БНСУ-ын парламентын сонгууль маргааш болно

оруулсан Алсын Хараа

БНСУ-д энэ сарын 15-нд болох парламентын сонгуулийн урьдчилсан санал хураалт өнөөдрөөс эхэллээ. Энэ удаагийн сонгуульд олон нийтийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарч, санал өгөгчид болон албаны хүмүүс халдвараас урьдчилан сэргийлэхэд ихээхэн анхаарч, чанга хатуу дүрмийг мөрдөж байна. Иргэд бие биеэсээ дор хаяж 1 метрийн зайд зогсож, сонгуулийн байранд орохоос өмнө халуунаа заавал шалгуулах шаардлагатай. Амны хаалтыг зайлшгүй зүүсэн байх ёстой ба гараа ариутгасны дараа хянагчдын тараасан нэг удаагийн бээлийг өмсөөд саналаа өгөх боломжтой. Мөн аюулгүй байдлын үүднээс хурууны хээ уншигчийн оронд нүүр танигч төхөөрөмжүүдийг суурилуулжээ.  Түүнчлэн саналын бүхээг, саналын тамга зэргийг тогтмол халдваргүйжүүлэх ажээ.

Парламентын сонгуулийн кампанит ажлын сүүлийн өдөр тохиож буй учраас улс төрийн намууд Сөүл болон тус хотын эргэн тойрны бүс нутгийн кампанит ажилдаа гол анхаарлаа хандуулж байна. БНСУ-ын Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгохоор дөрвөн жил тутам зохион байгуулдаг парламентын сонгууль “COVID-19” халдварын тархалттай тэмцэж буй үед болох гэж буй нь энэ юм. Сонгогчид тэдгээр суудлын 253-ыг шууд сонгоно.

Энэ удаагийн сонгууль нь 2022 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгогчдын үзэл бодлыг илтгэх хэмжигдэхүүн болно хэмээн үзэж байгаа юм. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2017 оны тавдугаар сараас албан тушаалаа хашиж эхэлсэн билээ. 13 хоногийн турш үргэлжилсэн кампанит ажлын сүүлийн өдөр өрсөлдөгч намууд 121 суудлыг шууд сонгох Сөүл хот, Гёнги мужид кампанит ажлаа идэвхтэй явуулж байна.

Маргааш буюу 15-ны өглөөний 06 цагаас оройны 18 цаг хүртэл орон даяар 14,330 санал авах байр ажиллана. Өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гарагт явуулсан урьдчилсан санал хураалтын ирц харьцангуй өндөр буюу 26.69 хувь байжээ.

Тус улсын Сонгуулийн үндэсний комисс сонгогчдыг саналаа өгөхөөр ирэхдээ амны хаалт зүүхийг зөвлөж байгаа бөгөөд “COVID-19” халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс түр саналын бүхээгүүдийг байгуулахаар төлөвлөжээ.

БНСУ-д өнөөдөр /2020.04.14/ өглөөний байдлаар халдварын 10564 тохиолдол бүртгэгдэж, 222 хүн нас барсан бол нийт 7534 хүн эдгэрсэн гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.

Мөн өнөөдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гэргий Ким Жун Сокын хамт амны хаалт, нэг удаагийн бээлий өмсөн саналаа өгөв. Ерөнхийлөгч Мүн энэ удаагийн сонгуульд иргэдийг уриалан, иргэдийн ирцийг нэмэгдүүлэх зорилгоор саналаа эрт өгсөн аж.

Энэ удаагийн сонгуулийн үр дүн 2022 оны тавдугаар сард албан үүрэг нь дуусах Мүн Жэ Иний ерөнхийлөгчийн байр сууринд ихээхэн ач холбогдолтой билээ. Олон удаагийн санал асуулгаас харахад Мүн Жэ Инийг дэмжигчдийн хувь сүүлийн үед өсөх хандлагатай байгаа нь түүний тэргүүлсэн Засгийн газар коронавирусийн тахлын эсрэг бусад олон орноос илүү сайн арга хэмжээ авч байна гэсэн үзэл бодолтой холбоотой ажээ.

Сэтгэгдэл бичих