- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

Ч.БЯМБАХАЖИД

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

 

-Таны ажлын хэсэгт нь багтаж, өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг парламент эцэслэн баталлаа. Энэ удаагийн өөрчлөлтөөр ямар онцлог асуудлуудыг тусгав. Энэ тухай яриагаа эхэлье?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын есөн гишүүний хамт өргөн барьсан. Тус хуулийг өргөн барьснаас хойш бараг жилийн хугацаа өнгөрсөн.

Улмаар УИХ дээр Г.Уянгахишиг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Бидний өргөн барьсан агуулгад нэлээд засвар оруулж, зохицуулалтыг нь илүү чангатгаж, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах, нөгөө талдаа шинэ хэрэглээг шууд хорих бус зөв зохицуулалттайгаар ашиглах байдлаар тусгаж өгсөн.

Шинэ зохицуулалтаар цахилгаан скүүтер, мопед, суррон зэрэг хэрэгслийн ангилал, хөдөлгөөнд оролцох журам, хариуцлагын тогтолцоог илүү тодорхой болгосон. Тухайлбал, 18-аас дээш насны, жолооны үнэмлэхтэй хүмүүс цахилгаан тээврийн хэрэгслийг ашиглана. Хэрэв зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэнэ. Мөн явган хүний гарцаар гарахдаа тээврийн хэрэгслээ түрж гарах, 18 нас хүрээгүй хүүхдэд “E-Mongolia” эрхээ ашиглуулан үйлчилгээ авах боломж олгосон тохиолдолд хариуцлага тооцох зэрэг заалтууд тусгалаа.

Скүүтер, суррон, мопед зэргийг бүр мөсөн хориглохыг хүссэн олон нийт байгаагийн зэрэгцээ ашиглах нь зөв гэж байгаа ч хүмүүс бий. Тиймээс дундын шийдлийг олох зорилгоор заалтуудыг тусгасан.

Хуулийг өргөн барьсан гишүүний хувьд аюулгүй байдлыг хангана гэсэн зорилготойгоо нийцэж байгаа учраас дэмжиж байгаа. Хууль энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар эцэслэн батлагдаж, зургаадугаар сарын 30-наас хэрэгжиж эхэлнэ. Мөн НЗДТГ-аас хэд хэдэн ажлыг хийх ёстой гэдэг саналаа хэлсэн. Энэ хүрээнд Энхтайвны өргөн чөлөө дагуу нэгдүгээр эгнээний баруун хөвөөгөөр 60 см өргөнтэй цахилгаан дугуй явах зайг гаргаж өгч байгаа. Үүнийгээ илүү олон болгож,  цахилгаан дугуйгаар зорчих хэсгийн сүлжээг илүү өргөн болгож өгөх ёстой. Тиймээс энэ ажлыг нийслэлийн зүгээс хэрэгжүүлээд явах байх.

-Хуулийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих вэ?

- Хууль батлагдахаас өмнө болон батлагдснаас хойш осол, гэмтлийн тоо хэр буурсанг Эдийн засаг эсвэл Хууль зүйн байнгын хороон дээр хуулийн хэрэгжилтийн үнэлгээ байдлаар сонсоод явах төлөвлөгөөтэй байгаа.

Мөн хууль батлагдсанаар асуудал бүрэн шийдэгдэхгүй. Олон нийт бие биедээ шаардлага тавьж эхэлсэн цагт хууль үр нөлөөтэй хэрэгждэг. Хуулийн хэрэгжилтийг хангахад НЗДТГ, ТЦА, үйлчилгээ эрхэлж байгаа ААН-үүд, эцэг эхчүүд болон иргэдийн хамтын оролцоо хамгийн чухал. Дэд бүтэц, хяналт, үйлчилгээний стандарт, хэрэглэгчийн хариуцлага зэрэг бүх тал хамтран ажиллаж байж энэхүү зохицуулалт бодит үр дүнд хүрч, бүх хүнд аюулгүй орчныг бүрдүүлэх боломжтой.

Эдгээр өөрчлөлтийг торгууль, шийтгэлийн арга хэмжээ гэхээсээ илүү явган зорчигчид болон нийт замын хөдөлгөөнд оролцогчдод аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн алхам гэж ойлгож хүлээн аваасай гэж хүсэж байна.

-Тус хууль хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа вэ?

Хамгийн чухал үр дүн бол явган зорчигчид аюулгүй, санаа зовних зүйлгүйгээр зорчих орчин бүрдэнэ гэж харж байна. Мөн өнгөрсөн жилд гэхэд 2000-3000 бэртэл, гэмтэлийн тоо ГССҮТ-д бүртгэгдсэн байсан. Энэ ослын тоо буурах болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

Цаашлаад ААН-үүд маань үүрэг хүлээж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Цахилгаан дугуйг бүртгэлжүүлж, бүрэн бүтэн аюулгүй байдлыг нь хангах үүрэг хүлээж байгаа учраас дээрх асуудалд анхаарах ёстой. Бүртгэлжүүлчихсэн учраас хэн ямар зөрчил гаргасныг нь мэдэх боломжтой болж байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ цахилгаан дугуй ашиглуулсан тохиолдолд хариуцлага тооцно. Гол нь таны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгааг ойлгох хэрэгтэй. Мөн Нийслэлийн Засаг даргатай ААН-үүд гэрээ хийдэг болж байгаа учраас хаана зорчих, зогсоохыг нь гэрээндээ нарийн тусгаад явах ёстой.

-Та “20 минутын хот” үзэл баримтлалыг боловсруулан ажиллаж байгаа шүү дээ. Энэ хүрээндээ хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байгаа вэ?

-Миний хувьд “20 минутын хот” үзэл баримтлалыг боловсруулан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүлээлгэж өгөөд жил орчмын хугацаа өнгөрч байна. Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яамнаас өргөн барихаар ажиллаж байгаа. Миний зүгээс Хот байгуулалтын талаар анхдагч хуулийг өргөн барих гэж байна. Үүгээрээ сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээг иргэд 20 минутын дотор авах боломжтой хот төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Бидэнд тулгамдаад байгаа гол зүйл бол бүх төлөвлөгөө тусдаа явж байгаа асуудал байна. Тухайлбал, газрыг нь нэг газар төлөвлөчихдөг. Замаа барья гэхээр газрыг нь аль хэдийн олгочихсон байх жишээний. Нөхөн төлбөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр төр олгосон газраа буцаан худалдаж аваад зам, сургууль, цэцэрлэг барьдаг. Энэ төсвийн үргүй зардлыг засах буюу нэгдсэн нэг төлөвлөгөөтэй болъё гэж байгаа юм. Ингээд энэ чиглэлдээ төсвийн хөрөнгө оруулалтаа хийж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх Хот төлөвлөлтийн хууль эрхзүйн орчныг засах хууль гэж ойлгож болно.

20 минутын хот үзэл баримтлалыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын  яамнаас хэрэгжүүлээд эхэлбэл сургууль, цэцэрлэгийн хүртээмж муутай дүүрэг, хороо, сум, багууд маань хүртээмжээ нэмэгдүүлнэ. Мөн гал команд, түргэн тусламж 20 минутын дотор ирж амжихгүй бол үүнд нь нийцсэн байдлаар инженерийн болон нийгмийн дэд бүтцүүдээ бариад явах боломжийг бүрдүүлэх зорилготой байгаа.

-Хотын дарга шинээр томилогдоод удаагүй байгаа. Таны хувьд хотын шинэ даргад ямар хүлээлт тавьж байгаа вэ?

-Хотын дарга ажлаа аваад удаагүй байгаа учраас ажилтайгаа танилцах хугацаа их байгаа байх. Хотын дарга анх томилогдохдоо “Машин төвтэй хотоос хүн төвтэй хот руу шилжинэ” гэж хэлж байсан нь их нааштай санагдаж байсан. Тиймээс хүн төвтэй бүтээн байгуулалтуудыг хийж, тэр дундаа ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон нийтийн байгууламжууд Улаанбаатар хотод хязгаарлагдмал, хангалттай байдаггүй учраас энэ зүйлүүд рүү илүү төвлөрсөн бодлогыг хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Өмнө хэлсэнчлэн дугуй, скүүтер, мопед зэрэг цахилгаан тээврийн хэрэгслээр зорчих боломжтой зурвасуудын сүлжээг нь илүү бүрэн бүтэн болгох байх гэсэн хүлээлттэй байна. Дээрээс нь түгжрэлийг шийдэхэд манлайлалтай ажиллаасай. Түгжрэлийг нийтийн тээврээр л хамгийн богино хугацаанд шийдэх боломжтой байдаг. Одоогоор автобусны зогсоолгүй 80 орчим хороо байна. Тэдгээрийн автобусаар зорчих боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Мөн өмнөх хотын даргын хийж байсан зөв зохистой ажлуудын нэг нь автобусанд банкны картаар суух, чиглэлийг зөвхөн хүснэгтээр үзүүлдэг байсан бол газрын зургаар үзүүлэх боломжтой болгосон зэрэг энэ ажлуудыг үргэлжлүүлж, богино хугацаанд үр дүнгээ өгөх ажлууддаа анхаарах байх гэж бодож байна.

Цаашлаад агаарын бохирдлын асуудалтай тууштай тэмцээсэй гэж хүсэж байна. Агаарын бохирдол үүсэх нэг шалтгаан нь байшин, гэрийн дулаалга хангалтгүй байгаа нь юм. Өнөөдрийг хүртэл бид зуух, түлшийг шинээр нэвтрүүлэх, цахилгааны төлбөрийг шөнийн цагаар хөнгөлөх зэрэг хэрэглээг дэмжсэн журмуудыг хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл цаашдаа хэмнэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлээсэй гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 109 (7851)

 

Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

-Ши Жиньпин Хойд Солонгостой батлан ​​​​хамгаалах, соёлын салбарт хамтран ажиллах төлөвлөгөөгөө танилцуулав-

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долоон жилийн дараа 2026 оны зургадугаар сарын 8, 9-нд БНАСАУ-д анх удаа төрийн айлчлал хийж, Пхеньянд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзлаа.  Ши Жиньпин АНУ, Оросын удирдагчдыг өнгөрсөн сард хүлээн авч уулзсан бөгөөд энэ удаагийн хоёр өдрийн айлчлал нь Хятад, Хойд Солонгосын харилцааг бусад олон улсын харилцаа холбооноос илүүд үзэхийг харуулах зорилготой гэж  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэжээ. Хойд Солонгос, Хятадын харилцаа хэрхэн хөгжсөн, удирдагчдын уулзалтын ач холбогдол, Оросын хувьд юу гэсэн үг болохыг оросын “Известия” сонин судлан тоймлосныг хүргэж байна.

Хойд Солонгос, Хятадын харилцааг сэргээх нь

Хэдийгээр улс орнуудын хооронд 1949 оноос хойш дипломат харилцаа тогтоогоод байгаа ч Хойд Солонгос, Хятад улсуудын харилцаа түүхэндээ хэд хэдэн хямралыг даван туулсан. Эдгээрээс хамгийн сүүлд 2006 онд Хойд Солонгос цөмийн зэвсэг туршсан үед гарсан. Тухайн үед Пхеньян зургаан талт цөмийн хэлэлцээрээс аль хэдийн гарсан бөгөөд Хятад, АНУ, Орос, Өмнөд Солонгос, Япон улсууд Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзахыг уриалсан. Хойдуудын энэ цөмийн туршилтын дараа Хятад улс олон улсын гэрээ хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж, Хойд Солонгосын үйл ажиллагаанд "шийдвэртэй эсэргүүцэл" илэрхийлж, Пхеньяны эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээг дэмжиж байсан.

Харилцаагаа сэргээн хөгжүүлэх алхам 2018 онд, Ши Жиньпин Ким Жон Унтай Хятадад уулзах үед хийгдсэн бөгөөд 2019 онд Хятадын удирдагч 14 жилийн дараа анх удаа БНАСАУ-д айлчилсан. Бээжингийн хувьд Пхеньянтай харилцаагаа бэхжүүлэх нь тухайн үед тарифаар Хятадад нөлөөлөхийг оролдож байсан АНУ-ын эсрэг хөшүүрэг болсон юм. Гэвч COVID-19 цар тахлын тархалттай холбогдуулан дипломат айлчлалууд зогссон. Бээжин 2023 он хүртэл хилээ хаасан бөгөөд энэ хугацаанд Пхеньян Москватай ойртож эхэлсэн. Зөвхөн 2025 онд Хятад, БНАСАУ-ын хоорондын худалдаа цар тахлын өмнөх түвшинд хүрч, улс орнууд төмөр замын үйлчилгээгээ сэргээсэн.

Айлчлал яагаад ийм чухал вэ?

Энэ бол цар тахлын дараа Хятадын удирдагчийн Пхеньянд хийж буй анхны айлчлал юм. Энэ оны эхээр Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нартай уулзалт хийсэн боловч бүгд Хятадад болсон. Хятадын ерөнхийлөгч биечлэн өөр улсад айлчилж байгаа нь хоёр улсын харилцааны ач холбогдлыг харуулж байгаа бөгөөд барууны орнуудын хүчин чармайлтаас үл хамааран Хойд Солонгос бүрэн тусгаарлагдаагүй гэдгийг харуулж байна.

БНАСАУ бол Хятадын чухал стратегийн холбоотон бөгөөд Хятад улстай батлан​хамгаалах зэрэг найрамдал, харилцан туслалцааны гэрээ байгуулсан цорын ганц улс юм. Ши Жиньпиний айлчлал албан ёсоор энэхүү гэрээний 65 жилийн ойтой давхцаж байна. Үүний зэрэгцээ, 2024 онд БНАСАУ Орос улстай батлан ​​хамгаалах гэрээ байгуулснаар цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. Үүнээс санаа зовж буй АНУ Хятад улс БНАСАУ, Оросын цэргийн харилцааг бэхжүүлэхээс сэргийлнэ гэж найдаж байсан ч Бээжин хөндлөнгөөс оролцоогүй.

Ши Жиньпиний айлчлал нь АНУ холбоотнуудын хооронд хагарал үүсгэхийг оролдож байгаа ч, Хятад улс Хойд Солонгостой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, бэхжүүлж байгааг харуулж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад Ши Жиньпинтэй уулзсаны дараа хоёр тал Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар санал нэгтэй байгаагаа мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Хятад улс өөрөө Бээжин Пхеньяны цөмийн зэвсгийг хураахыг дэмжиж байгаа гэсэн АНУ-ын мэдээллийг баталгаажуулаагүй бөгөөд Хойд Солонгос АНУ, Хятадын удирдагчдын уулзалтын үеэр ийм сэдвийг огт хэлэлцээгүй гэж итгэлтэйгээр мэдэгдсэн билээ.

АНУ болон Японы түрэмгий үг хэллэг Хятадыг хамгаалалтаа бэхжүүлэх талаар бодоход хүргэж байна. Хойд Солонгос нь Хятадын хувьд буфер улс болж, АНУ-ын холбоотон Өмнөд Солонгосоос тусгаарладаг. Цаашилбал, цөмийн зэвсэгтэй Орос, Хойд Солонгостой хамтран ажиллах нь халдлагын эрсдэлийн талаар Барууны орнуудад тодорхой дохио өгч байна. Барууны орнуудад холбоотнуудын харилцааг Ираныг оролцуулан "үймээн самууны тэнхлэг" гэж нэрлэдэг. 2025 оны Daily Mail сонины тооцоолсноор Орос, Хойд Солонгос, Хятадын хооронд холбоо байгуулагдсан тохиолдолд тэдний нэгдсэн зэвсэгт хүчин НАТО-гийнхоос давж гарах боломжтой. Үүний зэрэгцээ Хятад улс АНУ-ын түрэмгийллийг өдөөхөөс зайлсхийхийн тулд гадаад бодлогоо тэнцвэржүүлэхийг хичээж байна.

Оросын хувьд ач холбогдол

Зарим шинжээч Бээжин Хойд Солонгосын Оростой харилцах харилцаанд "атаархаж" байна гэж үзэж байна. Москва, Пхеньян сүүлийн гурван жилийн хугацаанд, ялангуяа цэрэг-техникийн болон эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр түншлэлээ мэдэгдэхүйц бэхжүүлсэн. Хойд Солонгосын хувьд Оростой харилцах харилцаа нь Хятадын монополоос салж, худалдааны эргэлтээ төрөлжүүлэх боломжийг олгосон боловч Хятад улс тэргүүлэгч нийлүүлэгч хэвээр байна. Ши Жиньпиний хувийн айлчлал нь Бээжин Пхеньяныг нөлөөллийн хүрээнээсээ гаргахыг хүсэхгүй байгааг харуулж байна.

Бээжин Пхеньяны цөмийн амбицыг "зөөлөн хязгаарлах" стратегийг баримталж байгаа тул Хойд Солонгос, Хятадын харилцаанд тэнцвэрийг хадгалах нь Оросын хувьд ашигтай байж болох юм. Хойд Солонгос цөмийн чадавхаа өргөжүүлэх санаатай байгаагаа нуугаагүй бөгөөд 2022 оны бичиг баримтад тусгагдсан цөмийн зэвсгийг урьдчилан сэргийлэх эрх нь бүс нутагт зэвсгийн өрсөлдөөнийг өдөөж болзошгүй нэмэлт эрсдэл учруулж байна.

Азид тогтворгүй байдал үүсэх нь Хятад, Оросын ашиг сонирхолд нийцэхгүй тул ийм өндөр түвшний харилцаа холбоо нь яриа хэлэлцээнд оролцогч бүрийн ашиг сонирхлыг харгалзан үзсэн нийтлэг үйл ажиллагааны чиглэлийг боловсруулахад тусалдаг. Хятад, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын өдөр Хятадын албан тушаалтнууд Хойд Солонгос улстай хурцадмал харилцаатай хэвээр Өмнөд Солонгост дипломат айлчлал хийсэн байна. Бээжингийн үзэж байгаагаар хойгийн хувьд хурцадмал байдлыг бууруулж, цаашид мөргөлдөөн гарахаас зайлсхийх нь нэн тэргүүний зорилт байх ёстой.

 Эх сурвалж: polit.mn

Өмнөд Солонгосын Ерөнхий сайдад ЖДҮ-ийн сайд Хан Сон Сүгийг нэр дэвшүүлжээ

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён тус улсын дараагийн Ерөнхий сайдаар Жижиг, дунд үйлдвэрийн хэрэг эрхлэх сайд Хан Сон Сүгийг нэр дэвшүүлсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын өндөр албан тушаалтан ням гарагт мэдэгджээ.

Хэрэв Үндэсний Ассамблей уг шийдвэрийг баталбал Хан Сон Сүг нь Ли Жэ Мёнийн Засгийн газрын анхны эмэгтэй Ерөнхий сайд, 2006-2007 онд уг албыг хашиж байсан Хан Мён Сүгээс хойш тодорч буй Өмнөд Солонгосын хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд болно.

Ли Жэ Мёний Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар ажилласан Ким Мин Сог албан тушаалаасаа бууж байгаа бөгөөд тэрбээр ирэх 8 эсвэл 9 дүгээр сард болох эрх баригч Ардчилсан намын их хурлаар намын даргын сонгуульд өрсөлдөхөөр ийнхүү огцорч байгаа ажээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кан Хун Сиг Хан Сон Сүгийг Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшүүлэх тухай шийдвэрийг танилцуулахдаа, түүнийг хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан “хиймэл оюуны эрин үеийн шилжилтийг өөгүй төгс хэрэгжүүлж, бүх нийтийн төлөөх Өмнөд Солонгосын хөгжил дэвшлийг манлайлан чиглүүлэх” чадвартай нэгэн хэмээн тодорхойлсон байна.

В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай мэдэгдэлд гарын үсэг зурав

Posted By Алсын Хараа On In Дэлхий,Онцлох | No Comments

В.Путин, Ши Жиньпин нар олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын удирдагч Ши Жииньпин нар лхагва гарагт буюу өнөөдөр Бээжин хотноо уулзах үеэрээ хоёр талын харилцааны бүхий л цогц асуудлууд болон олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.

Оросын удирдагч хоёр өдрийн албан ёсны айлчлал хийхээр БНХАУ-д өчигдөр орой хүрэлцэн иржээ. Бээжингийн нисэх онгоцны буудалд хүндэт харуул, найрал хөгжмийн хамтлаг оролцсон ёслолын ажиллагаа зохион байгуулж, түүнийг угтан авсан байна.

Ёслолд уламжлал ёсоор хүүхдүүд оролцож, хятад хэлээр мэндчилж, Орос, Хятадын жижиг тугуудыг даллаж В.Путинийг угтан авсан байна.

В.Путинийг онгоцноос буухад Хятадын Гадаад хэргийн сайд бөгөөд Коммунист Намын Төв Хорооны Комиссын тамгын газрын дарга Ван И угтан авчээ. Түүнийг Ши Жиньпиний дараа орох Хятадын хамгийн нөлөө бүхий, олонд танигдсан улс төрчдийн нэг гэж үздэг. Харин өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг БНХАУ-ын дэд дарга Хань Жөн нисэх онгоцны буудалд тосон авсан юм.

Албан ёсны хэлэлцээ

В.Путиний Хятадад  хийж буй айлчлалын үндсэн хөтөлбөр лхагва гарагт Бээжингийн төв талбай болох Тяньаньмэний талбайд Оросын төлөөлөгчдийг угтан авах ёслолын ажиллагаагаар эхэлнэ. Үүний дараа Ардын Их Хурлын ордонд дээд хэмжээний хэлэлцээ болно. В.Путин, Ши Жиньпин нар эхлээд явцуу хүрээнд уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны хамгийн чухал бөгөөд эмзэг асуудлуудыг хэлэлцэнэ. Дараа нь Орос-Хятадын хэлэлцээ өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилнэ.

В.Путиний хамт Бээжинд тэргүүн шадар сайд Денис Мантуров, шадар сайд Татяна Голикова, Александр Новак, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Хөдөө аж ахуйн сайд Оксана Лут, Оросын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина, "Роскосмос"-ын ерөнхий захирал Дмитрий Баканов, "Роснефть" компанийн тэргүүн Игорь Сечин, "Газпром"-ын захирал Алексей Миллер болон Оросын төрийн байгууллагууд, томоохон бизнес эрхлэгчид хүрэлцэн иржээ.

Уулзалтын дараа талууд хамтарсан баримт бичгүүдийг батлах бөгөөд айлчлалд зориулж 40 орчим ийм гэрээ хэлэлцээрийг боловсруулжээ. В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх тухай мэдэгдэл, түүнчлэн олон туйлт ертөнц болон шинэ хэлбэрийн олон улсын харилцааг төлөвшүүлэх тухай тунхаглалд гарын үсэг зурах төлөвтэй байна.

Бэлгэдлийн чанартай уулзалт ба уламжлалт цайны ёслол

Удирдагчид мөн Орос-Хятадын боловсролын салбарын хамтын ажиллагааны жилийг нээх ёслолд оролцоно. Түүнчлэн Оросын Ерөнхийлөгч худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэхээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай тусдаа уулзалт хийнэ.

Айлчлалын хөтөлбөр зөвхөн албан ёсны арга хэмжээнүүдээр хязгаарлагдахгүй. Кремлийн хэвлэлийн албанаас өмнө нь мэдээлснээр, Оросын удирдагчийн Хятадад хийж буй энэ удаагийн айлчлалын хүрээнд нэгэн маш бэлгэдэлтэй уулзалт болох ажээ. В.Путин 2000 онд Хятадад анх удаа айлчилж байх үед хүүхэд байхдаа түүнийг угтаж байсан Хятадын инженер Пэн Пайтай уулзахаар төлөвлөжээ. Энэхүү уулзалт Оросын Ерөнхийлөгчийн айлчлалынхаа хугацаанд байрлаж буй Дяоюйтай төрийн зочдын өргөөнд болно.

Өнөө орой Ши Жиньпиний хүндэтгэлийн хүлээн авалт болох бөгөөд ажлын айлчлалын төгсгөлд В.Путин Хятадын удирдагчидтай цай уун албан бус яриа өрнүүлнэ. Талуудын төлөөлөгчдөөс тус бүр дөрвөн хүн оролцох энэхүү уулзалтыг айлчлалын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болно гэж Кремль мэдээлжээ.

В.Путиний Хятадад хийдэг айлчлалын үеэрх уламжлалт цайны уулзалт энэ удаад БНХАУ-ын удирдагчтай "аль болох удаан" үргэлжилнэ гэж Москва найдаж байна. Учир нь, хаалттай хүрээнд болдог ийм формат нь хоёр улсын удирдагчдад хамгийн чухал асуудлуудын талаар илэн далангүй, нөхөрсгөөр ярилцах боломж олгодог ажээ. В.Путин, Ши Жиньпин нар олон улсын тулгамдсан асуудлуудыг чухам энэ уулзалтын үеэр хэлэлцэнэ.

Чухал алхам

Оросын Ерөнхийлөгч Хятадад айлчлахаасаа өмнөхөн мэдэгдэхдээ, хоёр улс газрын тос, байгалийн хийн хамтын ажиллагаанд маш чухал алхам хийхэд ойртоод байгааг мэдээлжээ. Түүний хэлснээр, үндсэн бүх асуудлуудыг бараг тохиролцсон бөгөөд "хэрэв айлчлалын үеэр тэдгээрийг эцэслэн боловсруулж, цэг тавьж чадвал" тэрбээр баяртай байх болно гэжээ.

В.Путин, Ши Жиньпин нар нүүрстөрөгчийн устөрөгчийн салбар дахь хамтын ажиллагаа болон "Сибирийн хүч-2" хий дамжуулах хоолойн төсөлтэй холбоотой асуудлуудыг нарийвчлан хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд эдгээр нь уулзалтын хөтөлбөрт багтсан гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь мэдэгдсэн юм.

Талууд өнгөрсөн онд "Сибирийн хүч-2" төслийн тухай санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд үүнд Баруун Сибириэс Монголоор дайруулан ("Союз-Восток” хоолой) 30 орчим жилийн хугацаатай урт хугацааны гэрээний хүрээнд жилд 50 тэрбум шоо метр хүртэл хийг Хятадад нийлүүлэхээр тусгасан байна.

Иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай мэдэгдэлд гарын үсэг зурав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар хоёр талын хэлэлцээний үр дүнд иж бүрэн түншлэл, стратегийн харилцааг цаашид бэхжүүлэх, түүнчлэн сайн хөршийн найрсаг харилцаа, найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

Хоёр талын баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Ардын их хурлын ордонд В.Путин, Ши Жиньпин нарын хэлэлцээ өндөрлөсний дараа болжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын өмнө нь мэдэгдсэнчлэн, уг мэдэгдэл нь 47 хуудас бүхий томоохон бодлогын баримт бичиг юм. Хамтарсан мэдэгдэлд Орос, Хятадын олон талын харилцааг цогцоор нь хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг тодорхойлсны сацуу олон улсын тулгамдсан асуудлуудын талаарх хоёр улсын нийтлэг байр суурь, дэлхийн тавцан дахь Москва, Бээжингийн хамтын ажиллагааны гол хэлбэрүүдийг тусгасан байна.

Трампын “түүхэн айлчлал”-ын зорилго ба үр дүн

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

Есөн жилийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Хятад улсад хийж буй гурван өдрийн төрийн айлчлал дэлхий дахины анхаарлын төвд байна. Тэрбээр Бээжин хотод лхагва гаргийн орой ирсэн бол гол яриа хэлэлцээнүүд, үйл явдлууд пүрэв гарагт өрнөж, өнөөдөр нутаг буцлаа.

Айлчлалыг гуравдугаар сард хийхээр товлоод байсан боловч Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа эхэлснээр хойшлогдсон байна.

Д.Трамп бол Ерөнхийлөгч асан Р.Никсон 1972 онд Хятадад айлчилснаас хойш тус улсад төрийн айлчлал хийж буй Америкийн 8 дахь ерөнхийлөгч юм. Бээжинд буухад нь түүнийг БНХАУ-ын дэд дарга Хан Жэн угтан авсан нь Хятадын тал түүнд ихээхэн хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл гэж ажиглагчид дүгнэлээ. Өмнө нь 2017 онд айлчлах үед дэд ерөнхийлөгчөөс доогуур зиндааны албан тушаалтан буюу Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи угтан авч байв. Д.Трамп дахин сонгогдсоны дараах хоёр улсын төрийн тэргүүн нарын анхны уулзалт өнгөрсөн оны 10 дугаар сард Өмнөд Солонгост АПЕК-ийн чуулганы үеэр болсон билээ.

Трамп Хятадад ирсний гол зорилго бол худалдаа-эдийн засгийн асуудлаарх санал зөрөлдөөнийг зөөлрүүлэх, боломжтой бол арилгах, Ойрх Дорнодын дайн, Орос-Украины дайн зэрэг глобал асуудлуудаарх хоёр талын байр суурийг уялдуулан зохицуулах явдал байв.

Айлчлалын улс төрийн агуулга 

Геополитикийн хямрал гүнзгийрч буй энэ үед дэлхийд тэргүүлэгч хоёр гүрний төрийн тэргүүн нарын уулзалт найрсаг дотно уур амьсгалд өрнөж, Хятадын удирдагч Ши Жиньпин уг айлчлалыг “хоёр орны харилцаанд шинэ эринийг нээж буй түүхэн айлчлал” гэж өндрөөр үнэллээ. Мөн АНУ, БНХАУ хоёр “Фукидидийн урхийг” даван туулж, их гүрнүүдийн харилцааны шинэ загварыг бий болгож чадна хэмээн найдаж байгаагаа Ши Жиньпин илэрхийлжээ. “Фукидидийн урхи” гэдэг нь өөртэй нь өрсөлдөж чадах улс түрэн гарч ирснээс үүдэн олон жилийн турш хүчирхэг байсан их гүрэн айдас болгоомжлолд автаж буйг илэрхийлдэг улс төрийн нэр томьёо юм. Фукидид гэдэг нь эртний Грекийн түүхч, цэргийн жанжин хүн ажээ.

"Ерөнхийлөгч Трамп Америкийг дахин агуу болгохыг эрмэлзэж байгаа бол би Хятадын ард түмнийг үндэсний сэргэн мандалт руу хөтөлж байна" хэмээн Ши Жиньпин хэлээд, хоёр улс хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр сэргэн мандалтаа урагшлуулах боломжтой гэдгийг онцолсон байна.

Хариуд нь Трамп “Хятад улсыг би маш ихээр хүндэлдэг, Хятад бол гайхамшигтай үзэсгэлэнтэй улс юм, та бол аугаа их удирдагч” хэмээн магтаалын үг хэлэв. Мөн Америкийн компаниуд Хятадын талтай “гайхалтай хэлцлүүд” хийснийг онцлон тэмдэглэжээ.

Өнгөрсөн 9 жилийн хугацаанд Хятад улс сүр хүч, нөлөөгөөрөө АНУ-тай эн зэрэгцэж ирснийг барууны шинжээчид онцолж байна. Трамп ч үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Америк-Хятадын харилцааг “Их хослол” гэж нэрлэж байсан юм.

Телевизийн СNBC сувгийн мэдээлснээр, АНУ, БНХАУ хоёр:

Айлчлалын эдийн засгийн агуулга  

Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Трампын хүү Эрик, технологийн компанийн захирлууд, тэдний дотор чип үйлдвэрлэгч Nvidia компанийн захирал Женсен Хуанг, Tesla, SpaceX компаниудыг эзэмшигч, ерөнхий захирал Илон Маск, Apple компанийн захирал Тим Күүк, хөрөнгө оруулалтын BlackRock компанийн тэргүүн Ларри Финк нар багтжээ. Мөн Meta, Visa, JP Morgan, Boeing, Cargill зэрэг Америкийн тэргүүлэх компаниудын топ менежерүүд Трампыг дагалдан ирсэн байна. Тайвань гаралтай Хуангийн нэр анхандаа айлчлалд оролцох хүмүүсийн жагсаалтад байхгүй байсан боловч дараа нь Трамп түүнд хувийн урилга илгээснээр тэрбээр Бээжинд ирлээ. Хуангийн компани хиймэл оюуны системүүдэд зориулан чип үйлдвэрлэдэг бөгөөд уг салбарт АНУ, БНХАУ хоёр гол өрсөлдөгчид хэвээр байна.

Д.Трампыг дагалдан Бээжинд ирсэн бизнесменүүд 

Өнгөрсөн онд АНУ-БНХАУ-ын худалдааны эргэлт 414,7 тэрбум ам.доллар байсан нь 2022 онд 690,4 тэрбум доллар байсантай харьцуулахад илт буурсан үзүүлэлт юм. Америкчуудын Хятадаас худалдан авсан барааны хэмжээ Хятад руу экспортолсон барааных нь хэмжээтэй харьцуулахад бараг 200 тэрбум доллароор илүү байгаа юм. Иймээс Трамп худалдааны алдагдлыг бууруулах зорилго тээж ирсэн нь ойлгомжтой.

Айлчлалын явцад байгуулсан бодитой томоохон гэрээ бол Хятадын тал Боинг загварын 200 нисэх онгоц худалдан авах захиалга өгсөн явдал бөгөөд үүнийг Трамп “энэ бол маш олон ажлын байр” гэж өндрөөр үнэлжээ. Харин Боинг компани Хятадаас 500 онгоцны захиалга авна гэж хүлээж байсантай харьцуулахад энэ бол даруухан тоо юм. 200 онгоцны захиалгын тухай мэдээ цацагдсаны дараа компанийн хувьцааны ханш 4 хувиар унажээ.

Мөн Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсон байна. Тодруулбал, баруун Виржиниа муж улсад хэрэгжиж буй хийн төсөлд 84 тэрбум долларын, Аляска муж улсад барьж буй шингэрүүлсэн хийн байгууламжуудад 43 тэрбум долларын, нийт 250 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар тохиролцсон тухай CNN мэдээлжээ.

Түүнчлэн хоёр тал хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.Тухайлбал, Америкийн мах боловсруулах 400 гаруй үйлдвэрийн экспортын зөвшөөрлийг Хятадын тал сэргээжээ. Худалдааны дайны улмаас АНУ-аас Хятадад нийлүүлж буй үхрийн махны экспорт 1.7 тэрбум доллароос 500 сая болтлоо буураад байсан юм.

Мөн талууд хиймэл оюун ухааны салбар дахь хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцлээ. Америкийн тал Nvidia компанид үйлдвэрлэдэг H200 чипийг худалдан авахыг Хятадын 10 орчим компанид зөвшөөрсөн байна. АНУ-ын зүгээс хориг тавихаас өмнө тус компанийн чип Хятадын зах зээлийн 95 хувийг эзэлж байсан юм. Хятадын Алибаба компанийн захирал Жо Цай хэлэхдээ, Хятад улс хиймэл оюуны салбарын хөгжлөөр АНУ-аас хоёр жилээр хоцорч байгаа бөгөөд загваруудыг сургахад шаардлагатай тооцоолон бодох хүчин чадал дутагдалтай байгааг хүлээн зөвшөөрчээ. Харин Гүүгл компанийн дүгнэснээр, хятадууд энэ зөрүүг богино хугацаанд арилгасаар байгаа ажээ.

Хятадын тал өөрийгөө хиймэл оюун ухааны салбар дахь гол тоглогч хэмээн харуулахыг хичээж байгаа бол америкчуудын хувьд, Хятадын компаниуд Америкийн технологийг хулгайлж байж магадгүй хэмээн болгоомжилж, технологио нийлүүлэхээс цааргалж, хориг тавиад байсан юм.

Тайванийн асуудал

Ши Жиньпин хэлэхдээ, Тайванийн асуудал бол  Хятад–Америкийн харилцаан дахь хамгийн чухал асуудал гэдгийг онцлон тэмдэглээд, уг асуудлыг буруу зохицуулбал мөргөлдөөн дэгдэж, хоёр орны харилцаа аюултай байдалд орно гэдгийг анхаарууллаа. Ийм хатуу анхааруулга нь Хятадын удирдагчид хандан Трампын хэлсэн магтаалын үгтэй эрс зөрчилдөж байгааг Associated Press агентлагийн мэдээнд дурджээ.

“Тайваний тусгаар тогтнол” ба “Тайваний хоолой дахь энх тайван байдал” гэдэг нь хоорондоо үл нийцэх хоёр ойлголт бөгөөд Тайваний хоолойд тогтвортой байдлыг хангах нь Хятад, Америкийн хамгийн том нийтлэг ашиг сонирхол гэдгийг Хятадын удирдагч онцлоод, Тайваний асуудалд маш болгоомжтой хандахыг Америкийн талаас хүслээ.

Үүнтэй холбогдуулан дурдахад, өнгөрсөн оны сүүлчээр АНУ-аас Тайваньд 11.1 тэрбум долларын зэвсэг нийлүүлэх тухай түүхэнд байгаагүй том хэлэлцээр байгуулсан нь Хятадын талын дургүйцлийг төрүүлээд байсан юм. Харин сүүлийн үед зэвсгийн нийлүүлэлт зогссон нь Бээжинг бага боловч тайтгаруулжээ. Тайванийн эрх баригчид цэргийн зардлыг ДНБ-ий 3.32 хувь буюу 30.3 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байгаа бол Вашингтоны зүгээс 10 хувьд хүргэхийг ятгаж байгаа юм.

Айлчлалын гол үр дүн бол яриа хэлэлцээг үргэлжлүүлснээр харилцааг хурцатгалгүй авч үлдсэн явдал бөгөөд хоёр улсын удирдагчид стратегийн тогтвортой харилцааг цаашид хөгжүүлэхээр тогтлоо.

Мэдээж хэрэг, айлчлалын явцад стратегийн гол өрсөлдөгчид болох БНХАУ, АНУ хоёрын харилцаан дахь үндсэн зөрчлүүд арилаагүй боловч талууд тэдгээрийг даамжруулахгүй байхад голчлон анхаарлаа.

Айлчлалын төгсгөлд Д.Трамп Хятадын удирдагчийг энэ оны 9 дүгээр сард АНУ-д айлчлахыг урив.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг хүлээн авч, албан ёсны хэлэлцээ эхэллээ

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump БНХАУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Бээжин хотноо БНХАУ-ын дарга Xi Jinping-тэй албан ёсны уулзалтаа эхлүүллээ. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний урилгаар хэрэгжиж буй энэхүү айлчлал тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд Хятадад хийж буй сүүлийн есөн жилийн хамгийн өндөр түвшний айлчлал болж байна. Мөн энэ нь Д.Трампын 2017 оны арваннэгдүгээр сараас хойш БНХАУ-д хийж буй хоёр дахь айлчлал юм.

Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, хоёр улсын төрийн тэргүүнүүд хоёр талын харилцаа, дэлхийн эдийн засаг, бүс нутгийн аюулгүй байдал болон энх тайвантай холбоотой томоохон асуудлуудаар санал бодлоо гүнзгий солилцож байна.

Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар уулзалтын үеэр худалдааны тариф, хиймэл оюун ухаан, чипний экспорт, Тайванийн асуудал, Ирантай холбоотой нөхцөл байдал зэрэг дэлхий нийтийн анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байгаа аж.

Д.Трампыг “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Elon Musk, “Nvidia” компанийн ерөнхий захирал Jensen Huang тэргүүтэй бизнес, технологийн салбарын томоохон төлөөлөгчид дагалдан иржээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн байрлаж буй “Four Seasons” болон “Kempinski” зочид буудлуудын орчимд хамгаалалтыг өндөржүүлж, Бээжин хотын төв хэсэгт цагдаа болон тусгай хүчнийхэн нэмэгдсэн хамгаалалттай ажиллаж байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэ удаагийн уулзалт нь АНУ-Хятадын харилцааны цаашдын чиг хандлагыг тодорхойлох чухал уулзалт болох төлөвтэй байна.

Энэ оны Пулитцерийн шагналтнууд

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

Дэлхийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл зүйн шагналын нэг бол яах аргагүй Пулитцерийн шагнал юм. Өнөөдөр энэ нэрийг сонсоогүй сэтгүүлч, редакц, зохиолч гэж үгүй. Дайн, авлига, төрийн нууц, хүний эрхийн зөрчил, том корпорацийн булхай, нийгмийн шударга бус байдлыг илчилсэн олон бүтээл энэ шагналын эзэн болж, зарим нь бүр улс орныхоо хувь заяаг өөрчилж байсан.Пулитцерийн шагнал нь дэлхийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл зүйн шагналуудын нэгт тооцогддог бөгөөд жил бүр 20 төрөлд олгодог. Ялагчдыг Колумбын их сургуулийн шүүгчдийн бүрэлдэхүүн тодруулдаг юм.

Энэ шагналын түүх өөрөө их сонирхолтой. Пулитцерийн шагналыг Унгарт төрсөн америк хэвлэлийн магнат Жозеф Пулитцер үндэслэсэн юм. Тэрээр XIX зууны сүүл үед АНУ-ын хэвлэлийн ертөнцийг үндсэндээ өөрчилсөн хүн. Ядуу цагаач хүү Америкт ирээд эхэндээ боол шахуу ажил хийж байсан ч удалгүй сонин хэвлэлд орж, улмаар асар том медиа эзэнт гүрэн байгуулжээ. Гэхдээ Пулитцерийн нэр эхэндээ өнөөгийнх шиг “чанартай сэтгүүл зүй”-тэй холбоотой байгаагүй. Харин ч эсрэгээрээ “шар хэвлэл”-ийн эцгүүдийн нэг гэж нэрлэгдэж байв. Сенсаци, дуулиан, хүний сэтгэл хөдлөлийг өдөөсөн гарчиг ашиглан сониныхоо борлуулалтыг өсгөдөг байсан учир түүнийг шүүмжлэх хүн олон байжээ.

Гэвч нас ахих тусам тэрээр хэвлэлийн жинхэнэ үүрэг бол нийгмийн эрх мэдлийг хянах, авлигыг илчлэх, олон нийтийг боловсролтой болгох явдал гэдгийг ойлгосон гэдэг. Ингээд 1904 онд тэрээр хөрөнгийнхөө ихэнх хэсгийг Колумбын их сургуульд гэрээслэн үлдээж, сэтгүүл зүй ба уран зохиолын шилдэг бүтээлүүдэд олгох тусгай шагнал бий болгохыг хүссэн байна. Ийнхүү анхны Пулитцерийн шагналыг 1917 онд гардуулсан байна. Тэр үеэс хойш энэ шагнал АНУ төдийгүй дэлхийн хэвлэлийн хамгийн том “итгэлцлийн тамга” болж хувирсан.

Пулитцерийн шагнал олон төрөлтэй. Сэтгүүл зүй, фото зураг, тайлбар нийтлэл, эрэн сурвалжилга, редакцын нийтлэл, уран зохиол, жүжиг, хөгжмийн бүтээл зэрэг салбарт өгдөг. Гэхдээ хамгийн алдартай нь мэдээж эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ангилал. Яагаад гэвэл энэ шагналын ард дандаа асар их эрсдэл, заримдаа бүр сэтгүүлчдийн амь нас байдаг. 1973 онд Уотергейтийн дуулианыг илчилсэн “The Washington Post” сонин Пулитцерийн шагнал хүртсэн нь дэлхийн хэвлэлийн түүхийг өөрчилсөн үйл явдал болсон юм. Хоёр залуу сэтгүүлч болох Боб Вудворд болон Карл Бернстейн АНУ-ын ерөнхийлөгчийн ордонтой холбоотой хууль бус тагнуул, улс төрийн бохир ажиллагааг илчилснээр эцэстээ ерөнхийлөгч Ричард Никсон огцорсон. Энэ мөчөөс хойш Пулитцерийн шагнал “төрийг айлгадаг сэтгүүл зүй”-н бэлгэдэл болжээ. Вьетнамын дайны үеийн алдарт гэрэл зураг, Иракт болсон дайны сурвалжилга, Африкийн өлсгөлөн, Оросын авлига, Латин Америкийн хар тамхины картель, Панамын оффшор дансны илчлэлт зэрэг олон том сэдэв Пулитцерийн тайзнаа гарч ирсэн байдаг.Фото сэтгүүл зүйн төрөл ч хүчтэй. Зарим зураг бүхэл бүтэн номоос илүү нөлөө үзүүлдэг. Жишээ нь, Кевин Картерын Суданд авсан алдарт зураг болох өлсгөлөнд туйлдсан хүүхдийн ард тас шувуу хүлээж буй дүр зураг дэлхийг цочоож, түүнд Пулитцерийн шагнал авчирсан. Гэвч тэр зургийн дараах сэтгэл зүйн дарамтыг Картер давж чадаагүй бөгөөд удалгүй амиа хорлосон юм. Энэ явдал “сэтгүүлч хүн зөвхөн ажиглагч уу, эсвэл оролцогч уу?” гэсэн асуултыг дэлхий даяар өрнүүлсэн.

Өнөөдөр Пулитцерийн шагнал зөвхөн цаасан сонинд бус, дижитал сэтгүүл зүйд ч олгогддог болсон. Интернэт, дата анализ, хиймэл сэтгэхүй (ХС), нээлттэй эх сурвалжийн мөрдөн шалгалт хүртэл орчин үеийн сэтгүүл зүйн шинэ хэрэгсэл болжээ. Гэхдээ технологи өөрчлөгдсөн ч Пулитцерийн гол шалгуур өөрчлөгдөөгүй: Тэр бол үнэнийг илчлэх зориг юм. Иймээс энэ шагналын хамгийн том үнэ цэнэ нь мөнгөндөө биш. Харин “Энэ мэдээлэлд итгэж болно” гэсэн олон нийтийн хүлээн зөвшөөрөлт байдаг. Тийм учраас дэлхийн том редакцууд Пулитцерийн шагналыг Олимпийн алтан медаль шиг үздэг. Сонирхолтой нь, Пулитцерийн шагнал авсан бүх хүн өөрийн улсын “баатар” болдоггүй. Зарим нь засгийн газрын дарамтад орсон, зарим нь шүүхэд дуудагдсан, зарим нь эх орноосоо дүрвэсэн байдаг. Гэвч тэдний нийтлэл, зураг, баримт нийгэмд үлддэг. Иймээс Пулитцерийн шагнал бол зүгээр нэг медаль биш. Энэ бол хэвлэлийн эрх чөлөө, баримтын үнэ цэнэ, үнэнийг эрж хайх хүний зөрүүд зангийн бэлгэдэл юм. Хүн төрөлхтөн худал суртал ухуулга, дайн, авлига, мэдээллийн манипуляцитай нүүр тулсаар байгаа цагт Пулитцерийн шагналын үнэ цэнэ буурахгүй. Учир нь сум айдас төрүүлдэг бол үнэн түүх өөрчилдөг.

Энэ 2026 оны тавдугаар сарын 4-нд Колумбын их сургуулиас Пулитцерийн шагналын эздийг албан ёсоор зарлахад энэ жилийн гол өнгө аяс маш тод харагдсан билээ. Энэ удаагийн шагналуудын төвд улс төрийн эрх мэдлийн нөлөө, цахим хяналтын технологи, мөрдөн сурвалжлах сэтгүүл зүй, мөн дайны сэдэв байлаа.Уран зохиолын төрөлд Америкийн зохиолч Дэниэл Краус “Angel Down” буюу “Шургаж унасан Тэнгэрийн элч” романаараа шагнал хүртэв. Энэхүү бүтээл нь дэлхийн нэгдүгээр дайны аймшиг, хүний сэтгэл зүй, фронтын амьдралыг маш хүнд бөгөөд бараан уур амьсгалтайгаар дүрсэлсэн гэдгээрээ онцлог байсан юм. Шүүмжлэгчид уг романыг “Дайны тухай роман биш, харин хүн төрөлхтний айдсын тухай бүтээл” хэмээн тодорхойлжээ. “Нийгэмд үйлчилсний төлөө” гэх хамгийн нэр хүндтэй ангилалд “The Washington Post” сонин Дональд Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй холбооны байгууллагуудын шинэчлэл, төсөв таналт болон түүний үр дагаврыг сурвалжилсан бүтээлээрээ шагнал хүртэв. “Шуурхай мэдээний сурвалжилга” төрөлд “The Minnesota Star Tribune” сонины хамт олон католик сургуульд гарсан буудлагын талаар хийсэн сурвалжилгаараа шалгарсан бөгөөд уг халдлагын үеэр хоёр хүүхэд амиа алдаж, 17 хүн шархадсан байна. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шагналыг “The New York Times”-ийн сэтгүүлчид хүртжээ. Тэд Дональд Трамп ашиг сонирхлын зөрчлийн хязгаарлалтыг зөрчсөн байж болзошгүй, мөн албан тушаалын нөлөөг гэр бүл болон холбоотнуудынхаа ашиг сонирхолд ашигласан тухай нийтлэлүүдээрээ авсан байна. “Орон нутгийн сурвалжилга” төрөлд хоёр баг шагнал хүртэв. Үүнд Дэйв Алтимари, Жинни Монк нарын “The Connecticut Mirror”-ийн сэтгүүлчид “ProPublica”-ийн Софи Чоу, Хару Корин нартай хамтран хийсэн бүтээл, мөн “Chicago Tribune” сонины Чикаго дахь Трампын засаг захиргааны цагаачлалын ажиллагааны талаарх сурвалжилга багтжээ. “Үндэсний мэдээ” ангилалд “Reuters” агентлагийн баг АНУ-ын ерөнхийлөгч төрийн механизм болон дэмжигчдийн нөлөөг ашиглан гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ тэлж, өрсөлдөгчдөдөө шахалт үзүүлсэн тухай сурвалжилснаараа энэ шагналыг авсан байна. “Олон улсын сэтгүүлзүй” төрөлд “Associated Press” агентлагийн сурвалжлагчид “Цахиурын хөндий”-д хөгжүүлсэн олон нийтийг хянах технологи дэлхий даяар хэрхэн тархаж буй талаар хийсэн мөрдөн шалгах бүтээлээрээ авчээ.

Тусгай шагналыг “Miami Herald” сонины сэтгүүлч Жулиа Браун 2017-2018 онд санхүүч Жефри Ейпштений талаар нийтэлсэн цуврал материалынхаа төлөө хүртсэн байна. Хөгжмийн төрөлд Габриэла Лена Франк “Пикафлор: Ирээдүйн домог” (“Picaflor: A Future Myth”) бүтээлээрээ шагнал хүртжээ. Латин Америкийн хөгжмийн өнгө аясыг орчин үеийн симфони хэлбэртэй нэгтгэсэн энэ бүтээлийг шүүгчид “соёл хоорондын хөгжмийн шинэ хэл” гэж үнэлсэн байна. 2026 оны Пулитцерийн шагналуудыг нэгтгэн харахад, өнөөдрийн дэлхий ямар айдастай нүүр тулж байгааг тод харуулж байна. Өмнө нь сэтгүүлчид ихэвчлэн дайн, авлига, улс төрийн нууцыг илчилдэг байсан бол одоо тэд алгоритм, цахим хяналт, төр-технологийн нэгдэл, мэдээллийн далд манипуляцитай тэмцэх болсон байна.Өөрөөр хэлбэл, XXI зууны шинэ “том аюул” танк биш, харин өгөгдөл цуглуулдаг систем болжээ. Харин Пулитцерийн шагнал тэр системийг хамгийн зоригтойгоор илчилсэн хүмүүст очсоор байна.

Г.АМАРСАНАА

Ойрхи Дорнодын онцлог

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

Ойрхи Дорнодод цаг хугацаа шулуун шугамаар явна гэж үгүй. Нэг шөнө дундаас гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болж, өглөө нь нефтийн үнэ унаж, үдэд нь цэргийн шинэ тулаан эхэлдэг. Энэ бол логикийн алдаа биш, харин энэ бүс нутгийн хэвийн хэмнэл. Дональд Трамп Израиль болон Хезболлахын хооронд 10 хоногийн гал зогсоох тохиролцоо зарлахад Хезболлахын нөлөөгөөр Ираны вассал болоод байгаа Ливан үүнийг дэмжиж, Хезболлах харин “Энэ тохиролцоог болгоомжтой дагаж мөрдөнө” гэв. Гэхдээ газар дээрх бодит байдал хэвээр. Израиль өмнөд Ливанд цэргээ хадгалсаар, өмнөх саруудад эрчимжсэн цэргийн мөргөлдөөн олон мянган хүний амийг авч, нэг сая гаруй хүнийг дүрвэхэд хүргэсэн тэр фронт “түр намдсан” төдий.

Үүнтэй зэрэгцэн Вашингтон өөр нэг фронтыг хаав. АНУ Сирид байрласан бүх цэргээ гаргаж, баазуудаа Дамаскт шилжүүлснийг АНУ-ын Ойрхи Дорнодын цэргийн удирдлага болох CENTCOM баталлаа. Сирийн тайлбар энгийн. Исламын улсын аюул буурсан учир цаашид терроризмын эсрэг ажиллагааг өөрсдөө удирдах боломжтой. Гэвч бодит утга нь илүү том. АНУ нэг талбараас ухарч, дараагийн илүү чухал цэгт анхаарлаа төвлөрүүлж байна. Тэр цэг нь Ормузын хоолой.

Дэлхийн нефтийн бараг тавны нэг нь дамждаг энэ нарийхан усан зам дээр Иран түр хугацаанд хаалгаа нээж, худалдааны хөлгүүдийг тодорхой маршрутаар нэвтрүүлэхээ мэдэгдэв. Үр дүн нь шууд мэдрэгдэв. Нефтийн үнэ 11 хувиар буурлаа. Гэхдээ энэ бол зах зээлийн хариу үйлдэл болохоос биш энх тайвны баталгаа биш. Учир нь АНУ нэгэн зэрэг өөр дохио өгч, Ираны эсрэг тэнгисийн хаалтаа энхийн гэрээ байгуулагдах хүртэл үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, хоолой нээгдсэн ч дарамт хэвээр. Харин Европ идэвхжив. Кир Стармер болон Эмманюэль Макрон нар Франц, Их Британиар ахлуулсан олон улсын тэнгисийн аюулгүй байдлын ажиллагаа эхлүүлэх болсныг зарлаж, худалдааны усан онгоцны чөлөөт хөдөлгөөнийг хамгаална гэв. Арваад улс дэмжихээ илэрхийлсэн. Харин Фридрих Мерц Германы оролцоог зөвшөөрөхөд бэлэн ч “Дайны гал намжиж, НҮБ-ын эрх зүйн суурь бүрдэх ёстой” гэж мэдэгдэв. Европын дипломат хэлээр энэ нь энх тайвныг дэмжинэ гэсэн үг. Гэвч бодит үнэн нь дэлхийн нефтийн урсгалыг хамгаалах. Харин АНУ-ын ерөнхийлөгч сэтгүүлчдэд “НАТО-гийнхан бүх зүйл дуусах шатанд орсны дараа “Бид Ормузын хоолойг хамгаалахад тусалмаар байна” гэсэн.Би тэдэнд “Та нар хэрэггүй болсон. Хол бай” гэж хэлсэн гэж мэдэгдэв. Гэтэл Ормузын хоолойг Иран нээсэн гэж мэдэгдсэнээс хойш нэг хоног ч хүрэлгүй дахин хаав. Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ шантаажид бууж өгөхгүй. Хаалтаа үргэлжлүүлнэ” гэж

мэдэгдэж энэ сарын 22-нд дуусах АНУ, Ираны гал зогсоох хэлэлцээр сунгагдах эсэх тодорхойгүй хэвээр үлдэв. Гэхдээ өнөөдөр Европ, Азийн ардчилсан, хөгжингүй улсууд болон АНУ тусдаа бодлого явуулж эхэлсэн нь аль ч дарангуйллын тогтолцооны хувьд тэдний эрин дуусч буйг илтгэх маш том хүчин зүйл билээ.

Ойрхи Дорнодыг ойлгохын тулд нэг энгийн дүрэм байдгийг зөвшөөрөх хэрэгтэй. Энд дайн, энх тайван хоёр ээлжилдэггүй, харин зэрэгцэн оршдог. Буу дуугарч байх үед дипломатчид гар барина. Харин тэд гар барьж байх зуур хаа нэгтээ пуужин нисэж, хүмүүс үхсээр байдаг. Фридрих Мерц Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд “Ливантай шууд хэлэлцээ эхлүүл” гэж уриалсан нь Европын логикоор зөв. Дайныг зогсоох хамгийн хурдан арга бол яриа. Гэвч Тель-Авив өөр логикоор ажиллана. Биньямин Нетаньяху нэгэн зэрэг “ярилцана” ч гэв, “довтолно” ч гэв. Европт энэ бол зөрчил. Харин Ойрхи Дорнодод энэ бол хэвийн байдал. Учир нь энд хэлэлцээ бол энх тайвны хэрэгсэл биш, дарамтын нэг хэлбэр. “Ярина” гэдэг нь ихэвчлэн “бууж өг” гэсэн дохио байдаг. АНУ ба Ираны хоорондын түр эвлэрэл ч ялгаагүй. Нэг гэрээ, хоёр тайлбар, гурав дахь бодит байдал нь буудалцаан үргэлжилсээр байдаг. Энэ бүхний дундаас хамгийн чимээгүй атлаа хамгийн том өгүүлбэр нь Фридрих Мерцийн хэлсэн үг байв. Тэр “Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахад Герман оролцоход бэлэн” гэсэн. Энэ бол дипломат өгүүлбэр. Гэвч цаад утга нь ил тод. Дэлхийн эдийн засгийн судас хаагдаж болохгүй. Ингээд бүх тоглогчдын байр суурь тодорхой болов. АНУ усан замыг нээлттэй, бас өөрийн нөлөөнд байлгахыг хүснэ. Иран бүс нутгийн нөлөөгөө хадгалахыг зорино. Израиль аюулгүй байдлаа баталгаажуулахыг эрмэлзэнэ. Европ тогтвортой байдал, шатахууны урсгалыг нээж бас үүнийг хамгаалахыг хүсэж байна. Хүн бүр өөр зорилготой, гэхдээ бүгд нэг цэг дээр огтлолцож байна. Тэр бол Ормузын хоолой.

Иймээс 10 хоногийн гал зогсоох хэлэлцээр бол төгсгөл биш, зүгээр л завсарлага. Ормузын хоолой нээгдсэн нь шийдэл биш, амьсгаа авах боломж. Геополитикт ялалт гэдэг туг мандуулах мөчөөр хэмжигддэггүй. Харин хэн хамгийн удаан тэсэж, хэн хамгийн эхэнд мөнгөгүй болсон нь бууж өгдөг тоглоом. Өнөөдрийн бодит үнэн ч энгийн. Дайн дуусаагүй. Зүгээр л хэлбэрээ сольж байгаа явдал.Ойрхи Дорнод ийм л байсан. Өнөөдөр ч ийм л байна. Харин энэ удаа Иран ялагдаад зогсохгүй, дэглэм нь өөрчлөгдөх болно. Учир нь саяхан Ираны “хан хүү” хэмээн нэрлэгддэг Реза Пехлеви Исламын хувьсгалыг хамгаалах корпуст хандан зэвсгээ хураалгаж, улсаа бодож, ард иргэдийнхээ талд орохыг уриалсан.Энэ бол зүгээр нэг улс төрийн уриалга биш. Исламын хувьсгалыг хамгаалах корпуст бол Ираны дэглэмийн гол тулгуур, цэрэг-улс төр-эдийн засгийн хосолсон гол хүч тул энэ бол Ираны өнөөгийн дэглэмийн суурийг сулруул гэсэн үг. Иймээс энэ уриалгад бодит хариу өгөх магадлал бага. Гэхдээ энэ нь Ираны өнөөгийн удирдлагын системийн дотоод хямралын ан цав дээр гадны буюу Ираны иргэдийн замыг заах сөрөг хүчин нэмэгдэж байгаа явдал юм.

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

"Өдрийн сонин"

Ормузын хямрал хууль дүрэмд суурилсан дэлхийн дэг журмын хэврэг талыг харууллаа

Posted By Алсын Хараа On In Дэлхий,Онцлох | No Comments

Англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.Ариунчимэг

 

"Geopolitical Monitor" цахим сэтгүүлийн анализ тойм

Ормузын хоолой бол жирийн нэг нарийхан усан зам биш ээ. Энэ бол дэлхийн дэг журмын артерын судас бөгөөд энх цагт энэ хоолойгоор дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн ойролцоогоор тавны нэгийг тээвэрлэдэг юм. Энэ судас агшихад дэлхий ертөнц зүгээр таагүй мэдрэмжийг мэдэрдэггүй-амьсгал нь боогдож эхэлдэг.

АНУ-Израилын Иранд өгсөн агаарын цохилтоос үүдэлтэй өнөөгийн хямрал нь Техераны өргөн хүрээтэй хариу цохилтын улмаас улам хурцдаж, дэлхийн шийдвэр гаргах тогтолцоо ямар сулыг, геополитикийн хагарлын шугам хаана байгааг, олон улсын дэг журамд шингэсэн ёс суртахууны зөрчилдөөн ямар түвшинд байгааг ил болгож байна.

 

Хуучин дэг журам нуран унаж байна

 

Үүссэн нөхцөл байдал бол Ойрх Дорнодын зүгээр нэг мөргөлдөөн биш юм. Энэ бол тооцоо бодож буй мөч. Анхны агаарын цохилтоос хойш хэдэн долоо хоногийн дотор Ормузын боомтоор дамжин өнгөрөх далайн тээвэр өдөрт 130 орчим болж буурсан. Газрын тосны үнэ хямралын түвшинд хүрч, зарим боловсруулах үйлдвэрүүд нэг баррель тутамд нь 150 орчим ам.доллар төлж байна. Үүний үр дагавар нь Персийн булангийн хил хязгаараас хол давж, Европт инфляцын огцом өсөлт, Азид түлш шатахууны хомсдол үүсэх эрсдэл, Африкийн зарим хэсэгт хүнсний аюулгүй байдлын хямралыг улам гүнзгийрүүлж байна. Аль хэдийн хүндэрсэн дэлхийн эдийн засаг одоо системийн хямралын ирмэг дээр эргэлдэж байна.

Энэ нөхцөлд Бахрейны далайн тээврийн эрх чөлөөг сэргээх тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх гэсэн оролдлого нь өнгөц харвал дэлхийн нийтийн өмчийг хамгаалж буй мэт харагдаж байв. Гэтэл Хятад, Орос хоёр уг тогтоолд вето тавьснаар олон улсын шийдвэр гаргах тогтолцоо ямар хэмжээнд ирснийг дахин нотолж өгөв. Орос, Хятад хоёр Ираны эсрэг хүч хэрэглэхийг үл тоомсорлосон аливаа тогтоол нь түрэмгийллийг хууль ёсны болгох эрсдэлтэй гэсэн аргумент нь нэг талаараа зөв.

НҮБ-ын дүрмийн хүч хэрэглэхийг хориглох заалт нэлээн бүрхэг. Хэрэв Иранд хийсэн анхны агаарын цохилтуудыг өгөхдөө Аюулгүйн Зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй бол олон улсын зарчимд нийцэхгүй, бүр хууль бусад тооцогдоно. Харин Иран агаарын цохилтын хариуд авсан арга хэмжээнүүд түүний дотор Ормузын хоолойг хаасан нь мөн л ноцтой асуудал юм. Ираны хориглолт нь олон улсын усан замын чөлөөт хөдөлгөөнийг зөрчиж, дайнтай огт хамааралгүй улс орнуудад эдийн засгийг шийтгэж буй мэт үр дагавар үүсгэж байна.  Гэсэн хэдий ч Техеран эдгээр арга хэмжээг НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйлд заасны дагуу өөрийгөө хамгаалах эрхээ хэрэгжүүлж байгаа хэрэг гэж тайлбарлаж буй юм.

Үр дүн нь хууль эрх зүй, ёс суртахууны парадокс үүсэв. Нэг тал нь дүрэм журмаа зөрчих зуураа дэг журмыг шаардаж, нөгөө тал нь хэм хэмжээг зөрчиж буй атлаа хамгаалж байна гэж мэдэгдэж байна. Энэ зөрчилд Хятад, Орос улсууд орж ирж, өөрсдийгөө улс орнуудын бүрэн эрхт байдлыг хамгаалагч мэтээр харуулж буй.  Гэвч тэдний өөрсдийн үйлдлүүд, түүх нь энэ байр суурийг ихэд эргэлзээтэй болгож байна. Ираны үзэл суртлын дэмжлэгтэйгээр тавьсан вето буюу хоригоо зарчмын гэж тайлбарлаж байгаа ч энэ нэр томьёо нь хэн нь хэний талд байгаагаас хамаарч өөр өөр сонсогдож байгаа юм.

 

Бүрэлдэн тогтох гэж буй шинэ дэг журам

 

Ормузын хоолой, Өмнөд Хятадын тэнгис, Баб-эль-Мандебээс эхлээд дэлхий даяар болж буй хямралууд бол тусдаа салангид зүйл биш. Энэ бол дэлхийн дэг журам шинээр бий болж буй үйл явц юм. Том гүрнүүд өөрсдийн нөлөөний бүсийг хүч хэрэглэх, вето тавих замаар дахин зурж байна. Үүний үр дүнд улс орнуудын бүрэн эрхт байдал болон хүний эрх, эрх чөлөө гэх үндсэн зарчмууд хууль ёсноос гэхээс илүүтэй “чи бидэнтэй эвсэж байна уу, үгүй юу” гэдгээс хамааралтай болж байна. Нэмж хэлэхэд Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсээс эхлээд дэлхийн дижитал дэд бүтцийн үл үзэгдэх гол судаснууд хүртэл шинэ, сэтгэл түгшээсэн дэлхийн дэг журам бүрэлдэж бйана. Энэ шинэ дэг журамд том гүрнүүд хүчээ зөвхөн цэрэг, усан онгоц, нисэх онгоцоор биш мэдээлэл, худалдааны замууд, технологийг хянах замаар баталгаажуулж буй юм. Ингэснээр олон улсын хууль бүх хүнд ижил тэгш үйлчилдэг, бүх нийтийн зарчим гэдэг нь аажмаар суларч, хүмүүсийн аюулгүй байдал, амьдралын баталгаа нь өрсөлдөж буй том гүрнүүдийн тооцоо, ашиг сонирхлоос хамааралтай болж байна. Ази, Африк, Латин Америкийн ард түмэнд энэ үйл явдал олон улсын хууль ихэнх тохиолдолд нэг талдаа илүү таалагдсан байдлаар хэрэглэгддэг гэж ойлгогдож байна. Ялангуяа Газын Зурвастай холбоотойгоор Израилыг буруутгахаас хамгаалж ирсэн олон удаагийн вето одоо ч санаанд тод байна. Ийм нөхцөлд Ормузын хоолойг хаасантай холбоотой вето нь ямар нэг хачин зүйл биш харин толины тусгал шиг харагдаж байгаа. Өмнө нь Барууны улсууд Израилыг хамгаалах гэж вето тавьж байсан бол одоо Орос, Хятад хоёр Ираныг хамгаалах гэж вето ашиглаж байна. Эцэст нь зарчим бус хүч чадал л шийдвэрлэдэг тогтолцоо гэж ойлгогдож буй юм. Гэхдээ хүч чадлаар асуудлыг шийдэж буйгаа ялалт гэж үзэж болохгүй. Амин чухал ач холбогдолтой усан зам хаагдаж, энгийн хөлөг онгоцууд аюултай нөхцөл байдалд орж, олон улс оронд энгийн иргэдийн амь амьжиргаанд нөлөөлж буй энэ хямралд ямар ч цэвэр ялалт байхгүй. Одоогоор наанадаж энгийн 5 хөлөг онгоц цохилтод өртжээ. Газын Зурвас болон Африкийн зарим нутагт хүрэх ёстой хүмүүнлэгийн тусламж саатсан байна. Энэ бүхний үнийг Вашингтон, Тель-Авив, Москав, Бээжингийн стратегичид төлөхгүй. Харин бараа бүтээгдэхүүний тасалдал, үнийн өсөлтийн үр дагаврыг туулж буй энгийн ард иргэд л үүрч байна.

 

Ийм нөхцөл байдалд “ялалт” гэдэг нь юу гэсэн үг вэ?

 

Хэрэв ялалтыг удаан хугацаанд тэсвэрлэх чадвараар хэмжвэл Иран өрсөлдөгчдөө их хэмжээний хохирол учруулах чадвараа батлан харууллаа. Газарзүйн байрлал болон жижиг, ухаалаг зэвсгүүдээ ашиглан Иран улс Ормузын хоолойг дэлхийн хэмжээнд дарамт үзүүлэх чухал цэг болгож чадсан байна. Хэрэв ялалтыг үзэл суртал талаас нь хэмжвэл олон улсын харилцаанд үзэл суртлын тэнцвэр аажмаар өөрчлөгдөж, Барууны байр суурь өмнөх шигээ маргаангүй давамгайлж чадахгүй болжээ. Гэхдээ ялалтыг хүмүүсийн амьдрал, тогтвортой байдал, аюулгүй байдлын үүднээс харвал энэ ялалт аль ч талд нь байхгүй байна. Үндсэн асуудал нь системийн бүтэцдээ байна. Дэлхийн хамтын аюулгүй байдлын гол түлхүүр байх ёстой Аюулгүйн Зөвлөл вето тавьдаг тогтолцооноосоо болоод бүрэн утгаараа ажиллахгүй байна.Тус зөвлөлийн байнгын 5 гишүүн дор бүрнээ “би дэг журмыг хамгаалж байна” гэж ярьдаг боловч үнэндээ зөвхөн өөрийн түнш, холбоотнуудаа хамгаалахын тулд л вето тавих эрхээ эдэлж байна. Үр дүнд нь дүрэм журмыг хүлээн зөвшөөрдөг боловч тэдгээрийг шударгаар хэрэгжүүлэх эв нэгдэл, хүч чадалгүй тогтолцоо үүсчээ. Нэгэн шинжээчийн ажигласнаар энэ хямрал нь олон талаараа “бидний өөрсдийн бүтээсэн” хямрал юм. Богино хугацааны ашиг сонирхлыг урт хугацааны тогтвортой байдлаас дээгүүр тавьсан олон шийдвэрийн үр дагавар юм байна.

Дэлхийн улс төрчдийн хувьд үр дагавар нь маш тодорхой байна. Олон улсын байгууллагуудад итгэх итгэл хурдтай буурч, Аюулгүйн Зөвлөл дэлхийн хэмжээнд ийм том нөлөөтэй хямралын эсрэг шийдвэртэй ажиллаж чадахгүй байгаагаас түүний нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Үүнээс гадна эдийн засгийн чухал боомтуудыг зэвсэг болгон ашиглах явдал ойр ойрхон гарах төлөвтэй боллоо. Өнөөдрийн Ормуз зөвхөн эхлэл байж магадгүй. Ирээдүйд Өмнөд Хятадын тэнгист ийм нөхцөл байдал үүсэж ч болзошгүй юм. Үүнээс гадна томоохон гүрнүүдийн холбоо, эвсэл өөрчлөгдөж эхэллээ. Хятад, Орос улсууд Барууны санаачилгуудыг зөвхөн үг хэлээр бус олон улсын байгууллагуудын түвшинд илүү идэвхтэй эсэргүүцэх болжээ. Хурдтай өөрчлөгдөн буй олон улсын орчинд хариуцлага аль нэг улс эсвэл барууныхан, зүүнийхэний аль нэг бүлэглэл дээр бус харин бүх дэлхийн хамтын нийгэмлэгийн ухамсар дээр ирж байна. Одоо дэлхий нийтээрээ ёс суртахууны хатуу шалгууртай тулж байна. “Дүрэмд суурилсан дэлхийн дэг журам” гэдэг үг одоо утга төгөлдөр байж чадах уу? Ялангуяа Иран болон бусад бүс нутгийн энгийн иргэд хүч түрэмгийлсэн цэргийн ажиллагааны үр дагаварыг амсаж байгаа ийм үед. Энд яригдаж буй зарчим бол зөвхөн онол, хийсвэр зүйл биш. Энэ зарчим бөмбөгдөлтөд өртсөн хотууд, эвдэрч сүйдсэн эмнэлэгүүд, эвдэрсэн замууд, ажиллагаагүй болсон цахилгаан, интернетийн шугам дунд амьдарч буй хүмүүсийн өдөр тутмын амьдралд шууд тусаж байна. Тэнд хүний эрхийн талаар маргаж хэлэлцдэггүй, харин бодит байдал дээр шууд зөрчиж, үгүйсгэдэг. Олон улсын хуулийг “бүгдэд адилхан үйлчилнэ” гэж ярих үгс, түүнийг бодит амьдрал дээр зарим талд нь хэрэглэж байгаагын хооронд маш тод зөрчил байна. Ялангуяа АНУ, Израилын үйлдэлтэй холбоотой дайны гэмт хэргийн тухай яриа гарсаар байхад олон улсын байгууллагууд нэгдмэл, шийдвэртэй, яаралтай хариу арга хэмжээ авахгүй байгаа нь дээрх зөрчлийг улам тодруулж буй юм.

Одоо улс орнууд итгэл төрүүлэх эсэх нь “бид хууль сахина” гэж зарлахдаа бус аливаа улсын бүрэн эрхт байдлыг зөрчихгүй байх, бөмбөгдөлтөөр ч бай, эдийн засгийн бүслэлтээр ч бай ямар ч хэлбэрийн хамтын шийтгэлийг хэвийн үзэгдэл болгохгүй байх, хүмүүнлэгийн тусламжийг тохиролцооны хэрэгсэл биш, маргашгүй эрх гэж үзэх зэргээс шалтгаална. Өөрөөр хэлбэл зөвхөн хүч хэрэглэхээ больё гэх уриалга бус илүү гүнзгий ёс суртахууны тэгш байдлыг чухалчилах шаардлагатай байна. Чухамдаа Техеранд байгаа хүний амьдрал, нэр төр нь дэлхийн аль ч хотод байгаатай яг адилхан жинтэй гэдгийг дахин батлах явдал юм. Гал зогсоох, хариуцлага тооцох асуудал ямар ч хүчтэй талын дарамтад бөхийдөггүй, хүний амьдралыг яаралтай аврахад чиглэсэн жинхэнэ дипломат ажиллагаанд тулгуурлах ёстой юм. Эцэст нь Ормузын хоолойн хямрал бол том анхааруулга дохио юм. Энэ хямрал дэлхийн дэг журмын тулгуур улс орнуудын хэл ам, хэрүүл тэмцэл, хяналтгүйгээр хүч нэмэгдүүлэх зэргээс болж ямар хурдан нурж болохыг харуулж байна. Аль ч талын хязгааргүй хүч чадал тогтвортой байдал авчирдаггүй, харин мөнхийн аюултай байдал, байнгын тогтворгүй орчныг л авч ирдэг бодит үнэнийг илчилж байна.

Эх сурвалж: https://www.geopoliticalmonitor.com/crisis-in-hormuz-exposes-fragility-of-the-rules-based-order/

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 70 (7812)

Дарангуйллын тогтолцоо түүх болж эхлэв

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

Дэлхийн эдийн засгийн нэг гол судас гэгддэг Ормузын хоолой дээр зангилагдсан энэ удаагийн хямрал бол зөвхөн бүс нутгийн мөргөлдөөн биш, харин орчин үеийн геополитикийн логикийг харуулсан ил тод жишээ юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг бөмбөгдөх ажиллагааг хоёр долоо хоногоор түр зогсоохоо мэдэгдсэн нь энхийн дохио мэт боловч үнэн хэрэгтээ цаг хожих, дарамтыг өөр хэлбэрт шилжүүлэх стратегийн алхам юм.

Түүний үгнээс илүү үйлдэл нь анхаарал татаж байна. Тулган шаардалт дуусахаас ердөө нэг цаг хүрэхгүй болсон мөчид энэ шийдвэр гарсан нь төлөвлөгдсөн эвлэрэл бус, харин зайлшгүй байдлын үр дүн байсныг илтгэнэ. Энэ хоёр долоо хоногийн “нам гүм” бол бодит нам гүм биш. Энэ бол аль аль тал нь өөрийн хөзрийг дахин тоолж, хожлын магадлалаа үнэлж буй завсрын үе юм. Вашингтоны хувьд энэ хугацаа нь нефтийн зах зээлийг тогтворжуулах, дотоод улс төрийн дарамтыг намжаах, холбоотнуудтайгаа байр сууриа нэгтгэх боломж. Харин Тегераны хувьд энэ нь олон арван жилийн турш үргэлжилсэн барууны хориг, шахалтын системийг нэг мөсөн өөрчлөх боломж гэж харж байна. Учир нь Ираны санал болгосон “10 заалт” нь энгийн гал зогсоохоос хавьгүй давсан, бүс нутгийн хүчний тэнцвэрийг шинээр тогтоох зорилготой баримт бичиг юм. Тэнд зөвхөн дайн зогсоох тухай биш, харин бүхэл бүтэн тогтолцоог өөрчлөх тухай ярьж, хоригийг бүрэн цуцлах, царцаасан хөрөнгийг суллах, АНУ-ын цэргийг бүс нутгаас гаргах, ураны баяжуулалтыг зөвшөөрүүлэх зэрэг шаардлагууд нь Иран өөрийгөө зөвхөн хамгаалах биш, харин шинэ дүрэм тогтоох хэмжээнд гаргахыг зорьж буйг илтгэнэ.

Энэ бүхний төвд мөнгө буюу Ормузын хоолой оршиж байна. Географийн хувьд нарийхан энэ хоолой эдийн засгийн хувьд асар өргөн утгатай. Дэлхийн нефть, шингэрүүлсэн хийн урсгалын бараг тавны нэг нь үүгээр дамждаг. Ийм зангилааг хянах боломжтой улс геополитикийн хувьд асар их хөшүүрэгтэй болдог. Иран яг энэ хөшүүргийг ашиглаж байна. Тэд “Бүх хөлгийг хаагаагүй, зөвхөн дайснуудынхыг” гэж тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр урсгалын тодорхой бус байдал өөрөө зах зээлийг айлгаж, үнэ өсгөж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг доголдуулж байна. Нефть бол зүгээр нэг түүхий эд биш, түүнийг дагалдаж бордоо, химийн бодис, аж үйлдвэрийн үндсэн орцууд хөдөлдөг. Иймээс Ормузын хоолойн эрсдэл бол зөвхөн шатахууны үнэ өсөх асуудал биш, харин хүнсний үнэ, үйлдвэрлэлийн өртөг, улмаар инфляцийн дарамтаар дамжин дэлхийн эдийн засгийг бүхэлд нь доргиох хүчин зүйл юм.

Трампын заналхийлэл Ираны гүүр, цахилгаан станц зэрэг иргэний дэд бүтцийг устгана, бүр “соёл иргэншлийг” сүйтгэж чулуун зэвсгийн үед оруулна” гэж буй нь орчин үеийн дайн хэрхэн өөрчлөгдсөнийг харуулна. Энэ бол зөвхөн цэргийн байг онох тухай биш, харин улсын эдийн засгийн суурийг нураах тухай ойлголт. Гэвч ийм заналхийлэл бодит үйлдэл болох тусам улс төрийн өртөг нь өсдөг. АНУ-ын дотоодод энэ дайн төдийлөн дэмжлэг аваагүй нь нууц биш. Бензиний үнэ өсөх нь америк өрх бүрд шууд мэдрэгддэг, инфляци өсөх айдас нь сонгогчдын хандлагыг өөрчилдөг. АНУ-д Трампыг “Би шинэ дайн эхлүүлэхгүй” гэсэн амлалтаа зөрчсөн гэх шүүмжлэл ч нэмэгдсэн. Ийм нөхцөлд хоёр долоо хоногийн завсарлага нь гадаад бодлогоос илүү дотоод улс төрийн дарамтыг зөөлрүүлэх хэрэгсэл юм. Энэ завсрын үед хамгийн сонирхолтой тал нь зуучлагч гэнэт тодорсон явдал. Пакистан энэ удаа зөвхөн ажиглагч биш, харин идэвхтэй тоглогч болон гарч ирэв. Тус улсын ерөнхий сайд Шехбаз Шариф, армийн командлагч Асим Мунир нар Вашингтонтой шууд холбогдож, цохилтоо хойшлуулахыг хүссэн нь гал зогсоох шийдвэрт нөлөөлсөн. Хэлэлцээ Исламабад хотод, тодорхой хугацааны хязгаартайгаар явагдана. Энэ нь нэг талаас дипломат шийдэл хайж буйг харуулж байгаа ч нөгөө талаас хугацааны шахалт асар өндөр байгааг илтгэнэ.

Энд бас нэг чимээгүй, гэхдээ шийдвэрлэх нөлөөтэй тоглогч бий. Тэр бол Израиль. Трампын мэдэгдэлд тэднийг дурдаагүй ч бодит байдал дээр Израиль энэ мөргөлдөөнд идэвхтэй оролцож байгаа. Ираны зүгээс гал зогсоох нөхцөл Ливанд хүртэл үйлчлэх ёстой гэж шаардсан нь энэ зөрчлийг энхийн замаар шийдвэрлэх боломжгүй болгосон. Эцэст нь энэ бүхнээс харагдах гол дүр зураг бол дайн өөрөө өөрчлөгдсөн явдал юм. Орчин үеийн дайн танк, онгоцоор хэмжигдэхээ больсон. Түүнийг нефтийн урсгал, далайн хоолой, санхүүгийн хориг, зах зээлийн сэтгэл зүйгээр хэмждэг болсон. Нэг хоолойн хаалт дэлхийн инфляцид нөлөөлж, нэг мэдэгдэл нефтийн үнийг савлуулж, нэг дипломат дуудлага пуужингийн цохилтыг хойшлуулж байна. Энэ утгаараа Ормузын хоолой бол газарзүйн объект биш, харин XXI зууны хүчний тэнцвэрийн бэлгэдэл юм. Гэвч нэг зүйл тодорхой байна. Энэ бол дайны төгсгөл биш. Энэ бол илүү том тоглолтын завсарлага. Иран хоолойг бодитоор нээх эсэх, АНУ дарамтаа бууруулах уу, эсвэл шинэ хэлбэрт шилжүүлэх үү, Израиль ямар байр суурь баримтлах вэ, зах зээл энэ бүхнийг хэрхэн хүлээж авах вэ гэсэн асуулт хариултаа хүлээж байна. Гэхдээ Иран тохиролцоо хийсэн ч бүс нутгийн шинэ дэг журам эхэлж л таарна. Хамгийн боломжит хувилбар нь энэ хооронд Израилийн агаарын цохилтууд Иранд үргэлжилж, Нью-Йоркийн хөрөнгийн бирж баасан гарагт амрангуут АНУ-ын хуурай цэргийн ажиллагаа эхэлнэ.

Ерөөс өнөөдөр дарангуйллын дэглэмийн армиуд сүрт жагсаал хийхээс өөр ид шидгүй, хоосон тоо гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Ираны арми л гэхэд өөрийн бүрэн мэдэлд байгаа 30х30 км газрыг нэгжин АНУ-ын нисгэгчийг олзолчхож чадахгүй, дэлхий нийтийн шившиг болов.Учир нь шинжлэх ухаан, технологи дарангуйллыг бус эрх чөлөөг сонгодог. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр дарангуйллын дэглэмүүд түүх болон үлдэж буйг өөрсдийн нүдээр харж байна.

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА