Цар тахалд "царцаагүй" эдийн засаг

оруулсан Алсын Хараа

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралыг улс орон бүр өөрийн онцлогт тохирсон аргаар сөрөн зогссон. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд вакцин тарьж, орлоготой байлгахаар санхүүгийн дэмжлэг үзүүлэн, ажлын байрыг нь хамгаалах бодлого хэрэгжүүлж байлаа. Мөн эдийн засгаа дахин хурдтай сэргээхийн тулд томоохон төслүүд эхлүүлэхээр зэхэж байна. Шийдвэртэй арга хэмжээ авч, зоримог бодлого хэрэгжүүлэхгүй бол цар тахал Монгол Улсын эдийн засгийг “царцаах” магадлалтай байв. Харин манай улсын эдийн засаг цар тахалд “царцаагүй”. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эдийн засгаа идэвхжүүлэх хэд хэдэн бодлогын арга хэмжээ авсан нь ийм үр дүн авчирсан. Энэ талаар тоймлон хүргэе.

Хүрэлцээтэй вакцин

Монгол Улсын хэмжээнд энэ мягмар гарагийн байдлаар “Ковид-19”-ийн эсрэг вакцины зорилтот бүлгийн нэгдүгээр тунгийн хамралт 95.9, хоёрдугаар тунгийнх 91.3, гуравдугаарынх нь 35.7 хувь байна.

Вакцины нэг болон хоёрдугаар тунг 12-оос дээш настай хүүхдэд хийж буй. Тиймээс зорилтот бүлэг гэж тодорхойлж буй юм. Харин гуравдугаар тунг 18-аас дээш настай хүмүүст хийнэ. Тэгэхээр гуравдугаар тун хийлгэх зорилтот бүлгийн хүрээ бага гэж ойлгож болох нь. Тэгвэл вакцины нэгдүгээр тунг хүн амын 69.5, хоёрдугаархыг нь 66.1, гурав дахийг нь 21 хувь тус тус тариулжээ. Өссөн дүнгээр гуравдугаар тунд 674,925 хүн хамрагдсан байна.

Цар тахлын вакцинжуулалт манай улсад есөн сарын турш үргэлжиллээ. Зорилтот бүлгийн иргэдийг вакцины нэг болон хоёрдугаар тунд бараг 100 хувь хамруулж дуусах нь. Засгийн газар цар тахалтай тэмцэх хамгийн чухал арга нь вакцинжуулалт гэдгийг эрт тодорхойлж чадсан. Тиймээс вакцинжуулалтыг эрт эхлүүлсэн юм. Засгийн газрын 200 хоног өнгөрсөн наймдугаар сард тохиоход манай улс хүн амынхаа 61.7 хувийг вакцины хоёр тунд хамруулчихсан байжээ. Зөвхөн “Ковакс” хөтөлбөрт найдсан бол тухайн хугацаанд хүн амынхаа 3.7 хувийг л вакцинжуулах байсан гэх судалгааг эрүүл мэндийн салбарынхан гаргасан байдаг.

Манай улс энэ оны өдий үе хүртэл нийт 37 удаагийн татан авалтаар 7.7 сая тун вакцин авчирчээ. Үүний 5.8 сая нь Засгийн газрын худалдан авсан вакцин аж. “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд нийт татан авсан вакцины 16%-тай дүйжээ. Мөн Япон, БНХАУ, БНЭУ-ын тусламжаар вакцин татан авсан. Үүнээс гадна хувийн хэвшлийнхэн ч багахан хэмжээний вакцин оруулж ирсэн. Одоогоор иргэдэд вакцины гуравдугаар тун хийж байгаа. Засгийн газраас вакцин хүрэлцээтэй гэсэн мэдээлэл өглөө.

Вакцинжуулалт бидэнд юу өгсөн бэ. Ийм асуултад эдийн засгийн идэвхжилийг өгсөн гэж ерөнхий байдлаар хариулж болно. Хүн амынх нь олонх вакцинд хамрагдсаны дараагаас буюу энэ оны тав, зургаадугаар сараас хойш хатуу хөл хорио тавихгүйгээр худалдаа, үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа үе шаттайгаар нээлээ. Иргэд хэт болгоомжлохгүй ажлаа хийж, бизнесээ эрхлэн орлого олж эхлэв. Тиймээс бид цааргалалгүйгээр вакцины гуравдугаар тунд хамрагдах ёстой.

Хямралаас гарсан эдийн засаг

Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” боловсруулсан.

Өөрөөр хэлбэл, 10 их наяд төгрөгөөр эдийн засгаа тэлэх төлөвлөгөө боловсруулсан гэсэн үг. “Ковид-19” цар тахал дэгдсэн 2020 онд Монгол Улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан. Тодруулбал, эдийн засгийн хямрал бодитоор нүүрлэсэн хэрэг. Арилжааны банкууд зээл олгохоо зогсоож, зах зээл мөнгөний дутагдалд орж байв. Энэ үед эдийн засгаа хямралаас гаргах, зах зээлд мөнгө нийлүүлэх зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний есөн сарын байдлаар эдийн засагт өсөлт 3.6 хувь байгааг зарлалаа. Эдийн засгийг хямралаас гаргахад 10 их наядын төлөвлөгөө нэлээд нөлөөлсөн нь дамжиггүй.

Сангийн яамны мэдээллээр өнгөрсөн сарын 25-ны байдлаар 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд 4.07 их наяд төгрөгийн санхүүжилт зах зээл рүү гарчээ. Ажлын байрыг дэмжих зээлийн 1.91 их наяд төгрөгийн санхүүжилтийг жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд олгосон байна. Репо санхүүжилтийн зээлийн 789.8 тэрбум төгрөгөөр аж ахуйн нэгжүүдийн өмнө нь авсан өндөр хүүтэй зээлийг дахин санхүүжүүлсэн аж. Репо санхүүжилтийн гүйцэтгэл 39.5 хувьтай яваа гэнэ. Мөн ипотекийн зээлийн санхүүжилтэд 925.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Ингэснээр орон сууцны борлуулалт нэмэгдэж, барилгын салбар идэвхэжсэн. Арилжааны банкуудад үүссэн орон сууцны зээл авах урт дараалал ч багаслаа. Хөдөө аж ахуйн зээлийн 384.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг малчин, тариаланчдад олгожээ. Төлөвлөгөөний гүйцэтгэл нь 76.8 хувь байгаа аж.

Ажлын байрыг дэмжих зээлийн гүйцэтгэл 95 хувьд хүрчээ. 10 их наядын төлөвлөгөөний хамгийн эрэлттэй санхүүжилт энэ. Жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай буюу маш хөнгөлөлттэй зээл олгосон нь эдийн засгийн хямралын үед бизнес эрхлэгчдэд багагүй нэмэр болов. Үүгээр зогсохгүй 296,771 ажлын байр хадгалсан гэсэн статистик гарчээ. Манай улсад 1.3 сая хүн хөдөлмөр эрхэлдэг. Тэгэхээр 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хөдөлмөрийн зах зээлийнхээ 20 гаруй хувийг хамгаалж, иргэдээ ажилтай, орлоготой үлдээсэн гэсэн үг. Одоо Засгийн газар эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулж байгаа ч мэдээлэл хомс байна. Эрүүл мэндэд бүүстер тун чухал. Эдийн засагт ч бас бүүстер тун шаардлагатай болоод буй.

Цагаа олсон дэмжлэгүүд

Цар тахал газар авахаас сэргийлсэн улс орнууд хөл хорио тогтоосон байлаа. Ингэхээр иргэд нь орлогогүй болно. Тиймээс дийлэнх орон иргэддээ бэлэн мөнгө тарааж санхүүгийн болон эд материалын дэмжлэг үзүүлж байв. Манай улс ч цар тахлыг газар авахуулахгүйн тулд олон удаа хөл хорио тогтоосон. Өнгөрсөн хавар нэг удаа хөл хорио тогтоох үедээ иргэн бүрд 300 мянган төгрөг тараасан билээ. Тухайн өдөр нийслэл хотод хөл хөдөлгөөн шөнө дөл хүртэл тасраагүй. Иргэд их хэмжээний худалдан авалт хийсэн. Ангасан газарт бороо орсон мэт болж орлогогүй болсон иргэд амьжиргааныхаа зүйлсийг тийнхүү худалдан авч байлаа. Иргэдэд нэг их наяд төгрөг тараасан нь эдийн засгийн сэргэлтэд ч нэмэр болсон. Мөн вакцинд хамрагдсан иргэн бүрдээ 50 мянган төгрөг тараасан. Иргэн бүрдээ нийт 1.12 их наяд төгрөг тараажээ.

Засгийн газраас энэ онд “Ковид-19”-ийн үед хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнд нийт 4.3 их наяд төгрөг зарцуулжээ. Үүнээс өрхөд чиглэсэн арга хэмжээний нийт мөнгөн дүн 3.4 их наяд төгрөгт хүрэв. Иргэн бүрд мөнгө тарааснаас гадна “Хүүхдийн мөнгө”-ийг 100 мянга болгон нэмэгдүүлснээр нийт зардал нь 1.4 их наяд давсан. Өрхийн эрчим хүч, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад 596 тэрбум төгрөг зарцуулсан. Тэтгэврийг 100 мянгаар нэмэхэд 195 тэрбум, ниймгийн даатгалын шимтгэлийг үе шаттай бууруулахад 76 тэрбум хэрэглэжээ.

Тэгвэл аж ахуйн нэгжид чиглэсэн арга хэмжээнд 927.4 тэрбум төгрөг зарцуулав. Аж ахуйн нэгжийн эрчим хүч, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад 545.2 тэрбум төгрөг зарцуулсан нь хамгийн өндөр дүнтэй дэмжлэг юм. Мөн аж ахуйн нэгжүүдийг 210 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн. Үүнээс гадна аж ахуйн нэгжийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай бууруулахад 84.1 тэрбум, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн алданги торгуулиас чөлөөлөхөд 27 тэрбум, түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдийн татварыг хөнгөлөхөд 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Айл өрх, аж ахуйн нэгжийн орлого огцом буурсан үед энэ нь цагаа олсон дэмжлэг болов. Цар тахлын үед улс орон бүр иймэрхүү дэмжлэг иргэддээ үзүүлж, хямралыг сөрсөн.

Хэрсүү хэлэлцээ

УИХ-ын 2019 онд баталсан Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын ажлын хэсгийнхэн энэ өдрүүдэд “Рио тинто” группийнхэнтэй хэлэлцээр хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмтой өнгөрсөн долоо хоногт уулзалт хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байгааг онцлоод, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио тинто” групп хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэйг дурдав. Мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулсан “Дубайн гэрээ” буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио тинто” компани анхаарахыг сануулсан. Түүнчлэн Монгол Улсад ирэх үр өгөөж 2010 оны ТЭЗҮ-д үндэслэж гарах нь зөв гэсэн юм.
Ийнхүү тэрбээр Монгол Улсын Засгийн газрын байр суурь огт өөрчлөгдөөгүй, өмнөх хэвээрээ байгааг “Рио тинто”-гийнхонд ойлгуулсан. Байр сууриа бат баримталж буйд олон нийт ч дуртай байна. Өнөөгийн нөхцөлд тулгуурлан авч үзвэл Монгол Улсад ашиггүй болчхоод буй гэрээг харилцан ашигтай болгож засах нь зүйн хэрэг. Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн хэлэлцээнд маш хэрсүү оролцож байна. Тиймээс ч “Рио тинто” буулт хийсээр байгаа юм. Тодруулбал, тэд Якоб Стаусхольмоор Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд алдаатай зүйл бий гэж хэлүүлж чадлаа.

“Рио тинто” групп “Оюутолгой” компаниас Монголын талын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох өрийн 1.6 тэрбум ам.доллар буюу 70 хувийг хөнгөлөх санал тавьсан захидал ирүүлснийг манай сонин мэдээлсэн. Уг захидалд мөн “Рио тинто” группийнхэн эдийн засгийн хүндрэлтэй энэ үед 350 орчим сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлэх боломжтойгоо дуулгасан. Үүнээс гадна “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароор хэтэрсэн. Үүнээс “Рио тинто” групп менежментийн төлбөр авахгүй байя гэсэн санал гаргасан. Мөн энэ хаврын урт хөл хориогоор иргэн бүр 300 мянган төгрөгтэй болох боломжийг энэ хэлэлцээ олгосныг дурдах хэрэгтэй. Оюутолгойн хэлэлцээ энэ удаа Монголын талын давамгайллаар өрнөж байна.

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин

Сэтгэгдэл бичих