Америкийн “Тайм” сэтгүүлийн редакц хиймэл оюуныг (AI) “Оны хүн”-ээр тодруулж магадгүй байна.
“Полимаркет” цахим платформд мэдээлснээр, AI оны хүнээр тодрох магадлалаар Тэргүүн хамба XIV Лео, “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман зэрэг нэр дэвшигчдийг ардаа орхисон бөгөөд оны хүнээр өргөмжлөгдөх магадлал 36 хувьтай байгаа аж.
“Оны хүн”-ээр шалгарах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчдийн дунд “Nvidia” компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Женсен Хуан 17 хувийн магадлалтайгаар дараагийн байрт орж байна. Пап лам XIV Леогийн хувьд 14 орчим хувь, “OpenAI”-гийн гүйцэтгэх захирал Сэм Алтманы шалгарах магадлал 8 орчим хувьтай гарчээ.
Тус сэтгүүл өнгөрсөн онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг оны хүнээр тодруулсан юм. Д.Трамп өнгөрсөн оны сонгуульд дахин өрсөлдөхдөө гайхалтайгаар эргэн ирж, сонгуулийн дүн хаашаа ч хэлбийх магадлалтай муж улсуудад ялсан билээ.
“Тайм” сэтгүүл 1927 оноос хойш “Оны хүн”-ийг тодруулж байгаа юм. Энэ цолыг олгоход тодорхой шалгуур байхгүй, эерэг эсвэл сөрөг байсан эсэхээс үл хамааран тухайн жилд нийгэмд хамгийн их нөлөө үзүүлсэн хүнд олгодог.
Уг шагналыг олны танил эсвэл нэг хүнд тэр бүр өгдөггүй. Тухайлбал, 1969 онд дундаж америкчуудыг оны хүнээр тодруулж байсан бол 2006 онд интернэтийн хэрэглэгчид оны хүн болж байв. Харин 1982 онд компьютерыг "Оны машин"-аар шалгаруулж байжээ.
Дэлхийн анхны нисдэг машины үйлдвэр ажиллаж эхэлжээ
Posted By
Алсын Хараа
On
In
Шинжлэх ухаан |
No Comments
/Xinhua/. Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч “XPENG” компанийн охин компани болох “XPENG AEROHT” дэлхийд анхных болох үйлдвэрт нисдэг машиныг олноор үйлдвэрлэх туршилтыг даваа гарагт эхлүүлжээ. Энэ нь дараагийн үеийн тээврийн хэрэгслийг арилжаанд нэвтрүүлэхэд чухал алхам юм.
Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн нийслэл Гуанжөү хотын Хуанпү дүүрэгт байрладаг 120 мянган хав.дөр.м талбай бүхий уг үйлдвэр нь модульчлагдсан нисдэг машиныхаа анхны салдаг цахилгаан онгоц болох “Хуурай газрын нисэх онгоц тээвэрлэгч”-ийг хэдийн танилцуулсан байна.
Энэхүү үйлдвэр жилд 10 мянган салдаг онгоцны модуль үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд анхдагч хүчин чадал нь 5000 ширхэг юм. Ингэснээр ийм төрлийн үйлдвэрүүдээс хамгийн их хүчин чадалтай нь бүрэн ашиглалтад орсны дараа 30 минут тутамд нэг онгоц угсарна.
“XPENG AEROHT” бүтээгдэхүүнээ танилцуулснаас хойш ойролцоогоор 5000 нисдэг машины захиалга авсан бөгөөд олноор үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг 2026 онд хийхээр төлөвлөж байна.
Нисдэг машин нь “эх хөлөг” гэгддэг зургаан дугуйтай газраар зорчих тээврийн хэрэгсэл болон салгаж болдог цахилгаан хөдөлгүүртэй, босоо чиглэлд хөөрч, буух /eVTOL/ онгоцноос бүрдэнэ. eVTOL онгоц нь автомат болон гар удирдлага бүхий нислэгийн горимуудтай. Автомат горим нь ухаалаг маршрут төлөвлөх, мөн нэг товшилтоор хөөргөж, буулгадаг байна.
Ойролцоогоор 5.5 м урт уг тээврийн хэрэгслийг стандарт жолооны үнэмлэхтэйгээр нийтийн эзэмшлийн зам дээр жолоодож, ердийн зогсоолд байрлуулж болох гэнэ.
Үл мэдэгдэх нисдэг биет
Posted By
Алсын Хараа
On
In
Шинжлэх ухаан |
No Comments
Үл мэдэгдэх нисдэг биетийг олон улсын хэмжээнд An unidentified flying object (UFO) хэмээн нэрлэдэг. Би анх үл мэдэгдэх нисдэг биет болон харь гаригийн хүний тухай гадаад дотоодын хэвлэлд гарсан мэдээллийг худал зүйл хэмээн боддог байж билээ. Гэтэл гурван жилийн өмнө би Интернэтэд кино сериалын сайт “Netflix”-ээр үл мэдэгдэх нисдэг биетийн тухай хоёр чухал баримтат кино үзээд миний ойлголт өөрчлөгдсөн юм. Үл мэдэгдэх нисдэг биет хий дэлхий дээр үнэхээр ирдэг юм байна. Энэ талаар дэлхий дээр хийсэн сүүлийн 70 жилийн судалгаа, баримт, фото зураг, дүрс бичлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотолгоо хангалттай байдаг юм байна.
Үл мэдэгдэх нисдэг биетийг харсан олон хүн баримтат кинон дээр болсон явдлыг ярьж зарим нь зургийг нь үзүүлж зарим нь фото болон дүрс бичлэгээр бичсэнээ үзүүлж байлаа. Үл мэдэгдэх нисдэг биетийн тухай энгийн иргэд, цэргийн офицер, нисэгчид, усан цэргүүд, эрдэмтэд, сансрын нисэгчид мэдээлж байлаа.
Өнгөрсөн зууны дөчөөд оны үеэс л үл мэдэгдэх нисдэг биет дэлхий дээр үзэгдсэн тухай анхны мэдээлэл хэвлэлээр гарч эхэлсэн ажээ. Зарим эх сурвалжийг үзэхэд үл мэдэгдэх нисдэг биетийн тухай болон харь гаригийн хүний тухай эртний агуйн дотор, хадан дээрхи зураг нь хэдэн мянган жил дэлхий дээр хадгалагдан үлджээ. Хятадын нэгэн агуйд харь гаригийн хүмүүсийг оршуулсан археологийн нотлох баримт олджээ. Интернэтэд байршуулсан харь гаригийн хүмүүсийн тухай баримтат кинонд дэлхий дээр осолд орж сүйрсэн харь гаригийн хөлөг онгоц болон харь гаригийн хүмүүсийн цогцос болон бусад олон баримтуудыг хараад үнэмшихэд хүрлээ.
Харь гаригийн хөлөг онгоцны эд анги дэлхийд байдаггүй элементээр хийгджээ. Харь гаригийн хүн нь 120 см орчим өндөр, том толгой, гавалтай, нүд нь том, хамар нь бараг мэдэгдэхгүй шахам, туранхай биетэй, гар нь зургаан хуруутай байх аж. Хөлөг онгоцны удирдлагын кнопын самбар нь зургаан хуруугаар дарах зориулалтай ажээ.
Харь гаригийн хөлөг онгоцны эд анги нь огт шатдаггүй, эвдэрч бутардаггүй дэлхий дээр огт байдаггүй эд ажээ. АНУ-ын нэгэн доктор харь гаригийн хөлөгнүүдийн ашиглаж байгаа элемент дэлхий дээр одоогоор байхгүй, харин хэзээ нэгэн цагт “А-115” элементийг дэлхий нээх болно хэмээн мэдэгджээ. Яг тэр ёсоор энэ элеметийг нээсэн ажээ. Анх 1947 онд АНУ-ын Хуурай замын цэргийн офицер Нтю Мексизодын алба хааж байсан цэргийн агуулахад маш нууцаар зөөж авчирсан хайрцагтай нууц зүйл дотор харь гаригийн хүний цогцос байсныг тэрбээр илрүүлжээ. Тэр нууц хайрцаг дотор харь гаригийн хүн 120 см орчим урттай, том тархи, том дугариг нүдтэй, 6 хуруутай хүн дүрст амьтан байсан байна. 1950-иад оноос эхэлж АНУ-ын цэргийн лабориторид харь гаригийн эвдэрсэн хөлгийг зөөж авчраад судалж эхэлсэн ажээ. Эдгээр харь гаргигийн хөлгүүдийн онцлог бол дэлхийн татах хүчинд ямар ч хамааралгүй нисэж чаддаг, агаарт тогтож байснаа гэнэт хурдаа авч цагт 40 000- 80 000 км хүртэл хурдалж байсан, далай, агаарт хаана л бол хаана чөлөөтэй маш хурдан нисэж байлаа. Бүр усан доогуур хүртэл чөлөөтэй шумбаж байв. Нисэж байхдаа ямар ч дуу чимээ байхгүй байжээ.
АНУ-д харь гаригийн хүнийг осол гарч дэлхий дээр сүйрсэн хөлөг онгоцноос нь олзолж аваад байцааж байсан ажээ. Тэр харь гаригийн 6 хуруутай жижиг хүн дэлхий дээр хоёр жил болоод өвчин тусаж нас баржээ. Иймэрхүү баримтат бичлэгтэй кино Netflix-ээр гарсан. Тэрхүү кино “UFO” хэмээх нэртэй байв.
Өнгөрсөн зууны дөч, тавиад оноос эхлээд 2015 он хүртэл харь гаригийн хөлөг онгоц, харь гаригийн хүмүүсийн тухай мэдээллийг АНУ-д маш их нууцалж байв. Харь гаригийн хөлөг онгоцны тхай мэдээлсэн хүмүүсийн яриа, хэвлэлд өгөх гэсэн мэдээ бичлэгүүд бүгд алга болж байв. АНУ-ын нууц байгууллагууд энэ асуудал дээр маш хатуу хяналт тавьж нууцыг чанд хадгалж байлаа. Тэр үед Зөвлөлт Холбоо Улс, АНУ хоёр хүйтэн дайны үед хүчтэй өрсөлдөж байсан тул хэн нь түрүүлж харь гаригийн хөлөг онгоцны технологийг олж эзэмших вэ гэдэг дээр хамаг анхаарлаа тавьж байсан бололтой. 2017 онд анх АНУ-д Пентагоны баримтат бичлэгээр харь гаригийн хөлөгний нисч яваа бичлэгийг албан ёсоор хүмүүст үзүүлсэн байна. Ер нь үл мэдэгдэх нисдэг биетийн тухай хүмүүс дэлхийн аль ч өнцгөөс ямар ч орон зайны хамааралгүй мэдээлдэг болж байна. Тэдгээр биетийг агаарт болон усан дор, усан дээр байхыг олон гэрч харсан байдаг. Үл мэдэгдэх нисдэг биетийг дэлхийн орнуудын тусгай албад хүртэл сонирхдог болжээ. АНУ-д “Хөх ном”, “Кондоны Хороо”, Зөвлөлт улсад “Сетка”, “Галактика” зэрэг байгууллага үл мэдэгдэх нисдэг биетийг албан ёсоор судалдаг болжээ. Анх үл мэдэгдэх нисдэг биетийг 1947 онд АНУ-ын бизнесмэн Арнольд Кеннет АНУ-ын Вашингтон мужийн Рейнер уулын дээгүүр өөрийн хувийн нисэх онгоцоор нисч явж байхдаа ажигласан ажээ. Арнольд тэрхүү уулын дээгүүр үлэмж их хурдтай 9 нисдэг биет хувийн онгоцных нь дээгүүр нисэн өнгөрөхийг харжээ. Тэр үл мэдэгдэх нисдэг биет ойролцоогоор цагт 1600 милийн хурдтай явж байжээ. Үл мэдэгдэх нисдэг биет нь таваг хэлбэртэй, ромбо хэлбэртэй, янжуур хэлбэртэй, пирамид хэлбэртэй, бөөрөнхий хэлбэртэй, шүхэр хэлбэртэй байдаг ажээ.
Үл мэдэгдэх нисдэг биет олноор үзэгдсэн тохиолдол АНУ-д 1947, 1950, 1952, 1965, 1967, 1973 онуудад, Японд 1958 онд, Зөвлөлт улсад 1962, 1977-1978 онуудад үзэгджээ.
АНУ-ын Орегон мужид нутгийн фермерийн хоёр том бухыг харь гаригийнхан нэг ч дусал цус газарт асгалгүй, үхрийн чих, хамар, сүүлийг нь тэгшхэн хэмтэй огтолж туршсан явдал гарчээ. Нэг том бухнаас 60 литр цус гардаг. Гэтэл тэнд нэг ч дусал цус газар унагалгүй бүх цусыг нь авсан байжээ. 2004 онд болон 2014-2015 онуудад АНУ-ын далайн хөлөг онгоц “Нимиц”, “Рузвельт” дээр, мөн АНУ-ын нисэх хүчний нисэгчид үл мэдэгдэх нисдэг биетийг онгоцныхоо радар дээр дүрс бичлэгээр бичиж авчээ. АНУ-ын цэргийн ажиглагчид 2004-2021 оны хооронд 144 удаа үл мэдэгдэх нисдэг биетийг харжээ. АНУ-ын NASA сансрын үл мэдэгдэх нисдэг биетийг “1-4 метр хэмжээтэй, мөнгөлөг цагаан өнгөтэй, 10 000-30 000 фут өндөрт нисдэг, хурд нь цагт 2000 миль хүрдэг” хэмээн тодорхойлжээ. 1978 онд Зөвлөлт Холбоот улс “Үл мэдэгдэх нисдэг биетийг судлах хөтөлбөр” гаргаж 13 жилийн хугацаанд 3000 орчим үл мэдэгдэх үзэгдлийг бүртгэжээ. 1977 онд үл мэдэгдэх нисдэг биет Зөвлөлт Холбоот Улсын Петрозаводск хотод үзэгджээ. 1980 онд зөвлөлтийн “Миг” сөнөөгч онгоц үл мэдэгдэх нисдэг биетийг устгахыг оролдсон боловч өөрсдөө устгагдсан ажээ. Хятад улс өнгөрсөн зууны наяад онуудад цэргийн болон шинжлэх ухааны эрдэмтдийн мэдээллийг цуглуулж эхэлсэн бөгөөд 1987 онд Хятадад хийсэн хийсэн үл мэдэгдэх нисдэг биетийн тухай дүрс бичлэгийг 2008 онд анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлсэн ажээ. Бразилд анх 1977 онд үл мэгдэгдэх нисдэг биет үзэгджээ. Бразилд үл мэдэгдэх нисдэг биетийг олон хүн харж фото, видео бичлэг хийжээ. Нэгэн бразил бүсгүй үл мэдэгдэх нисдэг биетээс лазер шиг цагаан туяа энгэр дээр нь тусаж намайг түлсэн гээд шарх сорвио үзүүлж байгаа тухай баримтат кинон дээр гарч байлаа. Африкийн Замбабве улсад хүүхдүүд харь гаригийн хүмүүстэй телепати байдлаар харилцжээ.
Монголд үл мэдэгдэх нисдэг биетийн тухай албан ёсны мэдээлэл болон тайлан байдаггүй. Харин 2022 оны 9-р сарын 27-ны шөнө Улаанбаатар хотын орчим Богд уулын дээгүүр үл мэдэгдэх нисдэг 3 биет гэрэл гарган нисэж байсныг монголын нэгэн сонирхогч видео бичлэг хийж 2024 онд Интернэтэд байршуулсан байлаа.
1997 оны 3-р сарын 14-ний оройн 19-22 цагт АНУ-ын Невада мужийн Финикс хотын дээгүүр V хэлбэртэй, 3.2 км урттай, 2.8 км өргөнтэй, олон жижиг ламп асаасан мэт гэрэлтэй, хөл бөмбөгийн 3 талбай нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний үлэмж том сансрын үл мэдэгдэх нисдэг биет ямар ч чимээ гаргалгүй алгуурхан удаан нисэн өнгөрөхийг тус хотын олон мянган хүн харжээ. Яг тэр үед Финикс хотоос 20 км-ын зайд орших АНУ-ын агаарын цэргийн баазаас цэргийн хоёр” F-15” сөнөөгч онгоц агаарт хөөрчээ. Тэдний нэг нисэгч Льюк ярихдаа “Манай сөнөөгч онгоц тэрхүү үл мэдэгдэх нисдэг биет руу ойртоход гэнэт онгоцны радар зогсч, дэлгэц дээр юү ч харагдахгүй болсон. Радар яагаад эвдэрчих вэ хэмээх хооронд нөгөө нисдэг биет ч алга болчихсон” гэжээ. Үл мэдэгдэх нисдэг биетийг сансарт илрүүлсэн тохиолдол олон гарчээ. Анх 150 жилийн өмнө 1878 онд АНУ-ын одон орон судлаач Свифт дурангаар нар хиртэлтийн үед нарнаас холгүй 2 том улаан өнгийн обьект харжээ. Энэхүү обьектыг одон оронч Моррис дахин харсан бөгөөд дэлхийгээс 32000 км-ийн зайд нисч байсан, диаметр нь 2 км орчим байсан хэмээн бичжээ. 1965 онд АНУ-ын сансрын нисэгч Джеймс Макдивит “Джемми-4” сансрын хөлгөөр дэлхийг тойрч байхдаа сансрын үл мэдэгдэх нисдэг биет өөрийнх нь хөлгийн хажуугаар нисэж байгааг харжээ.
АНУ-ын “Апполон” хөтөлбөрийн дагуу Саран дээр нисэж очсон сансарын нисэгчид саран дээр харь гаригийн бааз болон харь гаригийн хөлөг илрүүлсэн боловч энэ мэдээллийг маш их нууцалсан байна.
Хамгийн сүүлд гарсан нэгэн сонин мэдээлэл бол АНУ-Зөвлөлт Холбоот улсын сансрын хамтарсан баг Сарны харанхуй харагддаг нөгөө талд нь нисэж очжээ. Тэд тэнд саран дээр сүйрсэн 1.5 сая жилийн настай харь гаригийн үлэмж том сансрын хөлөг онгоцыг олжээ. Сансрын нисэгчид тэмдэглэлдээ: "Бид Саран дээр очоод тэрхүү гурвалжин хэлбэртэй аврага том хөлөг онгоц руу орсон. Маш эртний цагт хаанаас ч юм аль нэгэн гаригаас нисэж ирсэн хөлөг байсан бөгөөд түүний дээр солир мөргөсөн том том нүхнүүд болон он удаан жилийн тоос шороо, чулуужилт байсан нь энэ хөлөг их эртнийх гэдэг нь харагдаж байсан. Тэгээд бид хөлөг дотор нилээд олон янз бүрийн утга бүхий тэмдэг харсан, гурвалжин хэлбэрийн хад, бас хаа нэгтээгээс ирсэн гэмээр харийн амьтдын дүрснүүд байсан, хамгийн сонин нь урт үргэлжилсэн шилэн хорго дотор огт мэдэхгүй 10 см орчим жижиг биетэй сонин амьтадын мумми байсан. Харин бидний хөлөг дотроос авсан зүйл нь харь гаригийн ганц хүний цогцос болон мөн сонин бичээсүүүд бүхий судар ном, хавтас шиг зүйлийг авсан. Тэрхүү харь гаригийн аварга том сансрын хөлөг 3370 метр урттай, 500 метрийн өндөртэй байсан” хэмээн бичжээ.
Дэлхий дээр үл мэдэгдэх нисдэг биет болон харь гаригийн хүмүүсийн тухай хамгийн их мэдээлэл баримт цуглуулсан орон бол АНУ юм. АНУ-д анх үл мэдэгдэх нисдэг биет, харь гаригийн хүмүүсийн тухай 12618 хүний мэдээлэл, 600 хуудас тайлан байдаг байсан бол одоо энэ талаархи мэдээлэл улам их болж өсчээ.
2023 оны 5-р сарын 31-ний өдөр АНУ-ын NASA “1996-2023 оны хооронд болсон сансрын үл мэдэгдэх үзэгдлийн тухай” хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ хугацаанд мэргэжилтнүүд сансрын нийт 10 000 үл мэдэгдэх үзэгдлийг албан ёсоор бүртгэжээ. Эдүгээ АНУ-ын Засгийн газрын мэдэлд үл мэдэгдэх нисдэг биет 30 ширхэг, харь гаригийн 20 хүний цогцос байгааг тус улсын лабораторид судалсаар байгаа ажээ. Үл мэдэгдэх нисдэг биетүүд дэлхий дээр 1945 оны дараа өөрөөр хэлвэл тэр онд АНУ Японы хоёр хотод атомын бөмбөг хаяж дэлбэлсний дараа дэлхий дээр олноороо үзэгддэг болжээ. Үүнийг дэлхийн зарим эрдэмтэд атомын бөмбөгний хүчтэй дэлбэрэлт дэлхий дээр болсны дараа маш хурц тод гэрэл гарч цохилтын далайц дэлхийн азоны бүрхүүлийг нэвт нүхэлж гарсан бөгөөд олон арван мянган жил тайван байсан дэлхий хэмээх энэ цэнхэр гариг дээр чухам юү болсныг мэдэхээр үл мэдэгдэх нисдэг биетүүд өөр гаригаас ирсэн байж болзошгүй хэмээн үздэг ажээ. Тэхлээр манай дэлхийн хүмүүс цөмийн дайн хийж цэнхэр гаригаа өөрсдөө сөнөөчихгүй бол ойрын ирээдүйд дэлхийн хүмүүс хэт өндөр хөгжилтэй, хэт өндөр технологитой харь гаригийн хүмүүстэй холбоо тогтоож, дэлхий маань цөмийн дайн огт гарахгүй тайван болж, өндөр хөгжил, технологитой, амар амгалан, ухаалаг гариг болж болох юм.
Доржийн Сүхбаатар
Тэнгэрийн ван гаргийн 29 дэх дагуулыг илрүүлжээ
Posted By
Алсын Хараа
On
In
Шинжлэх ухаан |
No Comments
/РИА Новости/. Сансрын “Жэймс Уэбб” дуран авайн тусламжтайгаар Тэнгэрийн ван гаргийн шинэ 29 дэх дагуулыг нээн илрүүлсэн бөгөөд уг дагуулд S/2025 U1 гэдэг нэр өгсөн тухай НАСА агентлаг мэдээлжээ.
АНУ-ын Техас муж улсын Сан-Антонио хотод байрлах Баруун-Өмнөд бүсийн судалгааны хүрээлэнгийн /SwRI/хэсэг эрдэмтэд 2025 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр сансрын “Жэймс Уэбб” дуран авайг ашиглан ажиглалт хийх явцад Тэнгэрийн ван гаргийг тойрон эргэлддэг, урьд өмнө нь мэдэгдээгүй байсан дагуулыг нээн илрүүлснээр дагуулуудын тоо 29 боллоо” гэж НАСА-гийн албан ёсны цахим хуудсанд бичжээ.
S/2025 U1 дагуул нь ердөө 10 км-ийн голчтой тул “Вояжер-2” хөлөг 1986 онд Тэнгэрийн ван гаргийн дэргэдүүр нисэн өнгөрөхдөө түүнийг анзаараагүй бололтой.
SwRI хүрээлэнгийн ахлах судлаач Марьям эль-Мутамид-ийн ярьснаар, Тэнгэр вангаас түүний шинэ дагуул хүртэлх зай 56 мянган км бөгөөд S/2025 U1-ийн тойрог зам нь зам Тэнгэрийн вангийн экваторын хавтгайг тойрон, Офелия ба Бьянка дагуулуудын тойрог замуудын дунд оршдог байна.
Тэнгэрийн вангийн эхний хоёр дагуул болох Титания ба Обероныг 1787 онд Английн одон оронч Уильям Хершел нээсэн бол 28 дахь дагуул болох S/2023 U1-ийг Чилийн Лас-Кампанас одон орон судлалын төвийн дуран авайгаар илрүүлжээ.
Б.Адъяахүү
Орчлон ертөнц дэх хамгийн том хар нүхийг илрүүлжээ
Posted By
Алсын Хараа
On
In
Шинжлэх ухаан |
No Comments
/new-science.ru/. Одоогоор мэдэгдэж буй хар нүхнүүдээс хамгийн том нь байж болох магадлалтай, сансар огторгуйн гүнд Дэлхийгээс 5 тэрбум орчим гэрлийн жилийн зайд орших хар нүхийг одон орончид илрүүлжээ.
SDSS J1148+1930 гэж нэрлэгдэх галактикийн төвд орших үлэмж том хар нүхний масс нь Нарныхаас 36,3 тэрбум дахин их байгаа нь онолын хувьд байж болох массны бараг дээд хязгаар болж байна. Харьцуулваас, манай Сүүн зам галактикийн төвд орших хар нүхны масс нь Нарныхаас ердөө 4,3 сая дахин илүү.
Өмнө нь хийж байсан нарийвчлалын алдаа ихтэй хэмжилтүүдээс ялгаатай нь гэвэл, энэ удаад өндөр нарийвчлалтай шинэ аргыг хэрэглэснээр уг хар нүхний массыг тогтоож чаджээ. Тодорхой хэлбэл, “таталцлын линзчлэл” гэдэг ховор үзэгдлийн ачаар уг объектыг илрүүлсэн байна. Мөн “Сансар дахь морины тах” гэж нэрлэгддэг систем нь илүү алсад орших объектын гэрлийг хазайлгадаг линз-галактикаас тогтдог бөгөөд үүнийг судалсан нь галактикийн төв дэх хар нүхний массыг тогтоох боломжийг олголоо.
“Бидний илрүүлсэн үлэмж том хар нүх “унтаа байдалд” байгаа учир материудыг сорон залгихгүй байгаа” гэж Бразилын Риу-Гранди-ду-Сул их сургуулийн судлаач Карлос Мело-Карнейро тайлбарлалаа.
Мөн судлаачид галактикийн төвийг тойрон эргэлдэж буй объектуудын хөдөлгөөнийг судлахдаа оддын кинематикийн аргыг хэрэглэсэн байна. Түүнчлэн “Сансар дахь морины тах” үзэгдлийг 2007 оноос хойш ажигласны үр дүнд маш өндөр нарийвчлалтай өгөгдлүүдийг олж авч чаджээ.
SDSS J1148+1930 галактик нь олон галактикуудын хоорондоо нийлэх үйл явцын дүнд үүссэн гэдгээрээ онцлогтой. Галактикуудын төв орших хар нүхнүүд ч мөн адил хоорондоо нийлснээр асар том биетийг үүсгэдэг. Энэ удаагийн нээлт нь хэт их масстай хар нүхнүүд хэрхэн үүсдэг талаарх ойлголтыг илүү тодорхой болгож өглөө.
Онолын хувьд, томоохон галактик бүрийн төвд хэт их масстай хар нүх байдаг бөгөөд түүнийг тойрон одод ба бусад биетүүд эргэлдэн хөдөлдөг. Хар нүхнүүд хэмжээ хязгааргүйгээр өсөж томрох боловч бодит байдал дээр Орчлон ертөнцийн наснаас хамааран тэдгээрийн хэмжээ хязгаарлагдана. Сансар огторгуй 13,8 тэрбум жилийн турш оршин тогтнож байгаа гэж эрдэмтэд үздэг учраас хамгийн том хар нүхний хэмжээ нь Нарны масснаас 50 тэрбум дахин их байх боломжтой.
Судалгааны дүнг "Monthly Notices of the Royal Astronomical Society" сэтгүүлд нийтэлжээ.
Энэтхэг улс хүн дүрст роботыг сансарт илгээнэ
Posted By
Алсын Хараа
On
In
Шинжлэх ухаан |
No Comments
/Deccan Herald/. Энэтхэгийн Сансар судлалын байгууллага (ISRO) “Gaganyaan” сансрын хөлгөөр хүмүүсийг тойрог замд илгээхийн өмнө системийг нь турших зорилгоор сансарт хүн дүрст роботыг илгээхээр төлөвлөж байгаа тухай тус байгууллагын тэргүүн Ви Нараянан мэдээлжээ.
“Gaganyaan” бол сансрын нисгэгчдийг тойрог замд гаргах Энэтхэгийн анхны хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг 2027 оны гуравдугаар сар гэхэд хэрэгжүүлэхийн тулд ISRO бүх хүчин чармайлтаа тавьж байна гэж Ви Нараянан мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, Бид гурван удаа автомат нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Эхний нислэгийг энэ оны 12 дугаар сард хийнэ. Энэ нислэгээр хүн дүрст роботыг сансарт илгээнэ гэжээ. Хэрэв энэ нислэг амжилттай болбол 2027 оны сүүлчийн нислэгээс өмнө 2026 онд хоёр дахь нислэгийг гүйцэтгэнэ гэж ISRO-гийн тэргүүн хэлсэн байна.
Хүн дүрст роботыг "Vyommitra" гэж нэрлэжээ. ISRO уг роботыг 2024 оны гуравдугаар улиралд тойрог замд илгээхээр төлөвлөж байсан юм.
“2022 он гэхэд Энэтхэгийн сансрын нисгэгчид үндэсний далбаагаа гартаа барин сансарт ниснэ” хэмээн тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2018 оны наймдугаар сард мэдэгдэж байв. “Gaganyaan” гэдэг нь санскрит хэлээр “тэнгэрийн хөлөг” гэсэн утгатай. Гэвч 2020 оны гуравдугаар сард "COVID-19" цар тахал дэгдсэнээр төслийн ажил зогсож, “Gaganyaan” хөтөлбөрийн нислэг хойшлогджээ.
Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ
Posted By
Алсын Хараа
On
In
Шинжлэх ухаан |
No Comments
Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын аппарат Нарны өмнөд туйлын зургийг авч, Дэлхий рүү амжилттай илгээжээ.
Хүлээн авсан зураг, мэдээлэл нь идэвхжил нь ихсэж, багасаж байдаг Нарны мөчлөгийн шинж чанарыг эрдэмтэд илүү сайн ойлгоход тус дөхөм болно. Нарны идэвхжил ихэссэнээр хиймэл дагуулын холбоо, эрчим хүчний сүлжээг тасалдуулж болзошгүй учир үүнийг ойлгох нь маш чухал юм.
Шинэ зургууд дээр температур нь зарим хэсэгтээ Цельсийн нэг сая хэмд хүрдэг тод мяралзах давхарга харагдана. Уг давхаргатай хар бараан өнгийн хийн үүлс холилдон байгаа бөгөөд температур нь ойролцоогоор 100 мянган градус ажээ.
ЕКА-гийн шинжлэх ухаан хариуцсан захирал, профессор Кэрол Манделлийн хэлснээр, эдгээр зураг нь манай гараг дээрх амьдралыг тэтгэгч одыг хамгийн ойроос, хамгийн нарийвчлалтай авсан зургууд юм. “Нар бол бидний хамгийн ойрын од, амьдралын эх үүсвэр бөгөөд сансрын болон дэлхийн эрчим хүчний системүүдийг эвдэж сүйтгэх магадлалтай учраас түүнийг судлах нь маш чухал” гэж тэрбээр ярьжээ.
“Solar Orbiter” аппарат Нарны өмнөд туйлын гэрлэн мандал, соронзон орон болон титмийн зургийг авчээ. Ингэхдээ PHI, EUI, SPICE гэсэн гурван төрлийн тусгай багаж хэрэгслийг ашигласан байна.
Эрдэмтдэд эдгээр зураг болон энэхүү хөтөлбөртэй холбоотой бусад мэдээллүүдийг ашиглан Нарны гаднах давхаргуудаар материал хэрхэн хөдөлдгийг судалснаар Нарны туйлууд орчмын хийн хуйлрал зэрэг үзэгдлүүдийг илрүүлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.
Нарны хойд туйлаас өмнөд туйл руу хийсэн "Solar Orbiter"-ын нислэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЕКА энэ оны аравдугаар сард нийтлэхээ мэдэгджээ.
Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ
Posted By
Алсын Хараа
On
In
Шинжлэх ухаан |
No Comments
Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, "Ховор амьтан, ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг" ТББ-тай хамтран мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ.
Тодруулбал, Энэ сарын 15-ны өдөр ГИДЦГ-ын А хэсгийн УТХГН-ын хамгаалалтын бүсэд орших Баруунтооройн баянбүрдэд 10 настай, 100 кг орчим жинтэй, нэг бодгаль эр мазаалай баавгай (шармаахай)-д сансрын дохиолол бүхий хүзүүвчийг зүүсэн байна. Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанаас тус мэдээллийг ирүүлэв.
Энэ удаагийн хүзүүвч нь байршлын мэдээллийг дамжуулан тухайн зүйл амьтны шилжилт хөдөлгөөнийг тандан судлахаас гадна бичлэг хийх боломжтой гэдгээрээ давуу талтай.
Баруунтооройн баянбүрд нь Монгол Улсын хилээс ердөө 40 орчим км зайд орших томоохон баянбүрдүүдийн нэг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар эхлүүлсэн “Үндэсний бахархалт амьтан - Мазаалай баавгайг хамгаалах цогц ажил”-ын хүрээнд Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагч нар өнгөрөгч саруудад 26 цэгт байрлах 43 тэжээлийн саванд 3440 кг нэмэлт тэжээлийг хүргэж, биотехникийн арга хэмжээ авч 18 тн тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн байна.
Анх 1985 оноос эхлэн мазаалайд нэмэлт тэжээл тавьж эхэлжээ.
Мазаалай нь говь цөлийн хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож амьдарсаар ирсэн, баавгайн бусад зүйлээсээ амьдралын өвөрмөц хэв маяг болоод экологийн орчин нөхцөлөөрөө ялгардаг, Монгол орны нэн ховор амьтан юм. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлс, байгалийн нөөцийн хомсдол зэрэг олон хүчин зүйл тухайн зүйл популяцид ноцтой аюул учруулж байна. Үр дүнтэй хамгааллын арга хэрэгжүүлэх нь энэ ховор зүйлийг хадгалж, хамгаалж авч үлдэхэд чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж байна.

Саажилттай хүмүүсийн бодлыг уншдаг мэдрэлийн интерфейс бүтээжээ
Posted By
Алсын Хараа
On
In
Шинжлэх ухаан |
No Comments
Америкийн мэдрэлийн физиологичид саажилттай хүмүүсийн бодлыг уншиж, бодит цагийн горимоор компьютерийн дэлгэц дээр харуулах эсвэл мэдрэлийн эсийн сүлжээнүүд ба чанга яригчийг ашиглан хамгийн бага сааталтайгаар дуу авиагаар илэрхийлдэг мэдрэлийн интерфэйсийг зохион бүтээжээ. Эрдэмтдийн бүтээлийн талаарх өгүүлэл "Nature Neuroscience" сэтгүүлд нийтлэгдсэн байна.
“Хэл ярианы дуу авиаг үүсгэх үүрэгтэй тархины хальсны бүсүүдээс (motor cortex) ирсэн дохиог тайлах чадвартай системийг бид бүтээлээ. Энэ систем нь мянга гаруй үгийг хамгийн бага сааталтайгаар таньж, дэлгэц дээр харуулахын зэрэгцээ чанга яригчаар дуугаргах чадвартай” гэж физиологичид бичжээ.
Саа өвчтэй хүмүүстэй харилцах энэхүү мэдрэлийн интерфэйсийг АНУ-ын Сан-Франциско хот дахь Калифорнийн их сургуулийн профессор Эдвард Чангаар ахлуулсан мэдрэлийн физиологичид зохион бүтээжээ. Судлаачдын онцолж байгаагаар, тэдний бүтээл нь бусад ижил төстэй төхөөрөмжүүдийн сул талуудыг арилгасан байна. Тэдгээр төхөөрөмжүүд нь өвчтөний хэлэх гэсэн үг, илэрхийлэх гэсэн санаа бодлыг ихээхэн хоцорч таньдаг тул "амьд" харилцан яриа өрнүүлэх боломжгүй байдаг аж.
Харин Чангийн багийнхан өвчтөний хэлэх гэсэн үгийг уншихын тулд motor cortex-оос ирж буй дохионуудыг хэдэн зуун электродын тусламжтайгаар бичиж авах замаар мэдрэлийн интерфейсийн ажиллах хурдыг нэмэгдүүлжээ. Эрдэмтдийн туршилтад 18 жилийн өмнө цус харвасны улмаас бүрэн саажилттай болсон, 47 настай нэгэн америк эмэгтэй сайн дурын үндсэн дээр оролцсон байна.
Мэдрэлийн физиологчид түүний тархинд 253 электродыг багцалсан төхөөрөмжийг суулгаж, хамгийн түгээмэл хэрэглэгддэг 1024 үгийг чангаар хэлж байна гэж төсөөлнө үү хэмээн эмэгтэйгээс хүссэн байна. Ингэж төсөөлөх үед нь судлаачид түүний тархины motor cortex-ын идэвхжил хэрхэн өөрчлөгдөж буйг ажиглаж, бичигдсэн өгөгдлүүдийг тэмдэглэн авч, тэдгээрийг RNN-T гэдэг мэдрэлийн сүлжээнд суурилан бүтээсэн, онлайн орчуулгад ашигладаг хиймэл оюуны системийг сургахад зориулсан мэдээллийн сан болгон ашиглажээ.
Энэхүү хиймэл оюуны систем нь туршилтад оролцогчийн бодлыг тасралтгүй уншиж, тэдгээрийг саатал, завсарлагагүйгээр дамжуулж байсныг дараа дараагийн туршилтууд харуулсан байна. Уг алгоритм минутад ойролцоогоор 48 үгийг тайлж унших чадвартай бөгөөд энэ нь өмнөхөөс хэд дахин олон гэсэн үг юм. Энэхүү ололт нь бүрэн саажилттай хүмүүс эргэн тойрныхонтойгоо чөлөөтэй харилцах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдрэлийн интерфейсийн хөгжүүлэлтийг хурдасгана хэмээн эрдэмтэд найдаж байна.
Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн үлдэгдэл олджээ
Posted By
Алсын Хараа
On
In
Шинжлэх ухаан |
No Comments
Урд хоёр мөчиндөө ердөө хоёр хуруутай үлэг гүрвэлийн ер бусын шинэ төрөл зүйлийг палеонтологчид олж илрүүлжээ. Тодруулбал, урт хумстай, өвсөн тэжээлт, хоёр хөлт аварга теризинозаврын үлдэгдэл Монголын говиос олдсон байна.
Хурц хумстай гурван хуруутай бусад теризинозавраас ялгаатай нь гэвэл, энэхүү шинэ төрөл зүйл нь хоёр хуруутай ажээ. Биеийн онцлог бүтцээр нь уг шинэ төрөл зүйлийг “Duonychus tsogtbaatari” гэж нэрлэсэн байна.
“Duonychus” гэдэг нь грекээр “хоёр оронтой тоо” гэсэн утгатай бол “tsogtbaatari” гэдэг Монголын палеонтологич Хишигжавын Цогтбаатарын нэр юм. “Теризинозавруудын хувьд хоёр хуруутай төрөл зүйл олдсон нь гэнэтийн зүйл байсан” хэмээн судлаач Дарла Зеленицкая ярилаа. Уг үлэг гүрвэлийн урд мөч нь маш сайн хадгалдагдан үлдсэн бол хуруу, бугуйных нь яс нь бүрэн бүтнээрээ олдсон байна.
Теризинозаврууд бол Цэрдийн галавын сүүл үед (100-66 сая жилийн өмнө) одоогийн Ази, Хойд Америкийн нутагт амьдарч байсан үлэг гүрвэлүүд юм. Теризинозаврууд нь махчин үлэг гүрвэлүүд болох тероподуудын бүлэгт хамаардаг боловч өвсөн тэжээлтэн ажээ.
Эдгээр үлэг гүрвэл нь хадуур шиг хэлбэр бүхий аварга том хумстай бөгөөд зарим төрөл зүйлийнх нь хумс 50 см хүртэл урт ургадаг байжээ. Теризинозавр, Бейпиаозавр зэрэг өнөөг хүртэл олдсон бусад бүх теризинозавр гурван хуруутай байсан тул хоёр хуруутай “D. tsogtbaatari” бол ер бусын ховор олдвор юм.
"Теризинозаврууд хэдийн хамгийн ер бусын үлэг гүрвэлүүдийн нэгд тооцогдож байгаа боловч шинэ төрөл зүйл олдсон нь уг үлэг гүрвэлүүдийг улам сонирхолтой болгож байна" хэмээн Хоккайдогийн их сургуулийн палеонтологич Йошицугу Кобаяши онцоллоо.
"Монголоос саяхан олдсон энэ төрөл зүйл нь гурван хуруутай теризинозавруудаас хоёр хуруутайгаараа ялгаатай байгаа нь тероподын урд мөч хэрхэн хувьсан өөрчлөгдөж, хэрхэн дасан зохицсоныг илүү гүнзгий судлах боломжийг олгож байна. Гэхдээ энэ олдворыг үнэхээр сонирхолтой болгож байгаа зүйл бол хумс дээрх сайтар хадгалагдаж үлдсэн кератины бүрхүүл юм. Энэ нь дунд болон том хэмжээтэй теропод үлэг гүрвэлийн хувьд анхны тохиолдол юм” гэж Кобаяши тайлбарлалаа.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг