Монголын шатарчид тэргүүн ангилалд тоглоно

оруулсан Алсын Хараа

 

Дэлхийн шатрын холбооноос цахимаар зохион байгуулж буй “Дэлхийн шатрын цахим анхдугаар олимпиад”-д Монголын баг тамирчид "А" ангилал буюу тэргүүн хэсэгт шалгаран тоглох талаар өнөөдөр Биеийн тамир спортын газраас мэдээллээ.

Монголын багийн тухайд 2018 онд эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг таван байрт шалгарсан амжилтаар дээрх олимпиадад тэргүүн ангилал буюу дэлхийн шилдэг 25 улсын тоонд орон өрсөлдөх эрх авчээ.

Уг олимпиадыг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, цахимаар буюу www.chess.com сайтаар зохион байгуулж байна. Олимпиадад 163 орны баг, тамирчид 5 хэсэгт хуваагдан тоглох бөгөөд нэг өрөг нь 40-50 минут үргэлжлэн өдөрт 3 тоглож байна.

Монголын баг тамирчид 12 хүний бүрэлдэхүүнтэй “Их тэнгэр цогцолбор”-т байрлан олимпиаддаа оролцож, энэ сарын 21-23-нд тоглоно.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат “Олимпиад цахим хэлбэрээр болж байгаа учраас техник технологийг хангаж ажиллах нь чухал" гэдгийг онцлов. Тэрээр, техник технологийн тал дээр Мэдээлэл технологийн Үндэсний парктай хамтарч ажиллаж байна. Дэлхийн шатрын холбооноос уг олимпиадад оролцогчдод тавьсан өндөр үзүүлэлттэй сүүлийн үеийн компьютер, камер, гэрэл, микрофон, өсгөгч зэрэг шаардлагатай хэрэгслээр хангалаа гэв.

Зөвлөх Ц.Эрдэнэбат цааш нь хэлэхдээ, "Монголын Шатрын холбоо өнгөрсөн хугацаанд олон цахим тэмцээнийг явуулсан. Дэлхийн Шатрын холбоо манай шатрын холбоотой хамтарч, манай талаас хийсэн зохион байгуулалтын ажлын зарим загварыг ашигласан. Иймд энэ тал дээр бид сайн бэлтгэгдсэн. Энэ олимпиадыг анх удаа зохион байгуулж байгаа учраас үүсэж болох эрсдэл бүрийг тооцож, бэлтгэлээ ханган тэмцээнд оролцоход бэлэн болсон” гэлээ.

Ташрамд дурдахад, Дэлхийн шатрын цахим олимпиадад оролцох сонгон шалгаруулалтыг 7 дугаар сарын 7-10-нд цахим хэлбэрээр явуулжээ.

Сэтгэгдэл бичих