Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн дурсгалуудыг толилуулж байна

оруулсан Алсын Хараа

 “Хүннү-Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэнг Монгол Үндэсний музейд өнөөдөр нээлээ.

Үзэсгэлэнг нээж ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн хэлэхдээ, “Ноён уул бол Монголын археологийн нэрийн хуудас болсон хамгийн том дурсгал юм. Хүннүчүүд бодитоор оршин байсан гэдгийг анх тогтоож өгснөөрөө алдартай. Ноён уулаас олдсон эдгээр дурсгалын дийлэнхийг буюу 60-90 хувийг нэхмэл эдлэл эзэлж байна. Органик нэхмэл эдлэл Хүннүгийн булшнаас бараг илэрдэггүй бол Ноён уулын дурсгалаас хувцас, өмсгөлийн холбогдолтой олдвор, хэрэглэгдэхүүн хамгийн олон тоогоор илэрдгээрээ онцлогтой. Монгол-Оросын хамтарсан төслийн хүрээнд нэхмэл эдлэлийг маш олноор нь илрүүлсэн учир төслийн нэрийг “Археологийн шинэ нээлт” хэмээсэн” гэв.

Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний ихэс язгууртны булш, оршуулга бүхий Ноён уулын дурсгал Хүннү судлалд томоохон байр суурь эзэлдэг. 1924-1925 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан “Монгол-Түвдийн шинжилгээний анги” Ноён уулын дурсгалт газарт анх археологийн малтлага судалгаа хийснээр Хүннүгийн соёлын биет өвийг нээж олсон бөгөөд уг үйл явдлыг XX зууны их нээлтийн нэг хэмээн үздэг.

ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи-этнографийн хүрээлэнтэй хамтарч 2006-2015 онд Ноён уулын дурсгалт газарт Хүннүгийн язгууртны 4 булш, дагуул 4 булшийг орчин үеийн арга зүйн дагуу малтлага судалгаа хийж 1200 гаруй биет олдвор хэрэглэгдэхүүн илрүүлэн олжээ. Энэхүү судалгааны үр дүнд өмнө нь бүтэн байдлаар илэрч байгаагүй нэхмэл эдлэл, Ромын эзэнт гүрнээс гаралтай мөнгөн хөөмөл чимэг, домгийн амьтдын дүрст адууны мөнгөн тоног зэрэг ховор олдвор илэрсэн байна.

Археологийн малтлага судалгааны ажлын дараа олдвор хэрэглэгдэхүүний сэргээн засварлалт, лабораторийн нарийвчилсан шинжилгээний ажлыг бүрэн хийснээр ийнхүү энэ жил судалгааны үр дүнг олны хүртээл болгох боломж бүрджээ.

Энэхүү тусгай үзэсгэлэнд Ноён уулын дурсгалт газарт Монгол-Оросын хамтарсан экспедицийн малтлага хийсэн Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн олдворуудаас сонгосон 200 гаруй дэсийн 400 орчим зүйлсийг дэглэн үзүүлж байна.

Тухайлбал, Дундад Азиас гаралтай нэхмэл эдлэлүүд, хивс, эсгий ширдэгний үлдэгдэл, мөнгөн эдлэлүүд, алт мөнгөн чимэглэлүүд, эсгий ширмэл ширдгийн сэргээсэн загвар, авсны алтан чимэглэл модон суурины хамт, гэзэг үс торгон уутын хамт, хувцасны хэсэг, шавар ваар сав зэргийг дэлгэжээ.

Үзэсгэлэнг ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Соёлын Яам, Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл юм.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир, “2010 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Хосгүй үнэт дурсгалын жагсаалтад бүртгэсэн Грек, Ромын хийцтэй мөнгөн хөөмөл чимэглэл болон ноёнд бараалхаж буй мөчийг дүрсэлсэн нэхмэл эдлэлийн хэсэг энэхүү үзэсгэлэнгийн үнэ цэнтэй үзмэрт тооцогдож байна. Ноён уул хөрсний хувьд онцлогтой. Ер нь Хүннүгийн язгууртны булш элсэрхэг газраас олддог. Элсэнд ямар ч органик эдлэл ул мөргүй исэлдэж алга болдог. Хүннүгийн үед хагас цэвдэгтэй хатуу хөрсөнд, маш гүнд язгууртны булшыг байгуулж оршуулсан байдаг. Хадгалалтын орчин нөлөөлж органик эдлэлүүд харьцангуй сайн хадгалагдаж үлдсэн. Сүүлийн үед дэлхийн дулаарал явагдаж байгаа нь нөлөөлж байна. П.К.Козловын үед гардаг байсан олдворууд дахин хэрэглэж болох хэмжээний байдаг байсан бол энэхүү олдворуудыг хоёр жилийн хугацаанд сэргээн засварлаж байж олны өмнө дэлгэх боломжтой болсноороо онцлогтой” гэв.

Тус үзэсгэлэн гурван сарын турш олон нийтэд нээлттэй ажиллана.

Сэтгэгдэл бичих