Оросын улсын номын санд 10 мянга гаруй монгол ном байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улс, ОХУ дипломат харилцаа  тогтоосны 100 жилийн ойн хүрээнд “Монголын номын хэвлэлийн түүх” үзэсгэлэнг энэ сарын 9-нд Оросын улсын номын санд нээлээ.

Уг үзэсгэлэнг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Оросын улсын номын сангийн Дорно дахины утга зохиолын төв, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын хүрээлэн хамтран нээж буй юм. Үзэсгэлэнг санаачлагч, монголын түүх соёлыг судлан сонирхогч орос залуус монгол түмний номын соёлын үнэт сан хөмрөгөөс орчин үеийн уншигчдад танилцуулахыг зорьжээ.

Үзэсгэлэнг нээж үг хэлсэн Дорно дахины утга зохиолын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч М.Е.Меланьин Оросын улсын номын сангийн сан хөмрөгт 10 000 гаруй монгол ном, төдий тооны тогтмол хэвлэл хадгалж байгааг онцлов.

Энэ удаа үзэсгэлэнг зохион байгуулагчид голдуу модон барын аргаар 18-19 дүгээр зуунд хэвлэсэн эртний ном судрыг дэлгэсэн байна. Тэдгээрийн дотор санскрит, монгол, түвд хэлээр бичсэн Буддын гурамсан зохиол, 18 дугаар зуунд бичсэн Түвдийн яруу найрагч Миларайбын намтар, төвд хэлнээс орчуулсан Энэтхэгийн хаадын тухай хүүрнэл зохиол, Ганжуур судрын Гэтэлгэгч эх зохиол зэрэг ховор хэвлэмэл эх болон гар бичмэл дэлгэгджээ. Түүнчлэн зохиолч С.Эрдэнийн орос хэл дээр орчуулагдсан түүвэр зохиол, хүүхдийн “Залгамжлагч” сэтгүүлийн дугаар зэрэг сүүлийн үеийн бүтээлийг ч тавьжээ.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ц.Ганболд тэртээх 13 дугаар зуунаас  бичгийн соёлоо түгээж, арваас доошгүй бичиг үсэг янз бүрийн үед хэрэглэж, Копенгаген, Киото, Парис, Бээжин, Москва, Санкт-Петербург хотуудын алдартай номын сан, музейд монгол ном судруудын үнэт өвийг үлдээсэн Монголчуудын номын хэвлэлийн түүхийн өвөөс танилцуулж байгаа зохион байгуулагчдад талархал илэрхийлэв.

М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын институтийн захирал, түүхийн ухааны доктор А.А.Маслов ном хэвлэл, урлагийн бүтээлүүдийг нандигнан хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээж буй аливаа ажил, санаачлагыг цаашид ч дэмжиж хамтран ажиллана гэлээ.

Монголч эрдэмтэд, монгол хэл, түүхийг судалдаг оюутнууд уригдан оролцсон үзэсгэлэнгийн нээлтэд “Эдийн засгийн дээд сургууль” үндэсний судалгааны их сургуулийн профессор, доктор А.Д.Цендина Монголын номын хэвлэлийн түүхийн үечлэл, хэвлэл ба шашны нөлөөллийн харилцан хамаарал, техник, арга барилын талаар танилцууллаа.

Сэтгэгдэл бичих