Шинэ жил ойртсонтой холбоотойгоор ОХУ, БНХАУ-ын хилийн боомтын түгжрэл ихэсчээ

оруулсан Алсын Хараа

ОХУ, БНХАУ-ын хилийн боомтууд дахь авто тээврийн түгжрэл үргэлжилсээр байна. Шалган нэвтрүүлэх боомт дээр түгжрэл үүссэн нь

  • нэгд, цар тахлын шинэ давалгааны улмаас Хятадын талаас тавьсан хязгаарлалттай холбоотой гэж тээвэрлэгч нар тайлбарлаж байна.
  • Өөр нэг шалтгаан нь шинэ жилийн баяр ойртсон, улирлын чанартай ачаа тээврийн өсөлт нөлөөлж буйг Хятад дахь Оросын логистикийн “ПЭК” салбарын захирал Алексей Музеев хэлж байна.
  • Түгжрэл үүсэж буй бас нэг шалтгаан нь шалган нэвтрүүлэхийн чадвар хангалтгүй байгаатай холбоотой, ийм үндсэн 3 шалтгаан нөлөөлж байгаа аж.

Түгжрэл, сааталтай холбоотойгоор Забайкальск дахь олон улсын автомашины хилийн боомтын гаалийн газрын ажилтнууд 21.00-09.00 цагийн хооронд чангатгасан горимд шилжин ажиллаж байгаа талаар Алс Дорнодын гаалийн газраас мэдээлэв.

Одоо БНХАУ-аас 2 өдөрт нэг удаа 150 автомашиныг нэвтрүүлэх квот олгож байна. Байнгын түгжрэл нь зөвхөн Забайкальск-Манжуур дээр гарч байгаа зүйл биш, бусад Суйфэньхэ болон Полтавка-Дуннинг шалган нэвтрүүлэх цэгүүдэд тогтмол түгжрэл гарч байгааг бизнес эрхлэгчид хэлж байна. Пограничный тосгон дахь хилийн боомт дээр 250-300 орчим ачааны автомашин саатаад байв. Хилийн боомтын ойролцоох хувийн зогсоолд 50 орчим хөргөгчтэй автомашин, хурдны зам дагуу 200 орчим том оврын автомашин байна гэж “Куб Ложистик” компанийн тээврийн захирал Алексей Шляховын хэлж байв.

Хил дээр саатсаны улмаас Хятадаас авто замаар бараа хүргэх хугацаа дунджаар 30-40 хоногоор нэмэгдсэн талаар "Рустранс-Спедишн"-ээс мэдээллээ. Пограничный-Суйфенхэ хилийн шалган нэвтрүүлэх боомтоор дамжин өнгөрөхөд дунджаар нэг 7 хоног, харин Забайкальск-Манжуурын боомтоор нэвтрэхэд дунджаар 3 дахин их хугацаа буюу 20-60 хоног зарцуулж байна.

ОХУ, БНХАУ-ын хил дээр тээвэрчид өдөрт 10 сая рубль алдаж байна. Хилийн боомт дээр түгжрэл үүссэний улмаас зөвхөн Забайкальск-Манжуурын шалган нэвтрүүлэх боомт дээр Оросын тээвэрлэгчид өдөрт дунджаар 40 сая рубль алдаж байгаа талаар тээвэр логистикийн “Рустранс-Спедишн”, “Куб Логистик”, “ПЕК”, “Шаттл-Логистик” компаниуд мэдээлэв.

Одоогийн байдлаар хилийн боомт дээр 1000 гаруй ачааны машин зогсож байгаа бөгөөд өдөр бүр тээврийн ажилчид дунджаар 40 мянган рубль буюу 500 евро зарцуулж байна. Хилийн боомт дээрх түгжрэл нь төрөл бүрийн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэхэд хүргэжээ. Орос-Азийн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн холбооноос мэдээлснээр, сүүлийн 3 сарын хугацаанд зөвхөн ХАА-н салбарын бараа бүтээгдэхүүн өнгөрсөн онтой харьцуулахад 20 хувиар өсжээ. Шалтгаан нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт дутмаг бөгөөд тогтмол бус байгаа явдал аж.

Сэтгэгдэл бичих