"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрийн эхний 428 хүүхэд шалгарлаа

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт эхний 428 хүүхдийг шалгаруулсан тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны монголын ирээдүй - 2100 оюутан” хөтөлбөрийг санаачлан ажиллана” гэсэн заалт хэрэгжиж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний ЭЕШ-ын онооны дунджаар тэргүүлсэн иргэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо хангаж байгаа. Ажлын баг Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн сангаас боловсруулан гаргасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн боловсролын газраар хянуулан баталгаажуулсны эцэст өнөөдөр эхний 428 шилдэг хүүхдийг зарлаж байна. Үлдсэн сум, хорооны хувьд эцсийн байдлаар баталгаажуулсны дараа зарлах юм.

Тэтгэлэгт хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжинэ.

  • Нэгдүгээрт, төрийн өмчийн их, дээд сургуулийн БШУЯ-ны баталсан бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ.
  • Хоёрдугаарт, бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчид ЭЕШ-ын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтын дүнгээр тэтгэлгийн төрлийг хуваарилна.

Бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлээр бэлтгэхээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэнэ. Бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн болзол хангасан байдлаас хамааран аль улсад ямар мэргэжлээр суралцах нь хамаарах юм. Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр дагуу зарлагддаг тэтгэлгийн болзлыг хангах, сонгон шалгаруулалтад тэнцэхэд шаардлагатай мэдлэг, чадварыг олгох ажээ.

Уралдаант шалгалтаар элсэж ордог гүнзгийрүүлсэн сургалттай болон хувийн хэвшлийн сургуулийн хүүхдүүд олон улсын олимпиадад медальт байрт шалгарч, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулиас албан ёсны урилга авсан бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.

“Илгээлт – 2100” хөтөлбөрийн болзол хангасан суралцагчид сайн дурын үндсэн дээр хамрагдах тул цахимаар бүртгүүлж, хүсэлтээ баталгаажуулна.

Бүртгэлийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08:30 цагаас 12 дугаар сарын 09-ний  өдрийн 11:59 цаг хүртэл shorturl.at/uwD79  цахим холбоосоор хүлээн авах юм.

Сэтгэгдэл бичих