- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Г.Аюурзана: XIII зуунд дэлхийн хэмжээний бүтээл туурвих боломж нь зөвхөн Монголд л байсан

Г.Аюурзана бол 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойших 35 жилийн түүхэнд Монголын бичиг соёлын ертөнц дэх тод дуу хоолой болон хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч юм. Тэрбээр анхны хувийн чөлөөт сонинуудын нэгийг үүсгэн байгуулж, яруу найраг, хүүрнэл зохиол, орчуулга, нийтлэл, соён гэгээрүүлэх ажил гээд уран зохиол болон нийгмийн чиглэлд ажиллаж иржээ. Түүний “Философийн шүлгүүд”, "Non plus ultra" тэргүүтэн шүлгийн түүврүүд болон “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Бөөгийн домог” тэргүүтэн хүүрнэл зохиолууд, “Тэнгэрийн судар” тэргүүтэй "Монголын нууц товчоон"-ы задлан шинжлэлүүд нь уншигчдын сонирхлыг ихээхэн татаж, монгол төдийгүй гадаадын олон хэлээр орчуулагдан нийтлэгдсээр байна. Зохиолч Г.Аюурзана Монгол Улсаас Айовагийн зохиолчийн хөтөлбөрт сонгогдсон цөөхөн зохиолчийн нэг юм.

Энэ удаад монгол хэлт утга зохиолын гол эх бичвэр болох “Монголын нууц товчоон” болон түүнээс улбаатай монгол үндэстний оюун санааны өв, монгол үндэстний ирээдүйн тухайд төвлөрөн ярилцсанаа толилуулж байна.

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ ДАЛД БИЧВЭР

-Хэдэн жилийн өмнө таны өгсөн ярилцлагаас нэгэн өгүүлбэр санаанд торж үлджээ. “Монголын нууц товчоон /МНТ/”-ыг хүн төрөлхтний оюуны ертөнцөд эзлэх ёстой байр суурьдаа очиж, хүлээх ёстой хүндлэлээ хүлээхэд үлдсэн амьдралаа зориулахаар шийдсэн” гэдэг үг. Зохиолч хүний хувьд амьдралаа ингэж харах, түүнийгээ илээр хэлэх нь тун онцгой нөхцөл шүү дээ. Уучлаарай, яагаад заавал МНТ гэж, яагаад үлдсэн амьдралаа зориулна гэж?

-Монгол зохиолч болж төрсний хувьд миний хамгийн их өртэй ном байгаа гэвэл МНТ. Би МНТ-ыг харьцангуй сүүлд уншсан. Тав, зургаадугаар ангид байхдаа унших гэж үзээд чадаагүй. Миний үеийн хүүхдүүд тав, YI ангидаа л уншлагын амтанд орчихдог байсан. Яагаад ч юм надад тэр үед МНТ "уншигдахгүй байсан". Хожим нэлээд буурьтай уншсан үе маань 1990 он. Тэр үед Ш.Гаадамба гуай Л.Н.Гумилевтэй уулзахаар Ленинград явах замдаа миний сурч байсан М.Горькийн сургуулиар ирсэн. Манай М.Горькийн сургууль нааш, цааш явж буй зохиолч бүр л буудаг газар байв. Тэрбээр МНТ-ы худам бичгийн сийрүүлгээ дөнгөж хэвлүүлээд авч явсан юм. Яруу найрагч М.Баттөмөр бид хоёр бүтэн оройжин Ш.Гаадамба гуайтай ярьж суухад, өмнөх хуудсанд нь миний нэрийг бичээд, гарын үсгээ зурж бэлэглэсэн ном нь надад одоо ч бий. Тэр үед манай үндэсний ухамсар сэргэж байсан үе учраас хойно байгаа бидэнд ч алсаас сайхан нөлөө үзүүлж байсан.

Ингээд  МНТ-ыг монгол бичигтэй нь зэрэгцүүлж уншихыг оролдож үзсэн. МНТ-ыг монгол бичигтэй хамт уншина гэдэг их сонин орчин үүсгэдэг юм билээ. Миний хувьд, МНТ-ыг кирилл үсгээр Ц.Дамдинсүрэн гуайн хувилбараар уншсанаас илүү өөр нэг зүйл цаана нь байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Ш.Гаадамба гуай өөрөө судалгааны маш олон тайлбар, зүйлт хийсэн нь бас сонирхолтой. Ингээд бидний мэддэг үндсэн бичвэрээс гадна цаана нь давхар бичвэр байгаа юм байна гэдэг санаа тэр үед анх төрсөн.

“Илбэ зэрэглээ” романаа 30-аад настайдаа л анх бичсэн байх. Тэр үед МНТ-ы далд бичвэрийн тухай санааг олсон. Романы гол баатар маань зохиолоо бичиж дуусгаад л шатаачихаад байдаг. Тэгснээ дахиад л бичдэг. Үүний далд бичвэр нь МНТ байсан. Тийм болохоор би зэрэгцүүлээд МНТ-ы тухай тэмдэглэл бичээд эхэлсэн. Тэр тэмдэглэл маань 2000 он гарсны дараа нэлээд олон болсон. Санаа гэдэг зүйл хүнд төрөх үед нь гаргахгүй бол тэр санаа өөр хүнд оччихдог. Миний тэмдэглэсэн санаатай давхацсан санаанууд МНТ-ы тухай шинэ өгүүллүүдэд гарч эхэлсэн. Тэгтэл миний санаатай давхцах өгүүллүүдтэй ч таарч эхэлсэн. Ингээд насан туршдаа өөртөө л бичих гэж байснаа болиод МНТ-ы тухай тэмдэглэлүүдээ хэвлүүлсэн. Тэр нь миний “Тэнгэрийн судар” ном. Би “Тэнгэрийн судар” номоо насан туршдаа бичих нэг ном гэж бодож байгаа. Энэ жил гурав дахь хувилбараар нь гаргана.

МНТ-ыг хүн төрөлхтний оюуны ертөнцөд эзлэх ёстой байр суурьдаа очиж, хүлээх ёстой хүндлэлээ хүлээхэд үлдсэн амьдралаа зориулахаар шийдсэн” гэдэг нь судлаачийн хувьд хэлж байгаа үг биш зохиолчийн хувиар хэлж буй үг. Монгол зохиолч ямар нэг бичвэрийн өмнө өртэй байдаг бол тэр нь МНТ гэдгийг л харуулах гэсэн юм.

-МНТ саяхан “Penguin Random House” хэвлэлийн газрын “Сонгодгууд” цувралд судлаач Кристофер Атвүүдийн орчуулгаар хэвлэгдлээ. Үүнийг судлаачдын хүрээнээс гарч, дэлхийн жирийн уншигчдын сонголт руу орж байгаа үйл явдал гэж ойлгож байна. Тухайн үеийн өрнө, дорны уран зохиолын сонгодог өвүүдтэй харьцуулаад харахад МНТ хэр үнэ цэнтэй бичвэр вэ?

-МНТ шиг их сайн судлагдсан зохиол Монголд байхгүй. Монголын түүх талаас ч, хэл зүй, уран зохиол талаасаа ч тэр. “Penguin Classic”-аас гарчихлаа гэдэг чинь уран зохиолын судалгааны хувьд нэлээд ондоон түвшинд хүрчихлээ гэсэн үг л дээ.

Гэхдээ МНТ-гоо бид их буруу ойлгодог. Ямар ч бичвэрийг ямар ч хувилбараар ойлгох боломжтой атал бид ерөнхийдөө нэг хувилбараар л ойлгосоор ирсэн. Энэ бол үнэ цэнтэй бичвэрийг гутааж байгаа хэрэг л дээ.

Яагаад гэвэл бичвэр өөрөө цуурайтах чадвар нь сайн байх тусмаа үнэ цэн нь өсдөг. Манайд МНТ-ны бичвэрийг цуурайтуулаагүй. Жишээлбэл, МНТ-ны эхний өгүүлбэрийг л харъя л даа:

“Чингис хааны язгуур

Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөрт Чоно ажгуу. Гэргий нь Гуа Марал ажихай. Тэнгэс гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ Бурхан халдунаа нутаглаж төрсөн Батачихан ажгуу.” гэдэг энэ гурван өгүүлбэрт одоо болтол орчин үеийн уншигчид зөв ойлгох хэмжээний бичвэрийн боловсруулалт хийгээгүй.

Дундад эртний монгол хэлд таслал, тодорхойлох цэг, зураас гэж байсангүй. Бичвэрийг уншиж байгаа хүн ямар аялгаар ойлгохов, тэр янзаар ойлгогдохоор бичдэг байж л дээ. “Чингис хааны язгуур” гэдгийг мөр тэтгэж бичсэн бололтой гэсэн санааг Ш.Гаадамба гуай гаргасан. Есүнхэ мэргэний дурсгалт хөшөөнд Чингис хааны нэрийг бусдаас нь ялган мөр тэтгэж бичсэн байдагтай адилхан гэсэн үг. Гэтэл “Язгуур” буюу “узуур” өөрөө  МНТ-д гурван удаа гардаг. Нэгдүгээрт, энэ мөр тэтгэсэн хэсэг, хоёрдугаарт, Халх гол, Буйр нуурт цутгадаг узуур байна. Гуравдугаарт Татараас Шихихутагийг олоход “узур сайт хүний үр” гэсэн байдаг. Тэгэхлээр энэ үгийн утга маш тодорхой. Ураг удам, угсаа гэсэн утга. Буриад, Барга хэлэнд узуур гэдэг үг одоо ч идэвхтэй хадгалагдаж байгаа. Гэтэл энэ мөр тэтгэсэн үгийг нэр гэж тайлсан, одоо болтол түүн дээрээ хатуу зогсдог хүмүүс ч байгаа.

Чингис хааны язгуур Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөрт Чоно” гэдэг нь өөрөө ямар мэдээлэл агуулж байгаа зүйл юм гэдэг нь одоо болтол тодорхойгүй. Чингис хаан бол дээд тэнгэрээс заяатай гээд л яваад байдаг. “Дээд тэнгэрээс заяат төрсөн”  гэдэг  үг бол Хүннү гүрний 50-иад үг ханзаар тэмдэглээстэй үлдсэний дотор байгаа “Чэнли куту” гэсэн үг. “Чэнли” гэдэг бол ямар ч эргэлзээгүй “тэнгэр” гэсэн үг. “Тэнгэр” гэдэг үгийг одооны хятад хүн ч бараг “Чэнли” гэж хэлэх байх. “Куту” гэдэг бол хутаг, заяа гэсэн үг. Тэгэхээр дээр байгаа тэнгэр гэдэг үгийг одооны  хятад хүн чингэлэг гэж л хэлнэ. “Куту” гэдэг бол хутаг заяа гэсэн үг. “Тэнгэрийн хутаг” гэсэн утга. Түүнийг Манжийн үед хятадчилахдаа “Тэнгэрийн хөвүүн” гэж орчуулчихсан. Тэгээд одоо хүртэл манайхан “Тэнгэрийн хөвүүн” гээд л яваад байдаг. “Тэнгэрийн хөвүүн” гэж ерөөс байхгүй. “Тэнгэрээс заяат байх”, “Тэнгэрийн хүүхэд” хоёр чинь шал өөр утгатай. “Тэнгэрийн хүү” гэдэг чинь бараг л христос шашны ойлголт.

Бидэнд хамгийн түгээмэл бичвэрээр уншихаар яаж уншигддаг гээч. “Чингис хааны узуур дээд тэнгэрээс заяат Бөртэ Чоно. Гэргий нь Гуа Марал аж” гэж уншигддаг. Энэ бичвэрээс харахад “Чингис хааны гэргий нь Гуа Марал” гэж уншигдана. Монгол хүн буруу яриад зөв ойлгодог гэдэг шиг бид хэзээ ч Чингис хааны гэргий Гуа Марал биш гэдгийг мэддэг учраас зөвөөр ойлгочихно. Харин мэддэггүй хүнд анхдагч бичвэрийг уншуулахад ингэж л уншина. Тэгэхээр бид МНТ-ы бичвэрэд шинээр боловсруулалт хийх хэрэгтэй. Үгийг өөрчлөхгүйгээр цэг тэмдэг, зарим газар зай, таслал тавиад Чингис хааны узуур гэдэг үгийн ард тодорхойлох цэг тавьдаг ч юм уу гэх мэтээр үндсэн бичвэр, үгэнд хүрэхгүйгээр бичвэрийн зохион байгуулалтыг өөрчлөх хэрэгтэй.

МНТ жинхнээрээ ойлгогддоггүй, Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгаар л ойлгодог гэх хүмүүс бий. Тэгж болохгүй, тэр чинь орчуулах ёстой зүйл биш.

 Жишээлбэл, судлаачдын бүлэглэж ирснээр харвал нэгдүгээр хэсэгт “төрсөн” гэж үг хоёр байгаа. Эхнийх нь дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чоно, нөгөөх нь Онон мөрний тэргүүн Бурхан Халдун уулнаа нутаглаж төрсөн Батчаган. Энэ хоёр үгийг бид хоёр өөр утгаар ойлгодог. Тэгтэл дээд тэнгэрээс заяат төрнө гэдгийг тэнгэрийн хэвлийгээс хүн төрчихлөө гэж хэн ч ойлгодоггүй мөртлөө Бурхан халдунаа нутаглаж төрсөн гэдгийг заавал энэ Гуа Маралаас төрсөн гэж тайлбарлаад байдаг. Энэ бол бичвэрийг гүтгэж байгаа хэрэг. “Төрөх” гэдэг үгийг монгол хэлэнд ганцхан эхээс юм уу, эм амьтан үр хүүхдээ төрүүлж гаргахыг хэлдэг ганц утгатай биш. “Нутаглаж төрсөн Батчаган” гэдэг бол тэр нутагт үеийн үеэсээ амьдарч ирсэн, тэр нутгийн эзэн гэсэн утга байгаа.

Сайхан төрсөн хүн гэвэл төрөхдөө маш хөөрхөн байсан гэсэн үг биш яг одоо сайхан байгаа хүнийг сайхан төрсөн хүн гэдэг. Одоо цагийн энэ утгыг Батчаган дээр ярьдаггүй, нөгөө утгаар явснаас болоод Батчаган бол Бөртэ чино, Гуа Маралын хүүхэд юм байна гээд байдаг.  Гэтэл энд тотемын ойлголт тусдаа явж байгаа. Энэ мэтээр маш олон юмыг бид цэгцлэх хэрэгтэй. Цэгцлээгүй учраас одоо болтол МНТ-ыхоо үнэ цэнийг мэдэрдэггүй. Ингээд ярих юм бол маш олон зүйл бий.

-Монголын нууц товчооны бичигдсэн цаг хугацааны тухай та сонирхолтой гаргалгаа хийсэн байдаг. МНТ яг 1240 оны бүтээл мөн үү?

-Ер нь, МНТ-ы үндсэн хэсэг нь хэзээ бичигдсэн бэ гэдэг нь тодорхой байдаг. Чингис хааны узуур гээд эхэлж байгаа зохиол явсаар байгаад гахай жил Чингис хаан тэнгэрт гарав гээд үндсэн сэдэв дуусчихаж байгаа. Тэгээд Чингис хааныг нас барсны дараа тэнд дурдаж байгаа олон гоё үлгэр домог, “Алтан товч” дотор гардаг зүйлс гээгдсэн ч байж магадгүй. Ордосоос оймсыг нь онголоод, нааш тэргээр авчирсан гэх мэт түүх ямар нэг хэмжээгээр орсон юм уу, ороогүй байлаа ч эх бичвэрийн тодорхой хэсэг нь хаягдсан байж магадгүй. Эсвэл зориуд зарим нэг хэсгийг нь хаясан байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан үндсэн агуулга бол Чингис хаан нас бараад дуусаж байна гэдэг нь мэдэгддэг. Үүнийг нэг зүйлээр нотолж болдог.

Чингис хааны дараа Өгэдэй хаан болсон бүхий л хэсэгт Цагаадайн нэрийг “Цагаадай” гэж огт бичээгүй. Галигаар бол “Цагадай агаа” одоогийн биднийхээр бол “Цагаадай ах” гэж байгаа. Энд, “ах” гэж хэлэхгүйгээр Цагаадайг огт дуудаж болохгүй хүндэтгэл яваад байгаа юм. Чингис хааны тухай Тэмүүжин гээд явж байгаа мөртлөө Цагаадайг болохоор “Цагаадай ах” гэсэн нь хоёр өөр цагийн хоёр өөр бичвэрийг зүйчихсэн гэсэн үг.

МНТ-ы төгсгөл дэх “хулгана жилийн хуран сар нь” яг хэзээ вэ? гэхээр үндсэндээ Чингис хаан нас барсны дараах 1228 оны хулгана жилийн намар болж таараад байгаа юм. Ерөнхийдөө 1228 он гэдэг дээр судлаачид санал нэгдчих шиг боллоо. Гэхдээ сая “Penguin Classic”-аар гаргасан хувилбарт судлаач Атвүүд бүр хойш нь татсан байна билээ. Тэр яах вэ, тэр хүний асуудал биз. Ер нь монголчууд дотор ч гэсэн МНТ-ы бичигдсэн он сарыг хойш нь татдаг хүмүүс бий. Тэр нь Өгэдэйг хаан суулгая гэх үед Өгэдэйн удмаас олигтой хүн төрөхгүй бол миний удмаас сайн хүн төрнө биз дээ гэсэн санаа гардагтай холбоотой. Үүнийг Мөнхийг хаан суулгахын тулд хийсэн нэмэлт гэж үзээд он сарыг нь хойш татчихдаг. Гэтэл энэ мэдээлэл өөрөө хэн нэгнийг хаан суулгахын тулд эх бичвэрт гар хүрч редакц хийсэн асуудал биш. Энэ зүгээр л анхнаасаа монгол хүний ёс зүй. Чуулаад л, чуулганаараа нэгнээ хаан болгож сонгож байгаа гэсэн үг. Хэдийгээр тэр нь аристократ маягийн ардчилал боловч ардчилал байгаа юм. Хэрэв үнэхээр хэн нэг нь бүтэлгүй байх юм бол чадах нь энэ ардчиллын дагуу хаан болно гэсэн ойлголт. Гэтэл үүнийг засахын тулд МНТ-ы бичвэрийг хөндөж байсан зүйл байхгүй.

МНТ өөрөө монгол хүний ёс зүйн маш том кодыг агуулж байгаа юм. Өгэдэй хаан суух үедээ хожим миний удмаас олигтой  хүн төрөхгүй бол Чингис хааны ураг доторх хэн нэгэн хаан болоход би ерөөсөө татгалзахгүй гэж хэлсэн байж таарна.

-Ардчилсан сэтгэхүйгээр хандаж байна шүү дээ...

-Ингээд бодохоор 1228 он гэдэг чинь  маш чухал он. Өгөдэйтэй холбосон нь зөв байгаад, 2040 байдаг юм гэхэд Өгэдэй бэлэн болчихсон бичвэр дээр өөрийнхөө хэсгийг нэмсэн. Тэр нь “Цагаадай ах”-ын жишээнээс л тодорхой. Магадгүй Өгэдэйгөөс хойших бүх хаад өөрийнхөө хэсгийг нэмээд явах ёстой байсан байх. Гэтэл тасалдчихсан. Гүюгээр тасалдчихсан уу, хожим нийслэл шилжсэнээс таслагдсан уу, тодорхойгүй. Гэхдээ ямар ч байсан үндсэн бичвэр яах аргагүй Чингис хааны түүх. Энэ түүх 1228 он гэхэд үндсэндээ цэгцрээд дуусжээ. Яагаад заавал Их хуралдайг дурдав? Хулгана жилийн хуран сард их хуралдай өөрөө баталсан байж магадгүй. Яагаад гэвэл энэ чинь зөвхөн алтан ургийнханд хамаатай нууц  түүх  шүү дээ.

Юан гүрний үед бусад бичгийн том түшмэлд өгдөггүй байсан тухай бичгийн баримт байгаа. Бид өнөөдөр олж харах боломжтой байгаа учир юу нь нууц юм гээд байгаа болохоос яг үнэндээ зөвхөн алтан ургийнханд хамаатай байж шүү дээ. Тийм ч учраас өнөөдөр монгол эх нь олдохгүй байгаа. 1930-аад оны хэлмэгдүүлэлтээс өмнө “Алтан товч”-ийг Онходын Жамьян гүн олсон байдаг. Тэр мэтийн өөр хувилбар зөндөө байсан байх магадлалтай. Рашид ад-Дин “Судрын чуулган” дотор, “Би өөрөө олж үзээгүй гэхдээ тийм ном манай хаанд байгаа” гэж дурдсан. Газан хаанд байсан, Өлзийт хаанд байсан Алтан дэвтэр гэж нэрлэсэн зүйл бол МНТ л байж таарна.

-МНТ 1228 онд бичигдсэн гэдэгт төвлөрөөд тэр үеийн уран зохиолын өвийг бодъё л доо. Японд Гэнжийн туульс байсан, Роланд  баатрын дуулал бол тэр үеийнх, Оросын “Игорийн хорооны тууж” гээд тэр үеийн зохиолуудыг харьцуулахад хүн төрөлхтний, үндэстний гол бичвэрүүд тухайн үед “мэндэлж” байсан шиг. Тэдэнтэй харьцуулахад манай уран зохиол МНТ хэр хүчирхэг бичвэр вэ, хэр ач холбогдолтой вэ?

-XIII зууны эхэн үед МНТ бичигдэж байхад дэлхий дээр мэдэгдэж байсан онцгой том бичвэр бол Библийн судар, Коран хоёр л байсан байх. Кораныг дагаад, зэрэгцээд явсан 1001 шөнийн үлгэр байсан байх. Бусад судар нь түгээгүй байсан.

Монголчуудын бичиг үсэг авсан түүх өөрөө Газар дундад тэнгисийн иргэншлээс наашаагаа явна. Бүр Финикээс, Шумерээс яригдана. Зөвхөн монгол бичгийн үүх түүхийг харахад л Согдоос авсан. Согд бичиг, уйгуржин бичиг хоёр адилхан. Одоо ч гэсэн Киргизэд Талас гээд газар согд бичиг дээрх хадны дурсгал байгаа. Түүнийг бид бараг гөрдөөд уншчихна. Хожим XX зууны эхээр Турфанаас Герман руу аваачсан бичгийн өв дотор уйгур бичгийн маш их өв байгаа. Орчин үед компьютерын технологиор шүүгээд үзвэл уйгур гэж үзэж байгаа олон дурсгал дотор “Сулхарнайн тууж” шиг монгол бичгийн бичвэрүүд байх магадлалтай. Ингэхээр бидний монгол бичгийн, уйгур бичгийн, согд бичгийн өвүүдийг дагахаар баруун тийшээ яваад байдаг. Баруун тийшээ явж байна гэдэг нь бичиг үсгийн зам маань финикээс арамей, арамейгээс согд хүртэл явсан энэ замд хамгийн их шүргэлцэх магадлалтай бичвэр бол библи. Библийг грекээр “библи” гэж явчихсанаас биш эхний бичвэрүүд бол Еврейн “Тора” бичээст байгаа бичвэртэй адилхан. Тэгэхээр бид бичиг үсэг авсан түүх нь зөвхөн үсэг аваад явах уу, тэр үсгийн илэрхийлж байгаа утга бичвэрүүдийг авах уу гээд ярихаар өөр асуудал ургана.

Тэгэхээр монголчуудын төлөвшил, оюун санаанд баруун талаас ирсэн барууны иргэншлийн тухай мэдээлэл маш их байгаа. Энэ бол зөвхөн эзэнт гүрний үеийн үзэгдэл биш. Чингис хаан Чанчун бумбад хэлэхдээ, “Манай шаньюгээс хойш...” гэж байгаа. Тэгэхээр өөрийгөө Хүннүгийн залгамжлагч гэж үзэж байсан. Манай шаньюгийн эзэн гэхээр бараг Модун болно. Модуны түүхийг, намтрыг  харахад Модун Юэчжи нарын дунд барьцаанд өссөн. Юэчжи бол эртний перс хэлтэй, тохар хүмүүс байсан. Тэгэхээр Модун бол монгол хэлээс гадна ямар ч байсан перс хэлтэй байсан байх магадлалтай. Барьцаанд байгаа газрынхаа хэлийг сурахгүй байна гэж байхгүй. Бүр хожмын Хасгийн Абалай хаан Ойрадын барьцаанд өссөн, монголоор чөлөөтэй ярьдаг байсан хүн гэж байгаа.

Ингээд бодохоор монголчууд бичиг авахдаа маш их иргэншил, том том бичвэрүүдийн сэтгэлгээг авсан. Энэ сэтгэлгээ нь МНТ-д шууд туссан.

“Чингис хааны узуур” гээд дурдаад явж байгаа нь Библийн өгүүлэмжтэй адилхан байдгийн учир үүнтэй холбоотой. Ингээд бодохоор тухайн үеийн XIII зууны эхэн үед монголчууд дэлхийн хэмжээний бүтээл туурвичихсан. Тэгэх боломж ганцхан Монголд байсан. Дэлхийг засаглаж байсан учраас тэр. Ийм боломж өмнө нь Хүннүд байсан байж магадгүй. Гэхдээ Хүннүгээс бичвэр үлдээгүй. Хүннү нар торгоны замыг захирч байсан хүмүүс шүү дээ, Сяньби ч захирч байсан. Хүннү, Сяньби хоёрын дараа л хятадууд анх удаа Гансугийн коридороор гарч торгоны замыг мэдсэн. Ингээд бодохоор нүүдэлчин хүмүүсийн ертөнц гэдэг маш олон зүгт цацарсан ертөнц. Цинши хуанди хэрэм барьсан учраас урагшаа яваагүй. Харин торгоны зам дагаад баруун тийшээ явчихсан. Тэгэхээр хүн төрөлхтний дэлхийн тухайн үед мэдэгдэж байсан бүх бичвэрийн ололт МНТ-д туссан гэсэн үг. Үүнийг сэтгэл хөдлөлөөрөө задлаад ярьчихдаг юм биш. Бичвэр бүрийн цаана код байгаа.

Монголчуудын тухай монгол хүн ярихаар дандаа бардам, болж өгвөл өөрийнхөө сул талыг дараад, давуу талыг дөвийлгөх гэж байгаа юм шиг гадаад хүмүүст сонсогддог байж магадгүй. Гэхдээ яг үнэндээ монгол хүнд өөрийгөө дөвийлгөөд байх шаардлага байхгүй. “Ийм түүхтэй ард түмэн өөрийгөө өмөөрүүлээд байх шаардлага гарахгүй дээ” гэсэн үг бий дээ.

Үнэндээ нүүдэлчний иргэншлээс, Арабаас авахуулаад Номхон далай хүртэл асар том орон зай дотор, бичиг соёлын хувьд ийм цэгцэрсэн хэмжээний бичвэр үлдээсэн улс Монголоос өөр алга л байна шүү дээ.

Гэтэл монголчуудын нүүдэлчдийн ертөнцөд эзэлдэг орон зай нь бага. Газар нутаг, хүн амын хувьд ярьж байгаа юм шүү. Түрэг хэлтний орон зай асар их.

Гэтэл түрэгүүд нүүдэлчин байх үедээ бага сага үлгэр туульс үлдээснээс биш бичгийн уран зохиол үлдээгээгүй. “Penguin Сlassic” л өөрөө нотолгоо болж байна. Энэ бол хүн төрөлхтний ололтын дээдүүдийг гаргадаг цуврал. Энэ дунд энэ ном үнэхээр орох ёстой юм байна гэж үзээд одоогоор амьдарч байгаа монгол судлаачид дотроос хамгийн бядтай, буурьтай нь болох Атвүүдэд захиалга өгөөд гаргаж байна. Орчуулгын хувьд өмнө нь гарсан 3 үндсэн, 1 давтсан орчуулга дээр нэмсэн зүйл бага юм билээ. Гэхдээ өөрөө монголч эрдэмтэн, мундаг том судлаач учраас судалгааг дагалдуулаад оруулчихсан нь тун чухал. Энэ нь МНТ уран зохиолын хувьд ямар үнэ цэнтэй юм бэ гэдгийг харуулсан гоё ажил болсон.

-Та МНТ болон монгол хэл, соёлын тухай гурван боть ном гаргасан. Эхний ботьдоо МНТ-д ёс зүйн задаргаа хийсэн. Бичвэрийн нарийн задаргаа гэхээс илүү ёс суртахууны ул мөр,  ёс зүйн кодыг хайсан ном гэж ойлгосон.” МНТ-оос тэр үеийн монголчуудын ёс зүй болон сэтгэлгээний 14 кодыг гаргаж ирсэн байна. Тэдгээр гурван боть номынхоо талаар яриач?

-Барууны ертөнцийн хувьд хүнийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх гээд систем аль эрт тогтсон. Тэр системийнх нь зөвтгөл, эш болдог тийм судруудтай. Өнөөдрийн өрнийн иргэншил, магадгүй дэлхийн иргэншилд ийм хүнийг ёс зүйтэй, хүмүүжилтэй, боловсролтой гэж үзэж байгаа үзлийн үндэс нь Библид л байгаа. Библиэс сайн, муу гэж юу юм, хүн ямар байх ёстой юм гэдэг ёс зүйн кодуудыг авдаг. Библи маш эрт, ямар ч шашингүй үед бичигдсэн учраас тэнгэр тайх зэрэг бидний ойлгодгоор бөө мөргөлийн шинжтэй зан үйл их байдаг. Гэхдээ тэр дундаас этик хайсан хүмүүс бүгдийг нь задлан авч үзсээр Библиэс бий болсон шашны этик тогтсон. Барууны иргэншил үүн дээр л бий болсон. Тэгвэл бидэнд тийм юм байгаа юу? Ихэнх хүмүүс байхгүй гэж бодож ирсэн.

Бүр “Монгол хүнд совесть байдаггүй болохоор энэ үгийг орчуулж хэрэггүй гэж Б.Ринчен гуай хэлсэн юм” гэж цуурдаг онигоо бий. Яг үнэндээ тийм юм гэж юу байх вэ дээ. Монгол хүн өөрөө асар том ёс зүйтэй, журамтай, цаг барьдаг сахилга баттай хууль дүрэм мөрддөг нэгдэж чаддаг байж л тийм том эзэнт гүрэн байгуулна шүү дээ.

Эх газрын өөр өөр соёлтой хаяа зэргэлдээ оршдог ард түмнүүдийг нэгтгэсэн эзэнт гүрний хувьд Монголынхоос том эзэнт гүрэн дэлхийн түүхэнд байхгүй. Тэс өөр соёлтой ард түмнийг нэг дор захирахын тулд тэр ард түмнээс ондоо хууль дүрэм шаардагдах нь мэдээж. Үүнийг батлах ганц л бичвэр бидэнд байна.

Эзэнт гүрний үеийн МНТ-д монгол хүний эрхэм чанар яаж туссан юм гэдгийг харахаар 14 зүйл тодорхой байж байна. Жишээлбэл, Монголчуудыг цаг барьдаггүй, залхуу гэдэг. Гэтэл монголчууд тэр үед маш сайн цаг барьдаг байсан, огт залхуу байгаагүй. Цаг барьдаггүй, залхуу байсан үе нь гэвэл өөрсдөө төр засгаа мэдэхээ байчихсан, өөрсдийнх нь төр биш болсон үе.

Хэдэн жилийн өмнө би бас нэг ярилцлагадаа ярьж л байсан. Монголын фен клубүүд шиг фен клубийн салбарыг Буриадад байгуулах гэж дүрмийг нь боловсруулж байсан. Боловсруулсан төслөө аваад, ажиллаач ээ гэхэд Буриадууд, “яршиг, яршиг бид юугаа хийдэг юм, бидний улс биш” гэж байгаа юм. Тэд өөрсдийнхөө нутагт амьдарч байгаа ч бүх удирдлага нь Оросынх учраас өөрийн улсад амьдарч байгаа биш гэдэг сэтгэлгээгээр юу ч хийхээ больдог юм байна. Бидний улс биш, яах юм тэгээд гэж байгаа юм. Үүнтэй адилхан монголчууд Манжийн эрхшээлд ороод, өөрийнх нь төр биш болчихоор цаг ч барихаа больсон, юу ч эрмэлзэхээ больчихсон. Зэвсгийг нь татвараар хураагаад авчихна, төмөр баривал болохгүй гээд цаазалчихсан, хажуугаар нь шашин оруулчихсан. Ингээд л ард түмэн оюун санааны хувьд мөхөх замдаа орчихсон байгаа юм. Тэгэхээр бид энэ үеийн ёс зүйгээс монголчуудын хүчирхэг байлгаж байсан ёс зүйг өнөөдөр хайх ямар ч боломж байхгүй. Гэтэл азаар бидэнд хайх юм байна. Бүтэн, хөдөлгөөнгүй бичвэр байна. МНТ байна.

МОНГОЛ ХҮНИЙ ДОТОРХ “СОНИН КОД”

-Монголчууд “National Identitу” гэж их ярьдаг болсон. Үүнийг хайсан нам хүртэл байгуулагдаж нэг хэсэг явсан. Энэ ойлголтод таныг өөрийн санаагаа нэмэрлэсэн гэж ойлгож байгаа. Монгол хүний   “National Identitу”-ыг томьёол гэвэл та ер нь ямар санаа хэлэх вэ?

-Ер нь, үндэстнийг үндэстэн байлгадаг хамгийн чухал, цөөхөн хүчин зүйл байгаа.

Тэгэхээр үндэстнийг бий болгодог маш том зүйл нь хэл соёл юм байна. Үүнийг дарангуйлагчид хүртэл мэддэг. Дарангуйлагчид яг үүний эсрэг ажилладаг байсан. Жишээлбэл, Сталин яагаад монгол бичгийг солих гэж улайрч зүтгэж дарамт учруулсан юм. Яагаад гэвэл, монголыг оюун санааны хувьд тусдаа үндэстэн байлгах, “identity” болж чадах бүх чанарыг алдуулахын тулд л тэр.

Малчин хүнд орос хэл заах боломжгүй. Гэхдээ малчин хүн орос бичгээр уншдаг болох хэрэгтэй. Энэ чинь өөрөө соёлын маш том дарангуйлал. 1966-1976 оны хооронд болсон Өвөрмонголын хүн амын бараг зургааны нэгийг залгисан соёлын хувьсгал байна. Үүнийг хятадууд өөрсдөө ч гэсэн манай түүхэнд гарсан маш том алдаа завхрал гээд дүгнэчихсэн. Энэ соёлын хувьсгалаар үндэстэн гэж байхгүй, өөр хэл гэж байхгүй, нэг л үндэстэн байх ёстой, тэр үндэстэн нь мэдээж хятад. Гэхдээ хятад гэж хэлэхгүй. Нэг социалист үндэстэн байх ёстой, социалист үндэстэн нэг хэлээр ярих ёстой гээд хятад оюутнуудыг Өвөрмонголд малчин айлуудад суулгасан.

Соёлын хувьсгалын чиглэсэн төв цэг нь үндсэндээ Хятад дотроо бол Бээжин, Шанхай, Чунчэн гэсэн хоёроос гурван хотын хүрээнд л өрнөсөн. Гэтэл яг  бүс нутгийг хамарсан нь Өвөрмонгол, Төвөд, Шинжаан Уйгур шүү дээ. Тэгэхээр энэ бол үндэсний эсрэг, хэл соёлыг нь үгүй болгох  том бодлого байсан. Хэл, соёл ямар чухал юм бэ гэдгийг зөвхөн энэ хоёр жишээнээс л харж болно. Тэгэхээр үндэстнийг үндэстэн байлгадаг зүйл нэгдүгээрт хэл, хоёрдугаарт соёл юм байна. Цаана нь эрх ашиг, үүх түүх гээд өч төчнөөн юм байгаа. Тэгэхээр энэ бүхнийг бид өнөөдөр эрхэмлэж байж, “Монгол айдентити” гээчийн тухай цогц ойлголттой болно. Хэл нь, соёл нь, үүх түүх нь нэг үндэстний бие биенээ гэх сэтгэл нь, эрх ашиг нь эмзэг байдалд орох юм бол бидний үндэстэн оршин тогтнох уу үгүй юу гэдэг ч эргэлзээтэй болно.

-МНТ-ы тухай яриандаа эргээд оръё. Алунгоо эхийн домог үнэхээр сонгодог домог юм байна. Дэлхий даяар тарсан маш олон хувилбартай. Жишээлбэл, Салман Рушди маш том тулгуур авч, “Венецийн шидэт гүнж” романыг бичсэн байх юм. Уншиж байхад тэр өөр түүхийн тухай яриад байсан мөртлөө, уншаад дууссаны дараа энэ домгийн интербичвэр байсныг ойлгоод би гэгээрэх гэхэд хаашаа юм омогших гэхэд ч хаашаа юм мэдрэмж төрсөн. Интербичвэр гэдгийг болхиор ойлгож явснаа ойлгосон. Тэр домгийн тэр цуурайг, тэгж татаж буулгаж чадсан Рушдигийн авьяасыг хараад би дотроо атаархсан. Яагаад гэвэл, тэр домогт бид илүү ойрхон. МНТ-оор яг энэ Рушди шиг цуурайтуулсан зохиол бичихсэн гэж та ер нь боддог уу. Тийм оролдлогууд бол бий. Гэхдээ яг ийм юм хийе гэсэн бодол таны зүрхэнд байдаг уу, эсвэл хийж байна уу?

-Ер нь, дэлхийн бүх уран зохиол ямар нэгэн эх бичвэрээс санаа авч салбарласан. Судлаач бүр уран зохиол яг хэдэн сэдэвтэй байдаг юм бэ гэж анализ хийж үзсэн нь ч байгаа. Залуудаа уншиж байсан яг тодорхой санахгүй байна. Гэхдээ би андуураагүй бол дэлхийн бүх уран зохиол зургаахан сэдэвтэй. Сэдвийнх нь өрнөлөөр хуваачихаж байгаа юм. Жишээлбэл, эхлээд дор явж байгаад өөдөө гараад унадаг. Одоо МНТ-ы өгүүлэмж шиг. Чингис хаан ямар доороос ямар дээр гарав. Чингис хаан унасан нь байхгүй. Энэ бол нэг сэдэв.

Дараа нь унаад ахиад босдог, за тэгээд үнсгэлжин гэх мэтийн түүх зөндөө бий. Ингээд үзэхээр дэлхий дээр бичигдэж байгаа бүх зохиолыг ерөнхийдөө зургаахан аймагт хуваачихаж болно. Зургаан аймгийг хувааснаасаа эх бичвэрийг нь эрэх юм бол бүгд олдоно. Бүх зохиолын эх бичвэр хаа нэгтэйгээс олдоно. Жишээлбэл, “Алхимист” гээд хамгийн олон зарагдсан Пауло Коэльогийн зохиол байна. Мянга нэгэн шөнийн үлгэрийн нэг л үлгэрийг аваад зохиол болгочихсон. Хайх л юм бол эх бичвэр нь олдоно. Тэгэхээр цоо шинэ юм хийх боломж угаасаа байхгүй. Хүн төрөлхтөн түүнийг чинь хийчихсэн.

Уран зохиол гэдэг нь юу вэ гэхээр ерөөсөө л зохиомжийн тоглолтууд юм. Тэр зохиомжоор ямар гоё тоглоно, байгаа бичвэрийг ямар шинэ зохиомжоор задлах тухай асуудал. Угаасаа хүн болгоны дотор тэр бичвэр нь явж байгаа. Хүн болгоны дотор үгүй байгаа бичвэрийг гаргасан зохиол гэж ер нь байхгүй. Жишээ нь, XX зуунд хамгийн их алдар олсон роман бол “Зуун жилийн ганцаардал”. Энэ ерөөсөө л библи. Библийг гэхдээ ямар гоё өөрөөр харуулаа вэ бодохоор бидний  бичвэр үү гэдэг асуулт ургана. Чи сая Алунгоог  ярилаа. МНТ чинь өөрөө яг ийм оролдлого. Бэлэн байсан бичвэрийг ахиад задалсан.

Алунгоо Чингис хааны ес дэх үеийн дээд эмэг мөн үү, мөн. Энэ бол факт. Гэхдээ Алунгоо Добу мэргэнийг нас барахад таван хүүхдээ цуглуулж, таван сум багцлаад өгсөн тухай энэ бүхнийг ярьсан уу гэдэг нь зохиол. Энэ бол түүх биш.

Яагаад гэвэл яг энэ зохиол Сяньбийн үеийн судар дотор байж байгаа. Сяньбийн нэг зонхилогч арван зургаа ч билүү хүүтэй, намайг үхэхээр л миний улс бутрах юм байна, эднийг ер нь яах вэ гэж бодно. Тэгээд 16 хүүхдээ цуглуулаад бүгдэд нь нэг мөс өгч хугалуулаад, 16 мөсөө багцлаад бас өгнө. Энд хамгийн гайхамшигтай нь юу гээч? МНТ-ыг бичсэн хүн аль хоёрдугаар зууны үед байсан Сянбийн домгийг яаж 900-гаад оны үед мэдэв?  Энэ монголчуудын өв соёлын асар том хэлхээг харуулж байгаа жишээ. Монголчууд ямар ч байсан Жужанаас өмнөх үеийн түүхийг мэддэг байжээ гэдэг нь Чанчун бумбад бичсэн захиандаа Чингис хаан “Манай шанью” хэмээн тодотгосноос гадна тэр эртний Сяньби хааны гэрээслэлийг Алунгоо эх хүүхдүүддээ хэлж байгаа болгосон МНТ-ы зохиолчийн зохиомжоос харагдана. Тэгэхээр МНТ маш олон зүйлийн залгаас болж байгаа бичвэр юм. Өнөөдрийн орчин үеийн уран зохиолд байгаа эх бичвэрийг өөрийнхөөрөө болгож зохиомжилдог энэ аргыг 13 дугаар зууны эхэн үед монгол бичгийн хүн МНТ-д ашиглаж байсан. Энэ чинь өөрөө бас үнэ цэнийг нь тодорхойлж буй жишээ.

-Та сүүлийн 20 гаруй жил арав гаруй роман бичсэн. Ялангуяа та монголчуудад одоо харийн юм шиг санагддаг болсон зүйлсийг бэдэрч зохиол бичсэн. Жишээлбэл, тууль хайлах тухай уламжлалын талаар “Хар, цагаан, улаан” роман байна. “Бөөгийн домог” романд бөөгийн сэтгэлгээний тухай хөнддөг. Уламжлалт анагаахын тухай ч асуудал хөндсөн роман, Буддизмын хоёрдмол шүтээний тухай роман ч бичжээ. Гэтэл “Дурлалгүй ертөнцийн блюз” шиг орчин үеийн сэдэвтэй уран бүтээл мөд гаргах уу?

-Одоогоор миний хамгийн сүүлд хэвлүүлсэн “Тэдний сүүдэр, бидний сэтгэлээс урт” гэдэг роман бол яг л одоо үеийн дүр байгаа. Түүний өмнөх “Сүнсний томьёо” роман бас л бидний үеийн тухай өгүүлдэг. “Сүнсний томьёог” би үүний өмнөх романтай нь холбох гээд сүнс нь юу байх вэ, томьёолол нь юу байхав гээд Инжинашийг оруулж ирээд нөгөө уламжлалт сэдэв рүүгээ гишгэсэн тал байгаа. Гэхдээ ерөнхийдөө бүгдээрээ л өнөө үеийн хүмүүс яагаад дандаа өнөө үед байхгүй зүйл рүү яваад байгаа юм бэ гэдэг асуултад төвлөрнө. Хүмүүс асууж байсан л даа. Монгол хүний дотор нэг тийм сонин код байдаг. Бид нүүдэлчин амьдралаас салаад удаагүйтэй холбоотой байж магадгүй. Яг үнэндээ барууныхан бид нараас илүү, анхдагч ахуйгаасаа бүр тасраад явчихсан хүмүүс биш шүү дээ. Яг л  адилхан. Тэр ч битгий хэл барууныхан загалмайтны аян дайнаас өмнө усанд ч орж мэддэггүй хүмүүс байсан. Европынхон шиг ерөнхийдөө хоцрогдсон хүмүүс дундад зуунд байгаагүй. Дундад зууны үед дорно дахин цэцэглэчихсэн байсан. Ганц нэг үлдсэн архитекторын дурсгалаар үзэхэд л илт. Англид байгаа келтүүдийн дурсгал нь эртний шүтлэгийн шинжтэй байхад, тэр үед исламын шашин аль хэдийн цэцэглэчихсэн байсан. Тэгэхээр хүн төрөлхтөн юмыг яаж харж байгаагаасаа болоод оюун сэтгэлгээний хүндийн төвүүд нь шилжиж байдаг.

Монгол хүн нүүдэлчин ахуй, өнгөц харахад примитив орчинд амьдарч байгаа юм шиг байсан ч оюун санааны хувьд нэлээд өөр тийшээ явчихсан байсан. Үүнийг нь социалист үзэл суртлаар арччихсан учраас биднээс их хол юм шиг харагдаад байна. Хэрэв бид социализм гэдэг өв уламжлалаа шүүлтүүртэй харж байсан 70 жил байгаагүй бол бид зүгээр л адилхан. Миний эмээгийн амьдарч байсан цаг үе XIII зуун бараг адилхан. XIII зуунаас XX зуун хүртэлх 700 жилийн хооронд монголчуудын уламжлалт ахуй ерөөсөө өөрчлөгдөөгүй. Жишээлбэл, МНТ-д Чингис хааныг төрөхөд булган нэхий өгдөг. Булган нэхий гэдэг нь нэхий өлгийтэй адилхан хэрэглэж болох язгууртан хүний ангийн үсэн өлгий. Манайхан тэр үеийн соёлоосоо салчихсан учраас бүгдийг эдүгээчилж харангуутаа төрөхөд нь булган өлгий өгч байгаа учраас Чингис хаан өвөл төрсөн юм гэдэг. Зун төрсөн бол ямар өлгий өгөх гэж? Манай ээж 1943 онд төрсөн. Манай ээжийг төрөхөд ч, бүр 1950-иад оны соёлын довтолгоо болох хүртэл ч монголчууд зун төрсөн хүүхдээ хонины нэхийд өлгийдөж байсан байдаг. Яагаад гэвэл хонины нэхий манай соёлд хүүхдийг өлгийддөг зүйл.

Эх барих хүнийг дуудна. Эх барих хүн элдсэн нэхий бариад хүрч ирнэ. Шөлний хониных нь нэхийг элдээд эх баригчид нэхийнийх нь оронд буцааж өгнө. Энэ чинь нүүдэлчдийн хувьд тогтсон зүйл. Хэдэн мянган, магадгүй Хүннүгийн үед ч ийм байсан байх. Угаасаа л монголчуудад байгаа нь хонины нэхий. Яг үүнтэй адилхан язгууртан болохоор нь бэлэг болгоод булган өлгий өгч байгаа юм. Эх баригчид торго юм уу, зөөлөн даавуу байхгүй. Гэтэл үүнийг шууд л цаг улиралтай холбоод, халуун зунаар төрсөн бол юу гэж нэхийд өлгийдөх вэ гэлцэж байна.

Тэгэхээр бид тексийг зөв ойлгохын тулд эдүгээчилж болохгүй. Бэгтэрийг Тэмүжин, Хасар хоёр харваж алсныг бараг л Чингис хааны харгис шинж гэж ярьдаг.

Өнөө үед эцэг нэгтэй ахыгаа харваад алж байгаа бол тэр хүн мэдээж ял авна. Гэхдээ тэр үед өөр байсан. Өөрөө Боржигон овгийн эзэн болох уу, өөр хүн эзэн болоход дагаад явах уу гэдэг л сонголт. Тэр үеийн монголчууд олон эхнэртэй хүн өөд болоход хүүхдүүд нь эхээсээ бусад эхнэрийг нь татаж, тэжээдэг байсан. Энэ бол уламжлал нь.

Бэгтэр Тэмүүжинээс нэг насаар ах, есөн агтаа бүгдийг нь мэдэж эзэмшдэг, тэр ургийн эзэн нь. Бэгтэр 13-14 нас буюу биологийн насаар бол Өүлэн үжинг татаж авах насанд хүрч байгаа юм. Бэгтэр Өүлэн эхийг хатнаа болговол Тэмүжин хойд эцэгтэйгээ тэрсэлдэх ямар ч аргагүй болно. Түүнээс л урьтсан хэрэг. Энэ чинь маш том ухаан болохоос аллага биш. Османы эзэнт гүрэнд ч хаан суусан нь бүх ах дүү нараа цаазалдаг байж шүү дээ. Тийм харгис ёс монголчуудад байгаагүй. Гэхдээ хэн нь хаан суух вэ гэдэг сонголт дээр бол тэмцэл гарна. Ердийн л тэмцэл, ямар ч нийгэмд байдаг. Энэ бол улс төр. Яг л нэг хүн махинаци явуулж өөрийнхөө бүлгийг хүчирхэгжүүлээд, өрсөлдөгч бүлгээ занганд оруулж байгаатай адил. Тэгэхээр бид бичвэрийг ойлгохдоо өнөөдрийн өнцгөөс харахгүй байх хэрэгтэй.

-Та эх орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ? Зайлан тойрох хэрэгтэй асуудал, алдаж болохгүй боломж хэзээд, хэнд ч байдаг. Та энэ талаар эргэцүүлдэг үү?

-Монголчууд үргэлж сорилт дунд амьдрах хувь заяатай үндэстэн юм шиг байна. Өнөөдөр монгол үндэстэн 13 дугаар зуунд оройлж давамгайлсан шигээ болох боломж ахиад тохионо гэдэг ер нь бараг худлаа биз. Гэхдээ энэ үндэстнийг саруул ирээдүйтэй авч явах боломж бидэнд байгаа. Үүнийгээ хүн болгон ухамсарлах хэрэгтэй. Би бол зохиолч хүний өнцгөөс ярьж байна. Эдийн засагч хүн, цэрэг хүн, стратегичид дор дороо өөрийнхөө өнцгөөс ярих байх. Харин зохиолч хүн монгол хэлний орон зайд амьдардаг. Монгол хэл орон зай нь агшиж байгаа хэл. Монгол хэл нэгэн цагт хэдэн аймгуудын хүрээний хэл байгаад дараа нь олон улсын хэл болсон түүх бий. Гэвч тэр түүхийг өнөөдөр хэн ч ярьдаггүй. Яагаад гэвэл олон улсын хэл болсон үеийнх нь өвийг хадгалсан хоёр улс өнөөдөр дэлхийн том гүрэн, манай хөршүүд болсон. Тэд өөрийнхөө хамгийн жижигхэн, өөрсдөөс нь хамгийн их хамааралтай хөршөөсөө нэгэн цагт хамааралтай байснаа ярихыг хүсдэггүй.

Энэ олон шалтгааны дунд ямар ч үед хир халдаахгүй эрхэмлэж байх ёстой юм маань юу вэ гэдгийг монгол хүн болгон мэдэж байх ёстой. Энэ бол хамгийн чухал, магадгүй нүүрс зарахаас ч илүү чухал зүйл байж магадгүй. Энэ бол бидний хэл соёл.

Би монгол хэл хамгийн эрчимтэй агшиж байгаа хэл гэж хэлсний учир нь, одоо Өвөрмонголд монгол хэлээр хүн боловсрол олж авах боломжгүй болсон. Яг ийм үзэгдэл урьд нь ЗХУ-д болсон. 1931 оноос эхлээд монгол бичгийг Буриадад огт байхгүй болгосон. Тод бичгийг Халимагт хэрэглэхээ больсон. Тэр ч битгий хэл 1940-өөд онд халимагуудыг цөлсөн. Тэр үед байсан хүн амынхаа тоонд өнөөдөр ч тэд хүрээгүй байна. Энэ бол бидэнд хамаагүй зүйл биш. Хэрэв дэлхий дээрх бүх улсыг ангилахад хүрвэл нэлээд чухлаар яригдах зүйл бол “үндэстэн улс” гэх ойлголт. Үндэстэн улсын төрийн бодлого нь үндэстнийхээ өв соёлыг хадгалж, уламжилж, хөгжүүлэхэд оршдог. Хятад, Орос бол үндэстэн улс мөн.  Орос ч холбооны статустай, Хятад ч өөртөө засах мужуудтай. Гэхдээ Монгол яг адилхан үндэстэн улсын статустай мөртлөө үндэстэндээ санаа зовдоггүй. Эдийн засгийн боломжоос болж үндэстний бодлого явуулж болохгүй гэж байгаа бол үндэстэн улс байх хэрэггүй.

Тэгэхлээр би Монголын ирээдүйг үндэстнийх нь ирээдүйн хувьд жаахан хэцүү, тусгаар тогтносон Монгол Улсын ирээдүй бол асуудалгүй гэж боддог. XX зуунд хэдийгээр бид түүхэн орон зайнхаа 40 орчим хувьд л тусгаар тогтносон ч энэ бол маш том ололт. Тэгэхлээр Монгол Улсын ирээдүй бол баталгаатай. Түүнд би санаа зовдоггүй.

-Хоёр төрлийн л яриа байдаг. Дуусдаг яриа, дуусдаггүй яриа. Энэ яриа дуусдаггүй яриа юм байна. Тэгэхээр энэ хэсгийг нь энд хүрээд өндөрлөе. Зохиолч Г.Аюурзаны энэ яриа өөрийнх нь сүүлийн үед хэвлүүлсэн номнууд дээр хангалттай үргэлжилж байгаа. Түүний 2024 онд гаргасан гурван боть цагаан номыг монгол хүн бүр уншаасай гэж уриалахыг хүсэж байна. Г.Аюурзаны арван харын уншигчид, гурван цагааныг нь ч аль болох олноор хүрээлэн уншаасай, хил давж уншаасай гэсэн ерөөлөөр энэ яриагаа өндөрлөе.

Ярилцсан: Шангас овогт Ядамсүрэнгийн Баяраа

2025 он

Арван мянган жилийн өмнө занданшуулсан шарилыг олжээ

Posted By Алсын Хараа On In Түүх | No Comments

 Хятадын өмнөд нутаг болон Зүүн Өмнөд Азийн нутаг дэвсгэрээс олдсон занданшуулсан шарилуудыг галд зориуд утаж хатаасан байжээ. Эдгээр шарилын зарим нь 10 мянга гаруй жилийн өмнөх үед хамаарах бөгөөд дэлхийн хамгийн эртнийх гэгддэг соёл иргэншлүүдэд занданшуулах уламжлал бий болохоос өмнө занданшуулсан болохыг саяхны нэгэн судалгаагаар тогтоосон байна.

Судлаачид Шинэ чулуун зэвсгийн үеэс өмнөх үед хамаарах 54 шарилыг шинжилжээ. Эдгээр шарил нь Хятад, Вьетнам, Индонез дахь 11 өөр газраас олдсон бөгөөд 3600-гаас 11 мянган жилийн настай болохыг тогтоосон нь олдворуудын зарим нь 7000 орчим жилийн өмнөх Чилийн хойд хэсгийн Чинчорро соёл, эртний Египетийн занданшуулах уламжлалаас өмнөх үед хамаарч байгааг харуулж байна.

Эрдэмтэд рентген туяаны дифракц, Фурье хувиргалттай хэт улаан туяаны спектроскоп зэрэг технологуудыг судалгаандаа ашигласан байна. Ингэснээр дээрх шарилуудын 80 хувийг бага хэмээр урт хугацаанд хатааж занданшуулсан болохыг тогтоожээ.

Индонезын зүүн нутгийн Папуа мужийн уугуул иргэдийн дунд үүнтэй төстэй оршуулах зан үйлийг саяхныг хүртэл буюу 50 орчим жилийн өмнө үйлдэж байв. Тодруулбал, гэр бүлийн гишүүн нь нас барахад цогцсыг нь суугаа байдлаар нэгээс хоёр сарын турш гал дээр утаж хатаадаг байжээ.

Саппорогийн Анагаах ухааны их сургуулийн хүндэт профессор, уг судалгааны удирдагч Хирофуми Мацумурагийн ярьснаар, Зүүн Өмнөд Азийн бүс нутагт хийсэн малтлагаар галд утаж хатаасан, атийж суусан байдалтай араг яснууд олдсон байна. Саяхныг хүртэл Папуад хэрэглэгдэж байсан оршуулгын энэхүү арга нь Ази тивд дор хаяж 10 мянган жилийн турш байсан гэдгийг профессор онцоллоо. Түүнчлэн гавлын яснууд нь Папуагийн уугуул иргэдтэй ижил хөмсөгний яс товгор байжээ. Энэ нь Африкаас нүүдэллэн ирсэн анчдын омог бүлгүүд тус тивийн өргөн уудам нутагт тархан суурьшиж байсныг илтгэж байна.

Мөн Солонгосын хойгт "эвхрээд суусан" байдалтай шарилууд олдсон бол Вьетнамаас 14 мянга орчим жилийн өмнөх үед хамаарах хүний эгэмний ясны шатсан хэсэг олдсон болохыг судалгааны тайланд дурджээ.

Цогцсыг утаж хадгалах арга нь тус бүс нутгийн өндөр чийгшилтэй цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Ази даяар түгэн дэлгэрсэн байх магадлалтайг профессор Х.Мацумура тайлбарлалаа. "Чулуун зэвсэг хэрэглэж байсан эртний үед талийгаачийн хойноос удаан хугацаанд гашууддаг оршуулгын зан үйл түгэн дэлгэрчээ. Энэхүү оюун санааны уламжлал нь бидний төсөөлж байснаас ч илүү өргөн хүрээнд тархсан байсан" хэмээн тэрбээр ярив.

Энэхүү судалгааг Австралийн Үндэсний их сургуулийн эрдэмтэн Сяо-чунь Хун, Бээжингийн их сургууль болон бусад их сургуулийн 22 судлаач хамтран хийжээ. Энэхүү нээлтийг "Archaeology" сэтгүүлийн "2025 оны шилдэг 10 нээлт"-ийн нэг хэмээн зарласан байна.

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг нээлээ

Posted By Алсын Хараа On In Түүх | No Comments

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өчигдөр нээлээ.

Үзэсгэлэнг Монгол Улсын Засгийн газрын 206 дугаар тогтоолыг үндэслэн БНМАУ-ын Ерөнхий сайд асан А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулж буй юм.

Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж буй Ерөнхий сайд А.Амарын хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлж байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газарт хадгалдаг 50 орчим баримт бичиг, түүхэн гэрэл зураг, дүрс бичлэгийг олон нийтэд толилуулжээ.

Үүнээс гадна Тагнуулын ерөнхий газарын Тусгай архив, Булган аймгийн музейн сан хөмрөг, ШУА-ийн  Түүх, угсаатны зүйн хүрээлэнд хадгалж буй ном, бүтээлийн дээжээс мөн дэлгэж буйг Монголын Үндэсний музей мэдээлэв.

А.Амар 1886 онд одоогийн Булган аймгийн Бугат суманд Агданбуугийн хөвүүн болон мэндэлжээ. Тэрбээр 1924-1926 онд Аж ахуйн яамны сайд, 1926-1928 онд Дотоод яамны сайд бөгөөд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч Сайд, Эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгч, 1928-1930, 1936-1939 онуудад БНМАУ-ын Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан XX зууны Монголын төр нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтэн юм.

 Уг үзэсгэлэнг энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

С.Чулуун: Чингис хааны үед дэлхийд байсан 2 давуу тал зөвхөн нүүдэлчдийн гарт байсан

Posted By Алсын Хараа On In Онцлох,Түүх | No Comments

-Монгол бахархлын өдөрт-

Монголын болон дэлхийн суут их хүмүүн эзэн богд Чингис хаанаар овоглосон үндэсний музейгээр хийх аяллыг энэ удаад сонирхуулъя. Ийнхүү онцлохын учир нь, одоогоос гурван жилийн өмнө буюу 2022 онд монголчуудын түүхэнд алтан үсгээр бичигдэх бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө хийсэн билээ. Энэ бол “Чингис хаан” үндэсний музей маань байсан. Ингээд тус музейн захирал, Монголын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, түүхч Сампилдондовын Чулуунтай хийх ярилцлагаа эхлүүлье.

- Эзэнт гүрний удирдагчдад зориулсан олон алдартай музей дэлхий дахинд бий. Эдгээрийн дундаас Чингис хаан Үндэсний музей юугаараа ялгарах вэ? Чингис хааны түүхэн нөлөөг бусад эзэнт гүрний удирдагчдынхтай харьцуулахад ямар сонирхолтой дүгнэлт хийж болох вэ?

-"Чингис хаан" Үндэсний музей байгуулах шийдвэрийг 6 жилийн өмнө, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гаргаж байлаа. Энэ бол Чингис хааны алдар сууг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, их соён гэгээрлийн ордонтой байх түүхэн шийдвэр байсан юм.

Дэлхий дахинд суу алдраа тунхаглан, түүхэнд ул мөрөө үлдээсэн хаад язгууртан олон бий. Гэхдээ Чингис хаан шиг хүн төрөлхтөнд хамгийн том нөлөө үзүүлсэн хаан бол цөөхөн. Ялангуяа, сүүлийн 1000 жилийн суут хүн бол Чингис хаан.

Хүн төрөлхтний төрт улсын хамгийн идэвхтэй цаг үеэс хойш 2000 жил болжээ. Үүний 1000 жилд нь их эзэн Чингис хааны алдар суу дор дуурьсагдан, дэлхий даяараа түүнийг хүндэтгэж байна.

Их хаад ялгууртны музей хоёр янз байдаг л даа. Нэг нь агуу их хаад язгууртнуудын өөрийнх нь сууж байсан ордонг музей болгосон байдаг. Нөгөөх нь хаад язгууртны эд өлгийн зүйлс, тэдгээрийн дурсгалыг хүндэтгэж байгуулсан музей байдаг. Чингис хааны нэрээр нэрлэсэн энэ музей бол Монголын төрт улсын түүхийн музей юм. Тиймээс нэгдүгээрт, Чингис хаан, түний өвөг дээдэс буюу Хүннүчүүдийн цаг үеийн түүхийг, хоёрдугаарт нь эзэн Чингис хааны үр удмынхан, Монголын Эзэнт гүрний цаг үе, гуравдугаарт 20-р зууны эхэнд Чингис хааны угсааныхны бүтээсэн түүхийг харуулсан.

Бид 70 жилийн турш Чингис хааны үүх түүхийг ярих харьцангуй хориотой байлаа. 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглээд олон хүн хилс хэрэгт орсноос гадна, Чингис хааны түүхийг онцгойлж ярьдаггүй, их хаанаа шүтэх эрхгүй байв. Харин 1996 онд “Вашингтон пост” сониноос Чингис хааныг “Мянганы хүн” хэмээн өргөмжилсөн.

Тэгэхээр эзэн Чингис хааны эх оронд ирж буй хэн боловч түүний түүхийг танин мэдэх хүсэл, зайлшгүй шаардлага бий болно. Энэ их түүхийг танин мэдүүлэх хамгийн том зүйл бол түүний өсөж төрсөн өлгий нутаг, түүний үлдээсэн өв соёл юм. Тэгээд энэ музейг Монгол Улсын Засгийн газар өөрийнхөө санхүүжилт зардлаар босгосон. Монголын эрдэмтдийн үзэл санаа, эрдэм мэдлэгт тулгуурлан бүтээн байгуулахдаа, Монголын барилгачид архитекторуудын ур ухаан, монгол судлаачид, дэлхий дахинд байгаа хүмүүсийн дэмжлэг туслалцаа, Монголын уран бүтээлчдийн мэдлэг оюуныг шингээсэн. Цар тахлын хамгийн хэцүү хүнд үед босгосон энэ музей маань сүүлийн 30 жил дэх манай улсын соёлын салбарын хамгийн том бүтээн байгуулалт болсон юм.

-Монголын их эзэнт гүрэн тухайн үедээ дэлхийн хүн амын хэчнээн хувийг захирч байсан бэ, энэ нь дэлхийн түүхэнд хэр онцгой тохиолдол вэ?

-Хүн төрөлхтөн Монголын түүхийг, тэр дундаа Чингис хааны түүхийг янз бүрээр үздэг. Нэг хэсэг нь Чингис хаанд эзлэгдсэн хүмүүс. Нөгөө хэсэг нь буюу Монголын талаас эзэн Чингис хааныгаа харах бас нэг өөр. Гэхдээ хүн төрөлхтний, ялангуяа дэлхийн шилдэг эрдэмтдийн судалгааны үр дүнд Чингис хааны түүхийг үзэх хандлага өдгөө өөр болжээ. Чингис хаан бол зөвхөн байлдан дагуулагч биш, Евроазийн их солилцоог бий болгосон хүн. Тэр үед Евроази л гэж байлаа шүү дээ, Америк, Австрали тив нээгдээгүй, Африк тивд хүчтэй том гүрэн ч байсангүй. Тэгэхээр Чингис хааны эзэнт гүрэн байгуулагдсанаар Европ, Ази тивийн том солилцоог, тэр дундаа эдийн засаг, аж ахуйн хувьд, мөн хамгийн том Торгоны замыг аюулгүй болгосон.

Хүн төрөлхтөн хэдэн зуун жил зөрчилдөн тэмцэлдэж ирсэн шашны эрх чөлөөг нээлттэй болгосон. Ази, Европ хоёр тивийн ард түмэн нэгэндээ хүрч үл болох том орон зай гэж бодож байсан бол хоорондын уялдаа холбоо, соёлын нөлөөлийг бий болгосон. Ийнхүү Чингис хаан хүн төрөлхтний түүхэнд олон зүйлээр гайхамшигтай үйлийг бүтээсэн хүн юм.

Өнөөдөр хүн төрөлхтөн шийдэж чадахгүй байгаа, шийдэхийг мөрөөдөж буй олон зүйлийг 13-р зуунд Монголын эзэнт гүрэн шийдвэрлэсэн.

Тийм учраас Жак Уэтерфорд номоо “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” гэж нэрлэсэн хэрэг шүү дээ. Хүн төрөлхтөн өнөөдөр дайн байлдаан, эдийн засгийн либералчлал, шашны эрх чөлөөгөө шийдэж чадахгүй л байна. Тэгвэл Монголын их хаан үүнийг 13-р зуунд шийдсэн. Тиймээс Чингис хааныг, Монголын түүхийг харах дэлхий дахины нүд өөр болж байгаа. Энэ хандлага, үзэл санааг бий болгоход энэ музей үүрэг гүйцэтгэх ёстой хэмээн зорьж ажиллаж байна.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Чингис хаан Үндэсний музейд зочлох үеэр

-Чингис хаан музей анх нээгдэхдээ 12 мянга гаруй үзмэртэй гэж байсан. Хамгийн нууцлаг, эсвэл онцгой үзмэрээр та юу юуг нэрлэх вэ?

-Одоогоор манайд 13400 орчим үзмэр байна. Гэхдээ бүгд нууцлаг, бас онцлог. Үзмэр бүр өөрийн өгүүлэмжтэй. Өөрөөр хэлбэл, нэг жижиг сумны зэв ч түүх өгүүлнэ. Манай музейн үзмэрийг бусад музейтэй харьцуулахад хамгийн гайхалтай нь 93 хувь нь эх үзмэр. Бас өнөөгийн ертөнцөд нүүдэлчдийн иргэншлийг харуулж чадах хамгийн том, цогц музей. Үүнээс том нүүдэлчдийн түүхийг харуулах музей дэлхийд байхгүй. Тухайлбал, 2000 жилийн өмнө өнөөгийн Монгол Улсын газар нутагт анхны нүүдэлчдийн төр улсыг байгуулан хөгжүүлэхдээ урлаг, сэтгэлгээ, үзэл баримтлалын хувьд ямар түвшнийг бий болгосныг Хүннүгийн дурсгалуудаас харж болдог. Тэдгээр нь Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор газар болох  Гол модны дурсгалууд юм.

Хоёрдугаарт, монгол нутгаас олдсон археологийн эртний олдворын дурсгал нь суурин иргэншилтэй Хятад, төв Азийн дургалуудаас тэс өөр, бас нийтлэг гэдгийг харж болно. Юу гэсэн үг вэ гэхээр, Хүннүгийн язгууртнуудын булшнаас Ромын эдлэл, Грек, Энэтхэг, Хятадын Хан улсын дурсгал гарсан нь маш том сүлжээ, соёлын солилцоо байсныг илтгэдэг.

Мөн музей байгуулснаас хойш “Сав нь бий болохоор сааль нь бий болдог” гэдгийн үлгэрээр гайхалтай дурсгалууд илэрч олдож байна. Уншигчдад сонин болгож, хоёр дурсгалыг л би онцолъё.

Жинхэнэ монголчуудын хаад язгууртны сонгодог дурсгал болов уу гэмээр, адууны шүдээр хийсэн эмээл манай музейд бий. Энэ эмээлийг өмнө нь хэн ч, хаана ч дэлгэж байгаагүй.

Нөгөө нь, МУИС-ийн судлаач, археологич Ц.Төрбат тэргүүтэй хүмүүсийн олж илрүүлсэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгойн булшнаас гарсан хатан хүний цул мөнгөн эмээл бий. Галт шувуун дүрслэлтэй.  Түүнчлэн Алтайн нуруунаас зүүн тийш өнөөдрийг хүртэл олдоогүй байсан алтадмал, цул мөнгөн гэрэгэ анх удаа олдлоо. Энэ бол Юань улсын үеийн гол бичиг дөрвөлжин үсгээр бичигдсэн, үнэхээр гайхалтай дурсгал л даа.

 МОНГОЛЫН ЦЭРГИЙН УРЛАГИЙН ГАЙХАМШИГ НЬ ...

-Дэлхийд 9 сая хүн Мона Лизаг л үзэх гэж Луврыг зорьдог. Тэгэхээр Чингис хаан агуу их хаан байсан шигээ агуу их нууцтай. Дэлхийн нэгэн мянганы суут их хүн ямар дүр төрхтэй байсан нь бүгдийн сонирхол татна. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой гэрэлт хөвүүн гэдгээс эхлээд “Бие бялдар том чийрэг, билиг ухаан хурц, ер бусын сүрлэг” хэмээн тэмдэглэгдэж үлдсэн Чингис хааны ямар эш хөрөг Танай музейд байна вэ?

-Чингис хааны бүх юм нь л нууц. Түүний тухай бичсэн түүхэн сурвалж нь нууц товчоо. Төрсөн он сар нь нууц, оршуулсан газар нь нууц. Гэхдээ энэ хүн бол яалт ч үгүй түүхэн, хүчирхэг бие хүн байсан нь ойлгомжтой. Гурван голын савд, талын язгууртны гэрт төрсөн. Хүнд бэрх замыг туулсан, хүн төрөлхтөнд байхгүй, гайхамшигтай төр улсыг байгуулсан, он цаг улирах тусам нь алдар суу нь оньсого мэт боловчиг суу алдар нь бусдад хүндлэгдэж ирсэн, ийм л хүн.

Хүн бүрийн ертөнцөд өөрийн ойлгодог Чингис хаан гэж бий. Чингис хаан музейн нэг ажилтны хувьд биш, судлаачийн хувьд, миний ойлгодог Чингис хаан бол тал нутагт байсан язгууртнуудын дотор зайлшгүй байсан тэр ёс суртахууныг өөртөө бүрэн суулгасан хүн.

Гурван голын сав нутагт захын дайсандаа л хөнөөгдчих гээд явж байсан хүү хүн төрөлхтний түүхэнд 200 жил удам залган оршин тогтнох их эзэнт гүрнийг байгуулах чинь ер нь бүтэхгүй асуудал байхгүй юу. Тэгвэл түүнийг бий болгож чадсан хүн Чингис хаан юм.

-Чингис хаан Үндэсний музейг нээхэд та түүнийг маш гоё тодорхойлж хэлсэн шүү дээ?

-Уул мэт сүрлэг, мөрөн мэт хүчирхэг амьдарсан хүн юм даа. Үнэхээр хүн төрөлхтөнд дурсагдаж байгаа ай сав нь тийм л гайхамшигтай.

- Энэ музейг нээх өдөр Чингис хаанаа монголчууд хэрхэн тодорхойлохыг дэлхий дахин сонирхсон байх. "Монголын уудам тал нутагт мэндэлсэн талын баатрын хөвгүүн хүнд бэрхийг туулан ертөнцийг тохинуулж, амар амгаланг энхжүүлэн, ёст төрийн голомтыг бадрааж, өнө мөнхөд орших агуу түүхийг бүтээж, хүн төрөлхтөнд оньсого мэт нууцлаг, Уул мэт сүрлэг, мөрөн мэт хүчирхэг амьдарсан хүн" гэж хэлэхэд тань нээлтэд оролцсон хүмүүс алга ташин баяр хүргэж байсан. Тэгэхээр Чингис хаан бол IQ өндөр хүн байсан гэж ярьж бичиж байна. Тэр хүний сэтгэлгээний чадварыг илэрхийлэх сонирхолтой баримтаас өгүүлж болох уу?

-Чингис хаан бол их сонин. Хаанаас сурсан нь мэдэхгүй, төрт ёс гэж юу байдгийг онцгой мэддэг хүн байсан. Тэр тал нутагт хэн сургасан юм бүү мэд.

-Тэр үед л уламжлал нь хадгалагдсаар байсан юм биш үү?

-Харин тийм. Чаньчун бумбад “Миний улс бол шаньюн улсаас эхтэй” гэж хэлж байгаа нь 1000 жилийн түүхээ мэдэж байгаа хэрэг шүү дээ. Тэр хүнд нүүдэлчдийн төрөө уламжлах ухаан байсан байх. Яагаад гэвэл, өөрөө агуу их улс байгууллаа гэж хэлэхгүй байна. Би бол 1000 жилийн түүхтэй улсын залгамж гээд байна шүү дээ. Тэгэхээр миний улс дахиад 1000 жил орших ёстой гэж ойлгож байсан байна. Асар удаан хугацааны дараа өөрөө яаж үнэлэгдэхээ ч Чингис хаан ойлгосон байгаа нь агуу юм.

-Чингис хааны арми дэлхийн хамгийн хурдан хөдөлгөөнт хүч байсан нь морьт армитай нь холбоотой юу, эсвэл өөр стратеги байсан уу? Манай музейд Чингис хааны үед хэрэглэж байсан зэр зэвсгийн талаарх ямар үзмэр байгаа вэ?

-Жишээ нь, гайхамшигтай хурдан морь байж болно. Муу уяач дээр хэзээ ч айрагдахгүй.

Тэгэхээр Чингис хаан бол өөрийн онцлогтой, тухайн үед дэлхийд байсан 2 давуу тал бий. Хамгийн хол буюу 330 алд харвадаг зэвсэг нум сум, нөгөөх нь туулах чадвартай, хамгийн хол явдаг морьд байв. Энэ хоёр зөвхөн нүүдэлчдийн гарт байсан.

Энэ хоёрыгоо гайхамшигтай маневр, стратеги, тактик болгож чадсан нь тэр хүний ухаан. Өөрөөр хэлбэл, морио сайн уяж чадсан байна шүү дээ.

Хүмүүс Чингис хааны байлдах урлагийг янз бүрээр л хэлж бичдэг. Миний бодлоор, нүүдэлчид бол нэгдүгээрт байгальтай байнгын харьцаж байдаг, ядаж өндөр уул, өргөн голыг яаж гатлахаа сайн мэднэ.

Хоёрдугаарт, нүүдэлчид хамгийн зохистой амьдралын хэв маягийг тээж явдаг. Тэдэнд ардаа олон тэрэг цагаан будаа ачиж явах шаардлагагүй, үхрийн давсгандаа бүтэн үхэр хийчихээд явж байх нь илүү зохистой. Ингэхээр амьдралын хэв маяг нь давуу тал болчихож байгаа юм.

Гуравдугаарт, нүүдэлчид бусдаас суралцаж чаддаг ард түмэн. Суурин иргэншилтэй ард түмэн, Ромчууд гэхэд дайтахдаа халз өөд өөдөөсөө алхаж очоод л тулж байлддаг учраас, дүрэгдвэл үхнэ, дүрэхгүй бол өөрөө алуулна. Гэтэл нүүдэлчид анх удаа ухарч чаддагийг үзүүлж байгаа юм. Байлдааны үед ухарна гэдэг нь өрнөдийн ертөнцөд байхгүй. Монголчууд ухрахыг, буцаж зугтахыг, дахиж довтлохыг үзүүлж чадна. Монголын цэргийн урлагийн гайхамшиг нь өөрт байгаа давуу талаа л гайхамшиг болгосон юм болов уу даа гэж бодогддог юм.

Судлаачийн хувьд харахад, тэр Памирын өндөр уулс, Кавказын уулс, Ижил мөрний хөндийг, орчин үеийн машин техникээр гаталж чадахгүй. Евроазийн тал нутгийг яаж туулах вэ гэдэг бол нүүдэлчдийн онцлог. Дээрээс нь захын нүүдэлчин цэрэг Кавказын ууланд байлдаад, Иран Исламын ертөнц, Тэнгэр уул, Алтан уулс, Хар мөрний сав нутагт очсон, дэлхий ертөнцийг үзсэн хүмүүс байв. Тэгэхэд суурьшмал соёл иргэншлийнхэн бол тариан талбайгаас холдож үзээгүй.

-Монголчууд эх орондоо байхгүй амьтдыг хүртэл монголоор нэрлэчихсэн байдгаас харахад л эртнээс уул усыг гэтэлж "юм үзэж нүд тайлсан ард түмэн" байсныг нь гэрчилдэг ...

-Манай Чингис хаан музей олон улсад хурдан танигдах шалтгааныг хүмүүс гайхаад байдаг. Яагаад 3-хан жил болчихоод Европт хүртэл сайхан үзэсгэлэн гаргаад байдаг юм гээд л.

Хаан маань улсаасаа илүү нэртэй, бидэнтэй бидэнгүй дэлхийн хүн байхгүй юу. Чингис хаан гэдэг нэрийг сонсоогүй хүн ертөнцөд байхгүй.

Тэр алдар сууг сонссон хүн газрын зураг дээр хайж байгаад Чингис хааны мэндэлсэн нутагт нь ирнэ. Ирэхэд нь бид үзүүлэх юмтай байх ёстой. Тэгэхэд, шинээр улс байгуулсан хүмүүсийг хар, өөр газраас өөр хүний хааныг минийх гэх гээд үйлээ үзэж, тамаа цайж байна. Зарим нь шинэ түүх бүтээж, шинэ кино хийцгээгээд л. Гэтэл бидэнд бараг нэг хаан маань нь л 100 ангит кино шүү дээ. Бид үүнийгээ ашиглаж чадахгүй байна.

Тэгэхээр манай музейд байгаа үзмэр яагаад дэлхий дахинд гарах ёстой юм гэвэл, энэ чинь хүн төрөлхтний өмч. Ногоон дарь эхийг Италид,  Францад хүн үзэх эрхтэй. Яагаад гэвэл, тэнд байгаа Мона Лизаг би үзэх эрхтэй яг адил. Тэгэхээр бид тийм том соёлын орон зайгаар харах ёстой. Мэдээж эзэмшигч нь Монгол Улс.

ЧИНГИС ХААНЫ ОНГОН БОЛ ГАНЦААРАА БИШ...

-“Чингис хаан” музей Чингис хааны тухай түүхийн хамгийн сүүл үеийн судалгаа бүрийг шимтэн сонирхдог байх. Эрдэм шинжилгээний хурлууд ч музейдээ зохион байгуулж байна. Чингисийн онгон гэдэг өнөө ч сонирхол татдаг сэдэв шүү дээ. Энэ талаар танай музей ямар баримт цуглуулж байна вэ?

- Мэдээж Чингис хааныг оршоосон газар бол Монгол Улс мөн. Дэлхий үүнтэй маргахгүй. Угаасаа сурвалж байгаа юм чинь. Бурхан Халдунд гэж үздэг нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь Алтай ханд гэж үздэг. Тэр бол Алтайн уулсын Алтай Хан биш. Бурхан Халдуны хажууд Алтай Хан гэж уул байна. Тэртээ тэргүй Хэнтийн нуруунд гэдэг нь ойлгомжтой. Энэ бол нууц. Олон жил эрдэмтдийн сонирхлыг татсан. Миний мэдэхээр Чингисийн онгоныг хайгаад 200 жил болж байна. Манай “Чингис хаан” музей Чингис хаан, түүний өв соёлыг сурталчлах түгээх үүрэгтэй ч нөгөө талаасаа эрдэм шинжилгээний байгууллага.

Ялангуяа, Ази язгууртны түүхийг судлах, сурталчлах, эрэн хайх, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг урьж ажиллах, хамтрах үүрэгтэй. Ер нь, дэлхийн томоохон музейнүүдийн бяр чадал нь судалгаандаа л байдаг. Судалгаа муутай музей бол үзүүлэн, дэлгүүр гэсэн үг. Сайн судалгаатай музей бол шинжлэх ухаан, танин мэдэхүйн төв. Энэ музей байгуулагдсанаас хойш Монголд шинжлэх ухаан, танин мэдэхүйн маш том орон зай бий болсон. Тиймээс Чингис хааны судалгаанд мэдээж анхаарч байгаа. Гэхдээ онгон хайх хэмжээнд хүрэх болоогүй. Нэгдүгээрт, бидний бяр хүрэхгүй. Хоёрдугаарт, цаг нь болоогүй. Үүнээс өмнө ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнг 10 жил хариуцаж ажилласан хүний хувьд энэ тухай сайн мэдээлэлтэй л дээ. Монголын эрдэмтэд энэ тал дээр харьцангуй нэгдмэл байр суурьтай байдаг юм. Ер нь, их хааны онгоны судалгаанд ихэд болгоомжтой хандах хэрэгтэй.

2011 онд газар дороос маш том ханын зурагтай бунхан олоод шуугиан болсон доо. Тэр бол Түрэгийн үеийн уйгур жанжных байсан. Монголд том хэмжээнийг эрэл хайгуул, судалгааг бэлтгэлтэй хийх ёстой юм байна гэдгийг тэндээс бид ухаарсан. Газар дор байхдаа хуурай орчинд сайн хадгалагдаад, нээсний дараа органик зүйлсэд нь аюул учирдгаараа нүүдэлчдийн дурсгал хэцүү.

Чингис хааны онгон бол ганцаараа биш, Монголын их хаадынхтай хамт байгаа. Тэгэхээр нэг нь илэрвэл, нийтээрээ илэрнэ. Түүнээс биш 800 жилийн өмнөх Чингис хааных битгий хэл 2000 жилийн тэртээх Хүннүгийн хааных олдсон байхгүй юу.

Тэгэхээр энэ булшнууд нэг л зохион байгуулалттай. Хүннүгийн язгууртныг монголчууд малтаж чаддаг, гаднаас нь хараад таньж чаддаг болсон. Түрэг, Уйгурын язгууртныхыг таньж чадна. Харин Монголын эзэнт гүрнийхийг чадахгүй. Ямар шинж тэмдэгтэй, яаж оршуулдаг байв гээд л... ийм л байна.

ЧИНГИС ХААН МУЗЕЙГЭЭС ӨӨР ЮУГ ҮЗЭЖ БОЛОХ ВЭ?

-Бүр их сонирхол татчихлаа. Тэгэхээр “Чингис хаан” музейн үзмэр баяжсаар байгаа тухай та ярьсан. Хэрхэн баяжуулж байна вэ?

-Товчхондоо дөрвөн чиглэлээр баяжуулж байна. Нэгдүгээрт, малтлага судалгаа. Энэ бол хамгийн чухал. Хоёрдугаарт, зарим хүний хандив тусламж. Гуравдугаарт, чухал гэсэн үзмэрүүдийг худалдаж авч байна. Дөрөвдүгээрт, гадаадад байгаа түүхэн дурсгалуудыг хуулбарлаж авч байна. Тавдугаарт, орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан сэргээж байна. Зургадугаарт нь, уран бүтээлчид хийж байна. Сүүлийн хоёр нь шууд хамааралтай биш ч, эхний дөрөв нь маш чухал.

Та бүхэн ойлгох хэрэгтэй л дээ. Тайванийн хааны музей дор хаяж 500 жилийн түүхтэй. Эрмитаж 300 жилийн түүхтэй байхад бид гурван жил ч болоогүй байна.

Ганцхан жишээ хэлэхэд, Хүннүгийн язгууртны булш Монгол Улсын газар нутаг дээр 11400 бий. Гэтэл 100 жилийн турш нэг хувьд нь ч хүрэхгүй, 10 гаруйхан булш л малтлаа. Цаана нь асар их нөөц байна. Тэгэхээр тодорхой хугацааны дараа юу илрэхийг хэн ч таашгүй.

Монгол шиг газрын хөрсөн дороо, газрын хөрсөн дээрээ ийм баялаг үзмэртэй улс дэлхийн хаана ч байхгүй гэж П.К.Козлов 1925 онд, яг 100 жилийн өмнө хэлсэн юм шүү дээ.

-Яндаж болшгүй далай шиг яасан баян нутаг вэ гэж бахдахаас аргагүй юм даа. Та бидний яриа Чингис хаан музейн үзмэрийн уран сайхан, соёлын нөлөөг тайлбарлахад голлон чиглэлээ. “Чингис хаан” музейгээс Францын Нант хотод зохион байгуулсан үзэсгэлэн шилдэг болсон. Өнгөрсөн онд National Geografic сэтгүүлд заавал зочлох ёстой шилдэг 20 музей, соёлын өвийг нэрлэхэд Чингис хаан музей маань нэрлэгдсэн. Тэгвэл ойрын үед ямар үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байна вэ?

-Монголчуудын ахуй амьдрал, нүүдэлчин зан заншлыг сурталчилсан үзэсгэлэнг 2028 он хүртэл гаргах байх. Гэхдээ “Чингис хаан” музейгээс баримталж буй сонирхолтой гэхүйц бодлого нь өөрийнхөө үзмэрийг авчирч үзэх албагүй. Харин бусдын гайхамшигтай соёлоос авчирч үзэх хэрэгтэй, бас эрхтэй. Тиймээс манай музей жилд 1-2 үзэсгэлэнг гаднаас авах зорилго тавьж байгаа.

Үзэсгэлэн гаргахын тулд хамгийн багадаа гурван жил хөөцөлддөг юм. Тээвэрлэлт, гэрээ, ойлголцол, аюулгүй байдал, даатгал, зардал гээд маш их хүчин зүйлээс хамаардаг. Монголд өмнө нь яагаад олон улсын үзэсгэлэн гардаггүй байсан бэ гэхээр, олон улсын стандартын шаардлага хангасан музей, аюулгүй орчныг хангасан танхим байгаагүй. Харин одоо энэ бүх шаардлагыг манай музей хангаж байгаа. Тэгээд өнгөрсөн жил Өлзийт хааны захидлыг авчирсан.

Цаашид Унгарын үндэсний музейтэй хамтраад Сиси хатны тухай үзэсгэлэнг Монголд авчрах төлөвлөгөө байна. Тэр хатан хааны эдэлж, хэрэглэж байсан эд өлгийн зүйлийг эх орондоо авчирч, үзүүлэх юм.

Манайд чинь Гүнжийн сүмд гайхалтай дурсгалууд байдаг шүү дээ. Тэр бол Чингис хааны угсааны ноёны хатан бөгөөд ордны бүсгүй тал нутгийн баатар ноёны хатан болж ирээд, хожим болтол тахигдаж, шүтэгдэж байсан гайхамшигтай түүхтэй. Хувь тавилан нь Хятадын олон ангитай кинонууд дээр гардаг гүнжүүдээс дутахааргүй гайхамшигтай их түүхтэй. Энэ гүнжтэйгээ нийлүүлээд “Ази, Европын гүнжүүд” гэсэн үзэсгэлэн гаргах юм.

Түүнчлэн өнөө жил Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ой тохиож байна. Өндөр гэгээн Занабазар бол Чингисийн дараа орох гурван хүний нэг. Нөгөө нь Хубилай хаан гэсэн үг шүү дээ. Өндөр гэгээний гайхамшигтай урлал бий. Италийн Элчин сайдын яамтай хамтраад өнгөрсөн жил сэргэн мандалтын том төлөөлөгч Караваджогийн зургийг авчирсан нь Монголд дэлхийн сонгодог зураг ирсэн анхны тохиолдол байсан.  Харин дараагийн удаад нь сэргэн мандалтын үеийн хамгийн том төлөөлөгч Микеланжелогийн нэг зураг авчрах санаа байгаа. Түүний гайхамшигтай бүтээлийг өндөр гэгээний Ногоон Дарь эхтэй харьцуулж, “Ази, Европын Микеланджело нар” гэсэн үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, бид хүн төрөлхтний гайхамшигт түүхтэй зэрэгцэн оршиж чадаж байгаагаа харуулах зорилготой юм.

-Египетийн Фараон авчирвал бас л шуугиан тарих байх даа?

-Яваандаа авчрахыг зорино. Манай музейд 3000 жилийн тэртээх есөн муми байна. Фараоны үед Египетэд хүнийг занданшуулж оршуулж байсан бол хүрэл зэвсгийн үед Алтайн нуруунд мөсөн цэвдэг дотор хүн оршуулж байсан нь шивээс арьс махтайгаа олдож байна шүү дээ.  Нүүдэлчний ертөнц занданшуулах уламжлал байсныг зэрэгцүүлж үзэсгэлэн гаргавал хүмүүсийн сонирхлыг татах болов уу гэх мэтчилэн олон юм бодож байна.  Дэлхийд аль болох гайхамшигтай үзмэрүүдээс авчирч, монголчууддаа харуулж, соён гэгээрүүлэх ёстой. Энэ бол манай музейн үүрэг, нэр төрийн хэрэг.

Жишээлбэл, 720 жилийн өмнөх Өлзийт хааны Францын хаанд бичсэн захиаг монгол хүн бүр 50 см-ийн зайнаас нүдээр үзэх боломж хүн бүрд олдохгүй шүү дээ. Түүнийг хоёр жил гаруй хугацаанд хөөцөлдөж, анх удаа Францын хилээс гаргаж, энд авчраад ард түмэндээ, Монголд зочилсон дэлхийн хүмүүст харуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм.

Монголын их хаан 3000 метр урт захиаг Францын хаанд 700 гаруй жилийн өмнө бичиж чаддаг байсан, энх амгаланг тогтоож чаддаг байсан, хүн төрөлхтөн монголчуудын хувьд хол биш байж гэдэгтэй адилхан зүйлүүдийг хийх бололцоо эзэн “Чингис хаан”-ы музейд бий.

-Захиаг алгын чинээ цаасан дээр л бичдэг гэсэн төсөөлөл хэвшсэн энэ үед үнэхээр монгол хааны захидал гайхамшигтай сайхан байсан. Дэлхийн том музейгээс үзмэр авчирна гэдэг нэр хүндтэй хэрэг ч маш том хариуцлага дагуулж таарна. Чингис хаан музейн аюулгүй байдлын хангалтад итгэж байгаагийн илрэл болов уу?  

-Нэг л удаа алдаа гаргавал дэлхийн томоохон музейтэй дахиад хамтарч ажиллаж чадахгүй болно. Амжилттай болоход бидэнд дараагийн зам нээгдэж байгаа юм. Ирэх жилийн аравдугаар сард Берлин хотод үзэсгэлэн гаргана. Энэ жил Чехэд гаргалаа. Берлиний тал энэ үйл ажиллагааныхаа хариуд та нар манайхаас хүссэн сэдвээрээ үзэсгэлэн аваарай гэж хэлсэн. Берлиний үзэсгэлэн бол Европын топ. Британийн музей, Францын музей, тэгээд л Берлиний музей нэрлэгддэг шүү дээ. Тэгэхээр тэр гайхалтай газраас бид хүссэн сэдвээрээ Монголд үзэсгэлэн гаргах боломж бүрдсэн. Манай стандартыг дэмжиж байгаа. Нэг ёсондоо дэлхийн том музейн сүлжээнд Монголын “Чингис хаан” музей орчихож байгаа юм. Энэ том эргүүлэг дотор алдаа гаргавал аюултай. Харин алдаа гаргахгүй, хамтарч ажиллаж чадвал ашигтай. Үүнийг ухаалгаар харж чадвал Монголд боломж их бий. Яагаад гэвэл, бидэнд давтагдашгүй нөөц байна. Бид нөөцөө огт задалж чадаагүй. Зөвхөн танин мэдэхүйн түвшинд л явж байна. Цаашид улам туршлагажина, өргөжинө, чөмөг сууна. Музейн 50 жилийн ой болоход машид баялаг түүхтэй болсон байх болов уу.

Хятаны их, бага бичгийн шинэ дурсгалыг илрүүлжээ

Posted By Алсын Хараа On In Түүх | No Comments

 Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн Найдаг ууланд хятан бичгийн хадны шинэ бичээсийг 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр илрүүлжээ. Энд хятан их бичиг болон бага бичиг хамт байгаагаараа урьд өмнө гарч илэрч байгаагүй анхны тохиолдол болж буй тухай ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс мэдээлэв.

Тус хээрийн судалгаанд Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Л.Эрдэнэболд, Отани их сургуулийн профессор Мацүкава Такаши, Рюкокү их сургуулийн профессор Мүраока Хитоши, Осака Олон улсын их сургуулийн хүндэт профессор, Монголын ШУА-ийн гадаад гишүүн Мацүда Коичи нар оролцсон байна.

Тус бичээс нь газрын түвшнээс дээш 200 гаруй метр өндөр, Найдаг уулын энгэрт байрлах агуйн дотор бичигдсэн бөгөөд урьдчилсан судалгаагаар агуйн долоон хэсэгт бичээс байгааг тогтоожээ. Профессор Мацүкава хятад гэмээр бичээсүүдийг нягталсан бөгөөд тэдгээр нь бүгд ханзаар бус, харин хятан бичгээр бичигдсэн байна. Иймд БНХАУ-ын Хөх хотод оршин суудаг Такэүчи профессорт бичээсийн гэрэл зургийг илгээхэд, “Бичээс нь ихэд бүдгэрсэн тул уншихад бэрх хэдий ч хятаны их бичгийн онцлог үсгүүдийг олонтаа таньж болно. Энэ нь ханз бичээс биш гэдэг нь илт” гэж мэдэгдэв. Цаашлаад онцгой зүйл болгон тэрбээр: “4 дүгээр бичээс нь хятан бага бичгээр бичигдсэн байх магадлалтай. Нэг газарт хятаны их бичиг болон бага бичгийг хамтад нь бичсэн тохиолдол урьд өмнө огт мэдэгдээгүй тул маш ховор “нээлт болох юм” хэмээн тэмдэглэжээ.

Бичээс илэрсэн Найдаг уул нь Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэн тасархай ба Дашинчилэн сум хоёрыг холбосон, Хөгнө уулын зүүн бэлээр урсах Бадын голын дагуух эртний замын хажууд оршдог. Ойр орчимд нь хятаны үеийн тариалангийн суурингууд, хүрлийн үеийн булш оршуулгын дурсгал, руни бичгийн дурсгал, хадны зургийн дүрслэлүүд олон тоогоор тархсан төдийгүй хожмын Түдэв гүний хүрээ, Тариач отгийн жас хэмээх хоёр хийдийн туурь ойрхон байна. Найдаг уул нь бүхэлдээ том жижиг чулууны үйрмэгээр хучигдсан бөгөөд хэд хэдэн газарт эртний хадны зураг ажиглагдана. Бичээс бүхий агуйн дээд тал нь нээлттэй нэвт бөгөөд нуранги чулууд хуримтлагдсан.

Монгол Улсын нутгаас хятан их бичгийн хэд хэдэн бичээс илэрсэн бөгөөд тэдгээрийн дундаас хамгийн сайн мэдэгдсэн нь Хэнтий аймгийн Рашаан хадны бэхэн бичээс болон Салбар хуулын сийлмэл бичээс, Эрдэнэ уулын бэхэн бичээс юм.


Үүнээс гадна Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Донгойн ширээ дурсгалаас илэрсэн хятан бага бичгийн бэхэн бичээс, мөн тус сумын Адагийн голын хадны хятан их бичгийн бэхэн бичээс, түүнчлэн 2010 онд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд Монгол-Япон хамтарсан “Бичээс” төслийн багийнхны илрүүлсэн “Бүлээний Овооны хятан их бичгийн хөшөө бичээс” зэрэг бий. Харин Туулын ай савд Чинтолгой балгас, Харбухын балгас Улаан хэрэм, Хэрмэн дэнж балгас зэрэг хятаны үеийн цэргийн олон хот балгасын үлдэгдэл байдаг боловч 1979 онд Х.Пэрлээгийн олсон дээврийн ваар болон тоосгон дээрх хятан бичиг гэмээр дүрс тэмдгийг үл тооцвол, хятаны бичгийн нэг ч эх сурвалж илрээгүй байв. Энэ утгаараа Найдаг уулын хятан бичээс шинээр илэрсэн нь чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Лондоны их сургуулийн профессор “Монголчуудтай холбогдох нь: Нэгэн цүнхний тухайд” лекц уншина

Posted By Алсын Хараа On In Түүх | No Comments

“Чингис хаан” үндэсний музейн урилгаар Лондоны Их Сургуулийн профессор Суссан Бабаи “Монголчуудтай холбогдох нь: Нэгэн цүнхний тухайд” лекцээ есдүгээр сарын 12-нд олон нийтэд зориулан үнэ төлбөргүй уншина.

Ази тивийг дагнасан урлаг, соёлын сүлжээг судлахад чиглэсэн хэд хэдэн төсөлд ажилладаг тэрбээр Блумсбери хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Cultural History of Asian Art” Азийн урлагийн соёлын түүх зургаан боть цуврал номын хамтран редактор, зохиолч юм. Мөн Лондонгийн Их Сургуулийн SOAS сургуулийн профессор Шейн Маккаусландтай ко-куратороор ажиллаж, 2027 онд Роял Академид дэлгэгдэх “Arts of the Great Mongol State” үзэсгэлэн, Гэтти сангийн Connecting Art Histories төслийн дэмжлэгээр зохион байгуулж буй Mongol Connections семинарын тэргүүлэх эрдэмтнээр ажиллаж байна.

График дизайнер мэргэжилтэй Суссан Бабайгийн бүтээлүүдээс дурдвал:

Шагналт бүтээл "Исфаган ба түүний түүний ордонууд/ ордод” (2008)

Хамтарсан бүтээл "Персийн хаанчлал ба архитектур" (2015)

"Исламын ертөнц дэх урлагийн бүтээл ба солилцоонд худалдааны үр нөлөө" (2017)

"Афхами цуглуулга дахь Ираны орчин үеийн урлаг" зэрэг багтана.

Б.Галаарид: Тэнэгүүд түүхийг шүүмжилж, ухаантнууд түүнээс суралцдаг

Posted By Алсын Хараа On In Түүх | No Comments

Тухайн үед болоод өнгөрсөн үйл явдлын далд үнэнийг өгүүлсэн энэ түүхийг Оросыг хараагч русофобууд хийгээд Оросыг шүтэгч русофилүүдийн аль аль нь хэрүүлийн алим бүү болгоосой гэж хүснэ. Тэнэг мунхагууд л эргээд ирэхгүй түүхийг шүүмжилж, өнгөрсөн цагтай хэрэлдэж суудаг (Энд би түүхийн шинжлэх ухаан, түүхч эрдэмтдийн тухай яриагүйг анхаарна уу) , харин ухаантнууд түүхийн алдаанаас суралцдаг билээ.

Тувагийн удирдагч Салчак Тока(1901-1973)-г манайхан янз бүрээр ярьж бичдэг.

Өөрийнхөө орыг залгамжлуулахаар бүх асуудлыг зохицуулж, ЗХУКН-ын ТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академийг төгсөх гэж байсан Григорий Ширшинийг Тувагийн коммунист намын нарийн бичгийн даргаар 1972 онд томилуулж, дахиад ганцхан алхаад өөрийнх нь оронд суух замыг нь зассан тэрбээр нас барахынхаа өмнө эмнэлэгт байхдаа “Өмнөд хилийн зурвас давмагц цус нэгт монгол ахан дүүс байгааг ямагт санаж яваарай.

Яаж мэдэх вэ боломж гармагц Монголтойгоо нэгдэх нь л тува хүн бүрийн зүрх сэтгэлийн мөрөөдөл байх ёстой юм байна шүү.

Би нэгэнт үеэ өнгөрөөж байна. Энэ чухал албанд чамайг заавал суулгах гэж зүтгээд байгаагийн учрыг чи гадарлаж байна уу?” гэж Г.Ширшинд монголоор хэлжээ. Яагаад гэсэн асуултад нь “Чиний судсаар урианхай монгол, халх монгол цус холилдон гүйж байгаа” гэж хариулсан аж. Салчак Тока 1901 онд тухайн үеийн Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны нутагт төрж өссөн хүн тува хүн гэдгийг дашрамд дурдъя.

Энэ түүхийг 1999 онд Тувагийн Засгийн газрын урилгаар Завхан аймгийн Засаг дарга Л.Дашзэгвэ тэргүүтэй төлөөлөгчид Тувад ардын хувьсгал ялсны баяр наадамд оролцохоор очиж, Кызыл хотын “Енисей” зочид буудалд буусан орой нь Г.Ширшин гуай өөрөө сураглан ирж хуучлаад “Их гүрний эрхшээлд орсон, дээрээс нь миний мэт хэр тааруу удирдагчидтай байсан болохоор яавч тэр хүний хэлснээр урианхай хүн бүрийн хүслийг биелүүлэх боломжийг олж чадаагүй юм.

Тэгээд ч их Орос орон гүрэн үгүй бол танай манай аль ч ялгалгүй аль эрт мөхчихсөн байхыг ч үгүйсгэхгүй дээ... Энэ яриаг цааш нэг их яриад байх сэдэв биш гэдгийг монгол дарга нар юу эс андах вэ” хэмээжээ.

Тэрхүү төлөөлөгчдийн нэг, дээрээс нь орчуулагчийн үүрэг давхар гүйцэтгэсэн зохиолч, орчуулагч Түдэвийн Гочоо бээр “Аавын яриа Түмний яриа” (УБ., Оргилпресс, 2025. х.126-143.) номынхоо хоёрдугаар дэвтэрт энэ болоод бусад олон сонирхолтой хууч буулгасныг бухын хамар шогнойх цаг дор уншиж дүүргээд, өдрийн эхлэл буюу алганы хээ тодрон харагдах мөчүүдэд үүнийг бичиглэн гүйцээвэй.

Салчак Тогоогийн оронд Тувагийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 1973 онд томилогдон 1991 он хүртэл энэ албыг хашсан Григорий Чоодуевич Ширшин бол халх эх, тува эцэгтэй, 1945 он буюу 11 нас хүртлээ Завханы Баянтэсийн нутагт амьдарсан хүн бөгөөд 1997 онд Монголын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулж байжээ.

Урианхан Б.ГАЛААРИД

2025.08.26.

Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов

Posted By Алсын Хараа On In Түүх | No Comments

Япон улсаас Зөвлөлт, Хятад болон Америкийн цэргүүдийн эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байсан тухай нууцаас гаргасан баримтын цахим хуулбарыг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) Улаан армийн анги нэгтгэлүүд Японы Квантуны армийг бут цохисны 80 жилийн ойг тохиолдуулан нийтэлжээ.

Японы Жанжин штаб Улаан армийн эсрэг довтолгооны үеэр бактериологийн зэвсэг шууд хэрэглэхээр, харин цэргүүдээ ухрах тохиолдолд тухайн газар нутагт зориудаар халдвар тарааж, дайсны цэргүүд болон энгийн иргэдийн дунд өргөн цар хүрээтэй тахал дэгдээхээр төлөвлөж байсан байна. Энэ зорилгоор Манжуурт 1935, 1936 онд бактериологийн зэвсэг боловсруулах чиг үүрэгтэй 731, 100 дугаар тусгай ангиудыг байгуулжээ.

1949 оны 12 дугаар сарын 1-нд Хабаровск хотод явуулсан мөрдөн байцаалтын үеэр Квантуны армийн командлагч генерал Ямада «Зөвлөлт Холбоот Улс Японы эсрэг дайн зарлаж, Зөвлөлтийн арми Манжуурын гүн рүү эрчимтэй урагшилснаар тэднийг ЗХУ болон бусад орны эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэх боломжгүй болгосон» гэж мэдүүлжээ. Өөрсдийн гэмт үйлдлийн ул мөрийг далдлахын тулд Квантуны армийн командлал 731, 100 дугаар отрядуудын барилга байгууламж, тэдгээрийн салбарууд, лабораторийн бааз, бичиг баримт, туршилтын дүнг устгах тушаал өгөхөд хүргэсэн байна.

Цэргийн олзлогдогсдын мэдүүлэг

Зөвлөлтийн аюулаас хамгаалах байгууллага Квантуны армийг бут цохих явцад олзлогдсон 600 мянга гаруй япон цэргийн дундаас 1945–1948 онд бактериологийн зэвсэг боловсруулах ажилд оролцогчдыг эрэн сурвалжилж байв.

«Зөвлөлтийн цэргүүдэд олзлогдсон Японы армийн бактериологич мэргэжилтнүүдийн хэрэгтэй холбогдуулан Хабаровскийн хязгаарын Дотоод явдлын удирдах газар Японы цэргийн дарангуйлагчид Манжуур дахь түшиц газраа ашиглан Зөвлөлт Холбоот Улс руу халдан довтлоход зэхэж хүн амыг үй олноор устгах бактериологийн зэвсэг хэрэглэхэд идэвхтэй бэлтгэж байсныг шуурхай мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Тэд тахал, цусан халдвар (сибирийн язва), хийт гангрена, хижиг халууралт, гэдэсний хижиг, паратиф, цусан суулга, холера, халдварт цус алдалт (“Сонго” гэж нэрлэгддэг), сап зэрэг бүх төрлийн халдварт өвчнөөр шинжилгээ судалгаа, туршилтын ажил хийж байв. Бактерийн янз бүрийн нөлөөллийг шалгахын тулд хүн дээр байнгын туршилт хийж байсан бөгөөд үүний тулд отрядын шоронд орос, хятад, манжууд, мөн цаазын ял авсан япончуудыг маш нууц байдлаар авчран хорьж байжээ» хэмээн ЗХУ-ын ДЯЯ-ны Хабаровск мужийг хамаардаг газрын дарга, дэслэгч генерал Иван Долгих 1947 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн тусгай мэдээндээ дурдсан байна.

«Эдгээр туршилтын үр дүнд жил бүр отрядад 3 000 гаруй хүнийг устгаж байв» гэж баримтад тэмдэглэжээ.

Дүн шинжилгээ бүхий дэлгэрэнгүй тусгай мэдээнд мөн япончууд Халх голын байлдааны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн тухай дурджээ.

«1939 онд Халх голын үйл явдлын үеэр генерал Ишигийн удирдсан “амиа золиослогчдын” тусгай отряд Квантуны армийн ерөнхий командлагч асан генерал Уэда Кэнкичигийн тушаалаар Зөвлөлт, Монголын цэргүүдийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, Халх голын болон нуурны усыг гэдэсний хижиг, паратиф, цусан суулгын нянгаар зориудаар халдварлуулсан» хэмээн баримтад тэмдэглэжээ.

«1940 онд Квантуны армийн ерөнхий командлагч асан генерал Умэдзу Ёсидзиро, мөн Хятадын төв хэсэгт байрласан экспедицийн цэргүүдийн ерөнхий командлагч [асан] маршал Хата Сюнроку нарын Японы Жанжин штабаас өгсөн тушаалын дагуу генерал Ишигийн удирдсан тусгай экспедици Хятадын төв нутагт дайны ажиллагаа явуулж, Нимбо орчимд Хятадын цэргийн эсрэг тахлын нян тээгч бөөсийг онгоцоор цацсан нь хятад цэргүүд болон энгийн иргэдийн дунд тахлын хүчтэй дэгдэлт үүсгэн, хэдэн мянган хүнийг хөнөөсөн» гэж дүн шинжилгээ бүхий дэлгэрэнгүй тусгай мэдээнд дурдсан байна.

Э.Солонго

Эх сурвалж: tass.ru

сонин mn [1]

сонин mn [2]

сонин mn [3]

сонин mn [4]

Дандар баатар Япон офицероос үнэтэй мэдээлэл авчирсан түүх

Posted By Алсын Хараа On In Түүх | No Comments

1939 оны Халх Голын дайн, 1945 оны Чөлөөлөх Дайнаас тодорсон баатар, алаг морьт Лодонгийн Дандарын ахмад сэтгүүлч Б.Цэрэнноровт 1966 онд өгсөн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

Таныг нэг өдөр халимагаа авахуулсан, бүх дарга нарынхаа халимагийг ч авахуулсан гэдэг яриа бий.

 

-Би үсээ авахуулсан шүү. Халхын голын дайны үеэр би газар орны байдал ажихаар тагнуул хийлээ.

Нэгэн толгойн өвөр дээр японы хяналтын байр байхыг анзаарлаа. Нэг япон офицер үе үе нуувчнаасаа цухуйж дурангаар манайхны чиглэл рүү харчихаад далд орж байна аа. Нуувчных нь аман дээр гар буу, гранат, мөн том цүнх байх нь харагдлаа. Харин япон офицер газрын зураг дээр ажиллаж, юм тэмдэглэж байх юм.

Тухайн үед би залуу ч байж, жаахан ойворгон байсан байх. Тагнуулчиддаа “Амьд хэл авчирсангүй, яаж амьд хэл барьж ирдэгийг харуулна” гэж зэмлэдэг байлаа. Тэгээд л тухайн үед надад яг одоо л амьд хэл барьдаг цаг гэж аазгай хөдөлсөн. Тэгээд цуг явсан морин жолооч тагнуулын даргадаа; -Морь малаа далдлан эндээ хүлээ гээд сэмээрхэн гэтэж мөлхөв.

Бас зүгээр ч үгүй ээ, чимээ гарна гээд хөл нүцгэн явсан. Ингээд япон цэргийн арын бутанд хүрлээ. Авч яваа нагаан буундаа дүүртэл нь сум хийлээ. Бас гарыг нь хүлэх олс авч явсан гээч. Нэг, хоёр метрийн хэртэй газар ойртож очив. Гэтэл өнөөх япон босоод ирлээ. Нэлээд том биетэй хүн ажээ. Би ч дав хийн араас нь мордож аваад нуувчнаас нь гаргав.

Бид хоёр дээр, доороо орон ноцолдож, хэд хэдэн удаа элэг, шанаанд нь хүчтэйхэн буулгатал, өнөөх япон намайг үсдэж аваад доороо хийчихсэн.

Тэгээд элгэн дээр өвдөглөж, нэг гараараа хоолой багалзуурдлаа. Амьсгал боогдоод, ухаан балартаад алууллаа л гэж бодлоо. Энэ үед урьдах тэлээнд хавчуулсан буу гарт таарлаа. Бууныхаа гохонд хүрч гэдэс рүү нь хэд хэд буудлаа. Дээрээс дарсан том хүний хоолойд минь шигдсэн лужир гар суларлаа. Түлхэн унагаж босч иртэл, надтай хамт явсан нөхөд давхиад ирлээ.

Үсээ туг тугаар нь зулгаалгасан, хуйх ч өвдөж, үсээ авахуулан улмаар тагнуулчдынхаа ч үсийг хуссан. Тэр япон офицерын ажиллаж байсан газрын зураг ямар ч амьд хэлээс үнэтэй мэдээлэл байсан юм шүү.

XVIII-XX зуунд бүтээсэн Их эзэн Чингис хааны "Шүтээн хөрөг"-ийг дэлгэв

Posted By Алсын Хараа On In Түүх | No Comments

“Чингис хаан” үндэсний музей, Талын язгууртан сан, Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран зохион байгуулж буй “Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэнг  өнөөдөр нээлээ.

Эрт цагаас Их Монгол Улсыг байгуулагч, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Эзэн Богд Чингис хааныг бурханчлан шүтэж, тусгайлан тахил, сан үйлддэг байсан түүхтэй. Энэхүү үзэсгэлэнд энэ тухай өгүүлэх хангал тахилын эд, эдлэлийн зураг болон судар бичгийг дэлгэн үзүүлж байна.

Ингэхдээ "Чингис хаан" үндэсний музейн 28 дэсийн үзмэр болон Б.Амарсанаагийн хувийн цуглуулгад хадгалагдаж буй 29 ширхэг XVIII-XX зуунд бүтээсэн эд өлгийн үнэт ховор үзмэрийг анх удаа толилуулж буй юм.

Энэ үеэр “Чингис хаан” үндэсний музейн судалгаа сан хөмрөгийн эрхлэгч Г.Бямбарагчаа хэлэхдээ, “Монголчууд Монголын эзэнт гүрнийг үндэслэн байгуулагч Эзэн богд Чингис хааныг эртнээс шүтэн тахиж, дээдэлж ирсэн түүхтэй. Тэр дундаа хамаг бурхдын хүч чадлын мөн чанар болсон Очирваанийн хувилгаан, Дайны тэнгэр (Далха) бурханы дүрээр дүрсэлж жил бүрийн тодорхой сар өдрүүдэд тахилгын зан үйл хийн  судар уншдаг тогтсон дэг байсан. Энэхүү үзэсгэлэнгээр тахилын эд, эдлэлийн зураг болон түүхэн судар бичигт түүнийг хэрхэн яаж дээдэлж ирсэнийг харуулсан олон үзмэрийг дэлгэсэн. Тухайлбал, дэлхийн сан судар гэж бий. Үүнд Чингис хааныг яаж тахиж, шүтэх ёстой вэ гэдгийг тусгайлан дэглэж заасан байдаг. Мөн Манж Чин улсын үед буюу тухайн үеийн Халхын овог аймгийн гол аймаг болох Түшээт хан аймгийн сүм хийдүүдэд хадгалагдаж байсан танка зургийг дэлгэсэн” гэв.

Чингис хааны шүтээн хөргүүдийн ерөнхий дүрслэл нь хоорондоо төстэй ч хамгийн онцлог нь “Дайны тэнгэрийн дүрээр залрах Чингис хааны шүтээн хөрөг” аж. Энэхүү хөргийн оройд хөх тэнгэрт, цагаан үүл дээр заларч буй Очирваань бурхан, тахигдахууны эргэн тойронд нь найман сүлд тэнгэр, нөхөд сэлтээр хүрээлүүлж, тахилын хэсэгт дун, бүрээ, бөмбөр, цан зэрэг хөгжмийн зэмсгээр эгшиг өргөж буй ягшсыг дүрсэлдэг. Харин зүүн баруунд нь таван хошуу мал, арслан, заан, барс, ирвэс тэргүүт хүчтэнг эгнүүлэн, тахилын суурьд төгс эдлэл болсон баатрын хуяг, дуулга, зэр зэвсэг, эд хэрэглэл, идээ ундаа бүгдийг дутуу нь үгүй, бүрэн төгөлдөр жигдрүүлдэг байна. Эдгээр зурагт дүрслэгдэж буй зан үйлийн ерөнхий утга, агуулга нь тахил үйлдэх төгс эд эдлэлийг нэг бүрчлэн бэлтгээд, ариун үнэрт, арц хүжсийн утаа баагиулж, яруу эгшиглэнт заллагын үг дуудан, урин залж, сүлд тэнгэр, нөхөд сэлтийг ханган баясгаад, адислал соёрхлыг нь хүртэж, ахуй үесийн аливаа заслыг бүтээгээд, хий биеэрээ нэгэн хамт байхыг бэлгэддэг байна.

“Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэн есдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжилнэ.