- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарт холбогдох авлигын хэргийг нэгтгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарчээ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд хэлэлцжээ.

Нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна хэмээн Улсын Дээд Шүүхээс мэдээлжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Прокурор тус хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн авлига авсан этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул авлига өгсөн этгээдийн хэргийг авлига авсантай нь нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй.

Тиймээс гурван шатны шүүхээс авлига өгсөн гэх Ц.Анандбазар болон авлига авсан гэх Т.Бадамжунайн нарын хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр прокурорт буцааж байна" хэмээн тайлбарлав.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Бадамжунай нарт холбогдох хэргээс зарим яллагдагчийн хэргийг тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байна гэх зэрэг үндэслэлээр  хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг зарим яллагдагчийн хэргээс тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй, мөн хэргийг тусгаарлах үндэслэл хангалтгүй, иймээс хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Т.САЙХАН

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “С.Зориг агсны хөшөөг хамгаалалтад авч, соёлын өвд бүртгүүлэх” чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгчээ.

Тэрээр “Ардчилсан хувьсгалын оюун санааны бэлгэдэл болсон энэ хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэн шилжүүлнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл юм. Сүхбаатарын талбайг хуваагаад авчихсан бүлэглэл С.Зориг агсны хөшөөнд ингэж хандсан. Үүнд гайхаад байх зүйл алга.  Тэдний зорилго нь С.Зориг агсны хөшөөг олон нийтээс холдуулж, үйл хэргийг нь он цагийн урсгалд мартуулан бүдгэрүүлэхэд байгаа шүү. Ердөө л үнэн нь илрэхээс үнхэлцгээ хагартал айсан гэмт хэрэгтнүүдийн нуугдмал сонирхол нь энэ. Лав намайг Ерөнхий сайд байхад энэ хөшөөг хаашаа ч хөдөлгөхгүй” гэсэн байна. Сануулахад, “Шинэ дэвшилт холбоо” НҮТББ-аас С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх хүсэлтийг “Зориг сан”-д хандаж гаргасан. Хүсэлтэд “Манай байгууллага тус хөшөөг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг бүрэн хариуцах болно” хэмээн бичжээ. Учир нь энэ сарын 9-нд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар цахим хуудастаа "С.Зориг агсны хөшөөний газрыг заржээ. Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж, газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-ноос улбаатай энэ байгууллага их л эелдгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн цуст хэрэгт гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн яллаж, ахуйн гэмт хэрэг болсон мэт ойлголт өгөхийг одоо болтол хичээсээр байгаа нь ойлгомжтой болсоор байна. Монголыг хайрладаггүй нүгэлт хар гөрөөчний бүхэл бүтэн тролл арми байгааг өнөөдөр харлаа. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа. Бид “Зоригтой”-гоо үлдэнэ" хэмээн бичсэн. Мөн үүнтэй холбоотой баримтыг ч цахим сүлжээнд гаргаж тавихаа мартсангүй.

Дараахан нь С.Зориг агсны ах С.Баяр телевизэд ярилцлага өгөхдөө энэ талаар “Хөшөөг шилжүүлэх хэрэгтэй. Энд барилга барих гэж байна гэсэн албан бичиг “Шинэ дэвшилт холбоо”-ноос бидэнд ирсэн. Өмнө нь бидэнд энэ талаар нарийн мэдээлэл байхгүй байсан юм. Гэхдээ энэ хөшөө нь олон түмний хандиваар боссон, олон түмэн очиж хүндэтгэл үзүүлдэг тул “Зориг сан”-гаас дангаараа шийдэх боломжгүй. Мөн хөшөө дурсгал хотын хамгаалалтад байдаг гэж бид ойлгож байгаа. Тэгэхээр хөшөөг шилжүүлэхээр бол хаана байрлуулах талаар хотоос асуусан. Дүүгийн маань хөшөө 26 жил байрласан энэ байрандаа байвал уг нь зүгээр" гэсэн байдаг. Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр С.Зориг агсны хөшөөг соёлын өвд бүртгэж, хамгаалалтад авахаар болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллаа

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллаа
Монгол Улсын сайд, Нийслэл, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд гурван асуудал танилцууллаа.
Монгол Улсын нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх танилцуулгатай холбоотойгоор нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах, нийслэл, зарим аймгийн чиг үүргийг хотод шилжүүлэх асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтлоо.
Мөн нийслэл хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах хүрээнд хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай, Төр, хувийн хэвшлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг боловсруулаад байна.
Шинэ Зуунмод хот нь амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, засаг захиргаа, оюутны хотхон, судалгаа, шинжилгээ, тээвэр, логистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго зэрэг найман бүстэй байхаар хөгжлийн төлөвлөгөөнд тусгажээ.
Мөн хуралдаанд нийслэлийн дотоод, гадаад бондоор санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний талаар танилцуулсан байна.
 
Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ
“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталж,  “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал, хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган, санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарт даалгалаа. Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгох замаар оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлнэ.
Мөн тус журмаар Консерваторын сургалтын орчныг сайжруулах арга хэмжээ, сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг,  дагалдах хэрэгсэл худалдан авах болон засвар үйлчилгээний зардалд Улсын төсвөөс нэмэлт санхүүжилт олгоно.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийн хуваарилалтыг оновчтой тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх замаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшилж, дэвшил гарна гэж дүгнэж байна.

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг үүрэг болголоо
Яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж 2022-2024 онд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын талаарх тайлан мэдээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Цаашид 14 хоног тутамд иргэдийн санал, гомдлыг Засгийн газраар хэлэлцэхээр болж байна.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022  онд 173717 иргэн, 2023 онд 150849 иргэн утсаар болон сошиал сувгуудаар хандсан байна. Утсаар тус төв  2022 онд 72679, 2023 онд 94080 дуудлага хүлээн авч дунджаар 64,5 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Үүнээс 2022 онд 51453 иргэний санал, хүсэлт, гомдлыг бүртгэн холбогдох байгууллагад шилжүүлж 97,3 хувийг, 2023 онд 68580 иргэний санал, гомдлыг шилжүүлж  96,3 хувийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.
11-11 төв иргэдийн санал, хүсэлт, гомдлыг утсаар, вэб хуудсаар, и-мэйлээр, Дуут шуудангаар, фэйсбүүкээр, биечлэн, И-Монголиа-гаар хүлээн авдаг байна.

А.Баатархуяг: Х.Нямбаатар шийдэмгий байсны үр дүнд “хотын бүлэглэл” задарч байна

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

 

Нийтлэлч Авиан Баатархуяг

 

Намууд ба хамууд

Нээрээ сонгуулийн хуулинд хүйс салаавчилна гэдэг нь эрэгтэй, эмэгтэйгээр биш, эр ба эр бус хүйсээр гэсэн томъёололтой билүү? Жишээ нь жагсаалтын хоёрт эрэгтэй хүн байсан ч нөгөө “хүйсийн цөөнх” гэвэл жагсчих бололцоотой гэж ойлгоод байгаа, мөн үү? Хэрэв нэгд намын дарга жагсвал бол хоёрт намын даргын бэлгийн баримжаанаас хамаарч “эрэгтэй” байж болох ч юм шиг билүү, юу билээ. За энэ ч яахав, ийм байлаа гээд нэг ч нам үүнийг ашиглахгүй гэдэгт мөрий тавьсан ч алзахгүй тул орхиё...

Хоёр Лу-гийн өрөг

Н.Алтанхуяг гишүүн (Ерөнхий сайд асан гэвэл дээр ч юм уу) хэлжээ. Энэ сонгууль их онцлогтой болно. Манай намын манай тал, манай намын дайсны тал, нөгөө намын манай тал, нөгөө намын дайсны тал гэж хуваагдаж тэмцэлдэх нь тодорхой гэж... Өөрөөр хэлбэл бүлэглэлийн эсрэг бүлэглэл. Сонгуульд нам голлох хүчин зүйл биш болсон гэсэн үг. Зарим нэг хүнийг эс тооцвол “шинэ ба хууччуулын” тэмцэл болох нь... Өөрөөр хэлбэл хамуудын эсрэг намууд үзэлцэх болж байх шиг.

МАНАН гэх мэт нэр хоч мунддаггүй нам дамнасан бүлэглэл эрх барьсан 30 жилийнхээ нөлөөг хадгалахын төлөө амь тэмцэж байгаа энэ үед МАН-ын ч, АН-ын ч “шинэ үе” эрх барихын тулд “хуучин хамуудын” эсрэг харилцан ойлголцлын түвшинд боловч эвсэх, хамтрах шаардлагатайг нөхцөл байдал шаардаж, шахаж байгаа хэрэг.

Гэхдээ “шинэ үе” бодитоор эрх барихын тулд тэмцэх бол хууччуул ялагдлаа гэхэд аль нэг талд нь нөлөөгөө хадгалж “Ришелье” шиг засаглах боломжтой гэж үзэж байгаа бололтой.

Ийм нөхцөлд Лу.Оюун-Эрдэнэ-Лу.Гантөмөр гэсэн шинэ үеийн холбоос, Ц.Элбэгдорж-М.Энхболд-С.Баяр-Сү.Батболд гэсэн хуучин үеийнхний хооронд гурвалжин, дөрвөлжин тэмцэл өрнөнө. Шинэ хуучин АН-ынхан ч, шинэ хуучин МАН-ынхан ч аль аль нь намаа ялуулах эрх ашиг бол бий, үүн дээрээ нэгдэнэ, гэхдээ мөнгөн дээрээ тулбал хууччуул ашгаа тавьж өгөх сонирхолгүй байна. Угаасаа тэдэнд өөр юм хэрэггүй, ядаж л идсэн ууснаа шингээхийн тулд тэсэх хэрэгтэй, гэхдээ тэд үхэж байж л зайлна даа. Аюултай нь тэдний тогтоосон мөнгө хулгайлдаг систем улс орныг туйлдуулсан, туйлдуулж ч байна. Хамгийн прагматик сонирхол бол мөнгө учраас үүнээс болоод эвлэршгүй зөрчил үүснэ.

Хэрэв хуучин 76 тойргоор сонгууль явуулсан бол МАН төвөггүй ялчих байсан, ойлгомжтой, ялж сурсан өрөг. Гэхдээ хуучин сонгуулийн дүрмийг шинэчүүл биш хууччуул илүү сайн мэдэх учраас хууччуулаа мөнгөөр зодож дэвшүүлээд МАН ялсны дараа бослого гаргаад Л.Оюун-Эрдэнийг сольчихож, чухамдаа зольчихож чадна. Гол аюул нь 70-аад оныхон хаашаа эргэхээс энэ үйл явц шалтгаална. Одоо улстөрд 1960, 1970, 1980-аад оныхны төлөөлөл хүчтэй байгаа ба 1970-аад оныхон өмнөх үетэй илүү холбогдсон учраас Л.Оюун-Эрдэнэ намынхнаасаа болгоомжлохоос аргагүй.

Харин Лу.Гантөмөр өөрөө 1970-аад оны төлөөлөл учраас өөрийн үедээ тулгуурлахаас аргагүй. Үүний учир нь хотын фракцын толгойлогч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа МАН-д үе хоорондын шинэчлэл эрчимтэй явагдсан бол АН хоцорч яваа. Чухамдаа МАН-д Л.Оюун-Эрдэнэ засаглах болсноор 1980-аад оныхон бараг бүгдээрээ МАН-аар дамжсан улстөрийн карьер хийх зам сонгочихоод байгаа нь нүдэнд ил байна. Харин АН-д залуу үе нь 1970-аад оныхон, тэд эрх барьвал АН-ын 1980-аад оныхонд боломж гарна. Харин аль аль намд нь тэднийг “өөд нар” харуулахгүй байгаа нөхөд бол “ах нар” юм.

Хуучин систем их тодорхой л доо! Их хулгайл, их хулгайлснаасаа их төл, худалдаж ав, хувааж цусла! Сонгуульд гурван хүчин зүйл л хэрэгтэй энэ бол нэгд мөнгө, хоёрт мөнгө, гуравт мөнгө! Ийм л байсан.

Харин 126-тай парламентын сонгууль томсгосон тойргоор тэр тусмаа урд өмнө томроод, томроод “аймаг-тойрог” гэдэг байсан хуваарилалт нь бүр хөөгөөд 3-4 аймгийг хамардаг болчихоор мөнгөний ресурс (хүчин зүйл) үйлчлэхээ больчихно. Ийм үед их мөнгө зарвал их л шатна гэсэн дүрэм үйлчилнэ. Жишээ шүү, урьд өмнө Увсад нэр дэвшигч баяд, дөрвөдийн сонгогчдын бүлгийн аль нэгэнд тулгуурладаг байв. Голдуу АН-ыхан баядуудад, МАН-ынхан дөрвөдүүдэд тулгуурлаж байсан. Дөрвөдүүдэд тулгуурласан нь сонгуулиар баядуудын саналыг худалдаж авна, энэ нэг удаагийнх. Харин ялбал дөрвөдүүдээ дөрвөн жилийн турш тойглоно. Хотонгоос хэн ч гарахгүй... Одоо бол Увс аймгаа суурь болгоод ч Ховд, Завхан, Говь-Алтайн сонгогчдыг худалдаж авна гэвэл тийм сачийтай улстөрч бараг л байхгүй юм. Ядаж л 50 хувь буюу хоёр аймагт тулгуурлаад хоёр аймгийн сонгогчийн саналыг худалдаж авах боломжтой бол эрсдэл арай бага юм, гэтэл нэг аймагт тулгуурлаад гурван аймгийн санал худалдаж авах нь дэндүү эрсдэлтэй болчихоод байна. Тиймээс л мөнгө үйлчлэхгүй... нэр хүнд л гол капитал! Сонгуулийн кампанит ажлын хугацаа 20 хүрэхгүй хоног, аймагтаа “юм хийсэн” ч бусад гурван аймагтаа танигдаагүй бол унах магадлал нь 75 хувь, хайран мөнгө...

Ийм үед нэр дэвшигчдийн багаа хэрэв хууччуулаас бол улс даяар нэр хүндтэй, цэвэр улстөрчид, эсвэл шинэ боловсролтой залуучуудаар бүрдүүлж гэмээ нь ялах хоёрхон сонголт аль аль талд нь үйлчлээд байна. Үүний дээрээс толгойн өвчин болсон асуудал бол “эмэгтэй” нэр дэвшигчид. Бүсийн тойргийг эрэгтэй эмэгтэйгээр салаавчилж бүрдүүлнэ. 10 хүн дэвшлээ гэхэд яг галт тэрэгний зүтгүүр шиг эрэгтэй, эмэгтэй хоёр нэр дэвшигчээр толгой хийж чирэхгүй бол явахгүй. Хүүхнүүд хаана байна аа?

МАН бүх нөөцөө шавхаад нэр дэвшигчдийнхээ тэн хагасыг “эмэгтэй батальон”-оор бүрдүүлэх чадвартай. МАН-ын бюрократ, консерватив шинж нь хурц, дайчин эмэгтэй улстөрч төрүүлдэггүй, гэхдээ улс даяар алдаргүй ч эрхбиш нэр сонсогдсон эмэгтэйчүүдээрэнэ шалгуурыг хангаж чадах байх, үүгээрээ давуу тал олно гэж тооцож байна.

Нөгөө талд ийм нөөц дайчлах бололцоо АН-д л бий. Багцаагаар 380 орчим “нэр хүндтэй” “Түвдэнгийн Бор”, “Мандухай сэцэн хатан”, “Ану хатан” хэрэгтэй, гэвч Та бодоод үз, 380 эмэгтэй байтугай эрэгтэй улстөрч санаанд чинь орж байна уу? АН-ын нөөц нь зөвхөн намаар хязгаарлагдахгүй, иргэний хөдөлгөөнүүдээр сэлбэх боломжтой. Гэвч жижиг намууд эмэгтэйчүүдийг нь урвуулж шавар хаах зорилгоор МАН-аас санхүү авч байгаа, Д.Амарбаясгалан бол үүнийг хөнгөхөн хийнэ.

Лу.Гантөмөрт хүчээ зөв байруулбал ялах боломж харагдаж байгаа. Тэнгэрийн зуд дээр газрын зуд болсон МАН-ын нийслэл дэхь хямрал, Х.Нямбаатарын улангасал, эдийн засгийн царцанги байдал, Л.Оюун-Эрдэнэд засаглалаа, гол нь мөнгөө алдахгүйн тулд түүний алхам бүрт саад тээг болж байгаа хууччуулынх нь явуулга ийм боломж олгож байна. Одоо бол Лу.Гантөмөрт хүн, хүн, бас дахин хүн л хэрэгтэй. Тэгж чадвал бага зардлаар ялах боломжтой. Түүнээс МАН-ын төсөвт тулгуурласан санхүүгийн нөөцийг давахгүй. Наад зах нь МАН засаглалын давуу талаараа малчдын зээлийн хүүг “тэглэх” нэрээр малчдыг барьцаалж байгаагсаармагжуулах санхүүгийн нөөц гаргах ч хэцүү.

Лу.Гантөмөр гэснээс Л.Оюун-Эрдэнийн овог ч бас хуучин бичгээр “Лу” байгаа биз?

Хотын будлиан ба МАН-ын дотоод дайн

МАН-ын хууччуулын гох дэгээ гэхээр бүдэг байдаг байна уу? Тэгвэл хотын жишээн дээр тайлбарлая! МАН-д уламжлал ёсоор хотын намын хороо буюу нийслэлийн намын хороо маш нөлөөтэй. Энэ хуучин коммунист намын уламжлал. Зөвлөлтөд райком (районы намын хороон дарга,) горком (хотын намын хороон дарга), обком (мужийн намын хороон дарга) бол улстөрийн өгсөх шат байв. Ельцины үед Лужков “эцэг” болж, Путины үеийг хүртэл нөлөөгөө хадгалж тэссэн нь хуучин хотын намын хороо хүчтэйнх байсан. МАН бол хуучин КПСС-ын хуулбар учраас ингэж бичээд байна шүү!

1980-аад оны МАХН-д хотын намын хороо нөлөөтэй байсан ба хотын намын хороон дарга УТТ-ны жинхэнэ, дор хаяж орлогч гишүүн болж улс орныг удирдах дээд зиндаанд ордог байв. Энэ уламжлал хүчтэй байж М.Энхболд чухамхүү хотын намын дэмжлэгээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга болтол өөдөлж, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшээд унасан билээ. Өөрөөр хэлбэл түүний засаглалын эрин үе бол хотынхны эрин байв. Улстөрийн далд явуулга, бюрократ системд тулгуурласан хор найруулгаар намдаа ааглаж бэхэжсэн хуучинсаг энэ бүлэглэл хүлэмжнээсээ гармагцаа “мөндөрт цохиулчихсан” билээ. Түүх давтагддаг, эхнийх нь инээдэм, удаахь нь эмгэнэл болдог. Энэ удаад тжд эмгэнэлт тавилангаа угтаж байна.

Тэр цагаас хойш МАН-д “хотын бүлэглэл”-ийг дарж авах нөр их тэмцэл өрнөсөн юм. Х.Баттулгын шүхэр дор хотын бүлэглэлийг дарж авах дажин нь С.Амарсайхан, Д.Сумъяабазарыг дамжин үргэлжлээд ч амжилт олоогүй юм. Бүр Шадар сайд байхад нь дарж авахын тулд мөрдөн дарамталж байсан хотынхонд дургүйцсэн, Х.Баттулга ялсны аз, ач хоёроор Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх хүртэл хамжаад байхад дийлдэхгүй тийм хүчирхэг бүлэг байсан юм. Тэдний төлөөлөгч болж Ерөнхий сайд болсон Ж.Эрдэнэбатыг шоронд хийгээд ч дийлээгүй.

С.Амарсайхан ЗГ руу шадар болж зугтаж, Д.Сумъяабазар сайдаа өгч очоод үзэлцсэн ч золионд гарав. Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ намын генсекээ дэргэдээ аваад намдаа Ежов байгаад Берия болтлоо “өссөн” Х.Нямбаатарыг хот даяарыг илбэн тохинуулагч жанжнаар томилоод байгаа хэр нь хуучин хотынхны “өв залгамжилсан” нүсэр бүтцийг эвдэх гэж зүдэрч байна.

Гэхдээ Х.Нямбаатар илүү шийдэмгий байж, хатуу гараар богино хугацаанд дарж авахыг оролдсоны үр дүнд одоо л “хотын бүлэглэл” задарч байна. Чухамдаа Х.Нямбаатарын “хотыг сайжруулах” улайрсан зүтгэл бүр талаар өнгөрч, заримдаа бүр эсрэгээр эргэж, олны доог тохуу болж буйн цаад шалтгаан нь М.Энхболдын үеэс захиргааны аппаратынх нь давхар бүрт шигсэн хотыхны “эс үйлдэх”, “далдуур эсрэг ажиллах” эсэргүүцэл юм. Тэд яг хуучнаараа байхыг хүсэж байна. Хүрээний газрын наймаа, авилга, шамшигдуулалт бол улсын дайных л даа. Ингээд ажил хийх гэсэн оролдлого бүр нь АН-ын PR болчихоод байгаа учраас тэр улам хатуу, харгис болж байна.

Х.Нямбаатарын ахиц ба дарамтын үрээр хотын бүлэглэлийн “дээдэс” өөр “нутаг” хайхад хүрсэн ба тэр нь Н.Номтойбаярын эвсэл байсан юм. Тэд хамтран санхүүжүүлж, намын жасгсаалтын гуравдугаарт бичигддэг “Ногоон нам”-ыг хоёр тэрбум төгрөгөөр худалдаж аваад эвсэл байгуулж, сонгуулиар МАН-ын саналыг хуваана гэж сүрдүүлжээ. Н.Номтойбаяр үүнийг нь улстөрийн туршлага, мэдрэмж дутсанаас анзаараагүй байж магадгүй л юм, харин нөгөөдүүл нь илүү том хор найруулжээ.

Хотынхны ингэж сүрдүүлснээрээ нэг бол өөрийн хүмүүсээ МАН-аас олноор нэр дэвшүүлэх, хэрэв дэвшүүлэхгүй гэвэл бүлэглэлийнхээ улстөрчид ба мөнгөө аваад Номтойбаярын эвсэлд орох, ингэхдээ зөвхөн хотынхон төдийгүй өөр бусад, жишээ нь Анандбазар нарын гомдогчдыг ч дагуулна гэдгийг сануулсан байжээ. Энэ шинэ юм биш, 2012 онд Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр МАХН-ыг бүртгүүлж тусгаарлаад МАН-аас 12 улстөрчийг татах гэж оролдоод талыг нь авч санал хуваасанд МАН-д жинхэнэ “2012” сүйрэл авчирч, ялагдуулсан билээ. Нэгэнт гарсан цав буцаж нийлдэггүй, түүх давтагддаг.

Гэхдээ тэд Х.Нямбаатарыг буруу үнэлжээ. Х.Нямбаатар Д.Сумъяабазар шиг аргадаж нялцаганасангүй, Д.Сумъяабазар ганцаардаад тэнцвэр хангах гэж М.Энхболдын ойрын шадар УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг Ерөнхий менежерээр томилмогц өнөөх нь “давс идээд” лай болсон. Үүнээсээ болоод хотынхонтой хуйвалдсан гэж хардагдсаар ажлаа өгч салсан. Харин Х.Нямбаатар яг НКВД барилаар ажиллаж, хотынхноо бөлдөгдөв. Тэгэх ч гэж аж ахуйнхныг биш хуулийнхныг хотруу чирч очсон.

Судлаад газрын наймаагаар нь гавлахыг зорьж эхлэв. Цэнгэлдэхийн газрын асуудал бол хамгийн тодорхой бөгөөд цомхон ч өндөр үнийн дүнтэй, бүгд наадам үзвэг учраас олон нийтийн анхааралд хурдан орох сэжүүр байв.

Энэ газрын наймаан дунд МАК-д өгсөн газрын асуудал ч бий. Хэргийг цагдаад өгсөнгүй, нийслэлийн цагдаад итгэхгүй байна. Тиймээс АТГ-т шалгуулахаар өгчээ. Хотынхны санхүүжилтийг нураахын тулд хотын өмчийн далд эзэмшилд нь дайн зарлав.

Ашиглалтаас гарсан хэр нь буулгадаггүй, олон жил далд түрээсээр мөнгө хийдэг байсан “Урт цагаан”-ыг яаравчлан газрын хөрснөөс арчив. Хотын өмчийн газрын материалуудыг татан авч далд түрээсүүдийг нь шалгаад жишээ болгож “Элэгний” Хатанбаатарын нэр дээр байсан обьектуудыг ил гаргаж зарлажээ. Тэр бол дүүжлүүрт савлах учиртай хүн, энэ бол дохио бөгөөд одоо “далд” санхүүжүүжигч, санхүүжүүлэгчид Х.Нямбаатарын гутлыг үнсэх ёстой. “Тэртээх өдрүүдэд” авч ирээд борцолчихсон хотын бүлэглэлийн гол координатор Т.Бадамжунай одоо л их хэрэг болж байгаа шүү дээ.

Улмаар сэжүүрийг хөвөрдөж “Алтайн хүдэр”-т тулж, баривчилгаа эхлүүлэв. Ингэснээр Н.Номтойбаяр руу, түүний гэр бүлийн Говь-Алтай дахь уурхайнууд руу дөхөж байна гэсэн үг! Тийш зүглэхдээ бас бус этгээдийг ч хамчихаж магадгүй, хавчуулагдчихвал тэгээд хохь...

Х.Нямбаатар ажлаа сайн хийж байна, гэхдээ хотын даргын аж ахуйн ажлаа биш хотын намын хорооны-улстөрийн ажлаа! Угаасаа хотын үндсэн ажил явахгүйг тэр өөрөө ойлгохын цаагуур ойлгож байгаа. Тиймээс аж ахуйн талын ямар ч ажил хийж, нийтийг бужигнуулахгүй байхыг үүрэгдсэн. Үүнийг нь ойлгоогүй Тээврийн цагдаагийн албаны дарга нөхөр нэг л орой идэвхийлэн хотын замын эгнээг сольж бухимдал дэвэргэснийг “хотынхны хорт явуулга” гэж үзээд шууд халах чиглэл өгсөн байна. Тэр дарга ажил хийх гэж бодсон байж магадгүй ч дор нь хэн турхирсныг таашгүй учраас ахиад нэгийг дүүжилж “хэрээ үргээж” байгаа байхгүй юу!

Удахгүй хотын намын хороо нэр дэвшигчийн асуудал, сонгуулийн бэлтгэл хэлэлцэх бөгөөд тэр үед нэгэн үе мандаж явсан “хотын бүлэглэл”-ийн үнс нурмаар сангийн тавьж байгаад бүхнийг сахилгажуулах болно. Гэвч энэ бол хотын дээд түвшний цэвэрлэгээ агаад дүүргүүд хөндөгдөөгүй, аалзны тор устах яагаа ч үгүй байна.

Чухам ийм учраас “Хотын эрх зүйн байдлын тухай” хуулийг шинэчилж, дүүргүүдийг задлаж, хуучин хотын бүлэглэлийг хөөж цэвэрлээд цоо шинэ бүтэц байгуулах талаар төв намтайгаа тохиролцоод хуулиа өргөн барьчихаад байгаа хэрэг. Ингэж байж хуучнаас цэвэрлэнэ, энэ бол МАН-ын дотоодын “дажин”.

Ийм харгис цэвэрлэгээг Э.Бат-Үүлийн үед ч хийгээгүй, гэхдээ тэр үед хотынхон сөрөг намынхнаас айж “хий гэснийг хийдэг” байсан. Тэгэхгүй бол намын томилгоогоор халчихад АН-д алдах юм байгаагүй. Харин өөрийн намынхантай бол ихэрхэж харьцдаг, хотыг өөрсдийн өмч мэт боддогийнхоо горыг хотын бүлэглэл хүртэж байна! Үүнийг мэдсэн АН-ын олон горилогч Чингэлтэй, Сүхбаатарт шавжээ. Уг хоёр дүүрэг МАН-ын хотынхны хяналтанд байсан бөгөөд албан ёсны засаг дарга хүчгүй, райкомыг хууччуул эзэгнэдэг. Тэд намдаа өсөрхсөндөө нөгөө талд үйлчилэхээс сийхгүй болтлоо гутаалгасан учраас...

Хэрэв Х.Нямбаатарыг томилоогүй бол байдал үүнээс долоон дор байх байсныг МАН-ынхан түрүүлж харсан хэрэг л дээ. Магадгүй цаг алдаж хугацаа алдсан байж болзошгүй, хугарлын цэг нь сонгуулиар таарчихаж ч магадгүй. Тиймээс улам эрчимтэй Бериядах шаардлага гарч байгаа учраас баривчилгаа эрчимжиж болзошгүй. Энэ адал явдал “өшөө” ч үргэлжилнэ. Заримдаа бодогдох нь намын дотоод сахилгажуулалтаас гаднах томоохон стратеги өөрчлөлтүүдийг төлөвлөж байгаа нь лав л дотоод зөвлөхүүдийн санаа биш юм шиг. Яагаад вэ гэвэл...

Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Б.ГАРЬД

Хөгжлийн банкны шүүх хурал гэж өнгөрсөн жил томоохон дуулиан болж байв. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн шүүгдэгч, өмгөөлөгч гээд хэргийн оролцогчид нийлсэн 100 гаруй хүнийг “Улаанбаатар чуулга”-ын байранд хавраас зуныг хүртэл хэдэн сар шүүсэн. Тэр шүүх хурлыг “…1937 оны “Бөмбөгөр ногоон”-д болсон эмгэнэлт шүүх хуралтай яг адилхан үйл явдал болж байна” гэцгээж байв. Сануулахад, анхан шатны шүүх НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан. Харин 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байв. Харин НПГ-аас энэ шийдвэрийг хүчингүй болгуулахаар өвөл нь эсэргүүцэл бичиж хүргүүлсэн. Эсэргүүцэлдээ “…Дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон. Мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан. Эдгээр нь тэдний үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял нь хөнгөдсөн” гэсэн байдаг.

Улмаар энэ 2024 оны хавар уг хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн. Энэ талаараа “…Анхан шатны шүүхээс цагаатгасан нийт 48 хүнээс 27 хүнд холбогдох хэргийг цагаатгасныг хэвээр үлдээж, 20 хүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, гэм буруугийн асуудлыг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж дахин хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон нийт 32 хүнээс 10 шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээж, харин шүүгдэгч С-д холбогдох хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, бусад 22 шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны хүчингүй болгож, тэдэнд холбогдох бүхий л хэргийг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дахин дүгнүүлж, зарим шүүгдэгчид холбогдох нийт хэргийг нэгмөр шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн. Харин цагаатгасан шийдвэр огт гаргаагүй болно” гэж мэдээлсэн.

Тэгвэл прокурорын байгууллага энэ шийдвэрийг мөн л “эсэргүүцэж” байгаа аж. Прокурорын удирдлагууд “…Ер нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж шалгасан, энэ хэргийн оргилд байсан, яг зээлийн системийг зохион байгуулсан хүмүүсийг шүүхийн шатанд сулласаар, сүүлдээ эзэн холбогдогчгүй хэрэг болж дуусаж байна” гэж буй аж. Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн банкны хэргийн томчуудыг нь авч үлдээд “жараахай”-нууд дээр ажиллаад байна” гэж үзжэээ. Ийм агуулгаар НПГ-аас шүүхийн шийдвэрүүдэд бүхэлд нь эсэргүүцэл гаргахаар болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)

"Баян" Б.Базар бусдыг рекетэлсэн хэргээр шалгагдаж байна

Posted By Алсын Хараа On In Онцлох,Хууль эрхзүй | No Comments

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий этгээдүүдийг баривчилж, холбогдох объеъктуудад нэгжлэг, шалгалт хийсэнтэй холбоотойгоор Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Ганчулуун мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Эрүүгийн Цагдаагийн албанаас өчигдөр буюу 2024 оны 4-р сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хоёр хэрэгт дайчлан баривчилгаа явуулсан. Нэгдүгээрт, нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх хэрэг дээр. Хоёрдугаарт, нэр бүхий этгээд нь бүлэглэн Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрийн тавиулж, улмаар их хэмжээний бооцооны мөнгө алдсан гэх шалтгаанаар тухайн иргэний биед нь халдан зодож, зорчих эрхийг хязгаарлан, хүч хэрэглэн заналхийлж, хүнийг хүчээр алга болгох гэх хэргүүдэд хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэн Б-гийн хамаарал бүхий Алтайн хүдэр, Бүрдэл майнинг, Тээвэр хөгжлийн банк болон иргэдийн орон байр зэрэг нийт 10 объеътод нэгжлэг хийж, 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал болон гадаад валют зэргийг хураан авсан.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч гэрчүүдийн мэдүүлэг, газар дээр нь шалгах болон мөрөн шалгах бусад ажиллагаагаар бусдын захиалгаар нэр бүхий этгээдүүд нь "алдсан мөнгөө олж өг" гэх шалтгаанаар бусдыг хууль бусаар хорьж, эрүүдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна.

Дээрх хэрэгт холбогдуулан шалгаж буй нэр бүхий дөрвөн иргэнийг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр буюу өчигдөр Эрүүгийн хэргийн хянан шалгах тухай хуульд зааснаар шүүхийн зөвшөөрөлгүй 48 цагийн хугацаатай баривчилж, цагдан хорин 461-р ангид хүргэсэн. Өнөөдөр Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан холбогдох зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. " гэлээ.

Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Б.ГАРЬД

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлж явсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхийн шийдвэрээр суллаад гурван жил, “цагаатгаад” нэг жил болж байна.

Тэгвэл Т.Чимгээ 2024 оны гуравдугаар сарын 6-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрээр нэхэмжлэлдээ “...Намайг төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэрэгт хилсээр холбогдуулан ТЕГ- аас 2013 оны зургадугаар сараас эхлэн мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Улмаар шоронд ял эдэлж байсан ялтан Ц.Амгаланбаатарын нэрээр айлган сүрдүүлж, дарамтлан доромжилсон мессеж бичиж, гэр оронд маань нууцаар нэвтэрч чагнах төхөөрөмж байрлуулан гар утас чагнах, гэрийн гадаа нууцаар хяналт хийх, өдрийн цагаар дагах зэрэг ажиллагаа хийсээр 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр ажилдаа явж байхад хэсэг залуус хүч хэрэглэн толгойд хар уут углан машин хүчээр чихээд авч явсан.

Төв аймгийн цагдан хорих байрны зоорийн давхрын цементэн шалтай, цонхгүй, ариун цэврийн өрөөгүй, халаалтгүй өрөөнд нимгэн хувцастай хорьсон. Ингээд намайг эрүүгийн 830142 дугаартай хэрэгт хүнийг онц хэрцгийгээр, захиалгаар, өөртөө болон бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж үйлдсэн гэх хэрэгт яллагдагчаар татаж гурван шатны шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг Б.Содномдаржаа, Б.Отгонбаатар, насанд хүрээгүй Ц.Амгаланбаатар нартай бүлэглэж хөнөөсөн гэм буруутайд тооцож, хаалттай хорих ангид 20 жилийн хорих ялыг шийтгэсэн.

Ял эдэлж байх хугацаанд Ц.Амгаланбаатар нь худлаа мэдүүлэг өгч гэмгүй хүмүүсийг хилс хэрэгт гүтгэсэн буруугаа хүлээж, хууль хяналтын байгууллагууд хандаж өргөдөл гаргасан.

Түүнээс гадна, биднийг эрүүдэн шүүсэн бичлэгүүд нийтэд ил болсон. Биднийг хилс хэрэгт холбогдуулан шалгаж шийтгүүлсэн Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийг гурван шатны шүүх хэлэлцээд тэднийг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн.

Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хүчин төгөлдөр болсон байсан шийтгэх тогтоол, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу Дээд шүүхийн 2021 оны тавдугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэцээд 227 дугаартай тогтоолоор бидэнд ял оногдуулсан шийтгэх тогтоол, магадлал, тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шоронгоос сулласан. НПГ-ын 2023 оны долдугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Т.Чимгээ миний бие ялтан Ц.Амгаланбаатарын худал мэдүүлэг болон ТЕГ-ын зохиомол хэргийн золиос болж эрүүл мэнд, сэтгэл санаа, алдар хүнд, амьдралаараа хохирсон. Миний бие болоод манай гэр бүл үр хүүхдүүдийн амссан асар их гашуун зовлон, одоо ч үр уршиг хор хөнөөл нь арилаагүй байна. Би огт үйлдээгүй хилс хэрэгт таван жил найман сар хүнд нөхцөлд хоригдон ял эдэлж бүх л талаараа хохирсон. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд уг хилсээр холбогдуулан олон сараар цагдан хорьж, улмаар шүүхээс 20 жилийн ялаар шийтгүүлж, таван жил найман сар шоронд ял эдэлж эрүүдэн шүүгдсэний улмаас эрүүл мэнд эд материалын бодит хохирол, эрүүдэн шүүгдэж, бие сэтгэл санааны хүнд дарамтад өртөж нэр төр, алдар хүнд, эргэж олдохгүй цаг хугацаа, үр хүүхдийнхээ амь насаар хохирсон, үлдсэн насандаа "алуурчин” гэх гүтгэлэг доромжлолын төлбөрт 48 тэрбум төгрөгийг ийг Төрөөс нэхэмжилж байна” гэсэн байна.

Тэрээр цааш нь хохирлоо “Баримттай бодит хохирол”, “Бодит бус хохирол” хэмээн ялгаж тайлбарласан байна.

Баримттай бодит хохирлын тухайд ажлаа хийж байсан бол авах цалин, байрны түрээс, хоригдож байх хугацаанд өөрт нь зориулж ар гэрээс нь гаргасан зардал зэргийг багтаажээ. Энэ нь 922 орчим сая төгрөг болжээ. Харин бодит бус хохирлын тухайд “...Хүнд хэцүү нөхцөлд олон сар жилээр цагдан хоригдсон. Улмаар хаалттай хорих ангид ял эдлэхдээ нэг ч ялтантай харьцаж үг дуугарч болохгүй гэсэн хатуу чанга дэглэмд ганцаар хоригдсон. Ариун цэврийн өрөөнд хүртэл орж гарахад бусад ялтнуудын хөдөлгөөнийг зогсоож байнгын харуулын хяналтанд байлгаж байсан. Түүний улмаас сэтгэл санаа улам хямарч даралт ихсэх өвчтэй болсон. Бөөр, сав, зүрх өвдөж нойргүйдэлд орж мэдрэлийн архаг ядаргаанд орсон. Айж цочдог, цагдаагийн хувцастай хүн харахаараа чичэрч салганадаг өвчтэй болсон. Цагдан хоригдож байхаа түмпэнд, бас камерын өмнө бие засаж чадаагүй буюу бие засах нөхцөлгүй удаан байлгасан. Үүнээс болоод бүдүүн гэдэсний хагалгаанд орох хүртлээ өвдсөн. Шоронгийн эмнэлэгт хагалгаанд орсон. Гэсэн хэдий боловч одоогоор нарийн шинжэлгээ хийлгэх шаардлагатай байна. Мөн суллагдсаны дараа Орхон аймагт сэтгэл мэдрэлийн эмнэлэгт “...Нойргүйдэл, сэтгэл санааны хурц цочрол” гэсэн оноштой хэвтэн эмчлүүлсэн. Гэвч олигтой засрал авахгүй шаналгаа зовиуртай шаналж явна. Ингэж таван жил найман сар цагдан хоригдож эрүүдэн шүүгдэж улмаар 20 жилийн хугацаагаар ял эдлэхээр шийтгэгдэн, хүний ёсноос гадуур хүнлэг бус дарамт яргалалд өртсөн. Сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, эргэж олдохгүй цаг хугацаа, сүүлчийн удаа ч уулзуулаагүй үр хүүдийн амь нас, үлдсэн насандаа үр хүүхдүүд гэр бүлээрээ үүрч явах "Алуурчин" гэх бузар гүтгэлэг доромжлолын төлөөс, мөн үр хүүхэд ирээдүй хойч үеийнхний гадаадад сурч боловсрох эрдэм ном болоод улс төрийн карьерт саад тотгор болох бузар гүтгэлэг доромжлолын төлөөсийг нэхэмжилж байна” гэжээ. Ер нь бол Т.Чимгээ “...Нийт 48.9 тэрбум төгрөгийг Монголын төрөөс гаргуулж иргэн миний хохиролыг барагдуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг гаргажээ.

Харин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэсэн байна.

Ингэхдээ “...Нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг бүрдүүлж буй 922 орчим төгрөгийн тооцоолол, үндэслэл, эрүүл мэндэд ямар хохирол учирсан нь нэхэмжлэлд тодорхойгүй, орон сууцны түрээсийн төлбөр, Т.Чимгээ нарын зээлийн үлдэгдэл, машин тээвэр, бензин шатахууны зардал, Т.Чимгээгийн охин Ө-гийн оршуулгын зардал, амьдарч байсан байшинг дахин барих зардлыг хариуцагч Төрөөс гаргуулахаар шаардаж буй үндэслэл, тооцоолол ойлгомжгүй хэвээр байна”, “...Нэхэмжлэгч нь хариуцагчийг Төр хэмээн нэхэмжлэлдээ тодорхойлсон байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ”, “...Нэхэмжлэлд хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар гэж тус тус заах” гэсэн шаардлагыг хангаагүй байна”, мөн “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдаж буй хүний амь нас, гэр бүлийн бүх гишүүдэд хамаарах гүтгэлэг доромжлолын төлөөс хэмээн шаардаж буй үндэслэл ойлгомжгүй, 48 тэрбум төгрөг гаргуулахаар шаардаж буй үндэслэл, түүний тооцоолол тодорхойгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байна” гэж үзжээ. Ингээд “...Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” шийдвэрийг гаргасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 75 (7319)

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

З.БОЛД

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын хооронд маш ноцтой асуудлаар “алсын зайн тулаан” өрнөж байна. Тал талаасаа хоёр хоёр удаа “сум” тавьчихаад байгаа юм. Харин эдгээрээс, ялангуяа тэдний нэгэн цаг хугацаанд буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт ярьцгааснаас нь тус тусынх нь гурван үг, гурван “мэдээ” анхаарал татав. Энд дурдагдах эшлэлүүдийг “Зууны мэдээ” сонин, телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэг зэрэг хэвлэл мэдээллийн эх сурвалжаас авав.

 

Ц.Элбэгдорж: Д.Дорлигжаваас “янз бүрийн юм” сонсогдоод байхаар нь “Чи ажлаа өг” гээд Хууль зүйн сайд болж холдож байсан

“С.Зоригийг амиа алдсан нь “Эрдэнэт”-тэй холбоотой” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа хэлсээр байна. С.Зоригийг амиа алдах үед Д.Дорлигжав “Эрдэнэт”-ийн захирал болчихоод байсан. Тэрбээр мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьд очих үед Хууль зүйн сайдаар ажиллаж байв. Өөрөөр хэлбэл, өнөөдөр сөхөгдөөд байгаа “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлуудын үед Д.Дорлигжав эрх бүхий албан тушаалуудад яаж ийгээд томилогдчихсон харагдаад байдаг. Энэ нэг асуудал, анхаармаар. Тэгвэл Д.Дорлигжавын талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “1996 онд Ардчилсан хүчин гэж Засгийн эрх аваад л Д.Дорлигжав эхлээд Батлан хамгаалахын сайд болж байсан юм. Батлан хамгаалахын сайд байхдаа тухайн үед сайн ажилласан, хамгийн анхны энгийн сайд шүү дээ. Тэр үеийн хуулиар “Эрдэнэт”-д онц байдал тогтоож, эндээс Төрийн өмчийн хорооны дарга очоод Д.Дорлигжавыг томилж байсан. Д.Дорлигжав манай Тамгын газрын дарга байж байгаад сүүлд Улсын ерөнхий прокурор болсон шүү дээ. Сүүл рүүгээ янз бүрийн юм сонсогдоод байхаар нь би асуугаад “Чи ажлаа өг” гэж хүртэл шаардаж байсан. Түүний дараа Хууль зүйн сайд болж явж тэндээс холдож байсан түүхтэй. Түүнээс хойш бид хоёр холбогдсон, ганц удаа утсаар ярьсан ч юм уу тийм зүйл юу ч байхгүй. Нийлээд угсарчихсан ч юм уу, нийлээд Д.Дорлигжав гэдэг хүнтэй бизнес хийгээд хүн дарамталсан зүйл огт байдаггүй” гэсэн юм.

 

Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа

“Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилж авсан асуудлаар одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ лав ЗГХЭГ-ын дарга байхаасаа л самбар дээр “зурж”, схем танилцуулдаг байв. Тэр 49 хувийг төрийн мөнгөөр авчихсан болж таарсан. Харин саяхнаас “Тэрхүү схем­ний цаад эзэн нь тэр” гээд бараг хэлчихлээ. Нэрээ зарлуулсан гэгдэж буй Ерөн­хийлөгч асан Ц.Элбэгдорж харин шал өөр тийш нь “зааж” байна. Тэрбээр сэт­гүүл­чийн “…“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой таныг оролцоотой гэх улс төрийн хардлага, үйл баримт зэрэг олон асуудал байна. Хоёр зүйл асуу­хад, нэгдүгээрт “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилж авах мөнгө төрийн бай­гуул­лагуудаас гарсан схемийг эдийн засагчид зурж байна. Мөн төр яг энэ цаг үед Ерөнхий сайд, Сан­гийн сайд олон зүйл хэлж байна. Ху­дал­дан авах мөнгийг механизм ашиг­лаж монгол төрөөс гаргаж авсан юм биш үү. Үүнд та ямар бодолтой байна” гэсэн асуултад “Тэр үед явж бай­сан залуусаас, авах гэж байсан улсуудаас ярилцлагадаа оруулаад асуу л даа. Одоо Ц.Пүрэвтүвшин, Ч.Отго­чулуу байна шүү дээ. Тэд бүгд мэднэ. Чи Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас асуу л даа” гэв.

 

Ц.Элбэгдорж: “...“Эрдэнэт үйлдвэр” эмчилгээ тэжээлийн цэгт очсон, хөгширсөн” гэсэн нь миний үгийн алдаа байсан

“Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт дөнгөж явагдаад л 2016 оны УИХ-ын сонгуультай тулж байв. Тэгээд тэр  сонгуульд АН ялагдсан. МАН үнэмлэхүй олуулаа гарч ирсэн. Ингээд “Эрдэнэт”-ийн хувьчлалын асуудал сөхөгдсөн. УИХ-аар орсон. “Хувьчлал хууль бус явагдсан гэдэг” дүгнэлтүүд гарсан. Хууль хяналтын байгууллагууд ч шалгаад эхэлсэн. Шүүхээр л хараахан шийдэж чадахгүй байна. Гацчихсан. Харин дээр хэлсэнчлэн МАН ялж, “Эрдэнэт”-ийн хувьчлал хуудуутай болсон гээд УИХ дээр ярьж эхэлж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орж очоод нэгэн алдартай үгээ хэлж байв. Алдартай гэсний учир нь тэр үгийг монголчууд бүгдээрээ сортосхийж сонссон бөгөөд одоо ч мартаагүй байгаа юм. Тэрбээр 2016 оны шинэ парламент бүрдсэн УИХ-ын чуулган дээр “Эрдэнэт” үйлдвэр тарган цатгалан үнээ байсан, одоо эмчилгээ тэжээлийн цэгт очсон, хөгширсөн" гэж байв. Тэр үгнийхээ талаар Ц.Элбэгдорж найман жилийн дараа хариулт өгчээ. Тэрбээр “Миний үгийн алдаан дээр тоглодог юм” гэсэн хариултыг өгсөн юм.

 

Т.Чимгээг Эрүүдэн шүүсэн асуудлаар Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүний эрхийн байгууллагуудад ханджээ

“С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт”-тэй холбоотой” гээд байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд нэгэн захирамж гаргажээ. Тэр нь “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах үүрэг бүхий Засгийг газрын ажлын хэсгийг байгуулах тухай” захирамж ажээ. Л.Оюун-Эрдэнэ энэ захирамжаа 2024 он дөрөвдүгээр сарын 10-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ажлын хэсэгт тодорхой үүрэг даалгаврыг өгсөн байна. Гэхдээ тэрбээр энэхүү ажлын хэсгийг байгуулахаасаа өмнө Олон улсын хэд хэдэн хүний эрхийн байгууллагуудтай холбогдоод авчээ. Тиймээс Засгийн газрын хуралдаан дээр “Монгол Улсад Ц.Элбэгдоржийн эрх, Т.Чимгээгийн эрх гэж тусдаа байх ёсгүй. Адилхан л хамгаалагдах ёстой. Ц.Элбэгдорж хүн эрүүдэн шүүвэл “Шударга ёс”, тэр нь илэрвэл “Ц.Элбэгдорж хэлмэгдлээ” гээд байж болохгүй. Хүний эрхийн байгууллагууд ч Ц.Элбэгдорж, Т.Чимгээ хоёрт тэгш л хандах ёстой. Би тэр хүнтэй шоу тоглолтод дуу дуулах гээгүй. Маш ноцтой хэрэг 20 гаруй жил дарагдсан тухай л яриад байна. Тэр хүн хэргээ цайруулах гэж энгийн иргэдийг хилсээр ардчилсан Монгол Улсад гурван шатны шүүхээр улс төрийн захиалгаар хэлмэгдүүлсэн тухай ярьж байна. Урьдын адил асуудлыг маазруулж өнгөрөөхийг Ц.Элбэгдорж хүсч байж болно. Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай. Ц.Элбэгдоржийн хувьд тэр хүмүүсийн амьдрал тоглоом шиг байж магад. Миний хувьд үгүй” гэж хэлсэн бололтой.

 

Л.Оюун-Эрдэнэ: Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд Засгийн газрын ээлжит хуралдаан дээр хэлсэн үг олон нийтийн анхаарлыг татаж байна. Эхний ярилцлагынх нь дараа Ц.Элбэгдорж түүнд цахимаар хариу бариад байсан. Гэхдээ цаг хугацааны хувьд телевизэд ярилцлага өгч байх үед нь тэрбээр Засгийн газрын хуралдаан дээр түүнд хаягласан үг хэлж таарчээ.

Л.Оюун-Эрдэнэ “Ардчилсан хувьсгалын үзэл санааны бэлгэдэл болсон С.Зоригийн хөшөөг нь хүртэл зарчихаад, алс холоос надад ардчиллын үнэт зүйл зааж байхаас илүү ардчилсан үнэт зүйлээсээ ухарч араатан болсон шуналт алхам бүрээ эргэн бодож, өөрт чинь итгэж байсан хүн бүхнээсээ уучлалт гуй. Өөрийн чинь шуналаас болж өчнөөн зовлон үзсэн, өөрт чинь итгэсэн журмын нөхдөөсөө уучлалт гуй. Цаг хугацаа үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ. Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ” гэх мэтээр Ц.Элбэгдоржид хандсан нэлээд хатуухан үг шиджээ. Энэ дундаас “Цаг хугацаа үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ. Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ” гэсэн нь илүү анхаарахаар ноцтой харагдаж байна.

 

Л.Оюун-Эрдэнийн ярилцлага нэр бүхий гэрчүүдийн нууцаа дэлгэх ярианы “шторк” байв уу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид хандаж “Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай” гэсэн нь улс төрийн учир шалтгаан мэдэх хүрээ, тэр байтугай олон нийтийн дунд ч нэлээд яригдаж байна. Түүний “Энэ цагийг хүлээсэн олон гэрч үнэнийг удахгүй ярина” гэсэн нь нэлээд таавар таамаг үүсгэжээ.

Учир нь Л.Оюун-Эрдэнэ тэр ярилцлагаараа хэд хэдэн зүйлийг маш итгэлтэйгээр ярьсан. Хэрвээ худлаа бол хуулийн өмнө хэцүүдэхээр зүйлүүд ч хэлсэн. “С.Зоригийн хэрэг ба Эрдэнэт үйлдвэр”, дэлгэрүүлбэл “Эрдэнэт үйлдвэр, С.Зоригийн үхэл, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн, энэ бүхэн системийн авлига” зэрэг холбоосуудыг их л эвгүй хэрнээ бараг л шулуухан хэлчихэж байна лээ. Мөн үүнийг тайлбарлахдаа Ц.Элбэгдоржоос гадна М.Энхсайхан, Д.Дорлигжав, Б.Хурц, Х.Баттулга, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбилэг, Сү.Батболд, М.Энхболд, Т.Бадамжунай, Э.Бат-Үүл нарын нэрийг дурдсан. Тэд ямар нэг байдлаар үг хэлэхээр л байдалтай үлдчих шиг болно лээ. Үүнээс гадна С.Зориг агсны эхнэр Б.Булган, ах С.Баяр, дүү С.Оюун нар ч тодорхой зүйлүүдийг ярих л сэжүүр гарч ирсэн байна. Мөн Т.Чимгээ дуугарч, ярихаас өөр гарцгүй харагдана. Ерөөсөө “Эрдэнэт” хийгээд С.Зоригийн үхэл, тэгээд системийн авлигын талаар өөр бусад “гэрч”-үүд ч ярьж мэдэх юм. Ингэж хэлсний учир нь “Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” ярилцлагад орохоосоо өмнө олон хүнтэй уулзаж ярилцаад, мэдээлэл авчихсан” гээд л яригдаж байна. Тэр утгаараа Л.Оюун-Эрдэнийн ярилцлага тэдгээр гэрчүүдийн ярианы “шторк” төдий байж мэдэхээр болоод явчихлаа.

ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 74 (7318)

 

Э.Болормаа: Алтайн уулс минь намайг дуудаж, харж, түшиж явдаг юм болов уу гэж боддог

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг байх учиртай. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа ээлжит зочноор Ховд аймгийн Засаг дарга Э.Болормааг урьж, ярилцлаа.

 

“Мал аж ахуйн салбараа цогц бодлогоор дэмжиж, том зургаар нь харах ёстой”

-Сайхан хаваржиж байна уу.  Анх утсаар ярихад ингэж мэндлэх тань их содон байлаа.  Танай нутгаар өвөлжилт, хаваржилт ямар байв.  Хавартаа өнтэй золгов уу?

-Сайхан хаваржиж байна. Манай Ховд нутагт өвөлжилт, хаваржилт өнтэй сайхан байлаа. Улс орны хэмжээнд хүндхэн нөхцөл байдлыг туулж, зургаа орчим сая тоо толгой мал хорогдсон мэдээтэй байна. Одоогоор малчны хотонд мал төлөлт ид явагдаж байна.  Ер нь байгалийн нөхцөл байдлыг ажиглахад, энэ жил Монгол алтайн нуруу дамнуулаад Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн нутагт харьцангуй өнтэй өвөлжлөө. Малчид маань ч өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасан, аймаг орон нутгийн зүгээс өвч тэжээлийн нөөцөө сайн бэлтгэхээс гадна малынхаа тоог цөөлж, онд орохгүй малаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь их чухал гэдгийг олж харж хэрэгжүүлсэн.

Өнгөрсөн өвөл бид аймгийн хэмжээнд мах махан бүтээгдэхүүн боловсруулдаг аж ахуй нэгжүүддээ нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгосон.  Ингэхдээ зүгээр нэг төрийн албан хаагч гэрээ зурах биш банк санхүүгийн байгууллагаар нь дамжуулан олгосон.  Энэ дэмжлэгийг ерөнхийдөө бид хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний жилийн зээлийн эргэн төлөлт 100 хувь хийгдсэн байна.  Энэ жил ч эргэн төлөлт амжилттай хийгдэнэ гэсэн хүлээлт бий.  Хөтөлбөрийн үр дүнд махны компаниуд малчдаас их хэмжээний худалдан авалт хийж, малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Манай аймаг 2022 оны эцсийн тооллогоор  3.5 сая тоо толгой малтай байсан бол 2023 онд 3.2 сая болж буурсан.   Энэ нь малын хорогдол биш эдийн засгийн эргэлтийг харуулж байгаа үзүүлэлт юм.  Тэгэхээр энэхүү бодлого маань цаашлаад өвөлжилт хаваржилтыг өнтэй туулах нэг  хөшүүрэг болов уу гэж дүгнэж байна.  Мөн өвөлжилт, хаваржилтыг даван туулна гэдэг нь зөвхөн мал аж ахуйн асуудал биш малчин түмэндээ төрийн үйлчилгээг  хүргэж үйлчлэх, эрүүл мэндийн тусламж дэмжлэгийг түргэн шуурхай үзүүлэх, зам харгуй гаргах гээд Ховдчууд бид бүгдээрээ хамтын хүчээр өвөл, хаврыг өнтэй сайхан даван тууллаа даа.

-Ер нь Ховдчуудыг хэзээнээсээ л их хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн гэдэг.  Магадгүй энэ нь мал аж ахуйн соёлдоо ч нэвт шингэсэн байдаг байх?

-Тэгэлгүй яахав.  Ер нь энэ жил өвөлжилт, хаваржилт өнтэй байсан гэдэг нь нэг талаараа байгаль цаг уурын, нөгөө талаараа малчдын минь хөдөлмөрч, зан чанартай салшгүй холбоотой. Ховд нутаг олон угсаатан, ястны өлгий. Ажилсаг, хөдөлмөрчөөрөө ч алдартай шүү дээ.  Мөн малыг чанаржуулах асуудал дээр манай малчид манлайлал үзүүлж байгаа.  Ер нь зуд турхан, ган гачиг, байгалийн аюулт үзэгдэл жилээс жилд нэмэгдэж байна. Энэ нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой.

Өмнө нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын байгууллагад ажиллаж байсан.  Мөн дэлхийн банкинд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг багт багтаж ажилласан.  Тэгэхээр энэ асуудалд нэлээд мэдээлэлтэй, мэргэшсэн гэж хэлж болно.   Бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу хийж чадах вэ.  Мэдээж нэгдүгээрт, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах.  Нөгөө талдаа байгаль цаг уурын энэхүү өөрчлөлтүүдэд дасан зохицох шаардлага бий.  Ялангуяа манай уламжлалт мал ахуй яаж өөрчлөгдөх юм. Үүнийг малчид маань нэг үеэ бодоход их сайн ойлгож, хүлээж авдаг болжээ.  Ямар ч малчинтай очоод л ярихад малын тоо толгой, бэлчээрийн доройтлын тухай ярьдаг болсон.

Цөөн малаар өндөр ашиг шим авдаг тийм систем буюу эрчимжсэн мал аж ахуй руу шилжмээр байна гэж ярьж байна.  Тэгэхээр бид цаашид  мал аж ахуйн салбарт энэ төрлийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол зуд болохоор л хамаг малаа алдаад, халаглаад суудаг, амьжиргаагаа алддаг.  Малчдын маань амь нас, эрүүл мэнд ч эрсдэлд орж байдаг. Үнэн худал нь мэдэгдэхгүй хандивын аян зохион байгуулдаг байж болохгүй.

Бид бэлтгэлтэй, бэлэн байдалд байх шаардлагатай байна. Хотынхон ч “Хувийнхаа малыг маллаж байгаа хүмүүст тусаллаа” гэж шүүмжилж байхыг сая харлаа л даа.  Магадгүй Ховд аймгийн Засаг даргаар томилогдоод орон нутгийг зориогүй байсан бол тэдгээр хүмүүстэй санал нийлэхийг үгүйсгэхгүй.  Харин аймгийн Засаг дарга Э.Болормаагийн санал бодол огт өөр байна.  Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын маш чухал хэсгийг малчин түмэн маань авч явж байна. Тэд уламжлалт мал аж ахуйн  өв соёлыг тээж явна.  Малчдын мал үхээд, хот нь хоосон боллоо гэхэд зүгээр тэр хүний хувийн өмч алга болж байгаа асуудал огт биш. Тэр хүн амьжиргаанаасаа салж, ажилгүй болж байна.  Бидний өв соёл бүдгэрч байна.  Тэгэхээр хотод суугаад гар утасны цаанаас шүүмжлээд суух асуудал огт биш.

 

“Монгол Улсын хөгжлийн загварыг монголчууд тодорхойлно гэдэгт илүү итгэл үнэмшил, дүүрэн болсон”

 

-“Магадгүй, Ховд аймгийн Засаг даргаар томилогдоод орон нутгийг зориогүй бол өнөөдөр цахим орчинд малчдыг “муулж” суугаа хүмүүстэй санал нийлэхийг үгүйсгэхгүй.  Гэхдээ асуудал өөр байсан шүү” гэдгийг та хэллээ.  Яг үүн шиг Ховдод очиж ажиллахад таны хандлагыг өөрчилж, нүдийг нээсэн зүйл олон уу?

-Маш олон.  Монгол Улсын хэмжээнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга яаж ажиллахыг  хүмүүс харж байсан. Надад өмнөх эмэгтэй аймгийн даргаас үлгэрлэх, дуурайх, харж ажиллах гэсэн ойлголт  байсангүй. Анхны эмэгтэй даргын ажиллах зарчим, зам мөр, жимийг тодорхой хэмжээнд гаргаж ажиллахыг хичээсэн. Засаг даргын ажлыг аваад хүмүүст шагнал гардуулахаас эхлээд мэдэхгүй, чадахгүй, шинэ зүйл олон байсан. Өнгөрсөн хугацаанд Ховдчуудаасаа сурч, суралцсаар л ирлээ.

Нөгөө талаар, би хөгжлийн бодлогын мэргэжилтэй, энэ чиглэлээр мэргэшсэн хүний хувьд хэлэхэд, Монгол Улс аль нэг улсын хөгжлийн загвараар явахгүй.  Мэдээж цаг хугацааг дөтлөхийн тулд аливаа улс орны бодлогод авах гээхийн ухаанаар хандаж болно. Гэвч  Монгол Улсын хөгжлийн загварыг Монголчууд бид л тодорхойлно гэдэгт илүү итгэл үнэмшил, дүүрэн болсон. Өнөөдөр манай нийгэмд бухимдалтай асуудал олон байна. Энэ нь 1990 оны шилжилт хөдөлгөөн одоо ч тодорхой хэмжээнд явагдаад байна уу гэдгийг харуулж байх шиг. Тэс өөр хоёр нийгмийг үзсэн хүмүүс нийгмийн харилцаанд нэн идэвхтэй байгаа учраас энэ шилжилт дуусаагүй, хүмүүс бухимдалтай байна. Цаашид бид нийгмийн олон асуудалд ойлголцох, зөвшилцөлд хүрэх ёстой.  Үүний нэг нь эдийн засгийн асуудал.  Бид хамтдаа чөлөөт зах зээл гэдэг зүйлийг туулж байна. Үүнд төрийн оролцоо хэр байх юм. Хөдөө орон нутагт малын гаралтай түүхий эдээ яаж эдийн засгийн эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Энэ бүхэн маш тодорхой байх ёстой гэдгийг улам бүр мэдэрсэн он жил байлаа. Түүнчлэн ахуй, өв уламжлал талаасаа Монголчууд бид хаанаас ирсэн юм гэдгээ ойлгож байж, хаашаа явахаа зөв тодорхойлно. Монголчууд дэлхийд юугаараа ондооших юм бэ гэдгээ ч сайн бодох хэрэгтэй.

Монгол Улсад системийн шинж чанартай гажуудал, доголдлууд хаанаас яаж үүссэн юм, яагаад үүнийг арилгах ёстой юм, яаж арилгах уу гээд аливааг илүү цогц байдлаар харах ёстой юм байна. Улаанбаатарт байхад нүдэнд харагдахгүй чихэнд сонсогдохгүй, юу ч болж байсан хамаагүй юм шиг хандлагатай байжээ. Хөдөөд маш олон асуудал байгаа хэдий ч түүнийг дагаад боломж, бололцоо ч их байна.

-Та өмнө нь Монгол Улсын хөгжлийн загварыг тодорхойлох Ерөнхий сайдын  багт орж ажилласан.  Ховдыг хөгжүүлэх ямар төлөвлөгөө байна гэж та харав?

-Монгол Улс 2019 онд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрөө баталсан.  Өмнө нь манай улсын хөгжлийн бодлогууд хоорондоо давхацсан, уялдаа холбоогүй байсан бол Монгол Улсын хөгжлийн бодлого, түүний төлөвлөлтийн тухай хуулийг баталж, бид нэг л урт хугацааны хөгжлийн бодлоготой байна гэдгээ хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулсан. Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ сайд энэхүү хөгжлийн хөтөлбөрийг ахалж боловсруулсан. Түүний дараа дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр буюу Шинэ сэргэлтийн бодлогоо баталсан. Би Ерөнхий сайдын Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа энэхүү хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байлаа. Дээрх хөгжлийн хөтөлбөрүүд манай улсын нөхцөл байдалд “бай”-гаа оносон хөтөлбөрүүд болсон гэж боддог. Одоо энэхүү хөтөлбөрүүд дээрээ үндэслээд Монгол Улсын Засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарлалаа.  Энэ бол маш том алхам.  Бүсчилсэн хөгжлөөр бид ирээдүйгээ хардаг боллоо. Ер нь ажиллах хүчнээс эдийн засгийн хөгжил шууд хамааралтай байдаг.   Манай аймгууд дунджаар 80-90 мянган хүнтэй байгаа.   Ховд аймаг гэхэд 90 мянга гаруй хүн амтай. Баян-Өлгий 100 гаруй мянга байна. Энэ бол зах зээл, чөлөөт эдийн засаг хөгжихөд хангалттай тоо биш.  Тэгэхээр бид цаашид бүсчлэн хөгжлөөр хамтдаа урагшилдаг байх хэрэгтэй.

Монгол Улсын хүн амын тэн хагас нь нийт газар нутгийн 0.3 хувь дээр нь амьдарч байна.  Нэг хувь ч хүрэхгүй. Тэгтлээ бид Улаанбаатар хотдоо төвлөрөн амьдарч байна. Хөдөө орон нутагтаа нийт хүн амын тал нь тархан амьдарч байна.  Тэгэхээр зах зээл талаас нь харсан ч хөгжлийн үзүүлэлтэд энэ нөхцөл байдал хангалтгүй үр дүн үзүүлнэ.

Бүсчилсэн хөгжлийн бодлого гэдэг зүйл анх удаа яригдаагүй, олон жил яригдаж ирсэн бодлого. Энэ Засгийн газар, энэ парламент улс төрийн зориг гаргаж бүсчилсэн хөгжлийн бодлогоо амилуулж чадлаа. Ховд аймгийн хөгжлийн загвар өөрөө Монгол Улсын хөгжлийн бодлогын нэг л хэсэг. Тэр дундаа Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогод багтаж байна. Энэ бодлогын хүрээнд,  суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг 40 хувь, аймгийн төвд ажиллаж байгаа бол 20 хувиар нэмэгдүүлсэн. Хүн байгаа газар хөгжил байдаг. Тэгэхээр Хөдөөгийн сэргэлт хөтөлбөр маань эхний ээлжид шилжилт хөдөлгөөн дээр анхаарсан.  Хөдөөг ингэж хөгжүүлнэ гэхээс илүү хөдөөд хүн байх ёстой шүү гэсэн бодлогоор эхний алхмуудыг хийж, өнөөдөр бид хугарлын цэг дээрээ ирлээ. Дандаа хот руу явдаг байсан хөдөлгөөн хөдөө рүү тэмүүлж байна.

 

“Төрийн албаны тухай хууль асар доголдолтой байна”

 

-Нэг талаараа хөдөөгийн сэргэлтэд манлайлал болж, Ховдыг зорьсон хүн бол та.  Орон нутагт ер нь амьдрал ямар байна вэ?

-Би гэдэг хувь хүн хөдөөг зорьсон.  Түүнээс биш намайг дагаж олон залуус очсон гэж бодохгүй байна. Гэхдээ орчин үеийн илгээлтийн эзэн, энэ асуудлыг түүчээлээд явах ёстой гэж бодсон.  Тухайн үед олон шүүмжлэлт зүйл гарч байлаа.  Дээрээс шууд томилогдлоо гээд л дайралт их байсан.  Энэ бол маш харамсалтай ойлголт юм л даа.  Залуучууд орон нутгаа  хөгжүүлье гээд очиж байхад яагаад ингэж хүлээж авч байгаа юм бол гэж гайхсан.

Миний томилгоо бүрэн хуулийн дагуу явагдсан. Аймгийн иргэдийн хурлын бүлгээс миний нэрийг дэвшүүлж, олонхын санал авч,  Ерөнхий сайд батламжилсан. Ийм л энгийн процесс болсон. Ер нь энэ бол дэлхийн хаана ч байдаг эрүүл үзэгдэл.  Тухайлбал, Дэлхийн банк хэзээ ч тухайн орны хүнийг нь тухайн орны суурин төлөөлөгчөөр томилдоггүй. Яагаад гэхээр нэг талдаа авлигад өртөх магадлал өндөр гэсэн хүний нөөцийн бодлого нь. Олон жил нэг албан тушаал дээр байлгадаггүй, сэлгэж томилдог. Үүнийг хүмүүс улстөржиж харахаасаа илүү сэлгэн томилох бодлого барих ёстой гэж боддог. Монгол улсын хэмжээнд дунд шатны мафи гэдэг асуудал байгаа. Надад  тулгарч байгаа энэ эсэргүүцэл зөвхөн Болормаад биш хөдөөг хөгжүүлэхээр зорих залуус болгон дээр ирэх асуудал юм байна гэдгийг мэдрээд зогсохгүй одоо ч орон нутагт байгаа асуудал юм.

-Сэлгэж томилдог асуудал үр дүнтэй байж болохыг таны томилгоо харууллаа. Та  Засаг дарга болоод томилгооны асуудал дээр энэ схемээ туршиж үзэв уу?

-Аймагтаа цэцэрлэгийн буюу сургуулийн өмнөх боловсролын байгууллагынхаа эрхлэгч нарыг хуулийн хүрээнд сэлгэн томилсон. Саяхан цэцэрлэгүүдээр явж танилцахад бодит үр дүн гарсан байна. Эхэндээ асар их эсэргүүцэлтэй тулгарсан. Нэг цэцэрлэгийг 10 жил удирдчихсан хүмүүс чинь аргагүй шүү дээ. Гэтэл өнөөдөр тэд маань бид маш их зүйл сурлаа, хийлээ, хэтэрхий хайрцаглагдсан байж гэж ярьж байна.  Энэ бол нөгөө бидний яриад байгаа инновац байхгүй юу. Мэдээж надад хийж чадаагүй зүйл ч байна.

Ер нь манай Төрийн албаны тухай хууль асар доголдолтой юм байна гэдэг мэдрэмж төрсөн. Товчхондоо, төрийн албанд чадвартай хүнийг оруулдаггүй, чадваргүй хүний гаргадаггүй тийм чагтлагдсан юм шиг санагддаг. Гэхдээ би төрийн албан хаагчдаа хэлээгүй, бүтэн системийг нь хэлж байгаа юм.

Өнөөдөр олон улсын байгууллагад 10 жил ажилласан, гадаадад боловсрол эзэмшсэн, чадвартай боловсон хүчин Төрийн албанд бараг мэргэжилтнээр ч орж чадахгүй дээ. Ийм л нөхцөл байдалтай байна. Төрийн албаны чадавх сул байна гэдэг нь төр өөрөө сул байна л гэсэн үг. Төрийг хэдэн улстөрчөөр дүгнэх биш төрийн албан хаагчдаар нь, системээр нь дүгнэх ёстой. Би дийлэнх цагаа төрийн албаны  зарим хүмүүсийнхээ чадавхийг сайжруулах дээр анхаарч өнгөрүүлсэн.  Ажилчидтайгаа хамт байх, ажиллах дээр их цаг хугацаагаа их өнгөрүүлдэг. Яагаад гэхээр Болормаа өнөөдөр ганцаараа ойлгоод, чадаад байх огт сонин биш. Бүх албан хаагчид хаашаа, яаж явахаа мэдэж байж, хамт зөвшилцөж байж, ажил явна шүү дээ. Түүнээс биш би хичнээн сайн байгаад  итгэл үнэмшилгүй, санал нийлэхгүй, ойлгохгүй бол ямар ч ажил нурна. Ер нь аливаа байгууллагыг удирдана гэдэг хүний учрыг олох, хаашаа явах гэж байгаагаа маш тод зурж, түүндээ манлайлах нь л чухал юм билээ.

 

“Хүмүүс илүү тэгш, шударга нийгмийг л хүсэж байна”

-Та “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг гараанаас гаргалцсан хүн.  Олон салаа замаар, янз бүрийн зам туулж, үр дүнд хүрэхийг тэмүүлж байна.  Нийтдээ зургаан бодлого байгаа. Үүнээс алийг нь илүү онцолж, үр дүнг нь мэдрэхийг хүсч байна вэ?

-Төрийн бүтээмжийн сэргэлтийг нэрлэмээр байна. Яагаад төрийн бүтээмж сэргэх ёстой юм бэ, Шинэ сэргэлтийн бодлогод багтах ёстой юу гэж олон хүн асуудаг.  Шинэ сэргэлтийн бодлогын ажлын хэсгийнхэн бүгд санал нийлж, төрийн бүтээмж сэргэх ёстой гэж үзсэн. Төрийн бүтээмж бол бүхний суурь нь юм. Төр бүтээмжтэй байж чадахгүй бол бид ямар ч зөв бодлого гаргаад үр дүнд хүрэхгүй, хэрэгжихгүй бол яах юм. Төрийн алба нь чадвартай, авлига, нугалаа байхгүй, цахимжсан, бүтээмжтэй байж Монгол Улс хөгжинө.

Ер нь Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулахдаа нэлээд зүйл судалсан. Ажлын хэсэг байгуулж, залуучуудаасаа “Монгол Улсын хөгжлийг хязгаарлаад байгаа зүйл нь юу вэ, түүнийг бид эдийн засгийн оролцоотойгоор байхгүй болгож, сэргээх ёстой гэж үзсэн.  Гэхдээ үүний цаана нэлээд их системийн гажуудлууд байна.  Төр бизнесийнхний хөшигний ар дахь хуйвалдаан, нэг намаас давсан эрх мэдэлтэй хэсэг бүлэглэл ч байна.  Энэ бол бүхлээрээ системийн гажуудал шүү дээ.

-Та Ховдод Засаг даргаар очоод энэ гажуудлын арай жижигсгэсэн хувилбартай нүүр тулсан. Гэхдээ үзэлцсээр байгаад, дууссан. Энэ тэмцэл амаргүй байсан уу?

-Зориг гаргаад хөдөө очоорой гэж залуучууддаа уриалмаар байна. Өөрчлөлтийг өөрөөсөө л эхлэх хэрэгтэй юм байна. Яриад байдаг ёс зүйн хэмжээндээ хүрдэг байх, шаардлага тавих хэмжээнд ажилладаг байх хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгний барьцаанд орчхоод нөгөө талдаа хариуцлага тавиад байж болохгүй. Хөдөө орон нутагт ийм асуудал их байна. Бүгд  нэг нэгнээсээ хамааралтай, тэгээд чагтлагдсан. Тэгэхээр хэн хэндээ хариуцлага, шаардлага тавьж чадахгүй. Тэр дунд хэн нэгэн өөр хүн очиж байж л тэр чагталсан байдал тайлагдана. Яг л ийм үйл явц өнгөрсөн хоёр жил Ховдод өрнөсөн.

Тендер авдаг, авлига өгдөг, авдаг байсан хэсэг бүлэг хүмүүс орилж, чарласан, бачуурсан, дайрсан. Ингээд би ямар нэгэн улс төрийн барьцаатай байсан бол өнөөдөр дууссан. Гэтэл тэд хамгийн муудаа л намайг “Түүхий тарвас” гэж хэлж байна. Эхлээд энэ дайралтуудад эмзэглэж байсан. Харин одоо улам хурцлагдаж байна. Яагаад гэхээр энэ Болормаа гэдэг хувь хүний асуудал биш. Монгол Улсын ирээдүйн асуудал шүү. Би хийхгүй юм бол хэн хийх вэ, бид биш бол хэн гэж. Би юуны тулд энэ боловсрол мэргэжлийг нь эзэмшээд олон улсын томоохон байгууллагуудад ажиллаж туршлагажсан юм. Ховд бол миний өвөг дээдсийн нутаг. Магадгүй Алтайн уул ус минь намайг дуудаж, харж, түшиж явдаг юм болов уу гэж боддог.   Эмэгтэйчүүд, залуучуудаа бас боддог.  Өнөөдөр Болормаа нугарч муу ажиллавал магадгүй залуучууд, эмэгтэйчүүд чадахгүй бүтэхгүй гэдэг зүйл ярих учраас хичээдэг, тэр хэрээрээ ч хурцлагддаг.

-Засгийн газраас Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьж, парламент хэлэлцэж эхлээд байна.  Ховд бол уул уурхайн олон ордтой. Зөв ашиглагдаж ирсэн гэдэг нь мэдээж эргэлзээтэй. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Аймгийн Засаг даргын хэмжээнд хүч хүрэхгүй хэдхэн асуудал байгаагийн нэг нь уул уурхай, түүнийг дагасан баялгийн зарцуулалт. Ялангуяа Хөшөөтийн уурхайн асуудлыг Засгийн газрын түвшинд авч үзэх байх. Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол маш чухал асуудал. Бид байгалийн баялгаа яаж ашиглах уу. Монгол хүн бүрийн өмч гэдэг атлаа энэ хуулийн заалт хэрэгжиж чадахгүй байсаар ирлээ.  Магадгүй өнгөрсөн 30 жилийн алдаа замхралтай шууд холбоотой. Хэн хэн ямар лицензийг яаж авав, яагаад стратегийн ордууд хувь хүмүүст оччихов. Тодорхой тооны хүмүүс ашиг хүртээд, яагаад ард иргэдэд багахан будаа шидээд байгаа юм.  Энэ бүхнийг бодож дүгнэлт хийх хэрэгтэй. Уул уурхай хөгжиж болохгүй гэдэг зүйлийг огтоосоо яриагүй. Хүмүүс илүү тэгш, шударга нийгмийг л хүсэж байна.  Чөлөөт зах зээлийн нийгэмд  илүү хөдөлмөрлөсөн нь илүү мөнгө олох боломжтой.  Гэтэл нэгэн цаг үед мэдээлэлд илүү ойр байсан хүмүүс нь баахан лиценз аваад баяжаад байдаг, түүнийгээ чөлөөт зах зээл гэж эндүүрдэг. Тэгээд мөнгөө эрх мэдлээ хамгаалахын төлөө цутгадаг. Ард иргэдийн өмчийг ингэж буруу ашиглаж болохгүй.

-Ховд аймагт өнгөрсөн хугацаанд баялгийн багахан хуваарилалтыг хийсэн гэж сонссон.  Энэ нь ямар учиртай юм бэ?

-Манай аймагт уул уурхайн нөлөөллийн бүс гэсэн арван сумдад хөнгөлөлттэй нүүрс олгож байсан.  Түүнийг нь уурхайтай ойр байх эсэхээс үл хамаарч бүх Ховдчууд баялгаас хүртэх ёстой гэж үзэж, бүгдэд нь өгөх шийдвэр гаргасан. Дараа нь мөн тэгш хүртээмжтэй байх ёстой гэж үзээд хоёр тонн гэсэн нэгдсэн дүн гаргаж, шийдвэрлэсэн. Ингээд Ховдчууд жилд нэг удаа тодорхой хэмжээнд байгалийн баялгаа хүртэж байгаа. Засаг даргын хэмжээнд ямартай ч ийм шийдвэр гаргаж хэрэгжүүлж чадсан. Түүнээс цааш миний шаардлага тавьж ажилласан зүйлүүд маань биелээгүй. Уул уурхай тойрсон цэгцлэх ёстой асуудал их байгаа.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг гацаанаас гаргаж, урагшлуулах бол танд өгсөн нэг даалгавар байсан.  Ямар үр дүн үзүүлж ажиллав?

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол олон жилийн өмнөөс судалгаа нь эхэлсэн, Монгол улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой ийм бүтээн байгуулалт.  Мөн Эрчим хүчний сэргэлтийн нэгээхэн хэсэг байсан. Засаг даргаар томилогдох үед орон нутгийн иргэдийн эсэргүүцэл бухимдал ихтэй, буруу ойлголтоос болж гацсан зүйлүүд бий. Иргэдтэй хэд хэдэн удаагийн уулзалт хийж, зөв мэдээлэл өгч, ач холбогдол, үр өгөөжийг нь тайлбарлаж, нөлөөллийн талаар ярилцсан.

Яг нь үнэндээ бүтээн байгуулалтыг эсэргүүцсэн хүн нэг ч байгаагүй, зөв мэдээллээр хангаагүй жаахан сэтгэл дутсан л асуудал байсан. Одоо нөлөөллийн бүсэд байгаа бүх айлуудтай гэрээгээ хийж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс нөхөн төлбөрийг асуудлыг шийдэж чадсан.  Ерөнхийдөө Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц маань гацаанаасаа гарч, хоёр орны Засгийн газар хоорондын гэрээнүүд зурагдаж, бүтээн байгуулалтын бэлтгэл ажил эхлээд хугацаандаа, амжилттай явагдаж байгаа. Энэ усан цахилгаан станц өөрөө 90 мегаваттын хүчин чадалтай. Одоогоор барууны бүсийн эрчим хүчний сүлжээнийхээ 70 хувиа гаднаас авч байна.  Энэ бүтээн  байгуулалт ашиглалтад орсноор баруун бүс дотоодоосоо эрчим хүчээ бүрэн авч эхэлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 74 (7318)

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Сүүлийн үед С.Зоригийг хөнөөсөн хэргийн эргэн тойронд олон үйл явдал өрнөж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоос хоёр долоо хоногийн өмнө энэ хэргийн талаар ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр уг хэргийг “...Улс төрийн аллага” гэж мэдэгдсэн. Тодруулбал, “...С.Зоригийг хөнөөсөн хэрэг нь тухайн үедээ “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон. Том агуулгаараа системийн авлигатай холбоотой” гэж ярьсан.

Л.Оюун-Эрдэнийн “...Захиалагч нь бараг тодорхой С.Зоригийг хөнөөсөн хэрэгт тухайн үед юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана. Энэ хэрэг дээр хэрэв Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүх “...Алсан” гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний хүний эрхийн асуудал.

Ардчилсан Монгол Улсад хэний захиалгаар, хэнд ашигтай учраас ийм шийдвэрийг шүүх гаргав. Үүнийг бодох ёстой. Шүүх гэм буруутай гэж тооцоод, Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан. С.Зоригийн хэргийг хаахын тулд яагаад ийм зохиомол хэрэг үүсгэсэн бэ гэдгийг Б.Хурц болон зарим прокурор үнэнээр нь хэлэх өдөр ирэх байх гэж итгэдэг. Би тэднийг буруутгадаггүй. Учир нь тэд “...Мэдлээ, гүйцэтгэе" гэдэг хүмүүс. Х.Баттулга Ерөнхийлөгч ч бас үнэнээ хэлэх байх” гэсэн нь анхаарал татсаар байгаа юм.

Түүний энэ ярилцлагад хамгийн олон нэр дурдагдсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дараахан нь цахим сүлжээгээр Л.Оюун-Эрдэнэд хандаж “хариу тайлбар” хийсэн. Тэрбээр “...Л.Оюун-Эрдэнэ ээ, чамайг олон улсын хэллэгээр бол нарциссист гэж хэлнэ. Өөртөө дурласан гаж дон. Уг нь би чиний нэрийг дурсахгүй байя гэж бодсон. Монголоо харахаар элэг эмтрээд байх юм. Чи эх орноо шорон шиг, социализмын үеийн уурын зуух шиг болголоо. Хүмүүс эндээс гарч зугтахын түүс болж байна.

С.Зоригийг алсан хүмүүсийг мөрдөгчид илрүүлсэн. Хууль, шүүх тогтоосон. Тэр хүмүүс одоо ч сэжигтэн хэвээрээ. Чи Ерөнхий сайд болоод эхний уулзсан хүнээсээ эмээж байна. Нэг л өдөр чи шалгагдана. С.Зоригийг алсан этгээдүүд, алуурчинтай хамсаатан болсон хүмүүс үргэлж сандарч яваа. 26 жилийн өмнө юу болсныг, бид яаж шалгуулсныг, Монголын ардчилалд юу тохиолдсоныг түүх гэрчилнэ. Коммунистууд аллагыг бидний эсрэг яаж ашиглаж байсныг би мэднэ. Аллагын хэрэг илрэхгүй хугацаа алдахад би АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хөндлөнгийн олон улсын мөрдөгчид ирүүлэх хүсэлт тавьж байлаа. Ажлын хэсгийг хаана байгуулж, хэн өөрчилдгийг хуульчид хэлнэ. Үүнд Ерөнхий сайд оролцох боломжгүй. Хүнээ алуулсан бидэнд тийм үйлдэл байтугай санаа ч төрөөгүй. Алуурчдыг олоход бүх талаар туслахыг хичээж ирсэн. Би энэ талаар хэзээ ч хэнтэй ч ярилцахаас цааргалж байсангүй. Хамгийн сүүлд 2021 оны тавдугаар сарын 18-ны орой клабхауст болсон дэлгэрэнгүй яриа одоо ч миний цахим хуудсанд бий. Манай хууль шүүхийн ажилтнууд чиний бодож байгаа шиг хямд хүмүүс биш. Тэд тусгайлан тэр мэргэжлээрээ сурсан, тусдаа хууль барьж ажилладаг. Хуульчийн мэргэжил бол өөрийн арга барил, дэс дараалалтай байдаг.

Энэ хэрэг дээр зарим нэг асуудал гарсан байж болно. Гэхдээ түүгээр бүхнийг харлуулж болохгүй. Чамд тодорхой хэлье. Уг хэрэгтэй ҮАБЗ дэлгэрэнгүй танилцсан. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, УИХ-ын даргаар М.Энхболд ажиллаж байсан. Бүгдийг нь цаасаар болон аудио бичлэгээр баримтжуулсан. Тэд мэднэ, түүнийг ил болгох хэрэгтэй. Харин чи алуурчдыг нь ивээлдээ авсан. Бүгд үүнийг харж буй.

-1998 онд амь насаа алдсан С.Зориг, 2016 онд Монголын мэдэлд ирсэн “Эрдэнэтийн 49 хувь” холбоотой ч гэх шиг. Оросууд бидэнд сонголт өгдөггүй юм. “Эрдэнэтийн 49 хувь” зөв цагтаа бидэнд ирсэн. Би тэр 49 хувийн хэрэгт бүтэн шалгагдаж, хавтас хэрэгтэй нь танилцсан. Хэргийн материал нь ялынх биш шагналыг тодорхойлно.

-Л.Оюун-Эрдэнэ ээ, чи үнэхээр үнэнийг хүсэж байвал олны өмнө ил ярилцъя. Оюутнуудын төгсөлт, лекц, диплом гээд зав бага байгаа ч чамтай ярилцахад бол цаг гаргана. Газрын хол ойр ялгаагүй, цахимаар ярилцлага хийхэд татгалзах зүйл надад үгүй. Технологийн дэвшилтийг ашиглаад чиний дуртай телевизээр чинь ч ярилцлага хийж болно. Би чамайг дуудна, чи ч бас урилгаа хэлээрэй.

-Л.Оюун-Эрдэнэ ээ, би чиний тархинд удаан оршино, түрээсгүйгээр, чи мөрөөдлийн суудалдаа миний нэрээр хүрсэн, чи үхсэн карьераа миний нэрээр хадгалж байгаа” гэсэн юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 8-нд захирамж гаргаж “...С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах” үүрэг бүхий Засгийг газрын ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахалж, бүрэлдэхүүнд нь ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэг, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн, ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, УЕП-ын орлогч М.Чинбат, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун, ЦЕГ-ын ЗУГ-ын дарга Л.Нямдаваа нар багтжээ. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ХЗДХЯ-ны ХЗБГ-ын дарга Г.Эрдэнэбулган ажиллах юм байна. Уг асуудлыг Засгийн газрын уржигдрын хуралдаанаар хэлэлцсэн байна.

Тэр хуралдаан дээр Л.Оюун-Эрдэнэ Ажлын хэсгийг танилцуулах үеэрээ “...Монгол Улсад Ц.Элбэгдоржийн эрх, Т.Чимгээгийн эрх гэж тусдаа байх ёсгүй. Адилхан л хамгаалагдах ёстой. Ц.Элбэгдорж хүн эрүүдэн шүүвэл “...Шударга ёс”, тэр нь илэрвэл “...Ц.Элбэгдорж хэлмэгдлээ” гээд байж болохгүй. Хүний эрхийн байгууллагууд ч Ц.Элбэгдорж, Т.Чимгээ хоёрт тэгш л хандах ёстой. Би тэр хүнтэй шоу тоглолтод дуу дуулах гээгүй.

Маш ноцтой хэрэг 20 гаруй жил дарагдсан тухай л яриад байна. Тэр хүн хэргээ цайруулах гэж энгийн иргэдийг хилсээр ардчилсан Монгол Улсад гурван шатны шүүхээр улс төрийн захиалгаар хэлмэгдүүлсэн тухай ярьж байна. Урьдын адил асуудлыг маазруулж өнгөрөөхийг Ц.Элбэгдорж хүсч байж болно. Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай. Ц.Элбэгдоржийн хувьд тэр хүмүүсийн амьдрал тоглоом шиг байж магад. Миний хувьд үгүй. Миний хувьд үнэнийг олох нь ирээдүйд илүү тустай гэж бодож байна. Монгол Улсад хувьсгалын хэмжээний гурван үйл явдал л сүүлийн 100 жилд болсон. Ардчилсан хувьсгалын үзэл санааны бэлгэдэл болсон С.Зоригийн хөшөөг нь хүртэл зарчихаад, алс холоос надад ардчиллын үнэт зүйл зааж байхаас илүү ардчилсан үнэт зүйлээсээ ухарч араатан болсон шуналт алхам бүрээ эргэн бодож, өөрт чинь итгэж байсан хүн бүхнээсээ уучлалт гуй. Өөрийн чинь шуналаас болж өчнөөн зовлон үзсэн, өөрт чинь итгэсэн журмын нөхдөөсөө уучлалт гуй. Цаг хугацаа үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ. Энэ цагийг хүлээсэн олон гэрч үнэнийг удахгүй ярина. Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ” гэжээ. Дашрамд хэлэхэд, Т.Чимгээ Монголын төрөөс хохирол нэхэмжилж, 2024 оны гуравдугаар сарын 6-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Харин шүүх 2024 оны гуравдугаар сарын 13-нд хуралдаад “...Нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах” шийдвэрийг гаргасан байна. Нэхэмжлэлийг хянасан шүүгч Б.Ундраа “...Нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгийн тооцоолол, үндэслэл, эрүүл мэндэд ямар хохирол учирсан нь нэхэмжлэлд тодорхойгүй, орон сууцны түрээсийн төлбөр, зээлийн үлдэгдэл, машин тээвэр, бензин шатахууны зардал, Т.Чимгээгийн охины оршуулгын зардал, амьдарч байсан байшинг дахин барих зардлыг төр хариуцна хэмээн, төрөөс шаардаж байгаа үндэслэл, тооцоолол ойлгомжгүй хэвээр байна”, “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдаж буй хүний амь нас, гэр бүлийн гишүүдэд хамаарах гүтгэлэг доромжлолын төлөөс хэмээн шаардаж буй үндэслэл ойлгомжгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байна”, “...Нэхэмжлэгч өөрт нь хохирлл учруулсан хэмээн хариуцагчаар татаж буй этгээдийг нэхэмжлэлд тодорхой тусгаж, дээр дурьдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй” хэмээн шийдвэрлэжээ.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин