NASA-гийн станц анх удаа нарны титэм дундуур нисэв

оруулсан Алсын Хараа

/TASS/. АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн “Parker Solar Probe” автомат станц анх удаа нарны агаар мандлын хамгийн сийрэг, хамгийн халуун, хамгийн гадна давхарга болох титмийн дундуур нисжээ.

NASA-гийн мэдээлснээр, уг төхөөрөмж температур нь 500 мянган Кельвинд (Цельсийн 500 мянга орчим градус), бүр хэдэн сая Кельвин хүрдэг нарны титмийн соронзон орон болон бөөмийн дээжийг хэмжжээ. “"Parker" “наранд хүрсэн" нь нарыг судлах онцгой мөч бөгөөд үнэхээр гайхалтай амжилт юм" гэж NASA-гийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн орлогч захирал Томас Зурбучен хэллээ.

Уг станцыг 2018 оны наймдугаар сард Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас хөөргөжээ. Мөн оны 10 дугаар сарын сүүлчээр "Parker" Герман-Америкийн "Helios 2" сансрын аппаратны наранд хамгийн их ойртсон дээд амжилтыг эвдсэн байна.

1.5 тэрбум орчим ам.долларын өртгөөр бүтсэн энэхүү станцад шинжлэх ухааны дөрвөн багц хэрэгсэл суурилуулсан бөгөөд 1 400 хэм хүртэлх халууныг тэсвэрлэх 11.43 см-ийн зузаантай нүүрстөрөгчийн шилэн бүрхүүлээр хамгаалагдсан байна.

NASA-гийн судлаачид нарыг судлах энэхүү төсөл нь "нарны титмийн халалт" болон нарны салхи (нарны титмээс ялгарах ионжсон бөөмсийн урсгал) хэрхэн үүсдгийг ойлгоход ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, “ирээдүйд сансрыг эзэмшигчдийн ажиллаж, амьдрах цацрагийн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах боломжийг олгох” учраас "Parker”-аас хүлээж авсан мэдээлэл нь сансрын жолоодлогот нислэгт бэлтгэхэд маш их ач холбогдолтой байх гэнэ.

Уг станцыг 1958 онд нарны салхи байдаг гэж таамаглаж байсан Америкийн одон орны физикч Евгений Паркерын нэрээр нэрлэжээ.  Евгений Паркер энэ зун 94 нас хүрсэн байна.

Сэтгэгдэл бичих