- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа

Энэ оны зургадугаар сарын 5-ны өдрөөс эхлэн цахилгаан болон дулааны үнийг таван хувиар нэмсэн журам хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан иргэдийн зүгээс гомдол санал илэрхийлэх болсон. Энэ талаар иргэд болон холбогдох албан газруудаас мэдээлэл авлаа.

“Төрийн банк”-ны Хүүхдийн-100 салбараар орж, хэрэглээний төлбөрөө төлж буй хоёр гурван хүнээс цахилгаан, дулааны төлбөр нэмэгдсэн эсэх талаар асуухад “Нэмэгдсэн байна, одоо төлөхөөс яах вэ дээ. Манай төр засаг иргэдээ боломжийн амьдруулах биш, иргэдийнхээ халаас руу тэмтрэхээс хэтрэхгүй юм даа” гэх мэтээр бухимдалтай байгаагаа илэрхийлж байв. Иргэн Г.Мөнхзул “Цахилгааны үнэ айхтар нэмэгджээ, сая ирээд бүр шоконд орлоо. Манайх хуучны гурван өрөө орон сууцанд амьдардаг. Урьд нь өвөл 110-130 мянган төгрөг төлдөг, зундаа 60-80 мянган төгрөгнөөс хэтэрдэггүй байсан. Гэтэл сая зургадугаар сарын төлбөр 153.957 төгрөг гарсан байна. Өвөл халаалт ирэхээр яах билээ, бүх юмны үнэ өсч байдаг, цалин нэмэгдэх биш, үнэхээр хэцүү байна” хэмээн төлбөр төлсөн баримтаа харуулав. Тэрбээр үргэлжлүүлэн “Наадамлаж яваад ирэхэд сюрпризтай угтах юм аа, цахилгаан дулаанаа төлөхдөө хүмүүс сэтгэл зүйгээ бэлдэж ирмээр юм байна” гэж үглэсээр гарч одлоо.

Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар тогтоол, 2026 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 71 дүгээр тогтоол шийдвэрийн дагуу цэвэр бохир усны үнэ

тарифт өөрчлөлт орж 2026 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн усны суурь хураамж-3750, цэвэр ус-2000, бохир ус-1820, халуун ус-1714 төгрөгөөр тооцохоор үнийг шинэчлэн тогтоосон аж. Энэ талаар, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны дарга Г.Цогтсайханаас тодруулахад “Манай байгууллага зохицуулагч байгууллага. Хэрэглэгч болон ус дулаанаар хангагч байгууллага, төр гурвын

дунд зохицуулан тэнцвэржүүлэгч үүрэгтэй. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаас хоёр төлөөлөл, хангагч байгууллагуудын талаас хоёр төлөөлөл, үлдсэн нэг нь төрийн төлөөлөл гэсэн хараат бус таван салбар гишүүн байгууллагын нэгдсэн шийдвэрээр үнэ тариф тогтоодог. Түүний дараа Хууль зүйн яамаар батлуулдаг. Хэрэглэгчийн эрх ашиг талаасаа, НҮБ, ХЭҮК-оос гарсан зөвлөмжид нэг өрхийн хэрэглээний зардлын төлбөр өрхийн орлогын таван хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байдаг. Манай улсын хувьд цалин, орлогын түвшинд үндэслэн хэрэглээний төлбөрийг одоогийн нэмэгдсэн байдлаар өрхийн орлогын нэг хувь хүргэхгүй байхад анхаарч ажиллаж байна

Гэхдээ олон жил үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүй хэмжээнд алдагдалтай ажиллаж, өртгөөс доогуур үнэ барьж ирсэн боловч хэрэглэгчдийн эрх ашгийг хангах, цаашдын хэрэглээний үе шатад доголдол үүсэхгүйн тулд зарим шат дараатай ажлуудыг хийх шаардлага үүссэн. Ус, дулааны үнэ нэмэгдэх болсон хоёр гол шалтгааны нэгдүгээрт, цахилгааны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь ус болон дулаан ашиглалтыг цахилгааны тусламжгүйгээр үйлчилгээ явуулах ямар ч боломжгүй. Хоёрдугаарт, хэрэглэгчдийг ус дулаанаар хангах үйлчилгээг тасалдал хүндрэл учруулахгүйгээр хүргэж байхын тулд тодорхой хэмжээнд шинэчлэл, сайжруулалтын ажлыг хийх шаардлагатай болсон. Улаанбаатар хотын усан хангамж 1930 он гэхэд доголдоно гэсэн эдийн засгийн судалгаанд үндэслэн, шинэчлэлтийн ажлын хүрээнд Засгийн газар АНУ-аас 350 сая ам.долларын зээл авч, шинэ эх үүсвэр бий болгосон, Хятад улсын 300 сая ам.долларын зээлээр цэвэрлэх байгууламж барьсан гэх мэт бодит зардлууд нэмэгдсэн учраас одоогоор хэрэглээний усны тухайд нэг л тутамд 0.66 төгрөг нэмэгдэж хоёр төгрөг болсон байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

ХУД-ийн 12 дугаар хорооны өндөр настан, хувиараа хөдөлмөр эрхлэгч М.Энхтуяа “Эгч нь өрхийн хэрэгцээнээс гадна, өвөл зуны хүлэмжид ногоо тарьж амьдрал ахуйдаа нэмэрлэдэг. Бас өвөл гал түлж агаарын бохирдол нэмэхгүй гэж бодож цахилгаанаар халаалтаа шийдсэн байдаг. Гэтэл цахилгааны үнэ нэмэгдээд байхад тэтгэврийн хэдэн цаас хаана ч хүрэхгүй. Зундаа санхүүд нэмэр болохоор эрхэлж байгаа ногоогоо усалдаг мотороо цахилгаанаар ажиллуулдаг юм. Ногоогоор ашиг олох биш, хөдөлмөрлөж цахилгаандаа зарцуулах болох гээд байна шүү” гэсэн юм.

Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 345 дугаар тогтоол шийдвэрийн дагуу халаалт дулааны үнэ тарифт өөрчлөлт орсон нь зургадугаар сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа юм. Энэ талаар ЭХЗХ-ны ажилтан н. Энхтүвшин “Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, үнийг бодит өртөгт ойртуулах зорилгоор дулаан, цахилгааны суурь үнийг үе шаттай нэмэх асуудал олон жил яригдаж байсан. Үйлдвэрлэлийн өртгөөс доогуур үнээр алдагдалтай байдалтай олон жил явсны үндсэн дээр таван хувиар нэмэх шийдвэр гаргаад, нэмэгдлийг зургадугаар 5-наас хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсад дулааны эрчим хүчний борлуулалтын үнэ болон бодит өртгийн хооронд 80 хувийн зөрүү үүссэн байдалтай. Уг зөрүүг улсын төсвөөс болон салбар байгууллагууд өөрсдөө алдагдал хүлээх байдлаар нөхөж ирсэн бөгөөд цаашид иргэдийн амьдралд дарамт нэмэхгүйгээр үе шаттайгаар нэмэгдүүлэхээс аргагүй. Бодит тооцоо судалгаа хийхгүй, дураараа нэмэх асуудал байхгүй” гэлээ.

Сүхбаатар дүүргийн Бага тойрогт байрлах ОСНААГ-ын ажилтнаас энэ асуудлын талаар иргэд санал гомдол ирүүлж буй талаар тодруулахад “Нэмэгдсэнээс хойших хэрэглээний төлбөрүүд хуулийн хугацаагаараа одоо нэхэмжилж эхэлж байгаа болохоор, манайд ирсэн санал гомдол байхгүй” гэсэн юм.

Баяр наадам өндөрлөж, цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэнийг иргэд төлбөрөө төлөхдөө одоо л мэдэрч эхлэх байх даа.

Б.ДАРИЙМ

Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу?

Posted By Алсын Хараа On In Нийгэм,Онцлох | No Comments

Шинэ “Цэнгэлдэх хүрээлэн” барина гэдэг мэдээ сайхан л сонсогдож байна. Гэхдээ хотод биш, “Хүй долоон хутаг”-т барих юм байх. “Хүй долоон худаг” нь Улаанбаатар хотын баруун хойд талд, Хүй мандалын дэнжид оршдог, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан болдог гол төв юм.

Энэ жил тэнд “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны арга хэмжээ болсон. Бичлэг, рийлүүдээр бол сүрлэг сайхан арга хэмжээ харагдсан ч очиж үзсэн иргэдийн ам төдийлөн сайнгүй байлаа. Анхны юм алдаа мадаг гарсан л байх. Ерөнхийдөө Монголын гоё сурталчилгаа болсон. Болж өнгөрсөн үйл явдлууд, олны сэтгэгдлүүдийг харахад тэнд шинээр Цэнгэлдэх хүрээлэн барина гэдэг сэтгэлийн хөөрлөөр хийх ажил биш. Үнэндээ эдийн засаг сайнгүй ийм үед үзэл сурталд зориулсан хурдан хуумгай юм хийж, мөнгө үрмээргүй байна. Манай эрх баригчид сонгууль ойртохоор юм хийсэн болж харагдах шахаанд орчихоод үйлээ үзэж байна. Аргаа бараад болсон болоогүй баахан жижиг сажиг төсөл барьж авах гээд ядаж байгаа. Арван жил засаг барьчихаад “...одоо л МАН нь та нар дээрээ очиж байгаа шүү” гэж намын их хурлаараа мэдэгдсэн болохоор өөрөөр харах үндэслэл тун бага байна л даа. Өнгөрсөн намар хуралдсан намын их хурлынх нь гол уриа “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэдэг уриа байсныг арай мартчихаагүй биз дээ. Энэ мессэжийг би хувьдаа өнөөдрийг хүртэл ойлгох гээд чадаагүй юм. Нэг талаас аймшигтай муухай тохуурхал, доромжлол юм шиг... Юутай ч “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэх уриа нь улс төрийн гүн ухааны хувьд тун сонирхолтой парадокс үүсгээд байгаа юм.

Арван жилийн турш засаг барьж, төрийн бүх шатны эрх мэдлийг хэрэгжүүлчихээд “Одоо л та нар дээрээ бид эргэн очиж байна” хэмээн тунхаглах нь “Бид өдийг хүртэл өөр хаа нэгтээ, ард түмнээс ангид оршиж байжээ” гэдгээ өөрсдөө өмнөх үггүйгээр хүлээн зөвшөөрсөн хөгжилтэй хэрэг биш гэж үү?

Ард түмэн нь байрандаа л байсан, харин эрх баригчид хаашаа явчихаад, 2028 оны сонгуулийн сургаар ийнхүү “эргэн ирэлт” зарлаж буйг ойлгоход улс төрийн гүнзгий ухаан ч дутах шиг.

Үнэн хэрэгтээ бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд олигтой том өөрчлөлт хийхгүй, иймэрхүү популист мессэжээр хий эргэх нь нэгэнт тодорхой болсон тул одоо татвар төлөгчид өөрсдийн мөнгөөр улс төрийн намын оноо цуглуулах башир төслүүдийг санхүүжүүлэхээс татгалзаж, “үгүй” гэж хэлэх цаг болсон. Тиймээс “Төв Цэнгэлдэх Хүрээлэн” -гээ тордож, илүү гоё болгож өөрчилье. Манай “Төв Цэнгэлдэх Хүрээлэн” бол 1958 онд байгуулагдсан, 68 жилийн турш үүргээ гүйцэтгэж ирсэн газар. Одоо 12500 суудалтай, үүнийг 25000- 40000 хүртэлх үзэгчийг хүлээн авах орчин үеийн цогцолбор болон өөрчлөх боломжтой гэж үздэг. Тив дэлхийн тэмцээн уралдааны эрх авч зохион байгуулдаг, жилийн дөрвөн улирал үйл ажиллагаагаар хангагддаг ийм болгож өөрчилье л дөө.

“Хүй долоон худаг” явахдаа таван цаг, ирэхдээ таван цаг болдог газар хэн тийшээ очиж, аятай тухтай наадаж чадах юм. Дохио хангинуулсан дарга нар л хурдан ирж очдог байх. Үүнийг нь ч бүгд харлаа шүү дээ. Нөгөө талаас яг өнөөдөр “Хүй долоон худаг”-т аварга байгууламж барих нь сэтгэлийн хөөрлөөр, эсвэл сонгууль угтсан үзэл суртлын шахалтаар хийх ажил биш юм. Манай улсын эдийн засаг уул уурхайн экспорт болон Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэлийн өсөлтөөр тэтгэгдэн, Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь 2026 онд 5.0-6.5 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Хэдийгээр макро тоонууд эерэг харагдаж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа ч дотоодод инфляцийн дарамт 7.5-8.0 хувь орчимд хадгалагдаж, иргэдийн амьжиргаа, худалдан авах чадварт мэдэгдэхүйц нөлөөлсөөр байна. Иймээс төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй, үзэл суртал хөөцөлдсөн төслүүдэд зориулж “хий үрэх” эрх бидэнд байхгүй. Ийм нөхцөлд манай эрх баригчид энэ шийдвэрээ баталгаажуулбал сонгуулийн мөчлөг угтсан “Үзүүлэнгийн төсөл”-ийн сонгодог жишээ л болно.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бол Цэнгэлдэх хүрээлэнг хотын захад “Тусгаарлагдсан сансрын хөлөг” шиг юм барихаас татгалзаж, хотынхоо төвд, дэд бүтцийг нь түшиглэн хөгжүүлдэг орчин үеийн спорт- энтертайнмент дүүргийн загварыг түлхүү баримталж байна.

Мексикийн Мехикод “Esta­dio Azteca” гэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авдаг гоё цэнгэлдэх бий. Энэ бол Цэнгэлдэх хүрээлэнг шинээр барихаас илүү хуучин түүхт байгууламжаа үе шаттайгаар, орчин үеийн техникийн стандартад нийцүүлэн шинэчилж, олон арван жилийн турш үнэ цэнээ алдахгүй ашиглаж болдгийн тод жишээ гэгддэг юм байна. Бас Шинэ Зеландын Оклендад “Eden Park” гэж бий. Хотынхоо төвд орших тус үндэсний цэнгэлдэх хүрээлэн нь зөвхөн спорт гэлтгүй олон улсын хурал зөвлөгөөн, томоохон соёл урлагийн арга хэмжээнүүдийг тогтмол хүлээн авдаг. Жишээ нь, ердөө гурван өдрийн чуулга уулзалтаар 20000 гаруй төлөөлөгч хүлээн авч, хотын зочид буудал, нийтийн тээвэр, хоол ундны салбарт хэдэн сая ам.долларын бодит ашиг орлого оруулж байдаг.

“Төв Цэнгэлдэх хүрээлэн”-г шинэчилснээр гарах давуу талууд гэвэл нэгдүгээрт, төсвийн асар их хэмнэлт гарна. Хан-Уул дүүрэгт байрлах “Төв цэнгэлдэх хүрээлэн” нь цахилгаан, дулаан, усан хангамжийн нэгдсэн сүлжээнд аль хэдийнэ холбогдсон. Шинэ газарт дэд бүтэц татах гэж тэрбум тэрбумаар нь үрэх шаардлагагүй. Хотын иргэд 10 цагийг зам дээр үрэх шаардлагагүй болно. Жилийн дөрвөн улирлын орлоготой болно. Битүү дээвэртэй, халаалтын ухаалаг шийдэлтэй болгосноор өвлийн улиралд ч тив дэлхийн тэмцээн уралдаан, соёлын арга хэмжээ зохион байгуулж, улсын төсөвт дарамт болохгүйгээр өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг эдийн засгийн өгөөжтэй объект болно. Сонгуулийн амлалт дагаж, хотоос алслагдсан “Хүй долоон худаг” руу татвар төлөгчдийн мөнгийг цацах нь урт хугацаандаа эдийн засгийн дарамт, ашиглалтгүй хоосон барилга л үлдээх эрсдэлтэй. Харин хуучин “Төв Цэнгэлдэх Хүрээлэн”-гээ дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх нь хотын өнгө үзэмжийг засаад зогсохгүй, Монгол Улсын спорт, аялал жуулчлалын салбарт хийх хамгийн ухаалаг, үр ашигтай хөрөнгө оруулалт байх болно. Мэдээж “Хүй долоон худаг” аа ч хурдан морины уралдаандаа зориулсан илүү гоё орчин болгох шаардлагатай биз.

Бид юм болгоныг эсэргүүцдэг, улсаа хөгжүүлэхийн эсрэг хүмүүс биш. Гагцхүү өнөөдөр бодит хөрсөө зөв тооцож, татвар төлөгчдийнхөө мөнгийг үр ашиггүй төсөлд зориулахаа больцгооё гэж уриалж байгаа юм. Хэдий болтол бид уул уурхайн ганц хотынхоо 50 жилийн ой болоход 50 жилийн ухамсарт амьдралаа тэр үйлдвэрийн цехэд өнгөрүүлсэн мастер биш, бэлэн байгууллагыг улс төрийн томилгоогоор ирж удирдсан дарга Хөдөлмөрийн баатар болдог гунигийн орон байх юм бэ...

СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ

"Өдрийн сонин"

/2026.07.27/

Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ

Posted By Алсын Хараа On In Онцлох,Спорт | No Comments

АНУ-ын Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотод болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шувтаргын тоглолтод Испанийн шигшээ баг Аргентины багийг нэмэлт цагт 1:0-ээр хожлоо.

Тоглолтын цорын ганц гоолыг 106 дахь минутад Ферран Торрес оруулжээ.

Финалын тоглолтын завсарлагааны үеэр хаалтын шоу үргэлжилсэн бөгөөд шоу тоглолт эхлэхээс өмнө эхэлсэн юм. Уг шоунд дуучин Мадонна, Шакира, мөн Канадын поп дуучин Жастин Бибер нар оролцож уран бүтээлээ толилууллаа. Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) энэхүү хөгжмийн шоунд зориулж шувтаргын тоглолтын завсарлагааны хугацаа 15 минут байсныг бараг хоёр дахин уртасгаж, 27 минут болгосон байна.

Испани, Аргентины багууд ДАШТ-д хоёр дахь удаагаа хоорондоо таарч тоглолоо. Тэд анх 1966 оны ДАШТ-ий хэсгийн шатанд учраа таарч байсан бөгөөд тухайн үед аргентинчууд 2:1-ээр хожиж байсан юм.

Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ. Тус баг анх 2010 оны финалд Нидерландын шигшээг нэмэлт цагт 1:0-ээр хожиж, аваргын цом өргөж байсан юм. Испаничууд ДАШТ-ий финалд ердөө хоёрхон удаа шалгарчээ. Аваргын цомын тоогоор Испанийн шигшээ баг Франц, Уругвайн багуудтай зэрэгцэж ирсэн бөгөөд тэдний өмнө Бразил (5), Герман, Итали (тус бүр 4) болон Аргентины (3) багууд бичигдэж байна.

Аргентины шигшээ багийн хувьд энэ нь ДАШТ-ий долоо дахь шигшээ тоглолт байв. Аргентинчууд финалын тоглолтуудад гурван удаа (1978, 1986, 2022) хожиж, дөрвөн удаа (1930, 1990, 2014, 2026) хожигдол хүлээжээ. Ингэснээр хожигдсон финалын тоглолтын тоогоор Нидерландын багийг (1974, 1978, 2010) гүйцэж түрүүлэн, Германы багтай (1966, 1982, 1986, 2002) зэрэгцэв.

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ зургаадугаар сарын 11-нээс  АНУ, Канад, Мексик улсуудад явагдсан бөгөөд анх удаа 48 баг оролцлоо. Өмнөх буюу 2022 оны ДАШТ-ий финалд Аргентины шигшээ баг Францын багийг торгуулийн цохилтоор буулган авч түрүүлсэн билээ.

“Эпштейнтэй харилцаатай байсан” гээд хандиваа зогсоожээ

Posted By Алсын Хараа On In Дэлхий,Онцлох | No Comments

Б.Баяр

Эпштейний файл. Энэ бол АНУ-ын Конгрессоос Эпштэйний хавтас хэргийн ил тод байдлын тухай хуулийг 2025 оны арваннэгдүгээр сард баталсан. Үүний дагуу тус улсын Хууль зүйн яам, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хянан шалгах болон засаглалын реформын хорооноос уг хавтаст хэргийн шинэ баримтуудыг ил тод, нээлттэй болгосон юм. Эпштейний файлаас Оюу толгойн гэрээ, охидын эрх, улс төрийн сонгуультай холбоотой эргэлзээтэй бөгөөд ноцтой зүйлсүүд илэрсэн. Тодруулбал, тус файлаас “Монгол” гэх түлхүүр үгээр хайхад давхардсан тоогоор 900 орчим орчим илэрц гарч иржээ. Түүгээр Монгол Улсын ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2009-2021 оныг хүртэл хашсан хоёр эрхэм Эпштейнтэй харилцаатай байсан нь тодорхой болсон. Мөн, Оюу толгойн гэрээ яагаад одоо болтол ашиг өгөхгүй байгаагийн нууц, бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй монгол охидын тухай мэдээллүүд тэнд бий. Үүнээс гадна Монголын улс төрийн сонголт монголчуудынх байдаг уу, үгүй юу гэдэгт ч хариулт өгөх мэдээллүүд Эпштейний файл /https://www.justice.gov/epstein/-д байгаа юм.
Гэвч, үүнд монголчууд ач холбогдол өгөхгүй, анхаарал тавихгүй хэвээр л байна. Эсрэгээрээ, Монголд энэ тухай хэн нэгэн хөндвөл цахим сүлжээнд “зодуулж” адлагддаг. Гэтэл насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт татан оролцуулсан хэрэгт ял шийтгүүлж, улмаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хэрэгт шалгагдаж байхдаа нас барсан, хэд хэдэн улсын улс төрчид, банк, санхүү, бизнесийн нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон хувь харилцаагаараа дамжуулан үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулж байсан Жеффри Эпштейнтэй холбоотой олон улсын анхаарлын төвд орж, улс орнууд уг файлтай холбоотой “хэрэг”-ээр арга хэмжээнүүдийг авсаар байна.
Хамгийн сүүлд л гэхэд, хөрөнгө оруулагч, тэрбумтан Уоррен Баффет хэдхэн хоногийн өмнө “Microsoft”-ийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтстэй хамтран “The Giving Pledge” санаачилгын дор байгуулсан санд өгдөг хандиваа зогсоожээ.

Уоррен Баффет 1970-2026 оны хооронд Америкийн тэргүүлэгч холдинг компаниудын нэг, дэлхийн томоохон конгломерат болох “Berkshire Hathaway”-ийг үүсгэн байгуулж, ТУЗ-ийн дарга бөгөөд хамгийн том хувьцаа эзэмшигчээр ажилласан. Бизнес болон хөрөнгө оруулалтын амжилтаараа асар их хөрөнгө хуримтлуулсан түүнийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Омахагийн зөнч”, мөн “Мэргэн хүн” хэмээн хочилдог. Тэрээр асар их хөрөнгөтэй хэдий ч үнэ цэнд суурилсан хөрөнгө оруулалт болон хэмнэлттэй амьдардаг нэгэн.

Билл Гейтсийн сангийн тухайд Уоррен Баффет 2006 онд Гейтсийн гэр бүлтэй хамтран орлогынхоо дор хаяж тал хувийг буяны үйлсэд зориулахаа амладаг “The Giving Pledge” санаачилгыг үүсгэн байгуулжээ. Үүнийг хэрэгжүүлэх сан нь ах “Gates foundation” нэртэй байгууллагдаж байжээ. Уоррен Баффет тухайн үед өөрийн эзэмшлийн “Berkshire Hathaway” компанийн хувьцааны орлогыг насан туршдаа жил бүр хандивлахаа амлаж байв. Гэвч Билл Гейтс алдарт Жеффри Эпштейнтэй харилцаатай байсан нь илэрсэнтэй холбоотойгоор 2026 онд Гейтсийн сантай хамтын ажиллагаагаа зогсоосон байна. Олон улсын хэвлэлүүд “Уг санд Уоррен Баффет 2006 оноос хойш нийт 48 тэрбум ам.долларын хандив өргөсөн. Өнгөрсөн 2025 онд л гэхэд 4.5 тэрбум ам.доллар хандивлажээ. Цаашид тус санд өгөхөөр төлөвлөж байсан хөрөнгөө өөрийн гэр бүлийн удирддаг дөрвөн санд шилжүүлэхээр боллоо” хэмээн мэдээлж байна. 95 настай тэрээр хандивтай холбоотой мэдэгдэлдээ Билл Гейтс эсвэл Жеффри Эпштейн нарын нэрийг дурдаагүй боловч “Хувьцаагаа ирэх найман жилийн хугацаанд бүгдийг нь шилжүүлж дуусгана” гэдгээ мэдэгджээ. Ингэхдээ “Мэдээж хэрэг, хүн хэзээ хорвоог орхихыг таашгүй. Гэхдээ миний эзэмшилд үлдсэн хувьцаанууд 2034 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор ямар нэгэн байдлаар дээрх дөрвөн санд хандивлагдах болно” гэж мэдэгдсэн байна.
Харин Билл Гейтс Жеффри Эпштейн нарын холбоо хамаарлын талаарх мэдээлэл АНУ-ын Хууль зүйн яамнаас 2026 оны нэгдүгээр сард Эпштейний баримт бичгүүдийг олон нийтэд дэлгэснээр ил болсон юм. Гэхдээ Уоррен Баффет гуравдугаар сард CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ бүх асуудал ил болсноос хойш Гейтстэй яриагүй” гэсэн байдаг. Тэгэхдээ “Би ямар нэг зүйл мэдэж байгаагийнхаа улмаас гэрчээр дуудагдах нөхцөл байдалд орохыг хүсэхгүй байна” гэж хэлж байжээ.

Улмаар өнгөрсөн зургадугаар сард Билл Гейтс АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хороонд Жеффри Эпштейнтай холбоотой асуудлаар “байцаалт” өгсөн.  Түүний өгсөн мэдүүлгээр “Тэд 2011 онд Эпштейнтэй танилцсан. Ингэсэн шалтгаан нь тэрээр Жеффри Эпштейнийг дэлхийн эрүүл мэндийн салбарт олон тэрбум ам.долларын хандив босгож чадна гэж үзсэнтэй холбоотой” гэжээ. Мөн тэрээр “Жеффри Эпштейнийг өмнө нь хуулийн асуудалд холбогдож байсныг мэдэж байсан ч үйлдсэн гэмт хэргийнх нь цар хүрээг бүрэн ойлгоогүй байсан” гэсэн байна. Цаашлаад “Би Жеффри Эпштейнтэй огт уулзах ёсгүй байсан юм. Тэрийг одоо ойлгож байна. Хэрэв тэр амласан хандивлагчид олсон ч түүнтэй харилцаа тогтоосныг зөвтгөх үндэслэл болохгүй гэдгийг би ойлгож байна” гэжээ. Харин Уоррен Баффет жил бүр хийдэг томоохон хэмжээний буяны хандиваас “Gates Foundation”-ийг хассаныхаа дараа Билл Гэйтс болон Жеффри Эпштейн нарын харилцааг “Тааламжгүй” хэмээн тодорхойлсон байна. “Би нэгдүгээр сараас хойш Билл Гейтс, Жеффри Эпштейн нарын хооронд болсон үйл явдлын талаар маш их зүйлийг уншсан. Энэ нь тааламжгүй зүйл байсан. Тэр алдаа гаргасан нь үнэн. Гэхдээ би ч бас төрөл бүрийн хүмүүсийг ажилд авах эсвэл найз нөхдөө сонгохдоо алдаа гаргаж, хожим нь тэднийг өөрийнхөө бодож байснаас өөр хүмүүс байсныг олж мэдэх тохиолдол гарч байсан. Тэнд болсон үйл явдлуудаас би өөрөө ч бас тийм нөхцөл байдалд орж болох байсан гэж бодохоос өөр зүйл олж хараагүй” гэж CNBC-ийн сэтгүүлчид ярьжээ. Түүнчлэн “Билл Гейтс гурван долоо хоногийн өмнө Омахад ирсэн. Бид гурван цагийн турш ярилцсан. Тэр над руу удахгүй залгана. Учир нь надад дахин уулзах санал тавьсан” гэсэн байна. Харин Билл Гейтс “Уоррен Баффетын манай санд үзүүлсэн дэмжлэг маш их байсан. Энэ нь сая сая хүний амийг аврахад тус болсон. Уоррен Баффетад хязгааргүй талархдаг. Түүнтэй уулзахдаа таатай байдаг. Цаашид олон удаа уулзана гэж найдаж байна” гэжээ. Гэхдээ олон улсын хэвлэлийн агентлагууд “Хэдийгээр Билл Гейтс ийн тайлбар өгсөн ч энэ нь Уоррен Баффет эргэж буцалтгүйгээр харилцаагаа тасаллаа” хэмээн мэдээлж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 132 (7874)

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

Posted By Алсын Хараа On In Онцлох,Спорт | No Comments

sonin.mn

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 1024 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаяр арав даван түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ.

 

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Баярхүүгийн Бат-Өлзий ес даван үзүүрлэж, “Улсын арслан” цол хүртэв

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 1024 бөх барилдсанаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Баярхүүгийн Бат-Өлзий ес даван үзүүрлэж, “Улсын арслан” цол хүртлээ.

“Улсын даян аварга цол олгох тухай” болон “Улсын арслан цол олгох тухай” зарлигийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цолны батламжийг гардуулан, энгэрийн тэмдгийг нь зүүж баяр хүргэлээ.

 

Мөнхтөрийн Лхагвагэрэлд Улсын гарьд цол олголоо

sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд найм давж “Улсын гарьд” цолны болзол хангасан Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх Мөнхтөрийн Лхагвагэрэлд цол олголоо.

Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд долоо давж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.

УЛСЫН ЗААН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:

Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх Батбаярын Сундуйжав,

Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Лхагвасүрэнгийн Энхсаруул,

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх Даваасүрэнгийн Алтанцоож.

Монгол Улсын харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд зургаа давж “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.

МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:

Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Өнөрбаянгийн Батсуурь,

Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Эрдэнэхүүгийн Мөнхжаргал,

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булган” дэвжээний бөх Бямбадоржийн Түвшинтөгс.

Монгол Улсын начин цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.

сонин mn [1]

сонин mn [2]

сонин mn [3]

сонин mn [4]

сонин mn [5]

сонин mn [5]

сонин mn [6]

сонин mn [7]

сонин mn [8]

сонин mn [9]

сонин mn [10]

МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх Ганзоригийн Жамбалдорж,

Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх Ганболдын Төрмөнх,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх Хангайн Наранбаяр,

Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Баасангийн Шаравдорж,

Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Баттулгын Өсөхбаяр,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Чойрын Богд” дэвжээний бөх Энхтөрийн Мөнхбаатар,

Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булган” дэвжээний бөх Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Энхтөрийн Баасанжав,

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх Болор-Эрдэнийн Номиндалай,

Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх Алтанхуягийн Нармандах,

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Жаргалсайханы Жавхлан,

Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган” дэвжээний бөх Насан-Очирын Намнансүрэн,

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Нямсүрэнгийн Амгаланбаатар,

Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Батхуягийн Гончигсүрэн.

сонин mn [11]

сонин mn [11]

сонин mn [12]

 

Испаничууд 16 жилийн дараа аваргын төлөө өрсөлдөнө

Posted By Алсын Хараа On In Онцлох,Спорт | No Comments
Европын аварга Испанийн шигшээ баг ДАШТ-ий эхний хагас шигшээ тоглолтод Францын багийг 2:0 харьцаагаар хожсоноор аваргын төлөө тоглохоор шалгарч үлдээд байна.
Спортын сэтгүүлчид “финалын өмнөх финал” хэмээн нэрлэж  байсан уг тоглолт АНУ-ын Даллас хотын ойролцоох Арлингтон хотод өнгөрсөн шөнө болов.
Энэ тоглолтын дараа түүхэн дэх хоёр багийн хожлын харьцаа 19:13 болж, Испанийн шигшээ \Фуриа Роха\ давамгайллаа улам бататгалаа. 2024 онд Германд болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд испаничууд Францын багийг финалд гаргалгүй зогсоосон юм. Мөн 2025 оны Үндэстнүүдийн лигийн тэмцээний хагас шигшээд гал гарсан ширүүн тоглолт болоход Испанийн шигшээ тоглолтын үндсэн цагт 5:4 харьцаагаар хожиж байв.
Энэ удаад францчууд мөн л хариугаа авч чадаагүй бөгөөд испаничуудын хамгаалалт төгс сайн байсан тул Францын багийн шилдгүүд гоол хийх моментыг ч үүсгэж чадсангүй.
Испанийн залуу довтлогч Ламин Ямалыг зогсоох гэсэн Францын хамгаалагч Люка Дина алдаа гаргасан тул тоглолтын 22 дахь минутанд Микел Ойарсабаль 11 м-ийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэлээ. Энэ нь Микелийн хувьд энэ удаагийн ДАШТ-д оруулсан 5 дахь гоол юм.
Фуриа Рохагийн хоёр дахь гоолыг 58 дахь минутанд Даня Ольмогийн өгсөн дамжуулалтаар Педро Порро Францын хаалганд оруулав.
Одоогийн байдлаар Францын довтлогч К.Мбаппе, Аргентины Месси нар ижил 8 гоол оруулаад байгаа бөгөөд Месси дор хаяж 1 тоглолт хийх үлдээд байна.
Одоо Францын шигшээ баг 18-ны өдөр Европын цагаар 23 цагт Майами хотод 3 дугаар байрын төлөө тоглох бол финалын тоглолт Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотод 19-ний өдөр орон нутгийн цагаар 15 цагт болно.
Эргэн сануулахад, өмнө нь испаничууд ӨАБНУ-д 2010 онд болсон ДАШТ-ий хагас шигшээд Германы багийг 1:0-ээр, финалд Нидерландын шигшээг нэмэлт цагт мөн 1:0-ээр хожиж байв.

Аргентинчууд 7 дахь удаагаа ДАШТ-ий финалд шалгарлаа

Лионел Мессигийн өгсөн хоёр оновчтой дамжуулалтын үр дүнд дэлхийн аварга Аргентины шигшээ баг 2:1 харьцаагаар Английн багийг буулган авч, ДАШТ-ий финалд шалгарлаа.

АНУ-ын Жоржиа муж улсын Атланта хотод өнгөрсөн шөнө болсон хагас шигшээгийн хоёр дахь тоглолт ДАШТ-ий хамгийн ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудын нэг байв. Хэдийгээр эхний үед гоол ороогүй боловч эхний минутаас эхлэн талбайн бүх хэсэгт ширүүн тулаан явагдаж, нэг хаалганаас нөгөө рүү довтолгооны давалгаа үргэлжилсээр. Хоёр багийн тоглогчид хоорондоо байнга толхилцох үед тэднийг салгаж байсан Америкийн шүүгч Исмаил Эльфат энэ тоглолтын гол баатруудын нэг байв.

Тоглолтын 55 дахь минутанд Морган Рожерсын жигүүрээс дамжуулсан бөмбөгийг Энтони Гордон хаалганд оновчтой цохиж оруулснаар англичууд тооны харьцааг нээлээ. Удалгүй “Гурван арслан” гэгддэг Английн шигшээ баг нэг гоолоо хамгаалж үлдэхийн тулд битүү хамгаалалтад шилжив. Мессигийн багийн олон ширүүн довтолгооны явцад бөмбөг азтай тохиолдлоор хэд хэдэн удаа Жордан Пикфордын хаалганы хажуугаар шүргэх шахам өнгөрлөө. Харин тоглолтын 85 дахь минутанд Мессигийн өгсөн дамжуулалтаар Энцо Фернандес холын зайнаас гоёмсог цохилт хийснээр тооны харьцаа 1:1 болов. Улмаар нэмэлт цагийн 2 дахь минутанд Мессигийн дамжуулсан бөмбөгийг Лаутаро Мартинес толгойгоороо цохиж шийдвэрлэх гоолыг орууллаа. Ийнхүү ДАШТ-д Мессигийн өгсөн оновчтой дамжуулалтын тоо 12 болж байна.

Аргентин-Английн өрсөлдөөний түүхээс

Атлантад болсон энэ удаагийн тоглолт нь сүүлийн 24 жилийн хугацаанд хоёр баг ДАШТ-д анх удаагаа учраа таарсан анхны тохиолдол байлаа.

Ташрамд дурдахад, Аргентины багийн гарааны бүрэлдэхүүнд 31 настай Жованни Симеоне багтжээ. Түүний эцэг Диего Аргентин-Английн өрсөлдөөний түүхэнд хамгийн их дуулиан тарьсан тоглолтод оролцож байжээ. 1998 оны ДАШТ-ий тухайн тоглолтын үеэр түүнтэй маргалдсан Дэвид Бекхэм талбайгаас хөөгдөж байв. Дөрвөн жилийн дараа болсон ДАШТ-д Бэкхэм 11 м-ийн торгуулийн цохилтоор хожлын гоолыг Аргентины хаалганд хийж байжээ. Энэ удаад Диегогийн хүү Жованни ДАШТ-ий хэсгийн шатанд Саудын Арабтай хийсэн тоглолтод оролцож, 72 дахь минутанд сэлгээгээр талбайгаас гарчээ.

Түүх сөхвөл, Английн баг түүхэндээ цорын ганц удаа буюу 1966 онд эх орондоо болсон ДАШТ-д түрүүлсэн юм. Тухайн үед англичууд шөвгийн наймд Аргентины багийг хожиж байсан бөгөөд тус багийн ахлагч Антонио Раттиныг талбайгаас хөөсөн нь шударга бус шийдвэр хэмээн аргентинчууд эсэргүүцэж байв.

Харин Мексикт болсон ДАШТ-1986-ын шөвгийн наймын тоглолтод Д.Марадонагийн хийсэн хоёр гоолын ачаар аргентинчууд Английн шигшээг хожсон билээ.

Аргентины шигшээ баг 1978, 1986, 2022 онуудад дэлхийн аварга болж, 1930, 1990, 2014 онуудад мөнгөн медаль хүртсэн юм.

Одоо Франц, Английн багууд хүрэл медалийн төлөө 19-нд шилжих шөнийн 05 цагаас тоглоно. Харин Испани, Аргентины багууд аваргын төлөө 20-нд шилжих шөнийн 03 цагаас тоглоно. Финалын тоглолт АНУ-ын Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотын New York New Jersey (MetLife) цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Ардын засгийн наадмыг анх тэмдэглэсэн нь

Posted By Алсын Хараа On In Онцлох,Түүх | No Comments

"Зочин нийтлэлч" буланд энэ удаа Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Г.Дашнямын бичсэн "Ардын засгийн наадмыг анх тэмдэглэсэн нь" өгүүллийг нийтэлж байна. Энэхүү өгүүлэл нь саяхан болж өнгөрсөн Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмын түүхийг тодруулах ач холбогдолтой юм.

-Ардын хувьсгалын 105 жилийн ойд зориулав-

Монголчууд нэн эртнээс төрт ёсны их баяр цэнгэл үүсгэн ёслон тэмдэглэж ирсэн түүхтэй. Харин өнөөгийн бидний тэмдэглэж буй Улсын их баяр наадам нь Ардын засгийн үед бий болжээ.  Монгол Улсын Үндэсний төв архивд хадгалагдаж буй баримтаас үзвэл, Ардын засгийн наадмын үүсгэл нь 1921 онд Хиагтад зохион байгуулсан хоёр бэсрэг наадам, 1922 онд ёслон тэмдэглэсэн “Улсын баяр наадам”-аас үүсгэлтэй ажээ.

1921 оны зун Хиагтад зохион байгуулсан анхны наадам  

Монгол Ардын Намын Төв Хороо, Ардын Түр  Засгийн газрын 1921 оны 6 дугаар сарын  28-ны өдрийн хамтарсан хурлаас Нийслэл Хүрээг чөлөөлөх түүхт шийдвэр гаргасан билээ. Нийслэл Хүрээг чөлөөлөхөөр их цэрэг хөдлөхийн өмнө цэргүүдийн урам зоригийг бадраах зорилгоор Ардын Түр Засгийн газраас Хиагтын Салдааз толгойг тахиж, нэгэн бэсрэг наадмыг зохион байгуулсан хэмээн түүхэнд тэмдэглэдэг. Энэ наадам бол Ардын Засгийн газраас зохион байгуулсан анхны наадам юм.

Харин энэ наадамд холбогдох архивын ямар нэг баримт өнөөг хүртэл илэрч олдоогүй. Гэтэл Монгол Улсын Үндэсний төв архивын Ардын Засгийн газрын хөмрөгт “Олноо өргөгдсөний арваннэгдүгээр он зуны цаг Бүргэдэй Салдааз овоог тайгаад баяр бэлгэтэйгээр наадам үйлдэхэд барилдсан бөхчүүдийн оноо данс“ гэсэн гарчигтай нэгэн сонирхолтой данс хадгалагдаж байна.

Энэхүү бөхийн оноо дансанд тэмдэглэгдсэн бөхчүүдийн нэрс, үзүүр түрүүний бөхөөс үзвэл, эл данс нь Нийслэл Хүрээг чөлөөлсөн баярт зориулан 1921 оны 7 дугаар сарын 11-нд Алтанбулаг дахь сайдын яамнаас зохион байгуулсан Салдааз овоог тахиж хийсэн наадмын оноо данснаас өөр данс болох нь төвөггүй мэдэгдэж байна. Тиймээс эл бөхийн оноолт данс нь 1921 онд Хиагтад зохион байгуулсан анхны  наадмын бөхийн оноолт данс гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Уг данснаас үзвэл, 1921 оны зун Ардын журамт цэрэг, Улаан армийн дайчдын хамт Нийслэл Хүрээг чөлөөлөхөөр хөдлөхөөс өмнөхөн Бүргэдэй Салдааз овоог тахиж, орон нутгийн чанартай бэсрэг наадмыг зохион байгуулсан байна. Энэ наадмын тавын таваанд 4 бөх шалгарч үлдсэнээс Богд гэгээний шавь Очирбат Дамбыг, Эх дагинатны бөх Ширнэн Мөнх-Очирыгг тус тус давж үзүүр түрүүнд үлджээ. Зургаагийн даваанд  Богд гэгээнтний шавь Очирбат даван түрүүлж, Эх дагинатны бөх Ширнэн үзүүрлэсэн ажээ.

1921 оны 7 дугаар сарын 11-нд Хиагтад зохион байгуулсан хоёр дахь наадам

Хиагтын яамны сайд Н.Билигсайхан тэргүүтэй  Ардын Түр Засгийн газрынхан Нийслэл Хүрээг  чөлөөлсний баярт зориулан 1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хиагтын Салдааз овоог тайгаад, нэгэн бэсрэг наадам  зохион байгуулжээ. Тус наадамд   Дээд Шивээн дэх Оросын төлөөлөгчид уригдан оролцож, “Красной Народно-революционной Армий Монголий память совместной борьбы с белогвардскими бандами барон от экспедиционного корпуса” гэсэн бичиг бүхий улаан туг гардуулжээ.

Энэ наадам нь Ардын хувьсгалын ялалтад зориулан зохион байгуулсан анхны наадам юм. Тус наадмын үеэр сүүдэрлэсэн наадмын арга хэмжээнд оролцогчдын гэрэл зураг, наадмыг хэзээ, хэрхэн зохион байгуулсан тухай С.Янжмаагаас өөрийн нөхөр Их жанжин Д.Сүхбаатарт бичсэн нэгэн захидал  бидний үед уламжлагдан иржээ.

С.Янжмаа өөрийн захидалдаа “... Гагцхүү та бүхнийг Их Хүрээний зүг мордсоноос хойш лавлалтай нарийн чимээг олж сонссонгүй байсаар энэ зуны сүүл сарын шинийн дөрвөний өдрөө(1921.07.09 ) Дээд Шивээний газраа ирсэн цахилгаан мэдээний учрыг сонсож ихэд баярласан ба дараа шинийн тавны өдөр (1921.07.10) орос ноёд манай яамны түшмэд, албаны хүмүүс болон олон цэргүүдийг бидний хамт Дээд Шивээний газраа урин аваачиж, Хүрээг эзлэн авсан их баяр хэмээн найр барив.

Мөн шинийн зургааны өдрөө(1921.07.11) Салдааз овоог тайж, баярын наадам хийхийн ташрамд мөнхүү Оросын их, бага ноёд, албаны хүмүүсийг урин авчирч будаалуулсан ба тэдний их жанжнаас манай Ардын намын үйлс дэлгэрэн бүтсэн их баяр хийгээд мөн манай хоёр улс гүн зузаан найрамдлалтай болсон хэмээн нэгэн их улаан туг авчирч өгснийг манай яамны түшмэд хүлээн авчээ” хэмээн Хиагтын эл наадмын талаар дэлгэрэнгүй тодорхой тэмдэглэсэн байна.

1922 онд зохион байгуулсан Ардын хувьсгалын нэгэн жилийн ойн баяр наадам

Монгол ардын хувьсгалын  ойн баярыг Монгол Ардын Нам, Ардын Засгийн газрын шийдвэрээр 1922 онд анх удаа “Улсын их баяр” болгон  тэмдэглэжээ.

Монгол Ардын Нам, Ардын Засгийн газар 1922 онд Ардын хувьсгалын нэгэн жилийн ойн баярыг улс даяар өргөн тэмдэглэхээр шийдвэрлэж, олон талт бэлтгэл арга хэмжээ авсан. Баяр ёслолыг явуулах журмын төслийг зохиох тусгай комиссыг Намын Төв Хорооноос томилон ажиллуулж, зохиосон төслийг нь Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн болон Бүгд хурлаар хянан хэлэлцэж залруулан засамжлаад Засгийн газарт батлуулахаар шилжүүлсэн. 1922 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан Засгийн газрын  32 дугаар хурлын нэгдүгээр зүйлд уг дүрмийн төслийг хянан хэлэлцээд, “...жил бүр улсын баяр ёслол явуулах тухай ...ёслолын дүрэм хэмжээ нийлэмжтэй болсон тул ёсоор болгон баталсугай” гэсэн тогтоол гаргажээ.

Энэхүү “Улсын баяр ёслолыг явуулах дүрэм хэмжээ”-нд “Бидний Монгол ардын журамт цэрэг Олноо өргөгдсөний арваннэгдүгээр оны зуны сүүл сард гадаадын харгис дайсныг арилгаж Нийслэл Хүрээг эзэлж, мөнхүү сарын шинийн зургааны өдөр хуучин эзэрхэг засгийг устгаж...ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулсны тулд одоо зүй нь улсын баяр ёслолыг жил бүр зуны сүүл сарын шинийн зургааны өдөр явуулбаас зохино” гэж заагаад, улсын баяр ёслолыг гурван өдөр хийхээр тогтоож, ёслолыг ямар дэс дараалалтайгаар, хэрхэн явуулахыг зүйлчлэн тодорхойлжээ.

Эл баримтад заасанчлан 1922-1924 онд Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн билгийн улирлын 6 дугаар сарын шинийн зургааны өдөр ёслон тэмдэглэж байсан нь аргын улирлын өөр өөр өдөрт тохиолдож байв. Харин 1924 онд хуралдсан Улсын анхдугаар их  хурлын шийдвэрээр оны тооллыг билгийн улирлын тооллоос аргын улирлын тоололд шилжүүлснээр  1925 оноос Ардын хувьсгалын ойн баяр наадмыг жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр ёслон тэмдэглэх болжээ.

“Улсын баяр ёслолыг явуулах дүрэм хэмжээ” хэмээх архивын баримт болон тэр цагийн тогтмол хэвлэлийн мэдээ, уг баярт оролцогчдын дуртгал сэлтээс үзвэл, 1922 оны 7 дугаар сарын 30-ны өдөр  цэрэг ардууд жагсан, их буугаар гурван зэрэг буудан ёсолж  баяр ёслолын ажиллагааг нээжээ. Мөн өдөр Богд хаан, Улсын Эх дагина Эрдэм Итгэмжит сүмийн ордноос төрийн ордонд заларч, Улсын их баярын төрийн ёслолыг гүйцэтгэжээ.

Баярын хоёр дахь өдөр 11 цагийн үед тэр үеийн Гаалийн хорооны дэргэдэх их чөлөөнд байсан зарлалын индрийн дэргэд Засгийн газар, олон яамдын албаны хүмүүс, Ардын журамт цэргийн төлөөлөгчид, ард нийтээр хуран цугларч, Шүүх яамны тэргүүн сайд Н.Магсаржав ард олонд баяр хүргэн цуглааныг нээсний дараа Намын Төв Хороо, Хувьсгалт залуучуудын төлөөлөгчид Ардын хувьсгалын ялалт, ардын засаг төр тогтон мандсаны ойг ёслон тэмдэглэхийн утга учир, ач холбогдол, тус улсын улс төрийн байдлын талаар илтгэл хийж, мөн ЗСБНХОУ-ын Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч А.Я.Охтин баяр хүргэж үг хэлжээ.

Баярын гурав дахь өдөр өглөөний есөн цагт мөн газар Нийслэл Хүрээний хамгаалах цэргийн ангиуд цугларч, цэргийн болон гимнастикийн сургууль үйлдэн нийтэд сонирхуулжээ. Эдгээр арга хэмжээний зэрэгцээ баярын өдрүүдэд уламжлалт заншлын дагуу эрийн гурван наадмыг наадаж, нийтээр цэнгэлдсэн байна. Буянт ухаагийн хөндийд болсон энэ наадмын хүчит бөхийн барилдаанд Луу гүний Вандан заан, Сэцэн чин вангийн Далантай заан, Дайчин вангийн бүрхэг Дэндэв зэрэг алдарт бөхчүүд зодоглосноос Вандан заан түрүүлж, Далантай заан үзүүрлэжээ.

Ардын хувьсгалын нэгэн жилийн ойн баярыг ийнхүү “Улсын их баяр” болгон шинэ маягаар орон даяар анх удаа  ёслон тэмдэглэж, цаашид жил бүр ёслон тэмдэглэж байхаар тогтоосон нь өнөөдрийн “Улсын их баяр наадам”-ын эхлэл болж,  цаашид шинэ шинэ утга агуулгаар баяжин хөгжиж, энэ жил Монголын ард түмэн Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Эх сурвалж: Архивын ерөнхий газар

Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

Posted By Алсын Хараа On In Нийгэм,Онцлох | No Comments

Цаг уур, орчны шинжилгээний газраас наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

2026 оны долоодугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Хур тунадас:

Энэ сарын 9-нд Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

Энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,

Энэ сарын 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

Энэ сарын 12-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи:

Салхи энэ сарын 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Энэ сарын 9-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4+9 градус, өдөртөө +14+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17+22 градус, өдөртөө +25+30 градус, бусад нутгаар шөнөдөө +10+15 градус, өдөртөө +19+24 градус дулаан байна.

Хүй долоон худаг орчмоор:

Энэ сарын 10, 11, 12-нд бороо, 13-нд бага зэргийн бороо орно.

С.Эрдэнэбат: Цөөн хэдэн хүмүүст маш том хуулийн гарц, гаргалгааг гаргаж өгөөд байна

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Улсын Их хурлын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Хаврын чуулганы хугацаанд парламент хэр ажилласан гэж та харж байгаа вэ?

-Нэлээд ачаалалтай ажиллаа. Шинэ парламент нэгдүгээрт олуулаа болсон. Хоёрдугаарт, нэг хуулийг батлахын тулд салбараа мэддэг хүмүүс олон байгаа учраас нэлээн нухацтай хандаж байгаа тал бий. Тийм учраас зарим хууль хойшилж байгаа асуудал байна. Мөн Гэр бүлийн тухай, Донорын тухай гээд нэлээд том суурь хуулиуд орж ирсэн. Хуучин хуулиудыг засаж янзлах зүйл байгаад байна. Нэг сарын хугацаанд 200 хууль хүртэл баталж байсан зүйл байгаа шүү дээ. Мэдээж хаврын чуулганы төгсгөлд ачаалалтай байлаа.

-Татварын багц хуулийг энэ чуулганаар баталлаа. Гол өөрчлөлт юу байна вэ?

-Бараг дөрөв орчим их наяд төгрөгийн татварыг аж ахуйн нэгж, ард иргэдэд үлдээх хуулийг баталсан. Гэхдээ татварын хөнгөлөлтүүдийн хэрэгжих хугацаа нь ирэх оны нэгдүгээр сарын нэгэн, 2028 оны нэгдүгээр сарын 1 гээд үе шаттайгаар хэрэгжээд явна. Тухайлбал, гурван сая төгрөгийн цалинтай хүн хоёр саяасаа л татвар төлөхөөр болж байгаа. Нөгөө талаар зарим нэг асуудал дутуу үлдсэн. Тийм ч болохоор миний бие түүнийг нь санаачилна гэж бодож байна.

-Яг ямар зүйлс үлдчихсэн хэрэг вэ?

-Орон сууцны буцаалт, татварын хөнгөлөлт, хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэг зэргийг нэмэх хэрэгтэй байна. Ямар ч байсан энэ удаад суурь хөнгөлөлтүүдийг дэмжээд батлаад өгсөн. Миний хувьд ямар ч байсан багш, эмч нарынхаа цалингийн асуудлыг нэг тийш нь шийдүүлсэн. Магадгүй түүхэндээ багш, эмч нарын цалинг жилийн дотор 70-90 хувь нэмж байсан тохиолдол байхгүй. Энэ бол боловсрол, эрүүл мэнддээ оруулж байгаа хамгийн том шийдвэр. Миний хувьд үүн дээр лобби бүлэг байгуулж, манлайлж ажилласан. Өнгөрсөн жил төсөв хэлэлцэж байхад энэ асуудлыг дэмжиж өгсөн гишүүддээ баярлалаа гэж хэлье. Мөн дээрээс нь Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гээд том хууль бий. Үүгээр нэлээд реформын шинжтэй өөрчлөлтүүд орж байгаа. Ер нь бид цаашдаа жилд хоёр салбарыг өөд нь татаад байх хэрэгтэй. Одоо эрчим хүчний салбарын асуудал босож ирж байна. Анхаарал татахаас өөр аргагүй салбар. Хэдийгээр салбарын дундаж цалин нь гурван сая төгрөг байгаа ч цалингийн өрсөлдөх чадвараараа эрчим хүчний салбар нэн хүнд байгаа. Нийт ажиллагсдын дийлэнх нь хүнд нөхцөлд ажилладаг. Цалингийн асуудал байгаа учраас мэргэжилтэй боловсон хүчнүүд маань гадагшаа яваад эргээд энэ салбар хүний нөөцийн дутагдал орж байна. Мянган шинэ станц бариад түүнд ажиллах хүчээ нэгэнт алдчихвал том аюултай. Боловсролын салбар хүний нөөцөө бараг алдах шахаад буцааж нэг тогтоож авлаа. Эрүүл мэнд ч гэсэн хүлээлттэй байна. Сувилагчаа бид чинь үндсэндээ алдчихсан. Тэгэхээр эрчим хүчний салбарын боловсон хүчнээ тогтоож авч үлдэнэ гэдэг чинь 20, 30 жилийн хугацаа шаардана. Намайг III станц дээр очиход мэргэжлийн олон ажилчин ажлаасаа гарсан гэдгийг хэлж байсан. Одоогоос 10 жилийн өмнө эрчим хүчний салбарын цалингийн өрсөлдөх чадвар өндөр байсан. Харамсалтай нь одоо ажилтнуудаа уул уурхай, барилгын салбарт алдаад эхэлсэн. Тиймээс эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулах ёстой гэж үзэж байгаа. Тэгж ч хичээж ажиллаж байна.

-Татварын багц хуульд өөрчлөлт оруулж татварын хөнгөлөлтүүд бий болгосон ч нөгөө талдаа автомашины татвар нэмэгдсэн. Дулаан зогсоолоос үл хөдлөхийн татвар авдаг болчихлоо гэдэг шүүмжлэл байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Уг нь тэр үл хөдлөхийн зүйлийг анх удаа, хоёр дахь удаагаа авч байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх ёстой л гэж хардаг. Түүнээс биш нийтээрээ байраа зараад байдаг зүйл байхгүй. Яг ухаалаг зарчмаар аваад үзэхэд бид цөөн хэдэн хүмүүст маш том хуулийн гарц гаргалгааг гаргаж өгөөд байна. Тийм лобби нь ч сайн явж байгаа. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуулиар найм, есөн сая төгрөгийн цалин өгдөг ажил олгогчийн төлдөг шимтгэлийг бууруулъя гээд зарим гишүүд оруулаад ирж байна. Би үүнийг шууд ашиг сонирхол гэж хэлнэ. Уг нь жирийн бага, дунд орлоготой иргэд рүүгээ л анхаарал хандуулах ёстой. Гэтэл өөрийнхөө компанийн татварыг бууруулахын тулд өөрөө хууль санаачилж оруулж ирээд байж болохгүй. Энэ бол арай дэндэж байгаа. Тийм ч учраас УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Д.Ганмаа, Г.Лувсанжамц гишүүн бид дөрөв УИХ-ын гишүүн өөрийн хамаарал бүхий зүйлтэй холбоотой хуулийн төслийг санаачилж болохгүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Харин жижиг, дунд үйлдвэрлэлийн нийгмийн даатгалын хөнгөлөлт гэдэг бол зөв. Би үүнийг дэмжсэн. Зарим гишүүд маань гэвч дэмжихгүй байна лээ. Томуудаа л дэмжье гээд байгаа юм. Намайг зарим нь бизнесийг дэмждэггүй гэж хараад байх шиг байгаа юм. Үгүй, яг шударгаар яваа, ажилтнуудаа дэмждэг бизнесийг бол дэмждэг. Яагаад ажилтнуудаа байр өгсөн компанийн татвар ногдох орлогоос нь хасаж болохгүй юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Улсын Их хурлын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.


-Энэ оны хаврын чуулган өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийлээ. Парламентыг энэ хугацаанд хэр ажилласан гэж дүгнэж байна вэ?

-Парламент маш их санаачилгатай байна лээ. Гишүүдийн өргөн барьсан хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийг харж байхад л анзаарагдаж байна. Тодорхой мэргэжлийн мэргэшсэн хүмүүс арай анги харж байна. Өмнөх парламентуудыг бодоход дэвшилттэй, мэдлэгтэй харагдаад байгаа юм. Мэдээж хэрэг эцэслэн батлагдах түвшиндээ янз бүр л байгаа. Энэ чуулганаар бид татварын асуудлын цогц шинэчлэлийг хийчих юм байна гэж харсан. Гэвч төсвийн орлогоо хараад жаахан дутуу хийчих шиг болсон. Хоёрдугаарт, эдийн засгийг чөлөөлөх, чөлөөт эдийн засгийн горим руу шилжих зохицуулалтыг нэлээд гүнзгий хийчих болов уу гэж харж байлаа. Ямар ч байсан нэг алхсан. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль гээд нэг сав бэлдээд авлаа. Цаашдаа энэ сав руугаа юмаа нэмээд, аль болох бизнес эрхэлж, баялаг бүтээж байгаа хүнээ хамгаалах бодлогууд хийгдээд явах болов уу. Гуравдугаарт, мэдээж УИХ-ын гишүүд сахилга, хариуцлагын асуудал бий. Учир нь сүүлийн найман жилийн парламентад ирцийн асуудал байнга хөндөгдсөөр ирсэн. Үүнтэй уялдуулаад Дэгийн хуулиа нэлээд өөрчилсөн. Эдгээр нь намрын чуулганаар тодорхой болоод батлагдана гэсэн хүлээлттэй байна.

-Хаврын чуулганы эхэн үед Ерөнхий сайд, УИХ-ын даргыг солих гээд жаахан хугацаа алдсан тал бий юу?

-Цаг алдахаас илүү олонхын дарга нь УИХ-ын дарга болчихоор нам нь төрийнхөө дээр гарчихаад байгаа байхгүй юу. Тиймээс төр, нам, засаг гээд бүгдийг удирддаг. Ерөнхий сайд нь хүүхэлдэй болсон. Томилгоо, бодлогын эрх байхгүй. Бараг л намын дарга, Ерөнхийлөгч хоёрын чиглэлээр яваад байгаа ч юм шиг байсан. Тийм учраас УИХ-ын даргаас МАН-ын даргыг буулгах санал гарсан. МАН ч үүнийг хүлээж аваад намын дарга нь Ерөнхий сайдаа хийх нь зөв юм байна гэсэн шийдвэрт хүрсэн. Үүний дагуу төр, засаг эмхлэгдэн байгуулагдсан. Үүнд хоёр долоо хоног орчмын л хугацаа орсон.

Дараа нь УИХ-ын даргыг намаас нь түдгэлзүүлье яриа хүчтэй явагдсан. Үүн дээр С.Бямбацогт би үүнийг хүлээн зөвшөөрье гэсэн хандлагатай байсан. Гэвч яг одоо тийм байгаа үгүйг сайн мэдэхгүй л байна. Тэгэхгүй бол УИХ-ын дарга нам талдаа хазайгаад байхаар УИХ-ын шийдвэр эрүүл биш. Заавал нэг намын улс төр, үзэл суртал орчихоод байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын шийдвэр биш МАН-ын УИХ, Засгийн газрын шийдвэр болчихоод ард түмний 80 хувь нь гарч байгаа хууль шийдвэрийн гадна талд үлдчихээд байна. Энэ ирээдүйд олон нам дээр яригдаж таарна. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж байж олон намын оролцоог бий болгосон. Өмнө нь УИХ-ын гадаа үлдээд гудамжинд жагсаал болдог байсан. Харин одоо нэгэнт УИХ дотор ороод ирсэн учраас тодорхой хэмжээнд үүнийгээ хадгалж, хамгаалж, олон ургалч үзлийн дундаас Монгол хождог парламенттай болохын тулд УИХ-ын даргаа нам гэдэг давхар дээлнээс нь салгах ажлыг хийх шаардлагатай. Гэвч одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй л байна. Бид нэг юм эхлүүлчихээд орхидог, хийсэн гэж хэлээд дутуу хийдэг. Үүнээсээ болоод хугацаа алддаг зүйл одоогоор арилаагүй байна.

-АН Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байсан ч хаврын чуулганы үед амжиж чадсангүй. Энэ асуудал юу болсон бэ?

-Н.Учралын Засгийн газрын сайд нарын ашиг сонирхолын зөрчил их өндөр гараад байгаа юм. Сайд нартайгаа хариуцлага тооцдоггүй. Тийм учраас Ерөнхий сайдад хариуцлага тооцно гэдэг зүйл яригдсан. Их олон сайдын асуудал хөндөгдсөн. МАН-ын байрны төлбөрийг улсаас авсан байна. Түүнийгээ хувааж идсэн байна. Дээр нь паспортыг яг ямар компани хэвлээд байгаа, хэн, яаж авсан нь тодорхойгүй болсон. Эзэн холбогдогч нь үгүйсгэдэг. Нэмээд цэрэг, цагдаа гээд бөөн асуудал үүссэн. Гэтэл тэнд хариуцлага огт яригддаггүй. Хоёрдугаарт, мах бэлтгэх ажлаа хийгээгүй, Г.Занданшатар, Н.Учрал хоёрын хооронд орхичихсон. Хэн нь хариуцлага хүлээх нь ойлгомжгүй. Үр дүнд нь улаанбаатарчууд үнэтэй мах идэж, үнийн өсөлтөд нэрвэгдэж байна. Өвөл, намар шатахуун тасалдуулсан хүмүүстээ ч хариуцлага тооцоогүй. Эрчим хүч тасарсан явдалд Б.Чойжилсүрэн сайддаа хариуцлага тооцсон байх. Бусад дээр нь огт хөдөлдөггүй. Тийм учраас АН Ерөнхий сайдыг ажлаа хийж чадахгүй бол та ажлаа өг гэдэг шаардлага тавиад байгаа юм. Утсан хүүхэлдэй юм уу, намын дарга юм уу гэдгээ харуулах хэрэгтэй. Гэвч энэ чуулганаар асуудлыг хөндсөнгүй.

-Тэгэхээр намрын чуулган хүртэл хойшлуулж байгаа хэрэг үү?

-Энэ асуудал намрын чуулган хүртэл хойшлогдсон байна. Тэгээд намын Улс төрийн зөвлөл шийдвэрээ гаргаад явах болов уу гэж харж байгаа.

-Хаврын чуулганаар уг асуудлыг тавиагүй нь саяны Рио тинтотой хийсэн хэлэлцээрийн үр дүнтэй холбоотой юу?

-Нэгдүгээрт, Рио тинто биднийг бүр маллаад сурчихсан байна. Аргалаад сурчихсан. Хоёрдугаарт, Рио тинто өөрийн охин компанидаа зээл өгч маш их ашиг олж байгаа. Гуравдугаарт, бид жижигхэн мөнгөнд маш их хууртагдаж байна. Жишээлбэл, зээл биш хөрөнгө оруулалт болго гэдэг шахалт үзүүлэх ёстой. Харин нэг ахиц нь гурван жил тутамд үүнийгээ ярьдаг болсон явдал. Хүүгийн хэмжээг бага багаар бууруулаад явах нь бидэнд олигтой ашиггүй. Үүн дээр хөөрцөглөж хэрэггүй. Бидний ингэж хөөрцөглөж байгааг хараад эд нар үнэхээр ухаан муу хүмүүс юм гэсэн улам их итгэл үнэмшилтэй болж байгаа. Засаг өөрсдөө дотроо баярлаж болно. Гэхдээ тогтмол гэрээ хэлэлцээр явдаг гэдгийг мартчихаад байна. Зөвхөн би гэдэг сэтгэлгээний доройтолд автчихсан. Би чадлаа гээд л орилоод байдаг. Онгирвол орон дотроо онгир. Гадна талдаа болохоор зээлийг хөрөнгө оруулалт болгож чадаагүйдээ ард түмнээсээ уучлалт гуйж байна гээд хэлчих хэрэгтэй. Жаахан том хүн шиг байж болдоггүй юм уу. Том хүмүүс чинь жижиг амжилтад хөөрцөглөдөггүй биз дээ. Хүүхдүүд л шалгалтад гайгүй дүн авах, тэмцээнд ялахаараа онгироод байдаг шүү дээ. Төсөөллөө өндөр тавьмаар байна. Яг 66 хувь эзэмшиж байгаа баг охин компанидаа зээл өгснийг төслийн санхүүжилт гэж ойлгож болохгүй. Энэ бол цэвэр залилан. Үүнийг бид мэддэг ард түмэн шүү гэдэг маягтай байхгүй юм уу. Би үүнийг л гайхаад байгаа юм. Бид наймаанд хатуу байж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол хоёр том хөрштэй улс дороо залгигдана. Н.Алтанхуяг дарга шүүмжлэхээр, Г.Уянга тэнд очиж жагсаал хийхээр Засгийн газар баярлах ёстой шүү дээ. Гэтэл нөгөө хүн рүүгээ дайраад байх юм.

-АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ тодруулах ажил юу болж байна. Эрх баригч намынхан болохоор ард түмэндээ эргэж ирнэ гээд тойроод яваа нь нэг ёсны сурталчилгааны ажил болж байна гэж үзэх хүмүүс байна шүү дээ?

-МАН 10 жилийн дараа ард түмэн дээрээ очих юм гээд яриа гараад байгаа. Тэгэхээр хаашаа явчихсан байсан юм. Яагаад холдчихсон юм бэ. Яах гэж буцаж ирж байгаа вэ гэдэг гурван асуулт гарч ирээд байгаа юм. Үүнд хариулах байх л даа. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ажлыг нам дотор хийх ёстой. Харамсалтай нь энэ ажил хойшлоод байгаа. Учир шалтгааныг нь бид сайн ойлгохгүй л байна. Ямар нэгэн гаднын нөлөө байна уу. Ардчилсан намынхан маань хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэр бүр гарч чадахгүй байна. Тэгэхээр Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй хүмүүс нь эртхэн нэрээ гаргаад, бодлогоо ойлгуулаад явах хэрэгтэй. Тэгээд бодлогын дэмжлэг авах хүн нь цаашаа явах ажлыг эртхэн хийх л шаардлагатай. Уг нь намын дарга энэ ажлыг маш хурдан эхэлнэ гэж намын Их хурал төдийгүй олон газар зарласан. Харамсалтай нь өнөөдөртөө эхлээгүй байна.

-Танай намаас Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлсэн, сонирхолтой хүмүүсийг цахим орчинд харлуулах ажлыг их хийж байна гэдэг зүйлийг зарим нь яриад байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-МАН-ын ганц сайн арга л энэ шүү дээ. Өрсөлдөгчөө намнахдаа их сурцтай. Хүн байвал хэрэг олдоно гэдэг. Хоёрдугаарт, хүн тойруулж муу домог зохиодог. Гуравдугаарт, маш олон сувгаар довтлох өөрийн гэсэн сувагтай. Үүндээ үнэхээр гаршсан. Зуун жилийн үзэл суртал гэдэг чинь түүний өөдөөс ард түмэн босоход их хүнд юм байна. Тэгэхээр энэ нам оршиж байгаа тохиолдолд өрсөлдөгчөө намнадаг байдал мөнхөд үргэлжлэхээр юм билээ. Тийм болохоор бид чадах чинээгээрээ сөрөх хэрэгтэй. Ер нь тулаан бол дандаа том хүчний эсрэг явдаг. Ингээд л явна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

"Өдрийн сонин"

/2026.07.07/