- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Сайд асан Т.Мөнхсайхан ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүүгийн асуудлаар АТГ-т ханджээ

Б.Гарьд

Сар шахмын өмнө “…Н.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн захирлаас чөлөөлсөн сайд Т.Мөнхсайханы тушаалыг шүүх хүчингүй болголоо” хэмээн эх сурвалжууд мэдээлж байв. Тийм явдал болжээ. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны аравдугаар сарын 7-нд “…Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы 2025 оны тавдугаар сарын 2-ны Б/33 дугаар Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан бүх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болго­сугай. Хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй” гэсэн шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хулан нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “…Тус шүүхээс ирүүлсэн Н.Эрдэнэхүүгийн нэхэмж­лэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Үүний дагуу шүүх дээрх хялбаршуулсан журмаар хянаад дээрх шийдвэрийг гаргасан байна. Харин үүнийг Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан эсэргүүцэж Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, мөн АТГ-т гомдол гаргаж ханджээ.
Тэрбээр Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригт 2025 оны арваннэгдүгээр сарын 4-нд хандахдаа “…Энэхүү хэрэгт Эрүүл мэндийн сайдыг бүрэн төлөөлж оролцож буй этгээдийн болох төрийн албан хаагч М.Хулан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй ЭМЯ-ны эрх ашиг, сонирхлыг үл хүндэтгэлээ. Би Эрүүл мэндийн сайд байхдаа Н.Эрдэнэхүүг албаны үүргээ хангалтгүй биелүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, төсөв захиран зарцуулахтай холбоотойгоор төсвийн ерөнхийлөн захирагчаас зөвшөөрөл авалгүйгээр худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэж эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж шийдвэрлэсэн. ХСҮТ-ийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Эрдэнэхүү нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад ороогүй, тусгай шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн адил сонгон шалгаруулалтаар томилогдоогүй, ХСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн статустайгаар тухайн үеийн Эрүүл мэндийн сайдтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн харилцаагаар зохицуулагдаж байсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны үүрэг гүйцэтгэгч юм. Иймд гомдол, мэдээлэлд дурдсан асуудлын дагуу хяналт, шалгалт явуулж, энэхүү хэргийн харьяалал зөрчсөн хөдөлмөрийн ганцаарчилсан маргаантай холбоотой асуудалд анхаарал хандуулж, шүүгчийн захирамжид хуулийг зөв хэрэглэх талаар дүгнэлт, зөвлөмж гаргаж өгнө үү” гэжээ.

Мөн АТГ-т “…Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЭМЯ-ны ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн М.Хулангийн энэхүү үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон энэхүү санаатай үйлдлийн улмаас хэргийг дараагийн шат буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэхүү асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах боломжгүй байдлаар эцэслэн шийдвэрлүүлсэнд харамсаж байна. Энэхүү хэрэг, маргааныг шийдвэрлүүлэхэд хамгийн их нөлөөлсөн этгээд болох Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нь өөрийн хамаарал бүхий этгээд найз, нэг анги, нэг курс, хамт суралцаж байсан Н.Эрдэнэхүүгээ дэмжиж, төрийн жинхэнэ албан хаагчид хууль бусаар нөлөөлж, дарамталсан энэхүү үйлдэл нь төрийн албан хаагчийн хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь дээрх шүүхийн шийдвэр болон цахим орчинд түгээсэн мэдээлэл зэрэг баримтаар нотлогдоно. Иймд төрийн албан хаагч болох М.Хулангийн үйлдэл эс үйлдэхүйтэй холбоотой асуудал, улс төрд нөлөө бүхий этгээд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн энэхүү шүүхийн хэрэг маргаанд өөрийн найз, нэг курст, нэг ангид хамт суралцаж байсан иргэн Н.Эрдэнэхүүд боломж олгож, нөлөөлсөн хууль бус үйлдэл байгаа тул эрх зүйт төртэй улс орны иргэний хувиар нийтийн албан тушаалтуудын хууль бус үйлдэл, давуу байдал бий болгосон асуудлыг шалгаж өгнө үү” гэсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 221 (7718)

Эмч нар энэ сарын 13-наас ажил хаяна

Posted By Алсын Хараа On In Эрүүл мэнд | No Comments

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд өчигдөр орой хэвлэлийн хурал хийж, энэ сарын 13-ны өдрөөс ажил хаяхаар болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Тодруулбал, Монгол Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөл өчигдөр ээлжит бусаар хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан аж. Тэд ярихдаа, “Энэ салбарынхан үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг өмнө нь ч тавьж байсан бөгөөд шийдэлд хүрээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.2 заалтын дагуу хөдөлмөр сонирхлын хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлах болсныг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Гүйцэтгэх зөвлөлийн хурлын тогтоолоо хавсаргаж, Эрүүл мэндийн яаманд өнөөдөр албан бичиг хүргүүлэх юм. Улмаар мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын тав хоногийн дараа буюу энэ сарын 13-наас эмч, ажилтнууд албан ёсоор ажил хаяна.

Томуугийн эсрэг дархлаажуулалт 65.1 хувьтай үргэлжилж байна

Posted By Алсын Хараа On In Эрүүл мэнд | No Comments

Монгол улс сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 1,1 сая хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулжээ.

2025-2026 оны томуугийн улиралд улирлын томуугийн эсрэг 300,000 хүн тун вакцинаар есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дархлаажуулах ажлыг эхлүүлсэн ба аравдугаар сарын 2-ны өдрийн байдлаар хамралтын хувь 65,1 хувь байна.

Дархлаажуулалтын хамралтыг жилээр авч үзвэл, 2022-2023 онд нийт 545,000 тун вакцин хүлээж авч 478,030 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 87.7 хувьтай байжээ. 2023-2024 онд нийт 300,000 тун вакцин хүлээж авч 277,168 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 92.4 хувь байв. Мөн 2024-2025 онд нийт 320,100 тун вакцин хүлээж авч 304,251 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 95.0 хувь хүрсэн байна.

С.Энхболд: Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэхэд ойрхон болсон

Posted By Алсын Хараа On In Эрүүл мэнд | No Comments

ЭМДЕГ-ын дарга асан С.Энхболдтой ярилцлаа.


-Таныг ажлаас чөлөөлсөн гэх мэдээлэл цахим орчинд гарсан байсан. Одоогоор таныг ажлаас чөлөөлсөн гэж Ж.Чинбүрэн сайд албан ёсоор мэдэгдсэн үү?

-Энэ сарын 17-ны өдөр Ж.Чинбүрэн сайд цахимаар мэдэгдэл хийсэн. Энэ үеэрээ ЭМДЕГ-ын дарга С.Энхболдтой хамтарч ажиллахгүй, огцруулж байна гэхэд л анх удаа мэдсэн. Уг нь төрийн алба чинь хууль журамтай, хэн нэгэн сайд нь шууд сошиалаар мэдэгдэл хийгээд огцруулж чөлөөлөөд байдаг зүйл биш байх гэж боддог. Сайд нь намайг огцруулж, чөлөөлөх тухай мэдэгдэл хийснээс хойш 48 цаг Хэрэг эрхлэх газар болон Эрүүл мэндийн яамнаас холбогдох байх гэж хүлээсэн ч нэг ч хүн холбогдоогүй.

Есдүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудлыг танилцуулсан юм билээ. Засгийн газрын хуралд сангийн талаар танилцуулга оруулна гэж өмнө нь надаас болон манай байгууллагаас ямар нэгэн мэдээлэл тайлбар ч аваагүй танилцуулсан байна лээ. Би байгууллага удирдаж байгаа даргын хувьд байгууллагынхаа асуудалд тайлбар, мэдээлэл өгөх үүрэгтэй. Хэвлэлээр яригдсан зарим нэг илт худал мэдээлэлд тодруулга хийх зорилготой есдүгээр сарын 19-ний өдөр би мэдэгдэл хийсэн. Намайг мэдэгдэл хийсний дараа ЭМЯ-наас ажил тарах үеэр холбогдож, танд сонсох үйл ажиллагаа танилцуулъя гэж ярьсан. Тэгээд өнгөрсөн даваа гаригт буюу 22-нд би ажлаа хүлээлгэж өгөөд, чөлөөлөгдсөн.

-Эрүүл мэндийн салбартай холбоотой олон асуудал нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулж байна л даа. Үүнтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын ажлыг та хэрхэн дүгнэх вэ?

-Ж.Чинбүрэн гэдэг хүн Эрүүл мэндийн сайдаар томилогдоод гурван сар буюу 90 хонож байна. Эрүүл мэндийн яамны харьяанд буюу шууд сайдын эрх мэдлийн хүрээнд 20-иод байгууллага байдаг. Түүнээс СЭМҮТ, Геронтологийн төв, ХСҮТ, ХӨСҮТ, УХТЭ-үүдийн дарга нар, мөн яамны газар хэлтсийн дарга нарыг сольсон байна.

Хатуухан хэлэхэд, дарга цэргийг солих хугацаа гарах байлгүй дээ. Энэ мэт салбарт тулгамдсан маш олон асуудлууд байна. Энэ асуудал руу анхаарлаа хандуулж ажиллахгүй бол эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэхэд ойрхон болсон байна. Ийм үед тухайн салбарын сайдын манлайлал хамгийн чухал байдаг. Энэ хүнийг сайн ажиллаж байна уу, муу ажиллаж байна уу гэдгийг хийсэн ажлынх нь үр дүнгээр ард түмэн дүгнэх байх.

Миний хувьд эрүүл мэндийн салбарт байгаа нөхцөл байдлыг ганцхан санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын сан гэж харахаасаа илүү салбарын тогтолцоог эргэж харах хэрэгтэй гэж бодож байна. Үгүй бол үндсэн шалтгаанаа арилгахгүйгээр ямар ч эмчилгээ хийгээд үр дүн гарахгүйтэй адил. Хүний нөөц, эмнэлгүүдийн ор ашиглалт гэх мэт маш олон чиглэлээр гадны байгууллагууд судалгаа шинжилгээ хийгээд дүгнэлт зөвлөмжөө өгчихсөн байгаа. Манай улс дэлхийд 10000 хүнд ногдож байгаа эмчийн тоогоор наймдугаарт, эмнэлгийн орны тоогоор дөрөвдүгээрт ордог улс шүү дээ. Энэ утгаараа манай эмнэлгүүдийн ор ашиглалт 60-хан хувьтай, цаана нь 40 хувийн нөөц байна гэсэн үг. Тэгэхээр бидэнд байшин барилга эхний ээлжинд хэрэггүй байгаа биз. Манай улсын эмч, сувилагч эмнэлгийн ажилчид ур чадвартай, хаана ч очоод ажиллахад гологдоод байдаггүй мундаг боловсон хүчнүүд байдаг. Салбарын хууль эрх зүйн баримт бичгүүд, тусламж үйлчилгээний стандартуудын шинэчлэл, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр гээд маш олон хийх юм байна гэж харж байна.

-Эрүүл мэндийн даатгалын сан хоосорсноос болж эрүүл мэндийн салбар бүхэлдээ доголдох асуудал үүссэн гэх мэдээлэлд тайлбар өгөхгүй юу. Ер нь яагаад санхүүжилт зогссон юм бол?

-Үнэндээ эрүүл мэндийн салбарын бодит байдал хүнд байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлууд иргэдийг маш их бухимдуулж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв хязгаартай, нөгөө талдаа тусламж үйлчилгээ хязгааргүй хэрэгцээтэй учраас бид байгаа төсөвтөө тааруулж тоо хэмжээ тавьж нэн шаардлагатай тусламж үйлчилгээг доголдуулахгүй явуулах зорилгоор хязгаарлалтууд хийсэн. Манай байгууллага жилдээ 2300 гаруй байгууллагатай гэрээ хийж тусламж үйлчилгээ худалдан авч, санхүүжилтийг олгодог. Иргэдийг хамгийн ихээр бухимдуулж буй хэсэг буюу лавлагаа шатлалын гэрээтэй 321 байгууллага дээр л асуудал үүсдэг. Яагаад асуудал байна вэ гэхээр эдгээр байгууллагуудын 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэл 1 их наяд 400 тэрбум төгрөг гарсан. Манай байгууллага энэ жил эдгээр байгууллагуудтай 1 их наяд 180 тэрбум төгрөгөөр гэрээ хийн ажиллаж байна. 200 гаруй тэрбум төгрөгөөр бууруулсан байгаа биз. Бидний хувьд байгаа төсөвтөө багтаах ёстой, төсөв багассан учраас эмнэлгүүдэд тэр хэмжээгээр санхүүжилт буурсан. Эмнэлгүүд батлагдсан санхүүжилтдээ тааруулж ажиллахаас өөр сонголтгүй учраас тоо хэмжээг бууруулсан. Зарим эм тариаг иргэдээр гаднаас авахуулах гэх мэт асуудлууд иргэдийг маш их бухимдуулж байгаа.

Дээрх лавлагаа шатлалын 321 эрүүл мэндийн байгууллагын 85 нь улсын өмчит, 236 нь хувийн хэвшлийн байгууллага байгаа. Иргэд даатгалын мөнгийг хувийн хэвшилд өгөөд хоосруулчихлаа гэж их ярьдаг. Тийм зүйл огт байхгүй. Энэ жилийн хувьд гэхэд даатгалын нийт төсвийн 7 хувь нь буюу 163 тэрбум төгрөгийг хувийн хэвшлийн 236 байгууллагад, 45 хувь буюу 1 их наяд 13 тэрбум төгрөгийг улсын эмнэлэгт хуваарилаад санхүүжилтийг нь олгоод явж байгаа.

-Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог тодорхойгүй хугацаагаар хийхгүй болно гэж эмнэлгүүд мэдэгдэл гаргасан байсан. Үүнд иргэдийн хувьд шүүмжлэлтэй хандаж байгаа шүү дээ. Энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ?

-Энэ оны долдугаар сард төсвийн тодотголоор Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс 51.4 тэрбум төгрөг хасаж, бууруулж баталсан. Өнгөрсөн наймдугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдлыг ЭМДҮЗ танилцуулсан. Эрт илрүүлэг түр хугацаагаар зогсоох чиглэл яамнаас ирсэн. Үүний дагуу манай байгууллага гэрээт байгууллагууд руу мэдэгдэл хүргүүлж, аравдугаар сарын 1-нээс зогсоож байгаа. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоог зогсоосон нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, аравдугаар сараас цааш санхүүжүүлэх төсөв хасагдсан. Хоёрдугаарт, 2022 оны тавдугаар сараас хойш урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоонд Монгол Улсын 1 сая 700 мянган хүн буюу нийт хүн амын 50.6 хувь нь хамрагдаж, өвчлөлийн маш том дататай болсон. Цаашид ямар эмгэг илүү илэрсэн тэр сегмент рүү чиглэсэн байдлаар ажил хийхээр ажлын хэсэг гараад ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд хийсэн эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд маш үр дүнгүүд гарсан. Нэг жишээ дурдахад, 2021 онд хорт хавдрын эрт үеийн оношилгоо 25 хувь байсан бол 2024 онд 36.3 хувь болж нэмэгдсэн. Хожуу үедээ оношлогдох хувь 75 байсан бол 2024 онд 63.7 хувь болж буурсан байна. Гурван жилийн хугацаанд 11.3 хувийн өөрчлөлт гэдэг маш том амжилт гэж харж байгаа. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг хэвийн үргэлжилнэ.

-Ер нь эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа асуудлуудыг яаж шийдэх вэ?

-Ер нь эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа асуудлын гол шалтгаан нь тогтолцоондоо байна. Тогтолцоо гээд байгаа нь засаглал, санхүүжилт, хүний нөөцийн бодлого. Энэ олон асуудлыг цэгцлэх, шинэчлэх тийм үе ирсэн байна. Энэ бүгдийг үе шаттайгаар шийдэж байж иргэдийн авах тусламж үйлчилгээ хүртээмжтэй, чанартай болно. Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ үндсэн хоёр чиглэлээр явагдах ёстой. Нэгдүгээрт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хоёрдугаарт, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ байдаг. Манай улсын хувьд нийгмийн эрүүл мэндийн тусламжаа илүү сайжруулж, иргэд рүү чиглэсэн эрүүл боловсрол олгох ажлуудыг цогцоор нь хийх хэрэгтэй байна.

Г.БАЛГАРМАА

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13481 болжээ

Posted By Алсын Хараа On In Эрүүл мэнд | No Comments

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 17-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13481 болжээ.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13476, гэрээр эмчлүүлж буй 3, эмнэлэгт 1  , нас барсан 11 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5050 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3097, 5-9 насны 1736 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

Posted By Алсын Хараа On In Эрүүл мэнд | No Comments
Т.САЙХАН

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлж буй сайдын тушаалыг Эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын хэсэг  түүнд танилцуулжээ. Улмаар ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томилсон талаар ЭМЯ мэдээллээ. Тэрээр тэргүүлэх зэрэгтэй хавдар судлаач эмч, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч  бөгөөд ЭМЯ-ны Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга,  Япон улсын Айчигийн АУИС-д Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан, Япон улсын  Айчи Анагаах ухааны их сургуульд хоол боловсруулах мэс заслын тэнхим мэс заслын эмч, гадаад судлаачаар ажиллаж байсан туршлагатай аж.  Мөн  2016-2025 Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС, 2016-2021 Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ, 2017-2022 Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүнээр ажиллаж байсан юм.

Г.Оюун: В вирусний вакцин хийлгэснээр 15-20 жил элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой

Posted By Алсын Хараа On In Эрүүл мэнд | No Comments

Монгол Улсын гавьяат эмч Г.Оюунтай уулзаж, элэгний хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөөг нь сонслоо. “Халдварын Оюун” нэрээр Увсдаа танигдсан тэрбээр өндөр насны тэтгэвэртээ суусан ч “Гэгээн булаг” эмнэлэгт ажиллаж, ард олныхоо эрүүл мэндийн манаанд зогссоор байна.

-Элэгний хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Манай аймаг элэгний хавдрын өвчлөлөөр улсдаа нэгдүгээрт явдаг. Энэ нь ямар учиртай вэ гэвэл нэг удаагийн тариурт манай аймаг их хожуу шилжсэн. Дээр үеийн буцалгадаг тариур маань элэгний В, С вирусийг түмэнд тараачихсан. В вирустэй 10 хүний зургаа нь D вирустэй байна.

Одоо элгээ солиулж буй, тайруулж, боолгож байгаа хүмүүс бүгд D вирустэй. Нэг ёсондоо D вирусийг идэж ууж амьдардаг дельта вирус байгаа бөгөөд энэ нь хавдрыг үүсгэдэг.

Элэгний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд В вирусээ үзүүлээд хэрвээ байвал тоолуулаад эм уух, В вирусгүй бол вакцин тариулах гэсэн хоёр л арга зам бий. Манай аймагт 2015 онд 175 хүн элэгний хавдраар өвчлөөд 76 нь нас барж байсан бол 2024 онд 49 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс нас баралт 6 байна.

Хүмүүс В-гийн шинжилгээ өгөөд вакцин тариулах, цаг хугацаандаа эм ууж хатуурал, хавдраас хамгаалдаг болж байна. Жишээ нь надад тогтмол үзүүлдэг 3217 хүн байгаа бөгөөд бүгд В, С вирусний эсрэг эм ууж байна. Хэрвээ энэ хүмүүс эм уугаагүй бол, анагаах ухаанд ийм эм гарч ирээгүйсэн бол энэ хүмүүсийн 100-ны 50 хувь нь элэгний хавдар, хатууралтай болох байсан гэж би үздэг. Иймд иргэд В вирусээ үзүүлж, вакцинаа заавал хийлгээрэй.

-Вакцин үнэхээр үр дүнтэй бол хэдий насны хүн хийлгэх вэ?

-Манай монголчууд урт насалдаг болжээ. Одоо 50, 60-тай хүн ч вакцин хийлгэж байна. В-гийн вакцин хийлгэснээр 15-20 жил элэгний өвчлөлөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой.

Монгол оронд анх 1992 онд В-гийн вакцин хэрэглэсэн. Манай аймгийн хувьд би Халдвартын төвийн захирал байхдаа 1993 онд энэ вакциныг нэвтрүүлж байсан. 2012 онд аймгийн Эрүүл мэндийн газрын Халдвартын ерөнхий мэргэжилтэн, халдвар судлагч байхдаа А-гийн вакцин иргэдэд хийлгэж байсан. Сүүлийн 10 жил манай аймагт А-гийн өвчлөл гараагүй. В-гийн өвчлөл энд тэндээс ирсэн ганц нэг хүнээс гарсан байх. Энэ бүхэн вакцины үр дүн юм.

-В, С вирусгүй хүмүүс элэгний хавдраас өөрийгөө насан туршдаа яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Модны бохь тогтмол зажлах хэрэгтэй. Орой бүр аяга таваг, халбага сэрээгээ буцалж буй халуун усанд хийж ариутгах хэрэгтэй. Мөн хааяадаа нэг аяга усанд чимх хүнсний сод хийгээд ууж хэвших хэрэгтэй. Энэ гурван зөвлөгөөг дагаад явахад В, С вирусний халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах бүрэн боломжтой.

П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

Posted By Алсын Хараа On In Эрүүл мэнд | No Comments

Төмөрбаатарын БАТСАЙХАН

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор “Сэтгэлийн хүчээ мэдэр” эдгэрлийн сургалтын төвийн захирал, көүч багш Жаргаа буюу П.Баяржаргалыг урьж, ярилцлаа.

“Дан ганц анагаахын шинжлэх ухаанаар яваад хорт хавдар эдгэхгүй”

-Таныг их олон хүн зорьж ирэх юм.  Тэдний олонх нь амьдралын ямар нэг асуудалтай. Хүнд, эдгэршгүй өвчний онош сонссон, магадгүй зарим нь яах учраа мэдэхгүй болоод тань дээр ирдэг байх. Харин та тэдгээр хүмүүсийг тайвшруулж, ямар нэгэн гарц гаргалгааг хэлж, зааж  өгдөг.   Эдгэршгүй өвчнийг эдгээсэн байх юм. Ер нь П.Баяржаргал гэж хэн бэ. Таны ямар өгөгдөл хүмүүст хүлээн зөвшөөрөгдөөд байна вэ.  Энэ талаар яриагаа эхэлье?

- Би жирийн нэг эгэл монгол хүн шүү дээ. Эдгэрлийн сургалт явуулж байна.  Тэндээс маань маш их үр дүн гарч, хүмүүс эдгэрч байгаа учраас бараг л тэнгэр дээрээс буугаад ирчихсэн мэтээр зарим хүн боддог.  Би Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн.  Миний аав Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул.  Ээж минь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумынх.  Харин би Дундговийн Дэлгэрхангай, Өвөрхангайн Нарийнтээл сумын дунд нь орших Баянгол суманд төрсөн хүн. Миний аав малын эмч байсан. Бага нас минь Баянгол сумын Онгийн голын хөвөөн дээр малын захад өнгөрсөн дөө. Тухайн цаг үед малыг улсын өмч болгож, сум бүрд нэгдэл байгуулж, малын эмч нарыг томилон ажиллуулдаг байлаа. Аав минь илгээлт авч, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд очиж, ажиллаж байхдаа ээжтэй минь танилцсан гэдэг. Тэгээд хоёр нутгийнхаа яг дунд нь болох Баянгол суманд амьдралаа зохиож, есөн хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэн эгэл жилийн сайхан гэр бүл байсан юм.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ.  Амьдралын сонирхолтой ч гэмээр зам мөрийг дагах болсон шалтаг, шалтгаан нь юу байв?

-Есөн хүүхэдтэй айлын найм дахь нь би. Намайг 12 настай байхад аав минь бурхны орныг зорьсон.  Ингээд ээж минь “Нутгаа бараадъя” гээд манайх Дундговь аймгийн Дэлгэрхангай сум руу нүүж байлаа.  Аавыгаа алдахаараа хүний дотор хоосроод их сонин болчихдог юм билээ.  Хүүхэд байсан болохоор гэж хэлж болохгүй, би тэр цаг хугацааг их хэцүү үдэж байжээ. Аав минь байхгүй, бас огт танихгүй нутаг оронд нүүж ирээд, сумын төв дээр ээж минь намайг айлд суулгаад, удалгүй сургуулийнхаа дотуур байранд орсон.  Дараа нь гэр бүлээрээ хотод ирж суурьших гэж нэлээд зовлон үзсэн. Аавгүй амьдрал надад их хэцүү хатуу санагдаж, дасаж өгөхгүй санаж гансарсан байдалтай их удсан.  Тэр үеэс л би хүн ер нь яавал аз жаргалтай болдог юм. Тэр нууцыг олъё гэж бодож, ном уншиж эхэлсэн. Эргээд харахад өнөөдрийн миний хийж байгаа үйлсийн эхлэл тэнд тавигджээ гэж боддог. Би тэр үеэс хувь хүний хөгжлийн хоббитой болсон. Яаж, хэрхэн аз жаргалд хүрэх вэ, өөрийгөө хөгжүүлэх вэ, зорилгодоо яаж очих юм бэ, амжилтад хүрсэн хүмүүсийн нууц нь юу вэ гээд уншаагүй ном надад бараг байхгүй. Мөн энэ чиглэлийн сургалтуудад их суудаг болсон. Өөрөөр хэлбэл, би аавыгаа алдаад ер нь хүн өөрөө өөртэйгөө л ажиллах хэрэгтэй юм байна  гэдгийг ойлгож ухаарсан. Дараа нь 2012 онд ээж минь савны хорт хавдраар өвчилсөн. Ээжийгээ эдгээх гэж яваагүй газар бараг байхгүй, маш их явсан. Ингэж явахад өмнө нь миний өөрөө өөртэйгөө, хувь хүнтэй ажиллаж байсан он жилүүдийн туршлага их хэрэг болсон доо.  Ер нь хувь хүний үзэл санаа  хорт хавдар хоёр хоорондоо их холбоотой.  Яагаад гэхээр дан ганц анагаахын шинжлэх ухаанаар яваад хорт хавдар эдгэхгүй.  Зургаан сар наслах байсан бол нэг жил насалж болох үр дүн гарна уу гэхээс эдгэрэх тухай ойлголт бүрхэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 66 (7563)

Хоёр хүүхэд тутмын нэг нь эхийн сүүгээр дагнан хооллож байна

Posted By Алсын Хараа On In Эрүүл мэнд | No Comments

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн байдлаар гурван хүүхэд тутмын нэг нь төрснөөс хойш нэг цагийн дотор ангир уургаа амлаж чаддаггүй байна.

Тодруулбал, нийгмийн үзүүлэлтийн 2023 оны түүвэр судалгаагаар нярай хүүхэд төрснөөсөө хойш нэг цагийн дотор ангир уургаа амлаж чадаагүй үзүүлэлт хотод хөдөөнийхөөс 9 нэгж хувиар бага гарчээ.

Мөн 0-5 сартай хоёр хүүхэд тутмын нэг нь эхийн сүүгээр дагнан хооллож байна. Зохистой байдлаар хооллож буй 6-23 сартай хүүхдийн хувь өмнөх судалгаануудынхтай харьцуулахад багасжээ. Тухайлбал 2023 оны судалгаагаар зохистой байдлаар хооллодог 6-23 сартай хүүхэд хөдөөд 16 хувь байгаа нь хотынхоос 1.8 дахин бага үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Тус судалгаагаар нярай болон бага насны хүүхдийн хооллолтын талаарх мэдээлэл цуглуулдаг байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан, ДЭМБ-аас нярай хүүхдийг төрснөөс нь хойш 1 цагийн дотор амлуулах, 0-6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох, 0-2 нас хүртэл, түүнээс цааш үргэлжлүүлэн хөхүүлэх, мөн нярай, бага насны хүүхдийг ялангуяа 0-2 нас хүртэл нь зөв зохистой хооллосноор эсэн мэнд амьдрах боломжийг нэмж, өсөлт хөгжлийг нь дэмждэгийг ДЭМБ зөвлөдөг аж.

О.Сэргэлэн: 17 хүнд тархины үхэлтэй донороос элэг шилжүүлсэн, 430 гаруйд нь амьгүй донор олдохгүй байна

Posted By Алсын Хараа On In Онцлох,Эрүүл мэнд | No Comments

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эртхэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Эртхэн суулгах үйл ажиллагаа нь дэлхийд хөгжөөд 40, манай улсад 20 жил орчим болж байна. Үүнээс сүүлийн 10 жилд нь эрчимтэй хөгжсөнийг онцлох нь зүйн хэрэг. Монгол шиг эдийн засгийн хувьд хязгаарлагдмал улсад ийм өндөр технологийг нутагшуулна гэдэг тун бэрхшээлтэй ажил гэдгийг эмч нар ярьж байна. Тэгвэл монгол эмч нар энэхүү эмчилгээг хамт олноороо тууштай ажилласны хүчинд нутагшуулж чаджээ.

Энэ талаар Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч О.Сэргэлэн ярихдаа, “УНТЭ-ийн дэргэдэх элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 306 хүнд элэг шилжүүлэн суулгасан. Үүнээс 17 нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгажээ. Энэ нь нийт мэс заслын ердөө таван хувь юм. ДЭМБ-аас амьгүй донороос элэг шилжүүлэн суулгавал нэг ч хүний эд эрхтэнийг хөндөхгүй байх чиглэлийг өгдөг. Гэтэл монгол хүний ёс заншил, сэтгэхүй, мэдээлэл гэх мэт олон шалтгаанаас амьгүй донорын олдоц тааруу байна. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах албыг 2018 онд байгуулсан. Амьгүй донорын олдоцыг нэмэгдүүлэх, ертөнцийн мөнх бусыг үзэж буй хүн буян хийгээд бусдадаа эрхтэнээ хандивлах энэхүү үйл ажиллагааг зохицуулах гэж энэ албыг бий болгосон. Энэ албыг байгуулснаас хойш талийгаач болсон 270 гаруй хүний ар гэрт санал тавихад 31 хүнийх л тархины үхэлтэй донор болохыг зөвшөөрсөн. Элэг шилжүүлэн суулгасан багт элэгний үйл ажиллагаа нь эргэшгүй өөрчлөлтөд орсон 430 гаруй хүнд амьгүй донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад байж байна. П.Батчулуун эмчийг буруутгаснаас хойш амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогссон” гэв.

Ташрамд дурдахад, Донорын тухай хуульд өнгөрсөн 2022 онд өөрчлөлт оруулахдаа тархины үхэлтэй донорын ар гэрт оршуулгын хоёр сая төгрөгийн зардал дээр нэмж, гурван сая төгрөг өгнө гэсэн заалт оруулсан аж.