Дарааллын синдром

оруулсан Алсын Хараа

Даруухан хэлбэл дарааллын синдром, үнэндээ бол өрсөх хам шинж манайханд бий. Хэрэв боломж байвал өнөөдрийн хэрэгцээнээс илүү гарсныг хойш хурааж, дараа нэг өдөр хэрэглэхээр нөөцөлж хадгалах нь тухайн хүний л хэрэг.

Гэхдээ юу таарсан болгоныг, юм бүхнийг хонжоо харж, бусдаас урьтаж авдарлаж савлах гэсэн сэтгэлгээ бол зохимжгүй, илүүц юм. Ийм сэтгэхүйтэй хэн нэгний үйлдлээс болж нөгөө нэг нь хохирол амсах, түүнээс болж нийгэм даяар маргаан шуугиан дэгдэх явдал манайд энгийн зүйл мэт болж.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд шатахууны хомсдол тойрсон асуудал намжиж амжаагүй байхад шахмал түлшний эрэлт нэмэгдэж, дараалал үүсгэж, даарч хөрсөн иргэдийг багагүй бухимдуулаад авав. Харин салбарын яамны зүгээс түлшний хэрэглээг хязгаарлаагүй, ачаалал бага байсан зуны саруудад хангалттай нөөц бүрдүүлсэн гэж байлаа. Тэгвэл ямар учраас ийм асуудал үүсэв. Дараалал, хомсдол үүссэн хамгийн эхний шалтгаан бол мэдээж борлуулалтын цэг цөөн байсантай холбоотой гэж үзсэн. Энэ удаад борлуулалтын 40 цэгээр түлш түгээж худалдаалж эхэлсэн нь хэтэрхий цөөн тоо байсан гэдэг нь үнэн. Тиймээс ч түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлсэн.  Одоо 450 орчим цэгээр борлуулалт хийгдэж байгаа. Оргил ачааллын үеэс буюу ирэх сарын 1-н гэхэд борлуулалтын цэгийг 600 болгож, 300 өрхийн дунд нэг борлуулах цэг ажиллуулах юм.

Мэдээж ямар ч хэрэгцээ шаардлагагүй байхад дараалал үүсгэж, ямар ч шалтгаангүйгээр түлээ нүүрс хурааж цуглуулахыг хүсээд байх хэн байх билээ. Гэнэтийн цочир хүйтрэлээс болж даарч зутран түлш эрж хайсан хүмүүс бол олон л байсан байж таараа. Үүний хажуугаар өөр нэгэн шалтгаан байсан нь хямдралтай үнээр борлуулагдаж байгаа үед нь нөөцлөж авах гэсэн иргэдийн сонирхол байсан нь ойлгомжтой. Мөн дээр нь түгээлт борлуулалт эхлэхээс өмнө буюу 2021-2022 оны галлагааны улиралд нэг өрхөд нэг карт олгох зарчим баримтлахаар болсон нь ч манайхныг ахиухан түлш базааж авахаар яарахад хүргэсэн. Нөөц хангалттай байсаар байхад ийнхүү урт дараалал үүсч хомсдол бий болсон юм.

Үүний хажуугаар манай иргэдийн өөрсдийнх нь ухамсартай холбоотой дажин бас дэгддэгээрээ л дэгдэв. Тэрүүхэн хооронд байдлыг улам хурцатгах улстөржилт ч өрнөөд авсныг энд дэлгэрүүлэх илүүц биз. Маргаашд үл итгэх, маргаашийн эрсдэлд бэлтгэх, маргаашаас айх, маргааш аюул нүүрлэнэ гэж бусдыг айлган түгшээх гэх мэт олон төрлөөр нэрлэж болох хам шинж манайханд бий. Амин хувиа хичээдэг, хичээлгэдэг гол шалтгаан энэ. Үүнд манай өнөөдрийн нийгмийн нөхцөл байдал нөлөөлж буй нь гарцаагүй үнэн. Гэхдээ л эрх биш нийгэмд, хүмүүсийн дунд амьдарч байгаагийнх, бусдыг хүндэтгэх ухаанд бага сага суралцах хэрэгтэй.

Шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулсан нь өрхийн гишүүдийн тоогоор шахам карт авсан айлууд олноор худалдан авч нөөцлөх нэг нөхцөл нь болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Хөнгөлөлт байгаа цагт, нэг өрхөд хэд хэдэн карт байгаа үед иргэдийн нөөцлөх сонирхол хийгээд хомсдол үүсэх явдал байсаар байх нь мэдээж хэрэг. Хямд үнээр борлуулах энэ шийдвэрээ эргэн харах шаардлагатай байна гэж зарим холбогдох албаны хүмүүс ч хэлж байна.

Нэг ёсондоо шахмал түлшний дараалал, хомсдол бол үйлдвэрийн нөөц бүрдүүлэлт дутуу дулимаг байсных биш. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 70 гаруй мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байгаа аж. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч түлшний эрэлт хэрэгцээ янз бүр байдаг. Өнгөрсөн жил түлшний хэрэглээ эхлэх үед 50 мянган тонн нөөцтэй байсан бол энэ удаад 70 мянган тонн нөөц бүрдүүлсэн байсан. Тийм болохоор нөөцийн асуудлаас болж хомсдол үүсээгүй гэсэн үг.

Нэг шуудай шахмал түлшний үндсэн үнэ нь 3750 төгрөг. Үүнийг Засгийн газрын шийдвэрээр 75 хувиар буюу 975 төгрөгөөр, маш хямдаар борлуулж байгаа. Нэг картаар нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш авах эрхтэй. Картын давхардлыг арилгаж, харин шаардлагатай бол долоо хоногийн хэрэглээ болох зургаан шуудай түлшний хязгаартай хэмжээг нэмж өөрчилж болно гэж албаныхан хэлж байгаа. Ирэх оны дөрөвдүгээр сар буюу халаалтын улирал дуусах хүртэл хямдарсан үнээр борлуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Дулааны улиралтай золготол хямдарсан үнээр түлш худалдан авах боломжтой. Гэтэл манайхны дунд 2021 он дуусмагц хуучин үнээр худалдаалж эхлэх нь гэсэн зохиомол мэдээлэл мөн л тархаад амжсан. Энэ мэдээлэлд автсан хүмүүс өнөөх дараалалд мөн нэмэр болсон нь ойлгомжтой.

Өнгөрсөн оны энэ үед нийслэлийн айл өрхүүд өдөртөө 1700-2000 тонныг хэрэглэж байсан бол иргэд түлшний дараалалд зогссон тэр өдрүүдэд хэрэглээ 3200 тоннд хүрсэн нь бодит хэрэглээний хомсдол биш байсан гэж үзэж болохоор байгаа юм. Нийслэлийн хэмжээнд тухайн сарын хэрэглээнээс хамаарч 50-110 мянган тонныг хэрэглэдэг байна.

Энэ оны өвөлжилтийн бэлтгэл, шахмал түлшний үйлдвэрлэл болон түгээлт, хяналт зохицуулалтыг хариуцах Ажлын хэсгийг байгуулаад байна. Мөн нэг өрхөд нэг карт олгож, өмнө гарсан давхардлын алдааг арилгахаар болсон. Айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаагүйгээс гадна энэ нь иргэдийн ухамсартай шууд холбоотой. Ямар нэгэн хяналт хязгаарлалт байхгүй бол, боломж олдож л байвал хойш нь хураачихъя гэхээ азнаж сурах нь их чухал.

Аливаа дараалал гэдэг бол зарчмын хувьд тухайн бүлэг хүмүүсийг цэгцэлж, дэс дарааллын дагуу байрлуулах зохион байгуулалтын нэг хэлбэр гэж ойлгож болох юм. Гэхдээ манайд дарааллын энэ мөн чанарыг үргэлж алдагдуулсаар байдаг гэм бий.  Энэ гэмээс үүдэлтэй дарааллын синдромын далд уршиг их байна.

Эх сурвалж: Montsame.mn

Сэтгэгдэл бичих