АНУ стратегийн нөөцөөсөө 50 сая, Япон 4,2 сая торх нефть гаргана

оруулсан Алсын Хараа

АНУ стратегийн нөөцөөсөө 50 сая торх нефть гаргана

/VOA/. АНУ хэрэглэгчдийн төлж буй өсөн нэмэгдэж байгаа зардлыг бууруулахын тулд шатахуун болон эрчим хүчний бусад бүтээгдэхүүнийг боловсруулахад зориулан стратегийн нөөцөөсөө 50 сая торх нефтийг гаргахаар болсноо мягмар гарагт мэдэгдлээ. Цагаан ордны мэдээлснээр, АНУ 2022 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд 50 сая торх нефтийг Мексикийн булангийн эргийн дагуу 621 сая торх нефть хадгалж буй стратегийн нөөцөөс боловсруулах үйлдвэрүүдэд борлуулах ажээ.

Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд үг хэлэх үеэрээ, улсын түүхэнд стратегийн нөөцөөс хамгийн их нефть гаргаж буй тохиолдол энэ болохыг цохон тэмдэглээд, жолооч нарт шатахууны үнийн бууралт мэдрэгдэхэд “тодорхой хугацаа шаардагдана” гэдгийг сануулсан байна.

Мөн үнийн өсөлт нь зөвхөн АНУ-д төдийгүй дэлхий дахинд тулгамдаж буй асуудал гэдгийг Ерөнхийлөгч онцлоод, дэлхий нийтийн эрэлт хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц хэмжээнд олборлолтоо нэмэгдүүлэхгүй байна хэмээн нефтийн арвин нөөцтэй орнуудыг шүүмжилжээ.

Япон улс стратегийн нөөцөөсөө 4.2 сая торх нефть гаргана

/Nikkei/. Японы Засгийн газар нефтийн стратегийн нөөцөөсөө тодорхой хэсгийг гаргахаар болсныг тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио өнөөдөр мэдэгдсэн байна.  Нефтийн үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газар стратегийн нөөцөөс 4.2 сая торх нефть гаргахаар төлөвлөж байна гэж “Nikkei” сонин өмнө нь мэдээлсэн юм. Тус сонинд мэдээлснээр, худалдах тендерийг он дуусахаас өмнө явуулах бол зах зээлд хийх нийлүүлэлт ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ.

Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, есдүгээр сарын сүүлчээр тус улсад төрийн болон хувийн 10 хадгалах байгууламжид 74.25 сая килолитр (467 сая торх) нефть байжээ. Энэ нь 235 хоногийн хэрэгцээг хангах хэмжээ бөгөөд нэг өдрийн нефтийнх нь нөөц 1.95 сая торх болж байгаа юм.

Стратегийн нөөцөөсөө 50 сая торх газрын тос гаргахаар болсноо АНУ мягмар гарагт мэдэгдсэн. Их Британи, Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон зэрэг бусад хэд хэдэн улс ийм алхам хийнэ гэж Цагаан ордон онцолжээ.

Сэтгэгдэл бичих