Дархан-Уул аймаг коронавирус оношлох лабораторитой боллоо

оруулсан Алсын Хараа

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 220 хүн тусгаарлагдаад байгааг тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр мэдэгдлээ.

Тэрээр, "3 дугаар сарын 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан сэжигтэй 5 тохиолдолд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д 5, Увс аймагт 2, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэ аймагт 4, Увс аймагт 2, нийт 32 хүн тусгаарлалтад байгаа бөгөөд тэдний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д болон аймаг, орон нутагт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй"-г хэллээ.

"Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчлэгдэж буй хүмүүсийн биеийн байдал сайн, тогтвортой байгаа. Бид өглөө бүр утсаар зөвлөгөө өгч, дүгнэж ярилцдаг. Эмчилгээний үр дүн зөв байна. Эмчилгээг өдөр болгоноор нь тэмдэглэж байна" гэв.

Мэдээллийн үеэр тэрээр, Дархан-Уул аймагт коронавирусний оношилгоо хийх лабораторитой болсон сайхан мэдээг дуулгаж байна гээд, "Энэ нь яг ХӨҮСТ-д байгаатай адил түвшний оношилгоо хийх лаборатори юм.  Дархан-Уул аймаг ийм лабораторитой болсноор хойд хилээр орж ирж байгаа иргэд болон ойрын аймгуудын иргэдийг оношилж, шинжилгээ хийх боломжтой болж байгаа"-г онцлов.

"Энэ талын мэргэжилтэн сургаж, оношлуурыг хуваарилсан. Үүнээс гадна Дорнод, Ховд аймагт халдварыг илрүүлэх шинжилгээ хийх бэлтгэлийг хангаж байна. Аймаг, орон нутагт ХӨСҮТ-ийн төв лаборатори шиг хүчин чадалтай лабораториудыг бий болгож байгаа нь бидний хувьд эмчилгээг шуурхай болгож, эмч сувилагч нарын болон эмнэлгийн ачааллыг хуваарилсан чухал ажил болж байна" гэв.

Нийт 3883 хүн ажиглалтад орсноос өнөөдрийн байдлаар 2434 иргэн ажиглалтад байгаа бөгөөд тэдэнд 320 эмч, эмнэлгийн ажилтан тусгаарлагдан эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.

Өнөөдрийн байдлаар "COVID-19"-ийн өвчлөл дэлхийн 201 оронд бүртгэгдээд байна. Ялангуяа АНУ-д халдвар эрчимтэй тархаж, 14 минутад нэг хүн халдвар авч, 20 минутад нэг хүн эндэж байна.

Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих