" Сүлдэнд мөнхөрсөн хүлэг" аймгийн аварга шалгаруулах уралдаан боллоо

оруулсан Алсын Хараа
Морины сэдэвт дуу дуулаачдын “Сүлдэнд мөнхөрсөн хүлэг-2021” аймгийн уралдааныг Батноров суманд долоо дахь жилдээ зохион байгуулав.
Тус уралдааныг Хэнтий аймгийн Батноров сумын ЗДТГ, "Эргэх холбоо-49" арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар ивээн тэтгэж оролцлоо.
Уралдаанд Хэнтий аймгийн 13 сум тосгоны 35 ардын авьяастан оролцож, морины тухай ардын дуу, зохиолын дуу төрлөөр өрсөлдөв. Тус наадмыг МУГЖ дуучин Д.Баасанжав, МУСТА Г.Чинболор, Үндэсний урлагийн их театрын дуучин МУСТА Д.Осгонбаяр нар шүүж явууллаа. Түүнчлэн улсын Онцгой комисс, аймаг, сумын Онцгой комиссын журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, заалыг 50 хувийн үзэгчтэйтэйгээр зохион байгуулсан аж.
Зуунаас зуунд өвлөгдөн ирсэн үндэсний ахуй - өв уламжлал, адуу дагасан их соёлыг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, ардын урлаг, уламжлалт өв соёлоо иргэд, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, авьяастан, уран бүтээлчдийг нээн илрүүлж, хөгжүүлэхэд энэхүү уралдаан чиглэгдсээр ирсэн юм.

Сэтгэгдэл бичих