Улсын Их хурлын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр/өчигдөр/ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон харьяа газрынх нь зарим удирдлагыг чөлөөллөө. Энэ салбарын сайд асан УИХ-ын гишүүний хувьд ямар байр суурьтай хандаж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулиараа кабинетын зарчмаар ажилладаг. Энэ зарчмыг 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ч нэлээд сайн бататгаж өгсөн. Тийм учраас Ерөнхий сайд кабинетдаа хэнийг урих, гаргах нь тэр хүний бүрэн эрхийн асуудал. Яагаад гэхээр Ерөнхий сайд УИХ-ын өмнө хуулийн биелэлтийг хариуцаж, ажлаа тайлагнадаг. УИХ-аас томилогдож, чөлөөлөгдөнө. Харин салбарын сайд нар нь Ерөнхий сайдынхаа өмнө ажлаа хариуцна. Тэгэхээр Ерөнхий сайд аль салбарыг хэнд атгуулах уу, ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг нь бүрэн эрхийнх нь асуудал гэж хэлээд байгаа юм.
-Хэдийгээр тийм ч гэлээ өнөөгийн улс төрд үүсээд байгаа гол асуудал нь юу байна вэ?
-Хуулийн салбарт яригдаж байгаа ярианууд, энэ намын дотоод хэрүүл, Засгийн газрын дотоод маргаан төдий биш байна. Одоо төр, УИХ ажлаа хийх ёстой. Энэ улстөрчид, эрх баригч намын хоёр хуваагдсан бүлэглэл хэзээ ч асуудлаа мухарлахгүй юм байна. Муудалцахаараа бөөн гэмт хэрэг ярьдаг. Сайндахаараа түүнийгээ мартаад тэврэлдчихдэг. Ард нь хариуцлага байдаггүй. Хууль хаана, амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болчихлоо. Тийм учраас УИХ одоо бүтцээрээ ажиллах ёстой.
-Тэгвэл энэ асуудлуудыг мухарлахын тулд УИХ хуулийн хүрээнд хэрхэн ажиллах ёстой юм бэ?
-Хууль зүйн байнгын хороон дээр Хууль сахиулахын тусгай хяналтын дэд хороо байгуулагдсан. Дэлхий нийтээрээ парламентын хамгийн хүчтэй хяналтын хэрэгсэл бол энэ. Үүнийг байгуулахгүй гэж МАН, нэр бүхий хүмүүс өчнөөн олон удаа эсэргүүцсэн. Гацааж, гацааж байгаад арай гэж батлагдсан ч хуулийнх нь үйлчлэх хугацааг жилээр хойш нь татсан. Ингээд ноднин жилийн тавдугаар сарын 1-нээс хууль үйлчлээд эхэлсэн. Гэтэл энэ Тусгай хяналтын дэд хороог одоо хүртэл байгуулаагүй. Тиймээс энэ хороог ажилд нь оруулах ёстой. Тэгж байж энэ гүйцэтгэх ажлууд хууль бусаар явж байна уу гэдгийг тогтооно. Яагаад гэхээр УИХ хуулийн биелэлтийг хангуулахын тулд хэрэгжилтэд бүрэн хяналт тавина.
УИХ-аас баталсан хуулиас давсан үйл ажиллагааг Засгийн газрын агентлагууд явуулаад байгаа юм уу. Сайд нар нь хэрэгжүүлээд байна уу гэдгийг энэ хяналтын механизмуудаараа баримттай гаргаж ирнэ. Одоо бол ард иргэд бүү хэл хууль тогтоогчид хэн нь худлаа яриад байгааг мэдэхээ больчихлоо. Ингээд харсан чинь Монгол Улсын дотоод аюулгүй байдал алга болчихсон байна. Хууль сахиулах байгууллагын толгойд энэ мэргэжил, салбартаа тууштай, тангараг өргөсөн хүн гэхээсээ илүүтэй генералын мөрдөс горьдсон “Царцаанууд” үсэрдэг болчихлоо. Тэгээд тэр саатай мөрдсийнхөө төлөөсөнд хуулийн салбарыг нулимдаг, унагаадаг болж эхэллээ. Тэртээ 1990 оны Үндсэн хуулийн хамгийн том өөрчлөлт чинь Монгол Улс хагас цэргийн дэглэмээс салах, ардчилсан улс болох гэж оролдсон явдал. Гарын алга, гадар хоёр шиг гадаад аюулгүй байдлыг батлах хамгаалах бодлого, цэрэг армиар шийддэг. Дотоод аюулгүй байдлыг бид хууль сахиулах байгууллага, шүүхийн хууль дээдлэх зарчмаар хангадаг.
-Энэ бүхэн одоо хангагдахгүй байна гэж харж байна уу?
-Бид энэ гадаад, дотоод аюулгүй байдлыг хольж хутгаад, дотоод аюулгүй байдал дээр ажиллах ёстой агентуудад батлан хамгаалахын цол зэрэг өгөөд, цэргийн байгууллага болгож хувиргаснаасаа болоод нөгөө “Ногоон малгайтнуудын үе” шиг цэрэгжсэн формтой болчихлоо. Тэд нь одоо дахиад хядлага, үймээн, хууль бус, гажуу завхралын үүд хаалга болж байна. Яагаад хууль биш хүн засаглах хүртлээ галзуураад хэнд мөнгө, эрх мэдэл байна гэхээр нөгөө “Хөрөнгөжсөн хурандаа нар” гэж ярьдаг шиг “Улстөржсөн, мөнгөжсөн генералууд” гэдэг нэр рүү орох гэж байна. Армийн генералууд хэзээ ч ийм ажил хийдэггүй байхгүй юу. Тэгвэл ямар генералууд ийм ажил хийж байгааг харах цаг болсон. Үүн дээр бодлогын том өөрчлөлт ярих ёстой. Дээр нь МАН-ынхнаас үнэнийг тодруулна гэж байхгүй юм байна. Зүгээр л парламент хяналтын механизмаа ажиллуулаад мэдээллийг нь авч, сонсголоо зохион байгуулаад явах цаг нь болсон байна. Хариуцлага тооцох цаг ч болсон байна. Энэ бол энгийн жишээ шүү, би тэвчээртэй сонсож байгаад сүүлдээ агзасхийж байгаа юм.
-Юун дээр тэр вэ?
-Парламентын гишүүн ард түмний төлөөлөгчийнхөө хувьд төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг татвар төлөгч нарт ил нээлттэйгээр зарлаж, хэлэлцүүлж, тэдний мөнгийг юунд зарцуулах гэж байгааг мэдээлэх үүрэгтэй. Гэтэл энэ ажлаа хийснийхээ төлөө Засгийн газрын гишүүнээр доромжлуулаад сууж байна. Сүүлдээ гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар парламентыг яаж ажиллахыг, парламентын гишүүнийг юу хийхийг заах гэж оролдлоо. Уг нь бол УИХ-ын өмнө ажил хариуцаж байгаа Засгийн газрын бүтэц шүү дээ. Ерөнхий сайддаа л тайлангаа тавьдаг юм байгаа биз. УИХ-ын гишүүнийг яаж ажиллахыг зааж болохгүй.
-Таны хэлээд байгаа парламентын хяналтын механизмыг ажиллуулах боломж бололцоо байна уу?
-Хангалттай байгаа. Ямар өмнөх шиг 9-10-хан суудалтай сөрөг хүчин байгаа биш. Бид энэ парламентад 42 суудалтай. Өмнөх шиг бүх эрх мэдэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаж аваад, дохиураараа ажиллуулдаг цорын ганц эрх баригч байгаа биш. Энд чинь олон ургалч үзэл бодлоо илэрхийлдэг мэргэжилдээ үнэнч сэтгүүлчид байна. Олон нийт ч гэсэн ганц хэвлэлийн хуудас, сошиалаар аливааг харахаа больж хэрсүүжсэн. Тэгэхээр шударга, асуудлыг бодитой баримттай ярилцах боломж байна. Хайран 2.5 жил, би одоо үнэхээр харамсаж байгаа. Бодлого ярьдаг, улс орны ирээдүйн төлөвлөлтийг хэлэлцдэг байх ёстой уураг тархи нь зүгээр л гэмт хэрэг, хулгай луйвар, хов жив, улс төрийн хийрхлээр тэжээгддэг уураг тархи болж хувирлаа.
-УИХ-ын гишүүний хувиар, эсвэл АН-ын бүлгээс энэ парламентын хяналтын механизмыг ажиллуул гэсэн шаардлагыг УИХ-ын даргад тавьж болох уу. Тийм боломж хуулиар бий юу?
-Тавиад явж байгаа. Өнөөдөр/өчигдөр/ ч гэсэн би тавих гээд байж байна. Ийм нөхцөл байдлаас гарах арга зам чинь парламентын хяналтыг сайжруулах, иргэдийг мэдээлэлжүүлэх, хуулийг дээдлэх юм. Үүний тулд л парламенттай холбоотой хуулиудыг жил хагасын турш шахаж, шаардаж байж заримыг нь батлуулсан. Тусгай хяналтын дэд хороог яах гэж байгуулсан юм. Түрүүнд ярьдаг гарын алга, гадар гэсэн л зарчим. Гадар буюу батлан хамгаалах, тагнуултай холбоотой үйл ажиллагаа нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, дотоод аюулгүй байдал буюу хууль сахиулах чиглэлийн ажил нь Хууль зүйн байнгын хороонд харьяалагдана. Гэтэл үүнийг хийхгүй явсан 30 жилд бүх зүйлээ тавиад туучихсан. Хамгийн аймшигтай, бид яах аргагүй асуудал болгож ярилцах ёстой зүйл нь юу гэхээр төрийн шийдвэр маань албан ёсныхоо бүтцээр гарч байна уу. Эсвэл нэг удганы арын өрөөнд гарч байна уу гэдэг асуудал. Энэ бол маш ноцтой. Ардчилсан улсад иргэд албан тушаалтанд итгэж эрх мэдэл өгдөг болохоос биш түүний мухар сүсэгт итгэж эрх мэдэл шилжүүлдэггүй. Гэтэл энэ төр засаг шинжлэх ухаан, баримт факт, мэдээлэл судалгаанаас хол байгаагийн шалтгаан нь ийм мухар сүсэгт тархиа идүүлсэн албан тушаалтнууд төрийн нэрээр удган бөө нарт Монгол Улсын шийдвэрийг гардуулж өгсөн байна. Саяны энэ хэрүүл тэмцэл дотор ямар аймшигтай ужгирсан, Монгол Улсын Үндсэн хуулийн дэг журам, үзэл санаа, төрийн байгуулалтыг үгүй хийсэн, суурь шинжтэй алдаанууд байна шүү дээ. Бид алдаануудыг нэн даруй засахгүй бол нэг удганаар дамжаад Монголын Үндэсний аюулгүй байдал, төрийн нууц, Монгол Улсын суурь эрх ашиг гадныхны атганд орох нь гэдэг нь тодорхой байна. Бараг очдог удган, лам нартаа барьцаалагдсан нөхөд төр болж тоглоод байгаа юм биш үү. Ийм хэмжээний зүйлүүд харагдаж байна.
-АН-аас Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ир гэж шаардсан. Гэвч үүнийг зарим улстөрч Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдах гэсэн зүйл хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл танай бүлгийн энэ шаардлага ямар нэгэн байдлаар хууль зөрчиж байгаа эсэх дээр тайлбар хэлнэ үү?
-Хууль зөрчих зүйл юу ч байхгүй. Энэ бол улс төрийн шахалт байхгүй юу. Гэхдээ улс төрийн шахалт хийхдээ асуудлынхаа углуургыг харж сурах ёстой. УИХ-аар дамжуулаад, ардчиллынхаа зарчмаар иргэд, сонгогчдын итгэлийг Ерөнхий сайд даах уу, үгүй юу л гэдэг асуулт. Ийм асуултыг хоёр янзаар тавьдаг. Нэгдүгээрт, УИХ-ын 32 гишүүн гарын үсгээ зураад тухайн хүнийг парламентын мандаттай Ерөнхий сайдын албан тушаалд ажиллуулах шаардлагагүй гэж үзэж өргөн барьж болно. Хоёрдугаарт, Ерөнхий сайд өөрөө итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д оруулж ирэх юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын дэвшүүлсэн бодлого, эсвэл ирэх жил улс орныг ингэж авч явна гэсэн төсөв хоёр дээр нь УИХ-аас үүнийг дэмжихгүй, буруу байна гэж үзэж болно. Ингэвэл Ерөнхий сайд өөрөөрөө дэнчин тавиад надад итгэж байна уу, үгүй юу гэдгээ асууна гэсэн үг. Ийм л зарчимтай юм. Ерөнхий сайд итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д тавихын тулд факт хэрэгтэй. Одоо бол Ерөнхий сайд төсвийн тодотгол болон ирэх оны төсвөө өргөн барьчихсан байна. Яг үүн дээр нь хамгийн их хэрүүл өрнөж байгаа. Өргөн барьсан тодотгол, төсөвт нь УИХ итгэхгүй байгаа юм биш үү гэсэн яриа, өгүүлэл маш хүчтэй гарч байна. Тийм учраас АН-аас итгэл үзүүлэх асуудлаа оруулахгүй бол та нарын буруу бодлого, гөжүүд улс төрийн дотоод тэмцлээс болж Монгол Улсын Үндсэн хуулийн байгуулал хямрах нь байна шүү гэж хэлээд байна. Тэгэхээр одоо Ардчилсан намын ярьж байгаа факт бол төсөвтэй холбоотой асуудлууд байгаа юм.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
"Өдрийн сонин"
/2026.09.17/
Х.Нямбаатараас хотын намаа салгах гэсэн улс төр МАН-ын хуваагдлыг улам өрдөнө
Posted By
Алсын Хараа
On
In
Алсын хараа - 2050 |
No Comments
МАН-ын намрын улс төр хотын намаа Х.Нямбаатараас салгахаар эхэлж магадгүй байна. Сошиалаар элдэв хатгасан постууд цацан хүмүүс яаж хүлээж авахыг нь тандаж байгаагаас энэ бүхэн ил. Тэд ажил хийж байсан хүнийг “ажил хийх гэлээ” гэж элдэв бусаар хэлж байгаад хотын даргаас нь мулталсан. Ороогүй юм байхгүй адалсан даа. Өөрсдөө үр хүүхэдгүй юм шиг үр хүүхдээр нь хүртэл оролдсон.
Гэхдээ нэг ийм тогтсон стандарт энэ намд байдаг юм шиг байна. Тэр нь албан тушаалыг нь авах гэсэн гишүүдийнхээ хамгийн ойр дотнын хүнийг нь гутаадаг. Ингээд хэлэх үггүй болгож аваад юу дуртайгаа хийдэг бололтой. Намын суртал ухуулга Хотын намын даргаас Х.Нямбаатарыг салгавал хот жаргалын манлайд хүрэх юм гэсэн суртал явж эхэлсэн.
Гэвч хотын намын гишүүд үүнд үнэмшихгүй нь дийлэнх байгаа гэнэ. Сая хотын даргаас шууд Ерөнхий сайдын захирамжаар “хуссан”. Хотын ИТХ яаж ч чадаагүй. Хууль нь тийм учраас. Харин хотын нам бол гишүүд нь сонгож гаргадаг учраас бас үзээтэй гэж харж байгаа биз. Тэд хотын намын даргаа дэмжсэн нь дийлэнх гэсэн сураг байгаа. Хэдийгээр бүлэглэн багцалж, сошиалаар элдвээр дайрч байгаа ч гэсэн хотын намын гишүүд ийм юмаар хөдлөх нь юу л бол. Хэрэв хүчээр Х.Нямбаатарыг хотын намын хорооны даргаас авч хаявал МАН-ын хуваагдал хуурай өвсөнд чүдэнз зураад тавьчихсан мэт дүрэлзээд явчих болов уу. Намаа хуваая гэвэл Х.Нямбаатарыг оролдох нь зөв юм даа гэж улс төр шинжээчид ярьж байгаа нь үнэний ортой болов уу. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын албан тушаалыг булааж авснаараа энэ нам дундуураа цуу үсэрсэн нь нууц биш. Одоо тэгвэл Х.Нямбаатарыг хотын намаас авч хаявал МАН-ын хуваагдлыг улам л өрдөх байлгүй.
Ө.ТӨР
"Өдрийн сонин"
/2026.08.19/
“Нутаг заагдсан” С.Зориг
Posted By
Алсын Хараа
On
In
Алсын хараа - 2050 |
No Comments
Б.Гарьд
С.Зориг агсны хөшөө Төв шуудангийн өмнөх, нэгэн цагт АН-ын төв байр хэмээгдэж явсан байрны хойдох сууринаасаа 2026 оны долдугаар сарын 29-30-нд шилжих шөнө алга болов. АН-ынхан наймдугаар сарын 1-нд гэнэт мэдэв. Нийгмийн сүлжээгээр шуугиулав. Нийтээрээ хайв. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ч хайлцав. Эрлийн эцэст, МоАХ-ны хашаанд байрлуулсныг олов. Гэтэл үүний цаад учир нь, “Голомт”-ын Д.Баясгалангийн эзэмшлийн “Ардчиллын өргөө” ХХК-ийн газрыг чөлөөлж, С.Зориг агсны хөшөөг УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн “Монголын ардчилсан холбоо” НҮТББ-ын хашаанд “нутаг зааж” нууцаар шилжүүлсэн байгаа юм. Д.Баясгалан тус газар дээр “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор” гэх зориулалт бүхий тауэр барихаар болж, хэдэн жил хүлээж байгаа юм. Учир нь, тауэр барих гэтэл С.Зориг агсны хөшөө саад болж, лав гурван жилийн өмнөөс тус хөшөөг өөр тийш шилжүүлэхээр оролдож эхэлсэн байдаг.
Энд ихээхэн сонин бөгөөд орооцолсон явдал их бий.
Нэгдүгээрт, нийслэлийн төвд, түмний нүдэн дээр байдаг С.Зориг агсны хөшөөг шөнө дөлөөр авч явахад нь хэн ч мэдээгүй юу. Хөшөө өөр газарт байршсан гурав хоногт яагаад хэн ч юу ч яриагүй вэ. Гэтэл С.Зориг агсны хөшөөг 37 насны насных нь ойгоор уран барималч Б.Дэнзэнгийн загвараар бүтээж 1999 оны дөрөвдүгээр сарын 20-нд Төв шуудангийн урд талбайд албан ёсоор нээж байв. С.Зориг нь Монголын ардчиллын эцэг гэдгээрээ түүний хөшөө Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар хамгаалагддаг
Мөн, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар хамгаалалтад авагдаж, нийслэлийн өмчид хамаардаг болсон. Өөрөөр хэлбэл, уг хөшөөг Нийслэлийн Засаг даргын зөвшөөрлөөр л “хөдөлгөх” ёстой. Бас, Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны шийдвэрээр С.Зориг агсны хөшөөг соёлын өвд бүртгэж, хамгаалалтад авсан. Тиймээс, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38.1.3-т хуульд зааснаас бусад тохиолдолд нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг өмчлөгчийн шийдвэргүйгээр өөр байгууллага, орчинд шилжүүлэн хадгалах, зөөж тээвэрлэх, хөдөлгөхийг хориглохоор заажээ. Тэр утгаараа, хөшөө “хөдөлсөн” асуудалд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хоёр эрт, орой хэзээ нэгэн цагт хариу тайлбар хийх учиртай болно.
С.Зориг агсны хөшөө байрладаг газрын тухайд 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Засгийн газраас ардчиллын гол гурван хөдөлгөөнд тус бүр нэг байр олгосон. МоАХ-нд өдгөө Х.Баттулгын эзэмшилд очсон гэх Ардчиллын ордон, Ардчилсан социалист хөдөлгөөнийхэнд Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байрлах “хүзүүвч”-ийг, Шинэ дэвшилт холбоо болон тэндээс төрсөн МҮДН-ынханд Төв шуудангийн урд байрлах хоёр давхар байрыг өгчээ. Эдний нэг болох Төв шуудангийн урд байрлах хоёр давхар байр Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Б.Мэдрээ, Да.Ганболд нарын тэргүүлдэг МҮДН-ын эзэмшилд очжээ. Тэд “Голомт”-ын Д.Баясгалантай наймаалцсан гэсэн үг. “Тус газрыг Д.Баясгалан 480 мянган ам.доллараар МҮДН-ээс худалдаж авсан. Томоохон барилга барихаар төлөвлөсөн” гэх мэдээлэл аль 2022 онд гарч байв. Наймаа ньь хэдийн явагдаж, С.Зориг агсны хөшөө бүхий МҮДН-ын байрны газар “Голомт”-ын Д.Баясгалангийн мэдэлд очсон хэрнээ 2024 оны хавар “Шинэ дэвшилт холбоо” НҮТББ-аас С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх хүсэлтийг “Зориг сан”-д хандаж гаргаж байжээ. Хүсэлтэд “Манай байгууллага тус хөшөөг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг бүрэн хариуцах болно” хэмээн бичсэн байдаг. С.Зориг агсны ах С.Баяр телевизэд ярилцлага өгөхдөө “Хөшөөг шилжүүлэх хэрэгтэй. Энд барилга барих гэж байна гэсэн албан бичиг “Шинэ дэвшилт холбоо”-ноос бидэнд ирсэн. Өмнө нь бидэнд энэ талаар нарийн мэдээлэл байхгүй байсан юм. Гэхдээ энэ хөшөө нь олон түмний хандиваар боссон, олон түмэн очиж хүндэтгэл үзүүлдэг тул “Зориг сан”-гаас дангаараа шийдэх боломжгүй. Мөн хөшөө дурсгал хотын хамгаалалтад байдаг гэж бид ойлгож байгаа. Тэгэхээр хөшөөг шилжүүлэхээр бол хаана байрлуулах талаар хотоос асуусан. Дүүгийн маань хөшөө 26 жил байрласан энэ байрандаа байвал уг нь зүгээр” гэсэн байдаг. Түүний өмнөхөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 9-нд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар цахим хуудастаа “С.Зориг агсны хөшөөний газрыг заржээ. Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж, газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-ноос улбаатай энэ байгууллага их л эелдгээр “Зориг сан”-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн цуст хэрэгт гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн яллаж, ахуйн гэмт хэрэг болсон мэт ойлголт өгөхийг одоо болтол хичээсээр байгаа нь ойлгомжтой болсоор байна. Монголыг хайрладаггүй нүгэлт хар гөрөөчний бүхэл бүтэн тролл арми байгааг өнөөдөр харлаа. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа. Бид “Зоригтой”-гоо үлдэнэ” гэж бичиж холбогдох баримтуудыг хавсаргасан байв. Х.Нямбаатарыг тэгж бичсэний маргааш ЕТГ-ын дарга асан Ө.Шижир “С.Зориг агсны хөшөөтэй байрыг Да.Ганболд тэргүүтэй хэсэг бүлэг хүн зарчхаж. Олон мянган ардчиллын анхдагчид, партизануудын голомт болсон МоАХ өөрийн өмчлөлийн байрныхаа өмнө анхны зохицуулагч С.Зориг агсны хөшөөг тавья” гэж бичиж байсан юм. Одоо харахад бас л сонирхолтой хариу үйлдэл байдаг. Хоёр жил гаруйн өмнө тус хөшөөг МоАХ-ны байрны үүдэнд байрлуулах “шийдвэр” нь гарч байж гэсэн үг. Нөгөө талаас, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын асуудлаар нэр холбогдсон хоёр буюу Д.Баясгаланг тауэр барих гээд газраа чөлөөлөхөд гай болсон хөшөөг нь Х.Баттулга МоАХ-ныхоо байрны үүдэнд байрлуулахаар эртнээс бэлдсэн нь ямар учиртай вэ. Ийм асуулт “ургаж” байна.
С.Зориг агсны хөшөөг нууцаар шилжүүлсэн явдлыг АН-ынхан улстөржүүлэн, улмаар тус намын дарга О.Цогтгэрэл “С.Зориг агсны хөшөөг ар гэрээс нь, АН-аас зөвшөөрөл авалгүйгээр яагаад нүүлгэх болов оо. Хоёр, гурван аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын дур мэдээд шийдэх асуудал биш шүү” гэсэн нь дотроо толхилцох бас нэг сэжмийг бий болгов. Гэтэл энэ нь ердөө Д.Баясгалангийн хотын төвд тауэр барих хүсэлтэй холбоотой. Түүний тауэр барих газрыг чөлөөлж хөшөөг нүүлгээд ердөө 36 цагийн дараа буцаагаад хуучин сууринд нь байрлуулав. Чухамдаа бол олон нийт мэдэж эсэргүүцсэн учраас л тэр. Чимээгүй байсан бол тэр чигтээ МоАХ-ны хашаанд үлдэж, өнөөдөр тауэрынх нь газар шорооны ажил эхэлж байж мэдэх л юм. Үйл явдлын холбоо сэжмүүдээс харахад, тус хөшөөг МоАХ-ны үүдэнд байрлуулахаар хэдэн жилийн өмнөөс зэхсэн. Хөшөөг 2026 оны долдугаар сарын 29-30-ны шөнө шилжүүлэхэд цагдаагийн байгууллага, Нийслэлийн Засаг дарга, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд зэрэг мэдэлгүй алдчихсан. Гэтэл тус хөшөө машины тээшинд хийгээд аваад явчих жижиг эд биш байдаг. Сонин биш гэж үү. Өөрөөр хэлбэл, энд нэг хэсэг нь нэг нүд чихээ таглаж, нөгөөдүүл нь хүслээ гүйцэлдүүлэх гэсэн үйл явдал болжээ. Гэтэл баригдчихсан. Бантсан. Ер нь бол Монголын төр ард түмнээс нуух, хулгайлах зүйлээ зуны амрал, ялангуяа баяр наадам дамнуулж хийдэг болсон нь нууц биш юм. Баяр наадам тулж, чуулган хаахын өмнө иргэдийн анхаарал сарнисан үед “эвгүй” хуулиудыг баталдаг. Энэ мэт хулгай, нууцаа ч ийм үеэр амжуулдаг. Хамгийн гол нь, ардчиллын бэлгэ сүлд болж ард түмний сэтгэлд үлдсэн С.Зориг агсны хөшөөг ийнхүү “нутаг заан” ийш тийш ачиж давхисан нь олон нийтэд таалагдахгүй байна. Хэргийг нь илрүүлэхгүй, тэгээд хөшөөг нь нааш цааш зөөгөөд байх нь улс төрийн эрх мэдэлтэй хэнд ч зохимжгүй л тусна. Нөгөөтэйгүүр, энэ хэрэг явдал нь “сахал “Д.Эрдэнэбилэгийг Сингапурт явснаас хойш Монголын эзнээр тодорч, улс төрийн ил далд явдлуудад нэр дурдагдаж, аваагүй тендер, хийгээгүй бизнесгүй болсон Д.Баясгалангийн бяр дуусаж байгааг харуулж байж мэдэх юм. Яагаад гэвэл “Д.Эрдэнэбилэг өнөө маргаашгүй Монголдоо ирнэ” гэдэг мэдээлэл хэдийнээс тарж, “Эрдэнэт”, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн асуудлууд сөхөгдөж, 49-ийнхний гэх хэргийг шүүхээр хэрхэн эцэслэх талаар дээгүүр, доогуур яригдаад эхэлсэн байна.
Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

Ардчиллын удирдагчийн хөшөө тойрсон асуудал долоодугаар сарын сүүлийн өдрүүд, наймдугаар сарын эхний өдрүүдэд гэнэт л олон нийтийн хэлэлцүүлгийн сэдэв болон гарч ирлээ. Монголын ардчиллын удирдагч С.Зориг агсанд зориулсан хөшөө боссон түүхтэй холбоотой товч мэдээллийг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл-Нийгмийн ой санамж” булангаараа хүргэж байна. С.Зориг амь насаа алдсанаас нэг жилийн дараа түүний дурсгалд зориулсан хөшөөг бүтээж, түүнээс хойш хөшөө тийш очих ардын зам балраагүй өнөөг хүрсэн билээ...
1. Санжаасүрэнгийн Зориг
1998.10.2
Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө бусдын гарт хэрцгийгээр алагдсаныг Монгол Улсын Засгийн газар гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэж байна.
2. Дурсгалын хөшөөний шав тавих ёслол боллоо
1998.10.06
Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зоригийн гэгээн дурсгалд зориулсан дурсгалын хөшөөний шав тавих ёслол өчигдөр МҮАН-ын төв байрны дэргэдэх цэцэрлэгт боллоо. Хөшөөний шав тавих ёслолд талийгаачийн эхнэр, төрөл төрөгсөд, Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүд, талийгаачийн дотнын анд нөхөд, хамтран зүтгэгч нар нь оролцов.
3. Хандивын данс нээлээ
1998.10.06
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор түүний хөшөөг босгох хөдөлмөрчдийн санаачилга гарч орон даяар хандив цуглуулж эхэлсэн билээ. Аравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар зөвхөн нийслэлийн хөдөлмөрчдөөс 1.2 сая гаруй төгрөгийн хандив цуглаад байна. Хандив өгөхийг хүсэж байгаа хүмүүс маш олон байгаа учир Худалдаа хөгжлийн банкинд өнөөдөр Санжаасүрэнгийн Зоригийн нэр дээр 211 5232 валютын 21350230 тоот хандивын данс нээлээ.
4. Хөшөөг ажилдаа явж байгаагаар бүтээнэ
1998.10.07
Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагч УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зоригийн гэгээн дурсгалд зориулсан хөшөөг бүтээхэд оролцож буй талийгаачийн дотнын анд нөхөр зураач Б.Дэнзэнтэй өчигдөр уулзахад талийгаач маань их даруу энгийн хүн байсан гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Тиймээс түүний дурсгалд зориулсан хөшөөг аль болох жирийн байдлаар хавтсаа сугавчлан ажилдаа очиж яваагаар бүтээхээр бид төлөвлөж байна. Хөшөөг хүрлээр урлана.
5. С.Зоригийн хөшөөг цутгаж дуусав
1999.03.19
Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг агсны хөшөөг бүтээх ажлыг уран барималч Б.Дэнзэн хийж байгаа билээ. Тэрбээр хөшөөнийхөө байдалтай танилцаад Хятадаас өчигдөр иржээ. Хөшөөний нүүр, гар зэрэг хэсгийг Унгарт, их биеийг нь Хятадад цутгуулсан бөгөөд Бээжингээс холгүйхэн орших газарт хөшөөг угсарч дуусжээ. Эл хөшөөг тун удахгүй Монголд авчрах юм байна. Харин С.Зориг агсны хөшөөг түүний төрсөн өдрөөр нь буюу дөрөвдүгээр сарын 20-нд нээх аж.
6. С.Зоригийн хөшөөний нээлт болов
1999.04.22
Ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зоригийн 37 насны ойгоор түүний хөшөөг Улаанбаатар хотын Төв шуудангийн урд талбайд албан ёсоор нээв.
7. С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ
2000-2026. 04.20
Өчигдөр С.Зориг агсны төрсөн өдөр тохиосон билээ. Эл өдрийг тохиолдуулан түүний журмын нөхөд болон ИЗН-ын улс төрийн зөвлөл, үндэсний хорооны гишүүд, тус намын эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд, талийгаачийн ар гэрийнхэн нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 142 (7884)
Г.Ариунболор: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах гарын үсэг цуглуулбал парламентын халдашгүй байдал алга болно
Posted By
Алсын Хараа
On
In
Алсын хараа - 2050 |
No Comments
Улс төр судлаач Г.Ариунболортой ярилцлаа.
-УИХ-ын гишүүн Нарантуяа-Нара-г огцруулах гарын үсэг “D-Parliament” хуудсаар өрнөж байна. Энэ үйл явц парламентын тогтвортой байдалд яаж нөлөөлөх вэ. Үр дагавар нь юу байх вэ?
-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль гэсэн хоёр төрлийн хуулиар олон нийтийн санал бодлыг “D-parliament” хуудсаар авдаг. Энэ нь 100 мянган гарын үсэг хүрсэн ямар ч асуудлыг УИХ-ын дэргэдэх Хянан шалгах түр хороон дээр хэлэлцэх эсэхийг шийддэг өргөдлийн цахим систем гэсэн үг. Тодруулбал, 2022 оны УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “D-Parliament” хуудсаар иргэн “И-Монголиа”-аар өөрийн үндсэн бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд ямар ч асуудлаар санал оруулах, үүн дээр олон нийтийн дэмжлэг хүсэх боломжийг бүрдүүлээд өгсөн байгаа.
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай саналыг иргэд болон төрийн бус байгууллагуудаас гаргах эрх нь нээлттэй байгаа. Гагцхүү эгүүлэн татах үйл явцыг дэмжих байдлаар гаргаж байгаа ч Үндсэн хуульд ийм процесс байхгүй. 100 мянган хүний гарын үсэг хүрсэн ч гэсэн үүнийг УИХ-ын Хянан шалгах түр хороо авч хэлэлцээд, УИХ-ын Тамгын газар дэргэдэх Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцүүлээд, цаашаа явах процесс нь Монгол Улсын одоогийн хууль тогтоомжид байхгүй. Улс төрийн өнцгөөс ийм зүйл байж болох уу гэдгийг гурван сарын өмнө Ерөнхийлөгч өргөн барьсан.
Мөн УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах тухай хөндсөн хуулийн төсөл үүнд орсон. Үүнтэй нийгэм хольж ойлгож байгаа. Энэ нь ч хардлагын үндэстэй байж болно. Яагаад гэвэл тодорхой нэг гишүүнийг эгүүлэн татахын тулд хуулийн төсөл өргөн барьж, энэ нь нэг гишүүнд үйлчлээд эхэлбэл дараа дараагийн гишүүдэд үйлчлэх жишгийг тогтооно. Үүнийг олон улсын түвшинд “рецепц” хийх буюу өмнөх жишгийг дараагийн асуудал шийдвэрлэхдээ ашиглахыг хэлдэг. Манай улс өөрөө “Их газрын бүлэг” буюу эрх зүйн системтэй орон. Гэвч эргээд “Жишгийн эрх зүй”-н бүлгийн орны жишгийг хэрэгжүүлэх нь асар том хууль зүйн хийдлийг үүсгэх аюултай. Ийм асуудал байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ард нь ажиллаж байгаа судалгааны инститүт мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ ийм хуулийг оруулж ирнэ гэдэг нь гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалыг хооронд нь мөргөлдүүлэх эрсдэлийг үүсгэж байна. Асуудлын төв нь ганцхан “Нарантуяа-Нара” гишүүнд, эсвэл ёс зүйн асуудалдаа ч биш шүү дээ.
Харин эрх зүйн бүлгийн холимог тогтолцоог бид нутагшуулах оролдлого хийж байна. Мөн хууль тогтоох байгууллага буюу парламентын өөрийн бүрэн эрхэд халдах тухай асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах гарын үсэг цуглуулбал парламентын халдашгүй байдал алга болох юм. Гэтэл энэ байдлыг 1992 оны Үндсэн хуулиар салгаж өгөхөөс гадна Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, УИХ-ын Эрх зүйн байдлын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуулиар ойлгомжтой зохицуулчихсан байгаа. Нэг аюултай зүйл нь УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-ын Дэгийн тухай хууль болон УИХ-ын Эрх зүйн байдлын тухай хуульд орчихвол дагаад Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орох аюул үүснэ. Ингээд нэмэлт өөрчлөлтөөр бүх органик хууль дахь заалтууд өөрчлөгдчихвөл тэрхүү хуульд нийцүүлсэн Үндсэн хуулийн заалтуудыг өөрчлөх аюул үүснэ. Бид уг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг бусад хууль руугаа нийцүүлдэг. Гэвч одоо бол доороосоо дээшээ нөлөөлж байна. Үүнийг иргэд болон судлаачид анхааралдаа авч, үгээ хэлэх шаардлагатай. Ингэж байж Үндсэн хуулийн дархлаа оршино. Нэг гишүүнийг эгүүлэн татвал цаана нь Монгол Улсын 3.6 иргэнээс сонгогдсон 126 гишүүнийг эгүүлэн татах кейс үүсэх аюултай.
-Нөгөө талдаа сонгогчдын боловсролын талаарх асуудал хөндөгддөг шүү дээ?
-Улстөрчдийн зүгээс яагаад сонгууль чанаргүй явагдаад байна гэхэд, сонгогчид боловсролгүй гэдэг зүйл рүү чиглүүлээд байдаг. Гэтэл сонгогчийн боловсролоос үл хамаарсан шударга бус тогтолцоог эрх барьж байгаа эрх мэдэлтнүүд өөрсдөө өдөөж, энэ тал руу чиглүүлж байна. Үүнийг олон улсын шинжтэй төрийн бус байгууллагуудын санхүүжилтээр явж байгаа сургалтуудаас харж болно. Сонгогчийн боловсрол гэж юуг хэлэх вэ гэдэг зүйл Сонгуулийн тухай хуульд байх ёсгүй. Сонгогч ямар боловсролтой байхаас үл хамаараад сонгох эрхээ эдэлж л байх ёстой. Боловсролын салбарт диплом авч байгаа хүмүүсийн тоотой харьцуулбал "боловсролгүй" гэж үнэлэх ямар ч үндэслэлгүй. Энэ жил гэхэд бүх төрлийн мэргэжлээр нийтдээ 189 мянган магистр төгсөж байгаа. Эдгээр нь нийт сонгогчдынхоо 1.7 хувийг эзэлж байна гэж үзвэл "боловсролгүй" гэж үзэх боломжгүй. "Боловсролгүй" гэдэг нэр томьёоны ард сонгуулийг будлиантуулсныгаа зөв зүйтэй гэж харагдуулж байгаа нь "ёс зүй" гэдэг нэрийн дор органик хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа процесстой төстэй байна. Эцсийн дүндээ та нарын сонголтын буруу гэж нэгнийгээ ялгадаг биш эсрэгээрээ "Сонгогдсон бол ажлаа хий" гэдэг шаардлагыг тавих ёстой болж байна.
-Иргэд энэ асуудлыг зөвхөн нэг улстөрчийн асуудал гэж харах биш, Үндсэн хууль болон парламентын дархлааны хүрээнд хэрхэн ойлгох ёстой вэ?
-Сонгогчид тэнэг байгаа болохоор "Нара"-г дэмжиж байгаа, угаасаа хар масс боловсролгүй болохоор ийм хүнийг сонгосон гэдэг яриаг том зургаар нь харвал энэ нь улс төрийн мэдээллийн манипуляци. Манипуляцийг мянга давтвал үнэн болдог гэдэг зарчим үйлчилдэг. Тиймээс мэдээлэл түгээлтэд өртөхдөө ямар цаг үед, хэзээ гарч ирж байна, ямар мэдээлэлд өртөж байгаагаа таних шаардлагатай. Тэр нөлөөлөлд автахгүй байхад анхаарах хэрэгтэй. Ер нь хэрсүү байх хэрэгтэй.
-Төр засгийн тогтворгүй байдал сүүлийн үед хөндөгдөж байгаа. Энэ асуудлыг судлаачийн хувьд хэрхэн анзаарч байна вэ?
-Энэ нь манай улс, эсвэл сонгогчдын хямралаас илүү эрх барьж байгаа намын өөрийнх нь дотоод хямрал гэсэн үг. Эрх мэдлийн төлөөх тэмцлүүд нь нийгэмд үр дүнгээ өгч, үр дагавраа харуулж байна. Ер нь ёс суртахууны асуудлыг тавиад үзвэл философийн шинжтэй байдаг. Хэнийг ёс суртахуунтай гэж үзэх вэ гэдгийг Их хурал дээр тодорхойлоод эхэлбэл, иргэдийг "ёс суртахуунтай, ёс суртахуунгүй" гэж ангилж эхэлнэ. Ингэвэл нийгэмд давхарга, шатлал үүсэх аюултай учраас ийм зүйлийг зөвшөөрөх ёсгүй. Иргэдийн хувьд улс төрийн нөхцөл байдал дээр үймээн гарч байсан ч хүлцэнгүй байдаг. Түүнийг нь танин мэдэх ч боломж байдаггүй. Жишээлэл, МАН-ын дараагийн хүн нь МАН-ын хүн байвал үүнийг тогтвортой байдал гэж үздэг. Гэтэл засаглалын тогтвортой байдал гэдэг нь бодлого тодорхойлсон зүйл нь дараагийн Ерөнхий сайд гарч ирэхээр мөрийн хөтөлбөр шиг өөрчлөгддөг.
Сүүлийн хоёрхон жилийн дотор МАН-ын гурван Засгийн газар солигдсоноороо гурван мөрийн хөтөлбөртэй золгож байгааг иргэд ойлгоод, шаардлага тавих хэрэгтэй. Нөгөө талдаа ажил хийж чадахгүй байгаа Засгийн газар дээр тогтвортой байдал ярих боломжгүй. Засгийн газар дэргэдээ "Хяналт хэрэгжүүлэх агентлаг"-ийг нээсэн. Энэ газраас тогтвортой байдлыг хангахын тулд мөрийн хөтөлбөрийн аль хэсгүүдийг авч үлдээд, дараагийн Засгийн газар хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг дүгнэлтээ хууль тогтоох дээд байгууллагад тайлагнаж байх ёстой. Гэвч харамсалтай нь энэ газар байгуулагдаад хоёр жил болохдоо нэг ч удаагийн тайлан тавиагүй. Үүнийг нэхэж, шаардах хэрэгтэй.
Г.БАЛГАРМАА
"Өдрийн сонин"
/2026.06.27/
Л.Оюун-Эрдэнэ: Нүүрс, зэсийн бүлэглэлийг албан ёсны төр нь дийлэхээ больчихсон
Posted By
Алсын Хараа
On
In
Алсын хараа - 2050 |
No Comments
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023.02.19-нд МҮОНТ-д ярилцлага өгч байв.
Энэ нь түүний Ерөнхий сайдаар ажилласнаас хойшхи бүрэн хэмжээний анхны ярилцлага байсан юм.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн нүүрсний хулгай, оффтейк гэрээнүүд, Хөгжлийн банк, авлига, жагсаал
цуглаан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, цар тахал, ОХУУкраины асуудал, Оюутолгойн хэлэлцээр, олон улсын харилцаа зэрэг асуудлыг хөндөж, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлэв. Ярилцлагын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- ЭТТ компаний захирал асан Б.Ганхуяг болон Монголын оюутны холбооны үе үеийн удирдлагууд
тодорхой хэмжээний санхүүжилт босгож жагсаалд оролцсон. Шалгалтын явцад нүүрсний
хулгайн эсрэг тэмцлийг саармагжуулах гэсэн зорилго агуулсан нь шалгалтаар тогтоогдсон.
- Нүүрсний жагсаалд койнтой холбоотой хүмүүс, Хөгжлийн банктай холбоотой нөхдүүд нүүрсний
хулгайн тэмцлийг саармагжуулах зорилго агуулсан.
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нүүрсний жагсаалыг санхүүжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн.
Манай улс уул уурхай түшиглэсэн далд эдийн засагтай болчихсон. Энэ нь хэдхэн хүний гарт
нууцаар эргэдэг нь маш ойлгомжтой болсон. Далд эдийн засгаар улс төрийн намыг
санхүүжүүлдэг. Албан бус бүлэглэлийг албан ёсны төр нь дийлэхээ больчихсон.
- Ихэнх Ерөнхий сайдууд огцрохгүйн тулд бүлэглэлийн барьцаанд орсон дүр зураг харагддаг.
- Нүүрс, зэсийн "тоглогчид" тоглоомын дүрэм өөрчлөгдөхгүй, тоглогчид л өөрчлөгдөх юм чинь
хүлээх ёстой гэж ярьдаг. Нүүрс, зэс байхад улс төрийг бид удирдана. Засгийн газрын огцруулж
чадна. Ерөнхий сайдыг тоглоомын, утсан хүүхэлдэй болгож чадна гэж боддог.
- С.Зоригийн хэрэг Эрдэнэт үйлдвэртэй холбоотой.
- Төрөөсөө том албан бус бүлэглэл 1998 онд илэрч байсан. Тус бүлэглэл бэхэжсээр байгаад
Эрдэнэтийн 49 хувийг улсын мөнгөөр хувьд авах лобби бүлэглэл болох хэмжээнд хүртэл
томорсон.
- Сонгуулийн дараа банкны захирлууд тойрч суучхаад захиргааны танхим, эрүүгийн танхим, дээд
шүүхийн тэр шүүгчийг авлаа гэж хувааж авдаг байж болохгүй.
- Шүүх тогтолцоо дархлаагүй юм шиг харагдаж байна. Шүүх шударга байхыг нийгэм 30 жил
хүлээлээ.
- Улаанбаатар хотын түгжрэл хууль бус газар олголтоос үүдэлтэй.
- Түгжрэл, утааны цаана авлига байна.
- Хогийн ургамал дахин ургахгүй байх суурь нь авлигатай тэмцэх "5 Ш" ажиллагаа.
- Хууль хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүд асуудалтай гэж үзвэл би улс төрийн хамгаалалт
үзүүлэхгүй гэж бүлгийн хурал дээр мэдэгдсэн.
- Хоёроор ч тогтохгүй олон гишүүдийг шалгуулахыг уриалж байна.
- ЗГ, УИХ-ын гишүүд өөрийн гэр бүл, хамаатан саднаа төрд томилохыг хориглох хуулийн төслийг
өргөн барина.
- 50 сая, 100 сая тонн нүүрс экспортолдог болбол ДНБ 10 мянган ам.доллар давах боломжтой.
- 2030 он гэж тооцоолж байсан үр дүндээ 1-2 жилийн дараа хүрэх боломжтой. Шинэ сэргэлтийн
бодлого бол хөгжлийг хурдасгагч бодлого.
- 2023-2024 онд эдийн засаг сэргэнэ.
- Нүүрс, зэсэнд суурилсан далд эдийн засгийг ил болгох, төрийн өмчит компаниудыг ил тод
болгох хоёрхон зорилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улс олон жилийн турш ярьсан нэг хүнд ногдох
ДНБ 5000 ам.долларт хүрнэ гэсэн зорилтод энэ жилийн төгсөлд хүрнэ.
- Нэг сая жуулчин хүлээх авах зорилтдоо ирэх жил хүрнэ.
- 2023-2025 онд Монгол Улсын нэрийг дэлхийд өргөх жил байх болно. Зөвхөн аялал жуулчлалын
хувьд ч биш эрх зүйн хувьд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална.
- Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудалд нийгмийн дэмжлэгийг авах шаардлагатай.
- Өнөөдөр бид Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга хийх, нэмэлт өөрчлөлт хийх, огт өөрчлөхгүй
байх гэсэн салаа замын уулзвар дээр байна. Ерөнхий сайдын хувьд нээлттэй хамтарч
ажиллахад бэлэн байна.
- Хувь хүний байр сууринаас хариулахад сонгуулийн холимог тогтолцоо зөв гэж үздэг. Гэхдээ
холимог тогтолцоо нь 50:50 байх ёстой. Энэ тохиолдолд санал гээгдэхгүй. Нэг нам дангаараа
үнэмлэхүй ялах боломж нь байхгүй болдог.
- Сонгууль дөхөж байна. Улс төрийн намуудын хүсэж байгаа тоглоомын дүрмээр нь өрсөлдье гэж
бодож байна.
- Ард түмнээс илүү том эрх мэдэл, олон нийтээс илүү хүчтэй улс төр гэж байхгүй.
- Төрийн албан хаагч татвар төлөгчдийн санхүү дээр амьдарч буй үйлчлэх ёстой албан тушаалтан
гэж ойлгодог байх, парламентын гишүүд олон нийтийг төлөөлж буй төлөөллийн төв
байгууллагын сонгогчдын мандат гэдгээ ойлгодог байх реформыг хийе гэж байна.
Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр юугаараа барьцаалагдаж Эпштейнд "элссэн" бэ?
Posted By
Алсын Хараа
On
In
Алсын хараа - 2050 |
No Comments
Т.САЙХАН
Жеффри Эпштейний хэргийн эхлэл, төгсгөл
Еврей гаралтай АНУ-ын тэрбумтан, санхүүч Жеффри Эпштейн хүүхдийн наймаа, насанд хүрээгүй охидын бэлгийн мөлжлөг, олон улс дамнасан гэмт хэргийн нууц сүлжээ байгуулсан хэрэгт буруутгагдсан.
Жеффри Эпштейний эсрэг анхны хэрэг 2005 оны хавар гарч иржээ. Нэгэн эмэгтэй 14 настай өргөмөл охин нь хүчирхийлэлд өртсөн тухай мэдээллийг цагдаагийн газарт өгчээ.
Үүний мөрөөр ажилласан цагдаа нар Жеффри Эпштейний харшаас нууц камер болон насанд хүрээгүй бусад охидын гэрэл зургийг олжээ. Ингээд түүнийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Мөрдөн шалгах явцад Жеффри Эпштейн 2002 оноос хойш залуу охид, эмэгтэйчүүдтэй хүчээр бэлгийн харьцаанд ордог, төлбөр төлж хүчирхийлдэг нь илэрч, хохирогчийн тоо 50 давжээ. Тиймээс түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Гэхдээ 2008 оны зун гэхэд Жеффри Эпштейн биеэ үнэлэгчдийг уриалан дуудсан хоёр хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, хохирогчдод нөхөн төлбөр төлж, нууцаар тохирч шүүхээс 18 сарын хорих ял шийтгүүлжээ. Гэсэн ч ердөө 13 сарын дараа батлан даалтаар суллагдсан байна.
Харин Жеффри Эпштейнтэй холбоотой шинэ мөрдөн байцаалт 2019 оны хоёрдугаар сард эхэлсэн. Түүнийг 2019 оны долоодугаар сарын 6-нд баривчилсан байна. Энэ удаад түүнийг олон улс дамнасан гэмт хэргийн нууц сүлжээ байгуулсан, хүүхдийн наймаа, бэлгийн мөлжлөг, гэрчид хөндлөнгөөс нөлөөлсөн зэрэг хэргээр ялласан. Өдгөө “Жеффри Эпштейн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд баривчлагдсанаас хойш нэг сарын дараа шүүхийн шийдвэр гарахаас өмнө амиа хорлосон” гэдэг мэдээлэл үлдээд байна.
Гэхдээ Жеффри Эпштейний Британийн загвар өмсөгч Гислейн Максвеллийг 2020 онд баривчилжээ. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр энэ эмэгтэй нь насанд хүрээгүй хүүхдүүдийг уруу татаж, бэлгийн харилцаанд оруулахыг албадсан, мөн 14 настай хүүхдүүдийг бэлгийн боолчлолд уруу татаж, дараа нь зарахад Жеффри Эпштейнд тусалсан хэрэгт буруутгасан байна. Тухайлбал, хохирогчдын нэг болох АНУ-ын иргэн Виржиниа Робертс-Жиуффре “Максвелл гэдэг эмэгтэй намайг 17 настай байхад Британийн хунтайж Эндрютэй танилцуулсан. Хунтайжтай бэлгийн харьцаанд орохыг шаардсан” гэж мэдэгдсэн. Харамсалтай нь тэрээр 2025 оны дөрөвдүгээр сард амиа хорлосон байдаг. Виржиниа Робертс-Жиуффрегийн дурсамж 2025 оны аравдугаар сард хэвлэгдэж, түүндээ хунтайж Эндрютэй холбоотой ноцтой зүйлсийг бичиж үлдээжээ. Энэ дуулианы дараа Эндрюгийн бүх цол хэргэмийг хурааж, хааны гэр бүлийн эзэмшлийн харшид амьдрах эрхгүй болгосон юм. Ер нь бол Жеффри Эпштейн нь Британийн хунтайж Эндрюг мөн баримтжуулж дарамталсан гэдэг. Түүнээс болж хунтайж Эндрю амь насаа алдсан байж болзошгүй тухай таамаг нь өдгөө хамгийн магадлалтай таамаг болоод байна. Британийн тусгай алба энэ төрлийн ажилдаа маш сайнаараа алдартай.
Эпштейний файлаас Монголын хоёр Ерөнхийлөгч, нэг Ерөнхий сайд “олдов”
АНУ-ын Хууль зүйн яамнаас 2026 оны нэгдүгээр сард Жеффри Эпштейнд холбогдох хэргийн шинэ баримтуудыг нууцаас гаргаж олон нийтэд ил болгосон. Тэр нь гэрчийн мэдүүлэг, хувийн захидал харилцаа зэрэг нийт 3.5 сая орчим хуудас бүхий мэдээлэл юм. Энэ нь зөвхөн АНУ, Их Британи гэлтгүй дэлхийн олон улс оронд улс төр, эдийн засгийн хөдөлгөөн үүсгэхүйц ноцтой эх сурвалж болоод байна. Учир нь, уг эх сурвалжид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ерөнхийлөгч асан Билл Клинтон, Их Британийн хунтайж Эндрю, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, “Тесла”, “Спейс Ик компанийн үүсгэн байгуулагч Элон Маск, Словакийн Гадаад хэргийн сайд асан Мирослав Лайчак, АНУ-д суугаа Их Британийн Элчин сайд асан Лорд Питер Мандельсон, Дональд Трампын ахлах зөвлөх асан Стив Баннон, Дональд Трампын хүргэн Жаред Кушнер, илбэчин Дэвид Копперфилд, жүжигчин Рейнн Уилсон зэрэг дэлхийн олон улс орны улстөрчид, алдартнууд нэр дурдагдсан. Улмаар, “Эпштейний файл” хэмээх нэртэй ч болоод авсан.
Эпштейний файлд Монголын улстөрчид ч нэр дурдагдсан. Эх сурвалжууд “Монгол” гэх түлхүүр үгээр хайхад давхардсан тоогоор 870 орчим илэрц гарч ирж байгаа юм. Илэрцүүдээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат гэсэн хүмүүсийн нэр илэрч байна. Хамгийн гол нь Эпштейний файлд Монгол Улсын ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2009-2021 оныг хүртэл хашсан Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр Жеффри Эпштейнтэй харилцаатай байсан нь маш ноцтой юм. Учир нь, Эпштейний файлаас гарч ирж байгаа мэдээллээр, тэдний харилцаа Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг ашиглах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой томоохон уул уурхайн компаниуд болох “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Оюу толгой” ХХК болон бусад ордуудтай холбоотой шийдвэр гаргалтад нөлөөлсөн байж болзошгүй байна.
Өөрөөр хэлбэл, ингэж Монгол Улсын төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд зүй бусаар, хууль зөрчин нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байсан байх магадлалтай. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан, бусад томоохон албан тушаал хашиж явсан хүмүүсийн Жеффри Эпштейнтэй тогтоосон албан болон албан бус хувийн харилцаа нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, гадаад харилцааны бодлого, үндэсний эрх ашигт нөлөөлөх нь дэндүү ойлгомжтой юм.
Эпштейний файлаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат төлөөлж Жеффри Эпштейнтэй холбогдож байсан нь гарч ирж байна.
Эпштейний файл дахь Ц.Элбэгдорж
Эпштейний файлд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 46 удаа, түүний “зууч” Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 219 удаа дурдагджээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны есдүгээр сарын 23-нд Эпштейнтэй анх удаа нүүр тулан уулзаж байсан зураг бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Тэрээр үүнд мөн л цахим сүлжээгээр “Нуух юм юу ч байхгүй ээ. Хувийн зүйл ярихаас аль болох зайлсхийж явдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр янз бүрийн хүрээнд олон арга хэмжээ, зоог, хүлээн авалт болно. Тэгж л албаны хэдэн үг сольсноос өөрөөр нүүр тулаагүй” гэсэн тайлбарыг хийгээд байна. Эхний уулзалтад нь Монгол Улстай аюулгүй байдлын гэрээ байгуулахад зуучилсан Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Барак байлцжээ. Түүнээс гадна АНУ-ын Сангийн сайд асан, Харвардын их сургуулийн ерөнхийлөгч асан Лоуренс Саммерс, Австралийн ерөнхий сайд асан Кевин Радд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн нар байсан байна.
Харин Эпштейний файлыг ухвал, Ерөнхийлөгч асан 2013 оны есдүгээр сарын 23-нд Нью-Йорк хотод Эпштейнтэй анх нүүр тулан уулзсан. Түүнээс гадна 2014 оны нэгдүгээр сард түүний зохион байгуулсан оройн зоог буюу өндөр түвшний зөвлөлдөх уулзалтад оролцсон бололтой юм. Энэ уулзалт нь Монгол Улсын эдийн засгийн бодлого, “Оюу толгой” төслийн гацааг арилгах зорилготой зөвлөх баг байгуулах байгуулах зорилготой байсан тухай эх сурвалжид дурджээ. Тухайлбал “Голомт” банкнаас Жеффри Эпштейнд Монгол Улсын ашигт малтмалын ордуудын талаар бэлдэж явуулсан. Эдгээрийн талаар Жеффри Эпштейн, Ц.Элбэгдорж хоёрын уулзалтын үеэр яригддаг байжээ.
Түүнчлэн Л.Пүрэвсүрэнгээс 2014 оны хоёрдугаар сарын 19-нд Жеффри Эпштейн рүү “2024 оны гуравдугаар сарын 29-д өдөр Арабын нэгдсэн улсын нийслэл Дубай хотод болох дэлхийн аварга шалгаруулах морин тойруулгын уралдаанд Монгол Улсын нэрийн өмнөөс нэгэн морь уралдах болсон” гэж бичжээ. Тиймээс, уг имэйлийг Норвегийн дипломатч Терже рүү руу явуулж урилга олж өгөхийг хүсжээ. Энэ дагуу Жеффри Эпштейн тус уралдаанд очиж, тэр үеэрээ Ц.Элбэгдорж, Л.Пүрэвсүрэн нартай Дубайд уулзаж морин тойруулгын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн очиж үзэх тухай хөтөлбөрүүдийн хамт Эмиратын тэрбумтан логистикийн магнат Султан Сулейман руу мөн боломжтой эсэхийг асуусан имэйл явуулжээ. Эпштейн бол Арабын орнуудын олон тэрбумтан танил, найз нөхөдтэй. Дубайн тэрбумтнуудтай маш дотно харилцаатай. Тээвэр зуучийн магнат Султан Сулеймантай дотнын найзууд байсан. Султан Сулейман нь Дубайн гэрээг байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан нэгэн. Тэдний уулзалтын талаарх олон баримт байдаг. Дашрамд, АНУ-ын Сангийн сайд асан Лоуренс Саммерс, Норвегийн дипломатч Терже нар Л.Пүрэвсүрэнгээс 400 мянган ам.долларыг нэхсэн. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн асуудлаар хүчтэй лобби хийж ажиллах төлбөр гэх агуулгатай. Учир нь “Бусад ажлуудаад орхиж зөвхөн Монгол Улсын асуудлаар ажиллана” гэсэн Тержегийн Л.Пүрэвсүрэнд бичсэн Skype чатаас харагдаж байна. Нөгөөтэйгүүр, энэ нь Оюу толгойн зэс хайлуулах үйлдвэр байгуулах гэрээнд заасан хугацаатай давхцаж байна. Дубайн морины уралдаан 2014 оны гуравдугаар сарын 29-нд болсон. Харин 2014 оны тавдугаар сарын 8-нд Оюу толгойн далд бүтээн байгуулалтыг дэмжих УИХ-ын 34 дүгээр тогтоолыг баталсан.
Үүнээс гадна Жеффри Эпштейн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Нью-Йорк дахь гэртээ хүлээж авч уулзсан тухай ч дурдсан байна. Энэ 2015 оны есдүгээр сарын 28-29-нд Жеффри Эпштейний гэрт болсон оройн зоог бөгөөд “парти”-гаар үргэлжилсэн. Уг үйл ажиллагаанд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнг дагуулж очсон. Тэнд холливуудын жүжигчид, улс төр нийгмийн нөлөө бүхий хүмүүс байжээ. Маргааш нь Жеффри Эпштэйнд холливудын жүжигчин, илбэчин Дэвид Блайн “Үнэхээр мартагдашгүй гайхамшигтай үдэш гайхамшигтай охидууд байлаа” гэж имэйл бичжээ. Мөн Ротшилдын гэр бүлийн нөлөө бүхий зүтгэлтэн, банкны салбарынх нь лидер Араина де Ротшилд байсан “Бид чадлаа. Өнгөрсөн шөнөөс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч надаас дэд бүтцийн асуудлаар, санхүүжилт хийх талаар та надад яаж туслах вэ гэж асуулаа” гэж бичжээ.
Жеффри Эпштэйнээс Ц.Элбэгдорж, Л.Пүрэвсүрэн нарт 140, сая ам.долларын үнэ бүхий уран зурагнууд, 80 сая ам.долларын үнэ бүхий алмаз чулуунууд, 250 сая ам.долларын үнэ бүхий орд харшуудыг санал болгож байжээ. Энэ имэйлийг Жеффри Эпштейнээс Л.Пүрэвсүрэнд 2013 оны арваннэгдүгээр сарын 30-нд явуулжээ. Яг энэ үе буюу 2013 онд Оюу толгойн эхний экспортын жил байсан. 76.7 сая тонн зэс, 4.9 тонн алт, нийт 59.4 сая ам.долларын борлуулалт хийсэн байдаг. “Рио Тинто” компанитай хэрхэн харилцах талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид зааварчилгаа өгч байсан мэт баримтууд ил болсон нь шуугиан тариад байна.
Түүнчлэн Л.Пүрэвсүрэнгээс Жеффри Эпштейнд “Чамд гэнэтийн бэлэгтэй очно. Монгол охин визээ хүлээж байна”, “Нью Иоркт тун удахгүй Монгол охинтой очно” гэсэн имэйлүүдийг илгээж байжээ.
Эпштейний файл дахь Х.Баттулга
Ерөнхийлөгч асан Х.Баттулга 81 удаа, түүний зууч “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат 194 удаа нэр дурдагдсан байна. Тэрээр 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энэ сонгуульд Жеффри Эпштейний оролцоотой болж байсан баримт Эпштейний файлаас гарч ирлээ. Тус сонгуулийн талаарх мэдээллийг Жеффри Эпштейн байнга авч байжээ. Сонгуультай холбоотой мэдээллээр харилцсан 81 имэйл Эпштейний файлд байна. 2017 оны зургаадугаар сарын 34-ний өдрүүдэд Ч.Ганбат нь Жеффри Эпштейнээс сонгуулийн үйл явдлуудаар мэдээлэл өгч, зааварчилгаа авч байгаа имэйлүүд нь гарч иржээ. Тэр бүрт Х.Баттулгыг төлөөлж харьцдаг Ч.Ганбат “Ноён Эпштейн таны дэмжлэгт машид талархаж байна” хэмээн хариулсан байна. Мөн Ч.Ганбат нь Жеффри Эпштэйнтэй хамтарч “Монгол биткойн” гэдэг койн гаргахаар судалгаа, хөрөнгө оруулалт, лоббиний ажил хийж байсан тухай олон тооны баримт Эпштейний файлд байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Трамп Жуниор 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Монгол Улсад зочилж Баян-Өлгий аймагт ан хийж зугаалсан. Түүний тэр талаар бичсэн нэгэн чат Эпштэйний файлууд дундаас гарч иржээ.
Тэрээр Цагаан ордны стратегич Стив Бэннонд “Монгол Улс гурван сая хүнтэй, 11 сая морьтой. Нэг триллион ам.долларын байгалийн баялагтай. Баялгаа зөөх гэхээр Оросын төмөр замтай. Түүний цариг нь зөрөөд зөөх боломжгүй. Нийслэл нь маш их утаатай. Ерөнхийлөгч нь гэрт амьдардаг. Манай улс хөөрхөн охидтой гэж ярьсан. Тэр Ерөнхийлөгч нь нүдний шил зүүх хэрэгтэй юм байна гэж би сануулсан. Гэхдээ хөөрхөн охид нь сахалтай эрчүүдэд дуртай. Ерөнхийлөгч нь Криптод дуртай” гэх зүйлсийг бичиж байжээ.
Эпштейний файл дахь Ч.Сайханбилэг
Эпштейний файлд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дөрвөн удаа дурдагджээ. Эдгээрийн дунд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Рио Тинто” болон “Оюу толгой” компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан олон улсын зөвлөх компани “Маккензи” компаниас ирүүлсэн албан бичиг Эпштейний файлаас гарч ирж байна. Түүнд Монгол болон Хятадын хууль хяналтын байгууллагууд Монголд хийсэн ажлуудыг нь шалгасан тухай бичигт дурджээ.
Ер нь Жеффри Эпштейн Роберт Фридландтай 2010 оны байдлаар маш дотно харилцаатай байсан. Үүнийг Жеффри Эпштейн Британийн парламентын гишүүн Питер Мандельсон нарын харилцааны имэйлүүдээс харж болно. Роберт Фридланд Эмиратад байнга очдог. Жеффри Эпштейн бол “Рио Тинто”-гийн томоохон лоббичдын нэг. Харин түүний гар хөл нь болж Дубайн гэрээ, “Рио Тинто” компани, Монгол Улсын дунд зууч хийж явсан хүн бол АНУ-ын эдийн засагч, Сангийн сайд асан Лоуренс Саммерсюм. Тэрээр Ч.Сайханбилэгийн урилгаар Монголд ирсэн, уулзсан. Мөн Монголын Улсын Засгийн газраас урамшуулал авч байсан. Ийм мэдээллүүд байдаг.
Эпштейний файл дахь мэдээллүүдээс монголчууд юунд нь эмзэглэх ёстой вэ?
АНУ-д насанд хүрээгүй хүнийг бэлгийн мөлжлөгт татан оролцуулсан хэрэгт ял шийтгүүлж, улмаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хэрэгт дахин шалгагдаж байх явцдаа нас барсан гэх Жеффри Эпштейн нь Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн даргаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай ойр дотно харилцаатай байсан. Үүний ард Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг ашиглах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой томоохон уул уурхайн компаниуд болох “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Оюу толгой” ХХК болон бусад ордуудтай холбоотой шийдвэр гаргалтад нөлөөлсөн байж болзошгүй тухай мэдээлэл дотоод, гадаадад цацагдсаар байна. Тиймээс:
-Жеффри Эпштейн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Ц.Энхтүвшин нартай албан болон албан бус холбоо тогтоож, зөвлөгөө өгч байсан эсэх; Жеффри Эпштейн Монгол Улстай холбоотой хийж байсан ажил, үйл ажиллагааны талаар Гадаад харилцааны яам зэрэг холбогдох төрийн байгууллага мэдээлэл авч байсан эсэх;
-Жеффри Эпштейн насанд хүрээгүй хүүхдийг хүний наймаа, бэлгийн мөлжлөгт зуучилж байсан хууль бус үйл ажиллагаанд Монгол Улсын иргэн хохирогч болж байсан эсэх, ил тод, нээлттэй болгосон “Эпштэйний хавтаст хэрэг” цахим архивтнэр дурдагдсан Монгол улсын иргэдийн дунд насанд хүрээгүй хүүхэд байсан эсэх;
-Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж, хүний наймаа, бэлгийн мөлжлөгт зуучилж байсан хууль бус үйл ажиллагаатай холбогдуулж шалгагдаж байсан Жеффри Эпштейнтэй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга хувийн харилцаа тогтоосон нь Монгол Улсын эрх ашгийг зөрчсөн эсэх;
- Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн жилийн чуулга уулзалтад оролцох үедээ 2013, 2014 онд Нью-Йорк хот дахь Жеффри Эпштейний гэрт хийсэн уулзалт уулзалтын дараа ямар арга хэмжээг хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулсныг тогтоох;
-Дээр уулзалт нь тухайн үеийн албан ёсны айлчлалын хөтөлбөрт багтсан эсэх, холбогдох протоколын дагуу болсон эсэх, уулзалтын талаар Гадаад харилцааны яаманд мэдэгдсэн эсэх;
- Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Давос хотноо Дэлхийн эдийн засгийн форумд оролцохдоо Жеффри Эпштейнтэй уулзаж байсан эсэх, Жеффри Эпштейний холбож танилцуулсан хувь хүмүүстэй уулзалт хийж байсан эсэх;
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид зөвлөгөө өгөх зорилгоор байгуулагдсан Олон улсын зөвлөхүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, зардал, хийсэн ажлын үр дүн, бусад асуудлын талаар Гадаад харилцааны яам болон холбогдох бусад төрийн байгууллага мэдээлэлтэй байсан эсэх, холбогдох журмын дагуу гэрээ байгуулсан эсэх;
-Зөвлөх тус бүрд олгосон гэх 100 мянган ам.долларын үйлчилгээний хөлсийг улсын төсвөөс санхүүжүүлсэн эсэх;
-Жеффри Эпштейн болон Олон улсын зөвлөхүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон зөвлөхүүд Монгол Улсад ирж байсан эсэх;
-Жеффри Эпштейн болон Олон улсын зөвлөхүүдийн зөвлөл Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх томоохон төслүүд болох “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Оюу толгой” төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, далд уурхайн санхүүжилтийн асуудал зэрэгт зөвлөгөө өгч, Засгийн газрын болон төрийн холбогдох байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлж байсан эсэх;
-Монгол Улсын стратегийн орд газар болон үүсмэл ордуудыг ашиглах тухай нэр бүхий байгууллагуудаас бэлдсэн танилцуулгад дурдагдсан төслүүд хэрэгжсэн эсэх, эдгээр төслүүдийн санхүүгийн харилцан хамаарлын тухай, хууль хяналтын байгууллагаар шалгагдан тогтоогдож байсан цаглабар зэрэг санхүүгийн дансны гүйлгээнүүд хамааралтай эсэх;
-Монгол Улсын гадаад хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Л.Пүрэвсүрэн нь Жеффри Эпштейнтэй цахим шуудангаар харилцаж, тогтмол уулздаг байсан. Гадаад харилцааны яам Жеффри Эпштейнд зөвлөх үйлчилгээний төлбөр төлж байсан эсэх;
-Гадаад харилцааны яам Жеффри Эпштейн болон Олон улсын зөвлөхүүдийн зөвлөлд багтсан хувь хүмүүсээр дамжуулан гадаад улсын төрийн байгууллага болон хувь хүмүүстэй уулзалт зохион байгуулж байсан эсэх;
-Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн албан хэрэгцээнд хувийн цахим шуудан хаяг ашиглаж байсан эсэх, албаны болон хувийн цахим шуудан ашиглахтай холбогдуулж Гадаад харилцааны яам тодорхой бодлого хэрэгжүүлж, хяналт тавьдаг байсан эсэх;
-Жеффри Эпштейнтэй хувийн харилцаа сайтай бөгөөд санхүүжилт авдаг байсан гэх Их Британийн хунтайж асан Эндрю, Их Британийн парламентын гишүүн асан Мандельсон нар нь Монгол Улсын эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон стратегийн ордууд, бизнесийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар тодорхой үйл ажиллагаа явуулж байсан эсэх;
-Хунтайж Эндрю, Мандельсон нар Монгол Улсад ирж байсан эсэх, ирж байсан бол хэзээ, хэдэн удаа ирж байсан талаарх мэдээлэл;
-Монгол Улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд олон улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээний компани болох “Лазард”-тай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, зөвлөгөө авч байсан эсэх;
-Жеффри Эпштэйнтэй хувийн харилцаа сайтай байсан гэх Арианэ де Ротшилд (Монгол Улсын эдийн засгийн ач холбогдолтой томоохон стратегийн ордууд, бизнесийн ашиг сонирхолтой холбогдуулж тодорхой үйл ажиллагаа явуулж байсан эсэх;
-Ариана де Ротшильд Монгол Улсын төрийн байгууллагууд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК зэрэг компаниудтай уулзалт зохион байгуулж байсан эсэх;
-Монгол Улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК зэрэг компаниуд Арианэ Дэ Ротшильдын хамаарал бүхий банк, хуулийн этгээдүүдтэй хамтран ажиллаж байсан, зөвлөх үйлчилгээ авч байсан болон төлбөр төлсөн эсэх гэх мэт асуултад хариулт чухал болоод байгаа юм. Хэрвээ энэ бүх асуулт “Тийм” гэсэн хариулттай бол Монгол Улсад, монголчуудад тун эмзэглэмээр эмгэнэлтэй асуудал нэгэнт болоод өнгөрчээ гэсэн үг.
Манай хоёр “экс” Эпштейнд юугаараа барьцаалагдсан бэ?
Ер нь бол, Эпштейн бол олон улсын лоббичин юм. Хөгжиж буй болон ядуу буурай орнуудын Ерөнхийлөгч болон удирдах албан тушаалтнуудыг лобби хийж уулзалт зохион байгуулдаг. Тэр үеэрээ 100-400 мянган ам.долларыг өөрийн танил, нөлөө бүхий хүмүүстээ тараадаг. Зэрэгцээд, бүх уулзалт үйл ажиллагаагаа баримтжуулдаг. Түүгээрээ барьцаалж дарамталдаг байсныг энэ файлд нэр дурдагдагсад хэлээд эхэлсэн байна.
Тиймээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр дээрх байдалд орж барьцаалагдаж, дарамтлуулаад “өндөр түвшний хүрээлэл”-д нь яваад орчихсон уу гэдэг асуулт гарч ирж байна.
Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын Жеффри Эпштейнтэй хийсэн уулзалтууд, тэдний өмнөөс Л.Пүрэвсүрэн, Ч.Ганбат нарын Жеффри Эпштейнтэй харилцсан имэйлүүдээс харвал Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар нь өөрсдөө Жеффри Эпштейний үйлдсэн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон гэх нотолгоо одоогоор олдоогүй байгаа юм. Харин Жеффри Эпштейний лобби-д оролцох, эдийн засгийн зөвлөгөө авах зорилгоор уулзсан, харилцсан нь тодорхой боллоо. Монголын төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд Эпштейний файл дахь мэдээлэлд байгаа нь гарцаагүй үнэн бөгөөд энэ нь Монголын улс төрийн уул уурхайн салбар, гадаад харилцаа АНУ-ын нөлөө бүхий “хүрээлэл”-тэй ямар нэгэн байдлаар холбогдож байсныг харуулж байна.
Ер нь бол, Жеффри Эпштейнтэй холбоотой байж, тэр нь Эпштейний файлаар илэрсэн гадаадын нэр нөлөө бүхий эрхмүүд ээлж дараалан хариуцлага хүлээж, үгүй гэхэд уучлалт хүсэж, харамсал илэрхийлж байна. Тухайлбал, АНУ-ын Хууль зүйн яамнаас уг файлыг нийтэд дэлгэсний дараа, тэндээс “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн нэр хэд хэдэн давтамжтай гарч ирсэн. Үүний дараа тэрээр “Жеффри Эпштейнтэй танилцсандаа харамсаж байна” гэж мэдэгдсэн. Харин манай хоёр Ерөнхийлөгч асан маань уулчлалт ч болтугай гуйх уу, гүрийснээрээ гүрийгээд өнгөрөх үү.
“Эпштейний файлыг анхаарч эхэлсэн” гэж ХЗДХ-ийн сайд мэдэгдэж, ЦЕГ-аас мэдээлэв
Эпштейний файлтай холбоотой асуудлаар Монгол Улс албан ёсоор анхаарч эхэлснийг ХЗДХ-ийн сайдын мэдэгдэл, ЦЕГ-ын мэдээллээс харж болно. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Хэрэгтэй холбоотой асуудлуудыг илүү өндөр түвшний зохион байгуулалтад оруулж ажиллах шаардлагатай байна. Ялангуяа хүний наймаа, хар тамхи, цахим гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд дээр тусгай ажлын хэсгүүд байгуулж, нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллах нь зүйтэй. Манай улсад нэг буруу ойлголт байсаар ирсэн. Тухайлбал, хар тамхины асуудлыг хөндөж яривал хэрэглээг нь нэмэгдүүлнэ гэж үздэг байснаас нөгөө талдаа урьдчилан сэргийлэх ажлууд орхигдож ирсэн. Үүний улмаас хар тамхины хэрэглээ хяналтаас гарч, хар тахал гэх хэмжээнд хүрсэн гэж дүгнэж болохоор байна. Ялангуяа өсвөр насныхны дунд энэ асуудал ноцтой түвшинд хүрчээ. Иймд нэгдүгээрт, энэ чиглэлээр ажиллаж буй нэгж, бүлэг бүрэлдэхүүнийг өргөтгөж, тодорхой стратеги, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, хүний наймаа нь зүгээр нэг яриад өнгөрөх асуудал биш бөгөөд олон хэлбэрээр, далд байдлаар үйлдэгдэж байгаа тул тусгай ажлын хэсэг байгуулж, нарийвчлан шалгах шаардлагатай байна” гэж мэдэгдлээ.
Мөн ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун “АНУ-д сүүлийн үед цахим орчинд гарч буй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж судалж байгаа. Хийгдэж ажлууд бий.Тухайн асуудлууд бодитой үнэн эсэх нотолгоо бүрдүүлэх дээр АНУ-тай эрх зүйн харилцан туслалцаа байгуулахад тодорхой хэмжээний саад тотгор байна. Гэхдээ бид ингээд зогсчихгүй, албан бус харилцаагаар мэдээлэл солилцох хийгдэж ажлууд бий” гэж мэдээлэв.
Эпштейнтэй холбоотой “хэд” дээр ядахдаа ёс зүй яригдах ёстой
Хэдийгээр УИХ-ын олон гишүүн, ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-аас байр суурь илэрхийлж, анхаарч байгаагаа мэдэгдэж буй ч энэ асуудал хууль шүүхийн түвшинд хүрэхгүй л болов уу. Учир нь энэ бол АНУ-ын Хууль зүйн яамнаас гаргаж тавьсан материал, мөн манай улсын хуулиар гэмт хэргийн нотлох баримт гэж үзэх үндэслэл багатай. Энэ байтугай баримт сэлттэй нь “цайрдаг” болчихсон. Гэхдээ, энэ дээр ямар ч байсан ёс зүйн хариуцлага гэдэг зүйлийг бид аль ч түвшиндээ ярих ёстой. “Монгол охин дагуулж очиж сюрприз барина, хүлээж байгаарай” гэж Ерөнхийлөгч байсан хүн нь хэлж өгөөд, Гадаад хэргийн сайд байсан хүн бичээд сууж байжээ. Цаашлаад, энд бичихэд улаймаар нэр устай, агуулга зорилготой үдэшлэг “парти”-д ороод зад наргиж явдаг Ерөнхийлөгчтэй байсан байна. Хамгийн муу нь, Монголыг монголчууд өөрсдөө биш, мөнгөнд дурласан “хүүхэлдэй” удирдаж байсныг Эпштейний файл дахь мэдээллүүд нотоллоо. Товчхондоо, Эпштейний файл дахь мэдээллүүд бол Монголын байдал ийм эмгэнэлд хүрсний тайлал юм байна.
































Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 88 (7830)
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Posted By
Алсын Хараа
On
In
Алсын хараа - 2050 |
No Comments
Төмөрбаатарын БАТСАЙХАН
“Шилэн данс” ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ж.Эпштейний хэрэг, түүнтэй холбоотой материалууд олон улсын анхаарлын төвд байна. Төрийн өндөр албан тушаалтнууд, нөлөө бүхий хүмүүсийн нэр Эпштейний файлуудаас гарч, зарим улс орон хариуцлага хүлээлгээд эхэлсэн нь сайн жишиг. Манай улсын хоёр ч Төрийн тэргүүн, тэдний хамаарал бүхий хүмүүсийн мэдээлэл Эпштейний файлд байгаа нь тогтоогдсон. Та тэднийг яг ямар холбоо сүлбээтэй байсан тухай холбогдох баримтуудыг олон нийтэд хүргээд эхэлсэн. Ер нь бид энэ асуудалд яагаад анхаарах ёстой гэж та үзэж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Ж.Эпштейнтэй холбоотой дуулиан бол зөвхөн нэг хүний гэмт хэргийн асуудал биш. Харин дэлхийн хэмжээний мөнгө санхүү, улс төр, гэмт хэргийн сүлжээний асуудал болж хувирсан. Билл Гэйтсээс эхлээд АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Д.Трамп, Английн хунтайж гээд нөлөө бүхий эрхмүүд энэ хэрэгт ороолцолдсон нь тодорхой боллоо. Энд үндсэндээ гурван том асуудал харагдаж байна. Нэгдүгээрт, хүүхдийн бэлгийн мөлжлөгийн асуудал. Энэ хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүд, тэр дундаа бага насны охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан гэх маш ноцтой баримтууд ил болсон. Дуу, дүрсний бичлэг, гэрчийн мэдүүлэг, хууль хяналтын байгууллагын материал зэрэг олон эх сурвалжаар баталгаажиж байгаа. Хоёрдугаарт, дэлхийн санхүүгийн сүлжээ, мөнгө угаалтын асуудал байна. Энд зөвхөн оффшор бүсэд мөнгө нуух тухай ойлголт яригдахгүй. Үнэт уран зураг, урлагийн бүтээл, үл хөдлөх хөрөнгө, шилтгээнүүд, үнэт чулуу, тансаг эд зүйлс, зарим тохиолдолд хурдан морийг хүртэл мөнгө угаалтын хэрэгсэл болж ашиглагддаг байж болзошгүй баримт мэдээллүүд гарч ирж байна. Гуравдугаарт, улс орны улс төрийн нөлөөллийн асуудал гарч ирдэг. Дэлхийн улс орнуудын сонгууль, улс төрийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх оролдлого, өндөр албан тушаалтнуудтай холбоо тогтоох зэрэг асуудлууд гарч ирдэг. Дэлхий даяар ийм хэмжээний улс төр, санхүүгийн нөлөөлөл гэмт хэргийн сүлжээ ил боллоо. Манай улсын хоёр ч Төрийн тэргүүн энэ сүлжээтэй холбоо тогтоосон байна. Тэгэхээр Монгол Улс хууль бус санхүүгийн урсгал, улс төрийн ашиг сонирхлын энэ сүлжээнээс өөрсдийгөө ангид гэж үзэх боломжгүй. Ил болсон баримт, олон нийтэд нээлттэй материалуудыг судалж, Монголтой холбоотой улс төр, бизнесийн хүрээний ямар нэг холбоос, сэжүүр байгаа эсэхийг нягтлах нь иргэний хяналт, үндэсний аюулгүй байдлын хүрээнд чухал гэж үзэж байна. Миний дэлгэж байгаа баримт материалуудад эргэлзэх зүйл байхгүй. АНУ-ын Хууль зүйн яамны сайт дээр бүгд нээлттэй ил тод байгаа баримтуудыг дэлгэж байна.
-Улс орны улс төрийн сонгууль, шийдвэр гаргалтад нөлөөлсөн баримтууд байна гэлээ. Энэ талаар жаахан дэлгэрүүлж яриад дараагийн асуудалдаа оръё. Монголын сонгуулиудад яаж нөлөөлсөн байдаг вэ?
-2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээллүүд харилцсан е-мэйл болон холбогдох баримтуудад дурдагдсан байна. Тухайн үеийн сонгуулийн нөхцөл байдал, улс төрийн өрнөл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллүүдийг цаг тухайд нь дамжуулсан. Мөн “60 тэрбум”-ын бичлэгийг АНУ-ын студид шинжлүүлсэн асуудалд Ж.Эпштейн оролцсон гэдэг нь тогтоогдсон. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга ялсны дараа түүнд баяр хүргэж, баяр талархал илэрхийлсэн байдаг. Мөн Ч.Ганбат гэх хуулийн фирмийн захирал тухайн үеийн улс төрийн мэдээллүүдийг тогтмол хүргэж, харилцан дэмжлэг туслалцаа авч байсан тухай е-мэйлүүд ч байна. Тэгэхээр одоо хамгийн гол асуудал нь дэмжлэг, туслалцаа гэдэг нь чухам юу байв гэдгийг шалгах хэрэгтэй. Парламент энэ асуудалд Хянан шалгах түр хороо байгуулж болно. Мөн Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулан ажиллаж болно. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой маш ноцтой баримтууд тэнд байна.
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 60 тэрбумын хэргийн бичлэгийг шалгах асуудалд Ж.Эпштейн оролцсон юм байна. 2016 оны УИХ-ын сонгуульд яаж оролцсон тухай тодорхой баримт байна уу?
-2016 оны сонгуультай холбоотой баримтууд дотор саппорт буюу дэмжлэг үзүүлсэн агуулгатай олон емэйл байна. Тухайлбал, “Таны үзүүлсэн дэмжлэгт маш их баярлалаа”, “Та маш хүчтэй дэмжлэг үзүүллээ”, “Цаашид ч энэ дэмжлэгээ үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн агуулгатай харилцаанууд байна. Энд хамгийн чухал нэг асуулт бий. Дэмжлэг гэж яг юуг хэлээд байна вэ. Манай Сонгуулийн хуульд гадаадын байгууллага, иргэн, хуулийн этгээдээс аливаа хэлбэрээр хандив, тусламж, дэмжлэг авахыг хатуу хориглодог. Хэрэв тэр дэмжлэг нь энэ төрлийн дэмжлэг байсан бол маш ноцтой асуудал болж яригдана. Энэ бүхнээс харахад Ж.Эпштейн манай улсын 2016, 2017 оны төрийн сонгуулиудтай ямар нэгэн байдлаар холбогдож байна. Үүнийг төр, засаг, хууль хяналтын байгууллагууд албан ёсоор шалгаж тогтоох ёстой. Иргэн хүн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, гэрчээс мэдүүлэг авах, баримт бичигт шинжилгээ хийх эрхгүй. Харин ийм бүрэн эрх, боломж нь төрийн байгууллагуудад бий. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор тухайн үед улс төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан хүмүүсээс тайлбар, тодруулга авах шаардлагатай. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, тэдний зөвлөх, хууль ёсны төлөөлөгч нар нь болох Ч.Ганбат, Л.Пүрэвсүрэн нараас яагаад харьцаж байсан. Ямар төрлийн дэмжлэг авч байсныг нь ярих хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн нэр дурдагдсан маш урт мэйл байсан. Үүнийг би шинжлэн судлах ёстой гэж үзэж байгаа.
-Нэр холбогдсон улстөрчид “Ж.Эпштейнтэй санаандгүй таарсан”, “Хамт оройн хоол идсэн”, “Сайн танихгүй, мэдэхгүй” зэрэг тайлбар өгсөн байна лээ. Ер нь улс төрийн мэдэгдлээр энэ асуудлыг хааж өнгөрөх боломжтой юу. Та юу гэж харж байна вэ?
-Мэдээж боломжгүй. “Би холбоогүй”, “Би мэдэхгүй”, “Би буруугүй” гэсэн нэг өгүүлбэрээр хаагаад өнгөрөх асуудал биш. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан, Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэнтэй холбоотой ноцтой асуудлууд ил болсон шүү дээ. Хэдэн зуун сая ам.долларын үнэлгээтэй уран зураг, үнэт чулуу, үл хөдлөх хөрөнгө зэрэг хөрөнгө оруулалтын шинжтэй саналууд илгээсэн байна. Бүүр Ж.Эпштейн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Л.Пүрэвсүрэн нарт “140 сая ам.долларын үнэ бүхий уран зурагнууд, 80 сая ам.долларын үнэ бүхий алмаз чулуунууд, 250 сая ам.долларын үнэ бүхий орд харшууд маш их хямдарсан байна гэж санал болгож байжээ. Эндээс логикийн хувьд нэг асуулт гарч ирж байгаа юм. Хүн зүгээр нэг танихгүй, ямар ч холбоогүй хүнд ийм хэмжээний хөрөнгө, үнэт эдлэл, орд харш худалдан авахыг санал болгоод байдаггүй. Өмнө нь ийм төрлийн сонирхол, харилцаа, эсвэл хөрөнгө оруулалтын яриа байжээ. Мөн Дубайд болсон морин тойруулгын тэмцээнтэй холбоотой харилцаанууд гарч ирдэг. Монголын нөлөө бүхий хүмүүс оролцох гэж байгаа тухай. Урилга, тасалбар, суудлын захиалга гэсэн хүсэлтүүд явуулж байсан. Тухайн үеийн буюу 2014 оны “Dubai World Cup”-тай холбоотой VIP тасалбарууд маш өндөр үнэтэй байсан. 8- 23 сая төгрөгийн үнэтэй байжээ. Энэ тэмцээнийг манай хүмүүс үзжээ. 12 жилийн өмнө Төрийн өндөр албан тушаалтнууд нь тасарсан амьдралтай байжээ. Бид түүнийг мэдээгүй байжээ. Тэгэхээр энэ бүхнийг зүгээр нэг улс төрийн мэдэгдлээр хаах боломжгүй. Ялангуяа Ц.Элбэгдорж шиг Монгол Улсын төрийн тэргүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан хүний тухай асуудал яригдаж байгаа нь зүгээр нэг хувь хүний асуудал биш, төрийн хэмжээний асуудал болж хувирна. Ц.Элбэгдорж цалингаараа ийм хэмжээний хөрөнгийг бий болгож чадахгүй. Энд асар их хэмжээний хөрөнгө мөнгө, баялгийн асуудал байна. Монгол Улсын баялаг, төрийн шийдвэр, үндэсний эрх ашигтай холбоотой асуудал яригдаж байхад бид үл тоогоод өнгөрөхгүй.
-Та одоогоор 11 пост, баримтыг цахим орчинд нийтэлсэн байна. Хуулийн байгууллагаас баримт мэдээллийн дагуу ямар нэгэн шалгалт эхлүүлсэн зүйл байгаа болов уу. Танд ямар мэдээлэл байна вэ?
- Одоогоор мэдэгдсэн зүйл байхгүй байна. Энд анхаарах ёстой бас нэг чухал зүйл нь байгалийн баялагтай холбоотой асуудал юм. Ж.Эпштейн файлд Тугалгатайн ордтой холбоотой мэдээлэл байдаг. Энэ мэдээллийг “Бодь” группийн нэг хэсэг болох Голомт банкнаас явуулсан байдаг. Энэ ордын нөөц нь ойролцоогоор гурван тэрбум тонн нүүрс байна. Зарим томоохон стратегийн ордуудтай харьцуулахад маш их нөөцтэй. Одоогоор та бид энэ ордын мэдээллийг Ж.Эпштейн файлаас авч байна шүү ээ. Улсын нууц ч юм бил үү. Гэтэл яагаад тэнд энэ мэдээлэл очсон бэ. Үүнийг шалгах ёстой. Голомтын Ж.Эпштейнд очсон мэдээлэлд Менделеевийн үелэх системийн олон элемент Монголын нутагт байдаг тухай дурдсан байсан шүү дээ. Ямар зорилго байна вэ. Ер нь томоохон хэмжээний орд, баялгийн мэдээлэл хаа хамаагүй ашигладаг зүйл биш. Улс орон ээлж дараатай, бодлоготой дэлгэх ёстой. Гэтэл бидний мэдэхгүй бидний баялгийг нэг компани, нэг бүлэглэл, эсвэл улс төрд нөлөө бүхий сүлжээ ашиглаж байна. Энэ өөрөө шалгах ёстой асуудал. Тугалгатайн орд гэж нэрлэгдэж байгаа орд үнэхээр Монголын өмч мөн үү, биш үү гэдэг нь тодорхой байх ёстой.
- Ж.Эпштейн файлын хамгийн ноцтой нь хүний эрх, тэр дундаа охидтой холбоотой асуудал. Та зарим чат, харилцааны мэдээллийг олон нийтэд гаргасан. Тэнд Монгол охидтой холбоотой яриа, харилцааны шинжтэй ямар агуулгууд байна вэ?
-Маш олон байна. Тухайлбал, нэг чат дээр “Удахгүй Нью-Йоркт уулзахдаа нэг сюрпризтэй ирнэ, тэр нь Монгол охин байна” гэх мэт агуулга байсан. Нөгөө тал нь ч “Сайхан мэдээ байна, тэсэн ядан хүлээж байна” гэх байдлаар хариу өгсөн байна. Үүнийг би хүний наймаатай холбоотой байж болзошгүй гэж хардаж байгаа. Мөн өөр нэг чат дээр “Тэр охин визээ хүлээж байна, би дахиад шалгаад мэдээлэл өгье” гэсэн утгатай яриа байсан. Үүнийг энгийн харилцаа гэж үзэхэд хэцүү. Харилцсан хүмүүсийн нэрийг бүрэн нийтлээгүй, зарим хэсгийг дарсан байсан. Энэ бүхэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, зөвлөх Л.Пүрэвсүрэн нартай холбоотой байж магадгүй байна. Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүд хаачсан бэ гэдгийг эхлээд шалгах хэрэгтэй. Энэ бол хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, хүний наймааны асуудал. Монгол охидын талаар хайлтын үр дүн гарч байгаа л бол Монголын төр, парламент, иргэд энэ асуудлыг зүгээр хараад сууж болохгүй. УИХ-ын эмэгтэй гишүүд маань ч яагаад дуугарахгүй байна вэ. Би гайхаж байна. Тэд Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл мөн биз дээ. Тэд өөрсдөө эмэгтэйчүүдийн квотын төлөө өрсөлдөж, парламентад орж ирсэн хүмүүс. Тэгвэл эмэгтэйчүүдийн асуудал яригдаж байхад дуугарах ёстой. Энэ асуудал өөрөө хувь хүнээс давсан асуудал болчихлоо. Миний харж байгаагаар шалгалт эхлэх цэг нь тодорхой. Тухайлбал тухайн үед гадагшаа явсан, холбоотой байж болзошгүй охидын мэдээлэл, виз, зорчих хөдөлгөөн, гэр бүлийн мэдээлэл зэрэг зүйлсээс эхэлж шалгаж болно. Хамгийн чухал нь энэ бүхнийг хуулийн хүрээнд, баримтад тулгуурлаж шалгах хэрэгтэй.
-Та энэ асуудлыг нэлээн судалсан. Ер нь Ж.Эпштейн яагаад Монгол Улсыг “овоо хараа”-ндаа авч, Монголын улстөрчидтэй холбоо тогтоов. Үүний цаана ямар ашиг сонирхол байна вэ. Магадгүй байгалийн баялаг уу?
-Чиний харж байгаа өнцөг, миний харж байгаа өнцөг үндсэндээ адилхан байна. Гол асуудал нь баялаг. Баялгийг захиран зарцуулж байгаа, их хэмжээний хөрөнгөтэй, авлига үүсгэж болзошгүй, итгэж болохгүй хүмүүс юу ч хийхэд бэлэн. Ийм хүмүүсийн шунал өндөр түвшинд хүрсэн байдаг. Хэрэглээ, зардал, нөлөөллийн цар хүрээ нь асар том. Түүн дээр л тоглолт хийсэн. Зарим мэдээллээс харахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Л.Пүрэвсүрэн нар бүх байрлалаа мэдээлж байсан байдаг. Эдгээр нь дэлхий даяар тархсан сүлжээ мэт дүр зургийг харуулж байна. Ер нь Монголын баялгийг гадагш чиглүүлэх, тодорхой ашиг сонирхлын сүлжээ байжээ гэсэн дүгнэлттэй байна. Тэр үед хийгдсэн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг ч Ж.Эпштейн хийсэн нь баттай шүү. Одоогоор миний дэлгэсэн баримтууд тал хувьдаа ч хүрээгүй. Цаашид юу гарч ирэхийг таашгүй байна. Тухайлбал, өмнө нь “Panama Papers” зэрэг олон улсын баримтуудаар олон орны хүмүүс ил болж байсан. Түүн шиг дахин шинэ баримтууд гарч ирж магадгүй. Иймээс энэ бүх асуудлыг зөвхөн нэг хэсэгт нь биш, цогцоор нь авч үзэж, Монгол Улсын хэмжээнд хууль хяналтын байгууллага, Засгийн газар, УИХ-ын түвшинд албан ёсоор шалгах шаардлагатай гэж би үзэж байна.









Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 85 (7827)
“Бодь”-ийн 110 сая ам.долларын авлигаар анх сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүгэл үлээж байжээ...
Posted By
Алсын Хараа
On
In
Алсын хараа - 2050 |
No Comments
Хятадын коммунист удирдагч Мао Зэдун: Ард нийт бол цагаан цаас, тэрэн дээр юу ч бичиж болно гэж хэлсэн. Энэ нь: Ард нийтийг удирдан чиглүүлж, хүссэнээрээ хэлбэржүүлж болно гэсэн үзэл санаа. Монголд ч улстөрчид энийг хэрэгжүүлдэг. Тэрний нэг кэйс нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийнх. Н.Өнөрцэцэгийг буруутган шүүж, ял оноосон хэргүүдийн дунд: Төрийн нууцыг хадгалсан гэж байсан. Шүүгдэж яллагдах үед нь өмөөрсөн талууд: Сэтгүүлч хүн төрийн нууцыг хамгаалах үүрэггүй, хадгалж болно. Хамгаалах үүрэгтэй албан тушаалтнууд нь буруудах ёстой гэж байв. Харин: Н.Өнөрцэцэг төрийн ямар нууцыг хадгалж байсан бэ гэдгийг илрүүлэн гаргаж чадаагүй юм.
Гэтэл нь: Цаг хугацаа бол мундаг шүүгч байдаг. Эдүгээгээс өнгөрснийг буцаагаад харахул энэ кейс шалтгаан нөхцөл нь тодорч өгч байна.
Н.Өнөрцэцэг 2023 оны 11 дүгээр сард "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө: Өчигдөр яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцлаа. Яллагдагчаар татагдсан тогтоолыг эсэргүүцэж өргөдөл гаргалаа. Горьдлогын мөр гэдэг шиг гомдол гаргаад л үзье. Ер нь хууль дүрмийн дагуу явдаг улсад хууль дүрмийн дагуу шалгуулахад надад айдас алга. Гэхдээ үүн дээр яалт ч үгүй Н.Өнөрцэцэгийг дуугүй болгоё. Сонгууль ч дөхөж байна, ер нь сэтгүүлчдийн амыг барья гэдэг айдсыг надаар дамжуулж өгье гэж эрх баригчид улайраад байгаад санаа зовж байна. Уг нь нүүрсний хэргээр хамгийн түрүүнд шалгагдах хүмүүс бол тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүд болох Ерөнхийлөгч асан Х.Баттулга, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, оффтейк гэрээ байгуулсан Голомт банкны захирал Д.Баясгалан нар шүү дээ гэж ярьсан.
2024 оны долдугаар сарын 19-нд шүүх хурлын завсарлагаар гарч ирэн: Намайг төрийн нууцыг хадгалсан гэж буруутгаж байгаа юм. Гэтэл төрийн нууцыг задруулсан дарга, сайд нь яагаад буруудахгүй байгаа юм бэ. Нэг талд нь нууц хадгалсан бол тэр нууцыг задруулсан хүн байх ёстой биз дээ гэсэн.
2023 оны арванхоёрдугаар сарын 2-нд: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна гэж ярьсан.
2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд: Үгэнд ор, үгүй бол шоронд ор гэх сүрдүүлгийг маш аймшигтайгаар шуурхай гүйцэтгэж буй шат шатны хууль хяналтын байгууллагуудын улайм цайм үйлдлийг Ерөнхий шүүгч, УЕП, ЦЕГ-ын дарга нар анхааралдаа авч, шударга ёсны талд зогсож өгнө үү гэж Цагдан хорих байрнаас захидал бичсэн.
2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Н.Өнөрцэцэгт холбогдох төрийн маш нууцын зэрэглэлтэй мэдээлэл, баримт хавсаргасан хавтаст хэрэг нь бүхэлдээ дээрх хуульд заасны дагуу буюу маш нууцын зэрэглэлд хамаарах тул шүүх хуралдааны зарим хэсгийг нээлттэй явуулах хууль зүйн боломжгүй болно гэж мэдэгдсэн.
Тэгж шүүгээд ял оноосон.
Тэгэхнээ: Н.Өнөрцэцэгийн хэвлэлүүдэд өгсөн удаа дараагийн ярилцлага, шүүхийн мэдэгдэл зэргийг эш баримт болговоос түүний хадгалсан төрийн нууц юу байв гэдгийг ойлгож болохоор болчихов. Дээр: Цаг хугацаа бол мундаг шүүгч гэсэн нь энэ.
Тодруулах нь ээ: Н.Өнөрцэцэг нүүрсний хулгай ярьсан. Тэрэндээ оффтейк гэрээг онцолсон. Тэгэхдээ тэр үеийн ҮАБЗ-ийн гишүүдийг нэг бүрчлэн дурдсан.
Гэтэл нь: Нүүрсний хулгайн голлох баримт болох оффтейк гэрээнүүд 2022 оны арванхоёрдугаар сард ил болчихсон. Гагцхүү: Тавантолгойгоос Гашуунсухайтын төмөр замыг барих зөвшөөрөл олгосон ҮАБЗ-ийн зөвлөмж нууцдаа үлдсэн. Эдүгээ ч нууцдаа байна. Тэрхүү: ҮАБЗ-ийн 2019 оны нууц зөвлөмжөөр Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Бодь" компанитай байгуулсан гэрээг өөрчлөх, санхүүжилтийг Эрдэнэс Тавантолгой ХК-иар шийдвэрлэхийг нууцад оруулахыг чиглүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлж. Цаашаагаа: Энэ чиглэлийн дагуу Засгийн газар, Эрдэнэс Тавантолгой гүйцэтгэл явуулсан. Тэгэх үедээ: Ажлын урьдчилсан гүйцэтгэл байхгүй, гэрээ албан ёсоор байгуулагдаагүй байхад урьдчилгаа төлбөр болох 110 сая ам.долларыг "Бодь" компанид шилжүүлсэн. Мөнхүү: Урьдчилгаа төлбөрийг шилжүүлэхдээ уг санхүүжилтийн хүрээнд хийгдэх барилгын ажлын захиалагчийн хяналтын зардал болох 2827 749.38 ам.долларыг хасах байсан ч нийт 110 сая ам.долларыг 2019 оны аравдугаар сарын 11, 23-ны өдрүүдэд хоёр хуваан шилжүүлсэн.
Базах нь ээ: 26 оны 3 дугаар сард Л.Оюун-Эрдэнээс АТГ-т: "Бодь" компанийн оффтейк гэрээ нь 600 сая ам.доллар байсан нь 1.3 тэрбум болон нэмэгдэж, анхны гэрээ байгуулагдсан өдөр Тавантолгой төмөр зам компанийн Голомт банкинд байрших 8145100943 данснаас "Бодь" компанийн Голомт банканд байрших 8154100935 тоот дансанд 110 сая доллар буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 293.700.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Хожим нь уг дансыг устгасан. Түүнийгээ Голомт финаншиал группээр дамжуулан валют арилжаа гэсэн гүйлгээний утгаар бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай байгууламжуудад гэрээ байгуулахад оролцсон нэр бүхий улстөрчдөд тус мөнгийг бэлнээр тараасан. Энэнд холбогдох хоёр гэрчийн хувийн мэдээлэл, хоёр цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг болон зарим татаж авсан зургуудын хамт хүргүүлж байна гэсэн гомдол гаргасан. Энийг хэвлэлүүд, ард нийт: Л.Оюун-Эрдэнэ "Бодь"-ийн 110 сая ам.долларын авлигаар шүгэл үлээлээ гээд байгаа юм. Гэтэл нь: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг анх шүгэлдэж, тэрнийхээ төлөө шоронд орсон нь эдүгээ тодрон тайлагдаж байна…
Ө.Билэг
"Өдрийн сонин"
/2026.04.16/
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Posted By
Алсын Хараа
On
In
Алсын хараа - 2050 |
No Comments
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн амжилттай арилжаагаар 192.0 мянган тонн нүүрсийг нийт 17.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 108.4 ам.доллароор арилжаалж нийт 3.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 6.5 ам.доллароор буюу 6.4% өслөө.
1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 77.8 ам.доллароор арилжаалж нийт 4.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 1.5 ам.доллароор буюу 2.0% өслөө.
1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 71.9 ам.доллароор арилжаалж нийт 2.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 2.5 ам.доллароор буюу 3.6% өслөө.
Баяжуулсан сул коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 111.7 ам.доллароор арилжаалж нийт 7.15 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 12.5 ам.доллароор буюу 12.6% өслөө.
2026 онд 98 удаагийн арилжаагаар 428.0 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.18 сая тонн нүүрс арилжлаа.
Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар “БОДЬ”-ийг “танихгүй” ч баримтууд тэднийг барьж өгч байна
Posted By
Алсын Хараа
On
In
Алсын хараа - 2050 |
No Comments
Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр, Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар цацагдсан мэдээлэл баримт бүрийг үгүйсгэж гүлдийсээр буй. Гэвч тэднийг их мөнгөний авлигад холбоотойг баталсан баримтыг Бодь группийн гүйцэтгэх захирал асан А.Амундра хилийн чинадаас дэлгэсээр байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Миний АТГ-т өгсөн баримтад илүү ноцтой бичлэг бий" гэж мэдэгдсэн нь олны анхааралд хэдийн орчихсон. Хоёрхон хоногийн өмнө гэхэд Тавантолгой-Гашуунсухайт төслийн менежер н.Нямдэлгэр Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг уг төсөлд ажиллаж байсныг баталсан мэдэгдэл хийгээтэхлээ. Ирэх өдрүүдэд энэ мэт ноцтой баримтууд хөвөрсөөр байх нь тодорхой болчихлоо.
“Бодь интернэшнл” ХХК-иас төмөр замын оффтейк гэрээг байгуулахын тулд улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудад онц их хэмжээний буюу 110 сая ам.долларыг тараасан гэх дуулиан тасраагүй байна. Тасраагүйгээр барахгүй хэн, хэн гэдэг улстөрч хэчнээн сая доллар авсан, түүний эргэн тойронд хэн хэн ажиллаж байсан гээд шинэ, шинэ баримтууд шилээ даран гарч ирсээр буй нь анхаарал татаж байна.
Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр, Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар цацагдсан мэдээлэл баримт бүрийг үгүйсгэж гүлдийсээр буй. Гэвч тэднийг их мөнгөний авлигад холбоотойг баталсан баримтыг Бодь группийн гүйцэтгэх захирал асан А.Амундра хилийн чинадаас дэлгэсээр байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Миний АТГ-т өгсөн баримтад илүү ноцтой бичлэг бий" гэж мэдэгдсэн нь олны анхааралд хэдийн орчихсон. Хоёрхон хоногийн өмнө гэхэд Тавантолгой-Гашуунсухайт төслийн менежер н.Нямдэлгэр Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг уг төсөлд ажиллаж байсныг баталсан мэдэгдэл хийгээтэхлээ. Ирэх өдрүүдэд энэ мэт ноцтой баримтууд хөвөрсөөр байх нь тодорхой болчихлоо.
Бүр тодруулж хэлбэл Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын мэдэгдэл худал болохыг баталсан баримтуудыг хүмүүс дуу дуугаа аван ил болгосоор байна. Тиймээс процессын он дарааллыг элдэв хачиргүйгээр тоймлоотхоё.
2026.03.23: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-т Б.Энхбаяртай холбоотой баримтууд хүргүүлэв. Энэ үеэр тэрээр "Б.Энхбаяр нь "Бодь Интернэшнл" ХХК-ийн захирал Д.Баясгалантай хоёр хүний хамт дөрвүүлээ уулзах үеэр нэг удаад 500 мянган ам.доллар, дараагийн удаад 800 мянган ам.доллар буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй мэдээлэл байна. Энэхүү асуудлыг гэрчүүд, холбогдох баримтын хамт надад өгсөн. Тэр бүх баримтыг Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгч байна. "Голомт” банканд ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-т очсон цагаасаа “Бодь”-той холбоотой баримтуудыг устгах, “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулах, өөрийнхөө намтраас “Бодь”-той холбоотой баримтуудыг хасах, өөрийнхөө хувьцаа эзэмшлээс татгалзах гэх мэт ажлуудыг хийж байгаа. Сүүлд дэд сайд болоод 2019-2021 оны замын цагдаагийн камерын мэдээллүүдийг устгахаар оролдож байгаа гэсэн мэдээллийг би авсан. Өөр нэг ноцтой асуудал бий. Цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдлийг Б.Энхбаяр Б.Нямжав гэдэг хүн рүү шилжүүлсэн. Б.Нямжав уяач бол МАН-ын ЕНБД Я.Содбаатар даргын ойрын найз. Нийт 5 орчим тэрбумыг аваад мөн тараасан. Энэ баримтыг хавсаргалаа" хэмээн мэдэгдсэн юм.
2023.03.23: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Хоёр цагийн урттай бичлэг байгаа гэж яриад байгаа юм. Байгаа бол гаргаж тавиач" гэснээс өөр ямар ч тоймтой баримт, тайлбар хэлсэнгүй.
2026.03.24: “Бодь групп”-ийн ерөнхийлөгч Д.Баясгалан"Би Б.Энхбаяр гэж хүнийг огт танихгүй. Дээрээс нь би ямар нэг хүнээр болон элдэв хангайн юмаар дамжуулж тэр хүнтэй огт харьцаж үзээгүй. Нүүрсний сонсголоос ч өмнө, дараа нь ч тэр Б.Энхбаяр гэж хүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй" гэж мэлзэв. Мэлзсэн гэдгийг нь баталсан мэдэгдлийг түүнийг ингэж хэлсний дараахан Д.Сумъяабазар хийсэн юм.
2026.03.24: “Бодь групп”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра хилийн чинадаас "Хэзээ нэг их үндэсний бүтээн байгуулагч байсан юм, Бодь. Ингээд худлаа яриад эхэлдэг юм. Намайг ажил авахад өрөнд идэгдсэн 10 ажилтантай компани болсон байсан шүү дээ. Д.Мөнх-Эрдэнэ бол гуниг шүү. “Бодь интернэшнл” ХХК-тай гэрээ хийгээд энэ төсөл дээр хуулийн зөвлөхөөр ажилласныг нь олон хүн мэднэ. "Бодь интернэшнл” ХХК-ийнхан одоо гэрээгээ устгаж байгаа биз. Ингэж битгий худлаа ярь аа, Д.Мөнх-Эрдэнэ ээ. Тэр үед хуралд хамт сууж байсан залуус бүгд амьд байна" хэмээн шүгэл үлээв.
2026.03.25: ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Би Бодь-д группт ажиллаж байгаагүй" гэсэн бөөрөнхий тайлбараас өөр өлгөж авахаар үг унагасангүй.
2026.03.25: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар "2020 оны 3, 4 дүгээр сарын орчим би Бодь-ийн Д.Баясгалан захиралтай нэг уулзахдаа одоогийн Хууль зүйн сайд Б.Энхбаярыг танилцуулсан. Уулзалт Голомт банкны төв оффис дээр болсон. Тэр уулзалтад Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтын төлөөлөл болж А.Амундра захирал байсан. Эдгээр хүмүүс нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэлжээ. Үнэн мөртэй шүү" хэмээн Бодь-ийн Д.Баясгалангийн яриа худал болохыг илчлэв.
2026.03.27: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Л.Оюун-Эрдэнэд ямар ч 2 цагийн бичлэг байхгүй" гэж өмнө нь хэлсэн мэдэгдлээ тоть мэт давтав.
2026.03.30: ХЗДХ-ийн сайдын багцаас 5 тэрбум төгрөг Б.Нямжавын данс руу шилжүүлсэн гэх хэргийн гэрч Д.Уламбаяр "Б.Энхбаяр жолоочоо явуулж, Б.Нямжаваас том хар ууттай цүнхтэй мөнгө авхуулсан. Би энэ процессыг өөрийн нүдээр харсан. Б.Энхбаяр өөрөө гадна машинд хүлээж байсан. Тухайн мөнгөнөөс100 сая төгрөг дутчихлаа гэж араас нь нэхэж байсан паразит шүү дээ" гэсэн мэдэгдэл хийж олныг ангайлгав. Түүний шилэн Цогоо хэмээн Цогтгэрэлтэй хийсэн ярилцлагын видео бичлэг өнөө ч сошиалд өндөр хандалтай явж байна.
2026.04.03: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан бол, одоо Н.Учрал Ерөнхий сайд энэ хорт могойгоор хоолойгоо боолгох гэж байна. Хорт могой Б.Энхбаяр авлигын хэргээрээ барьцаалж, ЗГХЭГ-ын дарга боллоо" хэмээн мэдэгдэв. Энэ мэдэгдлээс анзаарахад Бодь группээс их мөнгө авсан эрх мэдэлтэнтэй хийх тэмцэл улам л эрчээ авах нь тодорхой болжээ.
2026.04.05: “Бодь групп”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра "Хэдэн цүнх мөнгө хэний машинд орсон бэ" гэсэн тайлбартайгаар машины арын хэсэгт хийсэн цүнх дүүрэн мөнгөний зураг сошиалдаа оруулж олныг шуугиулав. Түүний оруулсан дараагийн зураг нь Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийнх байв. Тайлбар нь тун ноцтой. "2019 оны 9 дүгээр сарын 22-нд ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Ред рок тэрэлж”-ийн хурлын өрөөнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээг хийхээс өмнө хуулийн зөвлөгөө өгч, өөрийн биеэр, өөрийн гараар санхүүжилтийн гэрээг бэлдэж суугаа нь" гэсэн тайлбар нь мөн л олныг шуугиулж, "Бодь"-ийн Д.Баясгалангийн худал мэдэгдлийг улам тодотгов. "Ред рок тэрэлж" Бодь-ийн хамаарал бүхий газар гэдгийг интэрнэтээс хайгаад харчихаж болно.
2026.04.06: Тавантолгой-Гашуунсухайт төслийн менежер н.Нямдэлгэр гэдэг эмэгтэй "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлтйн төмөр замын төсөл эхлэх үе шат буюу 2019 онд миний бие /Бодь групп/ Төлөвлөгөө мониторингийн хэлтсийн менежерээр ажиллаж байсан. Тухайн үед миний өрөөний нөгөө талд Д.Мөнх-Эрдэнэ төслийн санхүүжилтийн гэрээн дээр сууж байсан нь үнэн. Бид нэг өрөөнд ууж байсан. Гэтэл тухайн хүн төсөл дээр ажиллаагүй гэж хэлээд байгааг ойлгохгүй юм" гэсэн мэдэгдэл хийж мөн л олныг ангайлгаж, Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн үгийг үгүйсгэв.
Эндээс хэн баримт ярьж, хэн нь түүнийг төөрөгдүүлэх гэж оролдож байгаа нь төвөггүй ойлгогдоно. “Бодь групп”-ээс улстөрчдөд тараагдсан 110 сая ам.долларын авлигын сүлжээний эхний эзэн Б.Энхбаяр байсан нь АТГ-т хүргэгдсэн баримтууд, Д.Сумъяабазар, А.Амундра, менежер н.Нямдэлгэр нарын ярьсан, дэлгэсэн баримтаар нотлогдсоор байна.
Л.Оюун-Эрдэнэ, А.Амундра тэргүүтэй нөхөд хөдөлшгүй баримтаар шүгэл үлээж, түүнийг нь гэрчүүд баталгаажуулсаар байна. Түүгээр зогсохгүй ХЗДХ-ийн сайдын багцаас цагдаагийн ажилтнуудын цалингийн үлдэгдэл байж болзошгүй 5 тэрбум төгрөгийг уяач Б.Нямжавын компани руу шилжүүлсэн нь хөдөлшгүй болсныг шилэн Цогоо баримтаар дэлгэсэн. Үүний араас улсын төсвөөс гарсан 5 тэрбумаас Б.Нямжаваас Б.Энхбаяр хэрхэн татаас авч байсныг өөрийн нүдээр харсэн гэрч Д.Уламбаяр баталж, олон нийтэд мэдэгдчихлээ. АТГ-ын мөрдөгчид ч шалгалтын ажиллагаагаа эхлүүлжээ.
Нөгөө талд Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын хууль зөрчсөн, авлига, албан тушаалын гэмт үйлдэл хийсэн баримтууд цаашид ч дэлгэгдэх нь тодорхой байна. Тодруулбал, захирал асан А.Амундра бүр ноцтой баримт удахгүй дэлгэхээр бэлтгэж буй гэх. Тэрхүү баримтаар Б.Энхбаяр нарын 1.3 сая долларын авлигаар тогтохгүй бүр ноцтой баримт, фактууд байгааг эх сурвалж хэлж байна.
Тиймээс Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын “Бодь”-ийг танихгүй, мэдэхгүй гэх гүлдийлт, олон нийт ард түмнийг төөрөгдүүлж маллах гэсэн оролдлого хол явахгүй нь тодорхой болчихлоо. Харин тэдэнд өнөөдөр хариуцлага ярьж, хууль хяналтын байгууллагаас дуудаж байцаалт авах, олон нийтийн бухимдуулаад байгаа баримтуудыг нягталж, нэг талд нь гаргах шаардлага байна.
Ингээд харахаар Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар “Бодь”-ийг “танихгүй” гэж мэлзэх ч баримтууд тэднийг барьж өгч байна.
Д.Батболд
"Өдрийн сонин"
/2026.04.07/