- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Парисын Олимпын галыг асаалаа

“Парис-2024” Олимпын наадмын ариун галыг Олимпын тууринд мягмар гарагт асааж, ирэх долоодугаар сарын 26-нд наадам эхлэх хүртэл гурван сарын турш үргэлжлэх галт бамбарын буухиаг эхлүүллээ. Эртний Грекийн тайлгачийн хувцас өмссөн жүжигчин эмэгтэй Нарны гэрлийг ашиглан мөнгөн бамбарыг асаах үед үүлэрхэг байсан нь галыг асаахад саад болжээ. Иймээс даваа гарагт хийсэн сүүлчийн бэлтгэл сургуулилтын үеэр асаасан нөөц галыг ашигласан байна.

сонин mn [1]

Францын нийслэлд болох Олимпын нээлтийн ёслолын үеэр Олимпын бамбарыг гэрэлтүүлснээр буухиа өндөрлөнө. Парис хотод өмнө нь 1900, 1924 онд Олимпын наадмыг зохион байгуулж байсан бөгөөд одоо гурав дахь удаагаа болох гэж байгаа юм. Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах хэлсэн үгэндээ “Дайн тулаан, зөрчил мөргөлдөөн нэмэгдэж байгаа энэ хүнд хэцүү цаг үед хүмүүс өдөр бүр тулгарч буй үзэн ядалт, түрэмгийлэл, сөрөг мэдээллүүдээс залхаж байна. Хүн төрөлхтөн бид бүхнийг нэгтгэдэг, бидэнд итгэл найдвар төрүүлдэг зүйлийг хүсэж байна. Өнөөдөр бидний асааж байгаа Олимпын гал бол энэ итгэл найдварын бэлгэдэл юм” гэлээ.

Олимпын галыг Грек даяар 11 хоног буухиалсны дараа тэртээ 1896 онд орчин үеийн анхны Олимпын наадам болсон Афины “Панатенаик” цэнгэлдэх хүрээлэнд дөрөвдүгээр сарын 26-нд Парисын наадмыг зохион байгуулагчдад албан ёсоор хүлээлгэн өгөх юм. Үүний маргааш нь “Белем” хэмээх гурван шурагтай хөлөг онгоцоор Франц руу тээвэрлэж, тавдугаар сарын 8-нд Марсель хотод авчрах ажээ. Тус хотын боомтод болох ёслолд 150 мянга орчим хүн оролцох төлөвтэй байна.

сонин mn

МЭӨ 600-аад оны үед Грекийн Фокеагийн оршин суугчдын үүсгэн байгуулсан Марсель хотод Олимпын дарвуулт завины тэмцээнийг зохион байгуулах ажээ. Францад галт бамбарын буухиа 68 хоног үргэлжлэх бөгөөд Парист долоодугаар сарын 26-нд болох нээлтийн ёслолын үеэр Олимпын галыг асааснаар өндөрлөнө. Францын нийслэлд болсон өмнөх хоёр Олимпын нэгэн адил Парисын наадмын үеэр түүхэнд тэмдэглэгдэн үлдэх онцгой үйл явдлууд болно гэдгийг холбогдох албаны төлөөлөгчид мягмар гарагт онцоллоо.

“Энэ удаагийн наадамд залуучууд түлхүү оролцох ба илүү хүртээмжтэй, илүү тогтвортой байх болно. Мөн жендерийн тэгш байдлыг хангасан анхны Олимпын наадам байх болно. ОУОХ нийт квотыг эмэгтэй, эрэгтэй тамирчдад адил тэнцүү 50 хувь байхаар хуваарилсан” гэдгийг Т.Бах дурдлаа.

Парисын Олимпыг зохион байгуулах хорооны дарга Тони Эстангегийн хувьд Парист 1900 онд болсон наадамд эмэгтэйчүүд анх удаа оролцож байсныг тэмдэглэн хэллээ. 2020 оны Токиогийн Олимп, 2022 оны Бээжингийн Олимпын гал асаах ёслолыг “Ковид-19” цар тахлын улмаас цомхон хүрээнд зохион байгуулж байсан бол энэ удаагийн ёслолыг цар тахал дэгдсэнээс хойш анх удаа үзэгчдийг оролцуулан явуулжээ.

Ёслолд Грекийн Ерөнхийлөгч Катерина Сакелларопулу, Францын Спортын сайд Амели Оудеа-Кастера, Парис хотын дарга Анне Хидалго нар оролцов. Америкийн меццо-сопрано хоолойт дуучин Жойс ДиДонато Олимпын сүлд дууг дуулжээ.

Олимпын галыг 17 мянган км аялуулна

Галт бамбар нь наадмын туршид ариун гал асдаг байсан эртний Олимпын наадмуудаас үүсэлтэй бөгөөд энэхүү уламжлалыг 1936 оны Берлиний Олимпын наадмаас сэргээж байсан түүхтэй. Грект галт бамбарыг 11 хоногийн турш буухиалах бөгөөд 600 орчим хүн 41 хотоор 5000 км зайд аялуулна.

Дөрөвдүгээр сарын 26-нд Афины “Панатенаик” цэнгэлдэх хүрээлэнд Парисын наадмыг зохион байгуулагчдад Олимпын галыг гардуулан өгөх бөгөөд энэхүү ёслолд 89 настай Грекийн дуучин Нана Мускури урилгаар оролцож ая дуугаа өргөнө. Дараагийн өдөр нь Олимпын галыг “Афин-1896” наадмаас хэдхэн долоо хоногийн дараа далайд анх гарч байсан 19 дүгээр зууны үеийн хөлөг онгоцоор Парис руу тээвэрлэх юм.

Үүний дараа Олимпын галыг 10 мянган хүн Францын 64 өөр газраар дамжуулан буухиална. Ингэхдээ Францын эх газар болон Карибын тэнгис, Энэтхэгийн далай, Номхон далай дахь нутаг дэвсгэрээр 12 мянган км замыг туулж, 400 хот суурингаар аялуулах ажээ. Парисын Олимпын нээлтийн ёслол долоодугаар сарын 26-нд Сена мөрөн дээр болох бөгөөд түүхэнд анх удаагаа цэнгэлдэх хүрээлэнгээс өөр газарт зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Харин даваа гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгдэхдээ, аюулгүй байдалд заналхийлэл учирсан тохиолдолд ёслолыг үндэсний цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж магадгүй гэжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Архангайн хүчтэнүүд шөвгийн дөрөвт шалгарлаа

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

Монголын үндэсний бөхийн холбоо, “Премьер спортс нэтворк” сувагтай хамтран зохион байгуулж буй үндэсний “Алтан цом”-ын төлөөх шигшээ найман багийн барилдаан эхэллээ.

1/4 шигшээгийн салхийг Архангай-Төв аймгийн баг хагалсан. Уг барилдаанд архангайчууд бөхийн өлгий нутаг гэдгээ харуулан 18:7-гоор ялснаар шөвгийн дөрөвт шалгарч байна. Архангайн багаас улсын харцага Б.Зоригтбаатар ганцаараа нэг ч унаагүй бол харцага С.Сүхбат, аймгийн арслан Д.Ням-Очир нар дөрөв, аймгийн арслан Э.Мөнхжаргал, цэргийн заан Ө.Батсуурь нар хоёр, сэлгээнээс улсын арслан Р.Пүрэвдагва нэг давжээ. Харин улсын харцага О.Мөнх-Эрдэнэ бэртлийн улмаас барилдааныг үзэгчийн суудлаас үзсэн юм.

Тэгвэл Төв аймгийн хүчтэнүүдээс улсын начин Д.Хүдэрбулга дөрвөн даваагаар багийнхаа амжилтын тавин хувийг ганцаараа биелүүлсэн бол түүнд аймгийн арслан Л.Даваажамц хоёр, Н.Дашдаваа нэг даваагаар тус хүргэв. Харин хурц арслан Э.Төгөлдөр, аймгийн арслан Л.Энхтүвшин нар энэ удаа нэг ч давсангүй. Хоёр багийн бүрэлдэхүүн илт ялгаатай байсан ч хол зөрүүтэй ялагдах гол шалтгаан байлаа.

Ялсан Архангай аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарснаар 20 сая төгрөгийн шагналын болзол биелүүлсэн бол ялагдсан Төв аймгийнхан таван сая төгрөгийн бай гардав.

Өнөөдөр 19:45 цагаас Өвөрхангай аймгийн хүчтэнүүд Өмнөговийн багтай барилдана.

ПАРИС 2024: 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг эрх олгох эхний тэмцээндээ оролцоно

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

3х3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн олгох эхний тэмцээн энэ сарын 12-14-нд Хонконгт болно. 

Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ны чансаагаар 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд эхний наймд бичигдсэн баг олимпын эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан юм.

Ямар багууд оролцох вэ?

  • Эмэгтэй: Хонконг, БНХАУ, Унгар, Нидерланд, Азербайжан, Польш, Египет, Монгол, Чили
  • Эрэгтэй: Хонконг, БНХАУ, Нидерланд, Монгол, Латви, Австри, Швейцар, Египет, Шинэ Зеланд

Хэсгийн шат

Эрэгтэй найм, эмэгтэй найман баг хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөнө. Хэсгийн шатанд эхний хоёрт орсон баг нь хагас шигшээд шалгарна. Улмаар түрүүлсэн нэг баг олимпын эрхээ авах юм.

Эрэгтэй: А хэсэг

  • Нидерланд (1)
  • Австри (4)
  • Швейцар (5)
  • Хонконг (8)

Эрэгтэй: Б хэсэг

  • Монгол (2)
  • Польш (4)
  • Египет (5)
  • Шинэ Зеланд (7)

Эмэгтэй: А хэсэг

  • Унгар (1)
  • Польш (4)
  • Египет (5)
  • Хонконг (8)

Эмэгтэй: Б хэсэг

  • Нидерланд (2)
  • Азербайжан (3)
  • Монгол (6)
  • Чили (7)

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

зураг

3х3 сагсан бөмбөгийн холбоо

Эрэгтэй баг: А.Ананд, Д.Дэлгэрням, Ч.Ихбаяр, О.Энхбаатар

зураг

3х3 сагсан бөмбөгийн холбоо

Эмэгтэй баг: Б.Ариунцэцэг, Ө.Индра, О.Хулан, М.Цэрэнлхам

Хуваарь

Дөрөвдүгээр сарын 12-нд:

Эмэгтэй:

15:55 цагт: Монгол - Нидерланд 

Эрэгтэй:

16:45 цагт: Монгол - Латви

18:35 цагт: Египет - Монгол

Дөрөвдүгээр сарын 13-нд:

Эмэгтэй: 

15:55 цагт: Монгол - Азербайжан

17:20 цагт: Чили - Монгол

Эрэгтэй:

16:20 цагт: Монгол - Шинэ Зеланд

Дөрөвдүгээр сарын 14-нд хасагдах шатны тоглолтууд болно.

Олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд Монголын 12 тамирчин цэц сорино

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

Бразилын Рио де Жанейро хотод буудлага спортын “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрх олгох Дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ.

10 өдөр үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор нийт 12 тамирчин цэц сорихоор Рио де Жанейро хотыг зорилоо

. Гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа, урт бууны дасгалд Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, О.Мөнхзул нар өрсөлдөнө.

Монголын буудлага спортын баг тамирчид олимпын наадмаас нийт хоёр медаль хүртэхдээ 16 жилийн зайтай авсан бөгөөд “Барселона-1992”-оос Д.Мөнхбаяр хүрэл, “Бээжин-2008”-аас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ.

Тэгвэл Бээжингийн олимпын наадмаас хойших 16 жилийн дараа болж буй олимпын наадамд Монгол Улсаас одоогоор О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар оролцох эрхээ аваад байна.

Э.Цэндбаатар: Би эх орондоо зугаалах гэж ирээгүй

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

Монгол Улсын гавьяат тамирчин Э. Цэндбаатар өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэрбээр Монголын боксын холбооноос ёс зүйн алдаа гаргасандаа уучлал хүсэж, 63.5 кг-д дотоодын сорилд оролцох, цаашлаад Парисын олимпын наадмын дэлхийн эрх олгох сүүлийн тэмцээнд өрсөлдөх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Боксын холбоо ч хүсэлтийг хүлээн авсан.

Түүний хувьд өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Миний хувьд 63.5 кг-ын жингийн дотоодын сорилд өрсөлдөхөөр эх нутагтаа ирлээ. Зугаалах гэж ирээгүй. Монголын боксчид бүгд л шилдэг. Манай жингийн дүү нарын хувьд ур чадвар өндөр. Хэнийг ч басахгүй. Аль хожсон нь л эрхийн тэмцээндээ өрсөлдөнө. Мэдээж эрхийн тэмцээнээс эрхээ авч, цаашлаад Парисыг зорьж чадвал олимпын алтан медаль заавал авах болно. Формоо алдаагүй. Жингийн хувьд огт асуудалгүй. Бэлтгэлээ маш сайн хийсэн. Өдөрт гурван бэлтгэл хийдэг. Долоо хоногт 56 раунд спарринг хийдэг. Анх АНУ-д очоод бэлтгэлийн ачааллаа даахгүй байсан тал бий. Одоо бүх зүйл хэвийн” хэмээн хэлэв.

Тэрбээр өмнө нь хоёр удаа олимпын наадамд оролцсон ч санасандаа хүрч чадаагүй юм. 2016, 2020 оны олимпод Э.Цэндбаатар медалийн оосроос атгаад алдаж байсан билээ. Мэргэжлийн боксын рингэнд 15-аас доош тулаан хийсэн тамирчин сонирхогчдын боксоор олимпын наадамд оролцохыг зөвшөөрдөг. Тэр дагуу Э.Цэндбаатар холбоондоо хүсэлтээ өгчээ. Түүний хувьд энэ сарын 5, 6-нд дотоодын сорилдоо оролцох бөгөөд 8-нд буцаад АНУ-ын зүг хүлгийн жолоо залах юм байна.

Жүдочид Анталиягийн “Их дуулга”-аас хоёр хүрэл медальтай ирнэ

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээний ээлжит цуврал Туркийн Анталия хотод боллоо.

Тус тэмцээнд 93 орны 600 гаруй жүдоч оролцсон бөгөөд манай улсаас 19 тамирчин зодоглов. Тэднээс эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг “Их дуулга”-ын долоо дахь медалиа зүүлээ. Тэрбээр Гуам, Нидерланд, Туркийн бөхийг ялж хагас шигшээд шалгарсан ч Туркийн өөр нэг тамирчин Сила Эрсинд ялагдав. Улмаар хүрлийн төлөөх барилдаанд Бразилын Наташ Феррейраг хожсоноор медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм.

Тэгвэл эрэгтэйчүүдийн -100 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн Дани, Швейцарын бөхчүүдийг ялж, Оросын Адамианд ялагдсан. Гэхдээ дагах барилдаанд Нидерландын Майкл Коррелийг, хүрлийн төлөө Бразилын Конкальвесыг буулган авснаар “Их дуулга”-аас дөрөв дэх медалиа зүүлээ.

Монголын шигшээ хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 93 орноос 15 дугаарт жагсав. Манай тамирчдын дараагийн оролцох олон улсын тэмцээн бол энэ сард Хонконгт болох насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Дашрамд дурдахад, энэ сарын 8-10-нд Эрдэнэт хотын “Хангарьд” спорт цогцолборт жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно.

3х3-ынхан Азийн аваргаас анх удаа хос медаль хүртлээ

Posted By Алсын Хараа On In Онцлох,Спорт | No Comments

Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын эрэгтэй баг хэсэгтээ Шри Ланк, Тайландыг хожиж, улмаар хасагдах шатанд Катарыг буулган авч шөвгийн дөрөвт шалгарсан. Гэвч хагас шигшээд Австралийн хүчирхэг багт хожигдов. Ингээд хүрэл медалийн төлөө Шинэ Зеландыг 21:18-аар хожсон юм. Монголын эрэгтэйчүүд тивийн аваргад хоёр түрүүлсэн бөгөөд энэ удаа залгамж халаагаа илгээсэн нь багагүй шүүмжлэлд өртөв. Монголын шигшээгийн гурван тоглогч 19 настай бол багийг хашир мастер А.Ананд ахалсан юм. Азийн шигшээд багтаж, шилдэг тоглогчоор шалгарсан А.Ананд Катарын эсрэг ес, Шинэ Зеландтай тоглоход 15 оноо авч багаа хожилд хөтөллөө.

Тэгвэл эмэгтэйчүүд хэсэгтээ Малайзыг хожиж, Филиппинд хожигдсон. Гэвч хасагдах шатанд Хятадын шигшээг 13 онооны зөрүүгээр буулган авлаа. Харин хагас шигшээд хүчирхэг Австралийн багт хожигдов. Гэхдээ хүрэл медалийн төлөөх тоглолтод Тайванийн шигшээг 17:10-аар буулган авснаар тивийн аваргад анх удаа медалийн тавцанд зогслоо. Эмэгтэйчүүдээс Б.Ариунцэцэг шилдгээр нэрлэгдэж, Азийн шигшээд багтсан юм.

Долоо дахь удаагийн Азийн аваргад Австралийн эрэгтэй, эмэгтэй баг түрүүлснээр дөрөв дэхээ Азийн аварга хэмээх алдрын эзэн болж байна.

Хакухо туслах оякатагаар ажиллана

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, “Миягино” дэвжээг хааж, ояката, бөхчүүдийг нь “Исэгахама” дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. “Миягино” дэвжээг хэр удаан хугацаанд хаах талаар тодорхой шийдэл гараагүй аж.

Ийнхүү Хакүхо туслах ояката болох ба Сумо бөхийн Холбоо: “Миягино дэвжээг бүр мөсөн хаасан хэрэг биш. Миягино ояката хичээж зүтгэн, сайн багш болоосой гэж бид хүсэж байна. Хоёр ёкозүна төрүүлсэн Исэгахама оякатагийн удирдлага дор тэр сайн хүмүүжих болно” гэжээ.

Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт эхэллээ. Өнөөдөр, маргааш тус тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болно. Харин энэ сарын 29-нд хэсгийн тоглолтууд эхлэх юм.

Манай улсын эмэгтэйчүүд “С” хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо энэ сарын 29-нд Малайзын эсрэг хийнэ. Хоёр дахь тоглолтоо урьдчилсан шатнаас шалгарсан багтай хийх хуваарьтай. Тэгвэл эрэгтэйчүүд “В” хэсэгт багтсан бөгөөд эхлээд урьдчилсан шатнаас шалгарсан багтай, дараа нь Тайландтай тоглоно.

Монголын эрэгтэй баг аваргаа хамгаалах зорилготой оролцож байгаа бөгөөд шигшээ А.Ананд ахалж, Стив Сер удирдаж байна. Тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-нд өндөрлөнө.

Такэрүфүжи: Тэрүнофүжи аварга намайг түрүүлж чадна гэсэн

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

Мэргэжлийн сүмогийн Харү башё Осака хотод болж өнгөрлөө. Энэ удаагийн башёд япон бөх Такэрүфүжи 13 даваа, хоёр унаатай түрүүлж, дээд зиндааны анхны түрүүгээ хүртэв. Башё эхлэхийн өмнө түрүүлэх магадлал өндөр гэгдэж байсан бөхчүүд тун тааруу барилдлаа. Тухайлбал, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр даваа, таван унаатай башёг эхлүүлж, гэмтлийн улмаас үргэлжлүүлэн барилдаж чадаагүй бол озэки Киришима Б.Лхагвасүрэн таван даваа, арван унаатай, озэки Хошорюү С.Бямбасүрэн 11 даваа, дөрвөн унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил долоон даваа, найман унаатай тус тус башёг өндөрлүүлжээ.

Тэгвэл Такэрүфүжи түүх бүтээсэн. Тэрбээр 1914 оноос хойш сүмогийн 110 жилийн түүхэнд дээд зиндаанд барилдсан эхний башёдоо түрүүлсэн анхны бөх болжээ. Удахгүй 25 нас хүрэх тэрбээр өнөөдөр/2024.03.25/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Олон хүн надтай холбогдож, баяр хүргэсний дараа л үнэхээр өөрийгөө түрүүлчихлээ гэдгээ ухаарсан" гэжээ.

 

Аомори мужаас гаралтай түүний нэр нь Микияа Ишиока бөгөөд сүүлийн өдрийн барилдааны өмнөх өдөр Асанояамад өвдөг шороодох үеэрээ шагайндаа бэртэл авчээ. Хэдий шагай нь гэмтэлтэй байсан ч сүүлийн өдөр шүд зуун Гонояаматай барилдаж, дийлжээ. Хэрэв сүүлийн өдөр Такэрүфүжи ялагдсан бол Оносатод түрүүлэх боломж гарч ирэх байв. Такэрүфүжи үргэлжлүүлэн "Би өөрийнхөө гараар аварга авахыг хүссэн. 15 өдрийн барилдаанд бүтэн барилдсандаа баяртай байна" гэж ярилаа.

Такэрүфүжи болон ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр Исэгахама гэх нэг дэвжээнийх бөгөөд сүүлийн өдөр ёкозүна Тэрүнофүжи түүнд хандан "Түрүүлж чадна" гэж хэлжээ. "Миний бие зөнгөөрөө л хөдөлчихсөн. Юу болсныг нь мэдэхгүй байна" гэж сүүлийн барилдааныхаа талаар дурсав.

Такэрүфүжи Харү башёгийн эхний өдрөөс эхлэн 11 дараалан даваа авсан амжилтаараа домогт Тайхо аваргатай зэрэгцэж, дээд зиндааны анхны башёдоо хамгийн олон даваа дараалан авсан бөх болжээ.