- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Дэлхийн шилдэг нисэх буудлуудыг нэрлэжээ

Сингапурын “Чанги” нисэх онгоцны буудал дэлхийн хамгийн шилдэг нисэх онгоцны буудлын байр сууриа Катарын Доха хотын “Хамад” олон улсын нисэх онгоцны буудалд алдсаныг агаарын тээврийн үнэлгээний “Скайтракс” байгууллагын судалгаа харууллаа.

Ингэснээр 2021, 2022 онд тэргүүлж байсан “Хамад” гурав дахь удаагаа тэргүүн байрыг эзэлж байна. “Скайтракс”-ын судалгаанд 100 гаруй орны аялагчид оролцсон бөгөөд “Хамад”-ыг дэлхийн хамгийн шилдэг нисэх онгоцны буудлаар тодруулжээ.

“Чанги” нисэх онгоцны буудал нь “Скайтракс”-ын судалгаагаар 12 удаа дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлаар шалгарч байсан бөгөөд 2013-2020 оныг хүртэл, мөн 2023 онд нэгдүгээрт бичигдэж байлаа. Тэгвэл энэ оны санал асуулгаар тус буудал “Азийн шилдэг нисэх онгоцны буудал”, “Дэлхийн шилдэг хилийн шалган нэвтрүүлэх албатай нисэх онгоцны буудал”-аар шалгарчээ.

Харин Өмнөд Солонгосын “Инчеон” 2023 оны дөрөвдүгээр байраасаа нэг байр ахиж, гуравдугаар байрт бичигдсэн бөгөөд гэр бүлд хамгийн ээлтэй нисэх буудлаар шалгарсан байна.

Түүний араас Японы “Ханэда” нисэх онгоцны буудал дөрөвдүгээр байрт бичигдсэнээс гадна “Дэлхийн хамгийн цэвэрхэн нисэх онгоцны буудал”-аар шалгарчээ. Тус нисэх буудал 2023 онд 70 сая зорчигч хүлээн авсан нь жагсаалтад багтсан нисэх онгоцны буудлуудын дотор хамгийн өндөр үзүүлэлт юм.

Токиогийн өөр нэгэн томоохон олон улсын нисэх онгоцны буудал болох “Нарита”-гийн хувьд жагсаалтын тавдугаарт орсон байна. Тус буудал үйлчилгээгээрээ хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд “Дэлхийн шилдэг ажилтнуудтай нисэх буудал” цол хүртжээ.

Энэхүү чансааг 2023 оны наймдугаар сараас 2024 оны гуравдугаар сарын хооронд нисэх онгоцны буудлаар үйлчлүүлсэн хүмүүст илгээсэн санал асуулгад үндэслэн гаргасан байна. Зорчигчид нисэх онгоцны буудлын үндсэн үйлчилгээ болох бүртгүүлэх, нэвтрүүлэх үйл явц, хилийн шалган нэвтрүүлэх алба, дэлгүүр зэргийг үнэлжээ.

“Скайтракс”: 2024 оны дэлхийн шилдэг нисэх буудлууд

  1. “Хамад” олон улсын нисэх онгоцны буудал
  2. “Чанги” нисэх онгоцны буудал
  3. “Инчеон” олон улсын нисэх онгоцны буудал
  4. “Ханэда” нисэх онгоцны буудал
  5. “Нарита” олон улсын нисэх онгоцны буудал
  6. Парисын” Шарль де Голль” нисэх онгоцны буудал
  7. Дубайн олон улсын нисэх онгоцны буудал
  8. Мюнхений олон улсын нисэх онгоцны буудал
  9. Цюрихын олон улсын нисэх онгоцны буудал
  10. Истанбулын олон улсын нисэх онгоцны буудал

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

18 /Reuters/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын гурван өдрийн уулзалт Италийн Капри арал дээр лхагва гарагт эхэлжээ. АНУ, Их Британи, Франц, Итали, Герман, Канад, Японы сайд нар Израил, Ираны хурцадмал байдал, Газын зурвас болон Украинд үргэлжилж буй дайн зэрэг асуудлуудыг голчлон хэлэлцэх төлөвтэй байна.

“Долоогийн бүлэг”-ийг даргалж буй Итали улс Газын зурваст гал зогсоож, Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг намжаахыг хичээж байгаа боловч Израилын тал барууны орнуудын зүгээс хүлээцтэй байхыг уриалж байгааг үл харгалзан амралтын өдрүүдэд хийсэн Ираны дайралтад хариу цохилт өгөх магадлал өндөр байна.

Италийн Гадаад хэргийн сайд Антонио Таяни мэдэгдэхдээ, олон улсын хурцадмал нэмэгдэж байгаа үед Итали тэргүүтэй “Долоогийн бүлэг” энх тайвны төлөө ажиллах үүрэгтэй гэлээ. Дөрөвдүгээр сарын 1-нд Дамаск хот дахь Ираны Консулын газрын байр руу Израилын талаас өгсөн гэж таамаглаж буй агаарын цохилтын улмаас Ираны хоёр генерал болон хэд хэдэн офицер амь үрэгдсэний хариуд хийсэн дайралтын дараа “Долоогийн бүлэг”-ийн орнууд Израилд дэмжлэг үзүүлэхээ амласан юм.

АНУ-ын тал ойрын өдрүүдэд Техраны пуужин болон нисгэгчгүй онгоцны хөтөлбөрт шинээр хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд холбоотнууд нь ч мөн адил арга хэмжээ авна гэж найдаж байна. А.Таяни энэ долоо хоногт “Ройтерс” агентлагт мэдээлэхдээ, хориг арга хэмжээ зөвхөн хувь хүмүүст чиглэж магадгүй гэжээ.

Өнгөрсөн бямба гарагт Ираны хөөргөсөн пуужин, нисгэгчгүй онгоцны ихэнхийг Израил болон түүний холбоотнууд сөнөөсөн бөгөөд хүний амь нас эрсдээгүй юм. Гэвч Израил тогтоон барих хүчнийхээ найдвартай байдлыг хадгалахын тулд хариу арга хэмжээ авах ёстой гэж мэдэгджээ. Иран энэ асуудлыг одоохондоо хаагдсан гэж үзэж байгаа хэдий ч Израил хариу арга хэмжээ авбал дахин хариуг нь барина гэдгээ мэдэгдсэн байна.

Украин

Украины дайн мөн Каприд болж буй уулзалтын гол сэдэв байх бөгөөд пүрэв гарагт Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар хэлэлцээнд оролцохоор төлөвлөжээ.

Эрчим хүчний сүлжээнд нь өгч буй Оросын агаарын цохилтын улмаас Киевт учрах дарамт нэмэгдэж байгаатай холбоотойгоор “Долоогийн бүлэг”-ийн сайд нар Украинд нийлүүлэх агаарын довтолгооноос хамгаалах системийг хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцана гэж Германы тал лхагва гарагт мэдэгдсэн байна.

Өөр нэг гол асуудал бол Европын Холбооны зарим гишүүн орнууд ийм алхам хийх нь хууль ёсны эсэх талаар эргэлзэж байгаа энэ үед барууныхны эзэмшиж буй 300 тэрбум ам.долларын Оросын царцаасан хөрөнгөөс Украинд тусламж үзүүлэхэд ашиглах арга зам байх ажээ.

Лхагва гаргийн орой болох уулзалтын нээлтийн хуралдаанд Газын зурвас болон Ираны асуудал яригдах бол пүрэв гаргийн өглөө Улаан тэнгис дэх нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ. Сайд нар Украины талаар хэлэлцэхээсээ өмнө Африк тивтэй харилцаагаа бэхжүүлэх арга замуудыг мөн авч үзэх төлөвтэй байна.

Түүнчлэн “Долоогийн бүлэг”-ийн сайд нар Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлын талаар ярилцаж, дэд бүтцийн холболт, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухааны талаар, мөн хуурамч мэдээний эсрэг тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж Италийн тал мэдэгджээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Шар усны үерийн гамшиг Сибирийн бүс нутгийг хамрах төлөвтэй байгааг Кремлиэс анхааруулав

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

ОХУ-ын өмнөд бүсийн Оренбург мужид шар усны үер бууснаас тус мужийн хоёр дахь том хот Орск бүхэлдээ усанд автаад байна. Эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Оренбург муж даяар онц байдал зарласан юм.

Савнаасаа хальсан Урал голын ус одоо мужийн төв Оренбург хотод аюул учруулж эхлээд байна. Баасан гарагийн шөнө далан задарсны улмаас Орск хот усанд автаж, өнгөрсөн өдрүүдэд 4,500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Оренбург муж даяар 6,500 орчим айлын амины орон сууц үерийн усанд автаад байна. Орск хот 240,000 орчим оршин суугчтай бол Оренбург хотод 560,000 хүн амьдардаг юм.

Оренбург мужтай хил залгаа Казахстаны нутаг мөн шар усны үерийн гамшигт нэрвэгдээд байгаа. Казахстаны ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев энэ удаагийн үерийг сүүлийн 80 жилд тохиогоогүй том гамшиг гэж нэрлэсэн юм. Ням гарагт Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлд ярихдаа ерөнхийлөгч Путин үерийн нөхцөл байдлын талаар мэдээллийг цаг тутамд авч байгааг хэлжээ.

Үүнээс гадна Путин ойрын үед голуудын усны түвшин огцом нэмэгдэж, шар усны үер буух төлөвтэй байгааг Сибирийн Тюмень, Курган мужуудын удирдлагуудад анхааруулсныг Песков мэдээлсэн байна. Бүс нутгийн хэмжилтийн станцууд усны түвшин сүүлийн 100 жилд ажиглагдаагүй хэмжээгээр нэмэгдсэнийг харуулж буй тухай тэр бас ярьжээ.

Уур амьсгалын өөрчлөлтөд эргэлздэгээ нуудаггүй байсан Путин сүүлийн жилүүдэд энэ байр сууриа өөрчилж, цаг уурын эрс тэс үзэгдэлд бэлэн байхыг засгийн газартаа байнга сануулдаг болоод байгаа юм.

 

Эх сурвалж: AFP

ОХУ-ын Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилж байна

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

Энэ долоо хоногийн даваа, мягмар гарагуудад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улсын хамгийн том түнш БНХАУ-д айлчлах тухай өчигдөр Москвагаас мэдээлжээ.

“Дөрөвдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын албан ёсны айлчлал БНХАУ-д үргэлжилнэ. Энэ үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзаж ярилцана” гэж өчигдөр буюу Ням гарагт мэдэгдсэн байна.

ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Айлчлалын үеэр талууд хэд хэдэн халуун сэдвээр харилцан санал бодлоо солилцоно” гэжээ. Ингэхдээ “Украины хямрал болон Ази, Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдал”-ын сэдвийг онцолсон байна.

Ням гарагт бас Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин сайдынх нь албан ёсны урилгаар С.Лавров айлчлах гэж буйг баталжээ.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа Украины дайн эхэлсэн 2022 оны хоёрдугаар сараас хойш улам гүнзгийрээд байгаа. Өнгөрсөн оны гуравдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Москвад хийсэн айлчлалын үеэр талуудын түншлэлд “хил хязгаар байхгүй”-г зарлаж байв.

Өнгөрсөн сард ОХУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ Владимир Путин хоёр орны харилцааны “тогтвортой байдлын хүчин зүйл”-ийг онцолж байлаа.

Эх сурвалж: AFP

НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Брюссельд болж байна

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Брюссель дэх тус байгууллагын төв байранд өчигдөр эхэллээ. Энэ оны хамгийн эхний уулзалтаар сайд нар долоодугаар сард болох дээд хэмжээний уулзалтад бэлтгэх, Украинд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх, эвслийн 75 жилийн ойг тэмдэглэх зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг уулзалтыг нээж үг хэлжээ. Энэ удаагийн уулзалтад Швед улс эвслийн гишүүн орны хувиар анх удаа оролцож байгааг тэрбээр онцлоод, ирэх долоодугаар сард Вашингтонд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх нь хэлэлцэх гол асуудал байх болно гэдгийг мэдэгдлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “Энэхүү дээд хэмжээний уулзалт нь батлан хамгаалахад тавигдах шаардлагыг бэхжүүлж, ачааллыг шударгаар хуваарилах ажлыг урагшлуулж, Украинд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхийн сацуу Европын Холбоо (ЕХ), мөн Ази, Номхон далайн бүс нутаг дахь түншүүдтэйгээ хийж буй манай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно” гэв. Мөн НАТО-гийн холбоотнууд Ойрхи Дорнодын байдлыг хэрхэн тогтворжуулах тухай асуудлыг хэлэлцэнэ гэдгийг Й.Столтенберг дурдлаа.

Хоёр өдөр үргэлжлэх сайд нарын уулзалт хэвлэлийнхэнд хаалттай болно.

Умард Солонгос баллистик пуужин хөөргөжээ

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

Умард Солонгосоос өнөө өглөө харвасан баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байж болзошгүй гэж Японы Батлан хамгаалах яам мэдэгдэв. Нисэх онгоц, хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учирсан талаарх мэдээлэл байхгүй гэж Японы Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.

Умард Солонгосын тал Япон тэнгис рүү дунд зайн тусгалтай баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын армийн командлал мэдэгдсэн байна. Тодруулбал, өглөөний 6:53 цагийн үед Пёньян хотын орчмоос пуужин харвасныг илрүүлжээ.

Японы Засгийн газрын зүгээс Умард Солонгост эсэргүүцэл илэрхийлснийг Ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгдээд, тус улс баллистик пуужин хөөргөж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн үйлдэл гэж мэдэгдлээ. “Энэ бол манай улсын төдийгүй бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдалд хамаатай асуудал юм. Ийм үйлдлийг огтхон ч хүлээн зөвшөөрөх аргагүй” гэж К.Фүмио сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Япон улс бүс нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө АНУ, Өмнөд Солонгостой хамтран ажиллах болно гэж тэрбээр нэмж хэллээ..

 

Халдлагад буруутгагдаж буй дөрвөн этгээдийг цагдан хорьжээ

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

Москва хотын Басманный дүүргийн шүүх “Крокус”-т террорист халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдаж буй дөрөв дэх хүн болох Мухаммадсобир Файзовыг тавдугаар сарын 22 хүртэл цагдан хорих шийдвэр гаргажээ.

Шүүх хурлыг хаалттай явуулсан байна. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, Файзов концертын танхимд үйлдсэн халдлагыг дүрс бичлэгт буулгасан байна.

Террорист халдлагад буруутгагдаж буй Далержон Мирзоев, Саидакрами Рачабализода, Шамсидин Фаридуни, Файзов гэсэн бүх дөрвөн хүнийг шүүхээс урьдчилан хорих ангид шилжүүллээ.

Файзов нь Тажикистан улсын иргэн, 2004 онд төрсөн, дунд боловсролтой, ажилгүй, өмнө нь Иваново хотод үсчнээр ажиллаж байсан, тэнд бүртгэлтэй нэгэн аж. Шүүгчтэй харилцахын тулд түүнд орчуулагч хэрэгтэй болсон байна.

Мөрдөн байцаах хорооны хамгийн сүүлийн мэдээллээр, Москва мужийн Красногорск хотын "Крокус сити холл" цогцолборын концертын танхимд болсон халдлагын улмаас амиа алдсаны хүний тоо 137-д хүрсэн байна. Амиа алдсан хүмүүсийн цогцсыг таних ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд одоогоор 62 цогцос хэнийх болохыг тогтоожээ.

Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

Базарбямбын Нямсүрэн

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа хэд хэдэн томоохон үйл явдал болов. Хойд хөрш ОХУ-д баасан гарагийн орой халдлага болж олон гэмгүй хүмүүс амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хиймэл оюун ухааны талаарх анхны тогтоолыг гаргав. АНУ-ын Конгресс энэ оны төсвөө хуулийн хугацаанд багтаан амжиж баталсан бол Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уиллиамын гэргий Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгааг Кенсингтоны ордноос алба ёсоор мэдээллээ.  Үйл явдлын хураангуйг хүргэе.

Москвагийн террорист халдлагын сэжигтнүүдийг баривчиллаа

ОХУ орон даяар нэг өдрийн гашуудал зарлаад байна. Өнгөрсөн баасан гарагт Москва хотын "Crocus City Hall" цогцолборын концертын танхимд “Пикник” хамтлагийн тоглолт болохын өмнө хэд хэдэн этгээд автомат буугаар галлаж, халдлага үйлдсэн юм. Үүний улмаас 130 гаруй хүн амиа алдаж, 140 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Ерөнхийлөгч В.Путин ард түмэндээ хандан үг хэлэхдээ амиа алдсан болон шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлэхээ мэдэгдэв. Тэрбээр "Харгис хэргийг зохион байгуулсан бүх хүнийг илрүүлж, шийтгэх болно" гэв. Одоогоор халдлага үйлдсэн дөрвөн хүнийг баривчлаад байгаа бөгөөд цаашид бусад хамсаатнуудыг барихаар  тусгай албаныхан ажиллаж байгаа аж.

Тухалбал, Оросын Мөрдөн байцаах хороо терроризмын хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Халдлага гарсантай холбогдуулан Москвагийн нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлуудад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, Москвад олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг цуцалсан юм. Мөн Дагестан, Ненецийн автономит тойрог зэрэг хэд хэдэн бүс нутагт аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасныг ТАСС агентлаг мэдээлжээ.

 

Кэйт Миддлтон хорт хавдартай тэмцэж байна

Их Британийн хаан Чарльз хорт хавдар туссан хүндхэн мэдээ цацагдаад удаагүй байхад Уэльсийн гүнж Кейт Миддлтон хорт хавдартай хэмээн оношлогдсоныг Кенсингтоны ордноос зарлалаа. Хаан ширээ залгамжлах хунтайж Уиллиамын гэргий, Уэльсийн гүнж  өөрийн биеэр өвчнийхөө талаар мэдээлж, хэрхэн оношлогдож, эмчилгээ хийлгэж байгаа талаараа  олон нийтэд мэдээлэв. Тэрбээр олон нийтэд хандсан видео бичлэгтээ “Нэгдүгээр сард би хэвлийн хөндийн хүнд мэс засал хийлгэсэнийг олон нийт мэдэж байгаа. Тэр үед хорт хавдаргүй гэсэн дүгнэлт гарсан ч хагалгааны дараах шинжилгээгээр хорт хавдар илэрсэн. Эмч нар надад хими эмчилгээ хийлгэхийг зөвлөсний дагуу эхний шатны эмчилгээ хийлгэж байна” хэмээн ярьсан юм. Мөн хорт хавдрын оношийг сонсоод цочирдсон ч халамжтай нөхөр, гэр бүл болон ойр дотныхон, олон нийтийн хүчээр эмчилгээний үеийг сэтгэл өөдрөг даван туулахыг хичээж байгаа бөгөөд өвчнийг илааршуулахад тустай бүх зүйлийг хийх болно гэсэн юм.

Мөн хурдан эдгэрэхийг хүсч байгаа бүх хүмүүст талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаг хугацаа их шаардах тус эмчилгээнийхээ явцад хувийн орон зай хэрэгтэй байгаагаа онцолсон юм.  Мөн өвчний тухай мэдээг гурван хүүхэддээ аль болох зөв үгээр, сэтгэл санаанд нь нөлөөлөхөөргүй ойлгуулах нь хамгийн хүнд байсныг ярьжээ. Өдгөө 42 настай гүнж Кэтрин өнгөрсөн нэгдүгээр сард хэвлийн хөндийн мэс засалд орсноосоо хойш анх удаа олон нийтэд зориулан мэдээлэл хийхдээ бага зэрэг цонхигор, ядарсан байдалтай харагдаж байлаа.

 

AI-ын талаарх НҮБ-ын анхны тогтоол батлагдав

НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн хиймэл оюун ухаантай холбоотой анхны тогтоолыг саяхан баталлаа. Сүүлийн жилүүдэд технологийн дэвшлийн нөлөөгөөр дэлхий дахины анхааралд орох болсон хиймэл оюун ухааны асуудлыг хөндөж өнгөрсөн жил дэлхийн хэмжээний анхны чуулган Их Британид болсон бол энэ удаад НҮБ-аас Хиймэл оюун ухааныг ашиглахдаа найдвартай, аюулгүй байдлыг хангахыг гишүүн орнууддаа уриалсан тогтоолыг  баталсан нь энэ юм. Тогтоолд "НҮБ-аас дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн бүх зорилтод хүрэхийн тулд дижитал шилжилтийг дэмжих, түүний ашиг тусыг тэгш хүртэхэд аюулгүй, найдвартай, баталгаатай хиймэл оюун ухааны системийн стандарт шаардлагатай" хэмээн онцлон тэмдэглэжээ. Мөн “олон улсын хүний эрхийн хууль тогтоомжийн дагуу ашиглах боломжгүй хиймэл оюун ухааны системийг ашиглахаас татгалзах эсвэл ашиглахаа зогсоохыг” НҮБ-ын гишүүн улсуудад уриалсан байна.Хиймэл оюун ухаантай холбоотой асуудлыг Аюулгүйн Зөвлөл болон Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэргэд байгуулсан ажлын хэсэг хэлэлцсэн байна. AI буюу хиймэл оюун ухааны тухай тогтоолыг батлуулахад АНУ, Япон зэрэг улс орнууд идэвхтэй оролцсон юм.

 

АНУ-ын Засгийн газар амжиж төсвөө батлав

АНУ-ын Конгресс амралтын өдрөөр хуралдан энэ оны төсвийн хуулиа амжиж баталлаа. АНУ-ын төсвийн хуулийг өнгөрсөн баасан гарагт багтаан батлаагүй бол Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсох эрсдэлд орох байсан бөгөөд Төлөөлөгчдийн танхим гуравдугаар сарын 22-ны баасан гарагт амжиж батлав. 1.2 их наяд ам.долларын санхүүжилттэй төсвийг баталснаар ирэх есдүгээр сарыг дуустал АНУ-ын Засгийн газрын агентлагуудыг санхүүжүүлэх юм. Ерөнхийлөгч Жо Байден хуулийн төсөлд гарын үсэг зурсныхаа дараа "Америкчуудад хөрөнгө оруулах, эдийн засгийн үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх хууль" хэмээн онцлон мэдэгджээ. Мөн тэрбээр Конгресст хандан хууль тогтоох танхимд гацаад буй бусад хуулийн төслүүдийг батлахыг уриалжээ.
Ж.Байдены гарын үсэг зурсан хуульд Украин, Тайвань, Израильд цэргийн тусламж үзүүлэх санхүүжилтийг тусгаагүй бөгөөд  хууль тогтоогчид хаврын завсарлагааны дараа дөрөвдүгээр сард хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 56, 57 (7300, 7301)

ОХУ-д орон даяар гашуудал зарлалаа

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

/ТАСС/. “Крокус сити Холл” цогцолборт болсон террорист халдлагатай холбогдуулан ОХУ-д орон даяар нэг өдрийн гашуудал зарлалаа.

Гуравдугаар сарын 22-ны орой уг цогцолборын концертын танхимд “Пикник” хамтлагийн тоглолт болохын өмнө хэд хэдэн этгээд автомат буугаар галлаж халдлага үйлдсэн юм. Барилгад мөн дэлбэрэлт болж, гал гарсан. Хамгийн сүүлийн мэдээллээр, халдлагын улмаас 130 гаруй хүн амиа алдсан ба энэ тоо нэмэгдэж магадгүй байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, 140 гаруй хүн шархаджээ.

Оросын Ерөнхийлөгч В.Путин ард иргэддээ тусгайлан хандаж үг хэллээ. Тэрбээр гуравдугаар сарын 24-ний өдрийг гашуудлын өдөр болгон зарлаж, гүн эмгэнэл илэрхийлсний сацуу амиа алдсан болон шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлэхээ мэдэгдэв. Төрийн тэргүүн мөн хүмүүсийг аврахад тусалсан гал сөнөөгчид, аврагчид, эмч нар, жирийн иргэдэд хандан талархлын үг хэллээ.

В.Путин мөн "энэ харгис хэргийг зохион байгуулсан бүх хүнийг" илрүүлж, шийтгэх болно гэж мэдэгджээ. Халдлагыг гардан үйлдсэн 4 хүнийг бусад хамсаатнуудынх нь хамт баривчилсан юм. Тусгай албаныхан террористуудын хамсаатнуудыг илрүүлсээр байна.

Террорист халдлагад амиа алдсан хүмүүст Орос орон даяар эмгэнэл илэрхийлж байна. Зарим бүс нутагт гуравдугаар сарын 23-наас эхлэн гашуудал зарласан бөгөөд Кузбас зэрэг хэд хэдэн бүс нутагт гурван өдөр үргэлжилнэ.

Халдлагад оролцсон 11 хүнийг баривчилжээ

Тусгай албаныхан "Крокус сити холл" концертын танхимд болсон террорист халдлагад холбоотой 11 хүнийг баривчилсны дотор уг халдлагыг гардан үйлдсэн 4 террорист байсан бөгөөд хамсаатнуудыг нь олж илрүүлэхээр ажиллаж байна гэж ОХУ-ын Аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төв мэдээллээ.

“Халдлага үйлдсэнийхээ дараа гэмт хэрэгтнүүд Орос-Украины хилийг давах зорилготой байжээ. Гэмт хэрэгтнүүдийн хамсаатнууд Украинд байсан" гэж тусгай алба мэдээлсэн байна.

"Халдлагыг урьдаас сайтар төлөвлөсөн байсныг тогтоосон. Террористуудын ашигласан зэвсгийг нууц агуулахад урьдчилан бэлдсэн байсан” гэж Аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төвөөс мэдээлэв.

Террористуудыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Хамгийн аз жаргалтай улсаар Финланд дахин шалгарлаа

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

/AFP/. Финланд улс дэлхийн хамгийн аз жаргалтай орноор долоо дахь жилдээ дараалан шалгарсныг Дэлхийн аз жаргалын тайлан харууллаа. Дэлхийн аз жаргалын өдрийг тохиолдуулан НҮБ-аас уг тайланг жил тутам танилцуулдаг юм.

Финландын дараа Дани, Исланд, Швед бичигдсэнээр Скандинавын орнууд хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтын эхний байруудад хэвээр үлдсэн байна. Харин 2020 онд талибуудын хяналтад орсноор хүмүүнлэгийн сүйрэлд нэрвэгдээд буй Афганистан улс 143 орныг хамарсан жагсаалтын сүүлийг мушгилаа.

Дэлхийн аз жаргалын тайланг 10 гаруй жилийн өмнөөс гаргаж эхэлснээс хойш АНУ, Герман улсууд анх удаагаа хамгийн аз жаргалтай 20 орны тоонд багтаагүй бөгөөд 23 ба 24 дүгээрт бичигджээ. Тус хоёр улсын оронд Коста-Рика, Кувейт эхний 20-д багтан 12, 13 дугаарт жагссан байна.

Хамгийн аз жаргалтай улс орнуудын тоонд хамгийн олон хүн амтай улсуудын аль нь ч багтаагүй гэдгийг онцлох нь зүйтэй. Тодруулбал, эхний 10-т бичигдсэн орнуудаас зөвхөн Нидерланд, Австрали хоёр 15 саяас дээш хүн амтай байгаа бол эхний 20-д орсон улсуудаас зөвхөн Канад, Их Британи хоёр 30 саяас дээш хүн амтай.

Аз жаргалын түвшний үзүүлэлт 2006-2010 оноос хойш хамгийн их буурсан орнуудад Афганистан, Ливан, Йордан орсон бол Серб, Болгар, Латви зэрэг Зүүн Европын орнуудад хамгийн ихээр нэмэгджээ. Уг үзүүлэлтийг хувь хүний амьдралын сэтгэл ханамж, нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн хангамж, дундаж наслалт, хүмүүсийн өглөгч өгөөмөр байдал, эрх чөлөө, авлига зэрэгт үндэслэн гаргадаг.

“Финландчууд байгальтай ойр байж, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалдаг нь амьдралдаа сэтгэл ханамжтай байхад голлон нөлөөлдөг” гэж Финландын Хельсинкийн их сургуулийн аз жаргал судлаач Женнифер Де Паола ярилаа.