлагийн хөгжмийн зэмсэг энгийн морин хуураас ялгаатай болсон нь продюсер Б.Дашдондогийн санаачилгатай холбоотой. Тэрээр хөгжим урлаач Байгальжавт өөрийн зурсан эх загварыг үзүүлж, илүү том биетэй, өтгөн өнгө дуугаралттай морин хуур бүтээх хүсэлт тавьсан байна. Ингээд П.Байгальжав уг загварыг улам боловсронгуй болгож, шавь нарынхаа хамтаар хоёр сарын турш ажиллан The HU хамтлагийн тайзны үндсэн хөгжмийн зэмсгийг урлажээ. The HU хамтлагийн морин хуурын хамгийн онцгой хийц нь морины толгой нь эзэн рүүгээ харсан байдлаараа уламжлалт морин хуураас ялгардаг. Энэхүү өвөрмөц загвар нь зөвхөн гоёлын шийдэл бус, хамтлагийн дүр төрх, уран бүтээлийг илэрхийлсэн бэлгэдэл хэмээн уран бүтээлчид үздэг.

Хамтлагийн бэлэг тэмдэг "The HU" хамтлагийн лого нь хамтлагийн өнгө төрхийг тодорхойлдог гол бэлгэдлийн нэг. Хамтлаг нийт хоёр албан ёсны логотой бөгөөд тэдгээрийг уран бичээч, зураач, шилэн урлагийн дизайнер Б.Хишигсүрэн бүтээжээ. Логог өнгөц харахад луугийн дүрс мэт боловч анхааралтай ажиглавал цоохор ирвэсийг дүрсэлсэн байдаг. Судлаачдын тайлбарласнаар Хүннүгийн үед цоохор ирвэсийг хүч чадал, сүр жавхлангийн бэлгэдэл хэмээн үзэж, сүлд тэмдэгтээ ашигладаг байжээ. Харин логонд дүрслэгдсэн ганц эвэрт ирвэс нь цорын ганц, дахин давтагдашгүй байх үзэл санааг илэрхийлдэг. Логоны эх хувийг уламжлалт уран бичлэгийн хэв маягаар бүтээсэн бол түүний 3D хувилбарыг дижитал артист Б.Тэлмэн гүйцэтгэжээ. Ийнхүү The HU хамтлагийн логонд Монголын түүхэн бэлгэдэл, орчин үеийн дүрслэлийн шийдлийг хослуулсан нь хамтлагийн үндэсний хэв шинжийг илэрхийлэх нэгэн онцлог болсон юмThe HU хамтлаг 2020 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг хүртсэн анхны хамтлаг болсон юм.Мөн ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч” өргөмжлөлийг хүртэж, Монголын өв соёл, түүхэн уламжлалыг дэлхий дахинд сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.The HU хамтлагийн нэр АНУ-ын Вашингтон хотод шоколад, хүнсний бүтээгдэхүүн, ресторан зэрэг олон салбарт хүртэл түгж, дэлхийн өнцөг булан бүрд тэдний уран бүтээлээс урам авч, Монгол ёс заншлыг сонирхон хүндэтгэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Энэ бүхэн нь тэдний хөгжим зөвхөн сонсогчдын сэтгэлд хүрээд зогсохгүй, Монголын соёлын үнэ цэнийг дэлхийн тавцанд таниулж чадсаны тод илрэл юм.