Дэлхийн нүүдэлчдийн VI наадам Киргизстаны Бишкек, Чолпон-Ата хотод үргэлжилж байна.
Энэхүү наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй 20-иод орны төрийн тэргүүн, ерөнхий сайд оролцсон бол өчигдөр тэмцээн уралдаан албан ёсоор эхэллээ. Наадмын хөтөлбөрт бөхийн 16 төрөл багтсан бөгөөд үүний нэг нь монгол үндэсний бөх юм. Тэгвэл өчигдөр үндэсний бөхийн барилдаан болж, медальтнууд тодров. Барилдаанд Монгол, Казахстан, Тажикистан, Узбекистан, БНХАУ, Киргиз, Пакистан, Туркменистан, Иран, Хорват, Малайз, ОХУ, Итали, АНУ зэрэг 16 орны бөх зодогложээ. Улмаар Монголын тамирчин, улсын заан Д.Анар алт, ОХУ-ын бөх Мөнгэ Эртинэ Күүлэр мөнгө, Хятадын Сүрилигэ, Киргизийн Орозбек Аширов нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Улсын заан Д.Анарын хувьд дэлхийн нүүдэлчдийн наадмаас тав дахь алтан медаль хүртэж байгаа нь энэ. Түүний хувьд Монголын баг тамирчдын төдийгүй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хамгийн анхны алтан медальтан болов.
Улсын заан Д.Анар алтан медаль хүртсэнийхээ дараа “Дэлхийн нүүдэлчдийн наадамд эх орноо төлөөлж оролцоод алтан медаль хүртсэндээ баяртай байна. Тэр тусмаа үндэсний бөхийнхөө өв соёлыг сурталчилж, тэмцээнд оролцох нь сайхан хувь тохиол байлаа. Надад итгэл хүлээлгэж сонгосон Монголын үндэсний бөхийн холбоо болон бусад байгууллагадаа баярлалаа. Энэхүү наадмаас манай баг тамирчид олон медаль авч спорт сонирхогчдоо баярлуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.
Ташрамд дурдахад, үндэсний бөхийн барилдааны тэмцээнээс өмнө МҮБХ-ноос томилогдсон барилдаан зохион байгуулах баг барилдааны өмнө засуулууд болон оролцогчдод зориулж монгол бөхийн дүрмийг танилцуулж, сургалт зохион байгуулсан байна.
Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээрээс барилдана
Posted By
Алсын Хараа
On
In
Онцлох,Спорт |
No Comments
Японы жүдоч Косүкэ Машияама Монголын шигшээд барилдахаар болжээ.
Өдгөө 27 настай япон эр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд барилддаг. Бүх Японы дүрэмд тухайн тамирчин өөр улсын нэр дээр барилдахын тулд гурван жилийн хугацаанд ямар нэгэн тэмцээнд оролцоогүй байхаар тусгасан. Энэ дүрмээр Косүкэ Машияама 2027 оны дөрөвдүгээр сараас Монголын нэр дээр олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхтэй болно гэсэн үг. Тиймээс энэ жилийн тухайд ДАШТ-д манай улсын нэрийн өмнөөс барилдах боломжгүй ажээ. Косүкэ Машияама нь иргэншлээ сольсон Японы анхны жүдоч болж байгаа юм.
Judo cam нэртэй цахим хуудсанд “Тийм ээ, Японы жүдо бөхийн тамирчин Косүкэ Машияма одооноос Монголын шигшээ багийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцохоор болжээ. Тэрээр Ази болон Японы аварга, мөн Баку, Токиогийн Grand Slam тэмцээний аварга юм. Энэ нь анхны тохиолдол биш. Машиямагаас өмнө Кайхан Такаги мөн Японы шигшээ багаас гарч байсан. Гэхдээ Японы жүдо бөхийн сүүлийн үеийн түүхэнд ийм шилжилт хөдөлгөөн цаашдаа шинэ тамирчдыг өөр улсын шигшээ багт нэгдэхэд хүргэж магадгүй. Учир нь аль ч улсын шигшээ баг Японы шилдэг тамирчныг өөрийн бүрэлдэхүүндээ авахыг хүсэх нь ойлгомжтой. Эндээс харахад жүдо бөхийг үндэслэгчдийн тогтоосон сэтгэлгээ, зарчим өмнөх шигээ хатуу биш болсон бололтой” гэж мэдээлжээ
Косүкэ Машияма 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2021 оны Бакугийн “Их дуулга”, 2022 оны Токиогийн “Их дуулга”-д түрүүлж байсан юм. Түүнчлэн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж байв. Хамгийн сүүлд 2024 онд Хонконгт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноос хойш татамид гараагүй тэрбээр өдгөө Монголд бэлтгэлээ хийж байна.
Роналду 978 дахь гоолоо оруулжээ
Posted By
Алсын Хараа
On
In
Спорт |
No Comments
Саудын Арабын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний IV тойргийн тоглолтод К.Роналдугийн "Аль-Наср" баг өөрийн талбайд "Аль-Таавун" багийг 2:1-ээр хожжээ.
Талбайн эзэн багийн Саму Кошта нэгдүгээр үеийн нэмэлт цагийн 5 дахь минутанд эхний гоолыг оруулсан бол зочин багийн Бассам Аль-Хурайжи 11 дэх минутанд хариу гоол хийлээ. Тоглолтын 50 минутанд Криштиану Роналду хожлын гоолыг оруулсан байна.
Ингэснээр Роналду энэ улирлын хоёр дахь гоолоо оруулсан бол түүний хөлбөмбөгчний замналдаа оруулсан гоолын тоо 978 боллоо. Үүнээс 146 гоолыг Португалын шигшээ багт тоглохдоо, 832 гоолыг клубүүдэд тоглохдоо оруулсан байна.
"Аль-Наср" баг дөрвөн тоглолтод дараалан хожсоноор 12 оноотой болж, Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний хүснэгтийг тэргүүлж байна.
"Аль-Таавун" баг 2 онооотойгоор хүснэгтийн 15 дугаарт бичигдэж байгаа бөгөөд 9 дүгээр сарын 5-нд өөрийн талбайд "Аль-Фатех" багтай, “Аль-Наср” баг мөн өдөр "Аль-Иттихад” багтай талбайд нь тус тус тоглоно.
“Бурханы гараар” оруулсан гоолын бөмбөгийг 3.3 сая доллароор заржээ
Posted By
Алсын Хараа
On
In
Спорт,Энтертайнмент |
No Comments
Аргентины шигшээ багийн ахлагч Диего Марадонагийн гараараа Английн хаалганд оруулсан гоолын бөмбөг Heritage Auctions дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулах үеэр 3 сая 300 мянган доллароор зарагджээ. Анхандаа бөмбөг 10 саяар зарагдана гэж тооцож байв.
Уг гоолыг Марадона 1986 оны ДАШТ-ий шөвгийн 8-ын тоглолтын үеэр оруулсан бөгөөд тэрбээр дубль хийснээр аргентинчууд 2:1-ээр хожсон юм.
Тоглолтыг шүүсэн Тунисын шүүгч Али Бин Нассер уг бөмбөгийг 30 гаруй жилийн турш гэртээ хадгалсан бөгөөд тоглолтод ашигласан цорын ганц бөмбөг мөн гэдгийг баталсныг хожим нь шинжээчид баталгаажуулсан байна.
Тэрбээр 2022 онд бөмбөгийг 2.3 сая доллароор зарсан бөгөөд худалдан авсан хүн 2023 онд дахиад дуудлага худалдаанд тавьсан боловч зарагдаагүй ажээ. Харин дээрх тоглолтонд Марадонагийн өмсөж байсан футболк 2022 онд болсон дуудлага худалдаагаар 9.6 сая долларын үнэд хүрсэн байна.
Ташрамд дурдахад, 1986 оны ДАШТ-ий үеэр Марадонагийн зүүж байсан багийн ахлагчийн тууз дуудлага худалдаагаар 512 мянган доллароор зарагджээ.
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын бөхчүүд тодорлоо
Posted By
Алсын Хараа
On
In
Онцлох,Спорт |
No Comments
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн боллоо.

Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан Улсын нийслэл Астана хотноо 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд болно. Сорил тэмцээний дүнгээр эрэгтэйчүүдийн 61 кг-ын Г.Батнасан, 65 кг-ын Б.Зэнээмэдэр, 74 кг-ын Б.Ган-Эрдэнэ, 92 кг-ын Ц.Ганбат, 125 кг-ын Б.Намбардагва нар насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцох эрхээ авлаа. Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ын Б.Отгонтуяа анх удаагаа Дэлхийн аваргын дэвжээнд хүч сорихоор шалгарсан байна.
Мөн тус сорил тэмцээнд МУГТ Э.Бэхбаяр АНУ-аас ирж оролцон, залуу тамирчдадаа урам зориг өгч, туршлагаасаа хуваалцсан нь тэмцээний онцлох үйл явдлын нэг байлаа. Ийнхүү Монголын чөлөөт бөхийн шинэ үеийн шилдэг тамирчид Дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдөх бэлтгэлээ базааж байна.




"Арсенал" баг 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ
Posted By
Алсын Хараа
On
In
Спорт |
No Comments
Кардифф хотод болсон Английн Супер цомын төлөөх тоглолтод Лондоны “Арсенал” баг “Манчестер Сити”-г 3:0 харьцаагаар хожлоо.
Арсеналчуудаас Риккардо Калафьори (1 дэх минут), Кай Хаверц (28), Мартин Эдегор (48) нар гоол оруулсан байна. Английн Супер цомын тэмцээний түүхэн дэх хамгийн хурдан гоолыг Калафьори оруулжээ. Тэрбээр 58 жилийн “МанСити”-гийн Бобби Оуэний тогтоосон хурдан гоолын дээд амжилтыг эвдсэн байна.
Итали дасгалжуулагч Энцо Марески-гийн хувьд “Манчестер Сити”-г удирдан анхны тоглолтоо хийлээ. Тус багийн мэдүүлэгт ДАШТ-2026-гийн шилдэг тоглогч, Испанийн шигшээгийн хагас хамгаалагч Родри-гийн нэр байгаагүй бөгөөд тэрбээр “Барселона”-д очно гэсэн мэдээлэл цацагджээ.
“Арсенал” баг Английн аваргын хувиар Супер цомын төлөө тоглосон бөгөөд өнгөрсөн улиралд лондончууд сүүлийн 22 жилийн хугацаанд анх удаагаа Английн Премьер лигт түрүүлсэн юм. Харин “Манчестер Сити” баг Английн цомын эзний хувиар Супер цомын төлөө өрсөлдлөө.
Ийнхүү арсеналчууд 18 дахь удаагаа Супер цомыг хүртсэн бол уг цомыг “Манчестер Юнайтед” баг хамгийн олон буюу 21 удаа өргөсөн байна.
Монголын сагсан бөмбөгийн шигшээ Японы багийг нэг хожиж, нэг хожигдлоо
Posted By
Алсын Хараа
On
In
Спорт |
No Comments
Японы нийслэл Токио хотын “Сага” спортын ордонд “Nippon life cup-2026” нөхөрсөг тоглолт болж өндөрлөлөө.
Энэ хүрээнд Монгол, Японы шигшээ баг хоёр удаагийн нөхөрсөг тоглолт зохион байгуулсан юм. Эхний тоглолтод Монголын шигшээ баг Японыг 67:65-аар талбайд нь хожиж шуугиан тарив. Ш.Энхийн-Од 33 оноо, 14 самбар, 7 оновчтой дамжуулалтаар багаа манлайлсан бол Х.Оргил түүнд 16 оноогоор тусалжээ. Ингэснээр монголчууд Японы багийг анх удаа хожсон юм.
Тэгвэл өчигдөр болсон хоёр дахь тоглолтод манай баг 57:75-аар хожигдлоо. Гурван үеийн турш тэргүүлж явсан Монголын баг дөрөвдүгээр үед ердөө гуравхан оноо авсан нь хожигдолд нөлөөлөв. ФИБА-гийн чансааны 22 дугаарт эрэмбэлэгддэг, Ази тивийн шилдэг багуудын нэг Японы шигшээ багтай хийсэн хоёр тоглолтод Монголын баг хожил, хожигдолтой байсан нь чансааны 108 дугаарт эрэмбэтэй манай шигшээгийн хувьд чамгүй амжилт байлаа.
Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од Японы шигшээ багийн эсрэг хоёр тоглолтод 51 оноо авчээ. Эхний тоглолтод 33 оноо, 14 самбар, 7 оновчтой дамжуулалт өгсөн. Харин өчигдөр 18 оноо, 10 самбар, 9 оновчтой дамжуулалт бүртгүүлэв. Хоёр тоглолтын нийлбэр 51 оноо, 24 самбар, 16 оновчтой дамжуулалт гэсэн статистик үзүүлсэн байна. Харин өчигдрийн тоглолтод Б.Барсболд 13 оноо, 6 самбар, Х.Оргил 12 оноо, 1 дамжуулалт, С.Ган-Эрдэнэ 2 оноо, 9 самбар, 4 хаалт гэсэн статистикийг үзүүллээ.
Монголын шигшээ баг энэ сарын 28-нд Улаанбаатар хотын “М Банк арена” болох 2029 оны ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө. Энэ хүрээнд Монголын шигшээ Таиланд, Вьетнам, Фижигийн багийг талбайдаа хүлээн авах юм.





Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Япон улсыг зорилоо
Posted By
Алсын Хараа
On
In
Онцлох,Спорт |
No Comments
Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо болон Японы Сагсан Бөмбөгийн Холбооны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг өнөөдөр буюу 08-р сарын 06-ны өдөр Япон Улсыг зорилоо.Тус бэлтгэл, хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Монголын шигшээ баг Япон улсын шигшээ багтай хоёр тоглолт хийх бөгөөд 08-р сарын 06–16-ны хооронд хамтарсан бэлтгэл сургуулилтад хамрагдах аж.Энэ удаагийн Монгол Улсын шигшээ багтай KELME брэнд хамтран ажиллаж байгаа бөгөөд шигшээ багийн тамирчдад тээшийн цүнх болон үүргэвчийг гардуулан өгчээ.
Н.Алтаншагай: 30 жилийн түүхт “Бөх билэгт” дэвжээ уламжлалаа амжилтаар түүчээлэхийн төлөө ажиллана
Posted By
Алсын Хараа
On
In
Спорт |
No Comments
Төмөрбаатарын Батсайхан
“Бөх билэгт” дэвжээний тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Алтаншагайтай ярилцлаа.
-“Бөх билэгт” дэвжээний тэргүүнээр сонгогдсонд баяр хүргэе. Та дэвжээний дэд тэргүүнээр ажиллаж байсан шүү дээ. Ер нь бөхийн спорттой хэрхэн холбогдож байв. Энэ талаар яриагаа эхэлье?
-Баярлалаа. Үндэсний бөхийн ууган дэвжээ болох Архангай аймгийн “Бөх билэг” дэвжээ байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Ийм түүхэн цаг үед тус дэвжээний долоо дахь тэргүүнээр сонгогдон ажиллах хариуцлагатай үүрэг хүлээлээ. Манай дэвжээ үе үеийн улсын баяр наадамд өндөр амжилт үзүүлж, олон алдарт бөхийг төрүүлсэн арвин баялаг түүхтэй. Энэ сайхан уламжлалыг үргэлжлүүлж, түүхийг нь шинэ амжилтаар баяжуулахын төлөө хамт олонтойгоо хичээн ажиллана. Миний хувьд 1991 оноос хойш “Бөх билэгт” дэвжээний үйл ажиллагаанд оролцож, дэд тэргүүнээр ажиллаж ирлээ. Мөн 2017-2021 онд Архангай аймгийн Чөлөөт бөхийн холбооны тэргүүнээр ажилласан. Ер нь би багаасаа үндэсний бөхийн спорттой ойр өссөн. Адьяабат, Пүрэвдагва зэрэг олон сайн бөхтэй нэг секцэд хамт бэлтгэл хийж, нэг багшийн шавь болж явсан дурсамжтай сайхан цаг үе бий. Архангайн бөхчүүдийн хайрлан хүндэлдэг Баярсайхан буюу “Хөөрүү Баяраа” багшийн шавь байлаа. Сум сумаас ирсэн олон хүүхэдтэй хамт бэлтгэл сургуулилт хийж, нөхөрлөж, хамтдаа өсөн төлөвшсөн гэхэд болно. Өнөөдөр бидний үеийнхэн дараагийн үеийн залуу бөхчүүдийнхээ залгамж халааг бэлтгэж яваад баяртай байдаг. Мөн “Бөх билэгт” дэвжээнийхээ түүхт 30 жилийн ойгоор Архангай аймгийн бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Буян багшийгаа дурсан хүндэтгэхгүй байхын аргагүй юм.

-“Бөх билэгт” дэвжээний амжилт, хөгжлийг та хэрхэн төсөөлж байна вэ. Цаашдын үйл ажиллагаандаа хэрхэн анхаарах вэ?
-Өнгөрсөн хавраас Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Чинбат нар дэвжээний дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Тэдний туршлага, ур чадвар залуу бөхчүүдийн өсөлт хөгжилд томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. 30 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн багш дасгалжуулагч, удирдлагууд, ахмад бөхчүүд, тамирчид, дэмжигчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна. Та бүхний хөдөлмөрийн үр дүнд өнөөдрийн “Бөх билэг” дэвжээ бий болсон. Сүүлийн жилүүдэд “Бөх билэгт” дэвжээ бэлтгэлийн шинэ баазтай болж, материаллаг орчноо нэлээд сайжруулсан. Цаашид энэхүү боломжийг түшиглэн бөхчүүдийн бэлтгэл сургуулилтын чанарыг ахиулах, бие бялдар, сэтгэл зүй, оюун санаа, хүмүүжлийн чиглэлээр олон талт сургалт зохион байгуулах, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол хэрэгжүүлэхээр зорьж байна. Үндэсний өв соёлоо залуу үедээ өвлүүлэн үлдээх, түүнийг түгээн дэлгэрүүлэхэд “Бөх билэгт” дэвжээ цаашид ч үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
-Ер нь Монгол бөхийн амжилтын гол хүчин зүйл, үзэл санааг та юу гэж хардаг вэ?
- Монгол бөхийн хамгийн үнэт зүйл бол жудаг юм. Биднийг бөхөөр хичээллэж байх үед ахмад бөхчүүд маань “Ёс жудагтай бай, зөв хүн бай, бусдад үлгэрлэ” гэж байнга сургадаг байсан. Энэ бол зөвхөн спортын амжилт бус, хүний төлөвшил, хүмүүжлийн үндэс юм. Бөх хүн гэдэг өөрөө Монголын өв соёлыг тээгч. Тиймээс үндэсний бөхийн үнэ цэн зөвхөн барилдаанаар хэмжигдэхгүй, ёс заншил, хүмүүжил, эх оронч үзэл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд оршдог.
- “Бөх билэгт” дэвжээний бөхчүүд өндөр амжилт үзүүлж байна. Энэ жилийн амжилтыг хэрхэн үнэлж байна вэ?
-Энэ жил “Бөх билэг” дэвжээний хувьд онцгой амжилттай жил болж байна. Улсын их баяр наадмаар хоёр улсын начин, хоёр улсын харцага төрж, улсын заан С.Сүхбат долоогийн даваанд шалгарсан нь манай дэвжээний бахархал болсон амжилт байлаа. Мөн өсвөрийн барилдаанд Архангай аймгийн Жаргалант сумын харьяат Цэрэнбат түрүүлж, Улсын шонхор цол хүртсэн. Наадмын дараа болсон Эрдэнэт хотын 50 жилийн ой болон бусад томоохон баяр наадмуудад ч манай бөхчүүд түрүү, үзүүр булаалдаж, өндөр амжилт гаргасан. Энэ бүхэн “Бөх билэгт” дэвжээний 30 жилийн ойд барьж буй хамгийн сайхан бэлэг гэж бодож байна.
-УИХ-ын гишүүний хувьд үндэсний бөхийн хөгжилд ямар бодлого, дэмжлэг үзүүлэхээр зорьж байна вэ?
-Бөхчүүд бол Монголын өв соёлыг тээгч хүмүүс гэдгийг би тодотгосон. Тиймээс тэдний эрх ашиг, нийгмийн баталгаа, хөдөлмөрийг хамгаалах асуудалд төрийн зүгээс анхаарах шаардлагатай гэж үздэг. УИХ-ын гишүүний хувьд үндэсний бөхийн хөгжилд чиглэсэн хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр бодитой ажиллах болно. Архангай аймгийнхаа нийт иргэд, үе үеийн бөхчүүд, багш дасгалжуулагчид, дэмжигчид болон үндэсний бөхөө хайрлан дэмждэг нийт монголчууддаа “Бөх билэгт” дэвжээ байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 143 (7885)
"Реал Мадрид" түүхэнд байгаагүй их орлоготойгоор улирлыг дуусгажээ
Posted By
Алсын Хараа
On
In
Спорт |
No Comments
Испанийн хөл бөмбөгийн "Реал Мадрид" клуб 2025/26 оны улирлыг спортын клубүүдийн түүхэн дэх хамгийн их орлоготойгоор дуусгаж, үндсэн үйл ажиллагааны орлого нь анх удаа 1.2 тэрбум еврог давсан тухай клубийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
Тоглогчдын шилжилт, наймааны орлогыг тооцоогүй үндсэн үйл ажиллагааны орлого 1.221 тэрбум евро болсон нь өмнөх улирлынхаас 3.1 хувиар өсжээ. Ийм хэмжээний орлогыг өмнө нь ямар ч спортын байгууллага бүртгүүлж байгаагүй аж.
2018/19 оны улиралтай харьцуулахад "Реал Мадрид"-ын үндсэн үйл ажиллагааны орлого 61 хувиар өсөж, 757 сая еврогоос 1.221 тэрбум еврод хүрсэн байна. Орлогын гол эх үүсвэр нь цэнгэлдэх хүрээлэнгийн ашиглалтын орлого (175 сая еврогоос 363 сая евро болж 107 хувиар өссөн) болон маркетингийн орлого (296 саяас 539 сая евро болж 82 хувиар өссөн) байжээ. Үүний зэрэгцээ багийн бүрэлдэхүүнтэй холбоотой зардал 451 сая еврогоос 618 сая евро болж, 37 хувиар өссөн байна.
2025/26 оны улиралд "Реал Мадрид" Испанийн Ла лигт хоёрдугаар байр эзэлж, Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарчээ.